Талархлын баяр дөхөж байна. Энэ баярын сураг ямар ямар хоол унд бэлдэж ширээндээ тавих, шинэ оны бэлэг сэлтээ эртхэн бэлдэх, оны эцэст ирэх хямдралаар гэртээ авах юмаа сонгох зэрэг материалаг зүйлсээ төлөвлөхийг сануулахаас гадна өөр нэгэн маш чухал зүйлийг бидэнд давхар сануулдаг билээ. Энэ нь уг баяртай холбогдож санаанд орж ирдэг зүйлс болох бэлтгэж болгосон том туркийн /цацагт хяруул/ мах ч юм уу, эсвэл цөөн тооны барааг Doorbuster гэж нэрлэн маш хямдруулж түүнийг ашиглаж хүмүүсийг дэлгүүртээ оруулж баахан юм худалдан авахуулдаг Хар баасан гариг ч биш юм. Харин энэ баярын жинхэнэ учир утга буюу 1621 онд Америкт анхны суурьшигч-Англичууд /пилгрмүүд/ хүнд бэрх өвлийг амьд мэнд давахад тусалсан нутгийн индиануудад талархсанаа илэрхийлж анх тэмдэглэсэн түүх бидэнд нэг зүйл хэлээд байгаа биз. Үнэхээр энэ өдөр ямар ч улсад, ямар ч нөхцөлд амьдарч байлаа ч эргэн тойрон хүрээлэн байгаа орчноосоо сайн сайхнын олж харах, хичнээн асуудал бэрхшээл тулгарч байлаа ч өөрт байгаа зүйлдээ баярлаж баясаж байх, хань, үр хүүхэд, төрөл садан, найз нөхдөөсөө өгсүүлээд өдөр бүр инээмсэглэн мэндэлдэг хөршдөө хүртэл талархаж явах, тэднийг өөрсдийн амьдралд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж байхыг бидэнд сануулдаг баяр билээ. Дээр дурдсан бүх зүйлүүдийг нийлүүлээд "Gratitude" гэдэг англи үгээр илэрхийлж болдог. Гэхдээ гратитудтай байхаа байнга давтаж практис хийж байх ёстой гэнэ. Гратитудыг амьдралд хэвшүүлж, дадлагажуулж байдаг хүмүүс сэтгэл санааны дарамтгүй, илүү аз жаргалтай байдаг гэж сэтгэл судлаач эмч нарын судалгаагаар гарсан байдаг. Бид нар бурхан биш хүн нь л юм болохоор заримдаа эргэн тойрныхондоо уурлана, бухимдана, элдвээр хэлнэ, алдаа гаргана. Үүний дараагаар нь буруугаа ухаарч, хэдийгээр дандаа амар байдаггүй ч бусдыг байгаагаар нь хүлээж авах, эргэн тойронд байгаа хүмүүсээ үнэлж, баярлаж талархсанаа илэрхийж байх нь өөрийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохоос гадна нөгөө хүмүүстээ өөртөө итгэх итгэл, баяр баяслыг давхар өгдөг билээ. Нас нэмж ухаан суухын хэрээр баярлаж талархаж байх зүйл маань улам нэмэгдэж, улам өргөжиж, улам л энгийн болж байна даа. Үүнийгээ би түрүү жилийнхээсээ арай дээр сайн охин, арай дээр ээж, арай дээр хань, арай дээр найз, арай дээр дүү, арай дээр эгч, арай дээр хүн болж байна гэж өөрийгөө хөөргөж байна :-)
За тэгээд энэ жилийн хувьд талархаж байгаа зүйлсийнээ ерөнхийг нь дурдвал: Хэдийгээр эндхийн цагаачдад тийм ч ээлтэй биш жил байсан ч ядаж л цагаачдын эсрэг үзэл бодолтой, Бүгд найрамдах намын тэрбумтан Витман сонгуулийн сурталчилгаанд өөрийн 150 сая доллараа гаргаж цацсан ч түүнээс настай, зөөлөн Браун Калифорны захирагчаар сонгогдсонд /цагаачдын эсрэг Аризоных шиг хууль батлахгүй байх магадлалтайд нь/ цагаачдын эсрэг хатуу үзэл бодолтой Бүгд найрамдах намыханд ардчилсан намыхан Хауз дахь олонхын буудлаа алдсан ч Сенатад олонх хэвээр үлдсэнд /аятахайн хууль батлагдах магадлал бараг байхгүй болсон ч ядаж айхтар халтай хууль гаргах магадлалыг багасгаж байгаад нь/, эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч эдийн засгийн үргэлжилсэн хямрал болоогүйд, юмны үнэ харьцангуй хямд хэвээр байгаад, Сактогийн нэг Монгол эгч маань хорт хавдар туссан ч эмчилгээ нь амжилттай болсонд, мөн нэг гэр бүлийн 2 хоёулаа өвдсөн эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглээд биеийн байдлаа тогтворжуулж ажилдаа орсонд, нэгэнд нь өвчин зовлон тохиолдоход коммунитигаараа нийлж гүйлдсэнд баярлаж байна. Хувийн болон жижиг зүйлүүдийг жагсааж та бүхнийгээ чилээгээд яахав.
Эцэст нь бараг нэг жилийн турш цаг зав гарган миний бичсэн зүйлийг уншиж байсан, талархлын сайхан үгс бичиж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
За тэгээд та бүхэн Талархлын баяраа сайхан тэмдэглээрэй.
Wednesday, November 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
сайхан нийтлэл бичсэнд тань талархал илэрхийлье
ReplyDeleteБаярлалаа
ReplyDelete