Даниел Голмений 2005 онд бичигдсэн Харилцааны Чадавх Sociel Intellengence номыг уншаад авсан болон төрсөн санаануудаас
Тархи судлалын шинжлэх ухаан ололтоор бидний тархи бусадтай харилцаа холбоотой байхаар зохицогдсон бөгөөд хүнтэй харьцах үед тархи бусад тархитай WiFi-аар холбогдож буй мэт биднээс үл хамааран тархи хооронд холбоос үүсгэдэг, энэхүү мэдрэлийн холбоос нь харилцагч хүмүүсийн тархи, бие махбодид нөлөөлдөг нь тогтоогдсон билээ. Ялангуяа хүчтэй холбоогоор холбогдсон харилцаа холбоо, нөхөрлөл нь бидний сэтгэл санааг ийш тийш нь болгож, цаашлаад бидний зүрх судаснаас авахуулаад дархлааны гэхчилэн бие махбодийн системүүдийг зохицуулагч гормонуудыг ялгаралтанд нөлөөлдөг аж. Иймээс ч сайхан харилцаа холбоо бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол хортой нь эсрэгээрээ бидний эрүүл мэндийг аажмаар хордуулах бөлгөө. Харин бүр харилцаа үүсгэхгүй бол сэтгэл санаа, бие махбодь, зан чанарт муугаар нөлөөлдөг.
Техник технологийн хөгжил, хурдац, орчин үеийн амьдралын завгүй хэв маяг нь хүмүүсийг улам холдуулж, хоорондоо нүүр нүүрээ харан тархины холбоос үүсгэх, сонсох, бие биеэ АНЗААРАХ, улмаар анхаарал тавих боломжийг багасгаж, эсвэл бүр алга болгож улмаар гэр бүлтэй бүлгүй ч бие хүнд ганцаардлыг авчирч байна. Энэхүү номонд дурдсан Харвардын профессор Жероме Каганы ишлэл дээр “Хэдийгээр хүн уур хилэн, атаархал, хувиа хичээх, дайсагнал, бүдүүлэг, ширүүн, хүчирхийлэх муу зан төрх үүсэх үндсийг өвлөж төрдөг ч эдгээрээс илүү хүчтэйгээр ТӨРӨЛХИЙН өрөвч сайхан сэтгэл, нинжин сэтгэл, хамтрах, хайрлах, халамжлах, ялангуяа хэрэгтэй хүнд туслах сэтгэлтэй төрдөг.“ гэжээ. Гэтэл хүн бусдаас холдох, өөрийгөө тусгаарлах тусам бусдыг ойлгох чадвар нь муудаж, улмаар хувиа хичээлгүй бусдад туслах сэтгэл нь гэхчилэн маань дээр дурдсан төрөлхийн сайхан чанар, чадварууд нь багасч хоосроод ирдэг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс стрессийг өөр өөрөөр давж гарах чадвартай байдаг нь харь оронд амьдардаг эмэгтэйчүүд сэтгэл санааны гутралд илүүтэй өртдөгийг тайлбарлаж байна. Амьдралын бэрхшээл, хүндрэлийн үед эмэгтэйчүүд илүүтэй цуг давах туулах хүн, найз нөхдөө хань татдаг бол эрэгтэйчүүд ганцаараа давахыг сонгодог байна. Эрэгтэйчүүд ТВ, пиво гэхчилэн жижиг сажиг зүйлээр амархан стрессээ тайлж орхидог бол эмэгтэйчүүдийн дэргэд хүн байхгүй бол тэдэнд стрессээ давж гарахад хүнд байдаг. Аль болох олон дотно найз нөхөдтэй байх тутам эмэгтэйчүүд нас ахих тутам сэтгэл болон биеийн өвчин тусах магадлал нь төдийн чинээ бага байдаг. Өөрөөр хэлбэл найз нөхөдгүй ганцаардмал байдал нь тамхи татах, таргалалт зэрэг шиг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөл үзүүлэх том хүчин зүйлийн нэг ажээ.
Иймд ялангуяа аав ээж, ах дүү хамаатай садан, найз нөхдөөсөө хол амьдардаг болон найз нөхдийн хүрээ багасдаг насан дээрээ байгаа эмэгтэйчүүд найз нөхдийн холбоогоо улам зүлгэж сайжруулж, өөрийгөө түлхэж шинээр харилцаа холбоо үүсгэж, хамт олон дотор орж, арга хэмжээнд оролцож бусдад, нийтэд тус хүргэж явахаа нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гэсэн үг.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment