Yosemite парк www.nps.gov/yose
Урьд нь Замдаан сайтад амласан
ёсоороо өөрийн оршин суудаг Калифорн мужийн үзэсгэлэнт газруудын талаар цувралаа
Калифорний төдийгүй Америкийн бахархал болсон Дархан цаазат парк болох Yosemite /Ёосиймити
гэж уншигдана/ үндэсний паркаар эхэлж байна. Хоорондоо хэдхэн цагийн зайтай дэлхийн
хамгийн өндөр, аварга том моднууд бүхий ой мод, өгсүүлээд элсэн цөл, галт уул, далай
эрэг, цэнгэг устай нуур, гоёмсог сайхан уул нурууд, алдарт виноны хөндийнүүд,
дэлхийн жуулчдын урсгалыг сая саяар татах алдарт хотууд гээд л Калифорний үзэж
харах, аялах газруудыг бүгдийг багтаах боломжгүй ч гол гол газруудын тухай өөрийн
үзэж сонирхсон, аяллаас үүдсэн санаа бодлоос гадна бусад албан ёсны гарын
авлагуудыг ашиглаж аль болохоор дэлгэрэнгүй хүргэхийг хичээх болно. Өөр мужаас
аялахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд аялалаа төлөвлөхийн өмнө www.visitcalifornia.com сайтаас
албан ёсны гарын авлага сэтгүүлийг харах, хэвлэж авах, эсвэл үнэгүйгээр захиалж
шуудангаар аваарай /нэлээд хэд хоногийн өмнөөс/, мөн асууж лавлах, хоноглох,
байрших газраар туслуулах хүсэлтээ Алтан мужийн найрсаг монголчууддаа хандаж
тавибал тэд /бид/ дуртайяа та бүхэнд туслана гэдэгт миний бие итгэлтэй байна.
1890 онд дархан цаазтай болсон
уг парк гоёмсог хүрхрээнүүд,
дэлхийн хамгийн өндөр гранит чулуун хад El Captain, дэлхийд алдартай Half Dome хадан уул зэргээрээ
алдартай. Зураг, кино, хүмүүсийн хэлсэн ярьснаас илүүтэй очиж үзвэл Америкийн
байгаль хамгаалагч эцэг гэгддэг John
Muir “No temple made by hand can compare with Yosemite” буюу Хүний
гараар бүтсэн ямар ч гайхамшиг байлаа гэсэн Yosemite-тай харьцуулашгүй гэж яагаад
хэлснийг ойлгох болно.
Паркт хүмүүс хамгийн их аялдаг үе нь зун. Машины түгжрэлийг багасгах
зорилгоор парк дотроо болон Amtrak
галт тэрэгний буудлаас үнэгүй шаттле автобусны маштрутууд байгаа. Энэ талаар
дэлгэрэнгүйг паркийн вэб сайт, утас болон парк доторх мэдээллийн төвөөс нь
лавлаж тодруулах нь зөв.
Байгалийн үзэсгэлэнт газрын нэг
ёсоор зарим цэг үрүү алхаж, цаг зарж үзэх хэрэгтэй болно. Тайван сайхан амрах
гэж байгаа хүмүүс ороход өгдөг паркийн газрын зураг болон Yosemite Guide сониноос
өөрсдийн цаг зав, биеийн чадавхдаа тааруулж явгаар аялах машрутаа сонгоорой. Хүмүүсийн
хамгийн их очдог хэсэгт өглөөний нартай уралдаж аялбал олон хүнтэй зэрэгцэхгүй
сайн талтай. 1000 орчим кампин цэг урьдчилж 5 сарын өмнөөс захиалгаар /хэдхэн
хоногт л дуусдаг/, нэмэлт 500 кампин цэг түрүүлж ирсэн хүмүүс /first come first served based/ авах
боломжтой. Бидний хувьд walk-in
кампины нээгдэх өдөр нь өглөө эрт очиж авах нь найдвартай санагддаг. Ямар
ямар кампинууд хэзээ /цаг агаарын байдлаас хамаарч жил бүр өөр өөр/ нээгдэхийг
нь паркийн сайтаас олж хараарай. Мөн хэд хэдэн буудал, кабинууд байгаа. Саяхан Curry village майхан-кабинуудаас
мэрэгч амьтнаас эх үүсвэртэй hantavirus
илэрч энэ жил майхан-кабинуудад амарсан хүмүүсээс /ойролцоогоор 10 мянга гаруй/
одоогоор 3 хүн нас барсныг та бүхэн сонссон байх. Гэхдээ энэ мэдээг та бүхнийг
энэхүү гайхамшиг паркт ирэхгүй байх шалтгаан болохгүй байх гэж найдаж байна. Мөн
хамгийн их гардаг осол бол гэмтэл бэртлээс, ялангуяа хаданд авирагчид цаг
агаарын хүнд нөхцөлд авирч байгаад амь насаа алдах нь бий. Мөн хүүхдүүд хүн
явахыг хорьсон цэгийг давж гарч усанд болон хад чулуунд хөлөө алдаж гэмтсэн,
амь насаа алдсан тохиолдол гардгийг бүү мартаарай.
Хэдийгээр бор харагдах боловч Black /хар/ гэж
нэрлэгддэг баавгай ихтэй тул ялангуяа шөнө орой хоол хүнс, хог хаягдлаа үргэлж
зориулалтын төмөр саванд нь хийх ёстой. Баавгай гэснээс 7 жилийн өмнө манай
хотын томчууд хүүхдүүд нийлсэн 10 орчим
монголчууд бид Glacier
Point-оос Nevada, Vernal Fall хүрхрээнүүд үрүү 7 бээр явган алхаж хүрээд үдийн цайгаа идэж уугаад сууж
байтал гэнэт баавгай гараад ирсэн билээ. Монголчууд л хойно өдөр идэхээр өглөө
эрт мах шарж аваад гарсан нь үнэр нь түүний хорхойг хүргэсэн бололтой. Баавгай
хэдхэн алхмын цаана хараад байгаад байдаг, чанга чанга дуугарцгаагаад ч хөдөлдөггүй. Паркийн зааварчилгаанд бичсэний
дагуу чимээ гаргах санаатай хоолны сав хангинуулах гэтэл дандаа пластик савнууд
тул дуу гардаггүй, цөмөөрөө нэг нэгээрээ аажуухан босч явсаар холдсон билээ. Холдсон
нэг маань бичлэг хийж амжсан билээ. Ямартай ч гадаа хоол ундаа гар хүрэх
хэмжээтэй зайнд байлгахыг зөвлөдөг.
За ингээд паркийн үзвэл зүгээр газруудыг жагсааж байна. Эдгээр
газрууд ороход өгдөг газрын зураг дээр нь сайн тэмдэглэгдсэн байгаа.
Merced Grove.
Паркийн баруун орох хаалга
болох Big Oak Flat-аас
Big Oak Flat Road /120-р
хурдны зам/ замаараа урагшаа 3.5 бээр
яваад Merced Grove аварга Sequoia модон ой
уруу /ойролцоогоор 20 гаруй Sequoia
байгаа/ алхах зам уруу очно. Mariposa
grove очиж аварга моднуудыг үзэж амжихгүй бол энэд зогсож
үзэхийн тулд ирж буцахын 4 бээр орчим алхаж ойролцоогоор 3 цаг зарцуулна гэж
тооцоолоорой.
Tuolumne Grove
Big Oak
Flat Road
болон зүүн тийшээ салах Tioga
Road 2-ын уулзварын дэргэдээс Tuolumne Grove-ийн аварга Sequoia моднуудыг
үзэх алхах зам эхэлнэ. Нийтдээ 2-хон бээр амархан алхаж /буцахдаа жаахан
өгсүүр/ үзэх боломжтой.
Yosemite хөндий
Yosemite хөндий нь гоёмсог сайхан хүрхрээнүүд, эгц хадан хавцал, өвөрмөц хадан
тогтцоороо дэлхийд алдартай. 2000-4000 бээрийн өндөртэй хад уулаар
хүрээлэгдсэн. 7 бээр урт, 1 бээр өргөнтэй хөндий нь паркийн хамгийн үзвэл зохих
хэсэг нь билээ. Жилд ирдэг хэдэн сая аялагчдын 90 гаруй хувь нь зөвхөн энэ
хөндийг үзээд буцдаг гэдгээс паркийн гол үзмэр гэдэг нь харагддаг.
Зуны үед машинаа
буудал, кампныхаа гадаа парклаад паркийн үзэх цэгүүдэд зогсох үнэгүй шаттле
автобусаар хөндийг үзэх эсвэл автобусны 2 цагийн төлбөртэй аяллаар хөндийг
сонирхож үзвэл паркан хүлээхээс таныг чөлөөлөх болно.
Үзэх харах цэгүүдийн хувьд өөр, өөр өвөрцөц сонин
хүрхрээнүүд гол үзмэр байх болно. Ribbon
Falls хүрхрээ нь хэдийгээр өндөр биш ч гэсэн нэг усны дусал
буухдаа хамгийн урт хойд америктаа нэгд
ордог, өндрөөрөө дэлхийд 5-д орох Yosemite
хүрхрээнд норох, Vernal
Falls үзэсгэлэнт солонгоороо алдартай. Хүрхрээнүүдийн хувьд
хамгийн их устай үе нь цас хайлсны
дараахь хавар, зун бөгөөд намар зарим хүрхрээний ус татарсан байдаг. Түүнчлэн:
Bridalveil
Fall. Уг хүрхрээний хадны тойронд эргэлдэх салхи хүрхрээний усыг
өргөж, тал талаас нь үлээж төгсгөл хэсгийг усан манан болж буулгадаг нь уугуул
америкчуудын Ahwahneechee
омгийнхны нэрлэж байснаар Spirit
of Puffing Wind буюу Үлээж буй салхины сүнс, одоогийнхоор Гэрлэж байгаа
бүсгүйн нүүрний тор нэрсийг авахад хүргэжээ. Үдээс хойш нар Half Dome болон Bridalveil хүрхрээ
дээр цэнхэртэж ягааруулан тусах нь үзэсгэлэнтэй.
2. Yosemite хүрхрээ.
Энэхүү хүрхрээ нь Дээд доод гэсэн 2 хэсэгтэй. Upper Yosemite Fall Lower Yosemite Fall нийлээд
дэлхийн 5 дахь том хүрхрээний нэг болдог. Lower
Yosemite Fall хүрхрээнд Шаттле автобусны 6 номерын зогсоолд буугаад
жаахан алхаад хүрнэ. Upper
Yosemite Fall хүрэхэд хаданд гаргасан маш өгсүүр шатаар /ирж буцахын
7,2 бээр/ алхаж хүрнэ. Уг явган аяллын зам 7 номерын зогсоолын хажуухнаас
эхэлнэ.
3. Valley-ын
аялагчдыг төв дээр Yosemite
паркийн тухай киног үзвэл паркийн талаар ерөнхий ойлголттой болоод авна.
4. Happy Isles.Автобусны
16-р зогсоолд бууж энэд хүрнэ. Байгалийн процесс явагдаж байгаагийн жишээ Merced голын ширүүн
урсгал, усанд эдэгдсэн орчин тойрныг хараад хүн гуниг уйтгараа мартах болно. Happy Isles-ийн Nature Center дээр хүүхдүүд зориулсан программууд явуулдаг. Эндээс Vernal /0.75 бээр/, Nevada /3.5 бээр/ хүрхрээнүүд
үрүү алхаж болно.
5. 85
жилийн өмнө 1.5 сая доллараар босч байсан тансаг Ahwanhee зочид буудлыг үнэгүй үзэж
сонирхох. уг буудлыг түүх, архитектур, дотоод засал чимэглэлийн талаар
мэдээллийг авч, үзэж сонирхох цаг орчмын
тур ихэвчлэн өдөр 2 цагт /шалгаарай/ эхэлдэг. Буудлын фронт ширээ дээр
бүртгүүлээрэй. 25 хүртэл хүмүүс нэг группт багтана.
