Америкийн эдийн засаг уналт эхэлснээс хойш анх удаа 3 улирал дараалан тасралтгүй, түүний дотор энэ оны эхний улиралд 3.2 хувьтай өсөж мэргэжилтнүүд, улс төрчид эдийн засгийн өсөлт буцалтгүй боллоо гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл 2 дахь улирлын эдийн засгийн үзүүлэлт 2.4 хувь болон буурсан мэдээ гарсан нь бараг тохиолдох магадлал багатай гэж үзэж байсан double-dip recession буюу давхар эдийн засгийн уналтын 2 дахь үе нь тулгарч ирээд байна гэсэн айдас улс орон даяар авчирлаа. Үүнтэй холбогдуулж Federal Reserve-ийн дарга Ben Bernanke төв банк Япон улсад 1990-ээд онд тохиолдсон эдийн засгийн хүчийг маш хүчтэй сулруулсан үнийн уналт гарахаас сэргийлж Төв банкнаас нэмэлт "stimulus" буюу дэмжлэгийн мөнгийг гаргахад бэлэн байгаа төдийгүй Federal Reserve-ийн богино хугацааны зээлийн хүүгийн хэмжээг маш бага, 0-той дөхөх хэмжээнд барих зэргээр эдийн засгийн уналтаас сэргийлэх мөнгөний бодлогыг төрөл бүрийн хүрээнд хэрэгжүүлэх болно гэж амалсан. Тэрээр "эдийн засгийн удаашрал" явагдаж байгаа ч 2011 он болон түүний дараагийн жилүүдэд эдийн засаг өсөлтөө аван урагшлах болно гэсэн.
Гэтэл давхар эдийн засгийн уналт болно гэж таамаглал дэвшүүлсэн 'double dippers' хэмэээн нэрлэгдэж байгаа эдийн засагч, шинжээчид, улс төрчдийн зарим хэсэг түүний дотор Нобелийн шагналт эдийн засагч Paul Krugman New York Times сонины өөрийн бичдэг хэсэгтээ Обамагийн ЗГ хангалттай дэмжлэгийн мөнгө гаргаагүйгээс Америк Японд тохиолдсон шиг "алдагдсан арван жил" гэдэг эдийн засгийн нөхцөл байдлын эхний хэсэгт орсон, Вашингтон орчмын санхүүгийн зөвлөгч Randy Beeman өөрийн хөтөлдөг радио шоундоо эдийн засгийн давхар уналт тохиолдох магадлал 75 хувьай байна, Yale их сургуулийн эдийн засагч, байрны зах зээлийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн Robert Shiller давхар уналтын болох магадлал 50/50 хувьай байна, би ер нь болно гэж бодож байна гэх зэргээр мэдэгдэж байна.
Гэвч ихэнх эдийн засагчид, шинжээчид дээрх эдийн засгийн давхар уналт болохгүй, 2007 оны 12 сард эхэлсэн эдийн засгийн уналт өнгөрсөн зун дууссан, гэхдээ сэргэлт маш удаан байх болно гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ эдийн засгийн уналтыг албан ёсны хэмжигч National Bureau of Economic Research байгууллагаас дууссан эсэх талаар одоог хүртэл юу ч мэдэгдээгүй байна.
Бизнесүүдийн худалдан авалт багасч, байрны худалдаа сүүлийн 10 жилд байгаагүйгээр доошилсон дүн гарсан, ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр 7-р сарын байдлаар 9.5 хувьтай болоод байна. Дээр нь эдийн засгийн хүнд үед хамгийн гайгүй байсан салбар үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа удаарширч эхэллээ.
Дээрх улам муу болно гэсэн айдас Америкийн эдийн засгийн хамгийн их хувийг бүрдүүлж байдаг хүмүүсийн худалдан авалтанд муугаар нөлөөлөх магадлалтай ч бизнесүүд ажилчид нэмж авч эхлээгүй цагт нийт худалдан авах чадвар сул хэвээр байх болно.
Эдийн засаг өсөлт удааршилттай байгаагаас үнэт цаас цэнэ унасаар 8 сард S&P 500 үзүүлэлт хамгийн өндөр байсан 4-р сарын үзүүлэлтээс 14 хувиар унасан ба үнэт цаасны зах зээлийн байдал сайжрахгүй байсаар жилийн хамгийн муу үзүүлэлттэй байдаг 9-р сартай золголоо. Дээр нь 11-р сард болох сонгуулиар ямар нам дараагийн 2 жилд жолоодох нь шийдэгдэх тул тодорхойгүй хүлээлтийн байдал үүсээд байна.
Ер нь эдийн засгийн давхар уналт гэдэг нь маш ховор тохиолддог үзэгдэл юм байна. Америкт Дэлхийн 2-р дайны дараа ганцхан удаа буюу 1980 оны 7-р сард гарсан эдийн засгийн уналт дахин гүнзгийрч 1981 оны 7-р сараас 1982 оны 11-р сар хүртэл үргэлжилсэн байна. Энэ үед:
- Ажилгүйдэл 10.8 хувьд хүрсэн
- Ronald Reagan-ийн Бүрд Найрамдах нам House дахь 26 суудлаа 1982 онд алдсан байна.
Тэгээд ер нь юу гэж нэрлэлээ ч Америкийн эдийн засаг ямартай ч муу хэвээрээ нэлээд удах шинжтэй. Гэтэл Монголын урд хөрш Хятад улс эдийн засгийн хэмжээгээрээ Японы урд орж дэлхийн хэмжээнд 2-д жагссан дүн өнгөрсөн сард гарсан билээ. Энэхүү дүнд Хятадын ЗГ хөөрч онгирохгүй байгаа бөгөөд даруухнаар үзүүлэлт ийм байгаа ч Хятад улс бол "ядуу, хөгжиж буй" орон юм гэж мэдэгдэж байна. Ингэх нь ч аргагүй байх. Ямар ч өндөр хөгжилд хүрлээ ч нэг өдөр унах өдөр гардгийг бид бүхэн нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна даа.
Wednesday, September 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment