Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, December 19, 2012

2012 оны 12-р сарын 21



Саяхан найзынхаа охины төрсөн өдрөөр хүмүүстэй яриад сууж байтал 12/21 өдөр чухал сэдэв болж хувирдаг байгаа. Монголд байгаа ээжтэйгээ ярихад хэд хэдэн удаа энэ талаар дурсагдаж дэлхий их аюул ирнэ гээд монголчууд бэлдээд  лаа чүдэнзээ цуглуулж байгаа гэхээр нь инээгээд үнэхээр тэгдэг юмаа гэхэд лаа чүдэнз ч ямар нэмэр болох вэ дээ гээд хөгшин хүмүүсийн санаагаар тоглоод гээд монголд ч дэндүү юмаа гээд тоолгүй өнгөрсөн ч америкт байгаа монголчуудын маань санаанд нь ингэтлээ орж ирээд байгаа гэж бодоогүй явсан билээ.  
Мексикийн Маяа омгийхны 5125 жилийг үзүүлсэн календар 2012/12/21 өдөр дуусаж байгаа гэдгээс үүдэж тэднийг тэр өдөр дэлхий сөнөхийг зөгнөсөн гэдэг үзэл бодол дэлхий даяар түгээд бараг хэдэн жил болж байна. Дээрээс нэрмээс болоод 2008 онд гарсан “2012 он” гэдэг кино дээр дэлхий даяар цунамид автагдаж байгаагаар гаргасан нь хүмүүсийг айдсыг улам нэмэгдүүлсэн билээ. Мөн интернэт, мэдээллийн хэрэгслэлүүд цуурхлалыг түгэхэд нэлээд нэмэр болсон. National Geographic сувгаар “Doomsday Preppers нэвтрүүлгээр аюул ослын үед бэлдэгсдийн тухай гаргаж байгаа нь тэдний рэйтингийг нэмэгдүүлж нэтворкийн хамгийн их үздэг цуврал нэвтрүүлгийн нэг болоод байна. Саяхан манай хотын төв хэвлэл дээр Буриадад энэ сургаар survival буюу аюул ослын үед хэрэглэгдэх зүйлс маш ихээр зарагдаж наймаачид баяртай байгаа гэж бичсэнийг уншаад тэгтлээ юманд бэлдээд сүйд болоод байдаггүй уужуу тайван монголчуудтай адил гэж миний бие боддог буриадууд ингэж бичигдэхийг бодоход нэлээд л дөвчигнөж байна даа гэж бодоод өнгөрсөн. Ер нь барууны орнуудад, америкт, ялангуяа газар хөдлөлт, далай ус, салхи шуурганы аюул тохиолдож байдаг мужуудад үргэлжийн бэлтгэлтэй байж, ус, хүнсээ хугацаа нь дуусмагц шинэчилж, хорогдох байр саваа засаж тохижуулж байдаг билээ. Ямар сайндаа манай америк хүргэн манай гэрийн шуудайтай гурил, будаа зэргийг харчихаад танайх emergency хоол их сайтай юм байна, ямар нэг юм болбол танайд ирнээ гэж "joke" хэлж байхав. Үнэндээ бэлдэж барьсан юм байхгүй, зүгээр л гурил, будаа их хэрэглэдэг монгол айл дахин дахин дэлгүүр явахгүй л гэж шуудайгаар аваад тавьсан нь тэр билээ. Reuter агенлагийн сүүлийн судалгаагаар америкчуудын 12 хувь нь дэлхий сөнөнө гэдэгт итгэж байгаа гэж гарчээ. Үлдсэн хувь нь түүний дотор миний бие шинэ жилдээ бэлдээд дараа жилээ төлөвлөөд явж байна даа. Итгэгчдийн хувьд дэлхий эсвэл нийгэм сөнөх янз бүрийн онол байгаа бөгөөд үүний дотор нөгөө л кинонууд дээр гардаг байгалтийн гамшиг, эдийн засгийн сүйрэл, цөмийн аюул, харь гаригийхны эзлэлт, гариг солирын мөргөлдөөн, террористуудын довтолгоо, химийн зэвсгийн дайралт, ЗГ-ийн эзлэлт, зомбий нарын эзлэлт гэх мэт орж байна даа. Элдэв хов шив, мэдээ унших завгүй тул Монголд яг аль түгсэнийг мэдэхгүй юм. Дэлхий даяар итгэгчид дотроо 2 янзаар бэлдэж байна. Нэг хэсэг нь нөгөө түрүү жил Оакландын нэг лам байхаа дэлхий сөнөнө гээд баахан хүн дагуулаад ой уруу явдаг шиг. Цуг явсан хүмүүс нь ихэнх мөнгөө үрээд, өр тавиад дэлхий сөнөнө, тэр ламыг дагаад диваажинд очихоор яваад /яваагүй хүмүүс тамд унана ч гэлүү/ хөөрхий буруу өдөр байсан байна гээд буцаад ирцгээсэн билээ. Нөгөө хэсэг нь дэлхий биш нийгэм сөнөнө гээд сайн бэлдэж аваад өөрсдөө амьд гарна гэсэн итгэлтэйгээр зүтгэж байна. Жишээ нь Хятадад Lu Zhenghai гэдэг хүн тэр өдөр дэлхий усанд автагдана гэж үзэн  цуглуулсан бүх мөнгөөрөө усан онгоц гэхэд хаашаа юм том завь хийлгэсэн гээд зураг нь сонин дээр байхыг харсан. Калифорний их сургуулийн профессор, Маяа судалгааны мэргэжилтэн Geoffrey Braswell-ийн үзэж байгаагаар календар нь яг яагаад дуусаж байгаа болон яг энэ өдөр нь энэ сарын 21 мөн эсэх /эртний судлалын мэргэжилтнүүд Маяа календар 12-р сарын 21-д таарч байгаа эсэх, эсвэл энэ өдөр нь өнгөрсөн, эсвэл болоогүй эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна/, Маяа нар өөрсдөө дэлхий сөнөнө гэдэгт итгэж хийсэн зэрэг тодорхойгүй ч энэ хийрхэл нь Маяа нарыг гэхээсээ бидний нийгмийн үйл хөдлөлийг илүү илэрхийлж байна гэж үзэж байна.  Энэхүү өдөр нь 2 тохиолдолд дурдагдсан байдаг бөгөөд нэг мөр нь 9 бурхад дэлхий үрүү илгээгдэнэ гэж нөгөө нь бурхадын хийх зүйл их хүнд байх болно гэсэн утга бүхий үйл үг юм байна. Geoffrey Braswell “энэ нь ямар утгатайг бид ойлгох битгий хэл тайлбарлаж чадахгүй: Гэхдээ нэг л юм тодорхой юу гэвэл энэ календарт дэлхийн төгсгөлийн тухай ямар ч үг дурдагдаагүй” гэжээ. Хамгийн сонин нь дэлхийн энэ тэнд муу өдөрт бэлдэж байхад нөгөө “хэргийн эзэд”  жинхэнэ Маяа гаралтай мексикүүд энэ өдрийг нэгэн агуу зуун дуусч шинэ агуу зуун эхэлж байна гэж бэлэгдэж тэмдэглэхээр бэлдэж байгаа гэнэ. Зарим хүмүүс ашиг хонжоо хайн хүмүүсийн айдсаар бизнес хийж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Маяа соёлын үлдэгдэл байдаг Chichen Itza хотын ойролцоох бүх зочид буудлуудын өрөөнүүд аль хэдийн зарагдсан ба Kinich Ahau төвөөс Маяа нарын агуу ухааныг сурталчлах, эх дэлхийгээ хайрлах ухааныг улам дэлгэрүүлэх, бүжиг наадам, шашины үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлдэж байгаа гэжээ. Энэ бүгд юу өгүүлж байна вэ гэвэл айдас бол үнэн ч ба худал ч бай том бизнес гэдгийг харуулж байна. Монгол лаа компанийн 3 жилийн орлогоо энэ жил хийсэн гэж нэг хүн надад хэлсэн. Их орны минь үйлдвэр ашиг олж байвал яахав ээ. Дээр нь лаа ч зүгээр шүү, тог тасардаг улсад гэж бодож байна. 