Ээжүүдийн өдөр ирэхийн хамт
өөрөө хэдийн 3 залуугийн ээж болсон ч өөрийн эрэхгүй ээжийгээ санаад ажлын
завсраараа түүнд зориулж юм бичиж сууна даа. Ямартаа ч захьсан юмыг нь бэлдээд
маргааш илгээмж явуулчихъя, задалж үзэхдээ нэг баярлаг гэж бодоод сууж байна. 2
жилийн өмнө ээж энэд байсны ачаар энэ баярыг цуг тэмдэглэх боломж олдож
Гүзээлзгэний фестивал уруу дагуулж явж юм үзүүлэхийн хамт дуртай амттангуудыг
нь авч өгч баярлуулсан билээ. Чихэрлэг юманд дуртай тэрээр анх эндхийн бялуу
идээд Америкчууд чихэр саахарыг нь сайхан тааруулах юмаа гэж хэлээд биднийг инээлгэснээс
хойш наялуундуу амттай зүйл идэх тоолонд нь чихэр саахар нь сайхан таарсан байна
уу гэж ээжийгээ бид хэд явуулна. Айлын ганц охин ээж маань бага байхдаа ах эгч
дүүтэй айлын хүүхдүүдийг хараад атаархах сэтгэл төрдөг байснаа бидэнд ярьдаг ба
хүслийг нь бурхан харж үзсэн юм болов уу шаагиж шуугисан 10 хүүхдийг төрүүлж өсгөх
тавилан түүнд заяажээ. Бага байхдаа эгч нарын хуучин хувцаснууд өмсөж залхсан
миний бие манайх яасан ч олуулаа юм дээ гэж дургүйцэн боддог байсан бол том
болсон хойноо л ах дүүсийн олон нь сайхан юм даа гэдэгт итгэх болсон билээ. Аав
маань нам, засгийн ажил гээд тэгтлээ гэр орны ажилд оролцоод байдаггүй, ийш
тийшээ гадаад дотоод явна, ээж маань ажлынхаа хажуугаар ганцаараа шахуу л тэр
олон хүүхдийг өмсгөж хүмүүжүүлсэн ч одоог хүртэл түүнийг орилж хашгирч байсныг би
ерөөсөө санадаггүй юм. Харин ч бидэнд дандаа л эвээр, эсвэл аргадаж хэлж ярьдаг
байсан, түүнд нь ч би мэтийн нөхдүүд даварч эрхэлж өссөн дөө. Бага байхдаа ээжийг
ажил тарахын алдад цонхоор хараад зогсоцгооно доо. Трансформатрын цаанаас
ачаатай тэмээ шиг 2 гартаа тор дүүрэн юм барьсан хүн л яаран алхаад гараад ирнэ. Бараа
нь харагдмагц л багууд голдуу нь гүйлдэж тосож авцгаана. Хүүхдүүд горьдоно
гэдгийг нь мэдээд ээж маань заавал гоё идэх юм авч цүнхэндээ хийсэн байдаг сан.
Бүр мөнгөгүй бол ядаж л 60 мөнгөний пичень хийсэн байна. Ээжийн цүнхний гоё
үнэртэйг яана. Хэдийгээр гадагшаа гарах нь ховорч орой ээжийг гэртээ байхгүй
үед гэр нэг л эзгүй эвгүй байддагсан.
Малчны охин тэрээр бага
насандаа хотод ирж Барилгын техниккомыг төгсөөд барилгат олон жил нягтлан,
мастер хийсэн дээ. Нэг удаа эцэг эхийн хуралд суугаагүй тул багштай маань маргааш
нь уулзахаар өвлийн хүйтэнд гадаа ажилладаг ажлынхаа хувцас, эсгий гуталтай сургууль
дээрээ ирэхэд нь харин ч ирсэн нь их юм гэж бодолгүй хувцаснаас нь ичиж үхэх
шахсанаа бодохоор тэнэг байж даа гэж боддог юм. Ээж маань цангинасан цээлхэн
хоолойтой. Тенхиккомд байхдаа сургуулийнхаа концертонд гоцолж дуулдаг байсан
гэнэ лээ. Ямартаа ч өдийг хүртэл аавд найрны дуугараа таармагц “Арван тавны сар...” гээд ганцыгаа эхэлмэгц нь
цангинуулаад түрээд аавыг минь авардаг хэвээрэй. Харин 10 хүүхдээс нь хэн нь ч хоолойг
нь дууриасангүй. Үр ач нараас нь өвлөх байх гэж найддаг. Гэхдээ өөрийн гурваа битүүхэндээ
горьдож харсан чинь ээж шигээ таг солгой нь тодорхой болсон байгаа.
Би ээжийнхээ царайнаас нь гадна
юуг өвлөж, сурч авав гээд бодвол нэлээдгүй сайн зүйлс сурчээ. Ээжээсээ байгаа материал,
боломжоо ашиглаад юуг л юуг хийж, бүтээхийг, юм юм оролдож туршихдаа айхгүй
байхыг, хоол ундыг хурдан шуурхай бөгөөд сэтгэлээсээ сайхан хийхийг сурч авсан нь
өнөөдөр ч миний амьдралд ач тусаа өгсөөр л байна. Ээж маань бидний амьдралдаа хийсэн
сонголтуудыг хэзээ ч шүүмжилж байсангүй. Эцэг эх маань хүнд ая тал засах, аргалах
зан гаргана гэж байхгүй, тиймээс бид өнөөг хүртэл тэгж сураагүй л явна. Хүн
амьтныг алгачилгүй, өрөвдөн нигүүсгэх сэтгэлээр харж хандахыг харин би ээжээсээ
сурсан, Ээжээсээ өвөлж авсан эдгээр зангаас маань хүүхдүүд маань өвлөөд аваасай
гэж найддаг юм. За ингээд хорвоогийн бүх сайхан эхчүүддээ ээжүүдийн баярын
мэндийг дэвшүүлж урт удаан насалж үр хүүхдээ баясгаж яваарай гэж ерөөе!!! Хайртай
шүү.
No comments:
Post a Comment