Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, March 24, 2015

МӨНГӨ ба ХҮҮХЭД



 Аавыг дараагийнх нь уналт бүхий бизнес эхлэх саналаас татгалзуулах гэсэн бидний хэд хэдэн оролдлого бүтэлгүй боллоо. Эхлээд нэг нэгээрээ хол байгаа нь утсаар, ойр байгаа нь халз ярилцаад ойлгуулах гээд үзэв. Дараа нь найзыгаа төслийн тооцоог нь гаргаж өгөөд алдагдалтай гэдгийг нь сайн харуулж батлаад өг гэж явуулсан боловч найзын маань тооцоог үл тоов. Бидний оролдлогыг үл харгалзан хөгшин хүнд ахадсан, зардал, ажиллагаа ихтэй бизнесээ эхлэхээр аль хэдийн газар аваад хашаа босгож эхэлснийг эгч маань дамжууллаа.

Уг нь ч залуу бөгөөд ажил, овсгоотой хүмүүст бол гахайн аж ахуй эрхлэвэл хиам боловсруулах цех ихтэй Монголд бол аятайхан нь л бизнес. Харин аав маань насаараа бичгийн ажил хийж аж амьдралаа “нам, засагтаа” даатгаж, түүнийхээ төлөө ажиллаж байснаас биш хэзээ ч гэр бүлийн амьдралдаа бизнес ухаан, эдийн засгийн ашигтай байх шийдвэрийг гаргаж байсангүй, гаргах ч шаардлага байсангүй. Хэдийгээр нийгэм солигдсон ч мөнгөтэй харьцах хүмүүжил нь хэвээр үлдсэн түүний хувьд ашгийн төлөө бизнес эрхлэх нь эхнээсээ л нуралт байдаг билээ.

Энэ тэндээс тандаад үзвэл америк хүмүүст ч гэсэн настай эцэг эхчүүддээ зөвлөгөө өгөхийг оролддог ч тийм амар байдаггүй бололтой. Нэлээд сайнд тооцогддог нэгэн санхүүгийн мэргэжилтэн бичихдээ “…Ер нь хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгнө гэдэг хэцүү, түүний дотор өөрийн хөгшчүүлдээ зөвлөгөө өгнө гэдэг бол бүр ч хатуухан ажил…” гэжээ. Энд хөгшчүүлээ мөнгөө буруу эсвэл ашиггүй хөрөнгө оруулалтанд алдчихвий хэмээн насанд хүрсэн хүүхдүүд нь санаа зовж зөвлөгө өгөхөд тэд “бид чамаас олон оймс илээсэн тул мөнгө санхүүгээ чамаас илүү зохицуулж чадна, no, thank you” гэх нь олонтой ажээ. Хэдэн үеэрээ зах зээлийн эдийн засагтай оронд амьдарч байгаа тэдний хувьд асуудал өөр л дөө. Харин тухайн нөхцөл байдал нь сэтгэхүйг нь өөрчилж хүссэн хүсээгүй зах зээл, мөнгөний ухаанд алдаж онон суралцаж байгаа бид нар эцэг эх биднээсээ тэс ондоо нөхцөлд өсөж бойжиж байгаа үр хүүхдүүддээ мөнгө, санхүүгийн зөв ухаан, хүмүүжил олгож чадаж байгаа билүү хэмээн бодолхийлэхэд хүрсэн юм.

“Money Mama and the Three Little Pigs” буюу “Мөнгө ээж ба 3 жижиг тооройнууд” номын зохиолч Лори Макэй “Чи сургуульд дандаа онц сурдаг байсан ч хэрэв бодит амьдрал дээр санхүүгийн шалгалтандаа унавал чиний бүхэл бүтэн амьдрал чинь уруудах болно” гээд хэрэв хүүхдүүд мөнгөтэй зөв харьцаж сурвал тэд том болоод өөрийн дуртай мэргэжлээ эзэмшээд, дуртай ажлаа хийж, дуртай мөрөөдлөө гүйцэтгэж сайхан амьдрах болно. Яагаад гэвэл тэд мөнгөнийхөө асуудлаа шийдсэн байх тул амьдралынхаа сонголтуудыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийх болно. ” хэмээн хүүхдэд санхүүгээ авч явах чадварын эртнээс сургахын чухлыг онцолжээ.

Тэгвэл бид дөргүй бух шиг зүтгэх хөгшчүүлийнхээ өөрийн гэсэн зорилго, хүслийг ойлгож тайван орхиод өсгөн хүмүүжүүлж байгаа үр хүүхдүүддээ мөнгө, санхүүгийн зөв хүмүүжил олгох талаар санаа тавибал тэдний ирээдүйд нь ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Ингээд энд Америк эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мөнгөтэй зөв харьцдаг болгох тал дээр хэрхэн яаж анхаардаг талаар судалж үзсэн юмаа.

1. Дуслыг хураавал далай буюу хадгалж сургах нь

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан талаар нэгэн түүх өгүүлжээ.

Үүнд: “… Миний нэгэн танил 7 настай охиндоо 10 марк өгөнгөө аав нь чамд нэг юм үзүүлье гээд хотынхоо ядуус амьдардаг дүүрэгт охиноо авчирсан байна. Тэд тэр хавиар нэлээд эргэлдэж хоолны газраар нь хүртэл орж хооллосан байна. Ингээд аав нь охиндоо: Насан туршдаа хүн эцэг эхтэйгээ байхгүй. Хэзээ нэгэн цагт биеэ дааж амьдрах болно. Тэр үед чи ямар газар амьдрах нь чамаас шалтгаалах болно. Чамд үзүүлсэн тэр газарт 10 маркаа бүгдийг нь үрдэг хүмүүс амьдардаг юм. Чи сайхан байшинд найрсаг хөршүүдтэй дүүрэгт амьдрахыг хүсвэл хадгалж сурах хэрэгтэй гээд хуримтлалын төлөвлөгөө охиндоо гаргаж өгчээ. Охин том болоод тийм газар амьдрахыг хүсээгүй тул өөрийн 10 маркаас 5-ыг нь хадгалахыг хүсчээ. Аав нь охиныхоо хадгалсан марк бүрт урамшуулал болгож 50 марк дансанд нь хийж байхаар болсон байна. 7 жилийн дараа аав нь өөрийн оруулдаг хөрөнгө оруулалтаа зогсоосон бөгөөд охин нь нэгэнт хадгалах дадал суусан тул цаашдаа өөрөө хуримтлуулсаар насанд хүрэхдээ 200 000 гаруй марктай болсон байжээ.”

Монголд олон хүн, түүний дотор би ч гэсэн “Үрэх мөнгө нь байвал зарцуулах арга заавал олдоно” гэдэг Паркинсоны хуулиар амьдарч олигтой хуримтлал хийж байсангүй. Үүд багын хүмүүжил, боловсрол үүний дээр нь аажуу тайван Монгол араншин нөлөөлдөг байх л даа. Монголд жирийн амьдралтай хүн хэдэн сар ажилгүй байсан ч төрөл саднаараа хооллоод яваад байж болдог тухай нэгэн өгүүлэл санаанд орсон юм. Гэтэл энд нэг сар ажилгүй болбол хуримтлуулсан мөнгөгүй бол юу болох билээ. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм өөрөө хатуу нийгэм. Иймд бид үр хүүхдүүдээ энэ нийгэмд ирээдүйд аятайхан амьдруулахын тулд тэднийг олсон мөнгөнөөсөө хурааж сургах л хэрэгтэй болж байна.