50-аад оны хүйтэн дайны үед Кубын хямрал гэдгийн тухай энэд их ярьдаг. Тэр үеэр бол үнэхээр бодит аюул заналхийж байсан бөгөөд 2 эсрэг тал 2-уулаа цөмын зэвсэг хаях тушаал өгөх кноп дээр гар нь байсан үе. Тэр үед америк хүмүүсийн 53 хувь нь цөмийн дайн болно гэдэгт итгэж байсан бөгөөд 200 мянга гаруй /хэтэрхий бага тоо гэж үздэг/ айл өрх газар доорх орогнох байр бариулсан гэж үздэг. Тухайн үед америк хүн амын тоо 184 сая орчим байсан бөгөөд өнөөгийн хувьд хэд нь тохижилттой орогнох байр бариулж дийлэх бол /дээр дурдагдсан цуврал нэвтрүүлэг дээр нэг айл 450 мянгаар бариулсан нь гарч байсан гэсэн/ гэдэг нь сонин юм. Секс зарагддаг гэдэг шиг айдсан дээр дөрөөлж их мөнгө олж болно. Худлаа гэвэл эргэн тойрноо хар даа. Энэ талаар бичсэн эсвэл дурдагдсан ном, сонин сэтгүүл, телевиз, шашины болон ирээдүйг үзэж харах, зөвлөгөө, жуулчлал гээд л. “Apocalyptic Prophesies гэсэн гарчигтай дотроо Маяаны календартай сэтгүүл ихээхэн зарагдаж байгаа харагдана. Баар кодны доор нь 2013 оны 2-р сарын 11 хүртэл зар гэсэн бичиг харагдана. Дэлхий сөнөнө  гэж бичсэн энэ хүн харин ч 12 сар битгий хэл 2 сар хүртэл орлого олохоор төлөвлөжээ дээ. Жишээ би энэ өгүүллийг олон хүнд уншуулья гэж бодвол дэлхий сөнөх үү гэх зэргээр гарчиг өгөхөд болохнээ. 12-р сарын 21 өнгөрмөгц дээрх сургаал номоо айлдаж хүмүүсийг айлгаж байсан хүмүүс өдөр нь буруу байж, эсвэл бидний ачаар зөөлөн буулаа ч гэх юм уу ямар нэгэн арга олоод тайлбарлах биз. Байгаль орчинтойгоо буруу харьцсаны уршгаар байгалийн огцом өөрчлөлтүүд энэ тэндгүй нэмэгдэж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Цаашдаа ч улам нэмэгдэнэ. Тэрэн тоолонгоор ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, мууг зөгнөн үр хүүхэд, хөгшдөө айлгахаа болимоор юмаа. Монгол хүн амны билгээс ашидын бэлэг гэдэг. Тэрний оронд санаа сэтгэлээ амгалан байлгаж үр хүүхдэдээ хүмүүсийг болон эх дэлхийгээ хайрлах, өрөвдөх сайхан сургаал ном хайрлаж шинэ оноо угтацгаая даа.  

Tuesday, December 11, 2012

Бидний шинэ уламжлал



Америкт баярын улирал эхлээд дундаа оржээ. Гудамж  даган ургасан моднууд ногоон, хүрэн, улаан, шар өнгөөр алгалж, дээр нь айлууд баярын гэрлэн чимэг зүйлтээ зүүсэн нь  модны хот нэрлэгддэг Сактогийн намар, өвлийн улирлыг үнэхээр үзэсгэлэнтэй болгодог. Хаана ч явсан баярын холбогдолтой дуу цангинаж, гэрэл чимэглэл гялтганах нь бидний сэтгэлд өөрийн эрхгүй баясал төрүүлнэ.
