Нэгэн сонирхолтой туршилтын дүн анх 2014 онд нэр хүнд бүхий Journal of Science-д хэвлэгдсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан билээ. Үүнд залуу хулганы цусны эргэлтийг хөгшин хулгананы цусны эргэлттэй холбоход уг хулганы булчин, тархины ажиллагаа огцом сайжирсан байна. 4 долоо хоногийн дараа булчин тархин дахь үүдэл эсүүд (stem cells) идэвхжиж, шинээр нейрон холбоосууд, булчингийн эдүүд үүсгэх чадвартай болж байсан байна. Мөн залуу хулганы цуснаас гаргасан тусгай уураг, мөн цусыг тэр чигээр нь хөгшин хулганад хийхэд үр дүн нь дээрхийн адил байжээ. Үүгээр тариулсан хөгшин хулгана бусад адил настангуудаа бодвол төөрдөг мэйзээр (maze) илүүтэй хурдан, гүйлтийн машин дээр илүү удаан гүйж байжээ. Харин цусны системүүд холбоотой үед залуу хулгананы эд эс удааширч, наснаасаа өмнө хөгшрөх явц ажиглагджээ. Энэ нь хүн дээр ажиллах эсэхийг туршихаар тухайн жилд төлөвлөгдөж, улмаар ялангуяа алзаймер өвчтэй хүмүүст сайн өөрчлөлт өгөх эсэхийг туршиж байгаа ч одоогоор тийм ч гайхалтай үр дүн өгөөгүй л байна.
Залуу цус залуужуулдаг, алзаймер өвчнөөс сэргийлдэг гэдэг арга барилууд 2017 онд ихээхэн моодонд орж бүр Ambrosia гэдэг нэг компани залуу хүний нэг цусыг $8000, 2 литрийг нь 12 мянгаар гэхчилэн зарж байгаад батлагдаагүй зүйлийг сурталчилж хэрэглэгчдийг урхидсан хэмээн FDA-аас анхааруулга авч үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Шинжилгээгээр зүгээр гарсан гээд хүний цусыг өөрийн бие чинь хэрхэн хүлээж авахыг мэдэхгүйгээр их хэмжээгээр цусны эргэлтэндээ оруулна гэдэг маш их эрсдэлтэй нь мэдээж. Хар ухаанаар бодвол тэрхэн зуураа дусал авах хэмжээний сэргэлт өгөөд нэгэнт л бусад эд эрхтэн хуучин хэвээр тул буцаад хэмжээндээ ордог болов уу гэсэн өнгөц бодол төрж байна. Үүнтэй адилаар хүний нас уртасгах чиглэлийн бизнесийн зах зээл хэдэн зуун тэрбум доллараар хэмжигддэг, тасралтгүй өссөөр байгаа тул хөгшрөлтөнд нөлөөлж байгаа нь тогтоогдсон эд эс, уураг, процессэд чиглэсэн төрөл бүрийн эм, бодис гаргахаар хэдэн мянган эрдэмтэд, компаниуд ажиллаж байгаа нь гарцаагүй.
Гэвч та өнөөгийн шинжлэх ухааны болон уламжлал соёлын түвшинд, магадгүй хэзээ ч энэхүү хайгаад байгаа "ид шидтэй" эм тариа, бэлдмэлийг олж чадахгүй болов уу. Урт, эрүүл амьдрахыг зорилго болгож байгаа бол өөрөөс шалтгаалах амьдралын хэв маягаа зөвөөр өөрчлөхөд хэдэн жил, бүр цаашилбал хэдэн арван нэмэх болоцоотойг шинжлэх ухааны туршилт, судалгаанууд аль хэдийн баталжээ. Үргэжлэл бий.
No comments:
Post a Comment