11 сард болох сонгуулийн сургаар улс төрийн маргаан, бичлэг, сонгуульд өрсөлдөгч хүмүүсийн яриа, сурталчилгаанд та бүхэн цагаачлалын талаар нэлээд зүйл гарч байгааг анзаарсан байх. Энэ нь ч аргагүй юм. Улс төрийн хүчнүүдийн хувьд улс орны тулгамдсан асуудлаар, түүний дотор цагаачдын асуудлаар юу хийх бодолтой байгаа нь сонгогчдын хувьд чих тавин сонсох сэдэв болдог ба энэ нь тэдний сонголтонд нь нөлөөлөх гол хүчин зүйл болдог билээ.
Ихэнх бүгд найрамдах намын /БНН/ өрсөлдөгчид, түүний дотор манай Калифорн мужид Мужийн захирагчийн болон сенат, хаузын суудалд өрсөлдөж байгаа хүмүүс эхний алхамуудаа улс, мужийн санхүүд ачаа болж байгаа хууль бус цагаачдад үзүүлж байгаа нийгмийн элдэв үйлчилгээг зогсоох уриатай зар сурталчилгааг бараг бүтэн жилжингээ цацлаа. Захирагчид өрсөлдөгч Meg Whitman нэг зардаа хууль бус оюутнуудаас болж мужийн төсөв санхүү муудсан, татвар төлөгч таны мөнгө тэдэнд зарцуулагдаж байна гэгчлэн гаргаж байлаа Яг бодит баримтаар бол мужийн оюутнуудын 1 хүрэхтэй үгүй хувийг тэд нар эзэлдэг болохыг сурвалжлагч сонинд удалгүй гаргаад тавьсан. Түүнтэй БНН-аас эхний шатанд өрсөлдөж ялагдсан Poizner бүр хууль бус цагаачдын хүүхдүүдийг сургуульд сургахгүй байх нь зөв гэхээр реклам хийж байсан. Харин сүүлийн саруудад дуу нь нэлээд зөөлөрч бүр Латин телевиз, радиогоор реклам дамжуулж эхэлсэн. Үнэхээр америкийн мужуудаас хамгийн их буюу 2.55 сая хууль бус цагаачид амьдардаг, ажил эрхлэгч 11 хүний нэг нь хууль бус ажилчин гэж албан ёсоор тоологддог мужид хэдэн сая долларыг /e-bay компаний захирлаар ажиллаж байсан Meg Whitman одоогийн байдлаар өөрийн хармаанаас 100 гаруй сая доллар сонгуулийн сурталчилгаанд зарцуулаад байна/ зар сурталчилгаанд цацлаа ч цагаачлалын эсрэг ноцтой үзэл бодол баримталж сонгуульд өрсөлдөх нь маш эрсдэлтэй алхам болохыг ойлгож эхэлсэн хэрэг болов уу.
Нөгөө талаас эдийн засгийн байдал нь олон хүнд бухимдлыг төрүүлж, түүний дотор цагаачдын эсрэг үзэл бодол нэмэгдэж байгааг тэд мэдэж дэмжлэг авахаар анхны алхмаа хийсэн байх.
Сонгууль болтол 2 сар үлдлээ. Дараагийн 2 жилд ямар хүчин Засгийн эрх барихаас цагаачлалын хууль тогтоомж хамаарахыг та бүхэн ойлгож байгаа байх.
Өөр нэг хамгийн асуудалтай бөгөөд эмгэнэлтэй гэж хэлж болох асуудал бол цагаачдын эсрэг хүчин, түүний дотор Сенат, Хауз, Конгрэссийн орон нутгийн Бүгд найрамдах намын зарим гишүүдээс гаргаж байгаа Америкийн үндсэн хуулийн 14-р нэмэлт зүйл буюу энэд төрсөн бүх хүүхдүүд түүний хууль бусаар амьдарч байгаа цагаачдаас төрсөн байсан ч автоматаар иргэн болох боломжийг олгож байгаа заалтанд өөрчлөлт хийх санаагаа Конгрэссоор удахгүй хэлэлцүүлэх болгож чадсан явдал юм. АНУ нь маш олон жилийн турш /1868 оноос/, бүр боолчлол хууль ёсны байх үед хүртэл энэ орны газар шороо дээр төрсөн бүх хүүхэд иргэн болж ирсэн билээ. Энэ нэмэлт өөрчлөлтийн талаар яриа зөвхөн саяхнаас яригдаж байна гэвэл худал болох ажээ. Бүр 1915-1921 онд Калифорнаас сонгогдсон Сенатын гишүүн D.Phelan Хятад, Япон болон бусад Азийн улсуудаас ирсэн цагаачдыг иргэн болохыг хориглосон хуулийг дэмжиж байсан ба тэрээр тэдний үр хүүхдүүд насанд хүрэхийн үед "... тэд газар эзэмшиж, сонгууль оролцсох зэргээр иргэний эрхээ эдэлж эхэлмэгц бидний шүтэн баримталдаг зарчим, үзэл бодлыг устгаж үгүй болгох болно .." гэж илэрхийлж байсан ба иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг тавьж байсан байна. Түүний 1920 оны сонгуулийн уриа нь "Чимээгүй байлдан эзлэлтийг зогсооё" гэсэн үгтэй байжээ. Хэрэв энэ өөрчлөлт батлагдсан бол одоогийн иргэдийн өвөг дээдэс, түүний дотор Англи, Ирланд, Герман гэхчлэн европ цагаачдын хүүхдүүд хүртэл иргэн болж чадахгүй өргөдөл бөглөж гүйх байсан байхнээ. Одоогийн байдлаар дээрх үзэл бодлыг дэмжигчид дээр үед ирж байсан цагачдын асуудлаас одоогийн нөхцөл байдал маш өөр бөгөөд уг нэмэлтийг анх батлаж гаргасан зорилго нь одоогийн нөхцөл байдалд тохирохгүй гэх зэргээр маргаж байгаа юм. Тэд мэдээж "нэг хүн нисэж ирээд хүүхдээ төрүүлээд буцаад явахад хүүхэд нь иргэн болох боломжийг дээрх нэмэлт олгож байна" зэрэг жишээг татаж байгаа. Юу болохыг удахгүй болох Конгрэссийн хэлэлцүүлэг харуулна.
Эцэст нь нэгэн аятахайн зүйл сонсогдосон нь хууль бус амьдарч байгаа цагаачдын тодорхой хүрээнүүдэд сайнаар нөлөөлж болох Америкийн цагаачдын албанаас баримтлах, авах хэмжээнүүдийн жагсаалт- саналыг байгууллага дотроо авч хэлэцэж байгаа нь өнгөрсөн сард нийтэд ил болсон билээ. Обамагийн ЗГ хууль зүйн үүднээс цагаачлалын асуудлаар ахиц гаргах боломжгүй гацаанд орсон энэ үед өөр гарч буюу зарим нэгэн дүрэм журам өөрчлөх замаар ядаж зарим хэсэгт хөнгөлөлт болох зүйл хийх гэж оролцож байгаагийн илрэл болов уу. Үүнд: түр зуурын хамгааалалтын статустай байгаа 400 зуун мянга орчим хүмүүст ногоон карт олгох, одоогоор түр зуур хэлэлцэхээс хойшлогдоод байгаа DREAM Act буюу бичиг баримтгүй цагаачдын оюутан хүүхдүүдэд ногоон карт олгох хуулийн заалтад багтаж байгаа хүүхдүүдийг албадан гаргах ажиллагааг нь түр зур хойшлуулах /could be granted deferred action/, 1972 оны 1-р сарын 1-ээс өмнө ирсэн цагаачдад ногоон карт олгох боломж олгосон хуулийн заалтыг хойшлуулж оныг хойшлуулж 1996, эсвэл өөр он болгох, түүнчлэн цагаачдын зарим хэсгийг хууль ёсны ажилчид, мэргэжлийн ажилчин мөн хөрөнгө оруулагчид гэх зэргээр ангилж статуст өөрчлөлт оруулах зэрэг зүйлүүд байсан байна. Энэхүү байгууллагын дотор яригдаж байсан зүйлс ил болмогц Цагаачдын эсрэг үзйл бодолтой бүлгүүд, түүний дотор БНН-ын зарим сенатчид хууль бус хүмүүст өршөөл үзүүлэх арга зам хайж байна хэмээн буруутгаж эхэлсэн. Үүний хариуд цагаачлалын албаны хэвлэлийн төлөөлөгч Christopher Bentley "Энэхүү дотоод тэмдэглэгээ, саналыг албан ёсны бодлого, үйл ажиллагаа гэж хүлээж авах хэрэггүй юм" гэж мэдэгджээ. Мэдээж эдгээр дурдагсан "гоё" саналууд ажил хэрэг болох эсэх эргэлцээтэй ч ямар ч байсан бага байхдаа Америкт ирсэн, бичиг баримтгүй, нэгдсэн улсын ажилтнуудаас хууль бус байгааг нь тогтоогдсон хүүхдүүдийг сүүлийн үед саатуулагсан газраасаа суллаж, албадан гаргах шийдвэрийг нь хүчингүй болгож байгааг хуульчид, өмгөөлөгчид нь хэлж байна. Үүнтэй холбогдож цагаачлалын албаны ажилтны мэдэгдэж байгаагаар тэд нарын талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй бөгөөд албадан гаргах үйл ажиллагааг чиглүүлэх дэс дараалалд өөрчлөлт гарсан ба өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хөрөнгө мөнгөө эдгээр хүүхдүүдийг гаргахад зарцуулж байхаар хамгийн түрүүнд гэмт хэрэгтнүүд чиглүүлэх болно гэж бичжээ. Гэхдээ Цагаан ордны албан ёсны мэдэгдэлдээ ЗГ-аас 700 зуун гаруй хүүхдүүдэд хууль ёсны статус олгох DERAM act-ыг батлуулах талаар түлхэц үзүүлэх шийдвэр гаргаснаа дурдсан. Энэхүү актаар 5-аас дээш жилээр Америкт амьдарсан, энд ахлах сургууль төгссөн бөгөөд ядаж 2 жил коллежд суралцсан эсвэл цэргийн алба хаасан нөхцөлд бичиг баримт авах боломжтой болох юм. Невадагийн сенатор, олонхын лидер Harry Reid ойрын хугацаанд энэхүү актыг цагаачлалын хуульнаас ангид хэлэлцүүлэх бодолтой байгаа гэсэн боловч тэр 60 санал авч байж хэлэлцүүлгийн ширээнд авчрах эрхтэй болох юм. Хэрэв чадахгүй бол 11-р сарын сонгуулийн дараа л нөхцөл байдал нь тодорхой болох байх. Зарим улс төрийн шинжээчид БНН цагаачдын эсрэг маш хатуу бодлого баримталж сонгуульд оролцож байгаа нь алдаа болж хауз дахь нөлөөгөө алдах магадлалтай гэж үзэж байгаа. Тэгвэл ч байдал сайнаар эргэж болох юм.
За та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Thursday, September 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment