Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, May 3, 2011

Хэрэгцээт мэдээлэл

1. Та бүхэн The Social Security Administration-ээс /SSA/ жил бүр явуулдаг таны ирээдүйд авч болох нийгмийн даатгалын мөнгөний хэмжээг дурдсан захиа энэ жил ирэхгүй байгааг анзаарсан уу. Энэ нь тус байгууллагаас зардлаа хэмнэх үүднээс захиа явуулахаа зогсоож онлайнээр мэдээлэл авах боломжтой болгосонтой холбоотой юм. Урьд нь тодорхой хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд тушаасан 25 болон түүнээс дээш насны хүмүүст төрсөн өдрөөс нь 3 сарын өмнө тогтмол энэхүү захиаг илгээдэг байсан. Та өөрийнхөө мэдээллийг харахыг хүсвэл тус байгууллагын сайтын www.socialsecurity.gov/estimator линк рүү орж “Estimate Your Retirement Benefits” гэдгийг дарж ороорой. SSA-ын хэвлэлийг төлөөлөгч Mark Lassiter-ийн мэдэгдэж байгаагаар тэтгэвэрт гарах нас, цалингийн өөрчлөлт зэрэг сарын тэтгэмжийн хэмжээнд нөлөөлж болох үзүүлэлтүүдийг өөрчлөх боломжийг олгож байгаа тул энэхүү цахим тооцооны хуудас нь цаасан захианаас илүү тодорхой тооцоолох боломжийг өгнө гэж байна. Харин өөрийнхөө авч байсан цалингийн түүх, тахир дутуугийн тэтгэмж, survivor benefits /хэн нэгнийг нас барсан тохиолдолд эхнэр нөхөрт нь оногдох тэтгэмж/ зэрэг мэдээллийг тус агентлагийн 1-800-772-1213 утас уруу залгаж авах ёстой аж.

2. Татвараа явуулсан ч нэг ажлаасаа авсан W2-гээ оруулахаа мартсан зэрэг алдаатай мэдээлэл явуулсан бол 1040Х формыг бөглөж алдаагаа засаж болно. Ер нь 3 жил хүртэлх хугацаанд гаргасан алдааг энэхүү формоор бөглөж засах боломжтой. Энэхүү формд 3 мөрийн дагуу та өмнө нь мэдээлсэн татварын өмнөх орлого /AGI – adjusted gross income/, одоо хэд болгож өөрчилж байна, нийт зөрүү, үүний ижлээр deductions /татварын өмнөх орлогын хасалт/, exemptions /нэг хүнд ноогдох хасалт/, татварт ноогдох орлогодоо тоо бөглөж бичнэ. Энэ формын сүүлийн хэсэгт яагаад ийм өөрчлөлт хийж байгаагаа тайлбарлаж бичнэ. Тэгээд гарын үсгээ зураад, он сар өдрөө тавиад явуулна. Эдгээр нь хэдийгээр энгийн сонсогдож байгаа боловч уг формыг бөглөхийн тулд өөрчлөлтөөс хамаараад нэлээд хэдэн эсвэл татварын бүх бодолтыг бүтнээр нь хийх шаардлагатай болж болох тул хэдийгээр 1040Х шаарддаггүй ч 1040 эхнээс нь шинээр хийсэн нь алдаа мадаггүй болгох юм. Үүний тулд татварын газрын үнэгүй программудыг ашиглаж болно. Гэхдээ хэрэв та 1 жилээс өмнөх /2009, 2008 оны/ татвартаа засалт хийх гэж байгаа бол жил бүрийн өөрчлөлтүүд дээрх татварын программуудад тусгагдсан байдаг тул онолын хувьд тухайн жилийн мэдээллийг оруулж зарим хэсгийг нь гараар бодох шаардлагатай. Гэвч заавал тухайн оны үзүүлэлтийг оруулж бодно, тэгэх ёстой гэсэн мэдээллийг би одоогоор олж хараагүй тул одоо байгаа программаар бодоод явуулахад нэг буруудахгүй болов уу. Гэхдээ мэддэг газраас нь лавлахад буруудахгүй байх. Хэрэв та татварын засалтаараа мөнгө авах болсон бол жирийн үеэс арай илүү хугацаагаар буюу 8-12 долоо хоног хүлээх шаардлагатай болно. Дашрамд дурдахад хүмүүс IRS-ээс татвараа бодох, засах захиа авсан ч тоохгүй орхидог нь буруу юм. Эртхэн асуудлыг шийдэх тусам гарах асуудал нь бага байх болно. Жишээ нь таны олсон орлогын хэмжээ татварын газар мэдээлэгдсэн байдаг ба компьютер автоматаар уг орлогод татвар ноогдуулж таныг татварын өртэй гаргасан байж болно. Хэрэв та ирсэн захиаг тоохгүй орхивол өрөн дээр чинь жил бүр торгууль нэмэгдсээр сүүлдээ бүх өрийг таны цалин, банкны данснаас шууд суутгах замаар барагдуулж болно. Гэтэл та татвараа эргэж бодуултал өртэй биш харин ч мөнгө буцааж авахаар гарч болно. Гэхдээ 3-аас дээш жилийн доторх мөнгийг л авах боломжтой. Харин өр бол хэдэн жилээр ч байж л байх болно. Авах юмаа бол хэзээд ч авна гэсэн үг.

3. Калифорний хоолны газруудад хоолноос гаралтай өвчлөлийг багасгах, ажилчдыг хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн аюулгүйн шаардлагын дагуу бэлтгэх, боловсруулахад сургах зорилгоор хоол хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг бүх ажилчдыг /тогооч, туслах гэхчилэн гал тогоонд ажил хийдэг бүх хүмүүс, бартэндэр, зөөгч гэх мэт/ "Food handler" сертификат программд хамрагдаж тэнцэж "Food handler" картаа авсан байх шаардсан хууль өнгөрсөн оны 9 сард батлагдсаныг блог дээрээ мэдээлж байсан билээ. Калифорн мужийн Монголчуудын нэлээд нь хоолтой “харьцдаг” ажил хийдэг, мөн хоолны бизнестэй хүмүүс нэлээд байгаа тул энэ хууль шууд нөлөөлөх нь дамжиггүй. Энэ хуулиар хэрэв ажилд 2011 оны 6-р сараас өмнө орсон бол "Food handler" картаа 2011 оны 7 сар гэхэд, дээрх хугацаанаас хойш ажилд орсон бол 30 хоногийн дотор сургалтанд хамрагдаж картаа авсан байх ёстой гэнэ. Богино хугацааны, хямд үнэтэй уг сургалт программаар наад эрүүл ахуйн шаардлагууд жишээ нь, хоол боловсруулахын өмнө гараа савантай усаар угаасан байх, мах, махан бүтээгдэхүүнийг бүрэн чанаж боловсруулах, хоолны хордлогын шинж тэмдэг гарсан бол яаралтай орон нутгийн эрүүл ахуйн ажлитнуудад мэдэгдэх гэхчилэн мэдээллийг агуулсан байх аж. Ажилчид өөрсдөө онлайнаар, эсвэл багштайгаар уг сургалтыг дүүргэж 2,5 цагийн шалгатыг өгч тэнцсэнээр дээрх картыг авна. Шалгалтын 60 долларыг байгууллагаас нь /эздүүд, менежерүүд/ ажилчид өөрсдөө сургалтын төлбөрөө /15 доллар орчим/ төлөх юм байна.

The National Restaurant Association (http://www.restaurant.org/) болон Food Safety (http://www.servsafe.com/ ) Калифорнид зориулсан хуулийн нөхцөлийг хангах онлайн курсуудыг вэб сайтууддаа байрлуулсан байна.

Энэ хуулийг хоолны газрын эздүүд янз бүрээр хүлээж авч байгаа. Жижиг газрын эздүүдийн хувьд ажилчдадаа анх л ажилд авахдаа зааж хэлж өгдөг наад захын мэдээллийг сургалт, шалгалт гэж мөнгө хийж байна үзэж байгаа байх. Нийтдээ Калифорний хэмжээгээр хоолны газруудад 1,5 сая хүн ажилладаг гэсэн тоо баримт байгаа тул төсөвт гайгүй орлого авчрах нь дамжиггүй. Том сүлжээ газруудын хувьд хариуцлагын асуудлаар үндэслээд дуртай байж болно. Гэхдээ нэгэнт л хууль батдагдсан болохоор хэрэгжилтэнд нь хяналт тавьж торгууль энээ тэрээ болох нь дамжиггүй. Дээрх сайтууд уруу орж үзлээ. Нэг нь 12,5 нөгөө нь 15 доллар төлөөд сургалтын материал хадгалж авах эрх өгөөд, тэр сургалтын материал дээрх кодоор орж 2 цаг гаруйн материалыг үзэж судлаад тестийг өгөх боломжтой гэсэн байна. Тест нийтдээ 40 орчим асуулттай байх ба 3 жилийн хүчинтэй энэхүү сертификат авах нөхцөлийг хангахын тулд ядаж 70 хувийг нь зөв бөглөсөн байх ёстой гэсэн байна. SacBee сонинд мэдээлснээр зарим ашгийн байгууллагууд хүлээн зөвшөөрөгдөөгүй янз бүрийн сургалт явуулах, сертификат олгох зар сурталчилгаа явуулж бизнес эздүүдийг төөрөлдүүлж байна гэснийг анхаарна бизээ.

4. Агаарын тээврийн компаниудаас зорчигчдод хэрэв онгоцондоо багтаагаагүй бол өмнөхөөсөө арай илүү мөнгө, мөн алдсан ачааны мөнгөн төлбөр дээр нь ачааны мөнгийг нь нэмж өгч байхаар болж байна. ЗГ-аас гаргасан энэ оны 8 сараас хэрэгжиж эхлэх шинэ дүрмээр суудалгүй болсон зорчигч дараагийн онгоцыг хүлээсэн хугацаанаас хамаарч 400-800 долларын нөхөн төлөөс олгогддог байсан бол 650-1330 доллар болж нэмэгдүүлж байгаа юм байна. Өнгөрсөн жилд 65 мянган зорчигч суудалгүй болж байсан, дээр нь 681 мянган зорчигч сайн дураараа суудлаасаа татгалзсан / bumped voluntarily- хүн суудалгүй болсон үед сайн дураараа суудлаа өгөөд оронд нь мөнгөн төлөөс авах/ гэсэн тоо байна. Гэхдээ энэ тоо нь нийт зорчигчдын маш бага хувь буюу 1 хувьтай тэнцэж байгаа юм байна. Дашрамд хэлэхэд сайн дураараа татгалзагч нар зарим нь энэ чиглэлээрээ мэргэшиж нэлээд мөнгө хийдэг гэсэн болсон гэсэн мэдээлэл уншиж байсан байна. Үүний тулд тэд аль болох хүн ихтэй чиглэлд, мөн үеийг тохиолдуулж билет авдаг, тэгээд бүртгэл эхлэх үед компанийн ажилтанд нь суудлаа өгөхөд бэлэн байгаа гэж мэдэгддэг юм байна. Та ч гэсэн аялах үедээ хэрэв онц яараагүй бол онгоцондоо бүртгүүлэх үедээ сайн дураараа сандлаа тавьж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдвэл хэрэв хэн нэгэнд суудлыг чинь өгвөл хэдэн төгрөг хийгээд авч болохнээ. Мөн дээр дүрэмд нислэгийн компаниудыг вэб сайтдаа ачааны үнэ, нислэгээ өөрчлөхөд гарах зэрэг бүх төлбөрөө дэлгэрэнгүй тавьсан байхыг шаардсан, мөн олон улсын нислэгийн онгоцон дотроо 4 цагаас дээш, орон нутгийн онгоц 3 цагаас хугацаагаар хүлээлгэвэл зорчигчдод мөнгөн төлөөс олгох зэрэг заалтууд байна.

5. 16-19 насны хүүхдээ /тийн/ машины өөрийн даатгал дээрээ нэмэхэд таны төлбөрийг бараг 2 дахин нэмэгдэж орхидог. Учир нь машины даатгалын хэмжээ 3 гол үзүүлэлт: жолоо барьж байгаа нийт хугацаа, аваар ослын түүх, жилд жолооддог нийт замын хэмжээ юм. Шинээр жолоо барьж эхэлж байгаа хүн даатгалын үүднээс хамгийн эрсдэл ихтэй даатгуулагч байдаг бөгөөд ядаж л эхний 3 жил машины даатгалд илүү их мөнгийг төлөх нь ойлгомжтой болдог. Гэхдээ үүнийг зохих хэмжээнд бага байлгах боломжийг эрж хайх хэрэгтэй. Үүний тулд машины даатгалуудын компаниудын хооронд үнийг харьцуулахаас эхэлнэ. www.insweb, www.einsurance зэрэг сайтуудаар үнэлгээгээ ойролцоогоор тогтоолгож харж болно. Калифорний хувьд мужийн Даатгалын хэлтсийн вэб сайт www.insurance.ca.gov /1800-927-4357/-ын “Compare Premiums” товчлуурыг дарж ороод өөрийн үзүүлэлтийг оруулснаар манай мужид үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудын 12 хүртэлх хугацааны даатгалын үнийн дүнтэй жагсаалтыг гаргаж авч болно. Эдгээрээс өөрийн боломжтой компанийг сонгоорой. Үүний дараа тийн-жолооч нарт зориулсан хөнгөлөлтүүдийг ашиглах боломжтой эсэхийг шалгана. Жишээ нь ихэнх компани тийн-жолооч нарт зориулсан “good student” хямдрал байдаг. Үүгээр хэрэв хүүхэд чинь дүн 3.0 /В/-болон түүнээс дээш бол тухайн даатгалын компаниас хамааран 10-25 хувийн хямдралыг авах боломжтой. Өөр нэг үзүүлэлт бол ямар машин барьж байгаагаас төлбөрийн хэмжээ ихээхэн шалтгаална. Kia Sedona, Mazda Mazda5 Acura ZDX, Audi TTS, A5 зэрэг машинуудыг бодвол хямд даатгагдах болно /ямар төрлийн машин үнэтэй, эсвэл хямд даатгагддаг талаар өмнөх мэдээлэлд бичсэн байгаа. Бүрэн жагсаалтыг www.insweb сайтаас олж хараарай/. Дээр нь тийн жолооч даатгалын төлбөрийг бага байлгах бусад боломжууд үүний дотор байр, машины нэгдсэн даатгалтай байх, дидактаблаа ихэсгэх /ослын үед хармаанаас чинь гарах мөнгө их болно гэсэн үг/, даатгалынхаа команиаар удаан хугцаанд үйлчлүүлбэл “persistency” хямдрал авах зэрэг байж болно. Мөн зарим компанийн тусгай хөнгөлөлтийн программууд, жишээ нь State Farm “Drice Safe &Save” программаар жолооч өөрийн явсан замаа 6 сар тутамд сайн дураараа мэдээлэх ба хэрэв жилд бага зам явсан бол 45 хүртэлх бага даатгалын төлбөр төлөх, Allstate болон зарим даатгалын компаниуд эцэг эхчүүд хүүхдийнхээ хамтаар “teenSmart” онлайн аюулгүйн хичээлд /нэг удаагийн төлбөртэй/ бүртгүүлбэл эилийн төлбөрөө 15 хүртэлх хэмжээгээр хөнгөлүүлж болно. Энэ нь www.adeptdriver.com сайт дээр байгаа. Калифорнид мужийн хэлстээс санал болгодог бага орлоготой жолооч нарт зориулсан California Low-Сost Auto (CLCA) машины даатгал байдаг талаар та бүхэн сонсож байсан байх. Тухайн программын нөхцөлийг хангасан өргөдөл гаргагчийн орлогын хэмжээ, хаана оршин суугаагаас хамаарч хамгийн энгийн нөхцөлтэй даатгалыг жилийн 213 доллар болон түүнээс дээш хэмжээтэйгээр авч болно. Гэхдээ энэ программ 19 болон түүнээс дээш насныханд зориулагдсан бөгөөд 3 жилээс дээш хугацаагаар тасралтгүй жолооны эрхтэй байсан, жолооны бичлэг цэвэртэй, 20 мянга болон түүнээс доош үнэтэй машин эзэмшдэг, жилд 27,075 доллараас доош орлоготой, эцэг эхийнхээ татварт цуг бодогдоогүй байх гэсэн нөхцөлүүдтэй. Дэлгэрэнгүйг www.mylowcostauto.com сайтаас болон (866) 602-8861 утсаар лавлаж болно. Калифорнид хүүхдүүд 15 ½ настайдаа learmer permit /сурч байгаа/, шалгалтаа өгч тэнцсэн бол 16 наснаасаа жинхэнэ үнэмлэх авах эрхтэй билээ. Тийн жолооч нар жолооны эрх авсан эхний жилээ оройн 11 цагаас өглөөний 5 цаг хүртэлх хооронд, мөн хажууд нь эцэг эх, болон 25-наснаас дээш насны том хүн байхгүй үед 20 болон түүнээс бага насны зорчигчтай жолоо барих эрхгүй /www.dmv.ca.gov/teenweb/ байдгийг та бүхэн анхаарна биз. Эцэст нь эдгээр насны жолооч нартай холбоотой зарим баргар тоо баримтыг дурдвал: Эдгээр насны жолооч нар 25-69 насныхныг бодвол аваар, осолд орох магадлал нь 4 дахин илүү байдаг, машины осол нь эдгээр насны хүүхдүүдийн нас барах гол шалтгаануудын нэг хэвээр байна, жолооч хүүхдүүд, зорчигчдын амь насаа алдсан автомашины ослын 38 хувь нь амралтын өдрүүдээр, ихэвчлэн 5, 6, 7, 8 саруудад гардаг байна. Эдгээр нь тэднийг болгоомжтой байхыг сануулж байгаа хэрэг юм. Тийн жолоч нарт аюулгүйн талаар www.teendriver.com болон даатгалын компаниудын сайтууд, тухайлбал www.usaa.com сайтын “Advice Center” хэсгээс, www.usaaedfoundation.org “Behind the Wheel” хэсэг, “On the road” видео, www.betterteendriving.com NNID (not now, I’m driving) видео, www.geigo.com тийн хуудас, “Promise” видео зэргийг үзүүлж харуулахад илүүдэхгүй байх.

No comments:

Post a Comment