Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

5/31/19 Кредит оноо гэж юу вэ? шинэчилсэн хувилбар

Хүмүүс асуусны дагуу нийтлэлээ хайж олоод тавьж байна. 
Миний бичсэн энэ материал "Даяар Монгол" сонины 2006 3 сарын 30-ны дугаарт нийтлэгдэж байсан юм.
Кредит гэдэг юмны учрыг олох шаардлага амьдралд тулгарсны улмаас энэд ирсэн даруйдаа шахуу энэ талаар судалж эхэлсэн юм. Тухайн үед хэлний болон бусад бэрхшээлийн улмаас хүмүүс энэ талаар маш буруу зөрүү ойлголттой байдаг байсан нь сүүлийн үед гайгүй болсон ч зарим хүмүүс нарийн ширийн энэ талаар бодож үзээгүй, ойлгохыг хүсэхгүй явсаар байдаг билээ. Энэ нь тэд нарын зүгээс гардаг буруу ойлголтуудаар илэрдэг. Жишээ нь кредит түүхээ ерөөсөө үзэж харж байгаагүй ч оноогоо өсөхгүй байгаад гайхдаг, эсвэл өргөдөл энээ тэрээ бөглөхөд тусалж байсан хүсүүсийг хардаж /тэд нар л миний чухал ид "шидтэй оноог" аваад ашиглаад унагаагаад байгаа байх гэхчилэн/ тус болсон хүмүүсийнхээ араас буруу санаа агуулах, яг ямар учраас оноо өсдөг болохыг мэдэхгүйн улмаас би зөндөө зээлийн карттай байхад миний оноо өсөхгүй байна гэхчилэн гомдолдог. Ямар ч асуудлыг өөрсдийнхөөрөө тааж бодохын оронд хамгийн түрүүнд өөрийн кредит түүхээ авч үзэх хэрэгтэй бөгөөд /доор бичигдсэн сайтаас 3 товчооноос жилд нэг удаа үнэгүй авах эрх хүн бүрт бий/ ингэснээр таньд муу бичилт байна уу /төлөгдөөгүй өр, төлбөрөө хоцруулсан бичилт/ ямар ямар сайн бичилтүүд байна /одоо ёс журмын дагуу төлөгдөж байгаа зээлүүд, төлж дууссан зээлүүд/, мөн ямар ямар хаягнаас ямар ямар нэрээр зээлд хандаж байсан, ямар ямар байгууллага таны зээлийн түүхийг үзсэн /таны байранд өргөдөл бөглөхөд шалгахаас эхлээд зээлийн картанд хандсан байгууллагуудаас/ зэрэг мэдээллийг авч үзэх хэрэгтэй юм. Үүнд үндэслэн яагаад миний оноо муу байна, сайн байна, ямар нэгэн буруу бичилт орсон эсэхийг олж мэдээд онлайнаар эсвэл бичгээр dispute хийж өөрийгөө энэ өрийг тавиагүй гэдгээ баталж харуулах, мөн 3 хүртэлх сарын хугацаагаар хэн нэгэн кредит үзэх эрхгүй хориг тавих эрхийг ашиглаж болно. Ер нь өнөөгийн нөхцөлд хүний дугаарыг ашиглаж өр хийх боломж бараг үгүй билээ. Зээл энээ тэрээд дугаараас гадна ямар их бичиг баримт шаарддагийг та бүхэн мэднэ, мөн дээр тог, утасны зарим зэрэг үйлчилгээг нээлгэхэд заавал сошиал дугаартшаардлагатай байдаггүй билээ. 
Кредит оноо гэж юу вэ? 
- FICO оноо юунаас хамаардаг вэ?
- Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
- Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ? 
Монголд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын буюу конкурсны оноо бидний ирээдүйг тодорхойлогч, тухайлбал ямар сургуульд орж, ямар мэргэжил эзэмшихийг шийдвэрлэдэг оноо байсан бол америк гээч энэ оронд нэгхэн онооны үзүүлэлтээс бидний амьдрал маань хамаарч байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй байхаа. Энэ бол кредит оноо юм. Кредит оноо багатай буюу бидний хэлдгээр кредитээ муутгавал байр хөлслөх, элдэв үйлчилгээний данс нээлгэхэд төвөг учирч зөвшөөрөл авч чадахгүйд хүрэх буюу аль эсвэл их хэмжээний барьцаа мөнгө тавихад хүрдэг билээ. Мөн байшин, машин, кредит картны болон бусад төрлийн зээл авч чадахгүй болон авлаа ч хамгийн өндөр хүү төлөх болдог гээд муу кредит онооноос болж гардаг зовлонг тоочвол гарын хэдэн хуруу маань багадах бизээ. Түүнээс гадна бусад талаар, жишээлбэл, кредит оноог шалгаж ажилд авдаг ажил олгогчид, кредит онооноос хамаарч даатгалын төлбөрийг тогтоодог машины даатгалын компаниудын тоо нэмэгдэж байгаа зэргээс үзвэл энэ онооноос Америк дахь гэр бүлийн санхүү шууд хамаарч байна.
Кредит оноо гэж юу вэ?
Зээл хэрэглэгч хүн бүр бие даасан TransUnion, Experian, Equifax гэсэн 3 кредит мэдээлэгч агентлагуудаас гаргасан стандарт 3 оноотой байна. FICO гэж нэрлэгдэг эдгээр оноог анх 50-аад оны сүүлчээр Fair Isaac Corp.-аас анх гаргасан бөгөөд 300-850 хооронд байдаг. Одоогоор Америкийн хэмжээгээр үндэсний дундаж оноо 723 юм байна. Зээл олгогчид хэрэглэгчийн энэ оноог үндэслэн зээл олгох эсэхээ шийдвэрлэх ба зээлийн хүү, торгуулийн хэмжээг тогтооно. Кредит онооны үзүүлэлтийн ач холбогдлыг дараах жишээн дээр харуулъя. 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй 200,000 долларын зээлийн сарын төлбөр болон нийт хүүгийн төлбөр FICO онооноос хэрхэн хамаарахыг дараах хүснэгтэд үзүүлэв. 
/2005 оны 8 сард олгогдож байсан зээлийн хүү дээр үндэслэв. 2006 оны 3 сарын байдлаар хүүгийн хэмжээ 0.07%-0.7% орчмаар нэмэгдсэн/
Кредит Зээлийн Сарын 30 жилийн турш төлөх
оноо хүү төлбөр нийт хүүгийн төлбөрийн хэмжээ
720-850 5.793% $1173 $222.141
700-719 5.918% $1189 $227.888
675-699 6.456% $1258 $253.008
620-674 7.606% $1413 $308.671
560-619 8.531% $1542 $355.200
500-559 9.289% $1651 $394.362
Дээрх хүснэгтээс харахад хэрэв таны FICO 720 бол ойролцоогоор 5.7%-ын хүүтэй зээл олгогдоно. Хэрэв таны FICO 550 бол таньд 9,2% буюу түүнээс дээш хүүтэй зээл олгодох магадлалтай. Энэ нь 4 орчим хувиар илүү хүү төлөх буюу жилд $5736, 30 жилд $172,221 илүү төлбөр төлнө гэсэн үг. Дээрхийн адил кредит онооноос чинь таны амьдарч байгаа муж дахь банк санхүүгийн байгуулагын төрөл бүрийн зээлийн хүү, сарын төлбөр хэрхэн хамаарахыг тооцоолж үзэхийг хүсвэл www.myfico.com сайтын тооны машин /Сalculator/ хамгийн сүүлийн үеийн өгөгдлийг ашиглаад таньд бодоод өгнө. Дашрамд дурдахад байшингийн гэх мэт томоохон зээл авах гэж байгаа хүмүүс зээлдэгчдээс “хурдан оноогоо нэмэгдүүлэх” /rapid rescoring/ хүсэлтийг тавибал тэд боломжийн үнээр хэдхэн өдөрт алдааг чинь арилгаж оноог чинь нэмэгдүүлэх өгдөг ажээ. 
FICO оноо юунаас хамаардаг вэ?
Үндсэндээ FICO оноо таны нас намба, орлого зарлагаас хамаарахгүй бөгөөд дээр дурдсан агентлагуудад тэмдэглэгдсэн таны төлбөр зээлийн өнгөрсөн түүхээс хамаарч тогтоогддог ажээ. Хэдийгээр бидний хувьд FICO онооны үзүүлэлтийг гаргадаг математик томъёог мэдэх боломжгүй ч хэд хэдэн түлхүүр зарчмыг мэдэж байхад кредит оноогоо хянаад байх боломжтой болно. 
Үүнд:
1. Хамгийн чухал бөгөөд энгийн зарчим бол “Төлбөрөө цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлөх” явдал юм.
FICO онооны хамгийн их буюу 35% нь нээсэн данснуудын төлбөрийн түүхээс чинь хамаарна. Кредит картны болон бусад төлбөрөө хожигдуулах, дутуу төлөх, йр цуглуулах байгууллагад төлбөр чинь шилжих, дампуурал зарлах зэрэг нь кредит жагсаалт дээр бичигдэж шууд л энэ оноонд тусна. Харин нэг сайн мэдээ гэвэл FICO-д зөвхөн ойрын үеийн өр зээл тусах бөгөөд ойролцоогоор 7-10 жилийн дараа кредит тайлангаас хасагдах боломжтой юм. Америкт ирсэн анхны Монголчуудын зарим нь мэдэж ойлгоогүйгээс кредит оноогоо муутгаж улмаар нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Гэвч Оросын дуучин Валерий Леонтьев “Доктор-Время” гэж дуулдаг шиг цаг хугацаа гэдэг эмч тэдгээр хүмүүсийн анхны муу бичлэгүүдийг эхнээс цэвэрлэж эхэлж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд болон цаашдаа дахиж өр төлбөрийн зөрчил гаргахгүйгээр явбал яваандаа кредит түүх нь цэвэрлэгдэж FICO онооны нь 35% нь өснө гэсэн үг юм. 
2. Дараагийн FICO оноог өсгөх зам бол “credit utilization” буюу “зээлийн хэрэглээ”-ийн хамгийн бага зэргийг тогтоох гэж нэрлэгддэг арга ордог байна.
Энэ нь кредит кард тус бүрээс боломжит зээлийн тодорхой хувийг л ашиглана гэсэн үг юм. Урьд нь хүмүүс кредит картныхаа зээлийн хязгаарыг хүргэж зээл авч байвал оноонд сайн байдаг гэсэн буруу ойлголттой байсан бөгөөд харин ч эсрэгээр буюу кредит картнуудаас зээлийн хязгаарын 50% буюу түүнээс дээшийг хэрэглэхэд л та эрсдэлтэй хэрэглэгч гэж тооцогдож кредит оноо чинь буурдаг байна. Жишээ нь, хэрэв та 1000 долларын хязгаар бүхий 4 карттай байлаа гэж бодвол хэдийгээр сар бүр байнга төлдөг ч тус бүрд 500 доллараас дээш баланстай байлгах нь ухаалаг хэрэг биш болно. Нэг картдаа их төлбөрийн үлдэгдэлтэй байснаас олон карданд бага төлбөртэй байсан нь дээр юм байна. “Сredit utilization”-ын зэрэг нь “нийт өр” гэсэн гарчгийн дор кредит жагсаалтанд орох ба FICO онооны 30 хувь нь үүнээс хамаарна.
3. Дараагийн чухал зарчим бол FICO-ын 15%-ийг бүрдүүлдэг кредит түүхийн урт юм.
өөрөөр хэлбэл шинээр нийгмийн даатгалын дугаар авч байгаа хүмүүс эртхэн энгийн кредит карт, эсвэл бензин түгээгүүрийн картаар кредит түүхээ эхэлбэл цаашид оноогоо гайгүй байлгахад нэмэртэй гэсэн үг юм. Кредит картын хувьд шинэ карт нь хуучин картуудыг орлож кредит түүхэнд бичигдэхгүй л бол эрт нээлгэсэн картуудаа аль болохоор хаалгахгүй ашигласан дээр гэнэ. Хэрэглэхгүй байгаа картнуудаа хаалгах нь богино хугацаанд оноонд чинь муугаар нөлөөлөх тул ялангуяа томоохон зээл авахын өмнөхөн яаравчлан данснуудаа хаалгах буруу гэж санхүүгийн зөвлөгч нар зөвлөж байна. Нөгөө талаас хэрэглээгүй картанд чинь зарим компаниуд inactivity fee буюу хэрэглээгүйн төлбөр суутгаж магадгүй тул картаа хадгалах нь бас л буруу болно. Иймд хамгийн урт түүхтэй картуудаа /санхүүгийн зөвлөгч нар кредит картны хамгийн оновчтой хэмжээг 3-5 гэж үздэг/ үлдээгээд бусад картны төлбөрийг төлөөд картныхаа компанидаа захиа бичиж дансаа хаалгах хэрэгтэй ба захиандаа “хэрэглэгчийн хүсэлтээр хаав” гэдэг тодорхойлолтыг кредит түүхдээ оруулж өгөхийг хүсээрэй. Мөн төрөл садан, найз нөхдөөс чинь өөрийн удаан хугацаагаар хэрэглэгдэж байгаа, сайн баланстай кредит картны дансандаа таныг зөвшөөрөгдсөн хэрэглэгчээр /authorized user/ бүртгүүлэхийг зөвшөөрвөл энэхүү данс таны тайланд багтаж оноог чинь дээшлүүлэх болно. Гэхдээ энэ нь зөвхөн кредит картанд л хүчинтэй бөгөөд өөр төрлийн зээлийн хувьд таны оноо нэмэгдэхгүйг анхаараарай. 
4. Сүүлийн 20% бол шинэ данс нээсэн байдал болон зээлийн төрөл олон эсэхээс хамаарна.
Богино хугацаанд шинэ зээлүүдийн данс нэмэх нь хэрэглэгчийг зээлдэгчид илүү эрсдэлтэй харагдахад хүргэдэг байна. Иймд том зээл авахын өмнө жилийн дотор жижиг хэмжээний зээлийн данс битгий нээгээрэй. Жишээ нь, ойрын хэдэн сард машин, байшин зэрэг томоохон зээл авах гэж байгаа хэрэглэгчийн хувьд баярын үед худалдан авалтандаа нэлээд хувийн хямдрал өгөх дэлгүүрийн зээлийн картуудын өрөгдлийг бөглөхийнхөө өмнө сайн бодоорой. Мөн нэг төрлийн зээлтэй буюу зөвхөн кредит кардуудын зээл байснаас машин юм уу байшингийн зээл зэрэг зээлийн олон төрөлтэй байвал FICO оноонд /10%/ сайнаар нөлөөлнө. Санхүүгийн зөвлөгчид томоохон зээлийг боломж байвал банкнаас авахыг зөвлөдөг бөгөөд санхүүгийн компаниас авсан зээл FICO оноог бууруулах муу талтай ажээ. 
5. Эцэст нь нэг анхаарах зүйл бол банк болон зээлдэгч байгууллагуудын кредит шалгах хүсэлт бүр таны FICO оноог 2 оноогоор унагаах тул олон газар хандаж кредитээ шалгуулахаас болгоомжлоорой.
Харин өөрийн тавьсан хүсэлтэнд оноо унадаггүй бөгөөд машин болон байшингийн зээл олгогч байгууллагуудын 45 хоногийн дотор ирүүлсэн бүх хүсэлтийг таныг худалдан авалтандаа сонголт хийсэн гэж үзээд нэг удаагийн хүсэлт гэж тооцно гэж кредит тайлангийн товчоодын мэдээлэлд дурдсан байна. Гэвч шуудангаар ирдэг болон энд тэнд гуйж бөглүүлдэг банк болон бусад байгууллагын кредит картны хүсэлтийг бөглөснөөр та тэдэнд кредитээ шалгах эрхийг өгнө. Тэдгээрийн хүсэлт бүр таны оноог унагаахаас гадна кредит тайланд бичигдэж үлдэх тул зээлийн хэт их хүсэлт тавих нь зээлдэгчдэд таныг эрсдэл ихтэй харагдахад хүргэдэг. Хэрэв та байшингийн зэрэг томоохон зээл авахынхаа өмнө хүүг тандах гэж зээлийн байгууллагад хандаж байгаа бол өөрийн хэвлэж авсан тайлангийнхаа хувиа өгч болох юм. Түүнчлэн California, Louisiana, Texas, Vermont мужуудад хэрэглэгч өөрийн хүсэлтээр кредит тайланд нэвтрэх боломжийг зогсоож болдог хуулиар олгогдсон эрхтэй юм байна. Үүний тулд хэрэглэгч гурван кредит товчоод тус бүрт тодорхой төлбөрийн хамт захиа бичиж бүх кредит шалгах хүсэлт бүрт татгалзахыг хүсэх хэрэгтэй юм байна. Энэ талаар California-ийн оршин суугчид www.privacy.ca.gov сайтаас мэдээлэл аваарай.
Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
Нэгдсэн улсын хуулиар өнгөрсөн жилээс эхлэн хэрэглэгч бүрийг кредит тайлангаа дээр дурдсан гол гурван кредит товчоодоос тус бүрээс нь жилд нэг удаа үнэгүй авах эрхтэй болгосон билээ. Үүний тулд www.annualcreditreport.com сайт руу орж онлайнээр захиалан дор нь үзэж болох төдийгүй тус бүрд $4-$8 төлснөөр өөрийн FICO оноонуудаа ч мэдэх боломжтой юм.
Түүнчлэн 1877-322-8228 дугаарын утсаар захиалах болон
Annual Credit Report Service, P.O. Box 105281, Atlanta, GA-30348-5281
хаягаар средит түүхээ авах хүсэлтээ илгээснээр 15 хоногийн дотор шуудангаар авах боломжтой юм.
Анхаарах зүйлс:
- Зарим хувийн кредит ангентлагууд өөрсдийгөө албан ёсны мэтээр рекламдах тул болгоомжтой байж зөвхөн дээрх сайт буюу хаягийг ашиглах /бага зэргийн үсгийн зөрүү л буруу хаяг уруу авчаачих магадлалтай/,
- Түүнчлэн дээр дурдсан 3 товчоод кредит-хянах үйлчилгээ /жилд $100-ээш үнэтэй/ зэрэг онц хэрэгцээгүй үйлчилгээг авахыг санал болгодог тул хэрэгцээгүй үйлчилгээ худалдан авахгүй байх,
Саяхны санал асуулгаар кредит тайлангийн 80% алдаа агуулдаг гэж гарсан тул хэрэглэгч бүр кредит тайлангаа сайтар нягтлан үзэж худал хуурамч өр зээл бичигдсэн эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй юм. Төлбөрийн түүхэнд эргэлзээтэй болон худал зүйл бичигдсэн бол зээлдэгч болон тайланг мэдээлэгч агентлаг уруу яаралтай холбоо барьж алдааг засахыг шаардах хэрэгтэй юм. Үүний тулд бичгээр хүсэлт тавьсан нь илүү найдвартай бөгөөд баталгаа болгож зохих бичиг баримтын хуулбарыг хавсаргаарай. Эдгээр байгууллага нь 45 хоногийн дотор шийдвэрлэж хэрэв таны зөв бол засагдсан кредит тайланг таньд илгээх болно.
Нэмэлт: CreditKarma.comQuizzle.com сайтуудаас зээлийн зарим хэсгээ төлөх, эсвэл нэмж зээл авах, төлбөрөө төлөхгүй бол, кредит дансаа хаах зэрэгт таны кредит оноо чинь хэрхэн өөрчлөглөхийг тооцоолж өгнө. Үүний тулд TransUnion байгууллагаас гаргах таны одоогийн оноо /энэ оноо нь ихэнх зээл санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг онооноос арай өөр/ дээр чинь үндэслэж тооцоолох ба энэ сайтад данс нээхийн тулд таны Нийгмийн даатгалын дугаар хэрэг болох болно. Гэхдээ энэ компаниас мэдэгдэж байгаагаар тэд мэдээллийг хадгалж үлддэггүй гэсэн байна. Хэрэв хувийн мэдээллээ өгөхөөс төвөгшөөж байвал Credit.commyFICO.com зэрэг сайтууд таны оруулах мэдээлэл дээр, тухайлбал өрийн хэмжээ, төлбөрийн түүх болон ойрын үед гарсан кредит түүхийг чинь авах хүсэлтийн тоо зэрэг дээгр үндэслэж таны онооны баримжааг гаргаж өгнө. Мөн та ямар нэгэн өөрчлөлт, жишээ нь өрөө төлөх зэрэгт оноо чинь хэрхэн өөрчлөгдөхийг харж болно. MyFICO сайтаас та TransUnion, Equifax-аас FICO оноогоо 16 доллар төлж авч болох боловч өмнө нь бичиж байсанчлан www.annualcreditreport.com –оос жилд нэг удаа кредит түүхээ үнэгүй авахдаа хямдралтай үнээр дээрх газруудаас оноогоо авах боломжтой билээ. 
Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ?
1.Мэдээлэл цуглуулах.
Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мэдээж кредит түүхээ авч мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх явдал юм. Дээрх 3 товчооны түүх өөр өөр байх тул тус бүрийг хэвлэж аваад доорх дүн шинжилгээг хийнэ. Ямар ямар сайн мэдээлэл болон ямар ямар муу бичилтүүд байна, хаана хэдэн хэмжээний өртэй байна, хэзээ тавигдсан өр байна, тогтмол төлбөр үү эсвэл хүүтэй төлбөр үү, хэдэн хувийн хүүтэйгээр өсөж байна, анхны байгууллагын болон хэрэв өр цуглуулагч байгууллагад шилжсэн бол тухайн байгууллагын хаяг, утас, болон буруу мэдээлэл байгаа эсэхийг шалгах.
2.Төлбөрөө төлөх төлөвлөгөө гаргах.
Хэдийн хэмжээний ямар төлбөр байгааг тогтооно. Хамгийн түрүүнд хамгийн өндөр хүүтэй төлбөрөөсөө эхэлж төлбөрөө хийхээр төлөвлөх. Гэхдээ хэт хуучин өрийг төлөлгүйгээр үлдээсэн нь дээр. Учир нь ойролцоогоор 7 жил орчмын дараа түүхнээс арилах өрийг арилах дөхөж байхад нь төлснөөр paid гэдэг шинэ бичилттэйгээр дахиад 7 жил хадгалагдах болно.
3.Зээлдэгч байгуулагатай тохиролцоо хийх.
Тухайн байгууллагатай холбоо тогтоож хэрэв нэг дор бүгдийг төлөх боломжгүй бол төлбөрийн график гаргаж тохиролцох. Эвтэйхэн ярьж гайгүй нөхцөлөөр өрөө барагдуулах тохиролцоонд хүрэхийг оролдох. Тэгж чадвал тэд торгуулиас чөлөөлөх, хүүг багасгах, сар бүрийн төлбөр хийх хугацаа хэрэглэгчдээ тохируулж өөрчлөх зэрэг хөнгөлөлтийг үзүүлнэ. 
4.Төлбөрийн хоцролтын талаар муу мэдээллийг засварлахыг оролдох.
Зээлдэгч байгууллагаасаа кредит тайлангаас мэдээллийг хасахыг гуйх буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “goodwill adjustment” /сайн санааны засварлал/ хийхийг хүсэх. Үүний тулд маш эелдэг байж энэхүү алдааны цаана хүндэтгэж үзэх шалтгаан байгаагаа дурдаж дахиж ийм явдал дахин давтагдахгүй гэж гуйх нь зүйтэй юм. Мөн зээлдэгч байгууллагатайгаа заргалдаж болох юм. Үүний тулд муу кредит мэдээллээ нотлохыг шаардсан захиа зээлдэгч уруу илгээнэ. Заргалдах хугацаанд тухайн мэдээлэл тайланд байх боловч FICO-д нөлөөлөхгүй байна. Зээлдэгч байгууллага чинь таны кредит тайлан болон таны гомдол чинь дүн шинжилгээ хийж шйидвэр гартал таныг өрөө төлөхөөс түр татгалзуулна. 
5. Хэрэв өөрөө эдгээрийг зохицуулах боломжгүй санагдвал мэргэжлийн байгууллагад хандаж болно.
Кредит зөвлөгөөний компани байгууллагад хандсанаар санхүүгийн төсөв гаргах, төлбөр хийх хуваарь гаргах, зээлдүүлэгчтэй өмнөөс чинь зөвшилцэл хийж аятайхан тохиролцоонд хүргэж өгөхөд тусална. Тэдгээр байгууллагад сар бүр тогтмол төлбөр төлснөөр тэд таны өрийг барагдуулна. Гэхдээ зээлдүүлэгч байгууллага уруугаа утастаж өр төлөгдөж байгаа эсэхийг лавлаж байхгүй бол төлбөр авсан нь ч үндсэн зээлийг чинь барагдуулахгүй яваад байдаг "хулхины" газрууд байдгийг мартаж болохгүй. Зөвлөгөөний төлбөр нэлээд бага төдийгүй үүнийг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр төлөх учиртай. Хэрэв төлж чадахгүй бол төлөх албатай биш гэсэн үг. 
АНХААРАХ ЗҮЙЛ:
Кредит зөвлөх товчоод ашгийн бус байгууллага гэж тооцогддог боловч scam болон нэмэлт хэт их төлбөр авах нь элбэг гардаг тул төлбөрийн талаар ямагт бичгээр гэрээ хийх хэрэгтэй ба гарын үсэг зурахын өмнө ГЭРЭЭГ ГЭРТЭЭ АВЧ СУДЛАХ боломжийг олгохгүй байгаа товчоодтой хамтрах ажиллах хэрэггүй юм. Энэ талаар онлайнээр дараах тусламжийг авч болно.
- Найдвартай, таньд үнэн сэтгэлээсээ өрнөөс чинь гаргахад туслах зорилготой байгууллагыг хэрхэн сонгож мэдэх талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг debtConsolidationRx.com сайтаас олж унших
- Зээлдүүлэгч байгуулагатайгаа хэрхэн зөвшилцөл хийх талаарх “өвдгөөр татсан өрөнд” нэртэй зөвлөгөөг Federal Trade Commission /FDC-Холбооны Худалдааны Хороо/-ын дараах сайтаас авч унших www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/kneedeep.html
- Кредит зөвлөгч товчоодын нэрсийг Association of Independent Consumer Credit Counseling /Бие даасан кредит зөвлөх товчоодын нэгдэл/-ийн www.aiccca.org сайтаас эсвэл National Foundation for Credit Counseling /Кредит зөвлөгөөний үндэсний сангийн/-ийн www.nfcc.org сайтуудаас авах боломжтой. Үүний тулд ядаж 5-аас илүү жил тогтвортой ажиллаж байгаа бөгөөд өрийн төлбөрийн графикаас гадна хадгаламж, зээлийн менежментийн сургалтыг санал болгодог байгууллагыг хайх.
- Дараа нь тухайн байгууллагын талаар өмнө нь гомдол гарч байсан эсэхийг Better Business Bureau-ийн сайтаас http://search.bbb.org/search.html хайлт хийж шалгаарай.
- Эдгээр байгууллагатай гэрээ хийхийн өмнө ямар асуулт тавибал зохих талаар FTC-ын www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/fiscal/htmlсайтаас олж уншаарай.
- Эцэст нь сонгосон байгууллагууд уруугаа утастаж тэдгээрийн өр барагдуулах төлөвлөгөө нь таны бүх өрийг шийдвэрлэж чадах эсэхийг нь асуух. Зарим нь байшингийн зээл /mortgage/, оюутны зээл болон өр цуглуулагч товчоонд шилжсэн дансыг хариуцдаггүй байна. 
Эдгээр дээр нэмж хэлэхэд Америкт ихээхэн өрөнд орсон хэрэглэгчид 2 замаар асуудлаа шийддэг ажээ. Нэгдүгээрт дээрх зөвлөгөөний адилаар кредит тайлангаа сайжруулах, аль эсвэл дампуурал зарладаг байна. Өнгөрсөн жилд гэхэд л 1.5 сая америкчууд өрөө болон зээлдэгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд дампуурал зарласан байна. Гэвч дампуурал зарласан мэдээлэл тухайн хүний файлд нэлээд удаан хугацаагаар хар толбо болж үлдэх тул аль болох нэгдүгээр аргаар асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй юм. Түүнчлэн өнгөрсөн 10 сард нэгдсэн улсын шинэ хууль нь дампуурал зарлах нөхцөлийг чангатгасан байна. Хэдийгээр Монголчуудын хувьд энэ мэдээлэл онц хэрэгцээтэй биш боловч ямар өөрчлөлт гарсан болон дампуурлаа хэрхэн зарлах талаар сонирхохыг хүсвэл “Personal Financial Choices” нэртэй үнэгүй зөвлөгөөг VISA болон Federal Citizen Information Center-ийн сайтаас ушниж болно. Энэхүү зөвлөгөө нь дампуурлын үндэс, дампуурал зарласны дараа хамгийн түрүүнд төлөгдөх төлбөрийн талаар тайлбарласнаас гадна хэвийн байдалдаа хэрхэн орж болохыг төлөвлөх талаар зөвлөгөөг багтаажээ. Дашрамд дурдахад Federal Citizen Information Center-ийн http://www.pueblo.gsa.gov/ сайтаас эдгээр болон хэрэгцээт төрөл бүрийн ангилагдсан мэдээлэл материалыг үнэгүй уншиж болно.

No comments:

Post a Comment