Калифорний “DREAM” акт батлагдлаа
Калифорний цагаачдын мөрөөдлийн хууль “DREAM” aкtын сүүлийн хувилбарт мужийн захирагч өнгөрсөн хагас сайнд гарын үсэг зурснаар хууль болон батлагдлаа. Уг хууль нь 16 наснаасаа өмнө Америкт ирсэн бөгөөд энд ахлах сургууль төгссөн бичиг баримттгүй хүүхдүүдэд коллежид суралцахдаа улс, мужийн санхүүжилттэй тэтгэлэг, санхүүгийн туслалцаа авах бололцоог олгож байгаа юм. Зарим мужуудад батлагдсан хууль бус цагаачдын эсрэг хатуу хуулиуд, түүний дотроос одоогоор хамгийн хатуу нь буюу ерөнхий бололвсролын сургуульд орж байгаа хүүхдийн нь хүртэл бичиг баримтыг шалгах хууль Алабама мужид хэрэгжүүлэхээр болсон нь маш олон цагаачдыг мужаасаа дүрвэхэд хүргээд байгаа ба тэднээс нэлээд нь Калифорнийг зүглэж байгаа нь гарцаагүй. Хуучныг баримталдаг мужуудад гудамжинд хүртэл “буц, зайл” гэж дуудуулж ирсэн латино нарт Калифорн мужийг диваажин мэтээр хүлээж авдаг бөгөөд тэдний зарим нь Калифорний төлөө үхэхэд ч бэлэн мэдэгдэж байна. Ассемблийн 131 хуулийн төсөл байх явцад мужийн захирагч санхүүжилтын хувьд багасгахыг хүсч гарын үсэг зуралгүйгээр буцаасныг өмнө нь мэдээлж байсан билээ. Үүний улмаас хуулийн төсөлд хамрагдагсдаас томчуудын /adult/, техникийн сургуулиудад суралцагчдыг хасч, мөн хуулийг 2013 оны 1-р сараас хэрэгжүүлэхээр засалт хийсний дүнд батлагдаж чадлаа. Мужийн ассемблийн бүгд найрамдах намын зарим гишүүд энэ хуулийн эсрэг тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна. Тэд “Stop the Nightmare Act” нэртэй вэб сайт хүртэл хийж, кампайн өрнүүлэх гэж оролдож байгааг сонинд дурдсан байна. Ямартай ч одоогоор бичиг баримтгүй байгаа Монгол хүүхдүүд маань санхүүгийн туслалцаа авснаар коллежид суралцах явцдаа олон цагаар ажил хийлгүйгээр сурах явцдаа анхаарлаа төлөвлүүлэх бололцоотой болж байгаад бид бүхэн баярлахгүй байхын аргагүй.
Калифорнид ажилд авах хүнийхээ кредитыг шалгахыг ихэнх компанид хориглосон хууль батлагдлаа.
Харин мужийн хууль зүйн яам, хууль сахиулах байгууллагууд, томоохон албан тушаалд болон өдөрт 10 мянгаас дээш доллар хариуцдаг ажлын байранд хүн авахад энэ хууль хамаарахгүйг зааж өгсөн байна. Ийм төрлийн хууль Connecticut, Hawaii, Illinois, Maryland, Oregon, Washington мужуудад батлагдаад хэрэгжиж байгаа аж. Энэ хууль эдийн засгийн хямралаас болоод, тухайлбал ажлаас халагдсаны улмаас санхүүгийн хүндрэлд орсон, байраа хураалгасан, коллежийн өр зэргээс болоод кредитээ муутгасан хүмүүсийн ажилд орох боломжийг нь нэмэгдүүлнэ хэмээн энэ хуулийг дэмжигчид үзэж байгаа бол зарим ажил олгогчид тухайлбал жижиглэн худалдааны компаниуд дуртай биш хүлээж авч байна. Учир нь хэдийгээр ажилд олгогчид ажилд орохоор хүсэлт гаргагчдын кредитийг шалгах төлбөр, илүү ажлаас чөлөөлөгдөж байгаа ч хүнээ шалгалгүйгээр ажилд авсны улмаас зарим ажилчдын зүгээс гаргадаг байгууллагын хулгайг багасгах боломжийг нь хаах болно гэж үзэж байна. Энэ нь ч бас аргагүй аж. Үндэсний хэмжээгээр жижиглэн худалдаалагч байгуулагуудын алдагдлын 40 хувийг буюу ойролцоогоор 15.9 биллион долларын алдагдал ажилчдын хулгайгаас үүдэлтэй гэсэн тооцоо National Retail Security Survey санал асуулгаар гарчээ.
Бидний “өөр” түүхүүд.
Жил бүр нэг удаа 3 кредит агентлагаас өөрсдийн кредит түүхээ үнэгүй авч олно гэдгийг бид бүхэн мэддэг билээ. Тэгвэл өөр төрлийн түүхээ, тухайлбал даатгалтай холбогдолтой, эрүүл мэндийн түүх болон background check буюу гэмт хэрэг зэрэгт холбогдож байсан эсэхийг шалгадаг түүхийн бичилтээ үнэгүй авч болдог юм байна. Хэдийгээр энэ бүгд нь зарим хүмүүст хэрэгцээтэй биш ч жишээ нь машины даатгалаа шинэчлэх гэж байгаа хүн бол машины даатгалын компаниас гаргаж авдаг таны түүхийг өөрөө өмнө нь хараад авахад илүүдэхгүй байх жишээтэй. Дараахь мэдээллүүдийг авч болно. Үүнд:
1. Даатгалын түүх. LexisNexis /хуучнаар ChoicePoint/ /lexisnexis.com/ байгууллага Clue мэдээллийн сан машины даатгалын болон хувийн даатгалтай холбоотой зарга, нэхэмжлэлүүдийг бүртгэж байдаг юм байна. Өөрийн файлыг дээрх сайт уруу ороод сайтын Insurance Report гэдгээс C.L.U.E. Reports гэдгийг дарж орох буюу 866-312-8076 утсаар захиалж авч болно. Мөн ISO компаниас 800-627-3487 утсаар захиалж болох аж.
2. Эрүүл мэндийн түүх. Та энд аливаа эрүүл мэндийн даатгалд өргөдөл бөглөхөд даатгалын байгууллага таны мэдээллийг The Medical Information Bureau байгууллагаас авдаг. Гэхдээ энэ мэдээлэлд таны эрүүл мэндийн байдал эмнэлгийн кодоор тэмдэглэгдсэн байдаг гэнэ. Хэрэв та сүүлийн 7 жилд хувийн амь нас, эрүүл мэнд, тахир дутуугийн хувийн /ажлын байрны нийтийн даатгал биш/ даатгалд өргөдөл бөглөж байсан бол таньд ямар нэгэн түүх үүссэн байдаг байна. Өөрийн түүхээ авахын тулд 866-692-6901 утсаар ярьж авч болох аж.
3. “Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх” болон ажил эрхэлж байсан түүх. Ихэнх ажил олгогчид, заримдаа байр хөлслөхөд хүртэл байрны менежерүүд хүний энэ түүхүүдийг шалгадаг. Энэ түүхээ LexisNexis байгууллагын сайт дахь дугаарууд буюу 1-866-312-8075, 1-877-448-5732 тус тус утастаж үнэгүй түүхээ захиалж болно.
4. Ер нь дээрх LexisNexis байгууллагын мэдээллийн санд байгаа өөрийн нэгдсэн мэдээллээ /Full File Disclosure Reports/ зохих бичиг баримтуудын хуулбарыг хүсэлтийн хамт явуулж авч болно гэж уг сайтад бичсэн байна. Дэлгэрэнгүйг уг сайтаас орж үзээрэй.
Банкны дебит картнууд сарын төлбөртэй болж байна.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан дебит болон кредит картны шинэ хуулийн улмаас банкнуудын орлогод маш муугаар нөлөө үзүүлж байгаагийн улмаас ихэнх банкнууд, түүний дотор Bank of America, Wells Fargo, Chase банкнууд дебит картнуудад сарын 3-5 долларын төлбөр авч эхлэхээ мэдэгдээд байна. Дээрх шинэ хуулиар дебит карт хэрэглэх тутамд банк 44 цент төлбөрийг бизнесээс суутгадаг байсныг 24 цент хүртэл болгож бууруулахаар болсон, мөн overdraft fee буюу дансан дахь мөнгөө хэтрүүлэн хэрэглэсний торгуулийн хэмжээг багасгаж өгсөн зэрэг нь банкнуудад маш их алдагдлыг, тухайлбал дебит картнаас олдог орлого жилд 6.6 биллион доллараар, дээрх торгуулиас олдог орлого нь жилд 5.6 биллион багасана гэж тооцоолж байгаа юм байна. Тэд эдгээр алдагдлаа ямар нэгэн байдлаар нөхөх арга замыг олох нь гарцаагүй бөгөөд үүний наад талын жишээ нь үнэгүй чекэн дансаа байхгүй болгож сарын төлбөртэй болгох, төрөл бүрийн шагналын программуудыг хэрэгжүүлэхээ зогсоосон талаар захиануудыг та бүхэн авч эхлээд байгаа байх. Манай гэр бүлийн харилцдаг банк Well Fargo-оос дансандаа /чекин болон кредит нийлээд/ 7500-аа дээш доллар байлгахгүй бол сарын төлбөр 11-р сарын 7-оос төлж эхлэх, мөн жилд 12 доллар төлөөд нийт дебит картаа ашигласны шагнал оноо цуглуулдаг байсан программаа зогсоосон захиануудыг бид аваад байна. Энэ бүгд нь үрж байгаа мөнгөндөө хяналттай хандах үүднээс дебит картаа түлхүү хэрэглэдэг болоод байсан хэрэглэгчдийг кредит карт уруугаа илүүтэй гараа явуулдаг болгох бизээ. Та бүхэн банкныхаа сарын тайлангаа /statement/ сайн шалгаад өөрсдийнхөө санхүүгийн үйлдэлдээ зөв гэсэн өөрчлөлтөө хийгээрэй.
Машин авахдаа
Өнгөрсөн саруудад зүүн эргүүдээр нэлээд их байгалийн гамшиг, түүний дотор үер болсныг санаж байгаа байх. Тэгвэл тэдгээр үерт автсан газраас гэмтсэн машинуудыг өөр мужуудад оруулж ирсэн байх магадлалтайг санахад илүүдэхгүй юм. Зарим тохиолдолд хуучин машин зардаг томоохон дилерүүдийн гадаа ч тавьсан байх байдгийг Edmunds.com сайтаас анхааруулсан байна. Үерт автсан машинуудын дэвсгэр, даавуу материалууд хоорондоо наалдсан, хөгцөрсөн зэрэг шинж тэмдгүүдтэй. Түүнчлэн эдгээрийн гэрэл нь бүдгэрч муудсан, машинуудын цахилгаан, электрон эд анги хэрэгслүүдийн гэмтэл зэрэг нь жолоодоход аюултай нөхцлийг үүсгэж магад. “Brand” гэж нэрлэгдэгддэг эдгээр машинуудыг бичилтэнд нь даатгалын компаниуд бүрэн алдагдал /total loss/ гэж тэмдэглэгээ хийдэг ба хэрэв машины мотор хэсгүүд усанд автах хэмжээгээр гүн усанд орсон машинуудыг үерийн гэмтэлтэй гэсэн тэмдэглэгээг давхар хийдэг байна. Иймд худалдан авагч та хамгийн түрүүнд машины VIN дугаараар VINCheck /www.vincheck.net/ сайтын үнэгүй буюу “free vincheck”-ийг сонгох буюу carfax зэрэг компанийн сайтаар машины бичилтийг төлбөртэйгээр шалгаж болно. Хэдийгээр ховор ч машины тайтлыг хуурамчаар эсвэл өөрчилж бичсэн тохиолдол гардаг гэсэн тул өөрөө шалгаад итгэлгүй санагдвал машин мэддэг нэгэндээ давхар үзүүлэхэд буруутахгүй байх.
Wednesday, October 12, 2011
Wednesday, October 5, 2011
Америкийн Монгол хүүхдүүд: Боловсрол
Америкт “fulltime mom” гэж дуудуулж, ээж гэдэг ажлыг бүтэн цагаар хийгээд даруй 7 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүдийн маань том нь энэ жил ахлах сургуульд орсон, дундах нь 2-р анги, бага нь прискүүлд /preschool/ явж байна. 3 өөр сургуульд болон дугуйлан секцэнд нь зөөж авах, сургуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг ажлаа “үглэн” гүйцэтгэхийн хамт эндхийн ерөнхий боловсролын системийн бүхэл болон хагас шатыг /том нь 2-р ангидаа энэд ирсэн/ дамжиж байгаа хүүхдүүдийнхээ “ачаар” нэлээд туршлага, мэдээлэлтэй болжээ. Ингээд Монголынхоосоо эрс өөр боловсролын системтэй тулгараад байгаа эцэг эхчүүддээ бага ч нэмэр болох, нэг ч гэсэн Монгол хүүхдийн маань амьдралд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэж бодоод хэдэн өдөр сууж мэдээллүүдээ нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Калифорн мужийн Сакраменто хотын хэдхэн сургуульд дээр үндэслэсэн мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөр, муж, хотод, сургууль заавал адил байх албагүйг та бүхэн юу эс андах вэ. Хамгийн гол нь ерөнхий төлвийг харуулж байгаад юм.
2 дахь хэсгийг эндхийн Монгол хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд тулгарч байдаг бэрхшээл, хүүхдүүдэд маань үзүүлж буй орчны нөлөө, үзэл бодол, хүмүүжлийн талаар хувийн бодол санаагаа бичихээр төлөвлөж байна. Зөвхөн эцэг эхчүүдийн талаас төдийгүй хүүхдүүдийн зүгээс асуудлуудыг харахыг оролдох гэсэн юм. Бид нар эндхийн Монгол хүүхдүүдийг болон өөрийн хүүхдүүддээ ингэдэггүй, тэгдэггүй гэж үглэсээр удлаа. Одоо харин хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ашигтай ямар арга зам байна вэ гэдэг талаар эцэг эхчүүд та санал бодлоо бичиж бусадтайгаа хуваалцана гэж найдаж байна. Эцэг эхчүүд бид ялангуяа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нарын үгийг сонсмоор байна.
1. Сургуулиас өмнөх боловсрол
Гэртээ
Сургуулиас өмнөх боловсрол гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд ясли, цэцэрлэг буудаг. Гэтэл үүнээс түрүүлж хүүхдийн анхны сурах танхим гэр нь, анхны багш нь эцэг эхчүүд болдог гэж энэд үздэг. Яагаад гэдгийг хүүхдийн тархи судлаач эрдэмтдийн судалгаа харуулж байна. 0-5 насанд хүүхдийн тархи хамгийн хурдтай хөгждөг бөгөөд хүний амьдралын чухал үед болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Хүүхдүүдийнхээ эрчимтэй хөгжлийн энэ үед нь эцэг эхчүүд дэмжээд өгвөл насан туршдаа номонд дуртай, сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг авчрана гэж эрдэмтэд судлаачид үздэг. Гэхдээ цагийн юм цагтаа гэнэ. Хүүхдүүдийн хөдөлгөөн, чадвар, мэдлэгийг хариуцдаг тархины хэсэг тухайн хөгжиж бойжиж бэлэн болсон тохиолдолд л хүүхэд тухайн физик хөдөлгөөн, мэдлэг чадварыг хийж сурдаг аж. Жишээ нь 2 нас гэхэд хүүхдийн нүдний хараа хөгжиж дуусна. 2-3 насанд хэлний хөгжил маш хурдацтай явагдаж үгийн баялаг нь огцом нэмэгддэг юм байна. Энэ үед хүүхдийн тархи нь дэлхийн бараг бүх үгийн аялгыг хэлэх дуудах чадвартай байдаг юм байна. Хүүхдүүд шинэ хэлийг эрт сурах тусмаа сайн гэнэ. Гэхдээ тэдэн наснаас хойш сурч чадахгүй гэсэн ойлголт байхгүй тул хүүхдүүд хэлийг хэзээ ч амархан сурах боломжтой. Харин 5 нас хүртлээ юм ярьж сураагүй хүүхэд амьдралынхаа цаашдын хугацаанд ярианы бэрхшээлтэй хүн болох магадлалтай ажээ. Хараа, сонсгол, мэдээлийг тогтоох үйл ажиллагааг хянадаг тархины хэсгүүд хөгжиж хоорондоо үр ашигтай харьцаанд ороход бэлэн болсон тэр үед л хүүхдүүд уншиж сурахад бэлэн болдог юм байна. Энэ нь цөөн тооны хүүхдүүдэд 5-аас өмнө, ихэнх хүүхдүүд 6-7 насанд бүрэн хөгжиж бэлэн болдог. Харин 8 хүрсэн хүүхэд анхан шатны унших чадвар суугаагүй байвал санаа зовоход илүүдэхгүй гэж National Institute of Mental Health байгууллагын судлаач эмч Jay Giedd бичжээ. Тэгвэл эцэг эхчүүд энэ үед нь хүүхдүүддээ юугаар тус болж болох вэ? Гадуур энэ талаар зөвлөгөөний ном, мэдээлэл зөндөө л байгаа. Харин надад Монгол ээж, аавуудад тохирч магадгүй хэдэн санаа байгаа юм. Үүнд:
- Эх хэлээрээ гэртээ хүүхэдтэйгээ ярих нь бидний зүгээс хүүхэддээ өгч байгаа хамгийн энгийн бөгөөд хялбар бэлэг юм. Англи хэл дөнгөж сурч байгаа хүүхдүүдтэй гэртээ Монгол хэлээр ярих нь дэмий л толгой эргүүлнэ гэж бодох хэрэггүй. Урьд нь ч Америкт цагаачдад хүүхдүүдээ сургуульд амжилттай байлгая гэж бодвол гэртээ хүүхдүүдтэйгээ Англиар ярь гэж зөвлөдөг байсан байна. Гэтэл одоо өөрчлөгдөж харин ч боловсролын байгууллагын зүгээс бидэнд гэртээ эх хэлээрээ ярихыг уриалах болжээ. Бага насны хүүхдүүдийн тархи 2 болон түүнээс дээш хэлээр зэрэг сонсож ойлгох чадвартай төдийгүй энэ нь тэдний хэлний хөгжилд муугаар нөлөө үзүүлдэггүй нь туршилт, судалгаагаар батлагдсан билээ. Харин ч эх хэл, соёлоо хүүхдүүддээ дамжуулаад зогсохгүй шууд л зоволтгүйгээр 2 хэл эзэмшсэн хүн болж өсөх нь глобалчлагдаж байгаа өнөөгийн ертөнцөд үеийнхтэй харьцуулбал тэдэнд давуу чадварыг өгч байна. Шинэ хэл эзэмшихийн тоолонд нэгэн өөр ертөнц хүний өмнө нээлттэй болдог билээ. Түүнчлэн нэг зүйлийг 2 янзаар нэрлэж байгааг анзаарч мэдэхийн хамт аливаа зүйл, тэмдгийг өөр өнцгөөс харах санааг багаасаа шингээгээд авдаг нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Өнгөрсөн 8 сард гарсан нэгэн судалгааны мэдээнээс сүүлийн үед айлууд унаган Англи хэлтэй хүнээс илүүтэй англи хэлээр ярьдаггүй хүмүүүсээр хүүхдээ асруулахын хамт 2 дахь хэлийг хүүхэддээ үнэгүй сургаад авдаг болж байгаа талаар уншлаа. Хэрэв Англи хэл асрагчийн унаган хэл л биш бол хүүхдүүдтэй нь Англиар ярихыг нь хориглож, зөвхөн өөрийнхөө эх хэлээрээ ярихыг шаарддаг болсон гэнэ. Учир нь хэл судлаачдын сүүлийн судалгаагаар бага насны хүүхдүүд төдийгүй, нялх хүүхдүүд тухайн хүн ярьж байгаа хэлэнд маш мэдрэмжтэй байдаг аж. Хэрэв хүүхэд унаган биш хэлтэй хүнээс аливаа хэлийг бага ч гэсэн буруу хэллэг, дуудлагатай сурвал дахин засаж сурахад маш төвөгтэй болдог гэсэн байна. Хэрэв ээж нь хүүхэдтэйгээ эх хэлээрээ дандаа ярьдаг байсан бол хүүхдийн тархи том болсон хойно нь ч гэсэн эх хэлээ сонсмогц автоматаар эх хэлнийхээ чиглэлд шилждэг аж. Jenn Berman-ийн “Super-Baby: 12 Ways To Give Your Child a Head Start in the First 3 Years” номноос татсан ишлэлд хүүхдээ 2 хэлтэй болгож өсгөхийн давуу талыг бичсэнийг дурдвал: IQ тестэд илүү өндөр оноо авдаг, асуудлыг шийдвэрлэх чадвар /problem solving skills/, хэлний болон математикийн давуу чадварууд, өөр соёлыг хүлээж авах чадвар, цаашдын амьдралдаа илүү орлоготой байдаг зэргээр бичжээ. Иймд бид гэрт гэлтгүй гадуур ч гэсэн хүүхдүүдтэйгээ Монголоор ярьж, хариултаа ч гэсэн Монголоор авахыг хичээдэг болох хэрэгтэй болж байна.
- Хүүхдээ бага наснаас нь номонд дуртай болгохын тулд ном тогтмол уншиж өгөх, юу ойлгосныг нь асууж байх нь сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болгох эхлэл гэж багш, мэргэжилтнүүд зөвлөдөг. Бага насны хүүхдэд дээр дурдсан шалтгааны улмаас Монголоор шууд орчуулан уншиж өгч зургийг нь Монголоор тайлбарлахад хүүхдүүд шууд хүлээж авдаг. Бэлтгэл, 1-р ангийн дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэд нэгэнт үг аялгуу нь жигдэрсэн тул англиар уншиж өгч болно. LeapFrog, LeapPads зэрэг электрон ном, бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн хэрэглэж болно. Нүд эрээлжилсэн олон электрон хэрэгслэл гарын дор байгаа өнөөгийн үед хүүхдүүдээ номтой найзлуулах гэдэг илүү их хүчийг шаардаж байна. Хүүхдийг номтой ойрхон байлгах боломжийг эрж хайх нь зүйтэй юм. Жишээ нь хүүхдийн гарын дор ном байлгах /машины дотор, орны хажууд гэх мэт/, насанд тохирсон сайхан номыг баяр, төрсөн өдрөөр нь бэлэглэж хэвших, уншсан номоо найз нөхөдтэйгээ солилцож уншихыг нь дэмжих гэх мэт. Хүүхдүүддээ зав гаргаад номын сангаас ном авч өгч байгаарай.
- Хүүхдүүдтэй цаг гаргаад юм ярилц. Машинд нэлээд хугацааг өнгөрөөдөг бидний хувьд сургууль, гэрийн хооронд хүүхдүүдтэйгээ ярилцах сайхан боломж олддог. Хөгжмөө унтрааж, хүүхдүүддээ асуулт тавь, үгийг нь сонс. “За юу хийв, ямар байв” гэсэн ерөнхий асуултын оронд тодорхой асуултууд, тухайлбал: хэн хэнтэй тоглосон, найрсаг тоглосон эсэх, найздаа ямар нэгэн сайн юм хийсэн, юу зурсан, ямар ном багш нь уншиж өгсөн, юуны тухай байсан, ямар ямар зүйл тавган дээр нь байсан, ямар өнгөтэй байсан гэхчилэн асууснаар хүүхдүүддээ таньж мэдэхээс гадна асуултын далимаар юм зааж сургаад өгнө. Тэдний тархины хөгжилд ч гэсэн нэмэр болно.
- Өвөө эмээ нь энд ирж хүүхдүүдийг нь харж, сургааль номоороо хүмүүжүүлдэг алтан боломж бидний ихэнх олдоггүй билээ. Гэрийнхээ ойролцоо, байрныхаа эсвэл таньдаг хөгшчүүлтэй гэр бүлээрээ найз нөхөд болох боломжийг бүү алдаарай. Тэд маш их ухаан, мэдлэг, туршлагаа хүүхдүүдэд тань төдийгүй та нар уруу харамгүй өгөх болно.
Прискүүл /preschool/
Сургуулиас өмнөх боловсрол хүүхдийн амьдралд маш эерэг нөлөө үзүүлдэг нь прискүүлд хамрагдсан 1000 гаруй хүүхдийг том болтол нь буюу 25 жилийн турш нэг районд төрж өссөн бөгөөд прискүүлд хамрагдаагүй бусад хүүүхдүүдийн амьдралтай харьцуулж ажиглаж, судалсан Чикаго хотод хийгдсэн томоохон судалгаа харуулсан билээ. Прискүүлд хүүхдүүдийг тоглоомын аргаар сургаж, оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлнэ. Ерөнхийдөө дараахь зүйлсийг хүүхдүүдэд сургаж эзэмшүүлж сургуульд бэлтгэдэг. Үүнд:
- Нийгмийн харилцаанд суралцах эхний алхмыг эзэмшүүүлнэ. Хүүхдийг ээж аав нь прискүүлд явуулахгүйгээр гэртээ өчнөөн мундаг үсэг зааж, тоо тоолуулж сургаад бэлтгэл ангид орууллаа ч олон хүүхдүүдтэй харилцах чадвар эзэмшээгүй тулд энэ талаараа бусад хүүхдүүдээс хоцрох болно. Байрныхаа хүүхдүүдтэй тоглодог байсан ч гэсэн прискүүлд сурдаг багшийнхаа анхаарлыг бусад хүүхдүүдтэй хуваалцаж татах, бусад хүүхдүүдтэй таарамжтай байх, тойрог цагаар /circle time- хүүхдүүд тойрч суугаад саналаараа гарсан ангийнхаа хүүхдүүдийн ярих зүйлийг сонсох, асуулт тавих / санал бодлоо бусадтай хуваалцах, дүрэм тодорхой цаг хуваарьт захирагдаж сурдгийг гүйцэхгүй билээ.
- Сэтгэл зүйн хувьд томоохон дэвшилд хүрдэг. Прискүүлд явсан хүүхдүүд бие даасан хүн болсон гэдгээ бэлтгэл ангид орсон өдрөө аав ээжээсээ салахгүй уйлж тэврэлгүйгээр баяртай гэж хэлээд анги уруугаа ордгоор харуулдаг.
- Биеэрээ хийх олон зүйлд суралцана. Хэрэгцээтэй үед жорлонд орох, гар шүдээ угаах, куртикаа өмсөх, идэж уусан зүйлээ хураах зэрэг биеийн “хөдөлмөрийг” төвөггүй хийдэг болдог. Түүнчлэн хайчлах, наах, зурахааас өгсүүлээд тоглоом, паззле эвлүүлэх зэрэг нь тэдний гарыг сургуульд бэлтгэдэг.
- Оюун ухааны хувьд хөгжинө. Өөрийн нэр, үсэгнүүд, тоог төвөггүй таньдаг, аливаа зүйлийн дэс дараалал /patterns/, ижил аялгатай төгсдөг үгсийг /rhyme/ таньж мэддэг, хэмжээ, байршлын талаар ойлголттой болж төгсдөг.
- Хүүхдүүдийн маань англи хэл маш сайжирч сургуульд ороход бэлэн болсон байна.
Хэрэв та ажил хийдэг болон сургуульд явдаг бөгөөд орлогын болон бичиг баримтын нөхцөлийг хангаж байвал бүтэн болон хагас өдрөөр 0-13 насны хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх /day care/, прискүүлд өгч төлбөрийг нь улсаас төлүүлэх боломжтой байдаг. Дээр нь зарим коммунитигийн коллежуудын дэргэд /Campus Child Care/ болон adult school-ийн дэргэд хүүхэдтэй оюутнуудад зориулсан цэцэрлэг ажилладгийг бас мартаж болохгүй. Мөн хэрэв гэр бүлийн оролгын нөхцөлийг хангаж байвал улсаас /Head Start/ болон Калифорн мужаас /State Preschool Program/ санхүүждэг сургуулиас өмнөх боловсролын программд /preschool/ 3-5 насны хүүхдээ үнэгүй хамруулах боломжтой. Прискүүлд хүүхдээ оруулахад дээрхээс арай хялбар, орлогын баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн баталгаа зэрэг бичиг баримтаар бүртгэнэ. Аль ч нөхцөлд хүүхдээ Child Action Inc байгууллагын Centralized Eligibility List /CEL/-д бүртгүүлэх ёстой. Үүний тулд тухай орох гэж байгаа цэцэрлэгийнхээ бүртгэлээр дамжуулан /бүртгэл хариуцсан хүн нь бүртгүүлж өгнө/ эсвэл өөрөө интернет /Сактогийнх www.sacramento.thecel.net, бусад коунтигийн линк нь http://www.childaction.org/theceldotnet/links.asp / утас, биеэр очиж бүртгүүлж болно. Ингэснээр тус байгууллагын жагсаалтанд байгаа сургалтнуудаас нөхцөл шаардлагыг нь хангасан программд хүүхдийг үнэгүй эсвэл хямд үнээр хамруулах боломж нээлттэй болох юм.
Прискүүлд хүүхдээ өгөхдөө анхаарах зүйлс:
Хүүхдүүд прискүүлд өдөрт 3-4 цагт хангалттай мэдлэгийг олж авж чадна. Ээжүүд бид аргагүй амьдралын шалтгаанаар хүүхдүүдээ аль болох олон цагаар үнэгүй цэцэрлэг /day care/, прискүүлд өгөөд ажил хийж хэдэн юм олохыг боддог. Гэтэл олон цагаар хүүхдүүдээ ямар газар, ямар хүүхдүүддээ цуг байлгаж байгаагаа сайн бодох хэрэгтэй юм билээ. Би өөрөө эхний үед дунд хүүгээ олон цагаар л сурч байвал сайн гэж бодоод 2 өөр цэцэрлэгт 4, 4 цагаар өгч зөөдөг байсан билээ. Гэтэл улсын болон мужаас санхүүждэг прискүүлүүдийн сургалтын орчин, материал, хангамж сайтай ч явдаг зарим районы прискүүлийн ихэнх хүүхдүүдийн гэр орчны байдал, хүмүүжил тийм ч сайнгүй байх нь бий. Хэдийгээр мэдлэг боловсрол сайтай багш сургагч нартай ч тиймэрхүү хүүхдүүд дунд бүтэн өдрийг өнгөрөөх нь тийм ухаалаг хэрэг биш болохыг хүүхэд дээрээ харсан билээ. Дашрамд нь нэгэн судалгааны дүнг та бүхэнд хүргэе. Өнгөрсөн жил Early Child Care Research Network байгууллагаас улсын санхүүжилтээр 15 жилийн турш хийсэн судалгааны дүн “Child Development” сэтгүүлд хэвлэгдсэнээр олны анхаарлыг их татсан билээ. Уг судалгааны дүнгээр өдөрт олон цагийг цэцэрлэгт өнгөрөөсөн эндхийн хүүхдүүд 15 насандаа бага насандаа гэртээ олон цагийг өнгөрөөсөн хүүхдүүдийг бодвол илүүтэй түргэн зантай, эрсдэлтэй зүйл хийх зантай байдаг гэж гарчээ. Энэхүү судалгааны удирдагч Deborah Lowe Vandell-ийн үзэж байгаагаар маш жижиг зан төрхийн өөрчлөлт нь тухайн хүүхдийн амьдралыг өөрчлөх нөлөөлөл болохгүй ч зан төрх нь төлөвшихөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь зайлшгүй юм гэсэн байна. Цэцэрлэгт өнгөрүүлж байсан цагийн хэмжээ их байх тусам тухайн хүүхэд сургуульд орсон хойноо илүүтэй догшин, үгэнд орохгүй байдаг гэж гарчээ Гэхдээ мэдээж цөөн тооны хүүхдүүдтэй, багш, сургалт сайтай, “good quality” буюу чанартай цэцэрлэгүүдэд хүмүүжсэн хүүхдүүд энэхүү судалгааны дүнд хамаарахгүй. Тэд нийтдээ 60 хувь нь доогуур болон дунд зэргийн чанартай цэцэрлэгт, 16 хувь нь өндөр чанартай гэж үнэлэгдсэн 1364 хүүхдүүдэд ажиглалт судалгаа явуулсан аж. Эхийг нь уншихыг хүсвэл http://www.healthkey.com/a-z/reproductive/sns-health-kids-daycare,0,3796936.story энэ линкээр орж хараарай.
2. Ерөнхий боловсролын улсын сургууль
Ерөнхий боловсролын сургалт Kindengarden буюу бэлтгэл ангиар эхэлнэ. Анх элсэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ. Ихэнх бэлтгэл ангийн хичээл 3-4 цаг орчим үргэжилдэг бол зарим сургуулиуд бүтэн цагийн буюу бусад ангиудтай адил хуваариар хичээлдэг бэлтгэл ангитай байдаг. Энэ цөөхөн цагт сургуулиуд бэлтгэх тухайлбал үсэг, өнгө, дүрс нүдлүүлэх, нэрээ бичдэг болгох, өргөн хэрэглээний богино үгнүүдийг сурах зэргийг заахаас гадна сургуульд дуртай болгох, цэцэрлэгээс сургууль уруу шилжих энэхүү том алхмыг нь аятайхан байлгах үүднээс цэцэрлэгийг санагдуулах snack time буюу хоолны цаг, завсарлага, ганцаарчилсан болон групп төрөл бүрийн ажиллагаанууд программд нь албан ёсоор багтсан байдаг билээ.
Бага сургуульд хувьд Монголынхоос өөр нь хүүхдийн багш нар жил бүр солигддог. Сургуулиуд хичээл эхэлсний дараахан open house буюу нээлттэй өдөр, “back to school night” хийдэг ба үүнд эцэг эхчүүд заавал очиж байгаарай. Үүгээр та сургууль, анги болон багштай нь танилцаж хичээлийн чухал өдрүүд буюу прожект, даалгаврын эцсийн хугацаануудын талаар мэдэж авах, элдэв хандив, фийлд аяллын мэдээллийг энэ үед тараадаг. Мөн сургууль, ангид туслах хүмүүс туслах өдөр, цагаа хуваарь дээр нь бичиж үлдээнэ. Улирлын амралт болоод хичээлдээ орж ирсэний дараахан эцэг эхчүүдээр өөрсдөөр нь цаг сонгуулж Parents Teachers Conference буюу багш нэг хүүхдийн эцэг эхтэй нь ганцаарчилж уулзалтыг хийдэг. Энэ үед хүүхдүүдийнхээ дүнтэй нь аль хэдийн танилцсан байдаг тул хүүхдийнхээ талаар санаа зовж байгаа болон ямар чиглэлээр хүүхэдтэй нь ажиллавал зохихыг багшид нь хэлж ярьдаг.
Бага, дунд сургуулиа төгсөх ангийн сурагчид төгсөх жилийнхээ өвөл нь орох сургуулиа сонгож, хавар нь бүртгүүлж авах хичээлийнхээ саналуудыг өгнө. Дунд, ахлах сургуулиудад хүүхдүүд сонгосон эсвэл хуваарилсан хичээлээсээ хамаараад хичээл бүр дээр өөр өөр хүүхдүүдтэй хичээллэнэ. Өөрөөр хэлбэл ангийн хүүхэд гэсэн ойлголт байхгүй тэр хичээлийг цуг авдаг хүүхэд гэж ярьдаг. Харин хичээлийн жилийн эхэнд хуваарилагдсан 6 төрлийн хичээлээ яг адил дэс дарааллаар өдөр бүр үзнэ. Монголынх шиг өдөр бүр өөр өөр хичээл ордоггүй гэсэн үг. Харин дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд Enrollment day буюу элсэлтийн өдрийг хичээл эхлэхээс өмнө зохион байгуулдаг. Үүнд хүүхдүүд эцэг эхийн хамтаар очиж хичээлийн хуваарь, номоо авах, хандив төлбөрүүдээ төлөх, спортын хувцсаа худалдаж авдаг. Сургуулиас явуулсан Enrollment packet дахь имэржинси картууд, бусад хуудсуудыг бөглөж хураалгана. Харин дунд, ахлах сургуулийн “back to school night” нь их өвөрмөц болдог. 10, 10 минутаар яг хүүхдийнхээ хичээлийн хуваарийн дэс дарааллаар бүх хичээлийн багшийнх нь хуралд суудаг. 10 минут болоод л хонх дуугараад дараагийн анги уруу нь явна. Багш нар нь товч тодорхой хичээлийнхээ ерөнхийг, тавих шаардлага, зарим прожектийн сүүлийн хугацаа зэргийг эцэг эхчүүдэд танилцуулна. 1, 2 минут багш нартай нь тусгайлан уулзаж болно.
Эцэг эхчүүдэд зориулсан тусгай вэб сайтаар нэр, нууц үгээ хийж ороод хүүхдийнхээ сурах явцыг тухайлбал гэрийн даалгавраа цагт нь өгсөн эсэх, тестүүд дээр ямар ямар оноо авсан, хичээлээ тасласан, хоцорсон эсэх, одоогооро ямар дүнтэй гарахаар байгаа, багшийн зүгээс тэмдэглэгээ байгаа эсэхийг харж, хэвлэж авч болно. Багш нар мэдээллийг байнга шинэчилж байдаг. Түүнчлэн сургууль бүр, дунд, ахлах ангийн багш нар бүр өөрийн вэб сайтай бөгөөд ихэнх багш нар сайт дээрээ хичээлийн хөтөлбөр, өдөр бүрийн гэрийн даалгаврыг тавьсан байдаг. Хэрэв хүүхэд өвчтэй хичээлдээ очоогүй болон гэрийн даалгавраа тэмдэглэж авахаа мартсан бол багшийнхаа сайт уруу ороод мэдээд авах жишээтэй. Нэг улирал дуусмагц хүүхдийн дүнг /report card/ шуудангаар гэрт ирүүлнэ.
Гэрийн даалгаврын хэмжээний хувьд сургууль бүр, багш бүр өөр өөрийн бодлоготой. Миний бодлоор гэрийн даалгавар нь хүүхдийн сурлагын үзүүлэлтэнд шууд нөлөөлдөг. Дараахь зөвлөгөөг харна уу.
- Гэрийн даалгавраа хийж, хичээлээ давтах чимээ шуугийн багатай байр, тохитой ширээ, сандал гаргаж өгөх
- Мэдэхгүй, ойлгоогүй хичээл, сэдэв дээр нь тусалж байх . Эсвэл www.khanacademy.org зэрэг сайтуудаас бараг олон төрлийн хичээлээр, сэдвээр үнэгүй онлайн видео хичээл заалгаад авах боложтой юм билээ.
- Бага насны хүүхдүүд гэрийн даалгавраа ойлгохгүй бол яаж хийх ёстойг нь бичсэн хэсгийг нь өөрөөр нь чангаар уншуул. Тэгээд яаж хийх талаар юу гэж олгосноо өөрийнх үгээр хэлүүл.
- Даалгаврын хэцүүгээс нь эхэлж хийлгэх нь зүгээр. Анхаарал нь арай сайн тогтвортой байх үе нь юм.
- Хэрэв танай хүүхэд чинь манай том хүү шиг гэрийн даалгавраа заавал сүүлийн өдөр нь, эцсийн минутанд нь тулгаж хийдэг бол дараахь зөвлөгөөг туршаад үзээрэй. Гэрийн даалгавраа өдөрт тогтмол цагт хийлгэж сургах. Эхний үед өөрөө хажууд нь суувал босч явах гээд байхгүй болно. Хэрэв хүүхэд чинь тогтмол цагт ширээний ард суухгүй байвал сэрүүлэг тавиарай. Хүүхэд тань төдийгүй та ч гэсэн мартахгүй байх болно.
- Анги ахих тутам гэрийн даалгаврын хийх хугацаа нэмэгдэх болно. ТВ, компьютерээр үргэлж эрээлжилсэн, хөдөлгөөнт дүрс зураг байнга үзэж байдаг өнөөгийн хүүхдүүдийг анхаарлыг төлөврүүлэн ширээний ард тогтвортой сууж сургах нь ямагт том асуудал болдог билээ. Тэднийн анхаарлыг төвлөрүүлэх “хүч” хэрэглэх, залхахаас нь сэргийлэх, эерэг түлхэц өгөх гээд чадварууд шаардагдана. Монголд төрж, бага насаа өнгөрөөсөн хүүхдүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багш нарын чанга хүмүүжлийн ачаар тэдэнд багаас нь хэвшүүлсэн байдаг нь хүүхдүүд дээр харагддаг юм билээ.
- Коммунитигийн сервис даалгаврыг хэрэв танай хүүхэд тань энэ чиглэлд өөрийн гэсэн бодол байгаа бол тэр газар нь сервис хийлгээрэй. Жишээ нь хөгшчүүлийн газар, байранд хөгшин хүмүүстэй тоглох, ярилцах, эмнэлэгт өвчтэй хүүхдүүдийг эргэж очих тоглуулах, саатуулах, ан амьтныг асарч арчлах гээд төслүүд байж болно. Үгүй бол буулгаж авахад амрыг бодож гэрийн ойролцоох номын сан, бага сургууль зэрэгт туслаж болох юм. Мөн хүүхдээс нь өөрөөс нь саналыг асуу. Зарим хүүхэд найз нартайгаа цуг хийх сонирхолтой байдаг.
- Сургуульд сэтгэлгээний зүйл бараг хийж байгаагүй миний хувьд номын репорт, ямар нэг сэдвээр прожект /project/ хийх даалгаврууд цоо шинэ зүйл байсан. Бага, заримдаа дунд сургуулийн хүүхдүүдэд эдгээр даалгаврыг хийж гүйцэтгэхэд хэрхэн хийх санаа /idea/ гаргах, сэдвээ сонгох, хэрэгцээт хэрэгслэлийг худалдаж авах зэрэгт эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Жишээ нь шинжлэх ухааны прожестийг ямар сэдвээр хийх талаар эхлээд сонгох хэрэгтэй болно. Бага ангийн хүүхдэд ногоо ургамал хэрхэн үрсэлж байгааг өдөр, өдрөөр харж, тэмдэглэл хөтлөх гэх мэт ойлгоход амар, гарын дор зүйлээр хийх сэдвийг сонгох нь зүгээр. Том хүүхдүүдийн хувьд прожект, репорт хийх даалгавраа авмагц юуны түрүүнд эхлэхээс дуусгах хүртлэх хугацааг хуваасан хуваарийг /судалгаа хийх, эхний драфт гаргах, сүүлийн хувилбарыг хэвлэх гэх мэт/ календер дээр нь тэмдэглүүл. Хуваарийн дагуу хүүхдүүдийг гүйцэтгэж байгаа эсэхэд хааяа хяналт тавихад илүүдэхгүй.
Ерөнхий боловсролын сургуульд анхаарах зүйл:
1. Хичээлийн өдрүүдээр ямар нэгэн юм бүү төлөвлө. Монголынх шиг сургуульд нь шалтгаан хэлээд болоо гэж бүү бодоорой. Хүүхдийн ирцийг хичээл эхэлмэгц л багш бүртгэж, энэ нь сургууль дистриктын компюьтер дэх мэдээлэл үрүү ордог. Хэрэв хоцорч очвол заавал сургуулийн оффисоор очиж бүртгүүлдэг нь сургуулийн захиргаа тухайн хүүхдийг хичээлдээ ирээгүй гэсэн мэдээллийг засч хоцорч ирснээр дистриктийн мэдээллийн сан уруу дахиж бичилт хийдэг гэсэн үг. Би сургуулийн attendance line-уруу нэг шалтаг хэлж утастаад хүүхдүүдээ 7 хоногоор хичээлийг таслуулж авч явснаас болж хэрэгт орох шахсан билээ. Учир нь сургуулийн дүрэм болон хуулийн дагуу зөвхөн хүүхэд өөрөө өвчтэй болон гэр бүлийн имэржинси үед л 1-ээс дээш хоногоор хичээлдээ ирэхгүй байхыг зөвшөөрдөг юм билээ. 5 хоногоос дээш өвчтэй бол заавал эмчийн бичиг хэрэгтэй зэргийг сургуулийн дүрэмд бичсэн байдаг аж. Гэр бүлийн имэржинси гэдэгт аялал зугаалга, ойрын ч байсан төрөл садны хурим найр, өвчин зовлон орддоггүй бөгөөд миний шалтаг гэр бүлийн имэржинси нөхцөлийг хангаагүй тул сургуулийн дистриктээс 3 нь ч захиа /3-аас дээш хоногоор хичээлдээ ирээгүй хүүхдийн гэр анхны захиа автоматаар илгээгддэг, танай хүүхэд чинь сургуульд тэдний өдрүүдэд бүртгэгдээгүй байна, яаралтай утастаж шалтгааныг тайлбарла гэсэн утатай, дараа нь хэрэв шалтгаан нь хүндэтгэж үзэхээргүй эсвэл шалтгаанаа тайбарлаж сургуультай учраа олуулж тасалсан мэдээллийн сангаас хасуулаагүй бол 2 дахь, 3 дахь захиануудыг авоматаар илгээдэг, 3 дахь захиагаа аваад учрыг нь олоогүй бол дараа нь над шиг сургуулийн дистриктын захиргаа, цагдаа, мужийн ажилтнууд зэрэг хүмүүс оролцож хүүхдээ хичээлийг нь таслуулбал бүх нийтээр заавал ерөнхий боловсролтой байх хуулийг зөрчсөн хэрэг болох, торгууль, эцэг эхийн хичээл, хуулийн шийтгэл хүртэл хүлээх болно гэдгийг эцэг эхчүүд нь сануулсан хуралд суух хэрэгтэй болно. Тэгээд ч анги ахих тутам хичээл хүндэрдэг тул хичээл, түүний дотор тест, лаб зэргээс хоцруулахгүй тулд аль болохоор нэг ч гэсэн өдрийн хичээлийг орхигдуулахгүй байвал сайн юм билээ. Хичээл тасарсан тохиолдолд гэрийн даалгавраа яаж ийгээд хийгээд очлоо ч тест, лаб-ыг тусгайлан хүүхэд чинь зориулж дахиж хийнэ гэдэг нилээд төвөгтэй байдаг.
2. Хүүхэд хичээлдээ хоцорч эхэлж байгааг эртхэн мэдэж туславал бүр муудахаас нь өмнө сэргийлж чадна. Хүүхдийн хичээлээсээ хоцорч эхэлж байгаагийн шинжүүдийг Parents сэтгүүлд бичсэнээр:
- Хичээл, тестэнд муу дүн авч эхлэх
- Өөрөө хичнээн хичээж зүтгэсэн ч дүн нь сайжрахгүй байх
- Гэрийн даалгавраа хийхгүй асуудал үүсгэх. Гэрийн даалгавраа мартах, хийхгүй бултах зэрэг нь тухайн хичээлдээ хоцорч эхэлж байгаа шинж байж боолх юм
- Сурах сонирхол нь буурсан байх. “Би тэнэг юм чинь, ийм юмыг би ч хэзээ ч ойлгохгүй” зэргээр өөртөө итгэлгүй болсон байх
- Тест авахад сандарч тэвдэх
- Гэртээ болон ангидаа сахилгуутах
Иймэрхүү шинж тэмдэг эхэлмэгц шууд загнаж хатуу арга хэмжээ авснаас илүүтэй яагаад тэгж байгаа, хүүхэд тань үүндээс санаа зовж байгаа эсэх, сайжруулах бодолтой байгаа эсэхийг нь асуулт тавихаар мэдэж ойлгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж бичжээ. Мөн багш нартай уулзаж ямар сэдвийг ойлгохгүй байгаа болон хичээлдээ хандах хандлага ямар байгааг олж мэдэж болно. сайн талыг олж харж сайшаах, үүн дээрээ дөрөөлж цааш ахиулах ёстой гэнэ. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, хичээлд сайжрах магадлалтай гэжээ. Манай хүүд тохиолдсон нэг шалтгаан бол доогуур сургалттай өөр сургуулиас шилжиж ирснийхээ дараа хичээлээ гүйцэтлээ дүн нь муудсан, дээр нь найз нөхөдтэй болоогүй байдаг зэрэг нь нөлөөлдөг юм байна лээ. Ийм тохиолдолд тэдэнд жаахан хугацаа өгч тэсвэртэй хүлээхэд зүгээр байх.
3. Гэр бүл нь сургалтанд нь идэвхтэй оролцдог хүүхдүүд хичээлдээ илүү сайн суралцдаг, цаашдын амьдралдаа илүү амжилт гаргадаг нь батлагдсан зүйл билээ. Нөгөө талаас энэд ямар ч шатны сургуульд хүүхдээ орууллаа ч Монголд байдаг шигээ хүүхдүүдийн боловсролыг сургуульд, багшид нь даатгаад орхиж болохгүй. Тэдний боловсролд идэвхтэй оролцох, багш нартай нь сайн харьцаатай байх нь маш чухал гэдгийг эндхийн эцэг эхчүүд андахгүй. Энэ нь боломжтой өдрүүд, цагаар хүүхдийнхээ ангид туслах /volunteer/, ангийн хэрэгцээтэй хичээлийн хэрэгслээр хандив өгөх, PTA буюу багш, эцэг эхчүүдийн холбоо болон сургуулийн бусад байгуулагын үйл ажиллагаанд боломжоороо туслах /хандив цуглуулах үйл ажиллагаанууд оролцох, элдэв хандив өгөхөд оролцох гэх мэт/ зэргээс эхэлнэ. Сургууль дээр юу болж байгаа болон юу болох гэж байгаа мэдээллийг сургуулийн онлайн сонин болон багш нар, PTA имэйлэн сүлжээнд бүртгүүлснээр имэйлээр хүлээж авдаг болоорой. Эдгээр зараас томоохон үйл ажиллагааг зохион байгуулах, аялал энэ тэрээд жолооч хийх, зарах борлуулах хоол унд, нарийн боов хийх гэхчилэн томоохон зүйлийг амжуулж чадахгүй бол ядаж 7 хоногт нэг ч гэсэн цаг гаргаад сургууль дээр ангид нь /бага ангийн хувьд/ багшид нь туслах ажлууд түүний дотор: ном өрж тавихаас өгсүүлээд, гэрийн даалгавар шалгах, элдэв сургалтын материал хувилах, ламинатлах, хайчилж бэлтгэх гээд жижиг шажиг ажлуудаас нугалж болно. Эдгээр эцэг эхчүүдийн оролцоо, нээлттэй байдал, дэмжлэг туслалцаа нь багшид илүү сайн ажиллах бололцоог өгөхөөс гадна хүүхдийг нь сургаж тусалж байгаад багш, сургуулийн ажилтнууд нь баярласан талархсанаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ялангуяа улс, мужийн санхүү муудаж, сургуулиудын санхүүжилтыг маш ихээр хасч байгаа, урлаг, уран сайхны зэрэг зарим программуудыг зогсоосон, бүх шатны сургулиудын нэг анги дахь хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа, багшийн туслахуудын орон тоог хасч байгаа зэрэг өнөөгийн хүндрэлтэй үед эцэг эхчүүдийн тус, оролцоог багш, сургуулийн ажилтнуудад маш сайнаар хүлээж авч байна.
Америк дахь Монгол эцэг эхчүүд бид хүүхдээ өндөр мэдлэг, боловсролтой хүн болно гэж найдаж хүлээдэг. Үүний тулд бидний зүгээс хүүхэддээ өсөх, сурах, хөгжих хамгийн боломжит нөхцөлийг өөрсдийнхөө хэрээр бүрдүүлж өгөх явдал билээ. Үүнд хамгийн түрүүнд хүүхдээ сайн сургуульд оруулах, дээр нь хэрэв хүүхэд чинь чадварлаг бол боломжоороо тусгай программуудад хамруулах хэрэгтэй юм. Хүүхэдтэй айлууд орон байрны байршлаа шийдвэрлэхдээ нэг номёрт сайн сургуультай районыг хайдаг нь учиртай. Хүүхдийн сургуулийг ойр ойрхон солих, холоос зөөх асуудал гаргахгүйн тул эхнээсээ сургуулиа сонгоод дараа нь байраа шийдвэрлэж байгаа хэрэг юм. Америкийн ерөнхий боловсролын системийн чанарын талаар их яриа гардаг. Учир нь эндхийн сургуулийн хүүхдүүд олон улсын тестүүдэд сүүлийн хагаст давхидаг, жилд 7 мянга орчим хүүхдүүд сургуулиа хаядаг, сургуулийн чанарыг тодорхойлсон улсын тестүүдэд хуурсан хэрүүл шуугиан тасардаггүй гээд. Хувийн сургуулиуд дээр байдал өөр байх. Цөөхөн тооны сурагчидтай, багш нар нэг бүрчилэн хүүхдүүдтэй харилцах боломжтой, санхүүгийн чадвар сайтай зэргээс хамаарч сургалт нь чанартай байдаг гэж бодож байна. Гэвч биднээс хэд нь хувийн сургуулийн төлбөрийг төлж чадах билээ. Гэхдээ улсын нь ч бай хайж байгаад хүүхдээ сайн сургуульд оруулаад, дээр нь хүүхэд нь ч хичээгээд явбал Америкийн Монголчуудын 2 дахь үе болсон үр хүүхдүүд маань амжилтанд хүрч чадна гэдэгт итгэдэг нэгэн. Монгол хүүхдүүд маань эхнээсээ ч харуулж эхлээд байна.
Сайн сургууль олохын тулд юуны түрүүнд улсын болон мужийн сургуулиудыг үнэлсэн үнэлгээ бүхий сайтуудаас эхлэх нь зөв билээ. Миний өөрөө хэрэглэдэг сайт бол www.greatschools.org билээ. Уг сайтад тухайн хаяг, хотоор нь бүх шатны сургуулиудыг харьцуулан харах боломжийг олгодог. Тухайн сургуулийн уг сайтаас өгсөн үнэлгээ /1-10/, улс, мужийн тестүүдэд үзүүлсэн оноо, нэг багшид ноогдох сурагчдын тоо, багш нарын боловсрол туршлага, сурагчдын арьс үндэс, үнэгүй хоол иддэг хүүхдүүд болон 2 дахь хэл-Англи хэл суралцаж байгаа хүүхдүүдийн тоон харьцаа зэргийг харж болно. Мөн дээр нь эцэг эхчүүдийн санал шүүмжийг унших боломжтой. Хэрэв та хүүхдийнхээ сургуульд сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд танайх одоо байгаа газраасаа нүүх боломжгүй бол өөрийн харьяа сургуулийн дистриктын сургуулиудын дотроос сонгож хүүхдээ оруулж болох юм. Ихэнх нь хотод нүүлгүйгээр дистрект дотроо сургууль солихыг зөвшөөрдөг гэж бодож байна.
Сайн сургуулийн шинжүүдэд:
- Сурагчид нь улс, мужийн албан ёсны тестүүдэд гайгүй оноо авдаг
- Чадварлаг сурагчдад зориулсан тусгай программтай
- Урлаг, хөгжим, жүжиг, сэтгүүл зүй зэрэг тусгай программуудтай.
- Прожест дээр үндэслэж шинэ мэдлэгийг олгодог /project based learning/
- Чанартай сайн гэрийн даалгавар өгдөг
- Коммунити сервис заавал хийлгэдэг
- 2 дахь гадаад хэлийг сургадаг программтай
- Сургалтандаа техник технологи ашигладаг
- Багш өөрийн гаргасан тестээр хүүхдүүдийн сурсан зүйлийг байнга шалгаж байдаг
- Арьс үндэсний холимог байдал /дан нэг үндэстэн давамгайлаагүй байх/
- Эцэг эхчүүдийн байгууллага идэвхтэй ажилладаг
- Ирээдүйдээ итгэлтэй, коллеж уруу чиглэлтэй хүүхдүүд олонх нь сурдаг зэрэг орох болов уу.
Хэрэв хүүхэд сурлага сайтай бол сургуулийн дистриктын дэргэдэх чадварлаг сурагчдад зориулсан тусгай программыг нь сонирхоорой. Жилийн эцсийн болон тестийн дүнд үндэслэн тусгай программд орох боломжтой хүүхдүүдэд захиа ирүүлдэг. Жишээ нь Сактогийн San Juan School District-эд 2 сургуульд Rapid Learner /үгчилбэл хурдан сурагч гэх юмуу даа/, нэг бага /саяхан шинээр/ нэг дунд, нэг ахлах сургууль IB /International Baccalaureate буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ/ гэсэн тусгай программтай ангитай байна. Эсвэл өөрийн районы дистриктын тусгай программ байгаа эсэхийг сонирхож, хэрэв байгаа бол өргөдөл бөглөөд үзээрэй.
Сургуулиудаас гадна зарим чиглэлээр нарийвчилсан сургалт явуулдаг, эсвэл бага орлоготой, үндэстний цөөнхид дэмжлэг үзүүлдэг зарим тусгай программуудын талаар дурдвал:
- Sac State/U.C Davis MESA /The Mathematics, Engineering, Science Achievement / Center. Энэ төв нь сургалт сайнгүй сургуульд суралцдаг хүүхдүүдийг /educationally disadvantaged students/ STEM (Science Technology Engineering Mathematics) буюу шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн мэргэжлийг идэвхтэй сонирхдог болгоход чиглэсэн сургалт, математикийн тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг явуулдаг. Сакраметогийн нэлээд хэд хэдэн сургуультай хамтарч ажилладаг. Хэрэв хүүхэд тань чиглэлийг сонирхдог бөгөөд сургалт нь хангалтгүй санагдаж байвал бол эдний программд хамрагдах хүсэлтээ гаргаж болно. Сайтаар нь орж /www.csus.edu/mesa/ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
- Stanford University- дэргэдэх The Medical Youth Science Program. Энэхүү нэр хүнд бүхий сургуулийн энэ программд хойд Калифорний ахлах сургуулийн 10, 11-р ангид суралцдаг, бага орлоготой, үндэсний цөөнх коммунитигийн гаралтай эрүүл мэндийн чиглэрээр цаашид суралцах сонирхолтой хүүхдүүд өргөдөл бөглөж хамрагдах боломжтой юм байна. Программын талаар болон, сургалтанд хамрагдагсдад тавигдах нөхцөл, өргөдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн www.smysp.stanford.edu сайтаар олж үзээрэй.
- U.C Davis, Irvine, San Diego, Santa Cruz-ийн дэргэдэх COSMOS /California State Summer School for Mathematics and Science/ буюу ахлах ангийн сурагчдад зориулсан математик, био технологи, инженер зэрэг шинжлэх ухааны чиглэрээр сургалт явуулдаг зуны программ. Зарим мэргэжлийн программ нь зарим шатны хичээлийг үзсэн байхыг шаарддаг юм байна. Энэ жилийн сургалтын үнэ нь 2675 доллар байна. Тодорхой нөхцөлийг хангасан хүүхэд санхүүгийн туслалцаа авах бололцоотой юм байна.
- Мөн U.C Davis дээр жил бүр болдог Math Fest-ийг хүүхдүүдтэйгээ очиж сонирхоход зүгээр гэсэн. Үнэгүй бөгөөд тодорхой нэг сэдвээр нэртэй хүмүүс сонирхолтой лекцийг уншдаг аж. Өөр сургуулиуд дээр болдог эсэхийг шалгана биз.
- Жүжиг, зохиол бичих сонирхолтой хүүхдүүд U.C Davis сургуулийн Area3 төслөөс /http://education.ucdavis.edu/area-3-writing-project/ явуулдаг арга хэмжээнүүд, түүний дотор эхлэн бичигч нарт зориулсан үнэгүй сургалт семинар, залуу бичигч нарын камп /Youth Writing Camp/ зохион байгуулагддаг аж. Мөн түүнчлэн California Poets in the School /www.cpits.org/, Sacramento Poetry Center /www.sactopoetrycenter.org/, сурагчдад зориулсан сургалт семинар, номоо хэвлүүлсэн зохиолч нараас зөвлөгөө авах болон тэтгэлэг авах болоцоо олгодог Capitol City Young Writers байгуулага /www.capitolcityyoungwriters.com/, Sacramento Suburban Writers /www.sactowriters.synthasite.com/ байгууллагын сайтууд орж мэдээлэл сонирхоорой. Өөр хотын хүүхдүүдийн хувьд дээрхийн жишээ маягар хайлт хийвэл зөндөө байгууллагын сайтууд олдоно гэдэгт итгэлтэй байна. Юм бичихийг хүсдэг хүүхдүүдэд гол нь ном их унших, бие биеийнхээ бичсэн зүйлийг уншиж, зөвлөж шүүмжилдэг групп байгуулах зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ.
- Intel Talent Search /www.intel.com/about/corporateresponsibility/education/sts/index.htm/ гэдэг нэр хүн бүхий тэмцээний талаар та бүхэн сонссон байх. Жил бүр 1600 гаруй ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад математик, шинжлэх ухааны чиглэлийн төслөөрөө өрсөлддөг. Ялагч нь 100 мянган доллар хүртэлх тэтгэлэг хождог билээ.
American Mensa байгууллагын чадварлаг /gifted/ хүүхдийн мэргэжилтэн Lisa Van Gemert-ийн бичсэн гоц авьяастай хүүхдүүдийн ерөнхий шинж тэмдгийг дурдвал:
Том хүний хэмжээний ухаалаг ярианы чадвартай
Зарим төрлийн сэдвээр гүнзгий мэдлэгтэй
Нийгмийн /талаар/ сайн ойлгоцтой
Хүн инээлгэх чадвартай /Sense of humor/
Ой тогтооц сайтай
Тухайн сэдвээр бүрэн ойлгоцтойгоо харуулсан ухаалаг асуултууд тавьдаг
Тухайн үүрэг даалгаврыг хэцүү ч байсан дуусгадаг
Биеэ даасан
Хүрэх зорилго чиглэлээ сайн баримталдаг
Улам их зүйлийг сурч байдаг
Сайн харвал кино дээр гардаг гоц авьяастай хүүхдүүдийн дүр зураг бууж ирж байгаа биз.
Танай хүүхдэд дээрх шинж чанар илэрч байгаа бол Mensa байгууллагын IQ тестийг өгч шалгуулах, чадварыг нь хөгжүүлэх программ ирж хайх нь зүйтэй болов уу.
Мөн тэдэнд гүнзгийрүүлэн сурахад зориулсан веб сайтууд, гар утасны аппликэйшонууд байдаг. Mensa байгууллагын зарим саналууд:
- Itunes U – apple.com/education/itunes-u/what-is.html#public-access
- Hoagies Gifted Education Page – www.hoagiesgifted.org
- Mensa – www.mensaforkids.org
Эцэст нь Generation M буюу media үеийнхэн гэсэн нэрийг аваад байгаа өнөөгийн хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд зориулж сургалтын зориулалттай тоглоом, мэдээлийн сайтуудыг жагсаав. Бид нарын хүссэн хүсээгүй интернэт, комьютер, утас, ТВ, кино хүүхдүүдийн маань амьдралын хэсэг болсон. Гэхдээ бидний хувьд утгагүй санагдах, хүүхдүүдийн дурлаад байгаа зодоон, буудаан, нэг юмнаас гарах гарц хайгаад эргэлдээд байгаа юм шиг тоглоомуудынх нь хооронд /эсвэл оронд нь/ доорх сайтуудаар оруулаад үзээрэй. Юмыг яаж мэдэх вэ. Таалагдах ч юм билүү.
Бага насны хүүхдүүдэд:
- www.ala.org/alsc Association for Library Service to Children байгууллагын вэб сайтаас Parents гэдгийг дарж орвол эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, хүүхдүүд зориулсан сургалтын чанартай төрөл бүрийн тоглоомуудыг тоглох боломжтой. Мөн Great website гэдэг хуудсанд төрөл бүрийн сэдвээр хэрэгцээт вэб сайтуудын жагсаалтыг оруулсан байна.
- www.preksmarties.com Энэ сайтад хүүхдийн насны ангиллаар жишээ smart baby, smart preschooler болон төгөлдөр хуур сургах гэхчилэн тодорхой чиглэлээр мэдээлэл, оюун ухаан сайжруулах тоглоом, программыг ангилж байрлуулжээ. Жишээ нь нүүр хуудасны Online learning center гэдгийг сонговол тоо бодох дасгалууд насны ангиллаар гарч ирж байна.
- http://resources.oswego.org/games/mathmagician/cathymath.html тооны сайт байна. Нэмэлт даалгавар маягаар эндээс тоо бодуулж болох юм.
- Нийт эцэг эхчүүдэд зориулсан маш аятахайн сайт бол http://www.familyeducation.com/home/ Энэ сайтнаас хүүхдийнхээ насны ангиллаар төрөл бүрийн сэдвээр зөвлөгөөг унших боломжтой юм билээ.
Дунд насны хүүхдүүдэд /8-12 нас/
- The National Geographic Society байгууллагын вэб сайт www.nationalgeographic.com/kids Газар зүй, амьтан, биологийн мэдээллүүд, сэтгэлгээний тоглоом тоглох боломжтой.
- Хэрэв хүүхэд тань элдэв зүйл урлах, зохиох дуртай бол www.kiddoNet.com –д бүртгүүлбэл найз нөхөддөө төрсөн өдрийн и-кард бүтээх, янз бүрийн комик ном, элдэв клип эвлүүлж кино хийх, охидын хувьд янз бүрийн хувцаслалт, загварын эвлүүлэг хийх зэрэг янз бүрийн график, дизйны түүлсийг /tools/ хэрэглэх, эдгээртэй холбогдолтой тоглоомыг үнэгүй тоглох боломжтой.
- Хүүхдүүдтэйгээ цуг үгэн сүлжээ, үг үсэх таах тоглоом тоглохыг хүсвэл ww.AgameAday.com сайтаар ороорой.
- Уран зураг, урлал сонирхдог, эсвэл хүүхэддээ танилцуулахыг хүсвэл The National Gallery of Art байгууллагын www.NGA.gov/kids сайтаар ороорой. Art zone хэсэгт зурах, будах, арт хэсгүүдийг эвлүүлж урлал бүтээх маш сайхан түүлсээр хүүхдүүддээ урлал бүтээлгэж болохоос гадна гэрээсээ гаралгүйгээр онлайнаар музейгээр аялаж бүтээлүүдийг сонирхож болох юм билээ.
Ахлах ангийханд:
- www.collegeconfidential.com Коллежийн өргөдлөөс өгсүүлээд сургалт, төлбөр, амьдралтай холбоотой асар их мэдээлэл, хэлэцүүлэг бүхий сайт.
- www.apcentral.collegeboard.com уг сайтад “teacher” гэдгээр бүртгүүлж орвол хүүхдүүдийн өгсөн сүүлийн 10 хүртэлх жилийн доторх албан ёсны тестүүдийн энгийн хариу, дурын асуултандаа хариу авах боломжийг өгнө.
- www.easybib.com Ахлах ангийн хүүхдүүд материал бичихдээ тодорхой форматын дагуу бичих ёстой байдаг. Энэ сайтыг ашиглан маш хурдан ишлэлийн жагсаалт /citation/, ашигласан ном, мэдээллийн жагсаалтыг /bibliography/ сонгосн форматын дагуу гаргаад авч болно.
- www.emurse.com Ажилд орох резюме /resume/-ээ энэ сайтын туслалцаатайгаар бичих боломжтой.
- www.findarticles.com Тухай бичих сэдвээр Wikipedia зэрэг онлайн толь бичгийг ашиглахаас гадна нэлээд нарийвчилсан мэдээлэл цуглуулъя гэвэл Interactive Business Network Resource Library-аас материал хайх боломжийг олгоно.

Subscribe to:
Posts (Atom)