Өчигдөр хоолны газар ороод дунд
хүүгээ тохойгоо ширээн дээр битгий тавь гэж байн байн сануулахад хүрлээ. Урдаас
нөгөө л яагаад яагаад гэдгээ тавьж байна. Өсөж төрсөн нутгаас өөр ёс заншилтай
улсад байгаа миний бие өөрөө тэгтлээ нарийн ширийн соёл ёс зүйг нь мэддэг,
эсвэл баримтлаад сүйд болсон юм байхгүй ч хүүхдүүдээ л олны өмнө эвгүй байдалд
орчихвий хэмээн санаа зовсондоо л сургах гэж оролдож байгаа нь тэр. Анх
ирсэнийхээ дараа бид социализмын үеэс чирч ирсэн зан буюу хаалга, энээ
тэрүүгээр хүнээс урьдаж гарах, хүрэх гэж зүтгэж дайрдаг зангаа хамгийн түрүүнд
засч авцгаасан. Жилээс жилд ингэж болдоггүй юм байна, ингэдэг юм байна гэж одоо
хүртэл чадах чинэгээрээ зассаар л явж байна. Ширээний ард даргадаа, түншүүддээ
муухай сэтгэгдэл төрүүлээд ажлаасаа халагдсан тохиолдол ч гарч болдог тул таньж
мэдэхгүй америкчуудын дунд болон ажил хэргийн уулзалт, хоололтон дээр бодож
явахад илүүдэхгүй ерөнхий зарим ёс зүйг оруулж байна. Үүнд:
Хоол идэх үеэр:
-
Хоол идэх үеэр баримтлах хамгийн энгийн бөгөөд эхний
дүрэм бол аль болох чимээ гаргахгүй идэх, бага багаар идэх, аман дотроо юмтай
үедээ юм ярихгүй байх /зажилж байхад ам хаалттай байх ёстой/, хутга сэрээгээ
зөв гартаа барьж сурах явдал билээ. Нэг хөгтэй жишээ дурдвал, би ус шингэн
зүйлийг гүд гүд хийж залигалж хүүхдүүдээ инээлгэдэг байсан юм. Гэтэл нэг хүү
маань хичээл дээрээ усаа дуугаргаж уугаад багшдаа зэмлүүлсэн байсан.
-
Ширээн дээр хоол байхгүй үед ширээн дээр тохойгоо хүргэж,
тавьж болно. Хоолтой үед тохойгоо хойш татаж сууна.
-
Ширээн дээрх талхнаас хэзээ ч бүтнээр авч /roll эсвэл
зүсмээр нь/ масло түрхэж идэж болохгүй гэнэ. Аманд багтах жижиг хэсгийг хугалж
аваад жижиг масло тавьж иднэ. Гэхдээ ямар зэргийн ресторонд орсноос хамаарах
биз. Дунд зэргийн итали ресторанд хүмүүс зүсэм зүсмээр нь идэж л байдаг.
-
Хүний өмнө тавигдсан хоол, амтлагч гэх мэтийг өөрөө авах
гэж өндийх, урдуур нь тонгойх нь буруу тул хүмүүсээс дөхүүлж өгөхийг /pass/ гуйдаг.
-
Зарим ресторанд олон төрлийн сэрээ халбага өрж тавьсан
байдаг. Алийг нь юунд хэрэглэдгийг нь бидний ихэнх нь мэддэггүй. Хамгийн захынхаас
нь эхэлж хэрэглэнэ гэж ойлгоход л хангалттай. Мөн бусад хүмүүсийг ажиглаад
авахад илүүлдэхгүй байх.
-
Хоолны газар шөлийг халбагадаж иднэ. Халбагадахдаа өөр үрүүгээ
биш, өөрөөсөө эсрэг тал уруу нь чиглэж халбагадана. Харин ази хоолны газар бол
өөр хэрэг. Сорох, уух зэрэг чөлөөтэй. Ер нь тэгж идэх нь ч амттай.:-)
-
Ширээн дээр тавьсан талх, стаканы аль нь минийхийг
мэдэхэд хэцүү санагддаг. Тэгвэл этикет, протоколын зөвлөгч Лика Мирзагийн
зөвлөгөө нь үүнийг тогтооход амар болгодог. Түүний зөвлөснөөр баруун гарын
эрхий хуруу долоовор хуруугаа нийлүүлбэл d
үсэг үүснэ. Ингэхээр баруун талд чинь байгаа drink буюу стакан нь чинийх. Үүнтэй адилаар зүүн талын гарын 2
хуруугаа нийлүүлбэл b
үсэг үүснэ. Тэгэхээр зүүн гар талд чинь байгаа нь bread чинийх гээд
цээжилчихэд болох юм билээ. Мөн зүүн талд байгаа напкинс чинийх.
-
Сэрээ, хутгаа тавган дээрээ тавибал хоолоо идэж дууссан
тул авч явж болно гэсэн тэмдгийг зөөгчид өгсөн гэсэн үг. Усан шөлийн хувьд
халбагаа аяга дотроо тавина. Харин creamy
буюу өтгөн шөлийг идэж дууссан үедээ аяганы доор цуг ирсэн таваг дээр
тавина.
-
Ширээнд суух үед байдаг том тавгийг эхний курс хоолны
дараа авч явдаг.
Бусад:
-
Олон нийтийн цугласан газар хэн нэг үрүү хуруугаараа зааж
болохгүй
-
Хүнээс бэлэг аваад ямагт бэлгийг нь аваад яаж баярласан,
ямар сэтгэгдэл төрсөн зэргээ дурдсан “Thank
you” notes буюу
карт явуулах хэрэгтэй. Гараар бичсэн картанд хүмүүс дуртай. Ер нь гэртээ Thank you картыг
нэлээд аваад тавьчихвал зүгээр байдаг.
-
Айлд уригдаж очихдоо заавал бэлэгтэй очих албагүй ч
хоосон очих нь онц биш гэж үздэг. Вино, цэцэг, чихэр гэх мэт нь түгээмэл бэлэгт
ордог.
-
Хэрэв таныг ерөөл хэлүүлэхээр болбол уудаггүй байсан ч хундагаа
өргөж барих ёстой гэнэ. Ерөөл 3 минутаас хэтрэх ёсгүй аж.
-
Сувдыг өдөр, орой ямар ч цагаар зүйж болдог бол алмааз,
номин, оюу, бадмаараг /ruby/
зэрэг үнэт чулуутай зүйлт чимэглэлийг /хуримын бөгж бол өөр хэрэг/ өдрийн
цагаар зүйдэггүй гэдэг тул монголчууд бид зүйлт чимэглэлээр гангарах дуртай ч америк
хүмүүстэй уулзах ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн дээр зүүсний хэрэггүй болов
уу.
-
Байгаа орчиндоо тохируулж хувцаслах нь их чухал билээ.
Биеийн хэсгээ хэт ил гаргасан хувцас ямар ч ажлын байранд тохиромжгүй. Биеийн
тамир, бэлтгэлийн хувцсыг хамаагүй энэ тэнд битгийн өмсөж байгаарай. Онгоцонд
хүртэл. Ялангуяа орос “ах нар” энэ тэнд өмсөж явдаг. Жимээс гараад явж байгаа
үед бол хүмүүс ойлгоно. Хүмүүс ерөнхийдөө дургүй юм билээ.
-
Хоолны газар, үзвэрийн газруудад утсаа аль болох бага
дээр нь эсвэл дуугүй дээр нь тавих ёстой.
-
Өөрсдөө л эхэлж ярихаас нааш хичнээн том гэдэстэй
харагдсан ч хэдэн сартай гэж асуух /намайг хүүхдээ төрүүлээд 1 жил болж байсан
ч хүмүүс хэдэн сартай вэ гэж мөн ч их асуусан даа J/, ахлах ангийн
сурагчдаас коллежийн талаар /хүүхэд бүр коллежид сурах төлөвлөгөөгүй/, хичнээн
өвчтэй юм шиг ядруу харагдаж байсан ч өрөвдөж харьцахгүй байх /энэд хүнд
өрөвдүүлэх, доогуур харагдах дургүй/, эмэгтэй хүмүүсээс хэдэн хүүхэдтэй гэж /энэд
хүүхэдгүй хүмүүс их, зарим нь хүүхэд хүсээд ч болж чадахгүй байдаг байж болно/ асуухгүй
байвал зүгээр.
No comments:
Post a Comment