Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, October 16, 2012

Ёс зүй



Өчигдөр хоолны газар ороод дунд хүүгээ тохойгоо ширээн дээр битгий тавь гэж байн байн сануулахад хүрлээ. Урдаас нөгөө л яагаад яагаад гэдгээ тавьж байна. Өсөж төрсөн нутгаас өөр ёс заншилтай улсад байгаа миний бие өөрөө тэгтлээ нарийн ширийн соёл ёс зүйг нь мэддэг, эсвэл баримтлаад сүйд болсон юм байхгүй ч хүүхдүүдээ л олны өмнө эвгүй байдалд орчихвий хэмээн санаа зовсондоо л сургах гэж оролдож байгаа нь тэр. Анх ирсэнийхээ дараа бид социализмын үеэс чирч ирсэн зан буюу хаалга, энээ тэрүүгээр хүнээс урьдаж гарах, хүрэх гэж зүтгэж дайрдаг зангаа хамгийн түрүүнд засч авцгаасан. Жилээс жилд ингэж болдоггүй юм байна, ингэдэг юм байна гэж одоо хүртэл чадах чинэгээрээ зассаар л явж байна. Ширээний ард даргадаа, түншүүддээ муухай сэтгэгдэл төрүүлээд ажлаасаа халагдсан тохиолдол ч гарч болдог тул таньж мэдэхгүй америкчуудын дунд болон ажил хэргийн уулзалт, хоололтон дээр бодож явахад илүүдэхгүй ерөнхий зарим ёс зүйг оруулж байна. Үүнд:
Хоол идэх үеэр:
-          Хоол идэх үеэр баримтлах хамгийн энгийн бөгөөд эхний дүрэм бол аль болох чимээ гаргахгүй идэх, бага багаар идэх, аман дотроо юмтай үедээ юм ярихгүй байх /зажилж байхад ам хаалттай байх ёстой/, хутга сэрээгээ зөв гартаа барьж сурах явдал билээ. Нэг хөгтэй жишээ дурдвал, би ус шингэн зүйлийг гүд гүд хийж залигалж хүүхдүүдээ инээлгэдэг байсан юм. Гэтэл нэг хүү маань хичээл дээрээ усаа дуугаргаж уугаад багшдаа зэмлүүлсэн байсан.
-          Ширээн дээр хоол байхгүй үед ширээн дээр тохойгоо хүргэж, тавьж болно. Хоолтой үед тохойгоо хойш татаж сууна.
-          Ширээн дээрх талхнаас хэзээ ч бүтнээр авч /roll эсвэл зүсмээр нь/ масло түрхэж идэж болохгүй гэнэ. Аманд багтах жижиг хэсгийг хугалж аваад жижиг масло тавьж иднэ. Гэхдээ ямар зэргийн ресторонд орсноос хамаарах биз. Дунд зэргийн итали ресторанд хүмүүс зүсэм зүсмээр нь идэж л байдаг.
-          Хүний өмнө тавигдсан хоол, амтлагч гэх мэтийг өөрөө авах гэж өндийх, урдуур нь тонгойх нь буруу тул хүмүүсээс дөхүүлж өгөхийг /pass/ гуйдаг.
-          Зарим ресторанд олон төрлийн сэрээ халбага өрж тавьсан байдаг. Алийг нь юунд хэрэглэдгийг нь бидний ихэнх нь мэддэггүй. Хамгийн захынхаас нь эхэлж хэрэглэнэ гэж ойлгоход л хангалттай. Мөн бусад хүмүүсийг ажиглаад авахад илүүлдэхгүй байх.
-          Хоолны газар шөлийг халбагадаж иднэ. Халбагадахдаа өөр үрүүгээ биш, өөрөөсөө эсрэг тал уруу нь чиглэж халбагадана. Харин ази хоолны газар бол өөр хэрэг. Сорох, уух зэрэг чөлөөтэй. Ер нь тэгж идэх нь ч амттай.:-)
-          Ширээн дээр тавьсан талх, стаканы аль нь минийхийг мэдэхэд хэцүү санагддаг. Тэгвэл этикет, протоколын зөвлөгч Лика Мирзагийн зөвлөгөө нь үүнийг тогтооход амар болгодог. Түүний зөвлөснөөр баруун гарын эрхий хуруу долоовор хуруугаа нийлүүлбэл d үсэг үүснэ. Ингэхээр баруун талд чинь байгаа drink буюу стакан нь чинийх. Үүнтэй адилаар зүүн талын гарын 2 хуруугаа нийлүүлбэл b үсэг үүснэ. Тэгэхээр зүүн гар талд чинь байгаа нь bread чинийх гээд цээжилчихэд болох юм билээ. Мөн зүүн талд байгаа напкинс чинийх.