6. Толин
нуур Mirror lake-ийн
эргээр алхах. 1 бээр хэцүү биш замаар алхаж энэхүү нуур цөөрөмд хүрэхэд Half Dome, Watkins уул, эргэн
тойрны байгалийн толь шиг тусгалыг нуурнаас харах болно. Зуны эцэст нуурын
ихэнх ус нь ширэгдэг.
7. Half Dome. 87 сая
жилийн настай чулуулгаас тогтох, 8840 бээрийн өндөртэй энэ хад уруу нэлээд олон
монголчууд авирсан байгаа. Нийтдээ ирж буцахын 17 бээр өгсүүр хүндхэн замд
10-12 цаг зарцуулахаар тооцох ёстой.
8. Valley View Turnout. Хөндийгөөс
гарах үед Northside
Dr замаар явж байгаад El
Captain Medow дөнгөж өнгөрөөд El
Captain, Bridalviel
уруу харсан эргэлт байгаа. Merced
голын дэргэдэх энэ цэгээс хөндийг авсан зураг хамгийн их хэвлэгдсэн гэж
үздэг.
9. Tunnel view. Wawona Road /41-р
зам/ дээрх Wawona туннелийн
зүүн эцэст байдаг энэ цэгээс Yosemite
хөндийг тэр чигээр нь Bridalviel,
El Captain, Half Dome, Sentinel
Rock, Cathedral Rock зэргийг нэг дор
бүгдийг нь хардаг цэг.
Glacier Point
Yosemite
хөндийг дээрээс нь харах гоё цэгүүдийн нэг. 3254 бээрийн өндрөөс хөндийг тэр
чигээр нь мөн Yosemite
хүрхрээ, Half
Dome зэрэг эргэн тойрны уул хадыг тэр чигээрээ нэг цэгээс
харах боломжийг өгдөг. Yosemite хөндийгөөс
32 бээрийн зайд оршдог бөгөөд ойролцоогоор нэг цаг давхиж хүрнэ. Ялангуяа нар мандах,
шингэх үеэр, эсвэл сартай шөнөөр /гэрэл чийдэнгээ мартав/ зогсож хараарай. Мөн
хөндийгөөс шаттле автобус явдаг гэсэн.
Sentinel Dome
Sentinel
Dome /Taft
Point паркин-аас хадны налуугаар өгсөж алхаад орой дээр нь
гарч Yosemite
хөндийг 360 градусаар буюу зүг зүг үрүү , түүний дотор Yosemite, Vernal, Nevada хүрхрээнүүдийг
харах бололцоог өгөх цэгт ирнэ. Нийтдээ ирж буцахын 2.2 бээр алхана,
ойролцоогоор 2 цаг зарцуулахаар тооцоорой.
Taft Point
Sentinel
Dome /Taft
Point паркин-аас /ирж буцахын 2-хон бээр/ алхаж Yosemite хөндийг эгц
хадан нарийн үзүүр дээр зогсож хардаг цэгт хүрнэ. Өөрөө зогсоод хэг нэгнээрээ
холоос зургаа татуулаарай. Миний дуртай цэгүүдийн нэг.
Mariposa Grove.
Yosemite
паркийн урд хаалгыг өнгөрөөд баруун гар талын хурдны замаар явбал аварга том Sequoia модон ойд
ирнэ. Хэрэв Yosemite хөндийгөөс
явбал 35 бээр зайнд буюу машинаар ойролцоогоо 1 цаг хагас давхиж хүрнэ. Эсвэл Wawona-аас үнэгүй
шаттле автобусаар яваарай. Амьд байгаа зүйлсийн хамгийн томд тооцогдох аварга Sequoia мод галд
тэсвэртэй /мод, холтос нь галыг тэсвэрлэх чадвартай/ учраас олон мянган жил амьдарч
чаддаг мод билээ. Mariposa-ийн
хамгийн өндөр настай нь 1800 жил насалж байгаа Grizzly Giant гэдэг мод юм. Wawona, Mariposa Grove мэдээллийн
төвөөс замд тааралдах сонирхолтой модны нэрсийг бүхий ойгоор алхах маршрут,
газрын зураг авч аялах /Grizzly
Giant хүртэл 1.6 бээр, Grove
музей хүтэл 2.1 бээр, Fallen
Tunnel Tree хүртэл 2.5 бээр, Wawone
point хүртэл 3 бээр/ эсвэл зуны цагаар ажилладаг Big Trees Tram Tour
буюу tram-аар
/задгай, жижиг машин тэрэг/ 7 бээр орчим замаар аяллуулдаг турыг сонгоорой.
Wawona хотхонд
түүх дурсгалын байшингууд болон Pioneer
Yosemite History Center төв дээрээс нь уг парк нийт амеркийн хэмжээгээр үндэсний
дархан паркуудын хөгжилд хэрхэн нэмэр оруулсан тухай үзэж сонирхож болно. Wawona дэлгүүрийн
үүднэс Mariposa
Grove болон паркийн өмнөд хаалга хүрэх үнэгүй шаттле автобус
хөдөлдөг.
Мөн нэлээд хэдэн цаг байгаа бол, мөн алхах сонирхолтой
бол Yosemite хөндий
үрүү буцах замдаа Chilnualna
Falls Rd замаар 2 бээр яваад машины паркан хэсэгт хүрээд хөндийгөөс
гаднах хүрхрээний томд орох Yosemite Chilnualna хүрхрээ үрүү
алхаарай..Нэлээд удаан алхаж /8.2 бээр – 5-6 цаг/ уг хүрхрээнд хүрэх боловч
алхах явцад хүрхрээний чимээ үргэлж таньд сонсогдох нь их тааламжтой байдаг.
Tioga Road дагуу болон Tuolumne
Meadows
Дээр дурдсан Tioga
Road паркийн хамгийн зэлүүд хэсгээр /хэд хэдэн кампин сайт бий/ зүүн
хаалга болох Tioga
Pass хүртэл үргэлжилдэг. Уг зам, хаалга нь өвөл хаалттай байдаг ч цасны байдлаас хамаарч
хавар 5-р сарын сүүлч, 6 сарын эхээр онгойдог. Хэрэв та паркийн зүүн талаас Sierra нурууны зүүн
хэсгийг давж өнгөрдөг хэсэг болох уулархаг замаар паркт орж ирвэл Tuolumne Meadows хэсэг болон хэд хэдэн үзэх, харах цэгүүд бий. Үүнд
-
Tuolumne
Meadows /хэд хэдэн нуур, түүний дотор Cathedral Lake, Elizabeth lake,
Dog lake болон Lembert
Dome, Tuolumne голын эрэг
дагуу, Lyell Canyon хүртэл
алхах бололцоотой. Өдрийн явган аяллын мэдээллийн хуудсыг/ Tuolumne Meadows
аялагчдын төвөөс орж аваарай.
-
Tenaya
Lake /нуурын элсэн эрэг дээр хэвтэж, усанд сэлж болно. Гэхдээ
сэрүүхэн/,
-
Olmsted
Point /Tenaya
Canyon эгц хадан ханан дагуулан үзэсгэлэнт Yosemite хөндий үрүү
харах бололцоог өгнө/,
-
White
Wolf кампин /хэд
хэдэн нуур уруу алхах зам, түүний дотор Lukens
Lake – жаахан өгсүүрч 1 бээр хүрэхгүй зам, Harden lake- 6 бээр/.
Hetch Hetchy Reservoir
O’Shaaughnessy
Dam буюу хаана, хадгална гээд хамгийн их маргаан үүсгээд байдаг
Сан Франциско хотод ундны ус, усан цахилгаан станцын энерги нийлүүлдэг усан
сангийн дэргэдэх үзэсгэлэнт газар. Паркийн энэ хэсгийг манай гэр бүл очиж үзэж
амжаагүй л байна. Үзэсгэлэнт хадан хавцал, өндөр хүрхрээнүүдийн усан сангийн
дээд талаас бүхэлд нь харах боломжтой. Hetch
Hetchy нь Yosemite
хөндийн хүрдэг 120-р замаас 40 бээр зайнд оршдог.
Нэмэлт: Өнгөрсөн долоо хоногт энэ хэсэг үрүү очсон.