Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, June 19, 2012

Эх орон маань гадаадад амьдарч байгаа хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн үү?

Манай хотын Монголчуудаас маань хэд хэдэн хүн эх орон уруугаа буцсан болон буцах гэж байна. Энд ирээд нэг коммунити болоод бэрхшээл зовлон, баяр баясгалангаа хуваалцаж дассан нэгнийгээ явахаар сэтгэлд эвгүй байдаг ч эх орондоо ихийг бүтээх, гэр орноо бүтэн болгох, илүү ирээдүйтэй замыг сонгож буцаж байгаа тэдэндээ сайн сайхныг хүсэхээс өөр яах билээ. Сүүлийн үед төрөл садан, ахан дүүс, төрөөс маань ирцгээ гэж уриалж байгаагийн хамт энэд байгаа нэгэнд маань мэргэжил боловсролын нь дагуу, эсвэл илүү боломж бүхий
ажлын байр болон бизнесийн санал, санаа өгч байгаа ч хүүхдүүдтэй айлууд буцахаас түтгэлцсээр байна. Томчуул ч яахав. Ихэнх насаа үдсэн эх орондоо очиж байгаа хүмүүс усандаа орсон загас шиг дорхноо эвээ олоод яваад өгнө. Харин эндхийн боловсролын системд дассан, дамжсан хүүхдүүд маань эх орон маань ямар сургууль, систем санал болгож байна вэ? Ихэнх хүүхдүүд маань монгол хэлээрээ монголын сургуулийн сургалтын хэмжээнд уншиж, бичиж ойлгож чадахгүй. Дээр эрс өөр боловсролын систем үрүү /босоо асадемик чиглэлтэй/ шилжихэд нь туслах ямар арга зам санал болгож байна вэ? Нэлээд хэдэн жилийн өмнө энэ тэнд гадаадад амьдарч байсан янз бүрийн насны хүүхдүүдийг нийлүүлсэн ахлах анги хичээлдэг гэж сонсож байсан ч эд нар монголын системд шилжихээсээ өнгөрсөн хүүхдүүд, нэг цаас өгөөд л төгсгөх бодолтой гэсэн байдалтай хандсан гэсэн. Бид нарт тийм аргацаасан хүүхдүүдүүдийг минь хохироосон газар хэрэггүй. Барууны оронд зөвшөөрөгдсөн стандартын дагуу мөн дээр монгол хэл дээрээ илүүтэй ажилладаг тийм цогц шийдэлтэй сургууль хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс Америкийн сургалттай хувийн сургуулиуд байгаа гэж ам уралдан хэлэх юм. Тийм сургалтын мөнгийг биднээс маань хэд нь төлж чадах бэ. Дээрээс нь энэд үнэгүй авдаг нийтийн боловсролын хэмжээний чанартай ерөнхий боловсролд нэг хүүхдэдээ л гэхэд жилд хэдэн мянган доллар төлж сургана гэдэг бидний хувьд зөв шийдэл биш билээ. Эндээс очсон хүүхдүүдээс маань найз нөхөд үрүүгээ ярьсныг сонсоход хичээлээ гүйцэхэд нэлээд хүнд байгаа болон, тэднийгээ битгий ирээрэй гэж зөвлөж байх юм. Тоглож дассан найз нөхөд, сургууль орчноосоо салаад цоо шинэ газар очиж байгаа тэдэнд ядаж сургалтын зүгээс нь асуудлыг нь багасгах талаар сургуулийн зүгээс яаж туслах вэ? Илүү цагаар заах, зөвлөх багш гаргаж өгч байна уу? Ээж аав нь энэд байсан хэмжээний ахуй нөхцөлийг бүрдүүлээд л өгнө. Гэтэл сэтгэл санаа, сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадах уу? Тоглоомын талбай, паркаас /park/ өгсүүлээд анги танхимын хангамж, номын сан, чөлөөт байдлаа санагалзаж байгаа тэднийг дээр монголоороо ярихад нь дооглох хүүхэд захаасаа байгаа. Монголоос Америк уруу ирсэн хүүхдүүдийн жишээ дээр харахад англи хэл сурах, дээр нь хичээлээ гүйцэхэд нь тийм ч амар биш байдаг. Ихэнх аав, ээж манай хүүхдүүд хичээлээ шууд л гүйцсэн, ангилаар хэдхэн сарын дотор шууд ярьдаг болсон, багш нь “good, good" гэдэг гэж ярих боловч сургууль дээр, хүүхдүүдийн хувьд байдал өөр байдаг. Монгол хүүхдүүд барагтай бол хэцүү гэж хэлдэггүй. Хүүхдүүдийн дасан зохицох, гүйцэх хурд янз тул зарим хүүхдүүд тэр чигээрээ л гүйцэлгүй явсаар төгсөх нь бий. Ихэвчлэн ахлах ангидаа монголоос ирсэн хүүхдүүд хэл, сургалтаас гадна найз нөхөдтэй болох, дасан зохицох гээд л нэлээд амаргүй байдаг нь монголдоо буцья гэж аав ээждээ үглэхээс харагддаг. Аль болох бага насандаа ирнэ, хурдан хичээлээ гүйцэх боломж нь төдий чинээ амар байдаг. Иймд үүнтэй адилаар дунд насны болон томхон хүүхдүүдтэй айлууд монголд очвол хамгийн түрүүнд хичээлээ гүйцэхгүй байж байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйгээр тоглочих вий гэж айдаг.
Энэд гадаадаас ирсэн хүүхдүүдийг америкийн сургалтын систем үрүү оруулах бүхэл бүтэн систем ажилладаг. Юуны түрүүнд хэлний шалгалтаар Англи хэлний мэдлэгийн хэмжээг тогтоож хэрэв хангалттгүй бол сургуулийн дистрикт бүрт байдаг Англи хэл 2 дахь хэл нь /
English as a second language / ангид хуваарилдаг. Ийм төрлийн тусгайлсан анги байна, эсвэл англи хэлний хичээлээ зөвхөн тусдаа аваад бусад хичээл дээрээ жирийн ангид сурдгаар ч зохицуулсан байдаг. Ямар ч тохиолдолд сургуулийн дистрикт шинээр ирсэн хүүхдүүдийг шинэ системд шилжихэд нь зориулж илүү хөрөнгө мөнгө, цаг зарцуулдаг.
Олон жилийн турш оршин тогтносон ийм системийн хэрийн биш ч тодорхой хэмжээгээр энэ тэндээс очсон хүүхдүүдэд туслах систем байдаг бол эсвэл хэрэгжүүлэх санаа байвал мэддэг хүмүүсээс нь сонсвол гадаадад байгаа гэр бүлүүдэд их хэрэгтэй байхсан. Түүнчлэн энэдээс очсон эцэг эхчүүд энэ талаар ямар бодолтой байгаа болон зөвлөгөө байвал бичээрэй.

No comments:

Post a Comment