Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Sunday, March 7, 2021

Америк Дахь Монгол Хүүхдүүдийн Сурах Эрмэлзлийг Сайжруулах Боломжууд

Proceedings of the 14th International Mongolian Studies Conference

Washington, D.C. February 7-8, 2020

 

Америк Дахь Монгол Хүүхдүүдийн 

Сурах Эрмэлзлийг Сайжруулах Боломжууд

 

Дагвадоржийн Баярсайхан

Калифорни мужийн Сакраменто хот дахь Грит тооны сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш, “Орчин цагийн монгол хүүхдийн хүмүүжил” номын зохиогч

5248 Whitney Ave, Carmichael, CA 95608

bayaraa2004@gmail.com

 

ХУРААНГУЙ

 

Ихэнх монголчууд боловсролын ач холбогдлыг өндрөөр үнэлдэг тул Америк дахь монгол эцэг эхчүүд шинээр суурьшсан орондоо ажил амьдралаа босгохын хамтаар үр хүүхдүүддээ өндөр боловсрол олгохыг эрхэмлэж хөдөлмөрлөдөг. Гэвч тэдний хувьд цоо шинэ боловсролын систем, орчинд хүүхэддээ хичээл номонд нь хэрхэн туслах учраа олохгүй нь их. Энэхүү судалгаа нь урт хугацаанд болон ирээдүйд хүүхдийн сурлага болон амьдралын амжилтын үндэс гэж үздэг хүний сэтгэлийн чадамжийн нэг чадварт тооцогдох үгчлэн буулгавал дотоод сэдэлжүүлэлт буюу амжилтанд хүрэхийг хүссэн дотоод хүсэл тэмүүлэл, миний буулгаснаар эрмэлзлийг өөрсдийнхөөсөө тэс өөр нийгэм, системд торниж буй Америк дахь монгол хүүхдүүдэд хэрхэн төрүүлэх, эсвэл нэмэгдүүлэх асуудал дээр төвлөрсөн болно. Үүний тулд Монгол эцэг эхчүүдийн хүүхдийн хичээл сурлаганд нь хандах түгээмэл арга барилыг хүүхдүүд нь хичээл номондоо өндөр амжилт гаргадагт тооцогддог Америкийн бусад ази үндэстний болон монгол коммунити дахь зарим эцэг эхчүүдийн амжилттай туршлага, арга барилуудтай харьцуулж монгол хүүхдүүдийнхээ сурах чадварыг сайжруулах үр дүнтэй аргуудыг олохын тулд “Хүүхдийг амжилттай сургахад эцэг эхчүүдийн зүгээс юу хийж болох вэ?”, “Эцэг эхийгээ ихээр үнэлж хүндэлдэг зэрэг монгол соёл, ёс уламжлалын давуу тал, монгол эцэг эхчүүдийн харьцангуй өндөр боловсрол болон цагаач иргэдэд байдаг хичээл зүтгэлийг өөрсдийн хүүхдүүдэд урам зориг төрүүлэхэд хэрхэн ашиглаж болох вэ?” зэрэг асуултуудад хариулт олохыг хичээлээ.

100 орчим эцэг эхчүүд бөглөсөн 2019 онд явуулсан 49 асуулт бүхий “Америк дахь Монгол хүүхдийн боловсрол” нэртэй асуулга болон 2004-2019 оны хооронд монгол болон 

Америкийн ази эцэг эхчүүд, хүүхдүүдтэй ярилцсан харилцан яриа, ажиглалтаас өгөгдлийг цуглуулсан болно. Эдгээрт үндэслэн хүүхдийн боловсрол, сурлагын үзүүлэлт, чанарт нөлөөлдөг гэж тооцогддог хүчин зүйлс болох гэр бүлийн нөхцөл байдал, эцэг эхийн боловсрол, хүүхдийн боловсрол дахь эцэг эхийн оролцоо, тохирох сургуулийн сонголт, нийт өрхийн гишүүдийн хүүхдэд тавих хүлээлт, шаардлага зэргийн нөлөөллийг Монгол хүүхдүүд дээр авч үзсэн болно. Түүнчлэн Америк дахь монгол хүүхдийн сурлагын доогуур үзүүлэлтэнд электрон тоног төхөөрөмжийн их хэрэглээ, эцэг эхийн шаардлага, хүлээлт болон хараа хяналтын сул байдал, муу сургууль, орчны нөлөө, эхийн боловсролыг үнэлэх хэмжээ бага зэргээс хамааралтай гэж гарсныг цаашид тодруулан судлах шаардлагатай.

Судалгааны дүнг ашиглан шинжлэх ухааны болон монгол соёл, ёс уламжлал, бусад давуу тал дээрээ түшиглэн Америк дахь монгол хүүхдүүдэд сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, нэмэгдүүлэх тал дээр эцэг эхчүүдэд зориулсан ерөнхий зөвлөмжийг оруулав.

 

Түлхүүр үг: Америк дахь Монгол хүүхдийн боловсрол, Монгол хүүхдүүд, Монгол коммунити, Америкийн Монгол эцэг эхчүүд

 

ОРШИЛ

 

Англиар “motivation”,  монголоор сэдэлжүүлэлт, түлхэлт, өдөөлт нь дотроосоо (intrinsic), эсвэл гаднаас (extrinsic) буюу хэн нэгнээс, тухайлбал эцэг эх, хань нөхөд, багш, зөвлөгч нараас гэсэн хоёр гарал үүсэлтэй. Эндхийн ихэнх азиуд, түүний дотор Монголчууд маань хүүхдээ хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг олгодог эрдэм ном, боловсролыг өөрийн чадал хэмжээгээ дээд зэргээр ашиглаж эзэмшээсэй хэмээн хүсдэг, чадлынхаа хэмжээгээрээ үүнд түлхэж зоригжуулдаг[1]. Гэвч хүүхэд бүрийн онцлогоос хамаарч гадны түлхэлт, зоригжуулалт нь түүнд тохирч байгаа эсэхийг мэдэх боломж хомс тул эсвэл хэтэрчих гээд, дутчих гээд байдаг. Иймээс ч эцэг эх бидний түлхэлт, үглэлт заримдаа үр дүнд хүргэхгүй нь бий. Калифорни мужийн их сургуулийн боловсролын сэтгэл судлалын профессорууд Аллен, Аделе Готтфриед нарын 1970-аад оноос хойш хийж байгаа судалгаагаар багаасаа сурах эрмэлзэл өндөртэй буюу өөрийнхөө төлөө өөрийгөө дотроосоо түлхэж чаддаг хүүхдүүд сургууль хичээлдээ сайн дүн авдаг, хичээл номон дээрээ өөртөө илүүтэй итгэлтэй, илүүтэй хэцүү хичээлийг сонгож авдаг, үеийнхнээсээ илүү бөгөөд зүтгэлтэй хөдөлмөрлөдөг, тиймээс ч үеийхнээсээ илүүтэй өндөр боловсрол эзэмшдэг, удирдагч болох магадлал нь өндөр гэжээ. Тэгэхээр эцсийн дүндээ хэн нэгийн түлхэлтээс илүүтэй өөрийн өөртөө өгсөн түлхэлт-эрмэлзэл л хүнийг, хүүхдийг амжилтанд хүргэдэг аж. Хүүхэд, ялангуяа дунд, ахлах ангидаа өөрийн төрөлхийн эсвэл өөртөө хөгжүүлсэн сурах хүсэл тэмүүлэлгүй бол эрдэм номоосоо ухрах шинжтэй болж ирдэг. Гэвч дээрх эрдэмтдийн үзэж байгаачлан хүүхэд бүрт сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, нэмэгдүүлэх бүрэн боломжтой тул яг л тэр үед нь сурах хүсэл эрмэлзлийн түлхүүр болсон "Яагаад" хичээж сурах хэрэгтэй вэ (Big Why) гэдгээ олж ухаарахад нь хүүхдэдээ эцэг эхчүүд тусалж чадвал гадны ямар нэгэн түлхэлт шахалтгүйгээр хичээл номондоо тэмүүлээд яваад өгдөг. Мэдээж энэ түлхүүр нь айл бүр, хүүхэд бүрт өөр өөр байх нь гарцаагүй ч эндхийн Монгол хүүхдүүдэд сурах эрмэлзлийг нь үүсгэх, нэмэгдүүлэх эцэг эхийн зүгээс бүрдүүлэх боломжтой нөхцөлүүдийн ерөнхий зүй тогтол байх боломжтой гэдэгт энэхүү судалгаа үндэслэгдсэн юм.