Ер нь жилд тохиолддог баярын өдрүүд нь сэтгэлд тод дурсагдаж үлддэгээрээ хүний амьдралын нэг жилийн нөхөөснүүд юм уу даа. Тийм ч учраас миний бие өөртөө, болон гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, төрөл садандаа аль болох дурсамжтай байх талаас нь өнгөрөөхийг хичээдэг болсон билээ.  Ямар ч л байсан шинэ газар сууршьсан бидний монголчууд эндхийн баярын уламжлалыг өөрсдийн зан заншилтай холиод, зохицуулаад гэр бүлийн шинэ уламжлал гаргаж ирцгээсэн. Монголыг бодвол энэд Шинэ жилээс илүүтэй Христийн шашинтнуудын баяр Christmas-ыг  илүүтэй тэмдэглэдэг. 25 өнгөрөөд л нөгөө сарын өмнөөс л гоё засаж чимэглэээд байсан модоо гаргаад хаячихна. Монголд бол ид л ёлкоо барьдаг өдрүүд. Эндхийн монголчууд бид Christmas-ын шашины баяр гэхээсээ илүүтэй Magic баяраар нь хүлээж авч тэмдэглэж байна. Дээр нь мэдээж шинэ жилээ сайхан тэмдэглэнэ дээ.
Би эндхийн баярын өдрүүдийг монголынхоо цагаан сартай адилтгаж бодох дуртай. 12 сар бол миний хувьд маш завгүй байдагч би дуртай. Сарын эхээр баярын мэндчилгээ бүхий гэр бүлийнхээ зурагтай картыг хэвлүүлж америк хөгшид, найз нөхөд үрүүгээ илгээнэ. Мөн Монгол найзууд, төрөл садангийнхаа гэр бүлд жижиг дурсгалын өвөрмөц зүйл бэлдэж бэлэглэнэ. Манай гэр бүл хэдийгээр христийн шашинтай биш боловч  Christmas-аар хүүхдүүддээ /Сантагийн бэлэг үлдээдэг оймсонд нь/ болон төрөл садныхаа хүүхдүүдэд бэлэг бэлдэж солилцдог. Манай хүүхэд тус бүр ойролцоогоор 6-10 бэлэг авдаг. Эдгээр нь тэдний жилжингээ хүсэж хүлээсэн зүйлүүд байдаг. Хүүхэд л болсон хойно энэ тэнд харсан юмаа өмнөх саруудад авахуулах гэж ятгана. Эхний үед авч өгдөг байсан боловч хэдхэн хоноод л нөгөө уйлах нь шахуу гуйж авахуулсан тоглоом энэ тэнд хэрэггүй хэвтэж байдаг тул больсон билээ. Ингээд хэдэн жилийн өмнөөс хүүхдүүд төрсөн өдөр, шинэ жил 2-оор л дуртай юмаа авахуулна гэж шинэ дүрэм гаргасан юм. Тийм ч учраас манай хүүхдүүд надаас тийм юм аваад өгөөч гэвэл жагсаалтандаа бич гээд явуулдаг. Тэдний сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөс хамаарч жагсаалтанд байсан зүйлсээс зарим нь алга болж, зарим нь шинээр нэмэгдсэн байдаг. Тэр жагсаалтаас нь би шинэ жилээр бэлэг явуулдаг айлууд уруу хэлдэг. Юм тааж авах ажлыг нь хөнгөлдөг тул тэд өөрсдөө ч дуртай байдаг. Хэрэв зарим нь арай үнэтэй бол 2 айлын дундаасаа авч болно шүү гэх зэргээр хэлдэг. Миний хувьд сарын дунд гэхэд бэлэгний худалдан авалтаа дуусгасан байхыг хичээдэг. Зарим хүмүүс шоппин хийх тийм ч дуртай биш байдаг бол, би хүүхдүүдэд, ялангуяа өөрөө баньд нартай болохоороо охидуудад бэлэг авах гэж дэлгүүр явах дуртай. Охидуудын хувцасны гоё өнгөтэй, чамин маягтайг яана. Баяраа гуай шумбаад л ороод өгнө дөө. Заримдаа дэлгүүрт ороод охидын тасаг уруу ороод явчихаар нь манай хүн араас хөөш манайх охингүй шүү дээ гэж сануулдаг юм. Хотынхоо монголчуудын холбооноос хүүхдүүдэд зориулж зохион байгуулдаг шинэ жилийн партид хүүхдүүддээ аваачиж баярлуулна. Мөн тэндээс тэд бэлэгтэй ирцгээнэ. Ийм олон бэлэг сэлт авч байгаа хүүхдүүдэд Christmas  нь ид шидийн баяр санагдахаас яахав дээ.
Christmas Eve буюу битүүний орой нь хүүхдүүдийнхээ хуурай өвөө эмээ дээр очиж хоол идэцгээгээд бэлгээ солилцоно.2 хөгшнийхөө дуртай хоолыг бэлдээд очно доо. Яг Christmas-ын өдрөөр манай ах дүү нар гэр бүлээрээ цас уруу явдаг уламжлал тогтоогоод нэлээд хэдэн жил болж байна. Хэдийгээр нэг хотод амьдарч байгаа ч ажил ихтэй хүмүүс амралтын өдрүүд нь зөрдөгөөс заримдаа жилд нэг 2-хон удаа бие биеийнхээ барааг хардаг болсон тул энэ өдрөөр заавал цуг байхыг хичээдэг юм. Хамгийн гол нь жилд ховор тохиолддог бүх хүмүүсийн зэрэг амардаг өдөр, дээр нь цаны баазууд хүн багатай байдагт билээ. Сайхан халуун хоол унд бэлдэж аваад цэвэр агаарт уул уруу олуулаа явахад сайхан даа. Ах, эгч дүү нартайгаа, тэдний хүүхдүүдтэй цуг өнгөрөөсөн өдөрт нэгийгээ явуулсан яриа, гарсан инээдтэй зүйлүүдээс дараа жилжингээ дурсаж ярих онигоонууд үүсч гардаг. Түрүү жил ах маань миний хийсэн шөлийг хоол шингээхэд зүгээр эд байна гэж хэлсэнээс болж бүтэн жилжингээ дооглуулсан. Маханд дуртай хүн шөлийг бол хоол гэж тооцохгүйн нь байна шүү дээ. Одоо бид хэд шөл уу гэхээсээ хоолоо шингээх үү гэж асууцгаадаг болсон. Бидний үр хүүхдүүд энэхүү уламжлалаа үргэжлүүлээд хаана ч байсан цуглараад уулзаж байдаг болбол мөн сайхан даа.
За тэгээд Christmas-ын дараа хотынхоо шинэ жилд орох гэж хүмүүс догдолж эхэлнэ дээ. Хүүхнүүд бид жилд нэг удаа өөртөө болон бусдад “гайгүй” харагдчих санаатай нэлээд хэд хоногийн өмнөөс гоёондоо санаа зовно. Ингэсний ч үр дүнд хүүхнүүд маань нэг жилийг ажил, гэр гээд өөртөө ч олигтой цаг зарцуулж чадахгүй өнгөрөөдөг ч шинэ жилийнхээ үдэшлэг дээрээ бүгдээрээ л цоглог сайхан харагддаг.   
Энэ олон зүйл үйл ажил, явдал болгож тэмдэглэх гэж ажлынхаа хажуугаар зүтгэдэг нь баярлаж хөөрхөөсөө гадна өөрсдийн болон гол нь хүүхдүүдийнхаа сэтгэлд олон арван жилээр хоногшсон, сайхан  дурсамж үлдээх юмсан гэсэн горьдлого цуг байдагт болов уу.
Энэхүү баярын хөөрлөлөөр бичсэн нуршсан зүйлээ зогсоож, нэг жилийн турш миний бичлэгийг цагаа зарцуулан гололгүй уншиж, урмын үг хайрлаж байсан уншигч та бүхэндээ их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. 
Christmas, шинэ жилээ сайхан тэмдэглээд ирэх 2013 онд амьдрал тань амар амгалан, баяр баясал дүүрэн байхыг хүсэн ерөөе.