Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, May 31, 2013

Аялал Yosemite

Өнгөрсөн 1 дэх өдөр баярын өдөр таарснаар арай олон өдөр амралтын өдөр болсныг "далимдуулаад" Yosemite парк уруу яваад ирлээ. Аяллын зурагнуудаа оруулав. Мөн өмнө нь Замдаан вэб сайтад тавьсан дээрх паркийн талаарх мэдээллээ оруулж байна. 

 Yosemite парк www.nps.gov/yose
 Урьд нь Замдаан сайтад амласан ёсоороо өөрийн оршин суудаг Калифорн мужийн үзэсгэлэнт газруудын талаар цувралаа Калифорний төдийгүй Америкийн бахархал болсон Дархан цаазат парк болох Yosemite /Ёосиймити гэж уншигдана/ үндэсний паркаар эхэлж байна. Хоорондоо хэдхэн цагийн зайтай дэлхийн хамгийн өндөр, аварга том моднууд бүхий ой мод, өгсүүлээд элсэн цөл, галт уул, далай эрэг, цэнгэг устай нуур, гоёмсог сайхан уул нурууд, алдарт виноны хөндийнүүд, дэлхийн жуулчдын урсгалыг сая саяар татах алдарт хотууд гээд л Калифорний үзэж харах, аялах газруудыг бүгдийг багтаах боломжгүй ч гол гол газруудын тухай өөрийн үзэж сонирхсон, аяллаас үүдсэн санаа бодлоос гадна бусад албан ёсны гарын авлагуудыг ашиглаж аль болохоор дэлгэрэнгүй хүргэхийг хичээх болно. Өөр мужаас аялахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд аялалаа төлөвлөхийн өмнө www.visitcalifornia.com сайтаас албан ёсны гарын авлага сэтгүүлийг харах, хэвлэж авах, эсвэл үнэгүйгээр захиалж шуудангаар аваарай /нэлээд хэд хоногийн өмнөөс/, мөн асууж лавлах, хоноглох, байрших газраар туслуулах хүсэлтээ Алтан мужийн найрсаг монголчууддаа хандаж тавибал тэд /бид/ дуртайяа та бүхэнд туслана гэдэгт миний бие итгэлтэй байна.

1890 онд дархан цаазтай болсон уг парк гоёмсог хүрхрээнүүд, дэлхийн хамгийн өндөр гранит чулуун хад El Captain, дэлхийд алдартай Half Dome хадан уул зэргээрээ алдартай. Зураг, кино, хүмүүсийн хэлсэн ярьснаас илүүтэй очиж үзвэл Америкийн байгаль хамгаалагч эцэг гэгддэг John Muir “No temple made by hand can compare with Yosemite” буюу Хүний гараар бүтсэн ямар ч гайхамшиг байлаа гэсэн Yosemite-тай харьцуулашгүй гэж яагаад хэлснийг ойлгох болно.
Паркт хүмүүс хамгийн их аялдаг  үе нь зун. Машины түгжрэлийг багасгах зорилгоор парк дотроо болон Amtrak галт тэрэгний буудлаас үнэгүй шаттле автобусны маштрутууд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүйг паркийн вэб сайт, утас болон парк доторх мэдээллийн төвөөс нь лавлаж тодруулах нь зөв.
Байгалийн үзэсгэлэнт газрын нэг ёсоор зарим цэг үрүү алхаж, цаг зарж үзэх хэрэгтэй болно. Тайван сайхан амрах гэж байгаа хүмүүс ороход өгдөг паркийн газрын зураг болон Yosemite Guide сониноос өөрсдийн цаг зав, биеийн чадавхдаа тааруулж явгаар аялах машрутаа сонгоорой. Хүмүүсийн хамгийн их очдог хэсэгт өглөөний нартай уралдаж аялбал олон хүнтэй зэрэгцэхгүй сайн талтай. 1000 орчим кампин цэг урьдчилж 5 сарын өмнөөс захиалгаар /хэдхэн хоногт л дуусдаг/, нэмэлт 500 кампин цэг түрүүлж ирсэн хүмүүс /first come first served based/ авах боломжтой. Бидний хувьд walk-in кампины нээгдэх өдөр нь өглөө эрт очиж авах нь найдвартай санагддаг. Ямар ямар кампинууд хэзээ /цаг агаарын байдлаас хамаарч жил бүр өөр өөр/ нээгдэхийг нь паркийн сайтаас олж хараарай. Мөн хэд хэдэн буудал, кабинууд байгаа. Саяхан Curry village майхан-кабинуудаас мэрэгч амьтнаас эх үүсвэртэй hantavirus илэрч энэ жил майхан-кабинуудад амарсан хүмүүсээс /ойролцоогоор 10 мянга гаруй/ одоогоор 3 хүн нас барсныг та бүхэн сонссон байх. Гэхдээ энэ мэдээг та бүхнийг энэхүү гайхамшиг паркт ирэхгүй байх шалтгаан болохгүй байх гэж найдаж байна. Мөн хамгийн их гардаг осол бол гэмтэл бэртлээс, ялангуяа хаданд авирагчид цаг агаарын хүнд нөхцөлд авирч байгаад амь насаа алдах нь бий. Мөн хүүхдүүд хүн явахыг хорьсон цэгийг давж гарч усанд болон хад чулуунд хөлөө алдаж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдол гардгийг бүү мартаарай.
