Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, October 22, 2010

Бидний хэрэглээн дэх хортой химийн бодисууд:2. Эм, эмийн бодисууд

Америкт элэгний хүнд өвчинийг нэг номерын үүсгэгч нь монголд түгэээмэл шинж тэмдэг болдог архи, элэгний шар биш харин бидний хэрэглэдэг толгойны эм болох Tylenol гэхчилэн эмийн бүтээгдэхүүнд агуулдагддаг acetaminophen гэдэг бодис болох нь тогтоогдоод удаж байна. Эмийн болон эмчийн зааврын дагуу хэрэглэлээ ч side effect буюу дагуул шинж тэмдэгүүд нь сэргийлэх эсвэл эмчлэх гэж байгаа өвчнөөсөө илүү аюултай байх тохиолдол тухайн эм худалдаанд гараад нэлээд хойно илрэх нь бий. Наад зах нь эмийн рекламыг зурагтаар харж байхад side effect-ийг нь сонсоход /хуулийн дагуу зар сурталчилгаанд оруулах ёстой/ бараг л айдас төрмөөр байх юм. Ховор тохиолдолд гэнэтийн үхэл, хордолт, амиа хорлох бодол төрүүлэх магадлалтай гэхчилэн дурдахад л юу вэ эм үү хор уу гэж бодуулмаар. Зөвхөн ойрын үед гарсан мэдээллүүдээс жишээ авахад Food and Drug Administration-оос эрүүл мэндийн томоохон асуудлаас сэргийлэх зориулалттай 2 төрлийн эм,     зарим тохиолдолд харин ч уг асуудлыг үүсгэгч болж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ эмний нэг нь болох bisphosphonates /Fosamax, Actonel, Boniva/ нь osteoporosis /аарцаг яс, булчингийн сийрэгжилт/ үе мөчний өвчнөөс сэргийлэх зориулалттай ч маш ховор байдаг эрүүний ясны болон гуяны ясны сийрэгжилт /амархан хугарах, цуурах/ үүсгэж байсан нь батлагдаад байна. Иймээс эдгээр эмнүүдийн дагуул шинж тэмдэгүүд дээр зарим тохиолдолд тийм тийм өвчин үүсгэх магадлалтай гэсэн сануулгыг оруулахаар болжээ. Инээдтэй байгаа биз. Ийм юм уншчихаад нэг юмнаас сэргийлэх гээд нөгөө ясаа гэмтээх эмийг хүн уухнээ. Гэхдээ эмийн бизнес маш их мөнгөнийх тул бичих эмч, уух өвчтөн байгаа л байх даа. Нөгөө нэг нь Avandia гэдэг зүрх судасны өвчний аюулд өртөх магадлалтай сахарын шижин өвчтэй  /diabetic/ хүмүүст зүрхний өвчнөөс сэргийлэх зориулалттайгаар бичдэг эм юм байна. Гэтэл зүрхээр болж нас барсан саахарын өвчтэй хүмүүсийн 2/3-ийнх  үхлийн гол шалтгаан нь энэ эм болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед хийдэг гормоны эмчилгээ нь хөхний хорт хавдартай болох магадлал нь уугаагүй хүмүүсээс илүү байсан төдийгүй хавдрын хүндрэл нь илүү үхлийн аюултай гэж гарчээ. 12,788 эмэгтэйчүүдийн дунд хийсэн 5 жилийн турш хийсэн 2002 онд хийсэн судалгааны дараа анх эхэлснээс хойш 11 жилийн дараа гарч ирж байгаа  тоо баримт бөгөөд гормоны бэлдмэл ууж байсан эмэгтэчүүдийн группт хөхний хавдартай болсон жилийн хувь 0,42 буюу нөгөө уугаагүй группын 0,34 хувиас илүү байжээ. Илүү хүнд хэлбэрийн байдал нь 23,7 хувь буюу нөгөө группын 16,2 хувиас нэлээд их гарчээ. 2002 онд гарсан үр дүнг улам нарийвчлан баталж байгаа энэ. Өмнө эмэгтэйчүүд гормоны бэлдмэл уувал зүрхний өвчнөөс сэргийлээд зогсохгүй улам залуу сайхан, арьс сайтай болно гэсэн өргөн ойлголттой хэрэглэж байсан аж.
Мөн Journal of the American Medicl Association сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар бидний нялх хүүхдүүддээ өгвөл тархи, оюуны хөгжилд нь сайн гэж сурталчилсаны дагуу итгэж ирсэн загасны тос тийм хэмжээний үр дүн өгдөггүйг судалгаагаар гаргажээ. Загасны тосонд агуулагдах DHA буюу docosahexaenoic acid, fatty acid нь эхчүүдийн төрсний дараахь сэтгэл санааны хямралыг багасгах, төрсөн хүүхдүүд нь анхаарал нь илүү төвлөрдөг, хараа нь сайн, олон төрлийн чадвартай болдог зэрэг үр дүнтэй зэргээр сүүлийн 10 жилд гарсан жижиг хэмжээний судалгаагаар гаргаж үүний улмаас хүүхдийн тэжээлээс өгсүүлээд олон төрлийн витамин энэ тэрээг ихээр борлуулж ирсэн билээ. Тэгвэл 2 группт хувааж 2399 хүн оролцуулан судалсан энэ шинэ судалгаагаар нэг групп эхчүүдэд төртөл нь загасны тос, нөгөө группт нь яг ижил харагдах боловч ургамлын тосоор дүүргэсэн капсул өгсөн байна. Үүний дараа төрсөн эхчүүдэд сэтгэл судлалын тест, төрүүлсэн хүүдүүдэд 18 сарын дара нь оюуны чадвар, хөгжилд нь тест хийж үзэхэд ургамлын том уусан эхчүүдийн хүүхдүүдэхээс онц ялгаа үзүүлээгүй байна. Гэхдээ загасны тос нь эхчүүд, хүүхдүүдэд хор нөлөөгүй болохыг баталсан байна. Энэ бүгд жишээг дурддаг нь маш их мөнгө эргэлдэж байдаг эрүүл мэндийн салбарын реклам сурталчилгаа, эмчийн зөвлөгөөг дагаж хэзээ нэгэн цагт тусч магадгүй гэж айн урьдчилан  сэргийлж бусад хор нөлөө нь тодорхойгүй, хэдэн арван жилийн дараа илрэх нөлөөтэй химийн бодис болсон элдэв эмийг ууж, тариа тариулна гэдэг нэг талаар маш эрсдэлтэйг харуулах гэсэн хэрэг юм. Нөгөө талаар өвчин туссан тохиолдолд эм, эмийн бодисыг хэрэглэхдээ химийн бодис гэдэг утгаар нь хэрэглэснээр юуг эмчилж, нөгөө талаар бие эрхтэний зарим хэсэгт хордогдох эрсдэлээ мэдэж байхад илүүдэхгүй болов уу.
Эм, эмийн бодис зах зээлд гарахын өмнө богино хугацааны судалгаа хийдэг дээр нь америкт хөгшчүүл нэмэгдэж байгаа, тэд ихэнх нь угшмал өвчиндөө урт хугацаагаар зарим эмийг хэрэглэж байгаа үед иймэрхүү асуудлууд гарах магадлал ихтэй гэж бичжээ. Үнэхээр эм болгон ийм биш ч өндөр хөгжилтэй, ялангуяа химийн технологи нь үргэлж шинэ зүйл гаргаж ирээд, түүнийгээ маш том сурталчилгаа явуулж борлуулдаг оронд амьдарч байгаа бидний олонхид "байхгүйн ач тус" буюу эрүүл мэндийн даатгал, энээ тэрээ байхгүй байгаа нь нэг талаас сайн гэж рекламдах олон эмнүүдийг бидэнд бичиж өгөх, авах боломжийг хааж байгаа билээ.    
Мөн дараахь эм, эмийн бодисыг /химийн бодисыг/ сонгох, хэрэглэхэд өөртөө санаж байхаар жагсаалт гаргасныг минь харна уу. Үүнд:
- Олон төрлийн бодистой эм, эмийн зүйлээс зайлсхийх. Тэр олон төрлийн зүйлийн бодис бүгдээрээ таньд хэрэгтэй биш байж болно. Их бодис байх тусам дагуул үр дагавар нь илүү олон төрлийнх байх болно.
-  Эмийн нэрд нь болж /их сурталчлагдсан эсвэл мэддэг гэх мэт/ бүү худалдаж ав. Гол хэрэгтэй бодисондоо үндэслэж эмийг сонго. Ингэснээр буруу эсвэл хэрэггүй олон бодистой эмийг авахаас зайлсхийх болно.
- Хэрэв эмийг ууссанаар тус болохгүй бол эмчдээ мэдэгд. Нуугдмал өөр төрлийн өвчтэй эсвэл уг эмнээс хамааралтай болох аюултай.
- Хэрэв хүчтэй эм хэрэглэж эхлэх гэж байгаа бол энэ эмийн талаарх шинэ мэдээ, судалгаа, мэдээллийг интернэтээр хайж олж уншиж судлах нь зүйтэй болов уу.
- Нас явахын хэрээр өвдөлт тэсэх чадвар маань улам муудаж байгаа ч толгой зэргийн өвчнийг заримдаа тэсэх, массаж энэ тэрээр аргалах зэргээр эмийн бус эмчилгээг аль болох сонгох.
-Ойр ойрхон өвддөг өвчнийхөө шалтгааныг олж тодруулах гэж тэмдэглэгээ хийж үзэх. Үүнд: жишээ нь толгой өвдсөн бол тэр өдрөө юу юу идсэн, цаг агаар, сэтгэл санааны өөрчлөлт, өвдөлтийн их бага зэргээ тэмдэглэх. Магадгүй тэндээс шалтгаан олдож зайлсхийх эсвэл ядаж өвдөлтийг багасгах бололцоо олдож магад.


Эцэст нь бидний нэлээд түгээмэл хэргэлэгддэг өвчин намдаах, халуун бууруулах  эмнүүдийн таларх Costumer Report сэтгүүлд гарсан мэдээллийг оруулж байна. Эдгээр эмнүүд өөр өөр үйлчилгээтэй байдаг, зарим тохиолдолд үүсэх хор нөлөөг нь мэдсэнээр өөртөө хамгийн тохиромжтойг нь хэрэглэж эдгээрээс үүсэх магадлалтай олон өвчнөөс сэргийлж болох юм байна.
 Аспирин, айбyпрофин, напроксин нь NSAIDs (nonsteroidal anti-inflammatory drugs) буюу стеройдын бус гаралтай өвчин, хавдар бууруулах зориулалттай эмнүүд бөгөөд халуун, толгойн өвчин, сарын тэмдгийн өвдөлтийн үед хэрэглэгдэг ч зарим хүмүүст ходоод, бөөрний асуудал үүсгэж байна. Мөн зарим хүмүүсийн цусны даралтыг ихэсгэдэг гэжээ. Ер нь тэгээд хэтэрсэн бүхэн хор болно гэдгээр хэтрүүлэн ихээр хэрэглэхгүй байх нь зүйтэй билээ.

Аспирин: Aspirin буюу Acetylsalicylic acid
Anacin, Bayer, Bufferin, Ecotrin. Толгойн өвчин, бага зэргийн өвдөлт, хөндүүр болон халуун болон хавдрыг бууруулах үйлчилгээтэй. Эмч нар зарим хүмүүст судасны бөглөрөлөөс үүсэх зүрхний гэнэтийн зогсолтоос /heart attack/ сэргийлэх зорилгоор бага дозоор уухыг зөвшөөрдөг. Гэвч аспирин өөрөө ходоодны хүчлийг ихдүүлэх, ходоодны өвчин, шарх үүсгэдэг. Ходоодыг гэмтээхээс сэргийлж гадна талыг нь бүрхүүлтэй /enteric coat/ үйлдвэрлэгдэг. /Хэрэв хэрэглэдэг бол бүрхүүлтэйг нь авсан нь арай аюулгүй байхнээ/ Reye's syndrome гэдэг өвчинтэй холбоотой судалгаагаар гарсан тул хүүхдүүд тэр бүр өгөөд хэрэггүй.

Напроксин
Aleve Аспирины нэгэн адилаар өвдөлтийн үед хавдрыг сайн бууруулдаг. Өвдөлтийн үед  Аспирин, Айбyпрофин /Ibuprofen/ -ыг бодвол 4-6 цаг тутамд биш 8-12 цаг тутамд шаардагдгаараа арай давуу талтай. Гэвч нөгөө талаар Напроксин, Айбyпрофиныг аспирин оролцсон эмчилгээний үед  зөрчилдөх магадлалтай тул хэрэглэхийг хориглодог.

Айбyпрофин /Ibuprofen
Advil, Motrin IB.  Дозын ялгаа: 200 мг нь 650 мг аспирин, эсвэл аситаминофентэй тэнцдэг. Айбyпрофин зөөлөн эдийн гэмтлүүд, тухайлбал булчин, шөрмөс, арьс, судас, мөгөөрсний /strains, sprains/ өвдөлтийг намдаахад тохиромжтой. Мөн аспириныг бодвол ходоодонд үзүүлэх нөлөөлөл нь бага.

Ааситаминофен Acetaminophen:
Anacin Aspirin free, Tylenol. Ходоодонд үзүүлэх нөлөө бараг байхгүй тул ходоод муутай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Бусад өвчин хамдаах эмүүдээс хамгийн хүүхдүүд болон элдэв цус элдэв өвчинтэй хүмүүст хамгийн аюул багатай нь. Гэвч аситаминофен нь өвчний үед хавдрыг бараг бууруулдаггүй, хэрэв эмийн заавраас бага зэргийн илүү дозоор хэдхэн өдөр хэрэглэхэд эрүүл мэндэд хортой /toxic/ нөлөөтэй. Аситаминофеныг дунд зэргийн болон их хэмжээтэй архи, архин бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэсэн үед элэгний үйл ажиллагааг зогсоох аюултай. Үүний шинж тэмдэг нь арьс болон нүдний доторх цагаан шарлаж бөөлжис цутгах үэрэг болно.

Дашрамд дурдахад 6 төрлийн түгээмэл хэрэглэгддэг өвчин намдаах эмнүүд бусад аптек, дэлгүүрүүдийг бодвол WalMart, Target дэлгүүрүүдэд илүү хямд байдаг нь дээрх сэтгүүлээс гарсан судалгаагаар гарчээ.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Thursday, October 14, 2010

Монголын Гаалийн газраас хариу захиа ирлээ!

Энэхүү имэйлийг хүлээж аваад "Сүрэн ирнэ гэнээ" гэдэг шиг энэ тэрүүгээр гүйгээгүй ч гол нь асуусан асуултандаа хариу авснаас гадна Монголын ЗГ-ын байгууллагаас вэб сайтандаа тавигдсан харилцах имэйл хаягаар явуулсан захиаг шалгаж, цаг зав гарган хариу бичсэнд эх орон минь хөгжиж байгаад, төр, ЗГ-ын олон нийттэй харилцах  холбоо /public relationship/ нь сайн ажиллаж байгаад үнэхээр баярласан юм. Харин тэдний сайтын үйл ажиллагаанд нэмэр болох болов уу гэдэг үүднээс бизнесийн харилцааны бага зэргийн алдаануудыг дурдаж байна. Үүнд: бүх асуудлаар хандахад зориулсан ганцхан имэйл хаяг /хэлтэс бүр өөрийн имэйлтэй бол шууд холбогдох ажилтанд хүрнэ/, захиаг хүлээн авснаа  тэр дор нь мэдэгдээгүй /тэр бүрчлэн хариу бичиж амжихгүй байдаг бол ихэнх сервирүүд хүлээн авсан, удахгүй хариу өгөх талаар автомат мессаж явуулдаг/ зэрэг болно.
Эх орноосоо алс хол амьдарч байгаа Монголчууд бид эх оронтойгоо ямар нэгэн байдлаар бизнесийн харилцаанд байнга орж байдаг ч тухайн тохиолдолд яг ямар тодорхой дүрэм журам үйлчилж байгаа мэдэхгүйгээс төрөл садан, найз нөхдийн амнаас сонссон, эсвэл ам дамжсан мэдээлэлд үндэслэн тэгж ч магадгүй, эсвэл тэгдэг гэсэн зэргээр таавар тавьж шийдвэр гаргах нь ихээ. Амьдарч байгаа улсынхаа бүх юмыг дүрэм журмаар заагаад өгсөн байдаг, тухайн байгууллагын customer service үрүү утастсан ч, сайт уруу нь орсон ч түгээмэл асуултандаа яг таг хариу авч чаддагт дассан бидний хувьд тодорхойгүй зүйл гарах үед Монголынхоо байгууллагыг "буруу зөрүү" ойлгоход хүргэж байгаа билээ. Миний бие доорх захиаг өөрт болон миний эргэн тойронд байгаа хүмүүст гарсан ойлгомжгүй байдлыг тодруулах үүднээс Монгол Улсын Гаалийн газар явуулсан бөгөөд хариуг мөн бүрэн ихээр нь оруулж байна. Та бүхэнд байсан зарим "тодорхойгүй зүйлсд" энэ мэдээлэл нэмэр болох байхаа. Мөн хавсралтаар ирүүлсэн ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ, УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ-ыг хэрэгцээтэй бол дараагийн удаад оруулах болно.Та бүхэндээ сайн сайхныг хүсье.



“Гаалийн Ерөнхий Газарт"

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс

АНУ-д амьдарч байгаа Монголын иргэдээс тавих асуулт хүсэлт

Гадаадад байгаа Монголын иргэдэд сүүлийн үед Монголын төр, ЗГ зүгээс анхаарал тавьж байгаа бид талархаж байгаа бөгөөд бидний эрх ашиг хөндөгдөж байдаг ачаа илгээмжийн асуудлаар та бүхнээс тайлбар, мэдээлэл авахыг хүсч байгааг минь хүлээн авна уу. Уг асуулт, хүсэлтийн хариуг sac_mongolians, bayareamongolians сүлжээ болон Даяар монгол, Замдаан цахим сайтуудад тавигдах болно.

АНУ-д байгаа Монголын иргэд эх орондоо байгаа аав ээж, үр хүүхэд, ах дүү, төрөл садандаа энд ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчилж хоол хүнс, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, ном, электрон хэрэгсэл зэргийг худалдан авч, эсвэл хуучин хэрэглэж эд зүйлсээсээ илгээмж, хайрцгийг явуулдаг. Түүнчлэн зарим илүүдэл хувцас хунар нь хөдөөгийн алс хол байгаа иргэдэд хүрч буян болдог билээ. Гэтэл саяхан гарсан гэсэн журамд үндэслэн гэсэн тайлбартайгаар гаалийн газраас нэг хайрцаг бүрээс 9000 төгрөг болон түүнээс дээш мөнгийг хураан авч байгаа нь бидний гайхлыг төрүүлж байгаа билээ. Бид энд илгээмж тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол иргэддээ мөнгө төлөн /хайрцаг тутамд 40-60 доллар/ явуулдаг бөгөөд төрийн ачааг хөнгөлж иргэдийн зарим хэсгийг эдгээр илгээмжээр хооллож хувцаслаж хандив оруулж байгаа бидний хармаанаас төр маань дахин суутгал хийж байгаа нь бидний санаанд нийцэхгүй байна. Монголд дахин мөнгө төлөх тохиолдолд энд байгаа хүмүүс ихэвчлэн ачаа явуулдаг бизнес эрхэлдэг хүмүүсээ буруутгаж маргаан үүсгэх нь элбэг байдаг.

Иймд энэхүү хураамж нь ямар учиртай болох, ямар дүрэм журам үйлчилдгийг тодруулахаар үйлчлүүлэгч заавал уншаарай гэсэн тодотголтой УБ хотын Гаалын газраас гаргасан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг хэд дахин уншиж үзэхэд хураамжийн тодорхой тоо үзүүлэлтийг олж харсангүй. Уг журмын бидэнд хамааралтай цорын ганц тоон үзүүлэлттэй хэсэг буюу 3.2.1-д зааснаар 1 сая төгрөгөөс дээш үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ гэжээ. Энэ нь хураамж авна гэсэн үг үү? Тэгвэл хэдийг ямар жагсаалтаар үнэлж авдаг вэ? Жишээ нь эндээс хүүхэддээ тус бүр нь 40 долларын үнэтэй 4 төрлийн өмд цамц авч ачаанд хийсэн гэж бодьё. Тэгвэл тэр гаалийн мэдүүлгийн хуудсанд /хэрэв бид нараар бөглүүлдэг байсан бол/ бид нар худалдан авсан үнэ буюу 160 доллар гэж бичих нь зөв болно. Гэтэл Монголп байгаа хүмүүсийн хэлж байгаагаар гаалийн ажилтнууд явуулсан барааны үнэлгээг Монголын ханшаар тооцож татвар ноогдуулах гэдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр монголд хувцас үнэтэй тул тус бүрийн 250 доллар буюу нийтдээ 1000 долларын болж 1 сая төгрөгөөс дээш гарсан тул татвар төлөх болохнээ? Эсвэл дээрх заалт ямар утгатай, ямар үнэлгээ жагсаалт үйлчилдэг болохыг тайлбарлаж өгнө үү. Бидэнд тулгарч байгаа тохиолдлуудаас үндэслэж харвал ямар нэгэн дүрэм журам, жагсаалт үйлчлэхгүй байгаа сэтгэгдэл төрж байна. Эдгээрээс дурдвал: Нэг маань хуучин компьютерээ дүүдээ явуулахад 25 хувийн татвар төлнө гэхэд хуучин юманд яагаад мөнгө төлж байгаа юм гэхэд тэгвэл ядаж 10 хувийг төл гэж гэсэн, нэг маань 3 ширхэг пүүз хүүхдүүддээ /3 хүүхэдтэй эмэгтэй/ явуулахад нэг төрлийн барааг олон тоогоор явуулсан тул нэлээд их мөнгөний татвар нэхсэн, хүүхэд нь байгаа 25 мянган төгрөгөө өгч арай гэж гутлаа авсан, мөн үзлэг хийж байна гээд дотор нь байгаа хувцас хунар, хоол хүнсийг хольж хутгаж асгаж цутгаж хэрэгцээгүй болгосон зэрэг тохиолдлууд байнга л гарч байна.

Жирийн миний ойлгож байгаагаар ихэнх оронд худалдааны зориулалттай /ашиг олох зориулалттай/ бус бараа бүтээгдэхүүнд /хандив, бэлэг/ татвар ноогддоггүй, мөн гаалийн ажилтны өөрийнх нь хувь хүний үзэмжээр биш дүрэм журамд үндэслэн шижигтэй гэж үзсэн ачаа илгээмжид үзлэг шалгалтыг хүлээн авч байгаа хүнийг байцуулан, боломжгүй үед гэрчийн этгээдийг байцуулан нэг бүрчлэн хийдэг гэж ойлгож байгаа билээ. Мөн үнэхээр гаалийн ажилтан бидний ар гэртээ явуулсан хайрцаг бүрийг нэг бүрчлэн задалж үзлэг хийх шаардлагатай эсэх, мөн хайраг бүрт хураамж төлөх шаардлагатай эсэх зэрэг асуултуудад хариу өгөх буюу тайлбар мэдээллийг өгнө үү.

Цаашид гадаадад байгаа Монголын иргэд бидэнд хамааралтай, бидний эрх ашиг хөндөгдөх асуудлаар гарсан эсвэл хэрэгжиж байгаа танай байгууллагаас гаргасан дүрэм журам, мэдээллийг бидэнд Монголын элчин сайдын яам, хот мужийн монголчуудын холбоо байгууллагууд, цахим сайт, сүлжээгээр дамжуулан хүргэж байвал бидэнд ихээхэн тус болох билээ.

Та бүхний ажилд сайн сайхныг хүсэн ерөөе.


Дагвадоржийн Баярсайхан

Монгол Улсын Иргэн
Америк дахь монгол коммунитигийн зүтгэлтэн
Sac_mongolians сүлжээний админ

Хариу захиа:

Сайн байцгаана уу?


Таны илгээсэн захиаг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн Зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс хүлээн авлаа. Гадаадад суугаа Монголчуудын эрх ашигийн үүднээс бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа.

1. Шуудан илгээмжээр оруулж байгаа харцаг ачаа тус бүрээс 9000 болон түүнээс дээш төгрөг хураан авдаг талаар

- Хилийн чандаас ирсэн илгээмжийг Олон Улсын Шуудан Илгээмжийн Гаалийн Хороо /ОУШИГХ/ хүлээн авч рентген төхөөрөмжөөр шалгаж гаалийн үзлэг хийх шаардлагтай илгээмжүүдийг тусад нь хяналтанд авдаг. Тухайн илгээмжийг хүлээн авагч нь гаальд мэдүүлсэний үндсэн дээр барааг бичиг баримттай нь тулган шалгаж холбогдох татвар, хураамжийг авч эзэнд нь олгодог.

Гаалийн болон НӨАТ-ыг тооцохдоо Гаалийн тариф,татварын тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу гаалийн үнээс хувиар тооцож авдаг бөгөөд барааны үнийн дүн дээр тээврийн болон даатгалын зардлыг нэмсэн дүнгээс гаалийн татвар 5% НӨАТ 10% нийт 15,5% татвар авдаг. Шуудан илгээмжээс гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдагүй.

Түүнчлэн чингэлгээр тээвэрлэн ирүүлж байгаа ачааг хүлээн авагч /зуучлагч/ -ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж байгаа бөгөөд мөн гаалийн үнээс 15,5% татвар ногдуулж байна.

Харин зарим карго тээвэр эрхэлдэг тээвэр зуучлалын байгууллагууд гаалийн нэрийг барин үйлчлүүлэгчээсээ ямар ч үндэслэл баримтгүйгээр мөнгө төгрөг нэхдэг, хураан авдаг хууль бус ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бидэнд байгааг анхааралдаа авч бараа илгээхдээ тээрийн байгууллагаа зөв сонгох нь чухал юм.

2. Үндэслэлгүй үнэ тогтоодог талаар

- Барааны үнийг тухайн барааг дагалдаж ирсэн бичиг баримтыг үндэслэн тогтоодог. Харин дагалдаж ирсэн бичиг баримт хангалтгүй, барааны үнийг тогтоох боломжгүй бол гаалийн байгууллага барааны гаалийн үнийг тодорхойлох аргыг хэрэглэн тухайн барааны үнийг тогтоодог. /Гаалийн тариф татварын тухай хуулийн 4 бүлэг/ Гаалийн үнийг тодорхойлох аргуудыг хэрхэн хэрэглэх талаар дээрхи хуулинд тодорхой заасан байгаа. Мэдүүлэгч гаалийн тогтоосон үнийг үндэслэлгүй гэж үзвэл гаалийн дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.2.1-д заасан хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараанд гаалийн мэдүүлэг заавал бичих шаардлагтай. Харин барааны үнийн дүн 1,0 сая төгрөгөөс илүүгүй бол “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хэрэв илгээмжээр ирсэн бараа татвар төлөх бараа бол гаалийн мэдүүлэг бичсэн ч, гаалийн бүрдүүлэлтийн хуудас бичсэн ч ялгаагүй татвар төлнө. Барааны гаалийн үнийг бараа хүлээн авагч /барааны эзэн, зуучлагч/ гаалийн байгууллагад мэдүүлдэг бөгөөд мэдүүлж буй үнэ нь зарим тохиолдолд хэт доогуур /жишээ нь: шинэ PC 100 $ гэх мэт/ үндэслэлгүй байвал гаалийн байгууллага жишиг үнэ буюу гаалийн үнийн санд байгаа дундаж үнийг тухайн барааны үнэ болгон авдаг. Үүнийг та Монголын ханшаар тооцож татвар авч байна гэж ойлгосон байна. Иймд таны илгээж буй барааг дагалдаж буй үнийн нэхэмжлэх /Invoice/ -ийн үнэ бодит үнэ байх ёстойг анхаарана уу.

Хэрэв гаалийн ажилтан 25% татвар нэхээд дараа нь 10% болгон буулгаж байгаа бол ийм дүрэм, журам байхгүй, тэр ажилтны буруу тул та ГЕГ-ын доор дурдсан утсанд холбогдож мэдээллэл өгөх хэрэгтэй.

3. Үздэг шалгалт хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгаж байгаа талаар

- Гаалийн үзлэг шалгалт хийхдээ Мэдүүлэгчийг байлцуулдаг бөгөөд мэдүүлэгч байлцах боломжгүй үед тээвэрлэгчийг байлцуулан шалгалтыг явуулдаг. Үзлэг хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгасан гэх таны мэдээлэл тодорхой бус байгаа тул шалгаж тогтоох боломжгүй байна. Харин гаалийн ажилтаны хууль бус үйл ажиллагаа, хүнд суртал болон гаалийн байгууллагтай холбоотой бусад бүх гомдол мэдээллийг тодорхой нэр хаягтай хаана, хэзээ болсон талаар дэлгэрэнгүй өгсөн тохиолдолд бид шуурхай шалгаж тодорхой арга хэмжээ авч ажиллахад бэлэн байна.

Таны мэдээллийг ГЕГ-ын Гаалийн Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Хэлтийн 350541, 353567 утсаар болон гаалийн лавлах 1281, мөн info@ecustoms.mn хаягаар хүлээн авна.

Жич: 1.“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”

2. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”- ыг хавсаргав


Хэлтсийн дарга Д.Довчинсүрэн