Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, April 30, 2013

Шинээр бизнес эхлэх нь...



Өнгөрсөн бүтэн сайнд /4-р сарын 28-д/ Сакрамэнто Opчмын Mонголчуудын Холбоонooc зохион байгуулсан "Шинжлэх Ухаан - Бизнэс Форум-2013 дээр өөрийн бэлтгэж уншсан илтгэлийг оруулж байна. 
Гарчгийг харвал нэг л тагнуултай, цаашаа нь яг юу хэлэх гээж байгаа мэдэгдэхгүй байгаа биз. Энэ нь ийм учиртай юм болсон юмаа. Нэгдүгээрт Мягмар ах лекцийнхээ сэдвийг хурдан өг, хөтөлбөрөө боловсруулна гээд сандаргаад байснаас дутуу гарчиг өгөөд явуулчихсан юм. Нөгөө талаас өмнө нь 2008 он Оакланд хотноо, 2009 онд Вашингтон ДиСид болсон Америк дахь монгол бизнес эрхлэгчдийн уулзалт дээр Жижиг бизнесийн санаанууд, санаагаа хэрхэн мөнгө болгох вэ, Хоолны газрын бизнес гээд монголчуудын нэлээд сонирхдог 2 том сэдвээр, өөрийн хэлье, ярья гэсэн бодлоо багтаасан  хэдэн сар гайгүй мэдээлэл бүхий лекц бэлдэж байж уншиж байсан болохоор үнэт цагаа зарцуулан байж ирсэн, өөрийнхөө хотын найз, нөхдүүд та бүхэндээ хэрэгцээтэй ямар мэдээллийг өгвөл зүгээр вэ гэдгийг нэлээд бодох шаардлагатай байснаас ийм юм болсон юмаа.
Бизнес эрхлэхийн ач тус.
Анх Монголоос ирснээс хойш 4 жилийн дараа буюу 2006 онд sac_mongolions групп, сүлжээ байгуулаад анх “Яагаад бизнес эрхлэх хэрэгтэй гэж...” гэсэн зүйл бичээд сүлжээгээрээ тарааж байлаа. Америкт ирэхийнхээ өмнө 3 жил гаруй хот хөдөөгийн жижиг бизнес эрхлэгчид нартай хамтарч ажиллаж тэдний дайчин оргилуун, зүтгүүр, хийж бүтээхийн уур савссан гал тогооноос ирсэн миний хувьд энэд байгаа монголчуудыгаа хараад бизнес хийх хүсэл сонирхол төрүүлэх юмсан гэсэн бодол хадгалагдаж байснаа анх гаргасан нь тэр билээ. Аминдаа л тэр үеийнхээ өөрийнхөө бодож сэтгэж байснаар бизнес эрхлэхийн ашиг тус гээд капитализмын ашиг тусаас илүү ихээр хүртэнэ, гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгоно гэж жагсаагаад орхисон юм. Гэхдээ бас овоо, тэр дотор өөртөө сэтгэл хангалуун байж, хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг авчирна гэсэн үгс оруулсан юм. 
Бид нар шижигнэсэн залуу насандаа энэд ирж суурьшаад захаасаа 40, 50 хүрээд эхэллээ. Боломжит насныхаа дунд нь орсон гэсэн үг. Одоо л энэ цаг чинь өөрийн дур зоргоор уян хатан амьдрах хамгийн боломжтой цаг юм бишүү. Хошин шог дээр клип шиг амьдрал гэж байхгүй шүү гээд нэгийгээ загнаад байдаг шиг клип реклам дээр гардаг шиг үгүй юмаа гэхэд өөрийн даруухан хүсэлд чинь нийцсэн амьдралын хэв маягтаа таарсан бизнес хийгээд явах боломжтой юм.
Эртээд нэг юм уншаад сууж байтал тэр бичигчийн гэртээ хүүхдээ хардаг байсан эмэгтэй найз нь хүүхдүүдээ ахлах сургуульд орсны нь дараа 42 насандаа эмч болохоор шийдэхэд хүмүүс ихэд гайхацгаасан гэжээ. Тэгэхэд найз нь би яаж ч амьдарсан, ямар ч замаар явсан нэг л өдөр 50 нас хүрнэ. Тэгвэл би 50 хүрэхдээ ядаж эмч болсон байя даа гэж хариулжээ. Өнөөдөр тэр найз нь 60 настай үеийн эмэгтэйчүүдийн итгэлтэй сайн эмч болчихсон байгаа аж. Үнэхээр өөртөө итгээд шантралгүй зүтгээд, дээр нь өөрийг чинь сэтгэл санаагаар дэмждэг найз нөхөд ахан дүүс чинь байх юм бол чамд бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй билээ. Манай Дэмбэрэл багшийн хэлдгээр бол “Чиний нүдэнд харагдаж л байгаа бол бүтээж болно.”, Ч.Эрдэнэ зохиолчийн онолоор бол “Нэг тэнэгийн чадаж байгаа юмыг нөгөө тэнэг чадаж л таараа” гэж буулгаж болно. Мэдээж ямар нэгэн бизнесийг эхлэхэд болох болов уу, яахав гэсэн эргэлзээ, ямар нэгэн эрсдэл ямагт байдаг билээ. Гэхдээ та өнөөдөр өөрөөсөө асуу. Өөртөө болон гэр бүлдээ илүү сайхан амьдрал авчрах өөрийн ирээдүйн төлөө үзээд алдахад бэлэн байна уу гэж өөртөө асуулт тавиарай. Дасгалжуулагч нар тамирчдадаа хэрэв бусад өрсөлдөгчид чинь ядарсан зүдэрсэн байгаа бол яг энэ үед л чинь сэтгэл санааны хувьд хатуу чанга байж илүү хүч гаргавал чи ялах болноо гэж захьдаг байна. Үүнтэй адилаар бусад бизнесүүд удаарширсан нэг хэвийн болсон үед чи ухасхийгээд цойлох хэрэгтэй байхнээ. Үүнийг би хотын маань олон монголчууд маань олон жил солонгосуудад гал тогоонд ажиллалаа. Солонгос эздүүд ихэнх нь хөгширч, хүүхдүүдээс нь тэд нар шиг ажиллах бодолгүй байгаа. Яг энэ үед л монголчууд маань ухасхийгээд ядаж л хэдэн япон ресторонуудыг эзэмшээд авах бололцоотой санагддаг.   
Бизнесийн чиглэлээ сонгох нь.
Бизнесийн чиглэл, эсвэл бизнес сонгоход хувь хүний чадвар, дадлага, мөнгөний хэмжээ гээд л олон зүйлээс хамаарах нь ойлгомжтой. Энэд би ерөнхий 3 зүйлийг л хэлэхийг хүсч байгаа юм.
1.      Голыг нь олсон /зөв/  бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бизнесийн анхны зарчим. Тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг тохирсон зах зээлд нь цагийг нь олж зарж чадвал таны бизнес амжилттай байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл чи хэн нэгний асуудлыг шийдвэрлэж өгөөд оронд нь мөнгө олно гэсэн үг. Мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход өөрийн ур чадвар, боломж, мөнгөний хэмжээ гээд олон юмнаас шалтгаална. Энэн дээр олон зүйл яриад яахав. Цааш нь хөдлөе.
2.      Тогтвортой өрсөлдөх давуу тал.
Дэлхийн 2 номерын баян, хөрөнгө оруулагч, миний мундаг гэж хүндэлдэг хүмүүсийн нэг Warren Buffet-ээс хүмүүс “та бизнес худалдаж авах, хөхөрөнгө оруулахдаа юуг голлож анхаардаг вэ гэсэн асуултанд” тэрээрA business  with durable competitive advantage that even a moron could run, because sooner or later a moron will end up running it буюу тэнэг хүн ч гэсэн удирдаад явахад удаан хугацааны турш тогтвортой өрсөлдөх давуу талаа хадгалаад байх тийм бизнесийг хардаг. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт ямар нэг тэнэг нь удирдах л болно” гэж ихэвчлэн хариулдаг. Манай дүүгийн хэлдгээр энэ хүн яав ч худлаа ярихгүй байх гэдэг шиг анхаарах нэг номерын зүйл байх нь ойлгомжтой юм. Тогтвортой өрсөлдөх давуу талтай гэдэг нь хэцүү үед ч гэсэн бизнесийг аваад явах тийм чадварыг нь харна гэсэн үг байхнээ. Хоолны газрын жишээн дээр бол үндсэн бүтээдэхүүнээрээ өрсөлдөх давуу талтай гэвэл хоол нь хаана ч байхгүй өвөрмөц, хүмүүст ихээр таалагддаг, бөгөөд ирээдүйн чиг хандлагат тохирсон байх /энэ дээр нэмээд тайлбар хийхэд эрүүл мэндэд хор нөлөө багатай хоол хүнс үрүү хэрэглэгчид чиглэж байгаа. Жишээ нь тос, будаг, амтлагч ихтэй хятад хоол явцгүй болж байгааг,  хэрэглээ багасч байгааг харж байгаа байх... /  эсвэл байршлын хувьд давуу талтай гэвэл нэлээд сайн үйлчилгээний төвд нэлээд тогтвортой, ойрын үед хаалгаа барьчихгүй нэлээд хүмүүсийн дуртай дэлгүүрийн хажууд байх гэх мэтчилэн нөхцөлүүдийг харах хэрэгтэй байх. Дээр дурдсан бараа бүтээгдэхүүн чинь ирээдүйн хандлага уруу чиглэсэн байх гэсэн дээр нэмж хэлэхэд хэрэглэгчдийн хандлага хаашаа байна гэдгийг анзаарч харсан байх хэрэгтэй юм. Үүнд жишээ нь хүний биенд хортой нь тодорхой бодис агуулаагүй байх /MSG гэх мэт/, байгаль орчинд хор багатай байх гэх мэтчилэн хэрэглэгчээ бодсон, хэдийгээр нэг хүний нөлөө өчүүхэн ч боловч өргөн уужим сэтгэлээр хүн төрөлхтөнийг бодсон, байгаль дэлхийгээ бодсон бүтээгдэхүүн үйлчилгээ ирээдүйн бизнес байх болно. Жишээ нь би ажилчиндаа ажилд ороход нь хамгийн түрүүнд хэлдэг үг нь “хэрэв чи өөрөө, эсвэл хүүхдэдээ идүүлэхгүй хоолоо битгийн хэрэглэгчид өг. Муухай болсон бол дахиад хий” гэдэг.  
Иймд бизнесээ сонгохдоо энэ 2 асуултыг өөртөө тавиарай.
-          Тухайн зах зээл дээр танай бизнесийн өвөрмөц давуу тал нь юу байх вэ?  
-          Танай бизнесийн энэхүү тогтвортой давуу тал чинь танай үйлчилгээ, бүтээгдэхүүн тус бүр танай үйлчилж байгаа зах зээлийн хэсэг тус бүрийн хэрэглэгч нарт ил харагдахуйц бат суурьтай  ямар ашиг тус бууж байх вэ гэдгийг харах. Өөрөөр хэлбэл танай бизнесийн энэхүү өрсөлдөх давуу талаа зах зээлдээ мэдээлсэн, сурталчилсан, хүргэсэн тохиолдолд худалдан авагчид хүлээн авагчид ашиг тусыг нь ойлгож хүлээж авсанаар таны бизнес тогтвортой давуу талтай байж чадахнээ.  Жишээ бүтээгдэхүүнүүнээр өрсөлдөх давуу талтай гэлээ. Тэгвэл меню дээр бичигдсэн 2 номерын тавагтай хоолыг хэрэглэгч өөр хоолны газраас авахгүй танайхаас ямар ашигтай болоод байнга худалдаж авч байх вэ гэдгийг харна гэсэн үг.
3. Life style business буюу амьдралтай чинь уялдсан бизнес
Бизнес амжилттай байна гэдэг мөнгө л ахуйхан олно гэсэн үг гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр амжилтийг өөр өнцөгөөс харж эхлэх нь зүйтэй санагддаг. Мөнгөтэй холбоотой 2 ойлголт байдаг. Мөнгөтэй бол аз жаргалтай гэж. Forbes сэтгүүлийн гаргадаг жагсалтын эхний 400 супер баян хүмүүсээс авсан санал асуулгаар тэд АНУ-д амьдарч байгаа жирийн хүнээс илүү аз жаргалтай байддаггүй гэж гарчээ. Нөгөө нь чи их мөнгөтэй болох тусам чамд чөлөөт цаг ихтэй болно гэдэг. Амьдрал дээр харин ч эсрэгээрээ. Их мөнгө хийх тусам чамд чөлөөт цаг бага байх болно. Сайн бодох юм бол ажилгүй хүн илүү их чөлөөт цагтай байдаг бол бизнес эрхэлж байгаа хүмүүс амралтын цаг нь улам л багасдаг байх нь. Бүр их баян хүмүүс бүр л их цаггүй байдаг юм байна. Тэгээд ч бизнес гэдэг чинь бизи гэдэг үгнээс гаралтай байгаа биз дээ. Тэгвэл эндээс бодохоор мөнгө чамд аз жаргал авчрахгүй, чамд илүү чөлөөт цаг авчрахгүй юм бол яах гэж улам бизнес хийж илүү мөнгө хийх зүтгэх хэрэгтэй байнаа гэдэг асуудал гарч ирнэ. Эхний хэсэгт бизнес хий хий гэчихээд юу гэх гээд байнаа гэж бодож байж болох юм. Эдийн засагт “opportunity cost” гэдэг хэллэг байдаг. Энэ нь чи нэг зүйлээсээ татгалзаж байж нөгөө зүйлийг сонгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүтэн сайн өдрийг найзуудтайгаа өнгөрөөхөөр шийдвэл хүүхдүүдтэйгээ цуг сайхан байх боломжоо алдана  гэсэн үг. Энэ маань найзуудтайгаа өнгөрөөхийг сонгосны миний төлж байгаа үнэ нь юм. Үнэхээр бид нар хүссэн зүйлээ ямар нэгэн байдлаар авч чадна. Гэхдээ хүссэн зүйл маань ямар нэгэн үнээр олддог гэдгийг л өгүүлж байгаа юм. Далай багш үүнийг “Юуг алдаж байж юуг олж авснаараа амжилтаа дүгнэ” гээд маш гоёор хэлчихсэн байдаг. Үүнийг эдийн засагчид “There is no such things as a free lunch” буюу үнэгүй үдийн хоол гэж байхгүй гэж хэлдэг.
2010 онд нэлээд томоохон бизнесийн зөвлөгч Victor Cheng-ийн зөвлөгөө дотроос “lifestyle business” гэдгийг олж уншсан нь намайг нэгэн өөр өнцгөөс бизнесийг харахад хүргэсэн юм. Уламжлалт аргаар бол хамаг хүч, сэтгэлээ бизнестээ морь мэт зүтгэж зориулаад үлдсэн хүч чадлаа  /хэрэв үлдвэл шүү дээ/ гэр орон, өөртөө зарцуулж явж ирсэн. Гайгүй мөнгөтэй болохоороо ингэнээ тэгнээ гэж явсаар байтал   нэг өдөр сэрэхэд ямар ч хувийн амьдрал байхгүй, нас ч байхгүй болсныг ухаардаг. Хэрэв та одоо л амьдралаараа амьдрахгүй бол ирээдүйд илүү их мөнгө хийвэл тэр чигээрээ л амьдралгүй үлдэнэ гэж тэрээр тайлбарлажээ. Амьдралтай чинь уялдсан бизнес гэдэг санаа нь: чиний төсөөлдөг хамгийн сайхан идеал амьдралыг чинь хүрээлж бизнесээ үүсгэх, эсвэл авч явах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл амьдрал чинь нэгд, энэхүү амьдралыг нь чинь тэтгэх бизнес чинь 2-т явна гэсэн үг. Үнэхээр бүтдэг бол гоё байгаа биз? Шинэ зам гээд л бодчих. Жишээ нь миний хувьд урт цагаар ажилладаг байсан ч яахав, гагцхүү надад унших, бичих боломж өгдөггүй ажил бол утгагүй байх жишээтэй. Ингэхээр юуны түрүүнд яг ямар амьдралын хэв маягтай байхаа бодохын тулд дараахь 5 асуултанд өөрөө хариулаарай.
-          Та хэнтэй ажлын цагаа мөн хувийнхаа цагийг өнгөрөөхийг хүсч байна?
-          Та ямар ажил хийж мөнгө олохыг хүсч байна? /эсвэл яг ямар үүрэг хүлээж ажиллахыг хүсч байна?/
-          Хаана амьдарч ажиллахыг хүсч байна?
-          Ямар цагаар, ямар өдрүүдээр ажиллахыг хүсч байна?
-          Яаж ажиллахыг хүсдэг вэ? /ямар хувцас ч гэдэг юм уу, унтах боломж өгдөг оройхон эхэлдэг, эсвэл удаан завсарлагатай ч гэдэг юм уу/
Тэрээр энэ асуултанд хариулаад тэгээд түүнийгээ тойруулаад бизнесээ босго гэж зөвлөж байгаа юм. Үнэхэр та ямар амьдралаар амьдрахыг хүсч байна? Түүний ядаж ямар хэсгээр нь одоо амьдарч чадаж байна? Тэгж байгаад л биш , яг одоо? Амьдрал бол амьдрахад л зориулагдсан болохоос хүлээх бол амьдрал биш. Бодох л бодол байгаа биз. Өнөөдөр ингээд л шууд мөрөөдлийнхөө амьдралын хэв загварыг үүсгэнэ гэвэл мэдээж амьдралгүй хэрэг. Гэхдээ өнөөдрөөс эхэлж өөрчилж эхэлбэл тэгж байгаа д л гэдэг хугацаа наашилнаа даа. Бид нэг л амьдарна. Амьдрал богинохон. Have a fun.
Бизнес эхэлмээр байна. Хаанаас эхлэх вэ?
Хамгийн түрүүнд монгнолчуудаасаа асуу. Чиний бодож байгаатай адил бизнестэй хүн байвал очоод уулз. Харамгүй хэлээд өгнө. Миний хувьд өмнө дурдсан лекцүүдэд тодорхой сайн дурдсан байгаа. Дээр нь нэмээд хэдэн жижиг бизнесийн талаар мэдээлэл, сургалт явуулдаг байгууллагуудын мэдээллийг оруулж байна.
SCORE гээд Sacramento County’s Business Resource Center байгууллагаас. How To Decide about Starting a Business, бизнес эхлэх талаар хэрхэн шийдвэр гаргах вэ, How To Design a Well Run Business Model, сайн ажиллах бизнесийн загварыг хэрхэн гаргах вэ гэхчилэн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан практик сайхан сургалтуудыг өөрийн энэ тэндхийн салбарууд дээрээ байнга явуулж байдаг. Вэб сайт уруу нь ороод имэйлээ бүртгүүлчихвэл сар бүр болох сургалтын жагсаалтыг аваад байдаг. Өөртийн гэртээ ойрхон оффист сургалт болбол өөрөө эсвэл ойлгохгүй гэж бодвол хүүхдүүдээсээ дагуулаад очиж болно. Сүүлийн үед ажиглаад байхад том хүүхдүүд маань, Батаагийн Жагаамаа, Батсайханы Ананд гээд л  аав ээждээ бизнес эхлэхэд нь голлох үүрэгтэй оролцоод эхэлсэн байна. Тэдэнд ч гэсэн хэрэгтэй. Бага наснаасаа бизнесийг амьдрал дээр нь сурч байна гэсэн үг.
SBA /Small Business Administration/ байгууллагын вэб сайтад 30 минутын бизнесийн дадлагжуулах онлайн сургалтуудыг байрлуулсан байна лээ. /sba.gov/sba-learning-center/training/ Сэдвүүд нь гэвэл залуу бизнес эрхлэгчдэд: бизнес эхлэх хамгийн анхны зааварчилгаа, Бизнес төлөвлгөөө хэрхэн бичих вэ?,  ЗГ-ын гэрээг яаж авах вэ, Эмэгтэй бизнес эрхлэгчдэд гэх мэтчилэн хичээлүүд байна лээ. Ганц 2-ыг нь үзсэн их аятайхан юм билээ.
Өөр нэг байгууллагыг саяхнаас мэддэг болоод байна. California Governor’s office of Business and Economic Development буюу GO-Biz нэрээр нэрлэдэг 2011 онд байгууллагдсан байгууллага. Энэ байгууллага голчлон вэб сайт болон онлайн хэрэгслэлээр бизнес эрхлэгчдэд мэдээллээр туслахад голчлон анхаарч ажилладаг юм билээ. Жишээ нь та Ранчо Кордава хотод автошоп ажиллуулъя гэвэл  www.calgold.ca.gov сайт уруу ороод коунти, хотоо сонгоод бизнесийн төрлөө сонгоход л хэрэгцээт зөвшөөрлийн жагсаалт, түүнийг олгодог байгууллагын хаягнууд гараад ирэх жишээтэй. Мөн энэ байгууллага ирэх 7 сараас жижиг бизнесийн зээлд баталгаа гаргаж өгдөг үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Ингэснээр энэ программд хамрагдаж байгаа 11 банк санхүүгийн газар уруу зээлд хандахад уг байгууллага арыг нь дааж баталгаа гаргаж өгч эхлэхнээ.  
Мөнгө, бэлэн мөнгө бизнес нээхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг. Уламжлалт биш зээлийн талаар, peer-to-peer сайтаар дамжуулж мөнгө зээлэх талаар өмнөх лекцэнд дурдсан байгаа. Дээр нь нэмж хэлэхэд уламжлалт биш мөнгө цуглуулах арга болж байгаа сүүлийн үед гарч ирсэн crowdfunding буюу нийтээр санхүүжүүлэх гэдгийг бага зэрэг тайлбарлах нь зүйтэй байх. Indie-GoGo, Kickstarter, PeerBackers зэрэг сайтуудад өөрийн мэдээллээ, зорилгоо байрлуулснаар сонирхсон, дэмжсэн хүмүүсээс мөнгө цуглуулж санхүүжүүлэлт олдог аргыг хэлдэг. Эхний үед ихэвчлэн гар урлал, зураач уран бүтээлчид, зохиолч, хөгжимчид зэрэг урлаг, уран сайхны чиглэлийн хүмүүс номоо хэвлүүлэх, CD-гээ гаргах, кино хийх гэхчилэн төсөлдөө санхүүжүүлэлт олдог байсан бол сүүлийн үед жижиг бизнесүүд иймэрхүү маягаар мөнгө цуглуулах боломжтой болоод байгаа билээ. Federal Jumpstart Our Business Startups (JOBS) Act нэртэй хууль өнгөрсөн жил Конгрессээр батлагдсанаар бизнес эрхлэгчийг нийтээр санхүүжүүлэх аргаар өөрийн хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдаж жилд 1 сая хүртэлх долларыг олохыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ зохицуулалтын хуулийг өнгөрсөн 12 сард улсын SEC агентлагаас гаргах төлөвлөгөөтэй байсан ч одоогоор юм сонсогдоогүй байгаа юм байна. Дүрэм, зохицуулалт бий болмогц ийм төрлийн сатйууд олшрох нь ойлгомжтой. Саяхан нэг сонин уншиж байхад нүдний өвөрмөц шил хийдэг залуу ийм маягаар 3 долоо хоногийн дотор 200 гаруй хүнээс тус бүр нь 5-1000 доллар, нийтдээ 15 мянгыг босгоод дэлгүүрээ нээсэн тухай уншиж байсан юм байна. Ийм байдаал мөнгө босгохын тулд дээрх сайтуудын аль нэгд бүртгүүлээд зорьж байгаа сангийн хэмжээ, хугацаа зэргээ багтаасан хуудас үүсгэнэ. Үүний хариуд сонирхсон хүмүүс амлалт өгч мөнгө өгнө. Үүний хариуд ихэвчлэн “thank you”гэх ч юмуу эсвэл бэлэг дурсгал,ын зүйл подвалк зэргийг явуулахад хангалттай байдаг. Гэхдээ хүмүүст сайн мэдэгдэж сурталчилах хэрэгтэй, Facebook, өөрийн танил тал, найз нөхдийн сүлжээгээрээ сайн зарлах ёстой. Өөрийн файлаа маш сайн хийх хэрэгтэй. Чиний энэ төсөл яагаад чухал байгаа юм, бусдад ямар ашиг тустай юм гэхчлэнгээ сайн тайлбарлсан, хүний сэтгэлд хүрсэн видео, бүтээгдэхүүний жишээ зураг зэргээ багтаасан байвал зүгээр. Хүмүүсээс мөнгө цугларч эхлэх үед ажлын явц, дэмшлээ байнга мэдээлж байх.      
За тэгээд өнөөдөр хэлж яръя гэж бодож явсан зүйлээ ихэнхийг нь ярьсан гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.

Friday, April 12, 2013

Хүүхдэд тань хөгжлийн хоцрогдол илэрч байвал яах вэ?



Хэрэв хүүхэд 9 сар хүрсэн ч сууж сураагүй эсвэл ямар нэгэн зүйл бувтнахгүй байвал, эсвэл 3 нас хүрсэн ч нэг ч үийг цэвэр хэлэхгүй байх, шатаар бууж, өгсөхдөө асуудалтай байх зэрэг нь тухайн хүүхэд хөгжлийн хоцрогдолтой байх магадлалтай аж. Хүүхдийн бусадтай харилцах харилцаа /social/, сэтгэл санааны илрэл, ойлгох, сурах чадвар, биеийн болон хэл ярианы хөгжил зэргийг нь ажиглах, харьцуулах замаар хөгжлийн хоцрогдол илэрсэн үед эцэг эхчүүд бид хүлээж цаг алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад тест шалгалтыг өгч туслалцааг цаг алдалгүй авснаар тэдний үеийхнийгээ гүйцэх боломжийг нь улам нэмэгдүүлдэг аж. Үүний тулд юуны түрүүнд нийгмийн үнэгүй эсвэл хямдралтай үйлчилгээнд хандах хэрэгтэй. Үүний тулд CDC-ийн вэб сайтын санаа зовж байвал хэсгийн “Learn the Signs. Act Early хэсэг дэх мэдээллээс эхлээрэй. /www.cdc.gov/ncbddd/actearly/concerned.html /  


Энэ хэсэг дэх мэдээллээс хүүхдийн тодорхой нас бүрт хийж чадах үйлдлийг жагсаасан ба хэрэв хүүхэд тань өөрийн насны хэмжээнд хоцрогдол илэрч байвал эмчтэй уулзаж санаа зовж байгаагаа хэлээрэй. Уг сайтад яаж эмчдээ дуулгах, ямар ямар асуулт асуух зэргийг нь жагсаасан байна. Хэдийгээр хүүхдийн эмч ерөнхий биеийн байдал зэргийг тогтмол үздэг ч харилцааны болон сэтгэл зүйн хоцрогдолыг тэгтлээ нарийвчлан тогтоох нь бага байдаг. Хүүхдийн эмч нар хүүхдийн хөгжлийн хоцрогдлын дөнгөж 30 орчим хувийг илрүүлдэг бол мэргэлийн тест, үзлэг нь 70 орчим хувийг илрүүлж чаддаг байна.

Дээрх сайтад хүүхдийн нас тус бүрт хоцрогдол илэрсэн үед хаашаа хандах талаар чиглэлийг нь эцэг эхчүүдэд өгчээ. 0-3 насны хүүхдийн хувьд National Dissemination Center for Children with Disabilities (NICHCY) http://nichcy.org/ байгуулллага уруу 1-800-695-0285 утсаар холбогдох буюу вэб сайтаас нь мужийн холбогдох газрын /Менюгээс State Organizations гэдгийг сонго/ талаарх мэдээллийг авах. 3 болон түүнээс дээш насны хүүхдийн хувьд хэрэв preschool-д ороогүй бол өөрийн харьяа бага сургууль уруу утастаж хүүхдээ шалгуулах, оношлуулах хүнтэй холбогдож болохыг асуух гэсэн байна. Түүнчлэн дээрх http://nichcy.org сайтад насны ангиллараа ямар ямар үйлчлигээ хаанаас авч болох талаар нэлээд сайн мэдээлэл байна. Ерөнхийдөө 3-аас доош насныханд мужаас “Early Intervention” программ, түүнээс дээш насныханд нийтийн боловсролын системээс тохирох үйлчилгээг авахыг зөвлөжээ. Үнэгүй болон хямдралтай үйлчилгээний хүрээ, хамрагдах боломж нь муж бүрт өөр өөр. Зарим мужид нэлээд төвөгтэй байдгаас гэр бүлүүд хувийн эмчид /нэг удаагийн эмчилгээний үнэ 200 хүртэл доллар, эмчилгээ хэдэн жилээр ч үргэлжиж магад/ хандахад хүрдэг гэжээ.

Сакраменто хот орчимд Turning Points Children’s Service /www.tpcp.org/ ь http://www.tpcp.org/infant-toddler-screening  ашгийн бус байгууллагаас 2-5 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг тестийг хийж өгдөг юм байна. Хаяг нь


Turning Point Children's Services
7245 E. Southgate Drive
Sacramento, CA 95823

Diana White, LMFT (916) 427-7141, ext. 2445 dianawhite@tpcp.org

Эцэст нь 4 сар Autism Awareness сар тул энэ өвчний талаар товч мэдээллийг оруулж байна. Autism гэдэг нь хүүхдэд хэл яриа, харилцаа, биеэ авч явах талаар нэлээд том бэрхшээл авчирдаг хөгжлийн хоцрогдол өвчнийг ерөнхийд нь хэлдэг. Хүн бүрт өөр өөр янзаар илэрдэг өвчин юм. Autism society /www.autism-society.otg/ байгууллагын вэб сайтаас авсан стастистик мэдээллийг жагсаавал:

-         -  Америкийн 3-17 насны хүүхдүүдийн 1 хувь нь ийм өвчтэй. Ойролцоогоор 88 хүүхдийн 1-нь ийм өвчтэй төрж байна. /саяхан 101 хүүхдэд нэг гэж байсан маш хурдацтай өсч байна/

-           - Autism юунаас болж тусдаг нь одоо хүртэл тодорхойгүй байна.


-          - Эрэгтэй хүүхдүүдэд илүүтэй тусдаг. /ийм 4 өвчтэй эрэгтэй хүүхдэд ийм өвчтэй 1 охин ноогдох харьцаатай/


-          - 1-1.5 сая америкчууд ийм өвчинтэй амьдарч байна.


-          - Энэ өвчнөөс болж жилд 60 биллион доллар зарцуулагдаж байна.


-          - 10 жилийн дараа жилийн зардал 200-400 биллион болж өснө.


-          - Хэрэв хүүхэд эрт оногшлогдож эмчилгээ авч эхэлбэл амьдралын туршид зарцуулагдах зардал нь 2/3 хувиар багасна.