Хэдийгээр бор харагдах боловч Black /хар/ гэж нэрлэгддэг баавгай ихтэй тул ялангуяа шөнө орой хоол хүнс, хог хаягдлаа үргэлж зориулалтын төмөр саванд нь хийх ёстой. Баавгай гэснээс 7 жилийн өмнө манай хотын томчууд  хүүхдүүд нийлсэн 10 орчим монголчууд бид Glacier Point-оос Nevada, Vernal Fall хүрхрээнүүд үрүү 7 бээр явган алхаж хүрээд үдийн цайгаа идэж уугаад сууж байтал гэнэт баавгай гараад ирсэн билээ. Монголчууд л хойно өдөр идэхээр өглөө эрт мах шарж аваад гарсан нь үнэр нь түүний хорхойг хүргэсэн бололтой. Баавгай хэдхэн алхмын цаана хараад байгаад байдаг, чанга чанга дуугарцгаагаад ч  хөдөлдөггүй. Паркийн зааварчилгаанд бичсэний дагуу чимээ гаргах санаатай хоолны сав хангинуулах гэтэл дандаа пластик савнууд тул дуу гардаггүй, цөмөөрөө нэг нэгээрээ аажуухан босч явсаар холдсон билээ. Холдсон нэг маань бичлэг хийж амжсан билээ. Ямартай ч гадаа хоол ундаа гар хүрэх хэмжээтэй зайнд байлгахыг зөвлөдөг.
За ингээд паркийн үзвэл зүгээр газруудыг жагсааж байна. Эдгээр газрууд ороход өгдөг газрын зураг дээр нь сайн тэмдэглэгдсэн байгаа.
Merced Grove.
Паркийн баруун орох хаалга болох Big Oak Flat-аас Big Oak Flat Road /120-р хурдны зам/ замаараа урагшаа 3.5 бээр  яваад   Merced Grove аварга Sequoia модон ой уруу /ойролцоогоор 20 гаруй Sequoia байгаа/ алхах зам уруу очно. Mariposa grove очиж аварга моднуудыг үзэж амжихгүй бол энэд зогсож үзэхийн тулд ирж буцахын 4 бээр орчим алхаж ойролцоогоор 3 цаг зарцуулна гэж тооцоолоорой.
Tuolumne Grove
Big Oak Flat Road болон зүүн тийшээ салах Tioga Road 2-ын уулзварын дэргэдээс  Tuolumne Grove-ийн аварга Sequoia моднуудыг үзэх алхах зам эхэлнэ. Нийтдээ 2-хон бээр амархан алхаж /буцахдаа жаахан өгсүүр/ үзэх боломжтой.  
Yosemite хөндий
Yosemite хөндий нь гоёмсог сайхан хүрхрээнүүд, эгц хадан хавцал, өвөрмөц хадан тогтцоороо дэлхийд алдартай. 2000-4000 бээрийн өндөртэй хад уулаар хүрээлэгдсэн. 7 бээр урт, 1 бээр өргөнтэй хөндий нь паркийн хамгийн үзвэл зохих хэсэг нь билээ. Жилд ирдэг  хэдэн сая аялагчдын  90 гаруй хувь нь зөвхөн энэ хөндийг үзээд буцдаг гэдгээс паркийн гол үзмэр гэдэг нь харагддаг.
Зуны үед  машинаа буудал, кампныхаа гадаа парклаад паркийн үзэх цэгүүдэд зогсох үнэгүй шаттле автобусаар хөндийг үзэх эсвэл автобусны 2 цагийн төлбөртэй аяллаар хөндийг сонирхож үзвэл паркан хүлээхээс таныг чөлөөлөх болно.