-          Сэрээ, хутгаа тавган дээрээ тавибал хоолоо идэж дууссан тул авч явж болно гэсэн тэмдгийг зөөгчид өгсөн гэсэн үг. Усан шөлийн хувьд халбагаа аяга дотроо тавина. Харин creamy буюу өтгөн шөлийг идэж дууссан үедээ аяганы доор цуг ирсэн таваг дээр тавина.
-          Ширээнд суух үед байдаг том тавгийг эхний курс хоолны дараа авч явдаг.
Бусад:
-          Олон нийтийн цугласан газар хэн нэг үрүү хуруугаараа зааж болохгүй
-          Хүнээс бэлэг аваад ямагт бэлгийг нь аваад яаж баярласан, ямар сэтгэгдэл төрсөн зэргээ дурдсан “Thank you” notes буюу карт явуулах хэрэгтэй. Гараар бичсэн картанд хүмүүс дуртай. Ер нь гэртээ Thank you картыг нэлээд аваад тавьчихвал зүгээр байдаг.
-          Айлд уригдаж очихдоо заавал бэлэгтэй очих албагүй ч хоосон очих нь онц биш гэж үздэг. Вино, цэцэг, чихэр гэх мэт нь түгээмэл бэлэгт ордог.
-          Хэрэв таныг ерөөл хэлүүлэхээр болбол уудаггүй байсан ч хундагаа өргөж барих ёстой гэнэ. Ерөөл 3 минутаас хэтрэх ёсгүй аж.
-          Сувдыг өдөр, орой ямар ч цагаар зүйж болдог бол алмааз, номин, оюу, бадмаараг /ruby/ зэрэг үнэт чулуутай зүйлт чимэглэлийг /хуримын бөгж бол өөр хэрэг/ өдрийн цагаар зүйдэггүй гэдэг тул монголчууд бид зүйлт чимэглэлээр гангарах дуртай ч америк хүмүүстэй уулзах ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн дээр зүүсний хэрэггүй болов уу.
-          Байгаа орчиндоо тохируулж хувцаслах нь их чухал билээ. Биеийн хэсгээ хэт ил гаргасан хувцас ямар ч ажлын байранд тохиромжгүй. Биеийн тамир, бэлтгэлийн хувцсыг хамаагүй энэ тэнд битгийн өмсөж байгаарай. Онгоцонд хүртэл. Ялангуяа орос “ах нар” энэ тэнд өмсөж явдаг. Жимээс гараад явж байгаа үед бол хүмүүс ойлгоно. Хүмүүс ерөнхийдөө дургүй юм билээ.  
-          Хоолны газар, үзвэрийн газруудад утсаа аль болох бага дээр нь эсвэл дуугүй дээр нь тавих ёстой.
-          Өөрсдөө л эхэлж ярихаас нааш хичнээн том гэдэстэй харагдсан ч хэдэн сартай гэж асуух /намайг хүүхдээ төрүүлээд 1 жил болж байсан ч хүмүүс хэдэн сартай вэ гэж мөн ч их асуусан даа J/, ахлах ангийн сурагчдаас коллежийн талаар /хүүхэд бүр коллежид сурах төлөвлөгөөгүй/, хичнээн өвчтэй юм шиг ядруу харагдаж байсан ч өрөвдөж харьцахгүй байх /энэд хүнд өрөвдүүлэх, доогуур харагдах дургүй/, эмэгтэй хүмүүсээс хэдэн хүүхэдтэй гэж /энэд хүүхэдгүй хүмүүс их, зарим нь хүүхэд хүсээд ч болж чадахгүй байдаг байж болно/ асуухгүй байвал зүгээр.

Tuesday, October 2, 2012

Хамгийн ашигтай зээлийн картууд



Сүүлийн үед компаниуд шагналын /reward/ системтэй картуудаа илүүтэй рекламдах болсон ч тэдгээрээс нэлээд судалж байж өөрийн худалдан авах нөхцөлдөө тохируулж авахгүй бол ашгийг нь гаргаж чадахгүйгээр барахгүй харин ч алдагдал хүлээж болох юм. Шагналын картууд ерөнхийдөө 2 төрлийнх байна: жилийн төлбөргүй, нөгөө нь жилийн төлбөртэй ч шагналын оноо өндөртэй. Consumer Report сэтгүүлийн сүүлийн дугаарт ийм төрлийн нийтдээ 53 картанд судалгаа хийж үзсэнээс хэд хэдэн зүйлийг онцолсныг энэд оруулж байна. Уг сэтгүүлээс кредит картнаас ашиг гаргах хэрэглэгчдийг 3 ангилж үзжээ. Үүнд:
-          Бэлэн мөнгөний ашиг гаргах хүсэлтэй гэр бүл
-          Үнэгүй аялах хүсэлтэй зугаалан аялагчид
-           Кредит картны дансандаа балансын үлдэгдэлтэй
Судалгаанаас дараахь дүгнэлтүүд гарчээ:
-          Шагналын картуудыг кредит оноо сайтай хүмүүс илүү амархан өгдөг тул одоогийн зах зээл дээр байгаа картуудыг өөрийн ашиглаж байгаа картуудтай харьцуулж үзэхийг зөвлөжээ. Мэдээж ашигтай бол авахад буруудахгүй гэсэн үг.
-          Томоохон хэмжээний худалдан авалт хийдэг болон байнга онгоцоор аялагчдын хувьд жилийн төлбөртэй карт ч ашигтай тусч болох юм.
-          Аялалын кредит /travel/  картууд аялалын даатгал, ачааны үнээс чөлөөлдөг, онгоцны амрах хэсэгт үнэгүй байрлах, түрүүлж онгоцонд оруулах гэх мэт урамшууллыг багтааж байна.  Урьд нь зөвхөн өндөр төлбөртэй картууд л байдаг байсан урамшуулал юм. Ихэнх картнуудын up-front буюу карт авахад шууд өгдөг оноо нь 25-40 мянгын хооронд байна. Заримдаа 100 мянга гэсэн урамшуулал хааяа үзэгдэж байна. Аялалын картууд жилийн төлбөртэй ч эхний жилд төлбөрөөс чөлөөлдөг. Хэдийгээр дээрх урамшууллууд ашигтай тусах ч гэсэн 50 мянгаас дээш оноотой билет худалдан авах ёстой гэх мэтчилэн нөхцөлүүдтэй байдаг. Мөн гадаадад аялагчдын хувьд гадаадад хийх худалдан авалтандаа шилжүүлгийн төлбөр /ихэнх нь картанд 3 хувь байна/ төлдөггүй картуудаас сонгох нь ашигтай /зарим ийм төрлийн картуудын талаар 6 сарын бичлэгээс уншина уу/. Мөн нэлээд олон Америкийн банкнууд, түүний дотор Bank of America, Wells Fargo зүүн Европид аялагчдад зориулсан илүү нууцлалын систем бүхий Europay MasterCard Visa үгний товчлол EMV нэртэй картыг санал болгож байна.
-          Кредит картны балансыг төлбөргүйгээр шилжүүлдэг картууд ихээхэн хэмжээний балансыг шижлүүлэх боломж олгож байгаа  ч бага хүүтэй картаа хэвээр үлдээх нь урт хугацаанд ашигтай тусч болох юм.
Ердийн бэлэн мөнгөний шагналтай картуудын хувьд худалдан авалт хийсэн үнийн дүнд тооцож шагналаа авдаг бол зарим төрлийн картууд жишээ нь ChaseFreedom, Citi Dividend болон хэд хэдэн Discovery картууд нь 5 хүртэлх хувийн харьцангуй өндөр шагналтай ч оноо өгөх худалдан авалт хийх чиглэл нь улирал бүрт өөр өөр байна. Жишээ нь хавар орон байрны тохижуулалтын худалдан авалт, намар зочид буудал гэх мэт. American Express Blue Cash Preferred Card супермаркетын худалдан авалтанд 6 хувь, бензинд болон моллын худалдан авалтанд 3 хувь, бусад худалдан авалтанд 1 хувийн шагнал авах болно. Хэрэв сард нийтдээ 3000 долларын худалдан авалт хийдэг айл бол эхний жилд ойролцоогоор 1040 долларын шагнал /урьдчилсан шагнал ороод/, дараагийн жилээс 75 долларын жилийн төлбөр төлөөд жилд 890 долларын шагнал авч болохнээ. Энэ тооцоонд сар бүр мөнгөний үлдэгдэлгүй балансаа төлж явахаар тооцсон гэдгийг анхаарна бизээ. Хэрэв хүүнд мөнгө төлбөл ашиг нь багасах, ашиггүй болно гэдгийг юу эс андах вэ. Манай гэрийн хувьд эндхийн олон монголчуудын адилаар Costco-ийн TrueEarnings AmEx карттай.  Энэ карт нь Costco-ийн гишүүдэд жилийн төлбөргүй, бензинээс 3 хувь, аяллаас 2 хувь, ресторонд 2 хувь, бусад худалдан авалт, түүний дотор  Costco-ийн худалдан авалтанд 1 хувийг буцааж авах нөхцөлтэй. Ялангуяа бизнестэй хүмүүст их зүгээр карт санагдана. Бараа, материал, бензинд сард хэдэн мянга яваад л өгнө. Ийм карттай хүмүүс бензин, онгоцны билет, дэлгүүрт хэрэглээд сард нь зээлээ төлөөд явбал жилийн эцэст хөөрхөн мөнгө зүгээр ороод ирнэ.
Уг сэтгүүлд бичсэнээр:
-          Бэлэн мөнгөний шагналтай картууд 400 болон түүнээс дээш долларыг бензинд, 600 долларыг хоол хүнсэнд, 1000 долларыг бусад худалдан авалтанд үрдэг айлд American Express Blue Cash Preferred Card, Fidelity Rewards American Express, Capital One Cash Rewards картууд ашигтай тусна
-          Аялалын картууд аялалд сард 2000 доллар, 75 хувийг аялалтай холбоотой зардалд зарцуулдаг, аяаллын оноогоо дурын онгоцны компанид хэрэглэх хүсэлтэй бол Chase Sapphire Preferred, American Express Blue Sky Prefered, Capital One Venture Rewards картууд ашигтай тусна
-          10 мянган долларын баланс шилжүүлэх гэж байгаа хүмүүст Chase Slate, Citi Diamond Preferred Card, PenFed Promise Visa картууд ашигтай тусна гэжээ.
Өөрийн санаагаа нэмж хэлэхэд нэгэнт л ашиг олох гэж байгаа тул цаг гаргаж карт бүрийн нөхцөлийг сайн судалж өөрийн болон гэрийнхээ худалдан авалтанд тохируулан картаа сонгох нь зөв юм. Жишээ нь, хүмүүсийн сонирхоод байдаг бензин түгээгүүрийн кредит картыг авч үзвэл тэгтээ тэргүй бензин авдгаас хойш өөрийн авдаг газраасаа картыг нь авбал зүгээр байж байгаад шагнал аваад байх юм шиг санагддаг. Гэтэл энэ төрлийн картууд дэлгүүрийн картуудын адилаар кредит лимит нь бага мөртлөө хүү нь ойролцоогоор 25 хувь, түүнээс ч дээш байх нь бий. Дэлгүүрийн картууд ядаж байнга л хямдрал, зөвхөн гишүүдэд зориулсан ашигтай саналууд ирүүлдэг бол бензиний картуудын хувьд тэгдэггүй билээ. Бензиний карт ерөнхийдөө 2 янз байх бөгөөд нэг нь зөвхөн нэг төрлийн түгээгүүрийн газах хэрэглэхээр бол нөгөө нь Visa, Master картууд дурын худалдан авалтанд хэрэглэж болохоор байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр карт нь жилийн төлбөртэйн дээр тодорхой хэмжээнд мөнгө зарцуулсан тохиолдолд л бэлэн мөнгөний шагнал /дараа сарын төлбөрт кредит өгдөг/ өгөх амлалттай. Жишээ нь Chevron Visa, Texaco Visa картууд тодорхой заасан