Органик буюу химийн бодисоор бордоогүй ногоо жимс аль болохоор идэж хэрэглэх, бүр боломжгүй бол ядаж бохир 12 гэж нэрлэгддэг хамгийн хортой эсвэл ихээр химийн бордоо хэрэглэгддэг алим, гүзээлзэгэнэ, усан үзэм, сэлэри (celery), тоор (peach), бууцай (spinach), болгар перц (bell pepper), нектар (nectarines), өргөст хэмх, интоор (cherry), улаан лооль, снап вандуй (snap peas), төмс зэргийг аль болох органикаар нь авч байхыг хичээгээрэй. Химийн бодис хорны талаар би нэлээд олон жил бичиж байна. Химийн бордоо, бодисны хор нөлөөлийн доорх жишээ сайн харуулдаг бөгөөд анх Smithsonian сэтгүүлээс 2013 онд уншиж байснаа хадгалж үлдээсэн байснаа өнөөдөр энд оруулж байна. Вашингтоны их сургуулийн эрдэмтэн Michael Skinner 2005 оноос ажиллаж ирсэн туршилтаараа хөдөө аж ахуйд хэрэглэгддэг vinclozolin гэдэг үржлийн эрхтэнд муу нөлөө үзүүлдэг (үүнд өртөгдсөн амьтны үр төл насанд хүрэх үед спермийн хэмжээ нь харьцангуй бага байдаг) гэгддэг химийн бодисыг нэгэн хулганы биед хийжээ. Гэхдээ түүний туслах санамсаргүйгээр энэ хулганы 3 дахь үеийн төлийг үржилд оруулж 4 дэх үеийг гаргаж орхисон нь түүний шинжилгээний ажлыг өөр чиглэл үрүү хөтөлж үр дүн нь эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан билээ. Энэхүү туршилтаар өндөр хэмжээний хорт химийн бодисыг жирэмсэн хулганад хийхэд хорт бодис гэдсэн дэх ургын эсийг шинээр программчилж өндөг (эмд), спермийн (эрд) эсэд үлджээ. 2 дахь үе дээр хулганы үр төл нь хордсон үрээс үүсэлтэй тул гэдсэндээ байхдаа аль хэдийн өвчинд өртөх эрсдэлтэй болчихсон байна. 4 дэх үеийн хулгана нь эрдэмдтийн хувьд маш шинэ үр дүнг харуулсан бөгөөд хэдийгээр энэ үеийн хулгана тухайн химийн бодистой хэзээ тулгарч байгаагүй ч нэгэнт шинээр программчлагдсан эсээс үүдэлтэй тул аль хэдийн өвчлөх магадлалтай гарсан байна. Тэд энэхүү туршилтаа 15 удаа дахиж давтаж хийссэн нь ч 4 дэх үеийн хулгана сперм хэт багатай төрж өвчинд аль хэдийн өртсөн гарсан байна. Энэ бүгдээс үзэхэд хэрэв буурай аав ээж нь (өвөө эмээгийн аав ээж нь) ямар нэгэн хортонд өртөгдсөн бол 4 үеийн хүүхдэд өвчний шинж тэмдгүүд илрэх бололцоотой гэсэн үг юм.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment