Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, May 18, 2012

Нэртэй сургуулиудын хичээлийг онлайнаар- Ирээдүйн дээд боловсрол

Бүтэн 2 сар блогтоо юм бичээгүйдээ уншигч та нараасаа уучлалт хүсье. 2 сарын өмнөөс, бүр нарийвчилбал цагаан сараас хойш нэг шинэ юм эхлэх гээд /бизнес/ зогсоо завгүй гүйж байна /Wish me good luck/. Ингээд ажил маань жигдрээд ирэхээр дахин бичиж эхлэнээ. Хэр баргийн хүн орж сураад байдаггүй Америкийн нэр хүнд бүхий сургуулиудын багш нараас дэлхийн нийтэд хүртээл болгож оруулж байгаа үнэ төлбөргүй онлайн хичээлийн талаар маш сонирхолтой мэдээллийг оруулж байна. Би ч гэсэн ганц, хоёр хичээлд нь бүртгүүлэх бодолтой байна. Монголчууд маань нэлээд хичээл авна гэдэгт найдаж байна. Монголын дээд сургуулиуд хүчтэй өрсөлдөгчтэй болохнээ.

Калифорний нэр хүнд бүхий Станфордын их сургуулийн компьютерийн туслах профессор Andrew Ng-ийн бусадтай хамтран үүсгэн санаачилсан Coursera.org сайтаараа дэлхий даяар тархан суугаа оюутнууддаа лекц хичээлээ заагаад зогсохгүй хичээлийг  даалгавар өгч, асуултанд хариулж, цаашид курсаа дуусгасан хүүхдүүдэд сертификат олгох бодолтой байна. Тэрээр сургууль дээрээ бол 400 оюутнуудад л хүрч зааж чаддаг бол түүний онлайн хичээлд өнгөрсөн улиралд 100 000 оюутнууд бүртгүүлсэн нь хэрэв ийм тооны оюутнуудад сургуульд дээрээ заасан бол даруй 250 жил зарцуулагдах байсан гэж тэрээр өгүүлжээ. Жилээс жилд дээд боловсролын сургалтын зардал нэмэгдэж, түүний хажуугаар ажлын байрны хэрэгцээ шаардлага өндөржсөөр байгаа үед техник технологитой ойр шинэ үеийхний хувьд ийм төрлийн сургалт улам хүчээ авах нь дамжиггүй гэж таамаглаж байна. Силкон хөндийгөөс санхүүжүүлэгдэж байгаа Coursera.org нь дөнгөж өнгөрсөн 4-р сарын 18-д ашиглалтанд орсон бөгөөд дараагийн шатанд дэлхийн нэр хүнд бүхий сургуулиудаас өргөн хүрээнд үнэгүй хичээл оруулдаг нэгдсэн сайт болох, тест авах, дүн тавих /үнэлэх/, оюутнууд хоорондоо бие биендээ туслах, курсээ төгссөн оюутнууд сертификат /100 доллараас хямд байлгах/ олгох гэсэн нэгдсэн систем бүрдүүлэх зорилготой байна. Станфордын жилийн төлбөр ойролцоогоор 40 мянган доллар гэж байдаг тул дээрх санаа маш сайхан сонсогдож байгаа биз? Coursera.org одоогоор хүмүүлэг, компьютерийн гээд нийтдээ 40 гаруй онлайн хичээлийг Stanford, Princeton, Michigan, Pennsylvania их сургуулиас оруулсан байна. Уг сайтын үүсэгчдийн хэлж байгаагаар сургуулиуд өөрийн гэсэн хичээл, сэдвээ оруулах бөгөөд Coursera.org зөвхөн түгээх, хоустын үүргийг гүйцэтгэнэ гэжээ. Түүнчлэн бизнес, ажил эрхлэгчдийг оюутнуудтай холбож өгөх бодолтой байгаа юм байна. MIT, Harvard сургуулиуд болон хувийн Udacity байгууллагууд иймэрхүү төрлийн платформтой болж байна. Дээр нь өдөр бүр зурагтаар залхтал реклам явуулдаг нөгөө Phoenix зэрэг төлбөртэй онлайн сургалт явуулдаг сургуулиуд бий. Ирэх 5 жилд энэ төрлийн сургалт томоохон бизнес болно гэж таамаглаж байна.
Coursera.org сайт дээр хичээлүүд англи хэл дээр тавигдах ба ойлгомжтой болгохын тулд лекцүүдийг бага бага хэсгээр мөн итгэл дээр үндэслэгдсэн өөрийгөө шалгаж, дүгнэх тест асуултууд /quiz/ сэдэв бүрийн дараа байрлуулжээ.  Сэдэв бүрт оюутнууд асуулт, хариултын онлайн форм явагдаж сонирхолтой хэрэгцээтэй асуулт, хариултанд оюутнууд өөрсдөө үнэлгээ өгч байна. Ойлгохгүй байгаа юмаа асуухад дэлхий хаана нэгтэйгээс чамд хариулах хүн зөндөө олдоно гэсэн үг. Одоогоор Америк, Англи, Орос, Энэтхэг, Бразилаас хамгийн их хүмүүс бүртгүүлжээ. Англи хэл мэддэг нэг нь мэддэггүй бусаддаа заах замаар маш олон хүнийг хамрах боломжтой. Ингэхээр та бидэнд хаана ч, ямар ч нөхцөлд амьдарч байлаа гэсэн дэлхий нэр хүнд бүхий сургуулийн багш нараар хичээл заалгаад амьдралаа өөрчлөх боломж гарч ирж байна. Боломжийг ашиглаарай.