Үзэх харах цэгүүдийн хувьд өөр, өөр өвөрцөц сонин хүрхрээнүүд гол үзмэр байх болно. Ribbon Falls хүрхрээ нь хэдийгээр өндөр биш ч гэсэн нэг усны дусал буухдаа хамгийн урт  хойд америктаа нэгд ордог, өндрөөрөө дэлхийд 5-д орох Yosemite хүрхрээнд норох, Vernal Falls үзэсгэлэнт солонгоороо алдартай. Хүрхрээнүүдийн хувьд хамгийн  их устай үе нь цас хайлсны дараахь хавар, зун бөгөөд намар зарим хүрхрээний ус татарсан байдаг. Түүнчлэн:
     Bridalveil Fall. Уг хүрхрээний хадны тойронд эргэлдэх салхи хүрхрээний усыг өргөж, тал талаас нь үлээж төгсгөл хэсгийг усан манан болж буулгадаг нь уугуул америкчуудын Ahwahneechee омгийнхны нэрлэж байснаар Spirit of Puffing Wind буюу Үлээж буй салхины сүнс, одоогийнхоор Гэрлэж байгаа бүсгүйн нүүрний тор нэрсийг авахад хүргэжээ. Үдээс хойш нар Half Dome болон Bridalveil хүрхрээ дээр цэнхэртэж ягааруулан тусах нь үзэсгэлэнтэй.
2.       Yosemite хүрхрээ. Энэхүү хүрхрээ нь Дээд доод гэсэн 2 хэсэгтэй. Upper Yosemite Fall Lower Yosemite Fall нийлээд дэлхийн 5 дахь том хүрхрээний нэг болдог. Lower Yosemite Fall хүрхрээнд Шаттле автобусны 6 номерын зогсоолд буугаад жаахан алхаад хүрнэ. Upper Yosemite Fall хүрэхэд хаданд гаргасан маш өгсүүр шатаар /ирж буцахын 7,2 бээр/ алхаж хүрнэ. Уг явган аяллын зам 7 номерын зогсоолын хажуухнаас эхэлнэ.
3.       Valley-ын аялагчдыг төв дээр Yosemite паркийн тухай киног үзвэл паркийн талаар ерөнхий ойлголттой болоод авна.
4.       Happy Isles.Автобусны 16-р зогсоолд бууж энэд хүрнэ. Байгалийн процесс явагдаж байгаагийн жишээ Merced голын ширүүн урсгал, усанд эдэгдсэн орчин тойрныг хараад хүн гуниг уйтгараа мартах болно. Happy Isles-ийн Nature Center дээр хүүхдүүд зориулсан программууд явуулдаг. Эндээс Vernal /0.75 бээр/, Nevada /3.5 бээр/ хүрхрээнүүд үрүү алхаж болно.
5.       85 жилийн өмнө 1.5 сая доллараар босч байсан тансаг Ahwanhee зочид буудлыг үнэгүй үзэж сонирхох. уг буудлыг түүх, архитектур, дотоод засал чимэглэлийн талаар мэдээллийг авч, үзэж сонирхох  цаг орчмын тур ихэвчлэн өдөр 2 цагт /шалгаарай/ эхэлдэг. Буудлын фронт ширээ дээр бүртгүүлээрэй. 25 хүртэл хүмүүс нэг группт багтана.
6.       Толин нуур Mirror lake-ийн эргээр алхах. 1 бээр хэцүү биш замаар алхаж энэхүү нуур цөөрөмд хүрэхэд Half Dome, Watkins уул, эргэн тойрны байгалийн толь шиг тусгалыг нуурнаас харах болно. Зуны эцэст нуурын ихэнх ус нь ширэгдэг.
7.       Half Dome. 87 сая жилийн настай чулуулгаас тогтох, 8840 бээрийн өндөртэй энэ хад уруу нэлээд олон монголчууд авирсан байгаа. Нийтдээ ирж буцахын 17 бээр өгсүүр хүндхэн замд 10-12 цаг зарцуулахаар тооцох ёстой.
8.       Valley View Turnout. Хөндийгөөс гарах үед Northside Dr замаар явж байгаад El Captain Medow дөнгөж өнгөрөөд El Captain, Bridalviel уруу харсан эргэлт байгаа. Merced голын дэргэдэх энэ цэгээс хөндийг авсан зураг хамгийн их хэвлэгдсэн гэж үздэг.
9.       Tunnel view. Wawona Road /41-р зам/ дээрх  Wawona туннелийн зүүн эцэст байдаг энэ цэгээс Yosemite хөндийг тэр чигээр нь Bridalviel, El Captain, Half Dome, Sentinel Rock, Cathedral Rock  зэргийг нэг дор бүгдийг нь хардаг цэг.
Glacier Point
Yosemite хөндийг дээрээс нь харах гоё цэгүүдийн нэг. 3254 бээрийн өндрөөс хөндийг тэр чигээр нь мөн Yosemite хүрхрээ, Half Dome зэрэг эргэн тойрны уул хадыг тэр чигээрээ нэг цэгээс харах боломжийг өгдөг.  Yosemite хөндийгөөс 32 бээрийн зайд оршдог бөгөөд ойролцоогоор нэг цаг давхиж хүрнэ. Ялангуяа нар мандах, шингэх үеэр, эсвэл сартай шөнөөр /гэрэл чийдэнгээ мартав/ зогсож хараарай. Мөн хөндийгөөс шаттле автобус явдаг гэсэн.
Sentinel Dome
Sentinel Dome /Taft Point паркин-аас хадны налуугаар өгсөж алхаад орой дээр нь гарч Yosemite хөндийг 360 градусаар буюу зүг зүг үрүү , түүний дотор Yosemite, Vernal, Nevada хүрхрээнүүдийг харах бололцоог өгөх цэгт ирнэ. Нийтдээ ирж буцахын 2.2 бээр алхана, ойролцоогоор 2 цаг зарцуулахаар тооцоорой.
Taft Point
Sentinel Dome /Taft Point паркин-аас /ирж буцахын 2-хон бээр/ алхаж Yosemite хөндийг эгц хадан нарийн үзүүр дээр зогсож хардаг цэгт хүрнэ. Өөрөө зогсоод хэг нэгнээрээ холоос зургаа татуулаарай. Миний дуртай цэгүүдийн нэг. 
Mariposa Grove.
Yosemite паркийн урд хаалгыг өнгөрөөд баруун гар талын хурдны замаар явбал аварга том Sequoia модон ойд ирнэ. Хэрэв Yosemite хөндийгөөс явбал 35 бээр зайнд буюу машинаар ойролцоогоо 1 цаг хагас давхиж хүрнэ. Эсвэл Wawona-аас үнэгүй шаттле автобусаар яваарай. Амьд байгаа зүйлсийн хамгийн томд тооцогдох аварга Sequoia мод галд тэсвэртэй /мод, холтос нь галыг тэсвэрлэх чадвартай/ учраас олон мянган жил амьдарч чаддаг мод билээ. Mariposa-ийн хамгийн өндөр настай нь 1800 жил насалж байгаа Grizzly Giant гэдэг мод юм. Wawona, Mariposa Grove мэдээллийн төвөөс замд тааралдах сонирхолтой модны нэрсийг бүхий ойгоор алхах маршрут, газрын зураг авч аялах /Grizzly Giant хүртэл 1.6 бээр, Grove музей хүтэл 2.1 бээр, Fallen Tunnel Tree хүртэл 2.5 бээр, Wawone point хүртэл 3 бээр/ эсвэл зуны цагаар ажилладаг Big Trees Tram Tour буюу tram-аар /задгай, жижиг машин тэрэг/ 7 бээр орчим замаар аяллуулдаг турыг сонгоорой.
Wawona хотхонд түүх дурсгалын байшингууд болон Pioneer Yosemite History Center төв дээрээс нь уг парк нийт амеркийн хэмжээгээр үндэсний дархан паркуудын хөгжилд хэрхэн нэмэр оруулсан тухай үзэж сонирхож болно. Wawona дэлгүүрийн үүднэс Mariposa Grove болон паркийн өмнөд хаалга хүрэх үнэгүй шаттле автобус хөдөлдөг.
Мөн нэлээд хэдэн цаг байгаа бол, мөн алхах сонирхолтой бол Yosemite хөндий үрүү буцах замдаа Chilnualna Falls Rd замаар 2 бээр яваад машины паркан хэсэгт хүрээд хөндийгөөс гаднах хүрхрээний томд орох Yosemite Chilnualna хүрхрээ үрүү алхаарай..Нэлээд удаан алхаж /8.2 бээр – 5-6 цаг/ уг хүрхрээнд хүрэх боловч алхах явцад хүрхрээний чимээ үргэлж таньд сонсогдох нь их тааламжтой байдаг.
Tioga Road дагуу болон Tuolumne Meadows
Дээр дурдсан Tioga Road паркийн хамгийн зэлүүд хэсгээр /хэд хэдэн кампин сайт бий/ зүүн хаалга болох Tioga Pass хүртэл үргэлжилдэг. Уг зам,  хаалга нь өвөл хаалттай байдаг ч цасны байдлаас хамаарч хавар 5-р сарын сүүлч, 6 сарын эхээр онгойдог. Хэрэв та паркийн зүүн талаас Sierra нурууны зүүн хэсгийг давж өнгөрдөг хэсэг болох уулархаг замаар паркт орж ирвэл Tuolumne Meadows хэсэг болон хэд хэдэн үзэх, харах цэгүүд бий. Үүнд
-          Tuolumne Meadows /хэд хэдэн нуур, түүний дотор Cathedral Lake, Elizabeth lake, Dog lake болон Lembert Dome,  Tuolumne голын эрэг дагуу, Lyell Canyon хүртэл алхах бололцоотой. Өдрийн явган аяллын мэдээллийн хуудсыг/ Tuolumne Meadows аялагчдын төвөөс орж аваарай.
-          Tenaya Lake /нуурын элсэн эрэг дээр хэвтэж, усанд сэлж болно. Гэхдээ сэрүүхэн/,
-          Olmsted Point /Tenaya Canyon эгц хадан ханан дагуулан үзэсгэлэнт Yosemite хөндий үрүү харах бололцоог өгнө/,
-          White Wolf кампин /хэд хэдэн нуур уруу алхах зам, түүний дотор Lukens Lake – жаахан өгсүүрч 1 бээр хүрэхгүй зам, Harden lake- 6 бээр/.
Hetch Hetchy Reservoir
O’Shaaughnessy Dam буюу хаана, хадгална гээд хамгийн их маргаан үүсгээд байдаг Сан Франциско хотод ундны ус, усан цахилгаан станцын энерги нийлүүлдэг усан сангийн дэргэдэх үзэсгэлэнт газар. Паркийн энэ хэсгийг манай гэр бүл очиж үзэж амжаагүй л байна. Үзэсгэлэнт хадан хавцал, өндөр хүрхрээнүүдийн усан сангийн дээд талаас бүхэлд нь харах боломжтой. Hetch Hetchy нь Yosemite хөндийн хүрдэг 120-р замаас 40 бээр зайнд оршдог.

Нэмэлт: Өнгөрсөн долоо хоногт энэ хэсэг үрүү очсон.





























Wednesday, May 22, 2013

Асуудлаа шийдвэрлүүлэхээр компаниудад хэрхэн хандах вэ?



Худалдаж авсан бараа, үйлчилгээ чинь чанаргүй, сэтгэлд нийцэхгүй байх, эсвэл удалгүй эвдэрч гэмтэх зэрэг тохиолдолд ихэнх монголчууд маань дэмий юм авсан байна лээ гээд л тоохгүй орхидог. Гэвч тухайн компаниуд нь гомдлоо зөв гаргаж тавьбал хохирлоо барагдуулах бүрэн бололцоо ихэвчлэн бий. Хүмүүс гомдлоо мэдүүлсэн захиа, имэйл бичих, утсаар ярих зэрэгт цаг зарцуулахаас болон бараагаа буцаан илгээх зардлаас төвөгшөөдөг. Миний хувьд бараа, үйлчилгээний талаар асуудал үүсвэл хамгийн түрүүнд баталгаатай хугацаа, эсвэл гомдлын талаар хандах компаний дүрэм журмыг /policy/ уншсаны дараа хэрэглэгчтэй харьцах алба уруу холбогддог. Хэрэв эвтэйхэн бөгөөд асуудлаа зөв тавьбал тэд дор нь шийдээд өгөх нь илүүтэй байдаг. Нэг удаа талх баригч маань талхаа түүхийрүүлээд байхаар баталгаат хугацааг нь харсан чинь /шинээр авсан барааны заавруудыг нэг хайрцагт хийгээд хэрэг болсон цагт нь гаргаж ирээд хардаг. Гэхдээ бичиг цаас нь байхгүй бол онлайнаар амархан олоод уншиж болно/ нэг жил буюу авсанаас хойш хугацаа нь дуусаагүй байсан тул хэрэглэгчтэй харьцах алба уруу нь утастаж учраа хэлмэгц элдвийн зүйл болон тасалбар ч асуулгүйгээр хаягийг минь аваад шинийг илгээж орхисон. Компаниудад гомдлоо мэдүүлж өөрийн хүсч байгаа үр дүндээ хүрэхийн тулд дараахь зарчмыг баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Үүнд:
1.       Аятайхан харьц.
