Гэрийнхнээс чинь хэн нэг нь Монгол болон бусад орон уруу түр явах гэж байгаа бол доорх мэдээлэл хэрэг болж магад.
Америкийн ихэнх банкнууд кредит картаараа гадаадад хийсэн гүйлгээнд ихэвчлэн 3% суутгадаг. Тэгвэл American Express, J. P. Morgan Chase, Citygroup банкнууд дээрх гадаад гүйлгээний төлбөргүй урамшуулалт /reward/ карт санал болгодог. Гэвч энэ картыг нэлээд сайн кредиттэй хүн авч чадах бөгөөд жилийн төлбөртэй гэдгийг анхаараарай. Дээрхээс гадна Capital One Financial банк оюутан сурагчдад зориулсан болон бусад дансны хэрэглэгчдээсээ гадаад гүйлгээний хураамж авдаггүй гэсэн байна. Bank of America жилийн төлбөргүй, гадаад гүйлгээний хураамжгүй ”Travel Reward Card” –ыг шинээр санал болгож байна. Түүнчлэн картаараа гүйлгээ хийхдээ солилцооны тухай үеийн ханшаа мэдэж байвал алдагдалгүй наймаа хийх болно гэдгийг та бүхэн юу эс андах вэ.
“Cash” бол хаана ч хаан гэдгээр монголчууд маань эндээс бэлэн мөнгөө аваад тэнд нь ашигтай ханшаар солиулж хэрэгцээндээ зарцуулдаг. Гэвч ямар нэгэн хэрэгцээ гараад дебит картнаасаа бэлэн мөнгө гаргах болбол бас л гадаад гүйлгээний /3% хүртэлх/ болон дээр нь тодорхой хэмжээний төлбөр төлөх болно. Иймд явахынхаа өмнө өөрийн үйлчлэгч банкнаасаа гадаад дахь ATM төлбөрийн хэмжээ, данс уруугаа мөнгө шилжүүлэх төлбөр болон хамтарч ажилладаг ATM төлбөр авдаггүй гадаад банк байгаа эсэхийг асуугаад авахад илүүдэхгүй болов уу.
Ямар ч тохиолдолд эндхийн өөр муж ч бай, өөр улс уруу аялахынхаа өмнө банк уруугаа утастаж хаашаа, хэдий хугацаагаар явахаа мэдэгдэх нь зүйтэй юм билээ. Учир нь оршин суугаа газраасаа өөр газруудаас картаа их хэмжээгээр ашиглаад ирэхээр таны мөнгийг хамгаалах зорилгоор банк сэжигтэй гэж үзээд гүйлгээ хийхийг нь хааж орхидог. Бидэнд өнгөрсөн жил ийм явдал тохиолдсон бөгөөд банк уруугаа утастаж тэнэж яваагаа мэдэгдсэн билээ.
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment