Wednesday, April 27, 2011
Гүзээлзгэнэ
Калифорнийхон бид бүтэн жилийн турш жимс ногоогоор эрхлэх юм даа. Хэдийгээр бид Калифорний Venture county болон бусад эрэг орчмоос хангадаг гүзээлзгэнийг хүйтний улиралд иддэг ч Сакто орчмын хаврын ургац жимсэн дотроос гүзээлзгэнэ миний дуртай жимсний нэг. Бүр хэт чихэртэй биш, антиоксидант болон С витамин ихтэй амттай жимс. Уг нь эндхийн гүзээлзгэний улирал нь 4-7 сарын хооронд байдаг ч энэ жилийн хувьд Хойд /Watsonville хот Хойд Калифорний гүзээлзгэний нийслэл гэдэг/ болон Төв Калифорнид хавар хоцорч ирж байгаагаас гүзээлзгэнэ тарих, хураах улирал 2-4 долоо хоногоор хоцорч байгаа гэнэ. Гэхдээ азаар харьцангуй хүйтэн хавар болж байгаа ч гүзээлзгэний ургалтанд тийм ч муугаар нөлөөлөөгүй аж. Удахгүй Сакто орчимд энэд тэндгүй лангуунууд нээгдэж шинэхэн гүзээлзгэнэ хайрцаг хайрцгаар нь зарж эхэлнэ дээ. Мөн ногооны захаас хувь хүмүүс, фармуудын ургуулсан төрөл бүрийн гүзээлзгэнийг худалдаж авах, эсвэл Foresthill-ийн Snowy Peaks Farm, Auburn-ын Amber Oaks /хэдэн жилийн өмнө Цайны найзуудын хүүхнүүд гэр бүлээрээ очиж бөөрөлзгөнө түүж байсан/ зэрэг фармууд /www.placergrown.org/placer_grown_products.php?product=Strawberries/ уруу өөрсдөө очиж түүж авч болох юм. Дашрамд сонирхуулахад нэгдсэн улсын нийт гүзээлзгэний 80 хувийг Калифорн муж ургуулдаг. Гүзээлзгэний талаар зарим баримтыг дурдвал:
- 1 кап /cup/ буюу ойролцоогоор дунд зэргийн 8 ширхэг гүзээлзгэнэ 50 калоритой, 8-хан грамм чихэртэй, USDA-ын санал болгодог өдрийн нормын 149 хувьтай тэнцэх хэмээний С витаминыг агуулдаг, мөн хүний биед хэрэгцээт folate /витамин B9 /, potassium, manganese зэрэг бодисыг агуулдаг.
- Хэд хэдэн санал асуулгаар хүүхдүүдийн дуртай нэг номерын жимсээр шалгарсан. Мөн том хүмүүс ч гэсэн дуртай. Америкийн гэр бүлүүдийн ойролцоогоор 94 хувь нь гүзээлзгэнэ иддэг гэжээ. Гүзээлзгэнийг зөвхөн өөрөөр нь биш салат, шөл, соус болон үндсэн хоолонд оруулж хэрэглэх нь их.
- Хаврын хамгийн түрүүнд болдог жимсний нэг. Мөн үр нь дотроо биш гаднаа байдаг цорын ганц жимс юм байна. Нэг томхон гүзээлзгэнэ 200 гаруй үртэй.
- Эрт цагаас эхлэн гүзээлзгэнийг зүрхний хэлбэртэйг бэлэгдэж хайр сэтгэлийн бэлэгдэл, мөн зарим төрлийн өвчнийг эдгээх эм гэж итгэж хэрэглэж байсан байна.
Та бүхэн гүзээлзгэнийг хэрхэн сонгож худалдаж авах, хэрхэн хадгалах талаар дараахь зөвлөгөөг анхааралдаа авна уу.
- Хуурай, хатуу, бүрэн боловсорсон /жигд гүн улаан өнгөтэй/-ыг сонгож ав. Угны навч нь ногоон бөгөөд шинэхэн харагдаж байх ёстой. Хайрцаг саванд нь толбо /шингэн/ байгаа бол доторх жимснээс зарим нь хэт болсон байна гэсэн үг.
- Гүзээлзгэнийг жаахан шахахад л өнгө нь муудаж, толботой болох тул маш болгоомжтой барих ёстой.
- Гүзээлзгэнийг хөргөгчинд 3 хонуулахад шинэ байдлаа хадгалж чадна. Түүнээс олон хоновол чанараа алдаж эхэлнэ. Аятайхан хадгалахын тулд цаасан алчуур дэвссэн /шүүсийг нь шингээнэ/ пластик тагтай саванд угаалгүйгээр хийж хөргөгчинд хийнэ. Хэрэглэх үедээ усаар маш хурдан зайлаад ав. Усанд удаан дэвтээх хэрэггүй.
- Илүүдэл хэрэглэхгүй гүзээлзгэнээ угааж, ногооныг нь аваад хэрчээд битүү сав, уутанд хийж хөлдөөгчинд 6 сар хүртэлх хугацаагаар хадгалж болно. Хөлдүү гүзээлзгэнийг smooth, shake зэрэг ундаа бэлдэх, мөн шинэ жимсний адилаар төрөл бүрийн амттан дээр тавьж идэж хэрэглэж болно.
Харин гүзээлзгэнийг хэрхэн түүх талаар зөвлөгөөг Snow Peak Farm /www.snowypeaksfarm.com/-ын сайтаа авсан зөвлөгөөг орууллаа.
- Жимснээс хагас инч орчмоор дээхэн талд нь ишнээс нь долоовор хуруу, эрхий хурууны хумсны тусламжтайгаар бага зэрэг эргүүлж тасалж ав. Ингэснээр тасарсан жимс чиний алганд орох болно.
- Энэ аргаар хоёр гараа дүүргээд /нэг алганд ойролцоогоор 3-4 жимс багтана/ маш болгоомжтойгоор хайрцаг, хувиндаа хий. Бүү шид.
- Саваа бүү хэт дүүргээрэй. Доод хэсэг нь няцарч магад.
Гэхдээ нэгэн анхааруулгыг оруулахгүй бол болохгүй байх. Харамсалтай нь өнгөрсөн жил California Department of Pesticide Regulation байгууллага хүмүүс, болон зарим байгууллагуудын анхааруулгыг үл хайхран хүний биед хортой химийн бодис бүхий methyl iodide буюу Midas хэмээн нэрлэгддэг бодисыг хүнсний ногоо, жимс, түүний дотор гүзээлзгэний тариалалтанд хэрэглэхийг зөвшөөрөн бүртгэсэн билээ. Иймд аливаа ногоо жимсийг идэж хэрэглэхдээ ядаж л сайн угаах, боломжтой бол органик буюу химийн бодисоор бордоогүйг худалдан авч байвал бидний бие организмд хор нөлөө багатай байх болов уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment