Нарлаг Калифорний модны хот гэгдэх Сакраментод анх суурьшснаас
хойш хавар намартаа харшил гэдэг өвчнийг хүртсээр 4,5 жил гаруй болжээ. Анх
харшил авчихаад яахаа мэдэхгүй сандарснаас хойш энэ талаар мэдээлэл цуглуулж,
аль тохиромжтойг нь өөртөө хэрэгжүүлж “manage” хийж сураад
байгаа билээ. Тэгээд цуглуулсан мэдээллээ нэгтгээд та бүхэнд хүргэж байна. Энэд
ирчихээд анхааралтай байх юм бол заавал энэ харшил гэдгийг хүрэхгүй байх
боломжтой юм билээ. Монголчууд, түүний дотор миний бие анх гаргасан алдаа бол шөнө
орой цонхоо онгойлгож унтдаг байсан явдал юм. Үүрээр, өглөө /шөнийн 4-өөс 10
цаг хүртэл/ хамгийн их үр тараагддаг үе тул салхи, амьсгалаар дамжин бидний ам,
хамар уруу орсноор харшилтай болж эхлэх үндэс тавигддаг.
Хавар намрын улиралд салхи өвч,
ургамлын үр, тосонцор салхиаар зөөгдөн хүнд хүрэх үед бие махбодь вирус,
бактерийн эсрэг ялгаруулдаг antibody-аа үүсгэж
тэр нь эд эсийг төрөл бүрийн химийн үйлчилгээ үзүүлүүлдэг. Энэ нь ханаах,
найтаах, хамраас нус, ус гоожих, хоолой, ам хорсох, нулимс гарах, загатнах
зэргээр илэрдэг. Заримдаа ханиадтай хавсрах нь ч бий. Сүүлийн үед харшилтай
хүмүүс улам их болж байна гэдэг. Үүнд тухайн хүний ген удамшил, биеийн
эсэргүүцэл, дархлаа их нөлөөтэй ч агаарын бохирдол, дэлхийн дулаарал /мод ургамал
улам ихээр, томоор ургах бололцоог өгч байгаа учраас/ зэрэг дээр нь нөлөөлж байна
гэж таамаглах нь бий. Миний хувьд Сакраменто хотын харшлын эмч Dr. A.Richard Au-ийн
хэлснийг нэлээд ортой болов уу гэж үздэг. Тэрээр “Дээр үед хүүхдүүд салхин
цэцэг, гахайн хавдар гээд төрөл бүрийн халдварт өвчнөөр ихээхэн өвддөг байсан.
Тэр үед хүүхдүүдийн бие махбодь эдгээр өвчинтэй тэмцээд завгүй байдаг байснаас
жижиг төрлийн харшил мэтийн зүйлд эсэргүүцэл үзүүлэлгүй орхидог байсан.
Өнөөгийн нөхцөлд хүүхдүүд элдэв халдварт өвчний вакцин хийлгэснээс хүүхдийн
өвчнөөс холдсон, дээр нь аливаа вактерийн халдварын үед антибиотек ихээр
хэрэглэдэг болсон. Өдөр тутмын нөхцөлд нян устгах элдвэр, ариутгах, цэвэрлэх
бодис аж ахуйдаа байнга хэрэглэдэг, мөн гараа ихээр угаадаг. Энэ бүх нь халдварын
үед бие махбодь өөрөө “antibody”-оо
үйлдвэрлэдэг байснаа больж “завтай” болсон тул тоосонцор, болон бусад харшлын
үүсгэврийн эсрэг их хэмжээний “antibody”
үйлдвэрлэх болсон. Жишээ нь Берлиний хана нурахаас өмнөх судалгааг иш татжээ. 2
Герман нэгдэхээс өмнө зүүн германд олон хүүхдүүд фармд ажиллаж тоос шороонд ойр
өсч байжээ. Энэ үед харшлаар өвчлөх нь баруун Германы хүүхдүүдийг бодвол
харьцангуй бага байжээ. Нэгдсэний дараа амьдралын хэв маяг ойролцоо болсноор
харшилтай хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Мөн өөрийн пракик судалгаанаасаа
дурдахад зүүн өмнөд азиас ирсэн цагаачид эх орондоо байхдаа хэдийгээр өвс
ногоотой байнга харьцдаг байсан ч улирлын харшил гэдгийг ихэнх нь мэдэхгүй өссөн
байдаг. Эмчийн таамаглаж байгаагаар тэдний бие махбодь паразит өвчнүүдийн эсрэг
тэмцээд “завгүй” байдаг байжээ. Энэд ирснээр бие махбодь нь паразиттай тэмцэх
шаардлагагүй болсноор наад захын харшлын үүсгэвэрт эмзэг болж үйлчилгээ үзүүлэх
болсон гэжээ. Мөн Канадын нэгэн судалгаа байна. Мал амьтантай ойр өссөн
хөдөөний хүүхдүүд мал амьтантай харьцдаггүй хотын хүүхдүүдийг бодвол астма
тусах магадлал нь 40 хувиар бага гарчээ.
2004 онд гарсан нэг судалгаагаар хэдийгээр гэр бүл нь харшлын түүхтэй ч нялх
байх үеэсээ нохойтой гэрт өссөн хүүхэд арай цөөн арьсны харшил туссан гэж
гарчээ. Үүнтэй адилаар нохойтой ойр байсан хүүхдүүд ихэвчлэн харшлын эхний шинж
болох экзэм /eczema/ тусах
нь нохойтой ойр байгаагүй хүүхдүүдийг бодвол бага байжээ. Үүнийг зарим
судалаачид нохойоос ирсэн бактертай бие махбодь тэмцэж завгүй байснаар энэ нь хамгаалалт
болдог гэж таамаглаж байна. UC
Davis сургуулийн харшлын судлаач Dr. Eric Gershwin энэ онолыг
дэмждэггүй нэгэн бөгөөд тэрээр “Тэгвэл тийм ч цэвэрхэн биш улс болох Мехсикт олон
хүн астма, харшилтай байдгийг юугаар тайбарлах вэ” гэжээ.
Ямартай ч тоос шороотой байнга зууралдаад
гараа угаахгүй явах нь тийм ч сайхан санаа биш ч гэр орондоо хэрэглэдэг элдэв
химийн бодисоо багасгах нь өөрт болох хүүхдүүдэд тустай нь ойлгомжтой билээ.
Жил бүрийн хавар намар харшлын
улирлаар өөртөө тохирох арга хэмжээгээ аваад явбал “харшил” бас ч гэж “удирдагдах”
боломжтой юм. Үүнд:
- Хамгийн сайн эмчилгээ бол харшил хөдөлгөдөг зүйлсээсээ хол байх. Үүний тулд цонхоо шөнөөр хааж байх. Байрны эргэн тойрны навч, ногоог цэвэрлэж байвал тэдгээрээс дамжин гэрт орж ирэх чийг мөөгөнцөрийг багасгана. Байрны ойролцоох модны мөчир, навчийг тайрч багасгах. Ойр орчинд чинь зүлэг ногоо тасдаж байвал гэртэй байх. Ялангуяа салхитай үед гэртээ байхыг бодоорой. Гадагшаа үр, тоосонцор хамгийн бага байдаг үдэш орой гарах нь тохиромжтой. Мөн гадаа бассейнд сэлэхэд зүгээр. Нүдний шил, малгай өмсөөрэй. Гадаа ажиллаж байгаа үедээ нүд, нүүрэндээ бүү хүрээрэй, маск /барилгын дэлгүүрүүдэд байдаг/ зүүхэд харшил хөдөлгөхгүй сайн байдаг. Гаднаас орж ирээд усанд орсноор бие, үсэнд наалдсан ургамлын тосонцор, үрийг арилгах болно. Зарим төрлийн жимс алим, лийр, лууван зэрэг нь тоосонцор агуулагдсан протейнтэй тул идэхдээ харшлыг чинь хөдөлгөж байгаа эсэхийг анхаарахад илүүдэхгүй.
- Эмийн бус эмчилгээг хийх, хийлгэх. Үүнд: хоол хүнсэндээ биеийн агаарын урсгал замыг суллаж өгдөг бодис болох magnesium-ийн хэмжээгээ /200-400 гр/ нэмэгдүүлснээр хамар битүүрэхийг багасгана. Энэ нь банана, спинач, самар зэрэгт ихээр агуулагддаг. Харшлын эмэнд хэрэглэдэг antihistamines байгалийн хэлбэр болох bioflavonoids-ийг агуулагддаг лемон, lime 2-ыг /ялангуяа Lime иш илүүтэй/ ихээр хэрэглэх. Ойролцоогоор талыг шахаж шүүсийг нь 1 аяга усанд хийж уухыг зөвлөжээ. Мөн хамар доторх үс нь гадны биетийг барьж саатуулах үүрэгтэй ч маш жижиг хэмжээний тоосонцор, харшил үүсгэгчдийг тогтоож чаддаггүй. Иймд хамарын нүхний үзүүртээ petroleum jelly буюу бидний нэрлэж заншсанаар вазелиныг түрхвэл эдгээр биетийг цааш нь амьгалын зам уруу орохоос тогтооход тусална гэ зөвлөжээ. Мөн сүүлийн үед хамраа усаар угаадаг арга нэлээд түгээд байгаа. Үүний тулд ¼ tea spoon иоджуулаагүй давсыг /далайн эсвэл kosher salt гэх мэт/ 8 oz ойролцоогоор 1 аяга бүлээн усанд найруулаад гүцэнд хийгээд ванн дээрээ тонгойж талыг нь нэг хамрын нүх үрүүгээ хийгээд нөгөөгөөр нь гаргах. Хоолой уруу чинь урсаж орохгүй байгаа бол зөв хийж байна гэсэн үг. Үлдсэнээр нь нөгөө хамрын нүхээ цэвэрлэх замаар хамраа угаана. Зөгийн бал дотроос “Wildflower” төрлийн зөгийн бал харшилд хамгийн сайн гэж үздэг. Учир нь үүнд бага хэмжээний цэцгийн тоосонцор агуулагддаг тул идсэнээр хүний биед дархлаа үүсэхэд тусална.Иймд харшлын улирлаар ийм төрлийн зөгийн бал, ялангуяа орон нутгийн зөгийн балаа аваад өдөрт 2-3 халбагыг хэрэглэвэл биед тустай.Мөн зарим хүмүүст зүү тавиулах их зохьдог гэлцдэг.
- Өөрт тохирдог эмээ зааврын дагуу хэмжээгээр нь хэрэглэх. Миний хувьд нэлээд хойно, дунд зэргийн хэлбэрээр /нүд хуурайших, хоолой ам загатнах, хамар битүүрэх/ тусдаг тул үрлэн эмд дургүй, дээр нь ходоод муутайгаа харгалзаад хүүхдэд зориулсан шингэн хэлбэрийг нь /Benadryl/ авч багаар /хоолой зайлах төдийд/ хэрэглэдэг. Нүдний хувьд нүдний дотор түрхдэг тосыг /lubricant eye ointment/ авч түрхдэг. Надад тохирдог нь Refresh PM. Нүдээ аль болохоор бүү нухлаарай. Үүнээс болж нүдний доорх судаснууд хагарснаас нүдний доор хар хүрээ татдаг юм билээ. Хамар битүүрэлтэнд хамрын дусаагуур удаан хугацаанд хэрэглэх хэрэггүй. Харин Sudafed эм хамгийн тустай байдаг. Зарим харшлын эмнүүд нойрны эмтэй тул нолоо барихынхаа өмнө уухгүй байх ёстойг та бүхэн юу эс андах вэ. Харшилдаа хэд хэдэн эм хэрэглэж үзсэн манай найз түрүү жилээс Allegra эмийг хэрэглэж эхэлсэн нь нойр хүргэдэггүй, нэлээд сайн эм гэж хэлж байсан.
- Эмэнд дарагдахгүй, хүнд тохиолдолд эмч нар Corticosteroids тарих, уухаар, immunotherapy буюу биед дархлаа тогтоох зорилгоор маш бага хэмжээний харшил үүсгэгчийг эмчийн хяналтын дор арьсны дотор хэдэн жилийн турш долоо хоног бүр, эсвэл сар бүр тарьж өгөх зэрэг эмчилгээг хийдэг. Энэ нь нэлээд үнэтэй эмчилгээ бололтой. Европт immunotherapy-г харин тариагаар биш эмээр хийдэг болоод удаж байгаа гэсэн.
- Харшлыг ор сураггүй алга болгоно гэж амлаж байгаа төрөл бүрийн эмчилгээнд болгоомжтой хандах. Зарим төрлийн эм, эмчилгээ тодорхой хугацаанд үр дүнтэй, тухайн жилдээ үйлчлэх гэх зэрэг нөлөө үзүүлдэг.Одоогоор харшлыг бүрэн дүүрэн, ор сураггүй алга болгосон эмчилгээ, арга байхгүй байгаа гэдгийг анхаарна биз. Жишээ нь лазераар эмлчэх эмчилгээ нь biofeed-back машин буюу 100 мянга гаруй төрлийн харшил үүсгэгчид биеийн үзүүлэх үйлчлэлийг тестээр тогтоодог машиныг ашигладаг аж. Ингэснээр ямар төрлийн үүсгэгчээр харшил нь хөдөлж байгааг тогтоож эмчилдэг гэж зар сурталчилгаандаа бичжээ.
American
Academy of Allergy, Asthma, Immunology байгууллагын
вэб сайтаас www.aaaai.org/home.aspx харшлын талаар шинэ мэдээ, зөвлөмж зөвлөгөөнүүдийг,
өөрийн оршин суугаа газрын тухайн өдрийн тоосонцрын хэмжээг pollen.com сайтаас олж хараарай.
Мөн та бүгд ч гэсэн өөрсдийн туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэж найдаж байна. Та бүхэндээ
эрүүл энхийг хүсье.