Саяхан зурагтаар хүүхдүүд цуглуулсан задгай мөнгөө банкны мөнгө тоологч машинд хийгээд гарсан мөнгөний тасалбараа банкны ажилтанд аваачиж өгөөд хадгаламжийн данс нээлгэж болох тухай нэгэн реклам сонирхол татсан юм.
Америк эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь saүings ethic буюу хадгаламжийн ёс суртахуунтай болгох үүднээс банкинд чекэн болон хадгаламжийн данс нээж өгөх нь олонтой ажээ. Їнэхээр хүүхдүүд нь piggy bank юмуу төмөр хайрцганд хадгалж байснаас илүү зүтгэлтэйгээр мөнгөө хадгалж эхэлдэг байна. Зарим тохиолдолд хадгалсан мөнгөний тоо нь эцэг эхчүүдийгээ өөрсдөөсөө ичихэд ч хүргэдэг гэнэ. Гэхдээ эхнээсээ дансныхаа мөнгийг зарцуулах эрхийг хүүхдүүддээ өгөх үү, эсвэл жаахан том болохыг нь хүлээх үү гэдгийг бодож үзэж шийдвэрлэх хэрэгтэй юм.

Нэг талаар данс өөрийнх нэр дээр тул мөнгөө өөрөө мэдэж зарцуулах нь зөв боловч тэд зэрэг 10, 20 ширхэг барбинд мөнгөө үрээд дансаа хоосолж магадгүй гэж эцэг эхчүүд болгоомжилдог ажээ. Нөгөө талаас тэд хэдийгээр ухамсартай худалдан авалт хийж чадахгүй ч дансан дахь мөнгөнийх нь үлдэгдэл, баланс, хүүний тухай сайн ойлгуулж тайлбарласнаар үрвэл дансан дахь мөнгө маань багасна гэж ойлгоод бодолтойгоор сонголт хийж юм худалдаж авдаг аятай дадал заншилд багаасаа суралцаж эхэлдэг байна. Дээр нь хүүхдүүд банкны үйл ажиллагаатай эртнээс танилцаж, багаасаа чек бичих болон чекийн дэвтрийн балансаа хөтөлж суралцдаг ажээ.

2. Үргүй зардал

2 жил уулзаагүй хүүгээ анх Америкт ирэхэд нь зав л гарвал дэлгүүрээр дагуулж явж өөрийнх хүссэн төдийгүй надад өөрт маань таалагдсан зүйлсийг хүүдээ авч өгч санасан сэтгэлээ дэвтээсэн юм. Гэтэл удалгүй гэрээ дүүрэн эвдэрсэн эвдрээгүй хэрэгцээгүй тоглоом, хэрэгсэл энд тэндгүй хэвтэх болсон ч хүү маань дахин дахин л нүдэнд харсан бүрээ авахуулах гэж оролдох болсон билээ.

Хямд юм гээд тоохгүй байснаас бариад л бараг эвдрэх 1, 2 долларын үнэтэй тоглоомоос өгсүүлээд 25 сентийн машины хажуугаар ч зүгээр өнгөрөхөө больж эхэллээ. 25-хан сент гээд хүүхдүүддээ өөгшүүлээд байгаа хүмүүсийн хөл ихтэй газар хүүхдүүдийн нүдэн тусах газар олноор байрласан, мөнгө хийхээр муухан шиг бохь, атга чихэр, резинин бөмбөг, шивээс гээд төрөл бүрийн жижиг сажиг зүйлс гаргаж өгдөг эдгээр машинууд зэрэг нь бидний бодож байгаа шиг тийм хямд зүйл мөн үү? Їнэхээр эдгээр машинуудаас бид хүүхдүүддээ баяр баясгалан худалдан авч өгч чадаж байна уу, эсвэл зүгээр тэднийг мөнгөө цоорхой шуудай уруу хийхийг сургаж байна уу?

Энэ бүгдийн эцэст хүүгийхээ мөнгөтэй харьцах харьцааг болон өөрийн үйлдлээ ч өөрчлөх хэрэгтэй болсныг ухаарч америкчуудын нэрлэдгээр allowance program буюу 7 хоног бүр тогтмол мөнгө өгдөг арганд шилжлээ.

Нөхөртэйгээ ярилцаж байгаад 7 хоногт биш сард нэг удаа, харин мөнгөнийх нь хэмжээг 5 доллар байхаар тогтоолоо. Їнэхээр ч энэ арга хүүд маань аятайхан тохирч бага зэргийн судалгаа хийсний үндсэн дээр /заримдаа дэлгүүрүүдийн рекламын сэтгүүлийн тоглоомын хэсгийг эргүүлж үнийг нь харьцуулж харах зэрэг/ ямар тоглоом авахаа эртнээс тодорхойлж үнийг нь мэдээд хэдэн сарын “цалин”, бэлэгний мөнгөө уйгагүй цуглуулах боллоо. Өөрийн мөнгөөрөө авсан тоглоомых нь хэрэглээ нь ч сайжрав. Ийнхүү энэ арга нь хүүг маань хадгалах, сайн сонголт хийх, хүссэн юмандаа хүрэхийн тулд тэсэх, худалдан авалтын сайн муу талуудыг мэдэж ойлгож авахад ихээхэн тусалж байгаа төдийгүй бидний мөнгийг ч хэмнэж win-win situation буюу бидэнд ч хүүд маань ч ашигтай шийдэл болсон юм.

Мөн нэмж дурдахад хүүхдүүдийг олон зүйл худалдан авах хүслийг нь төрүүлэх, мөнгө үрэх, хэт материаллаг болох зэрэг буруу заншилтай болоход нь гадны олон хүчин зүйлс түүний дотор телевизийн реклам ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг судалгаагаар нотолжээ. Мариа Шерлок “Хүүхдүүдтэйгээ энгийн амьдрах нь” номондоо хүүхдүүдээ рекламын мангасаас хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгчээ.

Үүнд:
• Үзэх цагийг нь хязгаарлах
• Хүүхдүүдээ нэвтрүүлгийг зөв хүлээн авч байгаа эсэхэд нь анхаарах. Үзсэн зүйлийнх нь талаар ярилц. Рекламыг шүүмлэхээсээ бүү ай.
• Хэлсэн ярьсан зүйлээ өөрөө хэрэгжүүл. Моод хөөцөлддөг эцэг эхийн орчинд материалаг хүүхэд л өсөх болно.
• Аз жаргал эдэлж байгаа зүйлээс биш байгаль болон хүмүүстэй харилцах харилцаанаас ирдэг болохыг хүүхдүүддээ аль болох харуулахыг хичээ.

Тэдэнд нөлөөлдөг дараагийн том хүчин зүйл бол үеийхнийх нь дарамт, нөлөө бөгөөд хэт их матераллаг зүйлийн хойноос хөөцөлдөж мөнгө төгрөг үрэх нь буруу гэдгийг ойлгуулахын тулд хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцаж хэрэгтэй гэж санхүүгийн зөвлөгч Жек Сирард SacBee-д бичжээ. Харин тэдэнд дахиж хэзээ ч юм битгий худалдаж ав гэх мэтээр хэлж загнахын оронд ойлгуулахыг хичээж америкийн ихэнх саятнууд ямар их даруухан амьдардаг болон тэд мөнгөө дэмий юманд үрдэггүй учраас баяжсан тухай өгүүлдэг бэст-сэллэр болсон “Millionaire Next Door” гэх мэт номнуудыг уншуулбал тустай байх болно гэж зөвлөжээ.

3. Хувьцаа – Яагаад болохгүй гэж?

Хүүхдүүдийг хэрэгцээтэй эрсдэлийг болон хөрөнгө оруулалт хийж чаддаг болгож сургах нь дараагийн чухал санхүүгийн боловсрол болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь хадгаламжийн данс, депозит сертификатаас гадуур санхүүгийн алхмуудыг хийж сургах гэсэн үг юм бөгөөд үүний тулд хувьцаа бондтой эртнээс танил болгож байхад илүүдэхгүй бололтой.

Санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар хувьцааны хйрйнгй оруулалтаар мөнгө хийхэд хүүхдүүд бидний бодож байгаагаас илүү түргэн суралцдаг ажээ. “Хувьцааны ноогдол ашгийн тухай” номын зохиолч, Нью Жерсигийн санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт манежментийн Wealth Builders фирмийн дэд захирал Гари Стройк бичихдээ “Хувьцаанд зөвхөн 50-хан доллараар хөрөнгө оруулсан байсан ч гэсэн хүүхдийн ухаан санааг түүн шиг татах зүйл үгүй болдог тул тэдэнд хувьцаа авч өгсөнөөр хөрөнгө оруулахын мэргэн ухаанд суралцуулж болно” гэжээ.

3 хүүхдийн эх, “Stock Market Pie: Grandma Helps Emily Make a Million” /Хувьцааны зах зээлийн бялуу буюу Эмилид эмээ нь сая доллар хийхэд нь тусалсан тухай/ хүүхдийн номын зохиолч Жоэнни Сэймуре “Энгийн ажил төрөлтэй, энгийн хүмүүс саятан болцгоодог. Тэд нар гэнэт сугалаа хожоод биш харин бага багаар удаан хугацааны турш хадгалах, хөрөнгө оруулахын тусыг ойлгож мэдсэн учраас л ийм эх баялгыг цуглуулж чаддаг юм.” гээд цааш нь, хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн утга учиртай нь хувьцааны бэлэг байх болно хэмээн дурджээ.
Хөрөнгө оруулалтын Moneypaper сонины эрхлэгч Вита Нелсон “Хүүхдэд бялуу авч өгч байснаас бялууг нь хийдэг Sara Lee компанийх нь хувьцааг аваад өг. Тэгвэл тэд ирээдүйд өөрсдөө хэдийг бол хэдийг хүссэн тооны бялуугаа худалдаж авах боломжтой болно” гэж хүүхдийг хувьцааны зах зээлд оролцуулахын тусыг ийнхүү дурджээ. Хүүхдүүд хувьцаа, бондонд хөрөнгө оруулаад олох мөнгө нь их биш ч байсан ч хамгийн гол нь суралцах зүйл нь их юм. Гэхдээ хувьцааны хөрөнгө оруулалтаар ихээхэн ашиг олохыг хэн үгүй гэх билээ. Жишээ нь 1984 онд Standart& Poor-ийн 500 индехийн санд оруулсан 5000 доллар өнөөдөр 57,000 долларын үнэ хүрч байна.
Гэвч хүүхдээ ганцаарчилсан хувьцаа эсвэл дан зах зээлд их бооцоо тавьж нэг мөсөн их ашиг мөрөөдөгч биш харин бооцоогоо бага багаар нэмэгдүүлснээр урт хугацааны томоохон ашиг олох магадлалаа нэмэгдүүлдэг хөрөнгө оруулагч болгоход нь анхаарах хэрэгтэй гэж The Wall Street Journal-д бичжээ.

Мэдээжээр бид хүүхдүүддээ зориулж олон мянган долларын хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч технологи бидэнд хүүхдүүддээ хямд үнээр жижиг хувьцаанууд авах боломжийг олгож байна. 1000 гаруй компаниуд өөрсдийн хувьцааг брокерээс биш компаниас нь шууд худалдан авах ашигтай байх төлөвлөгөө санал болгодог юм байна. Хамгийн зөв газар бол тэдгээр компаниудын Вэб сайт байх болно. Хөрөнгө оруулагчтай харилцах хэсгийн хуудас нь хөрөнгө оруулах төлөвлөгөөний талаар танилцуулах болно. Эдгээр компаниудын дотор хүүхдүүдийн сайн танил BellSouth /гар утас/, Aүon Products Inc /гоо сайхны бүтээгдэхүүн/, General Motors Corp./машин/, Limited Brands Inc. /хувцас/ зэрэг болон бусад компаниуд “diүidend reinүestments plan” буюу эзэмшиж буй хувьцаанд нь ноогдох ашгиар автоматаар компанийхаа хувьцааг нэмж авч өгч дансанд чинь хийдэг төлөвлөгөөг санал болгодог ажээ. Дээр дурдсан Moneypaper сонин анхны хувьцааг худалдан авах, “diүidend reinүestments plan” бүртгүүлэхэд чинь туслах үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Хэрэв таны хөрөнгө оруулахыг хүсч байгаа компани нь шууд хувьцаагаа худалдаалдаггүй бол брокерээр дамжуулан худалдаж авах болох ба commission буюу худалдаа хийгдэх бүрт авах үйлчилгээний хөлсийг төлөх хэрэгтэй болно. Иймд эхний үед онлайнаар хямдралтай үйлчилдэг брокер хамгийн сайн сонголт байх болно. Жишээ нь, Веб сайтад тулгуурлсан Sharebuilder Corp /www.sharebuilder.com/ нь анхны хөрөнгө оруулалт хийх хамгийн бага мөнгөний тоог заадаггүй бөгөөд тухайн дансны худалдаа бүрт 4 доллар л авдаг байна. Уг сайт анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, тавьж байгаа зорилго /ямар хугацааны дараа, юуны тулд, хэдий хэмжээний мөнгөтэй болох/ өөрийн чинь эрсдэл хийх зан чанар зэргээс үндэслэн зарим хувьцаа, бондыг санал болгоод, зорилгондоо хүрэхийн тулд сар бүр тогтмол хэдийг дансандаа нэмж хийх хэрэгтэй болохыг тооцоолж өгдөг сайхан программтай юм билээ.

Доор хямдралтай үйлчилгээ үзүүлдэг зарим онлайн брокеруудыг жагсаав. /Хүснэгтээс харна уу./ Уг компаниудаас сонголт хийхдээ үйлчилгээний гэрээ, нөхцөл зэрэгтэй нь сайн танилцаарай

Брокерууд            Данс нээлгэх үеийн хамгийн бага мөнгөний хэмжээ                Үйлчилгээний суутгал
Harrisdirect /www.harrisdirect.com/                 $1            $7.95
Muriel Siebert /www.siebertnet.com/               $1            $14.95
Firsttrade /www.firsttrade.com/         $1            $6.95
Amerltrade /ameritrade.com/              $2,000     $10.99
OptionsXpress /optionsxpress.com/                $1            $9.95
BrownCo / www.brownco.com/         $15,000   $5.00
Scottrade /scottrade.com/ $500        $7.00
WallStreet*E /www.wallstreete.com/                $2,500     $9.99

Анхны хөрөнгө оруулалтаа хийхийн өмнө хувьцааны зах зээлийн талаарх мэдлэг, боловсролоо нэмэгдүүлэхэд гэмгүй. Хөрөнгө оруулалт сонирхож, өөрийн мөнгөөр хувьцаа авахыг хүсч байгаа томхон хүүхдүүдэд зориулж Sharebuilder-ээс “Inүestor Starter Kit”-ийг санал болгодог аж. Үүнд” Давид Вахын “The Automatic Milionaire: A Powerful One-Step Plan to Liүe and Finish Rich” ном, Money сэтгүүлийн жилийн захиалга, Sharebuilder-ийн 25 долларын кридет, дээр нь хувьцаагаа сонгох болон гараагаа хэрхэн эхлэх талаарх мэдээлэл бүхий СD оролцуулаад бүгд нийлээд 29.95 долларын үнэтэй юм байна. Харин жижиг хүүхдэд зориулж хувьцаа худалдаж авах гэж байгаа бол тоглоомон мотоциклийг Harley-Daүidson-ы хувьцааны хамтаар, хумсны лакийг Aүon пүүсийн хувьцаатай гэх мэтээр худалдаж авч өгвөл тэд илүү ойр хүлээж авах байх гэж зөвлөж байна. Үнэхээр тэдэнд хөрөнгө оруулах хүсэл сонирхлыг эртнээс төрүүлж чадах юм бол эцэстээ тэд өөрсдийгөө сайн аваад явахыг та бүгд харах болно гэж Нелсон өгүүлжээ.

4. Юунаас эхлэх вэ?

Хүүхдүүд мөнгөний талаар мэдлэг, боловсролыг The Wall Street Journal-аас ч юм уу, эсвэл үеийнхээ хүүхдүүдийн ярианаас юм уу олно гэх юм уу, аль эсвэл сургуульд нь ч даатгах аргагүй. Иймд эцэг эх бид нар л тэднийг мөнгөө зөв зохицуулдаг болгож сургах ёстой болж байна. Бага насны хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд дэлгүүр дагуулж явах, ийнхүү явахдаа хямдралын талон ашиглах, хямдрал явагдаж байгаа үед нь худалдан авалт хийх зэргээр жишээ үзүүлж, жинхэнэ үнийг худалдаж авсан үнэтэй харьцуулж хэдий хэмжээний хэмнэлт хийснээ ойлгуулахыг хичээгээрэй.
Түүнчлэн ямар хэмжээний мөнгө хаанаас орж ирж хаашаа гарч байгааг харуулах гэр бүлийн төсвөө тооцоонд тэднийг оролцуулах нь цаашдаа өөрийн санхүүгийн мөнгөний урсгалыг бодож зохицуулдаг болгож сургахад тусална. Мөн мөнгийг хөдөлмөрлөж олохын баяр баясгалангийг мэдрүүлэх, шийдвэр гаргах чадварыг нь сайжируулахад биед нь тохирсон ажил хөдөлмөр хийхийн тусыг дурдахгүй байхын аргагүй. Хүүхдүүд тухайн ажил хөдөлмөр эрхлэх санааг өөрөө бодож гаргах юм уу, эсвэл бусдаас жишээ авч эхэлж болох юм. Алех охин 8 настай байхдаа л байрныхаа аав ээжүүдийг нь завгүй байх юм уу эсвэл амрах гэсэн үед нь хүүхдүүдтэй нь тоглож саатуулна гэсэн гараа бичсэн рекламын хуудсуудаа апартментынхаа гадуур тарааж байжээ. Түүнийг цагийн 5 доллараар ажиллуулах үйлчлүүлэгч зөндөө олдохоор барахгүй байнгын үйлчлүүэгчидтэй ч болж амжсан. Бага насны хүүхдүүд лемонад зарах, Халловын, өндөгний баярын дараах үлдэгдэл чирхийг 10 сентээр зарах, хүүхэд харах гээд олон төрлийн ажлыг бодож олж болно. Арай томхон хүүхдүүд бол найз нөхөд, хөршүүддээ сайн сурталчилж чадвал айлын гэр орон харах, зүлэг ногоо тасдах, нохой зугаалуулах бизнесээр хөөрхөн мөнгө олоод байх боломжтой. Гэхдээ эдгээр мөнгө олох ажил нь хүүхэд насных нь хамгийн чухал зүйл болж хувирахгүй байх тал дээр анхаарч ажиглаж байх нь эцэг эх бидний үүрэг билээ.

Дээрх практик ажиллагаанаас гадна мэдээллийн арвин их далай болсон интернэт болон ном сурах бичгээс хүүхдүүдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх боломжтой юм. JumpStart Coalition www.jumpstart.org вэб сайтын “personal finance clearinghouse” хэсгээс машин хэрхэн рентлэх вэ, хуучин машин худалдаж авах нь зэрэг зөвлөгөөнөөс өгсүүлээд коллежид мөнгөө хэрхэн төлөх вэ, салалтын үеийн санхүү зэрэг хувь хүний санхүүгийн талаар хүүхдүүдийн төрөл бүрийн насанд тохируулан засгийн газар, бизнес, ашгийн бус байгууллагуудаас гаргасан 500 гаруй материалыг захиалан авч болох юм байна. Үүний ихэнх нь маш хямд үнэтэй, зарим нь үнэгүй материалууд юм. Уг сайтаас хүүхдийн ангийн түвшин, материалын төрөл, сэдвээс хамааран хайлт хийх боломжтой бөгөөд үнэгүй материал гэдгээр хайлт хийвэл 170 гаруй ном сурах бичиг, гарын авлага видео материал олдож байна.
Түүнчлэн Merrill Lynch “Inүesting Pays Off” буюу “хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдөг” нэртэй санхүүгийн мэдэгдэхүүн олгох хүүхдүүдийн нас болон бизнес төлөвлөгөө, төсөв, ажил мэргэжил зэрэг сэдвээр ангилагдсан интерактив сургалтын хйтйлбйрийг www.ml.com/philanthropy/ipo/ сайтаас татан авах буюу захиалан авч болно. Уг хөтөлбөрийн ажиллах дэвтэр нь амьдралд гардаг нөхцлүүд, ялангуяа гэр бүлд гардаг хамааралтай асуултуудыг тусгасан ба боломжит хариултын хэсэгтэй тул хүүхдүүдээрээ хариулуулж бичүүлсэний дараа харьцуулан шалгах боломжтой төдийгүй эцэг эх бид нарт ч гэсэн зарим мэдлэгийг олгох таатай хөтөлбөр байна.