хугацаанд 300 болон түүнээс дээш долларын худалдан авалт хийвэл нэг галлон бүрт 10 сентийн кредит өгнө гэжээ. Хамгийн сонирхолтой нь “eligible spending” гэдэгт нөгөө гол бензин биш, өөр бусад худалдан авалт буюу хоол хүнс, хувцас, билет зэрэгт зарцуулсан байх ёстой юм байна. Харин Chevron, Texaco gas-only картууд нь зөвхөн нэрийн түгээгүүрийн газар л бензинд ашиглах боломжтой бөгөөд 1 галлонд 10 центийн кредитыг дараагийн удаад бензин авахдаа ашиглаж болохоор тусдаг. Бодож үзвэл 50 галлон бензин авч байж 5 долларын урамшуулал авахнээ. Ойролцоогоор 4 доллараар бензин авлаа гэхэд 200 долларын бензин авч байж 5 долларын хямдрал авна гэсэн үг. Мөн уг кредитийг 6 сарын дотор ашиглаж амжихгүй бол хүчингүй болохоор заажээ. Мөн ExxonMobile Smart Card /шинэр гарч байгаа/ карт нь галлон бүрт 6 центийн урамшуулал 100 хүртэлх галлон бензинд олгогдоно гэжээ. Гэхдээ урамшуулалд багтахын тулд ядаж 45 галлон бензин авсан байхаар заажээ. Тэгэхээр дараагийн сардаа урамшуулал авахын тулд энэ бензин түгээгүүрийн газраас машиндаа ядаж л 3 удаа бензин авч байж $2.88-ын хөнгөлөлт авахнээ. ExxonMobile Preferred Card нь хамтарч ажилладаг зочид буудал, онгоц, машины рентны газруудаас худалдан авалт хийсэн тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал авах боловч жилийн 29 долларын төлбөртэй. Эдгээр жишээнээс үзвэл бензиний картаас ашиг унагаах гэдэг нь нэлээд төвөгтэй, явдал ихтэй санагдсан.
Судалж үзээд нэлээд ашиг унагааж болохоор карт тааралдсан ч кредит түүхэнд муугаар нөлөөлнө гэж та болгоомжилж байгаа бол дараахь мэдээлэл хэрэг болж магад. Санхүүгийн үүднээс олон карттай байхыг зөвлөхгүй ч олон карттай байх нь оноонд муугаар нөлөөлөхгүй /олон удаа кредит оноо шалгах хүсэлт оноог унагаана/ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. FICO онооны дүнд нөлөөлдөг нэг зүйл бол зээлийн хязгаар хэмжээг зээлийн балансийн хэмжээнд харьцуулсан харьцуулалт юм. Иймээс хэдэн нь ч карттай байсан зээлийн картныхаа хязгаар хэмжээний 50 хувиас балансаа хэтрүүлэхгүй байх нь зөв юм. Мэдээж сар бүрдээ балансаа төлдөг бол хамаагүй л дээ. Саяхан хуучин картаа кредит оноондоо муугаар нөлөөлөхгүйгээр хэрхэн хаах талаар шинээр олж мэдсэн юм. Эндхийн ихэнх санхүүчдийн зөвлөгөөнд кредит онооны 15-нь кредит түүхий уртаас хамаардаг тул хэрэглэдэггүй байсан ч хуучин картнуудаа хаалгахгүй байхыг зөвлөдөг. Гэсэн ч кредит агентлагууд кредит түүхэнд хаагдсан данснуудыг 10 жилийн хугацаанд байлгадаг тул хаагдсан дансны чинь төлсөн төлбөрийн үзүүлэлт нь оноонд чинь сайнаар нөлөөлсөн хэвээр байх болно. Картаа хаахын тулд эхлээд бүх төлбөрийг төлнө. Үүний дараа картны компанидаа хаах талаар бичгээр хүсэлт гаргана. Буцаад “closed by customer” буюу хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр хаасан гэсэн тодорхойлолтыг бичгээр гаргуулж хаагдсан мэдээллийг кредит агентлаг уруу явуулахыг картны компаниасаа хүсэх хэрэгтэй. Тэгээд хаагдсан эсэхийг кредит түүхээ авч үзэж шалгаарай. Жилд нэг удаа кредит түүхээ үнэгүй авдаг хаяг annualcreditreport.com.
Дашрамд дурдахад кредит картны төлбөр тооцоо, хаахтай холбоотой хүсэлтийг нь чинь компани нь шийдвэрлэж өгөхгүй бол Consumer Financial Protection Bureau байгууллагад /consumerfinance.gov/ хандаж гомдлоо гаргах хэрэгтэй. Уг агентлагаас цаашдын хүнд арга хэмжээнд хүрэхгүйн тулд асуудлыг шийдвэрлэх, хаах 60 хоногийн хугацааг кредит картны компаниудад өгдөг тул энэ хугацаанд тэд шийдвэрлэхээр сэтгэл гаргах болно.