Монгол Улсын Консулын газрын статистик тоон баримтад 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын 144.483 иргэн гадаадын 75 улсад амьдардаг гэжээ. Эдгээр иргэдийн хамгийн их нь буюу 26 хувь нь БНСУ-д, 21 хувь нь АНУ, 7 хувь нь БНХАУ, 10 хувь нь Австралид тус тус оршин суудаг бол Швед, Австри, Бельги, Их Британи улсад оршин суудаг монголчууд 1-5 хувийг эзэлж байгаа аж.Монгол улсын Консулын газраас гаргасан энэхүү тоон мэдээ нь гадаад улс орнуудад ажиллаж байгаа Элчин сайд, Консулын газраас авсан тоо баримт дээр үндэслэгджээ.[2] Үүнээс үзвэл 2019 оны байдлаар Америкт 30 мянга орчим иргэн, 10-15 мянга орчим гэр бүл амьдардаг гэж тооцож болох юм. Эдгээр 10 мянга гаруй гэр бүлийн төлөөлөл болсон хүүхэдтэй нийт 100 гаруй хүнээр (90 хариулт асуулгын шаардлагыг хангасан болно) “Америк дахь монгол хүүхдүүдийн боловсрол” асуулгыг бөглүүлж дүнг коммунитигийн удирдагч, идэвхтэний хувьд 17 жилийн турш Монгол коммунитигийн гэр бүлүүд дээр болон Deterding бага сургууль дээр ажиллуулсан Math Club-д суралцагчид болон тэдний эцэг эхчүүдэд хийсэн ажиглалт, уулзалт, харилцан яриа, ярилцлагаас цугларсан мэдээлэл, туршлага,  Грит сургалтын төвийн хүүхдүүд, өөрийн 2 хүүхдийн сурлагын зарим үр дүнтэй харьцуулахыг хичээлээ.

 

НЭГ. “АМЕРИК ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛ” АСУУЛГАД ОРОЛЦСОН ГЭР БҮЛҮҮДИЙН БАЙДАЛ

 

Судалгаанд оролцсон гэр бүлүүдийн 66% нь Калифорни, 11 хувь нь Илиньос, 7 хувь Вашингтон, 5 хувь нь Виржиниа, үлдсэн 11 хувь нь мужуудад оршин суудаг гэж бөглөжээ (Зураг 1). Судалгааг боловсруулагч миний би Калифорни мужид амьдардгаас илүүтэй олон хүн уг мужаас оролцжээ.

Эдгээр судалгаанд оролцсон хүмүүсийн Америкт амьдарч байгаа хугацааг Зураг 2-оор харуулав. Бараг тал хувь буюу 44.5 хувь нь 10-аас дээш жил амьдарч байгаа гэж гэжээ. Талаас илүү хувь нь 1-10 жил, түүний дотор ирээд удаагүй буюу 1-5 жил болж байгаа иргэд 36.7 хувийг эзэлжээ. Энэ нь сүүлийн 5 жилд шинээр суурьшигчид нэмэгдсэн болон дээр нь эдгээрийн дотор хүүхэдтэй гэр бүлүүдийн тоо их, иймээс хүүхдийн боловсролын асуудалд санаа тавьж санал асуулганд идэвхтэй оролцсон байх талтай.

 

                                                                    Зураг 1                                                                      



                                                                           Зураг 2

    

Судалгаанд бичиг баримтаа хүлээж байгаа хэмээн хариулсан хүмүүсийг оролцуулаад нийт санал асуулганд оролцогсдын бараг 86.7 хувийг нь Америкт хууль ёсоор амьдрах бичиг баримттай гэж үзэхэд болж байна. Маш бага хувь буюу 13 хувь нь бичиг баримтгүй гэжээ (Зураг 3). Судалгаанд оролцсон гэр бүлүүдийн өөрийн орон сууцтай нь 27% байна (Зураг 4). 

 

                                                                Зураг 3                                                                      

                                                                              Зураг 4
                                                                             Зураг 5                                                              
                                                                                Зураг 6

    

Асуулгад оролцсоэ монгол гэр бүлийн 99% хувь гэрт нь хэн нэг нь ажил хийдэг, үүнээс хамгийн их нь буюу 69% нь гэрт нь 2 хүн ажил хийдэг, 28 хувьд нь 1 хүн, 2 хувь нь 3 болон түүнээс дээш тооны хүн ажилладаг гэж бөглөжээ (Зураг 5). 

 


      

Эцэг эхийн боловсролын түвшин харьцангуй өндөр буюу аавуудын 77.7% ээжүүдийн 87.2% нь нь их дээд сургууль, коллежийн болон магистрийн дипломтой, зөвхөн нийтдээ 12 хувь орчим нь 10 жилийн боловсролтой байгаа нь (Зураг 6) 2018 онд National Geographic сэтгүүлд нийтлэгдсэн тоо баримт уруу дөхөж очиж байна[3]. Энэхүү нийтлэлд дурдсанаар нийт 21000 орчим монголчууд амьдардгаас зөвхөн 14% нь ахлах сургууль, түүнээс доош боловсролтой гэсэн нь америкийн (америкчуудын 41% нь) аль ч ази үндэстнүүд, түүний дотор хамгийн өндөр боловсролтойд тооцогдох хятад, энэтхэгчүүдээс дээгүүр үзүүлэлттэй гарчээ. Тэгэхээр үлдсэн 86 хувь нь дээд сургууль, коллеж, техникком, ТМС төгссөн боловсролтой. Үүнээс 23-24 орчим хувь нь магистр, түүнээс дээш боловсролтой гэсэн байгаа.

Нийт 90 гэр бүлийн хамгийн их хувь нь буюу 41.1 хувь нь 3, 34.4 хувь нь 2, 6.7 хувь нь 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэж бөглөсөн (Зураг 7) Америк дахь хүүхэдтэй монгол айлуудын ерөнхий төлвийг харуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл ихэнх Монгол айл 2-3 хүүхэдтэй байна.  

 

Зураг 7                                                                      

                                                                             Зураг 8

   

Эдгээр гэр бүлүүдэд нийт 189 хүүхэд байгаагаас бараг тал хувь нь буюу 46 хувь нь бага сургуульд сурдаг гэсэн бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүлүүд судалгаанд дийлэнх нь оролцжээ (Зураг 8). Асуулгын дүнгээс харахад гэр бүлийн ерөнхий төлөв байдал, тухайлбал амьдарсан жил, бичиг баримттай эсэх, орон сууц эзэмшдэг эсэх, гэр ажил хийдэг хүний тоо зэргээс хүүхдийн сурах хүслийн хооронд ямар нэгэн хамаарал олдсонгүй.

 

ХОЁР. БАГА, ДУНД, АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ

 

Судалгаанд оролцогц эцэг эхчүүдийг хүүхдийнх нь сурах хүсэл эрмэлзлийг нь 1-5 оноогоор үнэлүүлэхэд (1 маш сул, 5 маш сайн) тэд сурагчдын 70-аас дээш хувийг сайн болон маш сайн сурах хүсэл эрмэлзэлтэй гэж 4 болон 5 оноогоор үнэлжээ (Зураг 9). Үүнд, хүүхдээ 4-5 оноогоор үнэлсэн эцэг эхчүүд хүүхдүүдийн төрөлхийн сурах эрмэлзлийг тэдний сайн эрмэлзэлтэй сурдаг гол шалтгаанаар сонгожээ (Зураг 10). Тухайлбал үүнийг сонгосон эцэг эхчүүдийн хувь бага ангийнх дээр 69%, дунд ангийнх 82%, ахлах ангийнх 76% нь тус тус байна. Мөн хүүхдийн хүсэл эрмэлзэлд сайн сургууль, багшийн нөлөөтэй гэж эдгээр эцэг эхчүүдийн 64% (бага ангийн хүүхдийн), 62% (дунд), 48% (ахлах) нь үнэлжээ. Түүнчлэн бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн эдгээр эцэг эхчүүдийн 51%, 74%, 43% (харгалзан) нь эцэг эхийн хүлээлт, шаардлага өндөртэй байх нь нөлөөлнө гэж сонгожээ. Эдгээр нь Америк дахь ази эцэг эхчүүдийн түгээмэл үзэл баримтлал болон миний ажиглалт туршлагын дүнтэй нийлж байгаа юм. 

Хүүхдүүдийн 97-оос дээш хувь дээр хичээл зүтгэл, ээж аавын түлхэлтээр тухайн хүүхдийн сурлага, чадвар сайжирч болно гэж үзсэн нь grown mindset буюу хөгжих сэтгэлгээг эцэг эхчүүд ойлгож хүлээж авдгийг харуулж байна (Зураг 11). Монгол хүүхдүүдийн дийлэнх хувь нь математикийн хичээлд дуртай байна (Зураг 12). 

                                                        Зураг                                                          

     

Сурагчдын сурах хүсэл эрмэлзэл сул байгаа шалтгааныг хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг 1-3 оноогоор үнэлсэн эцэг эхчүүдийн хувьд (Зураг 13):

-       50-аас дээш хувь нь электрон хэрэглээг

-       Хүүхдийн төрөлхийн сурах эрмэлзэлгүйг бага ангийн хүүхдүүд дээр 41%, дунд ангийнх дээр 50%, ахлах ангийнх дээр 31% хувь нь 

-       20-29% нь өөрсдийн шаардлага, хүлээлт сулыг

-       21-29% нь сургууль, багшийг тус тус буруутгажээ.

 

ГУРАВ. КОЛЛЕЖ, ИХ СУРГУУЛТД СУРЧ БАЙГАА БОЛОН ТӨГССӨН ОЮУТНУУДЫН СУРАЛЦАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ

 

Оюутан, төгссөн оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг эцэг эхчүүд маш өндөр 94 хувийг 4-5 оноогоор үнэлжээ (Зураг 14). Энэ нь Монгол гэр бүлүүдэд хийсэн ажиглалттай тохирч байгаа юм.  Эдгээр хүүхдүүд ихэвчлэн нэгдүгээрт, айлын том, хоёрдугаарт, Монголд төрөөд нэлээд ухаан орсон ирсэн байдгаас илүүтэй гэр бүлээ бодсон, хариуцлага ухамрсарласан, аав ээжийгээ баярлуулах гэсэн сэтгэлээр хичээл номондоо зүтгэдэг нь түгээмэл ажиглагддаг. Өөрөөр хэлбэл амьдралдаа асуудалтай бага тулгарч үзсэн, хэр барагтай зүйлээс урам зориг авдаггүй энд төрсөн эсвэл бүр багадаа ирсэн дүү нараа бодвол аав ээжийн хамтаар шинэ газар ирж хөлөө олох гэж зүтгэсэн, тэднийгээ хэрхэн зүтгэж хөдөлмөрлөж байгааг ухаарч олж харж мэдсэн тэдэнд сурах хүсэл тэмүүлэл аяндаа суудаг, эсвэл суулгахад арай амар байдаг. 

                                                            Зураг 14       

Зураг 15                                                  


  

Түүнчлэн оюутнуудын 89 хувьд нь сайн эрмэлзэлтэй сурч байгаа, сурсан шалтгааныг тэдний зан, төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй гэж сонгосон мөн дээрх санааг буюу тэднийг дүү нартай нь харьцуулбал эцэг эхэд төвөг багатайгаар, хариуцлагатай сурдгийг харуулж байж болох юм (Зураг 15). Харин сурах хүсэл эрмэлзлийг 1-3 оноогоор үнэлсэн цөөн тооны оюутан дээр ажил, гэр бүдээ их цаг зарцуулдаг, электрон хэрэглээг голлон буруутгажээ (Зураг 16).

Оюутнуудын 76% хувь нь өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн мэргэжлээ сонгожээ (Зураг 17). Харин ахлах сургууль төгсөөд шууд ажил хийх болсон шалтгааныг Зураг 18 дээр харуулав. 

Зураг 16

                                                                            Зураг 17     
                                                                            Зураг 18 


Судалгаанд оролцогч гэр бүл дэх одоогоор оюутан байгаа болон оюутан байсан хүүхдүүд Northeastern Illinois University, The University of Illinois at Urbana Champaign, Saint Olaf College Bowdoin collegeUC DavisUC Santa Cruz 2 UC Santa Barbara, UC Berkeley 4, UC Riverside, Harvard, Georgetown, Community college 3 сургуулиудад electrical engineering, math, IT engineer, biotech engineer, political science, environmental science, neuroscience, marketing & international business, business, social worker, journalism, nurse, actor, history зэрэг мэргэжлээр суралцсан, суралцаж буй гэжээ.

Коллеж, ИС төгсөөд 13 хүүхэд доорх мэргэжлээр үргэлжлүүлэн суралцахаар сонгосон гэжээ. Үүнд: IT, biology, PhD for science, chemical engineering, Master degree, teacher, accounting, history, business, med school 2, law school.

Мөн 7 нь доорх байгууллагад ажиллаж байгаа гэж бөглөжээ. Үүнд: Server, Human Resources, Merchandise allocation Claire’s Headquarter Hoffman Estates IL, Publishing company NY, Accountant at restaurant, Claire’s Corporate office

 

ДӨРӨВ. СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

 

1.     Дэлгэцийн хэрэглээ 

Сурах эрмэлзэл сул гэж гэсэн хүүхдүүдийн 84 хувьд эцэг эхчүүдийн зүгээс ТВ, Юүтюб видео, видео тоглоомын хэрэглээнд хязгаарлалт тавьдаггүй, эсвэл хязгаарлалттай ч хянах боломжгүй, зөвхөн 13 хувьд ямар нэгэн хэмжээний цаг, өдрийн хязгаарлалттай гэсэн бол (Зураг 19, 20) эсрэгээрээ сурах хүсэл эрмэлзлийг нь 4-5 оноогоор үнэлэгдсэн хүүхдүүд дээр видео тоглоом тоглуулдаггүй, эсвэл хичээлийн өдөр тоглуулдаггүй, зөвхөн амралтын өдрөөр гэхчилэн тодорхой хэмжээний хяналт, хязгаарлалттай нь 53 хувь, ТВ,  Юүтюб үзэх цаг, өдрийн хязгааралалттай нь 37 хувь байгаа нь дэлгэцний цагийн хэмжээ хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлтэй урвуу хамааралтай байх магадлалтай. 

                                                                Зураг 19 

Зураг 20 

Өөрөөр хэлбэл дэлгэцийн цаг их байх тутам хичээл номондоо зарцуулах цаг төдий чинээ бага болох бөгөөд хамгийн их цаг зарцуулж байгаа зүйлдээ л хүүхэд татагдаж, сайжирдаг нь зүйн хэрэг юм. Судалгаанаас харахад дэлхий дахинаа урлаг, спорт, шатар зэрэгт амжилт гаргасан хүмүүст байдаг нэгдмэл нэг үзүүлэлт бол тасралтгүй дадлага, практис хийх урам зориг, эрмэлзлийг өөртөө төрүүлж явдаг чадвар нь юм. Тэдний бусдаас ялгаргах онцлог нь хэдийгээр эхлэхдээ бусадтай ижил хэмжээний чадвартай байсан нь ч ихэнх нь 4, 5 настайгаасаа бэлтгэлээ эхэлж 10 мянган орчим цагийг зарцуулсан байдагт гэж үздэг. Үүнтэй адилаар багадаа цагаануудтай бараг ижил хэмжээний IQ-тай гардаг Америкийн ази сурагчид бага наснаасаа хичээж зүтгэдгийнхээ ачаар ихээхэн чадвар, мэдлэг шаардагдах чиглэлийн мэргэжил эзэмшиж 110-120 хэмжээнд хүрсэн өндөр IQ-тай группт багтаж чаддаг. Станфордын их сургуулийн судлаач Санфорд Доренбуш 10 мянга гаруй ахлах сургуулийн хүүхдүүдийг судлахад ази хүүхдүүд бусад хүүхдүүдээс дунджаар 40 хувиар илүү цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг гэж гарчээ. Тэрээр ихэнх Америк эцэг эхчүүд хүүхдийн сул чиглэлийг хүлээн зөвшөөрч давуу тал дээр нь төвлөрөхөд анхаардаг бол  ази эцэг эхчүүд хүүхэд нь ямар нэг хичээлд сулхан байгаа бол хичээлэлт давталтаа нэмэгдүүлдэг нь ямар ч хүүхэд зохих нь хичээл зүтгэлийг гаргаснаар хичээл номондоо сайн  байх боломжтой гэж үздэгт байдаг гэжээ. Ийнхүү хүүхэд хичээл номондоо ихээхэн цагийг зарцуулах тутам “урсгал” (flow) гэж нэрлэгдэх нөхцөл үрүү оюун ухаан, сэтгэлээ аваачиж хийж байгаа зүйлийнх нь үр дүн, ур чадвар нь сайжирдагтай холбоотой. Энэ нь хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа шилжүүлж, оюун ухаан нь тэр чигээрээ хийж байгаа зүйлдээ уусан орж, цаг хугацаа, орон зайг умартан, сэтгэл, сэтгэмж бүрэн хэмжээгээр урсах  бүтээлч цаг бөгөөд хүнд хамгийн сайн үр бүтээлүүдийг гаргах боломжийг өгдөг[4]. Урсгал түвшинд орж чадах чадвар нь сэтгэлийн чадварын дээд цэг бөгөөд хэд хэдэн аргаар үүнд орж болно гэж үздэгийн нэг нь өөртөө өндөр сахилга батыг баримталж, хийж буй зүйлдээ анхаарлаа маш ихээр төвлөрүүлэх явдал юм. Нөгөө нь хүн өөрийн сайн чаддаг зүйлд өөрт нь өндөр шаардлага тавигдсан үед урсгал уруу амархан ордог. Хэт бага шаардлагатай бол уйддаг, хэт өндөр шаардлага тавигдвал тэвддэг тул энэ 2 бүсийн дунд “урсгал” нь оршдог аж. 

Хэрэв сурагчид “урсгал” уруу орж чадаж байвал хичээл номондоо сайн байна гэсэн үг байх нь. Ахлах ангийн сурагчид дээр хийсэн судалгаагаар сайн сурдаг хүүхдүүд хичээлээ хийж байгаа цагийн 40 хувьд нь “урсгал”-д орсон байжээ. Гэтэл тааруухан сурдаг хүүхдүүдийн хичээл хийсэн цагийнхаа зөвхөн 16 хувьд “урсгалд” орж чаджээ. Тэд сурахдаа биш өөр зүйлд цагаа зарцуулж байсан нь ирээдүйд тааламжтай болох үйлдлийг хийхгүй буюу бага хийснээс “урсгалд” орох боломжийг олгох чадвараа багасгасан гэсэн үг юм. 

2016 онд American Academy of Pediatrics дэлгэцний их хэрэглээ нь хүүхдэд таргалалт, нойрны дутагдал, хэл ярианы болон танин мэдэхүйн хоцрогдолд хүргэж байгааг анхааруулсан байгаа. Энэчлэн хүүхдийн эрүүл мэнд, оюун санаа, дээр нь хичээл номоо хийх цагийг нь багасгаж, үүний дүнд сурах чадвараа сайжруулах, хичээл номондоо дуртай болох, эрмэлзлээ нэмэгдүүлэх боломжийг нь багасгаж, сурлаганд муугаар нөлөөлдөг нь дээрх санал асуулгын дүн болон Грит сургалтын төвийн сурагчид дээр хийсэн ажиглалт харуулж байгаа юм. Тухайлбал, хэрэв Грит төвийн сургалтанд хамрагдагч сурагч гэрийн даалгавраа дутуу, чанаргүй, эсвэл огт хийхгүй байх, хичээлийн цагаар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэргээр хичээлдээ тавих анхаарал нь огцом өөрчлдөгдөх үед эцэг эхтэй уулзаж ярилцах үед аав ээжийнх нь ажил, болон амьдралын асуудлаас болж хараа хяналтаа сулруулсан, эсвэл шинээр компьютер тоглоом, гар утас авч өгсөн зэргээс үүдэлтэйгээр сүүлийн үед компьютер ихээр тоглож, видео үзэж байгаагаас үүдэлтэй байдаг. Түүнчлэн багшийн зүгээс хичээлд ирэхийн өмнө дэлгэц харж электрон сарниулалтанд орж байгаад ирсэн хүүхдийн анхаарлыг буцааж төвлөрүүлэхэд дэлгэц хараагүй ирсэн хүүхдийнхээс илүүтэй төвөгтэй, хичээл зүтгэл шаардлагатай болдог.

2.     Эцэг эхийн хүлээлт шаардлага

Санал асуулгаар сурах эрмэлзэл өндөртэй сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэлд эцэг эхийн зүгээс тавих шаардлага чухал нөлөө үзүүлснийг, сурах эрмэлзэл султай хүүхдүүдийнх өөрсдийн зүгээс тавих шаардлага хүлээлт сул байсан нь хүүхдэд эрмэлзлэлд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзсэн байгаа (Зураг 10, 13, 15, 16) нь эцэг эхийн хүлээлт, шаардлага нь эерэг түлхэлт болж ази хүүхдийн амьдралд чухал нөлөөтэйг баталсан олон судалгаа, шинжилгээ дүнд дөхөж очиж байгаа юм. 

Этник групп дотор хүүхдүүд ямар зүйлээс сурах мэдлэг үрүү тэмүүлэх эрмэлзлээ илүүтэй авдаг талаарх олон судалгааны артиклууд хэвлэгдсэн байдаг. Жишээ нь африк гаралтай америк хүүхдүүд магтаал урамшууллаас, латин америк хүүхдүүд гэр бүлийн бахархал зэргээс урам авдаг бол сурах хүсэл тэмүүлэл хамгийн ихтэй гэж тооцогддог ази хүүхдүүдийн хувьд аав ээжийн хүлээлт, найдалт, баримтлах чигээс шууд хамаардаг гэж үздэг. Тухайлбал элдэв ахуйн бэрхшээл, нийгмийн гадархуулалт зэргийг давж гарах арга зам бол сайн боловсрол эзэмших явдал гэж бүрэн итгэдэг, боловсролд тавьсан аливаа зорилт нь хүүхдийн зөвхөн чадвараас хамаарахгүй, хичээл зүтгэлээр хүрэх боломжтой гэж үздэг учраас аль болох ихээхэн боловсролыг эзэмшихийг хүүхдээсээ шаарддаг[5]Hao and Bonstead-Bruns (1998) судалгаанд[6] мөн л эцэг эхийн хүлээлт найдалт, мөн хүүхдүүдийн өөрсдөдөө тавьсан шаардлага нь тэднийг урт хугацаанд сурах мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгодог, Ази, Латин гаралтай америкчууд "сайн дураараа ирсэн цагаачид" тул хичээл зүтгэл амжилт хоёр холбоотой гэж өөдрөгөөр үздэг гэжээ. Дээр нь хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг ч бас нөлөөлдөг[7] байж болох юм. Өөрөөр хэлбэл ахлах сургуульд төгсөөд шууд коллежид орно гэдэг аав ээжийн суулгаж өгсөн өгөгдлийг "залхуураад" өөрчилж өөр төлөвлөгөө гаргахгүй явчихна гэсэн үг юм. 

Яагаад эцэг эхийн хүлээлт ингэж ази хүүхдийн сурах эрмэлзэлд нөлөөлдөг вэ? Даниал Голмен[8]“Сэтгэлийн Чадамж” номондоо үргэлж ингэчих вий, тэгчих вий гэж хэт санаа зовж зовсон байдал, бодол нь оюун санааг бүрхэгдүүлж нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх, анхаарлыг төвлөрүүлэх, зөв сонголт хийхэд саад учруулдаг. Харин өөрийн сэтгэл санаагаа удирдаж чаддаг хүмүүс санаа зовнилоо ашиглаж өөрийгөө эрчимжүүлж тест, шалгалт гэхчилэн санаа зовсон зүйлдээ амжилт гаргаж чаддаг гэжээ. Сэтгэл судлалын сонгодог ном сурах бичигт сэтгэл зовнил, аливаа зүйлийн гүйцэтгэлийн  хооронд урвуугаа харсан “U” хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл урвуу “юү” үсгийн орой дээр сэтгэл зовнил, гүйцэтгэл 2 хамгийн оптимал буюу хамгийн тохиромжтой нийцэлд байна гэсэн үг бол эхний өгсүүр хэсэгт бол санаа зовнил хэт бага байснаас хангалттай хэмжээнд түлхэц өгөхгүй байгаа бол, урвуу хэсэгт хэт их санаа зоволт нь сайнаар гүйцэтгэх чадварыг үгүй хийж эхэлсэн гэсэн үг байх нь. Нөгөө талаас сэтгэл санаа сайхан байх үед уян хатан, нарийвчлан сэтгэх бодох чадвар нэмэгдэж аливаа асуудлыг шийдлийг илүүтэй амар олдог. Тэгээд ч сэтгэл санаа эерэг үедээ хүн зоригтой, өөрийгөө түлхсэн шийдвэрүүдийг гаргадаг нь үнэн билээ. Канзасын их сургуулийн Снэйдар хэмээх профессорын судалгаагаар оюуны ойролцоо чадавхтай оюутнуудын дүн нь тэдний итгэл найдвар нь аль зэрэг байгаагаас хамаарч ялгагдаж байсан ба итгэл найдвар өндөртэй оюутнууд өөрсдөдөө өндөр зорилтыг тавьж, түүндээ хүрэхийн тулд яаж ажиллаж хичээх ёстойгоо мэддэг байжээ. Тэрээр итгэл найдварыг “өөртөө тавьсан ямар нэгэн хүсэл зорилго, түүнийг биелүүлэх өөрийн чадвартаа  итгэх” гэж тодорхойлжээ. Итгэл найдварын адилаар “Оптимизм” гэдэг нь саад бэрхшээлээс үл хамааран бүх юм зүйл гайгүй болно гэсэн хүлээлт юм.  Үнэхээр оптимист буюу юмыг гэгээлгээр хардаг хүмүүс ерөнхийдөө сэтгэлийн зовнил, уналтанд бага автагдаж амьдрал дахь зорилгодоо эвийг нь олоод хүрэх гэж тэмүүлдэг билээ. Хүн итгэл найдвартай байх, юмыг өөдрөгөөр харах чадваруудыг нийлүүлээд self-efficacy буюу амьдралд аливаа асуудал бэрхшээл тулгарахад хүн өөрөө хичээвэл шийдэж чадна гэсэн итгэлийг хэлэх ба хэдийгээр энэхүү итгэл нь хүнд өөр өөр байх ч хүнд суулгах боломжтой гэж үздэг. Хэрэв хүнд энэхүү итгэл үнэмшил байвал алдаж оносон нь ч буцаад босох чадвартай, тухайн асуудлыг шийдэхдээ яаж буруу тийшээ эргэчихвол гэж санаа зовохын оронд харин асуудал тулгарвал яаж шийдвэрлэх вэ гэдэг өнцгөөс хардаг гэж Станфордын проффессор Албэрт Бандура бичжээ. Учир нь хүний чадварын хэмжээ нь өөрчлөгдөх хэмжигдэхүүүн бөгөөд хүнээс гарах чадварын хэмжээнд олон зүйл, түүний дотор хүний өөртөө итгэх итгэл нь чухал нөлөөллийг үзүүлдэг аж. Тэгэхээр урам зориг, тааламжтай байдлаас үүссэн сэтгэл хөдлөл, тохирох хэмжээний сэтгэл санааны зоволт нь биднийг амжилт уруу түлхэх чадвартай аж. Иймээс эцэг эх хүүхдэд эрдэм номондоо амжилт гаргана гэж шаардлага, хүлээлтийг үүсгэснээр нэгд хүүхдэд зохих хэмжээнд сэтгэл санааны зовнил, санаа зоволтыг үүсгэж хүүхдэд оптимал үр дүн гаргахад түлхэж өгдөг, хоёрт хичээж, зүтгэвэл хэн ч сайн сайхан зүйлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг үзэл, итгэл найдвар өгсөнөөр хүүхдийн ирээдүйн ажил, амьдралд нь томоохон нөлөөлөл авчирдаг чухал сэтгэлийн чадамжийг суулгаж өгөхийн хамт хүүхэд үүндээ дөрөөлөөд чадвараа сайжруулаад явдаг байх нь. 

Миний өөрийн хүүхдүүд болон шавь нар дээрээ хийсэн ажиглалт, туршлагаас харахад хүүхэд эцэг эхийн зүгээс заавар, чиглүүлэлт хүлээж байдаг тул эцэг эх нь өмнө нь тодорхой ойлгомжтой шаардлага, хүлээлтээ илэрхийлж байгаагүй хүүхдэд хэмжиж болохуйц шаардлага хүлээлтийг тавьсан тохиолдолд хүүхдийн дүн болон сурах хүсэл эрмэлзэл нь огцом нэмэгддэг. Доор графикааар төрөлхийн хүсэл эрмэлзэл багатай өөрийн хүүхдүүд дээрээ амаар болон үйлдлээр өндөр шаардлага, хүлээлт тавьж эхэлсэний дараа сурлага, тестийн оноо огцом сайжирсныг хоёр бага хүүгийн математикийн тестийн онооны үзүүлэлтийн сайжралтыг жишээ болгож Зураг 21, 22 дээр харуулав.

 

T1, T2-ийн 3 жилийн CAASPP математикийн тестийн оноог стандарт түвшингийн дээд, доод оноотой харьцуулсан байдал

Зураг 21                                                         Зураг 22 


3.     Эцэг эхийн зүгээс хүүхдийн боловсрол, хүмүүжилд зарцуулах цаг, анхаарал

Доор Зураг 23-р дээр судалгаанд оролцогч эцэг эхчүүд хүүхдийн суралцах процест оролцох оролцоогоор өөрсдөө хэрхэн үнэлснийг суралцах эрмэлзэл сайтай, султай гэж гэж үнэлэгдсэн хүүхдүүд дээр харьцуулж харуулав. Үүнд 1 маш бага оролцдог, 5 маш сайн оролцдог гэсэн үнэлгээ бөгөөд сурах хүсэл эрмэлзэл сайтай хүүхдүүдийн 66 хувь дээр эцэг эхчүүд оролцоогоо 4-5 хувиар үнэлсэн бол эрмэлзэл султай гэж үнэлэгдсэн хүүхдүүд дээр зөвхөн 16 хувь нь өөрсдийг хүүхдийн сурах процесст идэвхтэй гэж үнэлжээ. Энэ нь эцэг эхийн зүгээс хүүхдийн хичээл ном, амьдралд анхаарч, оролцсоноор хүүхдийн амьдралд ямар их хувь нэмрийг оруулдгийг харуулж байна. Эцэг эхчүүд санаа тавиад оролцох тусам хүүхдүүд улам урам зориг төрж, хичээж, зүтгэдэг. Миний ажиглалтаар хүүхдийн хичээл сурлагын амжилт гэрээс эхэлдэг, үүнд эцэг эх чухал үүрэгтэйг ойлгодоггүй, хуучин системд амьдарч байсан өөрсдийн эцэг эхчүүдийн адилаар боловсролын системд даатгаж орхидог монгол эцэг эхчүүд олон. Энэ нь шинэ цагаачдын адилаар олонх монгол эцэг эхчүүд маань ихэнх хоёулаа бүтэн цагаар биеийн хүч хөдөлмөр шаардсан ажил хийдэг, ажлын цагтаа өөрийн дураар тохируулах боломж хомстой байдагтай ч холбоотой ч сул талаа багасгах арга хэмжээ авалгүй цаг алдсанаас хүүхэд хохирч дуусах нь ихээр ажиглагддаг. 

Хүүхдэд үнэхээр түүний хажууд байж хянаж, хичээл ном, сахилга батад нь туслах, ойлгох, мэдэх зүйлээ асуух, чиглүүлэх, найдах хүн зайлшгүй хэрэгтэй тул үүнд зориулж эцэг эхчүүд сонголтуудыг хийхээс өөр аргагүй. Торгон мэдрэмж, олон ажлыг зэрэг амжуулдаг, төлөвлөгөөг нарийвчлан хэрэгжүүлэх чадварынхаа ачаар эхчүүд голчлон хүүхдийн хичээл номд оролцох нь хүүхдэд илүү үр дүнтэй тусдаг нь ажиглагддаг. Иймээс ч эцэг эхийн боловсрол, түүнийг үнэлэх үнэлгээ, ялангуяа эхчүүдийн боловсролыг хэр зэрэг эрхэм болгож байгаа нь хүүхдийн сургуулийн насандаа гол зорилго болгон сонгож цагаа зарцуулах зүйл, хүсэл эрмэлзэл, цаашилбал амьдралын сонголтонд нь нөлөөлдгийг монгол гэр бүлүүд, хүүхдүүд дээр олон жилийн ажиглалтаар харсан билээ. 

Зураг 23                                                         Зураг 24


Хятад, энэтхэг эцэг эхчүүдийн туршлагаас харахад тэд хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрлөх зан чанарыг өөрсдөө үлгэрлэхийн хамт хүүхдийг сургуульд орохоос өмнө ихээхэн цаг, нөөц боломжуудыг хүүхдүүд зарцуулж, ялангуяа математикийг их бага хэмжээгээр голлон давтуулж бэлдүүлж эхэлдэг нь эдгээр хүүхдүүдэд сургуульд орохдоо үеийнхээ хүүхдүүдээс илүүтэй  хичээлдээ сайн байх боломжийг өгдөг. Учир нь миний олон жилийн ажиглалт, туршлагаас үзэхэд математикийн хичээлийг зааж байгаа арга барил, багш нарын чадвар бол Америкийн боловсролын системийн сул тал бөгөөд бага сургуулийн 4,5-р ангиас, дунд сургуулиас эхлэн америк хүүхдүүдийн математикийн хичээлд өөртөө итгэх итгэл нь алдагдлаж эхэлдэг. Тоо баримтаас харахад Америкийн ахлах сургууль төгсөгчдийн дөнгөж 25% нь математик проргаммаа бүрэн эзэмшсэн үзүүлэлтээр төгсдөг, улс орны эдийн засгийн ирээдүйн өрсөлдөх чадварын хэмжүүр гэж үздэг, 3 жил тутамд дэлхийн улс орнуудын 15 настангуудаас математик, унших, шинжлэх ухааны чиглэлээр авдаг PISA буюу Program for International Student Assessment тестийн 2008 онд үзүүлэлтээр 79 орон дотроос Америкийн сурагчид тоогоор 30-д жагссан байх жишээтэй. Үнэхээр хүүхэд сургууль дээрээ хамгийн хэцүү хичээлд тооцдог математиктаа бусад хүүхдүүдээс илүү сайн байвал өөртөө улам итгэлтэй болж улмаар сурах хүсэл эрмэлзэл нь сайжирдаг. Энэ нь явуулсан санал асуулгын дүнтэй ч нийцэж байгаа юм. Санал асуулгаас харахад (Зураг 24) сурах эрмэлзэл сайтай хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь тооны хичээлд дуртай гэж сонгосон бол султай хүүхдүүдийн дөнгөж 40 гаруй хувь нь тооны хичээлд дуртай гэж сонгожээ. Иймд дээрх эцэг эхчүүдийн адилаар сургуульд орохын өмнөөс эхлээд 11-р анги хүртэл нь боломжтой эцэг эхчүүд математикийн хичээлийг илүү цагаар хүүхдэдээ зааж туслах, хийлгэх эсвэл тусгайлсан математикийн хичээл, сургалтанд явуулах нь зүйтэй. 

Түүнчлэн хүний зорилгодоо зохицуулж сэтгэл санаагаа хянах чадвар анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө түлхэж зоригжуулж, зоригжуулж сурах, бүтээлч сэтгэхэд чухал үүрэгтэй[9] . Хүний сэтгэл санааны тархи оюун санааны тархийг дийлж, бодох сэтгэхийг боогдуулах чадалтай тул сэтгэл санааагаар унасан, уурласан, хэт санаа зовсон тохиолдолд хүн мэдээллийг үр ашигтайгаар хүлээн авах, ашиглах чадваргүй буюу сурах чадваргүй болчихдог. Нөгөө талаас эерэг сэдэлжүүлэлт буюу урам зориг, өөртөө итгэлтэй байдал нь амжилтыг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр хүүхдийн сэтгэл санаа нь тэднийг сэтгэн бодох, төлөвлөх, холын зорилтонд хүрэх дадлага практисийг хийхэд нь тэднийг түлхэх, асуудал бэрхшээлийг шийдэх гэхчилэн чадваруудаа нэмэгдүүлэх эсвэл сааруулахад оролцдог, тодруулж хэлбэл  энэ нь дотоод оюуны чадвараа ашиглах чадамжийн хязгаарыг тогтоож өгдөг байна. Өөрөөр хэлбэл авьяас чадварын удирдамж (master aptitude), түүний дотор сэтгэл санаагаа хянан удирдах чадвар нь бусад чадваруудыг нэмэгдүүлэх эсвэл саад болох замаар хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг тул эцэг эхчүүд хүүхэдтэй өнгөрүүлэх цагтаа хүүхдэд энэхүү хэрэгцээт чадварыг суулгахад анхаарах нь зайлшгүй шаардлагатай болно. Олон төрлийн амжилтын эх үүсвэр болдог хүслээ барих тэвчихgratification, түргэн зангаа дарж сурах зэрэг сэтгэл санаагаа удирдах чадварыг хүүхдэд багаас суулгах дээр ажиллах нь зөв. Энэхүү сэтгэл санаагаа удирдах чадварыг эзэмшсэн хүмүүс ямар ч зүйлийг өндөр үр ашиг, дүнтэйгээр хийж, бүтээж, шийдвэрлэж чаддаг билээ. Энэ чадварын ач холбогдлыг 1960 онд Станфордын их сургуулийн проффессор Валтер Мичэлийн Маршмоллоу тест гээд алдарт тест дүн сайн харуулдаг. Үүнд 4 настай хүүхдүүдийн өмнө маршмоллоу тавиад 15-20 минут хүлээвэл 2, үгүй бол 1 маршмоллоу өгнө гэхэд зарим нь нөгөө хүнийг хэлж дуусаагүй байхад л шахуу шүүрээд идсэн бол зарим нь 2-ыг идэхийн тулд хэвтэй, нүдээ аньж, унтах гэж оролдож, гар хуруугаараа тоглож тэвчиж хүлээж чаджээ. Судалгаанд оролцсон эдгээр хүүхдүүдийг 12-14 жилийн дараа судлахад гарсан үр дүн нь тун сонирхолтой. 4 хөн насандаа тухайн нөхцөл байдлыг дүгнэж үзээд хүлээж тэвчвэл илүүтэй үр дүнд хүрэхийг олж хараад өөрийн хүслээс анхаарлаа салгаж сатааруулж чадсан хүүхдүүд өвсөр насанд нь судлахад тэд илүүтэй нийгмийн чадвар нь сайн: хувь хүний өөрийгөө аваад явах чадвар сайтай, амьдралд гарах бэрхшээл саад, стресс, бухимдлыг даваад гарах чадвартай, илүүтэй өөртөө итгэлтэй, найдвартай, санаачлага гаргаж, прожектийг зоригтой эхэлдэг, хамгийн гол нь олон жил өнгөрсөн нь ч зорилгынхрр төлөө хүслээ барьж хэвээр байжээ. Харин тэвчилггүй идсэн хэдэд дээрх зан чанарууд багатай, сэтгэл санааны хувьд амархан гутрамтгай, сэтгэл санаа нь ханамжгүй, бусдад амархан атаархдаг, хурц зантай, амархан уурладаг, маргаан, зодоонд орох магадлалтай гэжээ. Мөн л нөгөө тэвчээр муутай зан нь хэвээр байжээ. Дахин тэднийг ахлах сургууль төгсөх үед нь судлахад эцэг эхчүүдийн дүгнэлтээр хүлээх тэвчээртэй хүүхдүүд сурах чадвар сайтай, санаагаа үгээр сайн илэрхийлдэг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, төлөвлөгөө гаргаж түүнийгээ дагах чадвартай, сурах хүсэл эрэмэлзэлтэй гэжээ. Тэд SAT тест дээрээ хүлээж чаддаггүй гуравны нэгийгээ бодвол дунджаар 210 оноо илүү авсан байжээ. Энэхүү проффессорын үзэж байгаагаар зорилгоо гол болгож хүслээ барих чадвар нь өөрийн сэтгэл санааг хянах чадварын гол хэсэг гэсэн ба үнэхээр бизнес босгох, алгебрын бодлогын хариуг гаргах гэж ноцолдох, эсвэл спортын тэмцээнд бэлтгэх зэрэгт өөрийн хүслээ барьж зорилгондоо зүтгэх чадвар чухал үүрэгтэй нь ойлгомжтой юм. Ингэхээр хүсэл сонирхлоо болон түргэн зангаа тэвчин барих сэтгэл санаагаа удирдах чадвар нь хүүхэд өөрийн бодол санаагаа хянаж өөдрөгөөр бодож итгэх, үр ашигтай ажиллахын тулд өөрийгөө “урсгалд” оруулах замыг хайх, эрмэлзэл буюу өөрийгөө зүтгэх, бэрхшээл саадын үед дахин дахин оролдох урам зоригоор эрчимжүүлэх зэрэг авьяас чадварын удирдамжийн бусад чадварыг эзэмших урьтал нөхцөл гэж үзэж болно. 

Эцэг эхийн оролцоо, туслалцаа, хяналт нэмэгдсэнээр хүүхдийн хичээл ном, даалгавартаа зарцуулах цаг нь нэмэгдэж хичээл зүтгэл нь сайжрах ба үүний хамтаар математикийн хичээлийг илүүтэй нэмэлт цагаар хичээллүүлж байх нь хүүхдийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болно.

 

4.     Сургууль орчны сонголт

Америкт хүүхдийн ирээдүйг зип код нь тодорхойлдог гэдэг нь тухайн районы сургуултийн чанар, тээврийн хэрэгсэл, нөөц бололцоо, эрүүл мэднийн үйлчилгээ, хоол унд, ажлын байрны хүрэлцээ зэрэг нь муж, хот, нутаг дэвсгэр бүрт өөр өөр байдгаас үүдэлтэй билээ. 

Learning Policy Institute байгууллагын 2019 онд 400 гаруй сургууль дистрикт дээр хийсэн судалгаагаар[10] өмнө хийгдсэн олон судалгааны дүнтэй адилаар гэр орны нөхцөл байдал, аав ээжийн боловсрол зэрэг бусад нөхцөлүүдээс илүүтэйгээр багш нарын чадвар, туршлага нь хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтэнд хамгийн ихээр нөлөөлдөг гэж гарчээ. 

Тааруухан районд ажиллах багш олдоггүйгээс багшлах үзүүлэлтийг хангаагүй хүмүүсийг ажилд авах нь олонтой тул ийм багш нараар хичээл заалгах нь хүүхдийн сурлага, сурах хүсэл эрмэлзэлд муугаар нөлөөлнө. Жишээ нь манай сургалтанд хамрагдагч охины сургуульд хичээл заах багш олдоогүйгээс түүний ангид бүтэн жил, нэг шавийн сургуульд зодоон цохион их гардгаас сахилга бат, дүрэм танилцуулсаар хичээлийн шинэ жилийн эхний 2 сар математикийн хичээл ороогүй байх жишээтэй. Өдөр бүр үзэх ёстой хичээлийг бүрэн хэмжээгээр орхигдуулахад хүүхдийн сурлагад, цаашилбал ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Түүнчлэн эцэг эхийн хүлээлт, шаардлагын адилаар багш нар хүүхдэд өндөр шаардлага, хүлээлтийг тавих үед хүүхдүүд түүнд хүрэхийн тулд зүтгэдэг. 

Эдгээрээс гадна зарим сургуульд суралцагч хүүхдүүдийн нөлөөлөл хүүхдийн эрмэлзэлд шууд нөлөөлдөг. Сайн сургууль гэж тооцогддог сургуульд ирээдүйн өндөр зорилготой, хичээл зүтгэлтэй, тэвчээртэй, шургуу хөдөлмөрлөдөг хүүхдүүд олонх байдгаас хүүхдэд хамгин сайн нөлөөллийг үзүүлдэг. Иймээс ч хүүхдийг grit буюу бууж өгдөггүй, тэвчээртэй занд сургах аргын нэгд тэвчээр ихтэй хүмүүс дунд оруулах явдал гэж үздэг[11]

Санал асуулгаас харахад хэдийгээр нийт дүнгээр эцэг эхчүүд хүүхдэд сургуулийг сонгож харуулдаг нь харагдаж байгаа ч (Зураг 25) хүүхдүүдийн сурах эрмэлзэлд 1-3 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг тал хувь нь хүүхдэд тохирох сургуулийг сонгож оруулаагүй бол 4-5 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг ¾ хувь нь сонгож хүүхдээ элсүүлсэн нь ажиглагдаж байна (Зураг 26). Сайн сургуулийн ая холбогдлыг харуулсан энэ тоо нь миний ажиглалт болон өмнө ази америкчууд дээр хийгдсэн судалгааны дүнтэй нийцэж байна. Ази америкчуудын хувьд боловсрол маш чухал зүйл гэж үздэг учраас хүүхдүүддээ хамгийн сайн сургуульд оруулахын тулд бүхнийг хийдэг[12]. Үүний дүнд ч нийгэм эдийн засгийн хувьд амжилтанд хүрдэг. U.S. Census Bureau-ийн тоо баримтаас харахад бусад үндэстэй, цагаануудыг бодвол ази америкчууд илүү олон тоогоор коллеж төгсдөг, Ph. D болон мэргэжлийн өндөр зэрэг авдаг, гэрийн дундаж орлого илүүтэй, өндөр албан тушаалд ажилладаг гэжээ[13]. Өндөр боловсролтой амжилттай эцэг эхчүүд хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэхэд түлхэж урамшуулдаг гэж үзжээ. 

Зураг 25                                             Зураг 26


Доорх Зураг 24, 25 дээр Грит сургалтын төвд тасралтгүй 2 жил суралцаж байгаа 6 хүүхэдтэй групп, 3 жил тастралтгүй суралцаж байгаа 3 хүүхдүүдийн группуудын жилийн эцсийн математикийн тестийн дүн хэрхэн сайжирсныг мужийн дундаж онооноос ялгарах зөрүүгээр жагсааж харуулав. Эдгээр 6 сурагч гэр бүлийн өөр өөр нөхцөл байдлаас гаралтай ба 4 нь өөр хот, 1 нь монголоос ирж суурьшаад удаагүй, 3-ийнх нь хэлний болон бусад бэрхшээлээс үүдэж сургалгын үзүүлэлт муу эсвэл хангалтгүй, 3 нь 7, 3 нь 6-р ангийн сурагчид анх групп болж суралцаж эхэлсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 7 хоногт хичээлээсээ гадуур 2 цагийн математикийн хичээл заахын хамт 3-ийнх нь сургуулийг нь солиулж сайн сургуульд оруулсан, миний зүгээс болон эцэг эхийн зүгээс А сурах шаардлагыг тавьж эхэлсэн, электрон хэрэглээг хасч, бууруулсны дүнд жилийн эцсийн тестийн оноо стандартаас доош, стандарт түвшинд байсан нь сайжирч бүгд стандартаас дээш түвшинд шилжсэн ба 8-р ангийн төгсөх 3 маань ахлах сургуульдаа авьяаслаг хүүхдийн IB программтай ангид суралцах захиагаа сая хүлээж авсан байгаа билээ. Дээрхээс гадна хүүхэд бүрийн онцлог зан чанарыг харгалзан үзэж өөрийн гаргасан алдааг тэдэнд сургамж болгож хүргэх, санаа зоволт төрүүлэх үүднээс “хэрэв чи сайн сурахгүй, сайн сургуульд орж чадахгүй бол юу болох вэ, хэн хэн сэтгэлээр унах бол, хэнд муухай байх бол, эсвэл тааламжтай байдлыг төсөөлүүлж хүслийг нэмэгдүүлэх тулд чи хичээл номдоо шамдаж сайн сургуульд орсноор ямар боломжууд чиний  өмнө нээгдэх бол, чиний амьдралд юу өөрчлөгдөх вэ, ямар төрлийн хүмүүстэй танилцах бол, ямар цалин, орлого олох бол гэхчилэн асуултуудыг тавих, хүүхдүүдэд өндөр шаардлага, хүлээлт тавихын хамт тэдэнтэй энгийн дотно харилцаа холбоог үүсгэх, тэдний аав ээжийгээ баярлуулах, өндөр цалин авах, эмч болно гэх мэтчилэн хүсэл сонирхол дээр нь дөрөөлж сурах тэмүүллийг нь бадраахыг хичээж ирсэн нь сурагчдын сурлагын үзүүлэлтэнд нөлөөлснийг дурдах шаардлагатай.

 

‘Grit math’ сурагчдын CAASPP математикийн тестийн оноонууд

мужийн дундаж онооны хоорондын зөрүү

Зураг 27                                             Зураг 28


 

ТАВ. ДҮГНЭЛТ

 

Үе үеийн шинээр ирсэн цагаачдад төрсөн иргэдийнхээс илүүтэй хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл байдгийн адилаар америк дахь монгол эцэг эхчүүд хүүхдээ нийгэмдээ хөл нийлүүлэн зохицсон, өөрийн потенциалаа нээх боломжийг олгох боловсрол мэдлэгийг эзэмшээсэй гэсэн хүсэл мөрөөдөлтэй явдаг. Тэд хүүхдийг эрдэм номд шамдахад түлхдэг монголоос авчирсан арга барилаа аав ээжээ ихээхэн хүндэлж, баярлуулахыг хүсдэг том хүүхдүүд дээрээ амжилттай хэрэглэж чаддаг ч энд төрсөн болон багадаа ирсэн хүүхдүүдэд нөлөөлөхгүй үед юу хийхээ мэдэхгүй мухарддаг. Ийм нэгэн эхийн хувьд, дээр нь амьдралын тавилангаар учирсан монгол болон бусад америкийн үндэстэн хүүхдүүд, эцэг эхчүүд дээр ажиглалтыг хийж, шинжлэх ухааны судалгаануудыг шүүн судалж монгол хүүхдийг өөрийгөө дээд зэргээр дайчилж өөрийн хүсэл тэмүүллээр эрдэм номд зүтгэдэг хүүхэд яаж болгох вэ эрж хайсны дүнд тодорхой хэмжээний гарцыг олж харснаа монгол эцэг эхчүүд дунд хийсэн судалгаагаар баталгаажуулан хүргэж байна.  Төрөлхийн сурах хүсэл тэмүүлэлгүй төрсөн бол америкийн монгол хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг нь багасгаж, сайн сургуульд оруулах замаар хүүхдийн суралцах нөхцөл орчныг сайжруулах, эцэг эхээс хүүхдэд тавих шаардлага, хүлээлтээ өндөр байлгаж, хүүхдийн сурах процесст аль болох эртнээс идэвхтэй оролцсоноор сурах чиглэл, зорилго нь тодорхой болж, дэмжлэг туслалцааг найдвартай санаа тавьдаг томчуудаасаа авснаар угийн эцэг эх, ахмадаа хүндлэх уламжлалт монгол гэр бүлийн хүүхэд өөрөө өөрийгөө дайчилдаг сурах хүсэл тэмүүллийн суурьтай болно гэж үзэж байна. Үүнд бид нэг талаас эцэг эх, багш, эрдэм мэдлэгээ дээдлэж хүндэлдэг монгол соёл уламжлал, өндөр боловсрол мэдлэгийнхээ давуу тал, нөгөө талаас унахгүй төлөө болон бүхий нөөц бололцоог алдахгүй хичээж зүтгэдэг эхний цагаач үеийхний давуу талуудаа үр ашигтайгаар ашиглах бололцоотой.

Хүүхэд бүр авьяас чадвар харьцангуй төрдөг ч хүсэл эрмээлзлийг харин хүүхэд бүрт төрүүлэх боломжтой тул монгол эцэг эхчүүдэд дараахь ерөнхий зөвлөмжүүдийг санал болгож байна. Юуны түрүүнд хүүхдийн одоогийн сурлагын үзүүлэлт, чанарыг үнэлж дүгнэж хараад сурлага, хүсэл эрмэлзэл, нөхцөл орчинг хэрхэн сайжруулах вэ, үүний тулд эцэг эхийн зүгээс өдөр бүр болон бага, дунд, ахлах сургуульд гэхчилэн тодорхой хугацаанд хэрэгжүүлэх хүүхдэд болон танай гэр бүлд тохиромжтой зөв шийдлийг олж төлөвлөж хэрэгжүүлээрэй.

Үүнд.:

-       Элетроник хэрэглээ нь хүчтэй зуршлыг үүсгэж хүүхэд өөрөө ч хянаж чадалгүй татагддаг тул эцэг эхчүүд л тодорхой хэмжээний хяналт, хугацааг заавал тогтоох ёстой. Эцэг эхчүүдийн амжилттай хэрэгжүүлж байгаа жишээ гэрийн дүрмүүдэд: дунд нь зогсоох боломж муу байдгаас үндэслэж хичээлийн өдрүүдэд компьютер тоглоомыг бүрэн хориглож 7 хоногт 1 өдрөөр зөвхөн амралтын өдрүүдэд тоглуулах, зурагт видео үзэхийн тулд хичээлээ дутуу дулимаг хийх нь их тул хичээлийн өдрүүдэд үзэх эрхийг нь 1-2 цагаас хэтрүүлэхгүй байх, хэрэглээг хянах боломжийг багасгадгаас унтлагын өрөөнд электрон хэрэгсэлгүй байрлуулахгүй байх, орой унтахад нь нийтийн өрөөнд цэцэглэж орхиуулах, 00-ийн өрөөнд электрон хэрэгсэл авч орохыг нь хориглох гэх мэт.

-       Ихэнх монгол эцэг эхчүүд үр хүүхдээ сайн сураасай, өндөр боловсрол эзэмшээсэй гэж хүсдгийг нь мэдэж ойлгодог гэж боддог. Гэтэл тийм биш бөгөөд хүүхдэдээ “чи яг ийм сурах ёстой”, “тийм боловсрол эзэмших ёстой” гэсэн хэмжигдэхүйц зорилгыг өмнө тавьж, хүлээлтийг үүсгэх ёстой. Монгол эцэг эхчүүд хүүхэддээ тавих их анхаарал, ажилч хичээл зүтгэл, бууж өгдөггүй чиг шугамаа хүүхэддээ биеэр үлгэрлэдэг бусад ази коммунитигийн групп болох хятад, солонгос, энэтхэг эцэг эхчүүдийн жишигт ядаж дөхсөн хэмжээнд хүүхдэдээ анхаарч, хүлээлт, шаардлагыг тавих хэрэгтэй. 

-       Эцэг эхчүүд, ялангуяа эхчүүд илүүтэй багаас нь хүүхдийнхээ хичээл номонд нь оролцох, чиглүүлэх, туслах, бүр зав, боломж багатай бол сургуулиас гадуурх сургалтанд, ялангуяа математикийн сургалтанд явуулж өөртөө итгэлтэй байдлыг нь дээшлүүлэх. Түүнчлэн хүүхдүүддээ хамтарч тусалдаг, ажилладаг, амжилттай туршлагатай нэгнээсээ суралцдаг, боловсрол мэдлэгтэй нэгнээрээ хүүхдүүддээ хичээл заалгах баг, бүлэг үүсгэх боломжтой. Хүүхэдтэй цуг байх цагаа хичээл номонд туслах, дэлгэцийн цагийг хянах, биеэр үлгэрлэж, харилцан ярилцах, ойлгох, хэлж ухааруулах зэргээр урам зориг, хүсэл эрмэлзлийг төрүүлэх, сэтгэл санаагаа хянаж удирдах чадвар суулгах зэргээр насан туршийн суралцагч болоход нь тусалж үр бүтээлтэй зарцуулагдах ёстой. Хүүхдэд зарцуулах, хүүхдийн дэргэд байх цагийн хэмжээ чухал ч чанар түүнээс илүүтэй чухал билээ. Бага, багаар чанартай зориулсан цаг хүүхдэд маш их өгөөжийг өгч болно. 

-       Өөрийн нутаг дэвсгэр хамгийн сайн сургуулийг хайж хүүхдээ оруул, холоос ч гэсэн зөө, эсвэл хажууд нь нүү. Ингэснээр хүүхдээ сурах хүсэл эрмэлзэлтэй зүтгэлтэй хүүхдүүд дотор оруулах ба энэ нь эцэг эх та бүхний ажлыг хөнгөлнө. 

 

ЭХ ҮҮСВЭРҮҮД

 

[1] Hulbert, Ann (2018). Off the Charts The hidden Lives and lessons of American Child Prodigies, Alfred A. Knopf hardcover, New York, NY

[2] GolemanDaniel (2006) Sociel Intellingence, Bantam Dell hardcover, New York, NY

[3] Goleman, Daniel (1995) Emotional Intelligence, Bantam Dell hardcover, New York, NY

[4] Martin, David Jerner, Loomis, Kimberly S (2007). Building Teachers: A Constructive Approach to Introducing Education, Wadsworth paperback, Belmont, CA

[5] Дагвадорж, Баярсайхан (2016)Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил, Soyombo Printing paperback, Ulaanbaatar, Mongolia.

[6] Hao, L., & Bonstead-Bruns, M. (1998). Parent-child differences in educational expectations and the academic achievement of immigrant and native students. Sociology of Education, 71(3), 175–198

[7] Thaler, Richard H. and Sunstein, Cass R (2008). Nudge, Yale University Press hardcover, New Haven, CT

[8] Gottfried A.E., Gottfried A.W. (2009) Development of Gifted Motivation: Longitudinal Research and Applications. In: Shavinina L.V. (eds) International Handbook on Giftedness. Springer, Dordrecht.

[9] Wang, F. K (2005). Education culture gup: Tugging at a few threads of truth behind the model minority myth. New Orleans, IMDiversity. 

https://www.nationalgeographic.com/magazine/2018/09/south-asian-american-stereotype-kondabolu-simpsons/



[1] https://www.facebook.com/bayaraa.dagvadorj/posts/1726305480722078

[2] http://mminfo.mn/news/view/10731

[3] National Geographic, April

[4] Emotional Intelligence, Daniel Goleman

[5] Goyette and Xie, 1999

[6] Hao and Bonstead-Bruns (1998)

[9] Emotional Intelligence, Daniel Goleman

[10] CA’s Positive Outliers: District Beating the Odds, Anna Podolsky

[11] Angela Duckworth, Grit

[12] Wang, 2005

[13] U.S. Census Bureau, 2010a