Шууд л уурлаж бухимдсан байдлаар яриагаа эсвэл захиагаа эхэлбэл тэд таныг аль хэдийн тэдний хэрэглэгч биш болсон гэж үзээд  туслахаар хичээж зүтгэхгүй. Таньд туслах гэж байгаа ажилтан тухайн асуудалд буруугүй тул уураа түүнд бүү гарга. Харин үүний оронд тухайн бараанд болон компаниар үйлчлүүлэх дуртай гэдгээс эхлэх нь зүйтэй билээ. Олон жилийн үнэнч худалдан авагч гэдгээ сайн дурдаж өгөх хэрэгтэй. Мөн гарсан асуудал нь тухайн компаний хэрэглэгчдэд ховор тохиолддог зүйл гэж бодож байгаагаа илэрхийлж болно.
2.       Мэдээллээ бэлд
Утсаар ярих, имэйл бичихийнхээ өмнө худалдаж авсан барааны мэдээллүүд: сериал дугаар, авсан өдөр, баталгаат хугацаа зэргээ бэлдээрэй. Хэрэглэгчтэй харьцах албаныхан цаас ухаж мунгинасан, юу хүсч байгаа нь тодорхойгүй эсвэл хуурамч санагдсан хүнийг сонсохыг хүсэхгүй.
3.       Үгүй гж хэлсэн гээд зогсох хэрэггүй.
Эхний харьцсан ажилтнаас тус авч чадаагүй үедээ хүмүүс нь ихэнх нь болохгүй нь гээд бууж өгдөг. Мэргэжилтний үзэж байгаагаар таны асуудлаас үл хамаарч тухайн ажилтны зүгээр л онцгүй өдөр нь таарсан нь ч юм уу, эсвэл эхнэр нөхөртэйгээ хэрэлдсэн ч байж болно. Эсвэл уг хүн нь эмэгтэй хүнд эсвэл аялгатай ярьдаг хүмүүст  /цагаачдад/ гэх мэтчилэн цаанаасаа дургүй байж болно. Иймд хангалтгүй хариу авсан тохиолдолд ахлах ажилтнуудтай нь /supervisor or manager/ яриулж өгөхийг хүсэх хэрэгтэй.  Бүр болохгүй бол захиралтай нь яриулахыг хүссэн ч болно. Ямар ч компани худалдан авагчаа алдах гэж бизнес хийдэггүй.  
4.       Бичиг нь илүү найдвартай.
Утсаар шийдвэрлэгдэхэд төвөгтэй асдуулыг бичгээр хийх нь илүүтэй үр дүнд хүрдэг. Байгууллагын мэдээлэл байхгүй бол гүүглэдэж хэрэглэгчтэй харьцах албаны хаяг, имэйлийг ол. Захирал уруу нь ч /CEO/ бичихээс бүү ай. Захирал нь чамтай биечлэн харьцахгүй ч CEO office буюу захирлын алба нь захиаг чинь шийдвэрлүүлэхээр хэрэглэгчдийн алба уруу илгээх болно. Товч бөгөөд тодорхой бич. 2-3 параграфт яг юу болсныг он сар өдрийн дарааллаар, компаний ажилтны нэрсүүд, барааны болон худалдаж авсан салбарын мэдээллийг оруулахад болно. Хүндэтгэлтэй боловч бат сууриа илэрхийл. Бичиг нь бүртгэлд үлдэх тул өөрийн чинь эсрэг хэрэглэгдэх зүйлийг захиандаа оруулж болохгүйг санаарай. Солиулах, засуулах, мөнгөө буцааж авах гээд яг ямар үр дүн хүлээж байгаагаа бич. Тасалбар, баталгаат хугацааны карт, модел, сериал дугаар зэргийн үндсэн хувиа өөрөө авч үлдээд, хуулбарыг нь хамт хавсарга. Өөрийн нэр, утас, хаяг зэрэг таньтай харьцах мэдээллийг жагсаа. Харилцан ирүүлсэн, явуулсан бүр имэлй, захиагаа хадгал. Захиа явуулах бол баталгаат захиа илгээвэл бат суурьтай байгааг тань харуулна.   
Нэгдсэн улсын ЗГ-ын /www.USA.gov/ болон Калифорн мужийн Department of Consumer Affairs байгууллагын /www.dca.ca.gov/ сайтуудаас хэрэглэгчдийн гомдол мэдүүлэх жишээ захиануудаас /consumer complain letter гэж хайгаарай/ санаа авч болно.  
5.       Хажуунаасаа эхэл.
Анх худалдаж авсан газар, дэлгүүрээсээ эхэл. Олон салбартай компаний салбар бол хэрэглэгчтэйгээ аятайхан харьцахыг бодно. Түүнчлэн ямар бараа бүтээгдэхүүнд согог гарч байгааг мэдэхийг хүснэ.
6.       Картаа бөглөж бай.
Томоохон худалдан авалт хийсэн үедээ цуг ирдэг хэрэглэгчийн бүртгэлийн картыг бөглөж илгээж байх. Баталгаат хугацааны хувьд энэ нь заавал шаардлагатай биш ч тэдний бараа бүтээгдэхүүнд гэмтэл согог гарсан тохиолдолд мэдээлэл хүргэхээр таныг олоход уг карт дахь мэдээлэл тусална.Худалдан авах үйлдлийн талаарх асуултуудыг орхиод шууд л сериал дугаар, худалдаж авсан өдөр зэрэг хэрэгцээт мэдээллийг бөглөөрэй.
7.       Баталгаат хугацаа дууссан нь ч
Баталгаат хугацаа нь дууссан нь ч оролдоод үзэх хэрэггүй гэсэн үг биш юм. “Implied warranty” гэсэн хуулийн хэллэг байдаг ба энэ нь тухайн бараа нь ажиллаж, хэрэглэгдэх хугацааны тодорхой үндэслэлтэй найдалтыг илэрхийлдэг аж. Жишээ нь 3000 доллараар авсан хөргөгч жилийн дотор эвдрэнэ гэвэл утгагүй биз дээ. Юуны түрүүнд онлайнээр тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээллийг “consumer complaints”, “problems with”  гэх мэтчилэн хайж бусад хэрэглэгчдэд асуудал үүссэн эсэх, тэд хэрхэн шийдвэрлэсэн зэргийг нь олж уншаарай. Ихэнх компаниуд хэрэглэгчдийн асдуулыг шийдвэрлэх хүсэлтэй байдаг. Тэд нарын хувьд хэрэглэгч нараа happy байлгах нь шинэ хэрэглэгч татахаас илүүтэй хямд тусдаг болохоор тэр ажээ. Иймд тухайн барааны баталгаат хугацаа нь дууссан байсан ч сэтгэл чинь нэг л гонсгор байвал компанитай холбогдож үзэхэд алдах юм байхгүй билээ. Муугаар бодоход үгүй гэсэн үг л сонсоно биз. Сайнаар бодвол над шиг шинэ талх баригчтай болоод авах ч юм билүү. Асуудлаа аятайхнаар шийдсэн бол тэр компанийг бусдад магтахаа бүү мартаарай.
8.       Онлайнээр цац.
Тухайн компанийн Facebook-д санал хүсэлтээ бичвэл хэрэглэгчдийн албанаас таньд хариу өгөх болно. Мөн өөрийн блог, Facebook зэргээрээ тухайн компанид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлбэл тэдний анхаарлыг татах боломжтой. Эд бүгд үр дүнд хүргэхгүй бол хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд, тухайлбал The Better Business Bureau, Federal Trade Commission, болон өөрийн мужийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагт хандаж болно.




Saturday, May 11, 2013

Ээжүүдийн өдөр



Ээжүүдийн өдөр ирэхийн хамт өөрөө хэдийн 3 залуугийн ээж болсон ч өөрийн эрэхгүй ээжийгээ санаад ажлын завсраараа түүнд зориулж юм бичиж сууна даа. Ямартаа ч захьсан юмыг нь бэлдээд маргааш илгээмж явуулчихъя, задалж үзэхдээ нэг баярлаг гэж бодоод сууж байна. 2 жилийн өмнө ээж энэд байсны ачаар энэ баярыг цуг тэмдэглэх боломж олдож Гүзээлзгэний фестивал уруу дагуулж явж юм үзүүлэхийн хамт дуртай амттангуудыг нь авч өгч баярлуулсан билээ. Чихэрлэг юманд дуртай тэрээр анх эндхийн бялуу идээд Америкчууд чихэр саахарыг нь сайхан тааруулах юмаа гэж хэлээд биднийг инээлгэснээс хойш наялуундуу амттай зүйл идэх тоолонд нь чихэр саахар нь сайхан таарсан байна уу гэж ээжийгээ бид хэд явуулна. Айлын ганц охин ээж маань бага байхдаа ах