Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 28, 2013

Хэрэгцээт мэдээлэл



Америкт  авьяас чадвар зэргээрээ мөнгө хийх, солилцох, туслах арга, санаануудыг дурдвал: 
1.       Олны өмнө гарах, авьяас чадвараа үзүүлэх, жүжиглэхийг хүсдэг хүмүүс телевизийн шоунд оролцохыг хүсвэл зуучилж  өгдөг realitywanted.com мэтчилэн веб сайтуудад бүртгүүлснээр /бүртгүүлэхэд төлбөргүй боловч нэмэгдэл үйлчилгээ нь сарын төлбөртэй/ тэдгээр нь casting director-үүдтэй нь холбож өгдөг юм байна. Casting director-үүд мэдэгдэж байгаагаар эдгээр сайтуудаас гадна Craiglist, Facebook-ийн хуудсаар болон өөрсдийн мэдээллийн санг ашиглаж дараагийн шоунд оролцогсдыг олж авдаг байна.  Ялангуяа New York, Los Angeles хотын Craiglist-д шоу, клип, кино зураг авалт зэрэгт оролцох, тоглох хүмүүс хэрэгтэй байгаа зар ихээр гардаг бол /”Gigs” хэсэгт/ зарим агентлагууд өөрсдийн Facebook-өөр зараа тараах нь бий. Ямар ч тохиолдолд тухайн байгууллага, хувь хүмүүсд хууль ёс, ёс зүйн талаас нь анхаарч хандахаа та бүхэн юу эс андах вэ.
2.       Тухайн үед та мэргэжил, чадвараар ажиллаж мөнгө олох боломжгүй үед barter буюу харилцан солилцож хэрэгцээтэй үйлчилгээгээ авах боломжийг Craiglist.org, U-Exchange.com зэрэг сайтууд олгодог. Жишээ нь байрандаа засвар хийлгэх хүсэлтэй ч төлбөрийг нь төлөх боломжгүй зарим хүмүүс хүмүүсээр засвар хийлгэнгээ хөлсөнд нь үзэсгэлэнт байгальд байрлах байрандаа амрах эрх өгөх замаар солилцоо хийх нь бий. Хэдийгээр мөнгөн хэлбэрээр олсон орлого биш ч гэсэн barter орлогыг заавал мэдэгдэх ёстой гэж татварын газраас үздэгийг анхаарна бизээ.
3.       Мөн л тухайн үед ажил олдохгүй байгаа үед сайн дурын байгууллагуудад нэгдэж бусдад туслах замаар /цалингүй, бага цалингаар эсвэл тэтгэмжээргээр/ өөрийн чадвар мэргэжил, удирдах чадвар, сэтгэл санаа, буянаа дээшлүүлэх боломж бий. Эдгээр томоохон байгууллагуудаас дурдвал:
Peace Corps. 27 сарын хугацаанд ажиллах ёстой. 70 гаруй оронд ажиллах программтай. Амьдрах хугацаандаа тэтгэмж авах ба гэртээ буцаж ирэхэд $7,425 доллар өгнө. /peacecorps.org/
AmeriCorps. Тус байгууллагаас нэгдсэн улсын хэмжээнд хэрэгжүүлдэг янз бүрийн хугцааны хэд хэдэн программтай ч бүгд ижил жилийн $ 5,550 боловсролын шагнал өгдөг.Жишээ нь The Vista программ нь 18 болон түүнээс дээш насныхан ашгийн бус байгууллага эсвэл орон нутгийн ЗГ-ын агентлагт жилийн хугцаанд бүтэн цагаар ажиллах программ бол The National Civilian Community Corps программ нь 18-24 насныханд зориулсан иргэдэд үйлчлэх 10 сарын хугацаатай программ байх жишээтэй.
Teach for America. Энэ байгууллагын гишүүн коллеж төгсөгчид 2 жилийн хугцаанд ядуу дүүргүүдийн сургуулиудад багшилна. Цалингийн хэмжээ 30-45 мянга, мөн AmeriCorps боловсролын шагналд өргөдөл өгөх /teachforamerica.org/ боломж бий.
City Year. Энэ байгууллагын гишүүд /17-24 насныхан/ жилийн турш хичээлийн дараах сургалтын программ /after school program/, удирдлагын сургалтын программ /leadership program/ зэрэгт багш /tutor/, сурган чиглүүлэгч /mentor/-ээр ажиллана. Амьдрах зардлын тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, дүрэмт хувцас, гар утас зэргийг олгоно. Cityyear.org
Түүнчлэн олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгдөг Ideal.org, VolunteerInternational.org, WorldTeach.org, TravelAlive.com сайтууд болон богино хугацааны программыг volunteermatch.org сайтуудаас үзээрэй.
4.         Гар урлал, хувцас хунар, чимэглэл зүйлт урладаг хүмүүс өөрсдийн бүтээлээ ebay, amazon-оос гадна www.etsy.com гэдэг онлайн зах дээр зарж борлуулаад хөөрхөн орлого олоод байх боломжтой. Үүний тулд худалдаач өөрийн гэсэн онлайн лангуугаа үүсгэх бөгөөд зарах зүйлийнхээ зурагнуудыг тайлбарын хамтаар байрлуулна /тус бүр нь 20 цент/. Зарим нь бүр загвар өмсөгчдийг хөлсөлж зураг авч байрлуулдаг аж.
5.       Хоол унд, талх, нарийн боов хийдэг авьяастай хүмүүс хоол хүнсний компаниудаас зарладаг уралдаанд оролцож амжилт үзүүлэх боломжтой. Эдгээр компаниудын гол шаардлага нь өөрсдийн бүтээгдэхүүнийг нь ашиглан шинэ бөгөөд сайн, хүмүүст хийхэд хялбэр гэхчилэн нөхцөлтэй жорыг бүтээх явдал бөгөөд шагнал нь нэлээд өндөр байдаг. Жишээ нь Pillsbury гээд гэртээ жигнэж болгодог гурилан бүтээгдэхүүн үйлдэрлэдэг компани Pillsbury Bake Off тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг /www.bakeoff.com/ бөгөөд нийтдээ 1.1 сая долларыг 4 төрлөөр шалгарсан хүмүүст зарцуулдаг. Түүнчлэн төрөл бүрийн махны компаниуд, дэлгүүрүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр хоол хийх жор бүтээх олон уралдаанууд байдаг билээ.
6.       Шинэ бараа бүтээгдэхүүнийг санааг бодит бизнес болгоход маш олон дамжлага, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй болдог талаар өмнө бичиж байсан билээ. Тэгвэл олон зүйлийг зохион бүтээж амьдралд хэрэгжүүлсэн авьяаслаг залуу Ben Kaufman-ын вэб сайт www.quirky.com –ын ачаар хүмүүс шинэ санаагаа бодит бизнес болгоход хялбархан болжээ. Үүний тулд өөрийн санаагаа 10 доллар төлж сайтад байрлуулна. Ингэснээр гишүүд таны санааг тал талаас авч үзэж хэлэлцэнэ. Хэрэв таны санаа гишүүдээс дэмжигдсэний дараагийн алхам бол вэбээр зочлогчдоос үйлдвэрлэлийн зардлыг даах хэмжээний урьдчилсан захиалгыг авч чадах явдал юм. Уг сайтын эзний өгүүлснээр яг энэд л тухайн санаа үнэхээр сайн бүтээгдэхүүн болж чадах эсэх нь тодорхойлогддог гэжээ. Уг сайтад орсон санаануудаас 1/3-ээс бага хувь нь энэхүү шатыг давж чаддаг аж. Ингэж бараа бүтээгдэхүүн болсон санаа нь эзэндээ орлого авчирч эхэлнэ. Жишээ нь Jeff Scholen гэдэг хүн тогны утсыг ороодог бүтээгдэхүүний санааг 10 минутын дотор зурж сайтад байрлуулсан бол тэр санаа буюу The Powercurl нэртэй бүтээгдэхүүн нийтдээ 6500 гаруй зарагдаж 6 мянга орчим долларын орлого эзэндээ оруулаад байгаа гэж бичжээ.

Tuesday, February 12, 2013

Хүүхнүүд бид юу хүсдэг вэ? /Валентиний өдрөөр/



Энэ удаад эрчүүүддээ зөвлөгөө бичихээр шийдлээ. Миний олон жилийн ажиглалт, найз хүүхнүүдийн яриа, санал бодол дээр түшиглэсэн “судалгаагаар” олонх эрчүүд маань Валентинийн баяраар хажуудах бүсгүйгээ яаж баярлуулах талаар бүрэн хэмжээний ойлголтгүй байдаг гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Валентинийн баяр гэж байдгийг, энэ өдрөөр хайртай хүнээ баярлуулдгийг дөнгөж хэдхэн жилийн өмнөөс мэддэг болсон манай хүнтэй ойролцоо /яаж мэддэг болсон түүхийг доор өгүүлэх болно/ эрчүүдэд энэ баяр гоё хүүхнүүдийг “нурж унатал нь” баярлуулж байгаа гоё залуучууд бүхий чимэг зүйлт, шоклад, карт, цэцэгний олон реклам цацагдсан хүмүүсийн мөнгө үрүүлдэг олон баярын нэг санагдаж байгаа байх. Эсвэл зарим нь хүүхнүүд дэндүү олон баяртай юм, мартын найман, эх үрс, төрсн өдөр, ээжүүдийн баяр гээд олон баярыг нь тэмдэглэж байна, хэтрэх нь ч гэж бодож байж болох юм. The National Retail Foundation байгууллагаас энэ жил энэ өдөрт зориулсан худалдан авалтын хэмжээ 18.6 сая байна гэж таамаглажээ. Үнэхээр ч их хэмжээний бизнес явагдаж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл би таньд сайн мэдээ дуулгая. Бидний Валентиний өдрөөр хамгийн их хүсч байгаа зүйл эр хүн таний мөнгийг үрэхгүй. Яг энэ хэсэгт манай нөхрийн “онигоог” оруулахад тохиромжтой санагдаж байна. Хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ зурагтаар кино үзээд сууж байтал дундуур нь үнэт эдлэлийн реклам тасралтгүй л цувраад салдаггүй. Тэгтэл манай нөхөр дуугүй сууж сууж байснаа энэ чинь юу вэ, Christmas арай болоогүй биз дээ гэж үнэнээсээ хэлээд том хүү бид 2-ыг татаж унатал инээхэд хүргэсэн билээ. Манай хүний хувьд төрсөн өдөр л биш бол, ганцхан Christmas-аар хүнд бэлэг авч өгдөг гэсэн ойлголттой байсан нь тэгж баригдсан юм даа. Түүнээс хойш манай хүн өдөржингөө мартаж явж байгаад гэнэт санавал сандарч гарч гүйгээд драгстороос хүний зүрхний хэлбэртэй огт төсгүй хэлбэртэй “зүрхэн” хэлбэртэй хайрцагтай чихэр, улаан өнгөтэй цэцэг барьсаар орж ирдэг болсон юм. Цэцэг ч гоё л доо. The Society of American Florists байгууллагын сайтад цэцэг ашиглаж романтик үдшийг хэрхэн төлөвлөх талаар хэдэн зөвлөгөө оруулжээ. Жишээ нь гэртээ цэцгийн дэлбээнүүд бүхий хөөстэй ванн уруу хүрэх цэцгэн зам үүсгэх, орныхоо хажууд, эсвэл дэрэн дээр нь гоё үнэртэй цэцэг тавих, Шампанскны шилний хүзүүг цэцгээр ороох, ширээн дээр сарнайн дэлбээнүүд тарааж асгах гэхчилэн гоё санаанууд байнаа лээ шүү. Шоклад ч гэсэн муугүй бэлэг л дээ. The National Confectioners Association байгууллагын сайтад шокладны талаар “... Хайрын эм болсон шоклад нь хайртаасаа салсан хүнд инээмсэглэл бэлэглэдэг гэж түүхийн туршид итгэж ирсэн. ...1800 оны үед хайр сэтгэлээс болж сэтгэл санаагаар унасан хүнд эмч нар шоклад идэх заавар өгдөг байсан ... ” гэхчилэн бичжээ. Үүнийг өмнө нь мэдэж байсан бол залуу байхдаа нэлээд их шоклад идэж байдаг байж. Хэ хэ хэ. За гол зүйлдээ оръё. Хүүхнүүд бидний хажууд дахь хүнээсээ хүсч байдаг зүйл бол, нарийвчлан хэлбэл:  нэг өдөр ч гэсэн жаахан чимээгүй байж, өөрийнхөө тухай ярилгүйгээр, санаа бодлоо илэрхийлэлгүйгээр, бидний яриаг сонсоосой гэж бид хүсч байна. Ядаж нэг өдөр амаа скочдуулсан мэт, биднийг зөв буруу ярьсан ч, гомдол гаргасан ч, шүүмлжэхгүйгээр, маргахгүйгээр хэлсэн болгонд толгой дохиод л суувал тэгээд л бид ИХ БАЯРЛАНА ШҮҮ. Жишээ нь танай эхнэр би ойрдоо таргалаад муухай харагдаж байна гэж хэлбэл тураах, засч авах 10 шаттай төлөвлөгөө гаргаж хэлэхийн оронд ойлгож байгаа шинжтэй толгой дохиход л хангалттай гэсэн үг. Харин бэлэгний хувьд эхнэрийхээ ярианы хандыг л урьдчилаад ажиглаад байхад болно. Саяхан сонин дээр нэгэн инээдтэй түүх бичсэн байхыг уншсан юм. Эхнэр нь тоос сорогч авахуулчих санаатай өөрийнхөө сонирхож байгаа тоос сорогчныхоо зургийг нөхрийнхөө нүдэнд тусах газар энэ тэнд наагаад байж. Гэтэл хэд хоногийн дараа нөхөр нь ууртайгаар “чи хэдэн удаа ч юм нааж сануулсан бай би тоос соруулахгүй шүү” гэжээ. Хэрэв бүсгүйн амнаас дуртай зүйлийн талаар мэдээлэл унагааж чадаагүй бол өөрийнхөө хүсч байгаа зүйлээ бэлэглэчих. Та нар тоос сорогч авч өгвөл сүүлийн үед тоосоо муухан соруулж байна, хоолны сав авч өгвөл хоол их хийгээрэй гэсэн далд утгийг бид нар ойлгосон ч гараа тосоод л авах болно. Бүр яахаа мэдэхгүй байгаа бол манай хүн шиг цэцэг аваад “Love гэсэн ганцхан үгтэй карт хавчуулчих. Тэгэхэд та алзахгүй ээ. За тэгээд амжилт хүсье.