“Орчин үед ямар хүн бензингүй болж машинаа зогсоодог байнаа?”
Энэ гарчгийг хараад та бүхний толгойд бензин чинь дууслаа гээд анхааруулга өгөөд бэлээхэн гэрэл асаад өгч байхад бензин авахгүйгээр хэн тэгж тэнэгтэх вэ гэж бодол төрж байгаа биз. Өчигдөр орой манай нөхөр Манда чиний машины бензин дуусаад гэрэл чинь ассан шүү гэж анхааруулж байна. Ойр зуур гарахдаа мний машиныг унадаг юм л даа. Би, өө хэзээ асаа вэ гээд л өнгөрөөх гэтэл би ямар чам шиг гэрлээ асаатал давхидаг биш гээд авч өглөө. Үнэхээр ч би холын замд гарахын өмнө биш л бол гэрэл нь асахаас нь өмнө авдаггүй л дээ. Гэвч өнгөрсөн зун болсон явдал санаанд буугаад ирлээ. Idaho муж Buhl хотод өвөөгийнд очиж амарчихаад бид хэд гэр үрүүгээ давхиж явсан юм. Нийтдээ 8 цаг явахаас замын дунд Nevada муж дөнгөж орж ирээд давхиж явахад нь бензины зүүг харвал E үрүү дөхсөн харагдаж байна. Эрэгтэй хүнд машин барьж явахад нь юм зааж болохгүй дүрмийг зөрчөөд бензин дуусч байна шүү гээд хэлээд тавьчихлаа. Дуугарсангүй. Бодвол заалаа гээд дургүй байсан биз. Хурдны замаас гарсангүй давхисаар л байна. Дахиад юм хэлсэнгүй ээ. Машин тар тур гээд л удаашраад ирлээ. Замаас л гараад зогслоо. Хажууд дараагийн exit бензин түгээгүүрийн газар байгаа гэсэн тэмдэг харагдана. 30 минутын дараа Мандаг машиндаа суулгаж бензин түгээгүүрийн газраас бензин авахуулаад буцаагаад бид нар дээр авчирч өгсөн хүнд баярласнаа илэрхийлээд дуугүйхэн хөдөлцгөөлөө. Миний дотор ч юм буцалж байсан ч ядраад юм хэлсэнгүй унтаад өгсөн. Энэ явдлыг жишээ татаж зөрөлдөх гэснээ болилоо. Харин хэлсэн үг нь гэнэт миний “сонирхлыг” татлаа.Чи машиндаа дандаа асаагүй байхад нь авдаг юм уу гэвэл дунд хавьд очихоор нь авдаг гэж байна. 10-аад жил цуг амьдрахдаа одоо л мэдэж байгаа юм байна. Энэ нь надад нэгэн бодлыг төрүүллээ. Хар багаасаа эрсдэл хийж хожиж, хожигдож яваад ухаан суухын хэрээр магадлал өндөртэй эрсдэл хийдэг болсон миний бие хэр баргийн юманд хөдлөх дургүй гэрийнхээ уужуу хэдэн “залуучуудыг” эндхийхний хэлдгээр “comfort zone” буюу тав тухтай байдлаас нь байсхийгээд гаргаж “эрсдэл” үрүү түлхэх гэж хичээдэг болсон билээ. Эрсдэл гэхээр том юм битгийн төсөөлөөрэй. Одоо амжихгүй байх, чадахгүй байх, хэцүү байх гэх мэт тайлбартай тэмцдэг гэх үү дээ. Харин манай нөхрийн хувьд надаас ялгаатай нь урьдчилж санаа зовдог нь давамгайлна. Бодвол айл гэр нуруун дээрээ авч яваа болохоор ч тэр биз. Тэрнээсээ болоод урьдчилж бухимдана. Тэгээд намайгаа “хатгана”. Урьдчилж санаа зовно гэснээс, саяхан “Stumbling on Happiness” гэдэг нэгэн сэтгэл зүйчийн бичсэн номноос нэгэн сонирхолтой зүйл олж мэдсэн юм. Хүний тархины урд хэсгийг тархины хамгийн ач холбогдолгүй хэсэг гэж саяхан хүртэл үздэг байжээ. Учир нь 1848 онд нэгэн төмөр замын ажилчин хацраасаа тархи уруу нэвт төмөр шонгоор сүлбүүлснэс тархины урд хэсгээс нэлээд хэсгийг нь авчихжээ. Гэсэн ч тэрээр амьд гарснаар барахгүй сэтгэл санаа, мэдрэлийн ямар нэгэн гажиг гаргалгүй хэвийн амьдралаар амьдарсаар нас барснаас үүдэж сэтгэл зүйчид ийм дүгнэлтэнд хүрсэн байжээ. Харин 30-аад оны үед Португалийн эмч Egas Moniz /49 онд Нобелийн шагнал эрүүл мэндийн чиглэлээр хүртсэн/ ширүүн зантай өвчтөнүүдээ эмчлэхийн тулд химийн болон механик аргаар урд тархийг гэмтээдэг мэс заслын аргын талаар судалж эхэлжээ. Энэ аргыг урьд нь сармагчин дээр туршсан байсан бөгөөд хоол унд өгөхгүй удахаар нэлээд ширүүн зантай болдог сармагчингууд ийм мэс засал хийлгэсний дараа нэлээд тайван болдог нь батлагдсан байжээ. Ингээд мэс засал хийлгэсэн өвчтөнүүд маш тайван болсноос урд тархигүй байсан нь хүнд дээр юм байна гэсэн ойлголтонд хүрчээ. Нэлээд хугацаанд ийм мэс засал түгж байтал нэгэн үр дагавар нь илэрсэн байна. Урд талын тархиа гэмтээсэн өвчтөнүүд хэдийгээр мэдрэл, сэтгэл санаа, оюун ухааны хувьд ямар ч өөрчлөлт гаргаагүй ч ямар ч төлөвлөх чадваргүй болдог нь батлагдсан байна. Маргаашийн талаар маш энгийн асуултанд ч хариулж чаддаггүй байна. Жишээ нь маш хэцүү оюун ухааны тестийг давсан нь ч үдээс хойш юу хийх гэж байна гээд л асуувал юу ч хэлж чаддаггүй байна. Энэ бүгдээс харахад хүний бухимдлын үндэс нь ирээдүй, маргаашдаа санаа зовсноос үйдэлтэй бөгөөд иймээс ч нөгөө сэтгэл санаагаа тайван байлгах, бясалгал хийх үндэс нь одоо байгаа цаг минутандаа амьдар гээд байдаг байхнаа даа. Гэсэн нь ирээдйүгээ бодохгүй байх нь хүн гэдэг амьтны хувьд тийм ч амар биш зүйл нь ойлгомжтой билээ.
За ингээд элдэв нуршсан зүйлээ орхиод нөхөр бид 2-ын талаар үргэлжлүүлбэл бидний эрс ялгаатай зангууд нь энэхүү жижигхэн зүйл дээр, бензин авах дээр л харагддаг байна шүү гэж бодсон юм. Харин гарчгийн хувьд зарим үед, зарим нэг хүнд тохиолдолдож болдог юм байна гэж хэлэх гэсэн юм. Хэ хэ хэ.
Wednesday, September 19, 2012
Subscribe to:
Posts (Atom)