Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, March 17, 2016

Эмэгтэйчүүдийн баяраас үүдсэн бодол


Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүстдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчийгаа анхааралтай сонсож, заримдаа соирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж  байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг. 
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авах чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аль нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсээ тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орноо ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.  

No comments:

Post a Comment