Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

8/5/19 Эрүүл мэндийн цуврал

Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд ямар нэгэн өвчнийг оншлох, эмчлэх, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх гэсэн зорилгогүй болно. 
"Чи бүгдийг мэдэх албагүй. Харин хаанаас олохоо л мэддэг байхад хангалттай". 
Монголчууд бидний дунд болох юм болдгоороо болно, хортой гэж үзсэн зүйлсээс өөрийгөө хориод яваад байсан хүмүүс эрт үхчихсэн л байдаг, иймээс идэж ууж байгаад үхнээ гэдэг үзэл буюу эрүүл ахуйн хувьд мууд тооцогдох зуршлуудаа хаялгүй, өөрийн эрүүл мэндээ зөнд нь орхих, эсвэл эрүүл мэндийн холбогдолтой зөвлөгөөг өөрийн хэмжээнд анхаарч мэдэрч, мэдлэг боловсролоо дээшлүүлж, эдгээр мэдлэгээ ашиглаж тулгарч болох эрүүл мэндийн эрсдэлүүдийг боломжийнхоо хэрээр бууруулахаар хичээх уу гэсэн хоёр үзэл бодол зөрчилдөн орших нь ажиглагддаг. Миний бие эрүүл мэндийн тал дээр хэт анхаарах (амьдралын гол утга учир болгож зүтгэх), эсвэл эс анхаарах хоёул сайн зүйл биш гэж боддог билээ. Харин хийж болох зүйлийг хийлгүй орхчихоод, нэмэр болох байсан эсэхээс үл хамаараад өнгөрсөн хойно нь оролдоод үздэг байж, тэгдэг байж харамсахыг миний 48-тай-ухаалаг тархи маань зөвшөөрөхгүй.
Нас явахад нэг САЙН тал байдгийг хүмүүсийн зарим нь анзаардаггүй. Энэ нь залуусыг бодвол бид илүүтэй ухаалаг, амьдралынхаа туршид олж мэдэж ойлгосон зүйл их, үүнийхээ ачаар өөрийн эрүүл мэнд, амьдралд аль нь зөв болохыг олж харж чаддагт байдаг билээ. Шинжлэх ухаан ч үүнийг баталдаг. Хөгшрөх тусам бидний тархин дахь айдсын төв, амигдала 2 хоорондох холбоос суларснаар сэтгэл хөдлөл багатай болдог, бидний тархины бодож, төлөвлөдөг төв хэсэг болох урд тархи улам нарийн болж хөгждөг, өөрсдийн амьдралынхаа туршлагаасаа илүүтэй их суралцдаг болдог, амьдралын асуудлаа шийдвэрлэхдээ тархины олон хэсгийг нэг зэрэг ажиллуулдаг зэргээр бид улам ухаалаг болдог аж. Иймээс бид ухаалаг тархиа ашиглаад эрдэмтэн мэргэд, бусад хүмүүийн үгийг сонсоход нээлттэй байж, эдгээр суурь үзэл, зөвлөгөө санамж нь юунаас эхтэйг анзаарч (шашин, хувь хүн, эмч эрдэмтэн гэх мэт), таны хувь хүний онцлог, орчин, зан заншил болон үндэс, гарлын онцлог байдалд нийцтэй эсэх зэрэгт шүүн тунгаасны үндсэн дээр ХЭРЭГЖҮҮЛЖ, бие эрхтэн, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг нь нэгэнт хүн төрөлхтөний түүх, олон жилийн судалгаа, туршлагаар батлагдсан зүйлсийг тогтмол хэрэглээ болгохоос зайлхийж, сэтгэл санаагаа өөдрөг сайхан байлгаж, дасгал биеийн хөдөлгөөнийг тогтмол хийж, хоол ундны балансыг нь барьж амьдарвал өөрт ноогдсон насандаа хүрч, бүр цаашилбал энэ муу биенээсээ ДАХИАД хэдэн жилийг хүүхдүүддээ зориулаад гаргаад ирэх боломж хүн бүрт байдаг гэдэгт миний бие итгэмой. Үүнийг би хувь хүний үзэл бодлоор биш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үүднээс харуулахыг зорьсныг хүлээн авна уу. 
Урт настангууд
Газар зүйн хувьд хаана амьдарч байгаагаар нь тухайн хүний насыг хамгийн зөвөөр таамаглаж болно гэж үздэг. Улсын Статистикийн Газрын мэдээгээр Монголд 2015 онд дундаж наслалт эрэгтэйчүүд 66.0, эмэгтэйчүүд 75.8 жил, гэтэл 2016 онд буурч 2016 онд эмэгтэйчүүд 75.1 эрэгтэйчүүд 65.6 болжээ. Дундаж наслалт нь хамгийн өндөр (84.2) орноор Япон ордог. Хөгжилтэй, хөгжиж буй орнуудын хооронд хүний дундаж наслалтын зөрөө их (өөрийн амьдарч буй улсын болон дурын 2 улсынхыг харьцуулж харахыг хүсвэл дараахь сайтаар ороорой. https://www.worldlifeexpectancy.com), түүнчлэн зөвхөн улс хооронд төдийгүй хот дотор хүртэл дундаж наслалтын хооронд ихээхэн зөрөө байдаг нь агаарын бохирдол, эрүүл хүнс, амралтын ногоон парк болон эрүүл мэндийн үйлчилгээ авах бололцоо боломж болон нийгэм эдийн засгийн нөхцөлүүд болох арьс үндэс зэрэг хүртэл нөлөөллөөс болдог гэдэг. Жишээ нь, Чикаго хотод Африк Америкчууд ихээр оршин суудаг Өмнөд хэсэгт дундаж наслалт хамгийн бага, баян иргэд оршин суудаг районд түүнээс даруй 30 насаар илүүтэйг статистикийн тоо баримт харуулжээ. Тэгвэл дэлхийд хаана амьдарвал урт наслах вэ?
1825 онд Их Британий Benjamin Gompertz гэдэг хүн хүний наслалтын хууль гэдгийг гаргаж ирсэн нь одоог хүртэл Америкийн ЗГ-ийн нийгмийн даатгал, US Centers for Disease Control байгуулагуудын тооцоонд ашиглагддаг. Энэ хуулиар бол хүний үхэх магадлал 8 жил тутамд 2 дахин ихэсч байдаг. Алдартай физик, шинжлэх ухааны блог болох Gravity and Levity дээр Gompertz хуулиар 100 хүрэх магадлал нь 0.4 хувьтай байна. https://forio.com/…/si…/mbean/death-probability-calculator/…
https://gravityandlevity.wordpress.com/…/on-the-fairness-o…/
Гэтэл энэ ерөнхийд хуулиас "гадуур" хүмүүс дэлхий дээр амьдарч байна. Сэтгүүлч, зохиолч Дан Бютнэр (“Blue Zones Solution: Eating and Living Like the World’s Healthiest People”, Dan Buettner) Японы Окинова (Okinawa), Коста Рикагийн Никояа Пенинсүла (Nicoya Peninsula, Costa Rica), Италийн Сардиния (Sardinia), Калифорнийн Лома Линда (Loma Linda), Грекийн Икария (Ikaria) гэсэн 5 газруудыг дэлхийн хамгийн олон өндөр настангуудтай гэж тодорхойлж Хөх бүсүүд буюу blue zones гэж нэрлэжээ. Эдгээр нутгуудын иргэд 90, 100, бүр 110 хүрэх нь ердийн үзэгдэл. Эдгээр нь бүгд өндөр хөгжилтэй баян улсууд биш юм. Жишээ нь Коста Рика нь газар тариалан эрхлэгчид голдуу амьдардаг, ядуу оронд тооцогддог боловч 2005 онд хүн ам зүйч Луис Росеро-Биксвигийн (Luis Rosero-Bixby) судалгаагаар хэрэв 60 нас хүрсэн бол Коста Рикачууд дэлхий дээрх хамгийн өндөр наслах магадлалтайд ороод явчихдаг, түүний дотор Никояа Пенинсүлагийн настайчууд бусад иргэдээ бодвол дунджаар 3 насаар илүү насалдаг гарчээ. Яагаад гэдгийг нь судлахаар Станфордын Давид Рикорт (David Rehkort) тэргүүтэй эрдэмтэд Никояа Пенинсүла нутгийн 60 дээш насныхны ДНХ-ын дээжийг авч тэдний теломерийн уртыг хэмжихэд бусад Коста Рикачуудынхаас хамаагүй урт, дунджаар 81 суурь хосоор буюу зүйрлэж хэлбэл тамхинаас гарах, бие тамир, хөдөлгөөний өгдөг ач холбогдлын хэмжээний зөрүү гарчээ. Энэ нутгийхны өндөр наслалтыг тэдний үндэстний хэлц үг болох "pure vida" буюу цэвэр амьдрал гэж үзжээ. Коста Рика нь үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээтэй, байнгын зэвсэгт хүчингүй, Төв Америктаа хамгийн өндөр бичиг үсэг тайлагдсан, олон арван жилийн түүхтэй ардчилсан улсд ордог ба хөрш зэргэлдээ бусад улсаа бодвол хээл хахууль, коррупц, хар тамхины болон иргэний дайнаас харьцангуй зайдуу байдаг улс юм. Эхний хэсэг нь Монгол шиг сонсогдож байгаа биз? Судлаачдын үзэж байгаагаар тэдний амьдралын хурд нь тайван удаан, ургамлын гаралтай хоол голчлон иддэг, гэр бүл, найз нөхдөөр хүрээлүүлсэн, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг, зорилготой амьдардаг нь тэдний урт насалдаг шалтгаан гэнэ.
Манай улстай арай ойр бөгөөд хэдийгээр Хөх бүсэд ордоггүй ч Хятадын Ругао (Rugao) хотод 300 гаруй 100 гаруй настангууд, 4000 гаруй 90 гаруй настангууд амьдардаг юм байна. Хүмүүсийн урт наслалтын нууцыг хотын захиргаанаас нь үзэж байгаагаар “Эндхийн хүмүүс бусад хятадуудын адил цагаар ажиллаж хөдөлмөрлөдөг. Гэсэн нь ажлын дараагаар Бонзай ургуулж арчилж, цаасан шувуу хөөргөж, дуу дуулж, бүжиглэж, спорт тоглоом тоглодог. Органик гаралтай хүнс хэрэглэж, хөгжилтэй амьдардагт юм” гэжээ. Харин урт настангуудын өөрсдийнх нь хэлж байгаагаар сайхан сэтгэлтэй, тархи биеэ хоёуланг нь идэвхтэй байлгах, гэр бүлтэйгээ ойр байх гэнэ. 105 настай хөгшин Хан “Чи толгойгоо их ажиллуулж ходоодоо аль болох хоосон байлгах хэрэгтэй. Их идэж ерөөсөө болохгүй. Ялангуяа шөнө. Би загас, ногоо их иддэг. Тос бага хэрэглэдэг.”, 102 той хөгшин Пэнг “Би их хөдөлдөг, өөрөө бүгдийг хийдэг. Талбай дээр бүжиглэх хүмүүсийг алхаж очиж хардаг. Би тамхи татаж, архи уудаггүй байсны ачаар хүнд өвчин тусч байгаагүй. Бас би хүн үрүү хэзээ ч уурладаггүй. Тогтмол уудаг багваахай цэцгийн (dandelion tea) цайгаа залуу насны элексэр гэж үздэг” гэсэн бол 102 настай Пинг шал гэрээ тогтмол өөрөө цэвэрлэдэг, шатаар өөрөө өгсдөг, гадагшаа гарч шинэ найзуудтай болдог гэсэн ба үдээс хойш тогтмол уудаг нэг аяга будааны вино л удаан наслуулдаг гэж үзжээ. Эдгээр хөгшчүүл янз бүрийн хоолны дэглэмтэй байсан ба өдөр бүр нэг хоёр хундаг будааны вино уучихдаг, чихэр тогтмол иддэг, бүр тамхи татдаг хүмүүс ч байсан байна. Тэднийг үр хүүхдүүд нь асарч халамжилдаг, ерөнхийдөө сайхан сэтгэлтэй, зөөлөн зантай хүмүүс гэж дүгнэжээ.
Үүний адилаар Хөх бүсийн нутгийхан дотно харилцаатай коммунитид амьдардаг, хөдөлгөөн, идэвхтэй амьдардаг, ногоо ихтэй хоол иддэг нь түгээмэл ажиглагдсан хэмээн дээр дурдсан сэтгүүлч Дан Бютнэр бичжээ. Жишээ нь Икария арлынхан жимс ногоо, загас, бүтэн үрийн бүтээгдэхүүн (whole grains) тогтмол хэрэглэдэг, өдөр унтаж амардаг, арал нь ерөнхийдөө уулархаг тул өгсөж уруудаж нь тэдэнд дасгал болдог аж. Түүнийхээр эдгээр бүсийхнийг урт наслахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн чухал 9 зан заншлууд гэвэл:
1. Хөдөл. Тэдний ихэнх нь яг бие тамир спортоор хичээллэдэггүй ч тэдний өдөр тутмын амьдрал нь үргэлж хөдөлгөөнтэй. Зүлэг ногоогоо янзална, хоол хийнэ, талх барина, гэр дэлгүүр үрүү алхах гэх мэт. Бидний хувьд бол зохион байгууллалттайгаар дасгал хөдөлгөөн хийхээс өөр аргагүй. Дасгал бие тамир нь хүнд дунджаар 4.5 нас нэмдэг.
2. Сэтгэл санаа нийлдэг хүмүүсээ олох. Урт настай хүмүүс өөрийгөө эрүүл аж төрдөг найз нөхөд, хамт олноор хүрээлүүлсэн байдаг гэжээ. Окинава арлын урт настангуудад “maoi” гэж нэрлэдэг групп андуудтай байдаг аж. Калифорнийн Редондо Бийч хотод Жон Эделман гэдэг хүн эхнэрийн хамт далайн эргээр алхдаг моай үүсгэжээ. 40-80 гаруй насны 13 хүн 7 хоногт 4 удаа өдөрт 4 майл алхаад одоо бараг 10 жил болж байгаа гэнэ. Эрүүл мэндийн зуршил зөв ч бай, буруу ч зуршил бай эргэн тойрны хүмүүст амархан халдварладаг.
3. Ногоо жимс их ид. 100 орчим настангуудын хоолны дэглэмийн 95 орчим нь ургамлын гаралтай. Тэд мах бага иддэг бөгөөд ихэвчлэн загас иддэг гэжээ. Их Британид 65 мянган хүмүүс дээр 12 жил хийсэн судалгаагаас өдөрт 7 болон түүнээс дээш порц (serving) ногоо жимс иддэг үхлийн шалтгаанаар дээгүүрт ордог зүрх судасны өвчин, хорт хавдраар нас барах магадлалаа 25-31 хувиар бууруулдаг гэж гарчээ. University of Southern California-ийн Longevity Institute-ийн захирал, Valter Longo, PhD “Амьтны гаралтай уураг нь хөгшрөлийг уртасгадаг 2 бүлэг генийг идэвхжүүлдэг” гэжээ. Тус байгууллагын судалгаагаар мах ихээр хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдэг хүмүүсийг бодвол хорт хавдар тусах, нас барах магадлал өндөртэй гарчээ.
4. Бага ид. Мөн Окинава арлын урт настангууд хоол идэхдээ 2500 жилийн настай Күнзийн сургаал болох hara hachi bu буюу гэдэс нь 80 хувь дүүрмэгц хоолоо идэхээ зогсохоо үргэлж өөрсдөдөө сануулж байдаг. Хөх бүсийнхэн өглөө хамгийн их хоолоо, орой хамгийн бага хоолоо иддэг.
5. Тохируулж уу. Тэдний ихэнх нь өдөрт 1-2 хундага дарс уудаг заншилтай байсан аж
6. Окинава арлынхны хэлдгээр Ikigai буюу “Өглөө босдог шалтгаан” нь дуртай сонирхолтой зүйл, хобби, ажил, мэргэжил, сайн үйлсийн ажил ба энэ нь тэдэнд амьдралд нь утга учрыг өгдөг. Сүмдээ дуулах, хүүхдүүдэд хичээл заах, тоглоом гараар урлах, бусдад туслах гээд олон зүйлд тэд оролцдог аж.
7. Амарч тайвшир. Залбирах, дуг хийх, хундаг дарс шимэх гэхчилэн стресс бухимдлаа арилгаж бай.
8. Итгэл бишрэлтэй бай. Ямар шашин байхаас үл хамааран тэдний ихэнх нь сард 4 удаа шүтлэгт үндэслэсэн үйл ажиллагаанд оролцдог
9. Хайрын хүч. Гэр бүл, хань,аав ээж, өвөө эмээгээ санаа тавьж хайрлах. 
Дээрх жишээнүүдээс харахад газар зүйн байрлал гэхээсээ илүүтэй стресс, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэг нь хүний хөгшрөлтийг хурдасгах гадаад хүчин зүйлүүд болдог бол мөн эсрэгээрээ бас үнэн аж. Генээс гадна бидний амьдралдаа үзэж өнгөрүүлсэн зүйлс, амьдралын нөхцөл байдал биднийг хэд наслахад томоохон нөлөөг үзүүлэх ба энэ нь ДНХ-ийн дараалалд ямар нэгэн өөрчлөлт үзүүлэхгүйгээр генүүдийн үйлчилгээ, үүргийг өөрчилж орхидог байх нь. Үүнийг epigenetic traits буюу эпигенетик төлөв гэж нэрлэдэг. Өөрөөр урт настангуудын эпигенетик цаг нь дундаж хүнийхээс удаан гүйх бөлгөө. Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment