Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, May 30, 2018

Нудралт

Хүн ч тэнэгтэж дуусах биш дээ. Залуудаа юм үзэж, нүд тайлсан хүн олж харчхаад хэлсэн хэрэгтэй үгэнд бүр анхаарлаа тавьж, бодож үзээд шийдвэр гаргахдаа хэрэглэсэн бол миний амьдралд таарсан саад бэрхшээлүүдийг багасгаж, зөөлрүүлж, бүр байхгүй байлгах боломжтой байсныг хэдэн арван жилээ дараа л мэдэж ухаарсан. Оросд оюутан байхад цаг төр хямарч, сарын стифенд маань нэг талхны үнэтэй тэнцэх үед нэг хэсэг мөнгө олдог хүн болж хичээлээсээ нэлээд хөндийрч байх үед хэрэглээний программ заадаг профессор маань “Чи яагаад хичээлээ таслаад байна” гэхэд нь би урдаас, наадах чинь чухал хичээл биш, компьютер хэрэглэх явцдаа аяндаа сурчих зүйл гэж хэлэхэд тэрээр “тэр цагт чинь чамд цаг чинь хүрэлцэхгүй болно” гэж хэлэхэд emotional intelligence, түүний дотор өөрийн үйлдэл, бодлоо дүгнэх чадвар муутай байсан хүн яахав “хн” гээд л өнгөрөөж байснаа одоо 24 цагт дотор төлөвлөсөн багахан ажлаа ч заримдаа багтааж чадахгүй үед толгойд ян хийгээд бууж ирдэг билээ. Саяхан хүртэл 2,3 жилийн өмнө сайн санасан нэгэн хүн миний асуудлыг шийдэх чухал санааг утсаар ярих явцдаа хэлэх үед хэцүү юм байна гээд бодож үзэлгүйгээр орхисныг бүр хэцүү нөхцөл байдал дор өөр гарцгүй болоод хийх үедээ тэр үед хийчихсэн бол хичнээн сэтгэл санаа, мөнгөний зардал, чирэгдэл багатай байх байсныг бодоод өөрийн эрхгүй харамсаж билээ. Тэгээд өөрийгөө мэдэхгүй байж эргэн тойрны хүмүүс, ах дүү нар, найз нөхөддөө зөвлөх гэж оролдоно. Үгийг маань авалгүйгээр буруу сонголт хийх үед нь ухаант хүмүүсээс сонсож мэдсэн, уншсан, ойлгосон болон өөрийн харсан, туулсан зүйлээ хэлж байхад яагаад хүлээж авсангүй вэ гэж гайхна.
Яагаад хүүхэд залуучууд төдийгүй том хүмүүс бид олж хараад, сонсож мэдсэн хүний үгийг авдаггүй вэ, яавал авдаг, эсвэл авахуулах вэ хэмээн ойрын үед бодох болсон цаг дор (“Чи бэлэн болсон цагт багш өөрөө гарч ирнэ” гэдэг үгэнд итгэдэг нэгэн билээ.) хариулт бүхий Nudge нэртэй номыг unlock.mn подкастаар яг цагийг нь олоод сонсчхоод нэгд, сэтгэл зүй, эдийн засаг гээд миний дуртай 2 сэдэвт хамааралтай, дээр нь бас ойрын үед зорьж хичээж байгаа хүүхдийн хүмүүжил, боловсролын чиглэлд маань тун хэрэгтэй санагдсан тул номын сангаас авч уншлаа.
Тэгээд энэхүү номноос ер нь хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг (гар утасныхаа үйлдвэрийн дуу өөрчлөхгүй явдгаас ижил дуу сонсогдох тоолонд утсаа тэмтэрдэг биз дээ бид), тулгуур баримжаа нь өөр учраас өөрийнхөө өнцгөөс юмыг хардаг (жишээ нь хөдөөнөөс ирсэн болон гадаадын том хотод амьдарч үзсэн 2 хүнээс УБ хотын хүн амыг таалгавал өөр өөрийн туршлагат үндэслээд 2 эсрэг тоо хэлнэ гэжээ), хэдийгээр бодит байдал, тоо баримт өөр байж болох ч өөрт ойр, эсвэл туулсан туршлага дээрээ үндэслэн эрсдэлийг буруу тооцоолдог (жишээ нь хэдийгээр үер болох магадлал нь хээрийн түймэр тархахаас бага байлаа гэж бодоход хэрэв саяхан үер болсон бол хүмүүс үерийн даатгалыг ихээр хийлгэдэг гэх мэт), санамсаргүй тохиолдлуудыг утга учиртай гэж бодох, бодоит бус хэт өөдрөг хүлээлттэй байх (сугалаанд хожино гэж найддаг, тамхины хорны талаар тоо баримтыг мэдсэн ч би гайгүй гэж тооцоолдог гэх мэт), авахаасаа илүүтэй алдахаасаа айдаг (шинэ зүйл хийж туршиж алдаж байснаас хуучнаараа байхыг илүүд үздэг), хүмүүс ихэвчлэн бодлогогүй, идэвхгүй шийдвэрийг гаргадаг (эмч өвчтөнд мэс заслын адил үр дүнг 2 байдлаар хэлэхэд өвчтөн 2 өөр байдлаар усгаж авна. Эмч энэ мэс засалд орсон 100 хүн тутамын 90 нь 5 жилийн дараа амьд байгаа гэж хэлэх, 100 хүн тутмын 10 нь нас барсан гэж хэлэх 2-ын хооронд өвчтөний сонголт эсрэг тэсрэг байх магадлалтай. Үүнийг маркентингт их хэрэглэдэг бөгөөд framing буюу хүнд нь тохируулж илэрхийлэх гэсэн утгатай), хүмүүс хүн сүрэг бие биеэ бодлогогүйгээр дууриадаг, хичнээн буруу зөвийг мэдэж байсан ч өөрийн эрхгүй хорой, дураасаа болоод буруу сонгодог (буруу хоололт) зэргээс болоод буруу сонголтыг хийдэг, үүнийг мэдэж ойлгосноор тархинд эвтэйхэн нөлөөлөх (nudge-лах) боломжтой гэжээ. Өөрөөр хэлбэл миний буруу биш (хэ хэ), миний тархи л тэнэгтээд буруу сонголт хийгээд, харин тэр үед нь тухайн хүн зөв шийдэл гаргах тал уруу нь чиглүүлээд жаахан “ёвролт” өгчихсөн бол хэлснийг хэрэгжүүлэх байжээ. Та бүхэн доор тавьсан уг номноос авсан зургийг хараад 2 ширээний аль нь урт нарийн болохыг таа даа. Ихэнх хүмүүс зүүн талынхыг нь сонгоно. Ядаж хуруугаараа хэмжээд үз. Үнэн хэрэг дээрээ яг ижил хэмжээтэй ширээнүүд юм. Би яг нүдээрээ харсан, тэр нь урт гэж маргаж мөрийцөх хүн ч гарч ирнэ. Үүнтэй адил бид өөрсдөдөө бүрэн дүүрэн итгэлтэй, хичнээн зөв гэж бодож байсан ч бидний сонголт буруу байж болохыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Nudge буюу ёвролт, нудрах гэдэг хэллэг үгийг олонтоо сонссоор нэлээд хэдэн жил болжээ. Үгийн утга нь хүмүүсийн амьдрал, зуршлыг сайн тал уруу нь өөрчлөхийн тулд сонголтыг нь хягзаарлахгүй ч өөрт нь мэдэгдэхгүйгээр ЗӨВ сонголт уруу нь сэмээрхэн түлхээд, зоригжуулаад нудраад өгнө гэсэн үг. Энэхүү эерэг утгатай ойлголтыг “хийх”, “толгойг нь эргүүлэх” гэх мэтчилэн үгнүүдтэй бүү холиорой. Хүн өдөр бүр, сард, жилдээ, ер нь амьдралынхаа туршид санамсартай санамсаргүй хэдэн мянга, зуу сонголтыг хийж явдаг. Харамсалтай нь хүмүүн бид орчны элдэв нөлөөнөөс болоод болгоомжгүй, тэнэгтсэн шийдлийг гаргаж тэрнийхээ улмаас боловсрол, санхүү, гэр бүл, гэрлэлт, бүр эрүүл мэндээрээ хохирох нь олонтоо.
Чикаго хотод нуурын эргийн замын огцом эргэдэг аюултай хэсэгт хүмүүсийн хурдыг багасгахын тулд “нудралт” хэрэглэжээ. Замын тухайн хэсэгт ижил зайтай хөндлөн зураасууд тэмдэглэсэн ба хамгийн огцом хэсэгт харин зурааснуудын зайг улам ойрхон тэмдэглэжээ. Жолоочийн тархи эхний зураасын тэмдэглэгээнд дассан байх ба зураасын зай ойртох үед хурдан нэмэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй хурдаа бууруулдаг аж. Аюултай зам, хурдаа багасахгүй бол амь насанд чинь аюултай гэж мэдэж байсан хэт өөдрөг тархинууд маань алдаа гаргадаг, иймээс тархийг нь хуурчихаж байгаа хэрэг л дээ. Энэ мэтчилэн ард иргэдийнхээ төлөө тэднийг өөрсдийн эрүүл мэнд, санхүү, сайн сайхныхаа төлөө зөв сонголт хийлгэхийн тулд төр засаг, хотын төлөвлөлт бодлогод нудралтыг хэрэглэх нь ашигтай байдаг тусдаг учраас зарим улс орнуудын ЗГ, ерөнхийлөгчийн дэргэд nudge unit байдаг болсон билээ. Үүнтэй адил ард иргэдийнхээ төлөө нудралт хийж байгаа ЗГ, хотын захиргаа, компанийхаа ажилчдын эрүүл мэндийг сайжруулахын тулд (мөн компаний эрүүл мэднийн даатгалын зардлыг багасгахын тулд) фитнэс төвд тогтмол явсан тохиолдолд урамшуулал олгох, тэтгэврийн хуримталыг нь нэмэгдүүлэхийн тулд дуртай үедээ больж болохоор сар бүр автоматаар цалингаас нь тодорхой хувь тэтгэврийн данс уруу нь орж байхаар эхний тохиргоо хийж команий захиргаа, хүүхэддээ эхнээс нь их сургууль төгсөж боловсрол эзэмших ёстой гэсэн эхний өгөгдлийг нь шингээж өгсөн, эсвэл хэдийгээр хүүхдэд хэрэгтэй ч залхуураад хийхгүй явахгүй байгаа хичээл спортыг нь хүүхдээр өөрөөр шийдүүлж сонгуулж байгаа мэт боловч эвтэйхэн өөрийн хүсч байгаа сонголтыг хийлгэж чадаж байгаа ээж аав, сурагчдад хэрэгтэй сонголт уруу нь түлхээд өгч байгаа багш нар бүгд сонголтын архтекторууд буюу сонголтын орчны дизайнарууд болж байна. Тэгэхээр үнэхээр хүнд, хүүхдэдээ зөв гэсэн сонголтыг хийлгэхийг хүсвэл зүгээр нэг хэлээд өнгөрөх биш санаатайгаар сонголтын орчныг зохицуулж зөв нудралтыг хийх хэрэгтэй байхнээ. Хичээгээрэй.