Дашрамд сонирхуулахад хүүхдүүдийг мөнгийг банкны автомат машинаас л гардаг гэж ойлгодог бодлоос нь салгаж долларын дэвсгэрт, сентийн талаарх түүх, марк дугаар, тэмдэглэгээ болон хэвлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг өгөхийг хүсвэл хүүхдүүдэд зориулсан дараахь сайтууд уруу зочлоорой. Үүнд, Нэгдсэн Улсын Mint /зоосны Үйлдвэр/-ын сайтын /www.usmint.goү/ хүүхдүүдэд зориулсан хэсгийг нь HIP Рocket Change нэрлэдэг ба дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж тоглох замаар мэдээллийг авахаар хийжээ. Жишээ нь зоосны талаар түүх сонсохын тулд цаг хугацааны машинд суух гэх мэт. Нэгдсэн улсын Bureau of Engraүe and Printing /Сийлбэр, Хэвлэлтийн Товчоо/-ны сайт /www.moneyfactory.com/-ын интерактив суралцах хэсэгт хүүхдүүд өөрсдөө долларын дэвсгэрт урлаж найзууддаа илгээж болох юм байна. PBS-ын сайт болох /www.pbs.org/wgbh/noүa/moolah/ олон нийтэд 1996 онд цацагдсан “Noүa” цувралын зарим хэсгийг “Мөнгө хийх нууцаас” гарчгийн дор оруулжээ. Эндээс хүүхдүүд жинхэнэ дэвсгэртийн бүтэц, хуурамч дэвсгэртийг харах боломжийг өгнө. www.xe.com сайтын тусламжтайгаар гадаад мөнгөний ханшны талаар мэдээллийг авахаас гадна хөрвүүлэгчийн тусламжтайгаар долларыг бусад мөнгө үрүү шилжүүлж үнэ цэнийг мэдэж авч болох юм байна.

Түүнчлэн Нил Гадфрэйгийн “Ultimate Kid’s Money Вook” ном нь 8-12 насны хүүхдүүдэд долларын дэвсгэрт, зоосны талаар сонирхолтой хариултуудыг өгчээ. Мйн хэрэв та бүгд Дэнвэр, Филаделфиа, Канзас сити хотуудад амьдардаг буюу эсвэл эдгээрээр зочилбол Нэгдсэн улсын Mint-ээр, Вашингтон Ди Си-д Bureau of Engraүe and Printing үйлдвэрүүдээр очиж танилцуулах аялалд нь оролцвол хүүхдүүд тань хоосон цаас хэрхэн гялалзсан доллар болон хувирахыг харж болохнээ. Түүнчлэн Канзас сити дахь Нэгдсэн улсын нөөцийн банкны байран дахь Мөнгөний музейг орж сонирхож болох ба тэнд Харри Трумэний зоосны цуглуулгыг үзэж болох ажээ.

Ингээд хүүхдүүдэд мөнгөний боловсрол олгох талаар цуглуулж мэдсэн зүйлээ та бүхэнд танилцууллаа. Та бүхэн ч гэсэн энэ талаар аятай туршлага хуримтлуулсан бол бидэнтэй хувуулцаарай