эгч дүүтэй айлын хүүхдүүдийг хараад атаархах сэтгэл төрдөг байснаа бидэнд ярьдаг ба хүслийг нь бурхан харж үзсэн юм болов уу шаагиж шуугисан 10 хүүхдийг төрүүлж өсгөх тавилан түүнд заяажээ. Бага байхдаа эгч нарын хуучин хувцаснууд өмсөж залхсан миний бие манайх яасан ч олуулаа юм дээ гэж дургүйцэн боддог байсан бол том болсон хойноо л ах дүүсийн олон нь сайхан юм даа гэдэгт итгэх болсон билээ. Аав маань нам, засгийн ажил гээд тэгтлээ гэр орны ажилд оролцоод байдаггүй, ийш тийшээ гадаад дотоод явна, ээж маань ажлынхаа хажуугаар ганцаараа шахуу л тэр олон хүүхдийг өмсгөж хүмүүжүүлсэн ч одоог хүртэл түүнийг орилж хашгирч байсныг би ерөөсөө санадаггүй юм. Харин ч бидэнд дандаа л эвээр, эсвэл аргадаж хэлж ярьдаг байсан, түүнд нь ч би мэтийн нөхдүүд даварч эрхэлж өссөн дөө. Бага байхдаа ээжийг ажил тарахын алдад цонхоор хараад зогсоцгооно доо. Трансформатрын цаанаас ачаатай тэмээ шиг 2 гартаа тор дүүрэн юм барьсан хүн л яаран алхаад гараад ирнэ. Бараа нь харагдмагц л багууд голдуу нь гүйлдэж тосож авцгаана. Хүүхдүүд горьдоно гэдгийг нь мэдээд ээж маань заавал гоё идэх юм авч цүнхэндээ хийсэн байдаг сан. Бүр мөнгөгүй бол ядаж л 60 мөнгөний пичень хийсэн байна. Ээжийн цүнхний гоё үнэртэйг яана. Хэдийгээр гадагшаа гарах нь ховорч орой ээжийг гэртээ байхгүй үед гэр нэг л эзгүй эвгүй байддагсан.
Малчны охин тэрээр бага насандаа хотод ирж Барилгын техниккомыг төгсөөд барилгат олон жил нягтлан, мастер хийсэн дээ. Нэг удаа эцэг эхийн хуралд суугаагүй тул багштай маань маргааш нь уулзахаар өвлийн хүйтэнд гадаа ажилладаг ажлынхаа хувцас, эсгий гуталтай сургууль дээрээ ирэхэд нь харин ч ирсэн нь их юм гэж бодолгүй хувцаснаас нь ичиж үхэх шахсанаа бодохоор тэнэг байж даа гэж боддог юм. Ээж маань цангинасан цээлхэн хоолойтой. Тенхиккомд байхдаа сургуулийнхаа концертонд гоцолж дуулдаг байсан гэнэ лээ. Ямартаа ч өдийг хүртэл аавд найрны дуугараа таармагц  “Арван тавны сар...” гээд ганцыгаа эхэлмэгц нь цангинуулаад түрээд аавыг минь авардаг хэвээрэй. Харин 10 хүүхдээс нь хэн нь ч хоолойг нь дууриасангүй. Үр ач нараас нь өвлөх байх гэж найддаг. Гэхдээ өөрийн гурваа битүүхэндээ горьдож харсан чинь ээж шигээ таг солгой нь тодорхой болсон байгаа.
Би ээжийнхээ царайнаас нь гадна юуг өвлөж, сурч авав гээд бодвол нэлээдгүй сайн зүйлс сурчээ. Ээжээсээ байгаа материал, боломжоо ашиглаад юуг л юуг хийж, бүтээхийг, юм юм оролдож туршихдаа айхгүй байхыг, хоол ундыг хурдан шуурхай бөгөөд сэтгэлээсээ сайхан хийхийг сурч авсан нь өнөөдөр ч миний амьдралд ач тусаа өгсөөр л байна.  Ээж маань бидний амьдралдаа хийсэн сонголтуудыг хэзээ ч шүүмжилж байсангүй. Эцэг эх маань хүнд ая тал засах, аргалах зан гаргана гэж байхгүй, тиймээс бид өнөөг хүртэл тэгж сураагүй л явна. Хүн амьтныг алгачилгүй, өрөвдөн нигүүсгэх сэтгэлээр харж хандахыг харин би ээжээсээ сурсан, Ээжээсээ өвөлж авсан эдгээр зангаас маань хүүхдүүд маань өвлөөд аваасай гэж найддаг юм. За ингээд хорвоогийн бүх сайхан эхчүүддээ ээжүүдийн баярын мэндийг дэвшүүлж урт удаан насалж үр хүүхдээ баясгаж яваарай гэж ерөөе!!! Хайртай шүү.