Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Хувийн бодол. Show all posts
Showing posts with label Хувийн бодол. Show all posts

Wednesday, September 23, 2020

Хятадын ажиллах хүчний бодлогод Өвөр Монголчууд маань өртлөө

 Хятадын ЗГ-аас уйгарчуудын эсрэг харгис бодлого хэрэгжүүлж номхтгож авсан. Өвөр Монголд сургуульд хэлийг нь хориглосон, Түвдэд он гарснаас хойш хагас сая орчим иргэдийг нь цэргийн зохион байгуулалттай ажил- сургалтын төвүүд үрүү хятадын өнцөг булан бүр үрүү илгээсэн юм байна. 

Энэ нь хэдхэн хоногийн өмнө подкастаар сонссон ухаант мэргэний үгтэй нийцэж байгаа юм. Хятадад дотоодын тэмцлээ хурцатгах нь тийм ч ашигтай биш. Энэ бүгд цэвэр эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй. Маш олон хүнээ өвчинд алдсан тул ажиллах хүчээ зузаатгах бодлого гэсэн нь үнэхээр ортой санагдаж байгаа юм. 

Учир нь Хятадын хүн амын тоонд “collapse in fertility” хүн амын өсөлтийн нуралт болно гэж эдийн засгийн томоохон судлаач бичиж байсныг өмнө нь бичвэрээрээ дамжуулж байсан. Түүний өгүүлснээр 1975-2010 оны хооронд ажиллах насны (15-64) хүний тоо 2 дахин өссөн нь боловч сүүлийн 25 жилд ажиллах хүчний нөхөлт зохих хэмжээнээсээ доогуур байсаар байна. 


2027 оноос Хятадын хүн ам багасч эхлэх ба ажиллах хүчний хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй багасч байгаа, 2040 он гэхэд наад зах нь 100 саяар бага болно гэж тооцоолжээ. Тэр үед 15-аас доош насны хүүхдийн тооноос настайчуудын тоо 2 дахин их болох ба ирэх  25 жилд 135 саяас 325 саяд хүрснээр 1990 онд улсын иргэдийн дундаж нас 25-аас доош байсан бол 48 болно гэжээ. Дэлхий дээр ямар ч улс ийм хурдтайгаар бууралтаж байгаагүй гэнэ. 

Мэдээж дээр нь 1979-2015 онд явагдсан нэг хүүхэд бодлогын улмаас эрэгтэйчүүдийн илүүдэлтэй асуудал байгаа. 


Тэгэхээр чинь энэ хурдтай эдийн засгийн өсөлтөө хангаж явахын тулд өөрийн авдраа ухаж байгаа хэрэг байх нь. Хөгжилтэй орнууд ажиллах хүчнээ ихэвчлэн цагаачлалаар шийддэг. Цагаачид хэл соёлыг нь бүрэн эзэмшиж тухайн орны иргэдийн хэмжээнд хүртлээ иргэдийг бодвол ямар нэгэн гомдол тавихгүйгээр хамгийн гологдсон ажлуудыг хийж, олон цагаар, урам зоригтой ажилладаг тул хамгийн сайн ажилчид болдог. Хятадын хувьд тэгтээ тэргүй уусгах бодлого нь явагдаж байсан, энэ тэмцлүүдийг өрнүүлэхгүйгээр уусгаж дөнгөх байсан нь тэгж хүлээх хугацаа байхгүй түл хурдавчилсан хэрэг байх нь. Ингээд л хөөрхий өөртөө засах эрх өгсөн, өөрийн соёлтой, тэжээлтэй хэдэн улсынхаа иргэдийг хэл соёлоос нь яаравчлан салгаж, бодох сэтгэх тэмцэх зррилго байхгүй болгож аваад үг дуугүй захирагдаад робот шиг ажиллах ажилчид бэлтгэж авч байгаа хэрэг. Дээр нь эсэргүүцвэл уйгаруудыг яасныг мэдэж байгаа болохоор эсэргүүцэх зүрхгүй болгосон. Үндэстний цөөнхийг олонхын хэл, боловсролыг нь дутуу эзэмшсэнийг далимдуулаад нугдайлгаад явчих нь бизээ. Өөрөөр хэлбэл өвөр монгол ах дүүсийн маань үр хүүхдүүд мал аж ахуйгаасаа салангид хятадуудад дарамтлагдсан ажилчид болох ирээдүй хүлээж байгаа байх нь. Юутай харамсалтай.

Friday, April 10, 2020

12/31/18 Happy New Year! 2019

Дахиад л нэг жил нисээд өнгөрч байна. Уугуул нутагт маань төдийгүй суугуул нутагт маань төр засаг нь жаахан үймээнтэй, ширүүвтэр гэхдээ оны сүүлээр сайн цагийн эхлэл үзэгдсэн жил болов уу даа.
Гаднах нөхцөл байдлыг үл харгалзан та бүхэн амжилт бүтээл дүүрэн л биз дээ. Миний бие өнгөрсөн жилд хийж бүтээснээ дүгнэж харвал төлөвлөгөөгөө нэг 80%-тай биелүүлсэн болов уу. Бичихээр төлөвлөсөн 2 том прожект маань намайгаа эхлэхийг жил гаруй хүлээж байна. Гэтэл зугаа цэнгэлд дуртай нөхөр яахав жилд ядаж нэг удаа очиж үзээгүй газраа очих төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Хавай арлууд, Montana муж хүртэл урт замын аялал хийж, Burning Man фестивальд анх удаа оролцсон нь хамгийн баяр баясгалан авчирсан зүйл байлаа. Төлөвлөж байсан үл хөдлөх хөрөнгийн агентын лицензээ авч монголчуудтайгаа хамтарч ажиллаад эхэлчихлээ. Мөн Грит математикийн сургалт маань 3 дахь жилдээ ажиллаж Бэй Айрээд 2 бүлэг, Сакраментод 2 бүлэг хүүхдүүдэд сард 4 удаа сургуулийн программын тооны хичээлийн цоорхойг бөглөх, мат суурийг нь баталгаажуулахын төлөө өөрийн боловсруулсан программаар сургаж байна. Өмнөх жилийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн CAASPP тестийн оноог өмнөх оноотой нь харьцуулах дунджаар 100 гаруйгаар нэмэгдсэн байсан нь надад ихээхэх урам зоригийг өгч байгаа билээ. Мөн зун анх удаа 2 ээлжийн мат зуслан ажиллуулсан билээ.
Ажлын хажуугаар нийгэм, нийтийн төлөөх ажлаа орхисонгүй. Хотынхоо сургуулийн насны хүүхдүүдийн ТУС клубын ажиллагааг оны сүүлээр шинэ гишүүдтэйгээр эхлүүлж marijuana тамхины хүүхдүүдэд үзүүлэх хор нөлөөны талаар эцэг эхчүүдэд сэрэмж төрүүлэх, мэдээлэл хүргэх, энэ аяндаа хүүхдүүдийг оролцуулахаар бичсэн жижиг төсөл маань public health institute -ээс санхүүжигдэх болсон билээ. Энэ төслийн хүрээнд клубын хүүхдүүд маань дээрх сэдвээр судалж, мэдсэнийхээ дүнд хүүхэд багачууд эцэг эхчүүдэд сэрэмж өгөх, амжилттай сайн хүрч ойлгуулах YouTube видео хийхээр багаараа ажиллах юм. Сайн сэтгэх, зохион байгуулах, багаар ажиллах чадварууд уруу нь ментор би чиглүүлж өгөх ба эцсийн бүтээл видеогоо англи, монгол хэл дээр сошиал медиагаар цацаж Мартын 8-аар эцэг эхчүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бурхан шашины Занабазар төвийнхөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцож санхүү тайлан тооцоонд гар бие оролцохоос гадна төвийнхөө нүүр хуудсын нэг админы үүргийг гүйцэтгэж, төвөө гишүүнчлэлтэй болгох ажлыг эхлүүлж хүмүүсийг элсүүлэхэд хүчин зүтгэлээ.
Лантуу төвийн залуучуудыг хотдоо хүлээн авч, уулзалт зохион байгуулах ажлыг хариуцсан ба өөрөө Ид шидтэй эгчийн нэг болсон билээ.
Хотынхоо FB группын админы хувьд болон хувийн хуудсаараа хотынхоо болон америк дахь монголчуудад хэрэгцээт мэдээллийг чадах чинээгээрээ тайлбарлаж хүргэж ирлээ. Үүний хажуугаар утас, мессеж, имэйлээр хүмүүсээс ирсэн асуулт, хүсэлтэнд чадах чинээгээрээ хариулж, тусаллаа.
Мэдээж үүний хажуугаар хүний амьдрал л хойно эцэг эх, ах дүүсийн эрүүл мэнд, бичиг баримт гэхчилэн томоохон бэрхшээл саадаас хол байсангүй.
Бэрхшээл зовлонгоос болж хийж төлөвлөснөөсөө ухарч болохгүй бид бүхэн мэдэж байгаа. За олон нуршсан зүйлээ зогсоож сайхан ерөөлөөр төгсгөе дөө.
Та бүхэндээ шинэ ондоо "нэг л нартай өдөр" гэж хийхээр төлөвлөж, мөрөөдөж байсан , сонирхож оролдох, сурахыг хүсч байсан хэл, зураг, дуу, хөгжмийн хичээл, аялал, хобби зэрэгтээ цаг гаргаж хийж амжуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Happy New Year!

1/7/19 Дүүгээ үдлээ

Дүүгээ үдлээ. Том эгчийн маань охин. Монголоос төрсөн анхны Азийн дугуйн аварга гэж байгаа. Ирээд цөөхөн хоногт зөндөө юм амжуулахынхаа хажуугаар хотынхоо монгол дугуйныхантай дугуй унаж, үеэлүүдтэйгээ нийлээд sky diving хийчихээд явж байгаа юм. Хэд хоног цуг байхдаа өөрийнхөө тухай 20-н хэдхэн насандаа дүү гартаа болон орчиндоо гаргаж байсан зан, үйлдлийнхээ тухай түүнд үлдсэн багынх нь дурсамжаас сонсож түүний хэрхэн намайг дууриахыг хүсдэг байсан, дүү нараа хэрхэн баярлуулж бас гомдоож байсныг сонсоод заримдаа өөрийгөө шоолж, тэнэг байснаа гайхаж, заримдаа ч овоош дээ гэж хэлж суулаа. Шинэ жилээр дүү нартаа тус тусад хүсч байгаа зүйлээр өөр өөр бэлэг өгөхөд бүгдээрээ хагартлаа баярладаг байсан гэнэ. Хөөрхий 25 мянгын цалинтай хүн юу л өгч шалих вэ дээ. Урлагийн тэмцээн хийж шалгарсанд нь ванны хөөс (хэ хэ) өгдөг. Шалгарчих санаатай энд тэнд хүүхдүүд саржингаа бэлддэг байсан гэнэ. Бүгдэд нь л өгчихгүй хөөрхий боломжгүй л байсан юм байхдаа. Төрсөн өдрөөр зориулалтын малгай байхгүй тул хуучин обойны цаасаар бүгдэд нь малгай хийж өмсүүлж байсан, гэртээ байхаараа дандаа юм уншаад хэвтэж байдаг (залхуу золиг доо) ном уншаад хэвтэж байхад маань хажууд нь дууриагаад цаас бариад хэвтдэг байсан, саад болохоор нь оставь меня в покое хэлдэг байснаас бүгдээрээ бие биендээ тэгж хэлдэг болсон гэхчилэн
гэхчилэн инээдтэй дурсамжууд сонслоо. Бүр толины өмнө зогсоод хэлж байсан үг, цүнхээ хэрхэн мөрөн дээрээ тохдог байсныг хүртэл санаж байх юм. Хүүхдүүд бидний үг, үйлдлийг бүгдийг сонсож, харж байдаг гэж энэ дээ. 

5/12/19 Happy Mother’s Day!

Ээжүүдийн баярыг тохиолдуулаад хэдэн үг хавчуулъя даа.
Нас явахын хэрээр асуусан, асуугаагүй (дургүй ч байсан байж мэднэ хэ хэ) залуу аав ээжүүдэд сонссон, ойлгосон, ухаарсан зүйлээ хүүхдүүдэд хэрэгтэй байж магадгүй гэж бодоод хэлж ярьсаар ирэв. Хүүхдийн хүмүүжлийн талаар бүр ном ч бичээд амжив.
Бидний эргэн тойронд эргэлдэх олон төрлийн сая сая зөвлөгөө, зөвлөмж дотроос нэг л зүйл, тухайлбал: Үр хүүхдээ гэр бүл, ард түмэн, эх орон, эх дэлхийдээ гай болохооргүй хүн болгож өсгөнө гэдэг л хамгийн чухал юм шүү ээжүүдээ. Ээж аавдаа, элгэн садандаа, даяар олонд, эх дэлхийдээ гай болж байгаа "тэнэг" хүмүүсийн үйлдлийн цар хүрээг харахаар өөрийн эрхгүй тэгж бодогддог юм.
Хүүхэд, Хүүхдүүдээ аав ээждээ энэрэлтэй, ард түмэндээ ачлалтай сайн хүн болгож өсгөхийн ерөөлийг дэвшүүлье!
Happy Mother’s Day!

12/15/19 Харилцааны Чадавх Sociel Intellengence

Даниел Голмений 2005 онд бичигдсэн Харилцааны Чадавх Sociel Intellengence номыг уншаад авсан болон төрсөн санаануудаас
Тархи судлалын шинжлэх ухаан ололтоор бидний тархи бусадтай харилцаа холбоотой байхаар зохицогдсон бөгөөд хүнтэй харьцах үед тархи бусад тархитай WiFi-аар холбогдож буй мэт биднээс үл хамааран тархи хооронд холбоос үүсгэдэг, энэхүү мэдрэлийн холбоос нь харилцагч хүмүүсийн тархи, бие махбодид нөлөөлдөг нь тогтоогдсон билээ. Ялангуяа хүчтэй холбоогоор холбогдсон харилцаа холбоо, нөхөрлөл нь бидний сэтгэл санааг ийш тийш нь болгож, цаашлаад бидний зүрх судаснаас авахуулаад дархлааны гэхчилэн бие махбодийн системүүдийг зохицуулагч гормонуудыг ялгаралтанд нөлөөлдөг аж. Иймээс ч сайхан харилцаа холбоо бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол хортой нь эсрэгээрээ бидний эрүүл мэндийг аажмаар хордуулах бөлгөө. Харин бүр харилцаа үүсгэхгүй бол сэтгэл санаа, бие махбодь, зан чанарт муугаар нөлөөлдөг.
Техник технологийн хөгжил, хурдац, орчин үеийн амьдралын завгүй хэв маяг нь хүмүүсийг улам холдуулж, хоорондоо нүүр нүүрээ харан тархины холбоос үүсгэх, сонсох, бие биеэ АНЗААРАХ, улмаар анхаарал тавих боломжийг багасгаж, эсвэл бүр алга болгож улмаар гэр бүлтэй бүлгүй ч бие хүнд ганцаардлыг авчирч байна. Энэхүү номонд дурдсан Харвардын профессор Жероме Каганы ишлэл дээр “Хэдийгээр хүн уур хилэн, атаархал, хувиа хичээх, дайсагнал, бүдүүлэг, ширүүн, хүчирхийлэх муу зан төрх үүсэх үндсийг өвлөж төрдөг ч эдгээрээс илүү хүчтэйгээр ТӨРӨЛХИЙН өрөвч сайхан сэтгэл, нинжин сэтгэл, хамтрах, хайрлах, халамжлах, ялангуяа хэрэгтэй хүнд туслах сэтгэлтэй төрдөг.“ гэжээ. Гэтэл хүн бусдаас холдох, өөрийгөө тусгаарлах тусам бусдыг ойлгох чадвар нь муудаж, улмаар хувиа хичээлгүй бусдад туслах сэтгэл нь гэхчилэн маань дээр дурдсан төрөлхийн сайхан чанар, чадварууд нь багасч хоосроод ирдэг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс стрессийг өөр өөрөөр давж гарах чадвартай байдаг нь харь оронд амьдардаг эмэгтэйчүүд сэтгэл санааны гутралд илүүтэй өртдөгийг тайлбарлаж байна. Амьдралын бэрхшээл, хүндрэлийн үед эмэгтэйчүүд илүүтэй цуг давах туулах хүн, найз нөхдөө хань татдаг бол эрэгтэйчүүд ганцаараа давахыг сонгодог байна. Эрэгтэйчүүд ТВ, пиво гэхчилэн жижиг сажиг зүйлээр амархан стрессээ тайлж орхидог бол эмэгтэйчүүдийн дэргэд хүн байхгүй бол тэдэнд стрессээ давж гарахад хүнд байдаг. Аль болох олон дотно найз нөхөдтэй байх тутам эмэгтэйчүүд нас ахих тутам сэтгэл болон биеийн өвчин тусах магадлал нь төдийн чинээ бага байдаг. Өөрөөр хэлбэл найз нөхөдгүй ганцаардмал байдал нь тамхи татах, таргалалт зэрэг шиг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөл үзүүлэх том хүчин зүйлийн нэг ажээ.
Иймд ялангуяа аав ээж, ах дүү хамаатай садан, найз нөхдөөсөө хол амьдардаг болон найз нөхдийн хүрээ багасдаг насан дээрээ байгаа эмэгтэйчүүд найз нөхдийн холбоогоо улам зүлгэж сайжруулж, өөрийгөө түлхэж шинээр харилцаа холбоо үүсгэж, хамт олон дотор орж, арга хэмжээнд оролцож бусдад, нийтэд тус хүргэж явахаа нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гэсэн үг.

Wednesday, May 31, 2017

Гадуурхал

Өчигдөр хүүтэйгээ утсаар нэлээд удаан ярилаа. Ярианы явцад ийш тийшээ хазайсны нэг нь Мексик хүүхэд залуучууд, арьс өнгө, гадуурхлын талаар яриа нэлээд яриа өрнүүлэв.
Хүү маань хэлж байна:
Энд сурч байгаа оюутан Мексик /латин америк гаралтай бүх хүүхдүүдийг оруулаад/ хүүхдүүд маш зовлон, гадуурхагдана гэдгийг хамгийн бодитоор үзсэн байдаг юм билээ. Ялангуяа Аризона, Texas мужуудад амьдардаг, амьдарч байсан хүүхдүүд хөршөөс өгсүүлээд яг л наци германууд шиг сайн дурын зэвсэгтэй зэвсэггүй үндэсний үзэлтэй цагаанууд үргэлж зовоодог. Дэлгүүр орохдоо хүртэл зүрхшээдэг, хүнд элдвээр хэлүүлэх бол наад захын хэрэг байдаг.
Би: Харин тиймээ. Өөрсдөө ч дүүрч. Хүүхдээ арьс өнгө, гаднах үзэмжээр нь гадуурхагдуулахыг харахад ээж аавд нь ямар хэцүү байдаг болоо. Хамгийн либерал гэгдэх Орегонд л гэхэд яаж байна. Би л бол хичнээн шүтлэг бэрхшээлтэй байсан хүүхдээ эрсдэлд оруулахгүйн тулд алчуур битгийн зүү гэж хэлнээ. /Өнгөрсөн 7 хоногт алчуур зүүсэн 2 муслим охин уруу нэг цагаан залуу дайраад өмөөрсөн 2 залууг хутгалж алаад, нэгийг нь гэмтээсэн/
Хүү: Алчуур зүүхгүй бол тамд унана гэдэг юм байна лээ.
Би: Гэхдээ л орчин нөхцөлдөө тохируулж арга хэмжээ авах л ёстой ш дээ. Хүүхдийн амийг эрсдэлд оруулж байгаа зүйлээс нь эцэг эх шийдвэр гаргаж сэргийлэх ёстой биз дээ.
Тэгээд өнөөдөр энэ бичлэгийг үзээд нулимс дуслуулав. https://www.facebook.com/UnitedWeDream/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf

Эдгээр хүүхдүүд баривчлагдана, зодуулна, элдвээр хэлүүлнэ. Тэгээд л тэмцээд байна. Жагсана, том том гишүүд, дарга нарт асуулт тавина, үүдэнд нь хононо, гадаа нь жагсана. Бууж өгнө гэж байхгүй. Ард нь өөрсдийн ирээдүй, ар гэр нь, аав ээжийнх нь амьдрал шалтгаалах болохоор ийм их зориг тэвчээр, бэрхшээлийг давдаг байх даа.
Тэгээд бодлоо. Надаас энэн зэргийг зориг, тэвчээр гарах уу? За за болчихёо гээд буугаад өгөх үү? Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө ийнхүү уйгагүй зүтгэх хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хүндэлнэв. Хэдийгээр заримых нь үзэл бодолтой миний нийлдэггүй ч нүүр номын хуудаснаа хүмүүст элдвээр хэлүүлээд зогсохгүй тэмцэх хүмүүсийн тэвчээр хатуужлыг хараад миний бие тэднээр бахархах бөлгөө.
Саяхан Үндсэн хуулийг зөрчих учраас /Muslim ban/ Трампын үгэнд оролгүйгээр ажлаасаа халагдсан United States Deputy Attorney General байсан Sally Yates-ийн нэгэн хуулийн сургууль төгсөгчдөд хэлсэн үгийг сонссон билээ. Сонсвол зөвхөн хуулийн мэргэжлээр явах залуучууд гэлтгүй нийтэд хамааралтай зүлйийг хэлж ярьсан юм.
Тэрээр /товчилбол/: Би ажлынхаа хүрээнд амьдралдаа дандаа аюулгүй замыг сонгодог хүмүүстээ нэлээд тааралддаг. Энэ нь янз бүрээр илэрч байдаг. Жишээ нь хэдийгээр яллагдагч нь гэмт хэрэг хийсэн нь үнэн боловч батлахад төвөгтэй хэргээс зайлсхийж, хамгийн ялагдахгүй байх магадлалтай хэргийг л сонгож авдаг яллагч, үйлчлүүлэгчийнх нь эрх ашигт аль нь амгийн тустайг биш өөрт нь буцаж асуудал болохооргүй зөвлөгөөг сонгож өгөх өмгөөлөгч, өрөөн доторх ярианы өнгө хандлага хаашаа явж байгаагаас шалтгаалан үгээ сонгох хүн, хичнээн зөв ч дарга, удирдлагадаа сонсохыг нь хүсэхгүй байгаа зүйлийг нь хэлэхээс татгалздаг хүн, эсвэл өөрийнхөө ижил бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн дарга нар гээд л. Тэд магадгүй корпораци, байгуулагын нэлээд гайгүй албан тушаалаар дээш өгсөж, эсвэл хуулийн фирмийн түншүүд болох зэргээр гайгүй амьдралд хүрдэг байх. Гэхдээ л та нар тэд нар шиг болохыг хүсч байна гэж үү? Ийм амьдралыг сонгосноор та нар сэтгэл дүүрэн амьдарч чадна гэж үү? Иймэрхүү маягаар та нар хуулийн ажил хийж байвал та нарыг ажлаа хийж чадаж байна гэж би хэлэхгүй. Ажлаа хийнэ гэдэг нь та нар хэн нэгний үнэт зүйл, үзэл бодлын тусгал байх ёстой биш, удирдагч чинь чамаас үнэнийг сонсдог, чамд итгэл үзүүлдэг байхыг хэлнэ. Миний туршлагаас гэвэл надад миний бурууг хэлэхээс айдаггүй тийм л хүмүүсийн зөвлөгөөнд би итгэж хүлээж авдаг байсан. Би анхаарал болгоомжгүй байхыг зөвлөж байгаа хэрэг биш шүү. Миний үзлээр үнэхээр утга учиртай амьдрая, ажиллая /хуулийн чиглэлд/ гэвэл чи эрсдэл хийхэд, эвгүй байдалд ороход бэлэн, зоригтой шийдэмгий байх ёстой. Нэгэнт л эрсдэл хийж байгаа тохиолдолд заримдаа чи алдаж болно. Алдаа нь заримдаа бидэнд гадуурхагдлыг авчирдаг. Гэхдээ алдаа гаргана гэдэг айдас чамайг юм хийхийг чинь зогсоохгүй байх гэж найдаж байна. Хэрэгтэй цагт юу ч хийхгүй байх, дуугарахгүй байх, буруу зүйлийг зөвшөөрөөд дуугүй дагаад байна гэдэг өөрөө сонголт. Миний амьдралын туршид миний хэрэгтэй үед юу ч хийгээгүй үе л надад хамгийн харамслыг авчирдаг. Алдаа гаргахад бэлэн байна гэдэг нь бас өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх бэлэн байна гэсэн үг. Хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ ямар нэгэн эргэлзээтэй зүйл дээр оролцолгүй өөрийгөө хамгаалж гарынхаа хээгээ үлдээхийг хүсэхгүй байх, зарим асуудал үүсгэсэн зүйлсээс хариуцлага үүрэхгүй зугтаах нь түүнээс хэд дахин долоон дор. Энэ нь ерөнхийдөө хол явахгүйгээс гадна чиний хамт ажилладаг хүмүүс, эргэн тойрны хүмүүс чинь чамайг юм буруугаар эргэсэн үед олсоо таслаад зугтаана гэдгийг мэдэрч байвал чамд ч хэзээ ч итгэл найдвар үзүүлэхгүй. Итгэл үзүүлэхгүй байна гэдэг нь чамайг томоохон амжилтандаа багтаахгүй гэсэн үг. Мэдээж зоригтой шийдэмгий, эрсдэл хийх, хариуцлагаа үүрнэ гэдэг амаргүй зүйл. Чиний инстинкт чинь чамайг аль болох аюулгүй, эрсдэлгүй зам уруу чирэх болно. Гэвч би та нарт энэ инстинктээ эсэргүүц гэж зөвлөе. Тэгэхгүй бол та нар сэтгэл ханамжгүй амьдрахаас гадна та нар хэн нэгний амьдрал, хорвоо ертөнцөнд өөрчлөлтийг хийж чадахгүй болов уу. Өөрөөр хэлбэл чи амьдралд зүгээр урсаад өнгөрөх эсвэл нөлөө үзүүлэх 2-ын аль нэгийг сонгох хэрэгтэй болно гэсэн үг.
Америкийн ерөнхийлөгчийн урдаас үгүй гэж хэлсэн хүн ийм л үг хэлж байна даа. Аргагүй л мундаг хүн мундаг л байдаг юм байна лээ.

Thursday, March 9, 2017

Шүлэг



Англи хэл дээр шүлэг тааралдах тутамд алгасаж уншсаар өдий хүрчээ. Энэ хаврын миний зорилтын нэгд ядаж олонхийн мэддэг хэдэн сонгодог шүлгүүдийг уншиж ойлгох явдал байлаа. Шүлэг найрагчдын бүтээл уран сайхан сонсголтойгоос гадна шууд уншаад ойлгохооргүй, далд утгатай, хэцүү үгтэй байх тусмаа сайн бүтээлд тооцогддог болохыг сонсож байсан билээ. Над мэтийн сүүлд англи үзсэн хүн битгий хэл унаган хэлтэй хүмүүс ч зарим нь уншиж ойлгоход хэцүүхэн шүлэгнүүд их. Хэд хэдэн шүлэгнүүдээс эхэллээ. Мэдэхгүй үгнүүдээ орчууллаа. Утга уран зохиолыг зөвхөн үйл явдлаар нь буулгаад явчихдаг хүн чинь иймэрхүү л утгатай юм байна гэсэн ч барьц олж авч чаддаггүй. За тэгээд овоо юм уншдагаар нь мэргэжилтэн (хүү) рүү хандлаа. Ээж, та эхлээд зохиолчийнх нь намтрыг нь унш. Хаана, ямар улсад, хэдэн онд, амьдралынхаа ямар үедээ бичсэн нь тухайн шүлгийг ойлгоход нэмэр болдог. Тэгээд бүр болохгүй бол онлайнаар хүмүүсийн уншаад юу гэж ойлгосноо бичсэнийг нь унш. Тэгээд дараа нь өөрөө дотроо ямар бодол төрүүлэв гэж тунгаа гэлээ. За л гэлээ. Тэгээд 10-аадхан мөртэй нэг шүлгэн дээр заримдаа 4,5 цаг зарцуулах энүүхэнд байлаа. Тэгээд нухсаных ядаж л өөрийнхөө хэмжээнд зах зухаас нь ойлгоод ирж байна. Нухаж нухаж байгаад нэгэн утга олж харахаараа хэцүүхэн тооны ард сууж байгаад хариу гаргасан дүйний баяр баясал авчирч байнаа. Үг амархантай ч утга нь гүехэн биш энэ шүлэг нь гадаадад яваа монголчууд биднийг санагдуулсан тул орууллаа. Доор шүлэг дуртай хүмүүст зориулаад өөрийнхөөрөө утгыг нь буулгав (шүлэг биш шүү :) )
Disillusionment of Ten O’Clock
Wallace Stevens, (1879 – 1955)

The houses are haunted
By white night-gowns.
None are green,
Or purple with green rings,
Or green with yellow rings,
Or yellow with blue rings.
None of them are strange,
With socks of lace
And beaded ceintures.
People are not going
To dream of baboons and periwinkles.
Only, here and there, an old sailor,
Drunk and asleep in his boots,
Catches tigers
In red weather.

10 цагт болсон урам хугаралт

Байшин доторх хий үзэгдлүүд
Бүгд л цагаан унтлагын хувцастай
Хэний ч хувцас нь ногоон биш
Ногоон зураастай улаан ягаан ч биш
Шар зураастай ногоон ч биш
Цэнхэр зураастай шар ч биш
Торон хүрээтэй оймсгүй
Үрлэн хэлхээтэй бүсгүй
Сонин хачин биш чимэглэлгүй
Бүгд л цагаан хувцастай

Хүмүүс хэн нь ч бабүүн, перивинкэл зүүдлэхгүй
Ганцхан, энд л энд л, согтуу хөгшин далайчин
Гуталтайгаа зүүрмэглэнэ.
Улаан өнгөтэй нутагт
Барыг уургалж байна гэж зүүдлэнэ.

Тайлбар: унтлагын хувцасны тухай яриа гарч байгаа болохоор оройн 10 цагийн тухай яригдаж байна гэж ойлгож болно. Европт эгзотикт орох бабүүн (сармагчин), перивинкэл (цэцэгт ургамал) энд дурдсан байна. Миний буулгасан утга: Хүмүүс нэг л хэвийн амьдралаар амьдарч байхад тэнүүлж далайчин л ганцаараа сонин хачин амьдралыг туулж (өнгөтэй зүүд зүүдэлж байгаа)  байна.

Thursday, March 17, 2016

Эмэгтэйчүүдийн баяраас үүдсэн бодол


Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүстдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчийгаа анхааралтай сонсож, заримдаа соирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж  байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг. 
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авах чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аль нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсээ тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орноо ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.