Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Хэрэгцээт мэдээлэл. Show all posts
Showing posts with label Хэрэгцээт мэдээлэл. Show all posts

Friday, April 10, 2020

5/31/19 Асуудлаа шийдвэрлүүлэхээр компаниудад хэрхэн хандах вэ?

2013 онд бичсэн нийтлэл. 
Асуудлаа шийдвэрлүүлэхээр компаниудад хэрхэн хандах вэ?
Худалдаж авсан бараа, үйлчилгээ чинь чанаргүй, сэтгэлд нийцэхгүй байх, эсвэл удалгүй эвдэрч гэмтэх зэрэг тохиолдолд ихэнх монголчууд маань дэмий юм авсан байна лээ гээд л тоохгүй орхидог. Гэвч тухайн компаниуд нь гомдлоо зөв гаргаж тавьбал хохирлоо барагдуулах бүрэн бололцоо ихэвчлэн бий. Хүмүүс гомдлоо мэдүүлсэн захиа, имэйл бичих, утсаар ярих зэрэгт цаг зарцуулахаас болон бараагаа буцаан илгээх зардлаас төвөгшөөдөг. Миний хувьд бараа, үйлчилгээний талаар асуудал үүсвэл хамгийн түрүүнд баталгаатай хугацаа, эсвэл гомдлын талаар хандах компаний дүрэм журмыг /policy/ уншсаны дараа хэрэглэгчтэй харьцах алба уруу холбогддог. Хэрэв эвтэйхэн бөгөөд асуудлаа зөв тавьбал тэд дор нь шийдээд өгөх нь илүүтэй байдаг. Нэг удаа талх баригч маань талхаа түүхийрүүлээд байхаар баталгаат хугацааг нь харсан чинь /шинээр авсан барааны заавруудыг нэг хайрцагт хийгээд хэрэг болсон цагт нь гаргаж ирээд харж болно, онлайнаар ч амархан олоод уншиж болно/ нэг жил буюу авсанаас хойш хугацаа нь дуусаагүй байсан тул хэрэглэгчтэй харьцах алба уруу нь утастаж учраа хэлмэгц элдвийн зүйл болон тасалбар ч асуулгүйгээр хаягийг минь аваад шинийг илгээж орхисон билээ. Компаниудад гомдлоо мэдүүлж өөрийн хүсч байгаа үр дүндээ хүрэхийн тулд дараахь зарчмыг баримтлаарай. Үүнд:
1. Аятайхан харьц.
Шууд л уурлаж бухимдсан байдлаар яриагаа эсвэл захиагаа эхэлбэл тэд таныг аль хэдийн тэдний хэрэглэгч биш болсон гэж үзээд туслахаар хичээж зүтгэхгүй. Таньд туслах гэж байгаа ажилтан тухайн асуудалд буруугүй тул уураа түүнд бүү гарга. Харин үүний оронд тухайн бараанд болон компаниар үйлчлүүлэх дуртай гэдгээс эхлэх нь зүйтэй билээ. Олон жилийн үнэнч худалдан авагч гэдгээ сайн дурдаж өгөх хэрэгтэй. Мөн гарсан асуудал нь тухайн компаний хэрэглэгчдэд ховор тохиолддог зүйл гэж бодож байгаагаа илэрхийлж болно.
2. Мэдээллээ бэлд
Утсаар ярих, имэйл бичихийнхээ өмнө худалдаж авсан барааны мэдээллүүд: сериал дугаар, авсан өдөр, баталгаат хугацаа зэргээ бэлдээрэй. Хэрэглэгчтэй харьцах албаныхан цаас ухаж мунгинасан, юу хүсч байгаа нь тодорхойгүй эсвэл хуурамч санагдсан хүнийг сонсохыг хүсэхгүй.
3. Үгүй гж хэлсэн гээд зогсох хэрэггүй.
Эхний харьцсан ажилтнаас тус авч чадаагүй үедээ хүмүүс нь ихэнх нь болохгүй нь гээд бууж өгдөг. Мэргэжилтний үзэж байгаагаар таны асуудлаас үл хамаарч тухайн ажилтны зүгээр л онцгүй өдөр нь таарсан нь ч юм уу, эсвэл эхнэр нөхөртэйгээ хэрэлдсэн ч байж болно. Эсвэл уг хүн нь эмэгтэй хүнд эсвэл аялгатай ярьдаг хүмүүст /цагаачдад/ гэх мэтчилэн цаанаасаа дургүй байж болно. Иймд хангалтгүй хариу авсан тохиолдолд ахлах ажилтнуудтай нь /supervisor or manager/ яриулж өгөхийг хүсэх хэрэгтэй. Бүр болохгүй бол захиралтай нь яриулахыг хүссэн ч болно. Ямар ч компани худалдан авагчаа алдах гэж бизнес хийдэггүй. 
4. Бичиг нь илүү найдвартай.
Утсаар шийдвэрлэгдэхэд төвөгтэй асдуулыг бичгээр хийх нь илүүтэй үр дүнд хүрдэг. Байгууллагын мэдээлэл байхгүй бол гүүглэдэж хэрэглэгчтэй харьцах албаны хаяг, имэйлийг ол. Захирал уруу нь ч /CEO/ бичихээс бүү ай. Захирал нь чамтай биечлэн харьцахгүй ч CEO office буюу захирлын алба нь захиаг чинь шийдвэрлүүлэхээр хэрэглэгчдийн алба уруу илгээх болно. Товч бөгөөд тодорхой бич. 2-3 параграфт яг юу болсныг он сар өдрийн дарааллаар, компаний ажилтны нэрсүүд, барааны болон худалдаж авсан салбарын мэдээллийг оруулахад болно. Хүндэтгэлтэй боловч бат сууриа илэрхийл. Бичиг нь бүртгэлд үлдэх тул өөрийн чинь эсрэг хэрэглэгдэх зүйлийг захиандаа оруулж болохгүйг санаарай. Солиулах, засуулах, мөнгөө буцааж авах гээд яг ямар үр дүн хүлээж байгаагаа бич. Тасалбар, баталгаат хугацааны карт, модел, сериал дугаар зэргийн үндсэн хувиа өөрөө авч үлдээд, хуулбарыг нь хамт хавсарга. Өөрийн нэр, утас, хаяг зэрэг таньтай харьцах мэдээллийг жагсаа. Харилцан ирүүлсэн, явуулсан бүр имэлй, захиагаа хадгал. Захиа явуулах бол баталгаат захиа илгээвэл бат суурьтай байгааг тань харуулна. 
Нэгдсэн улсын ЗГ-ын /www.USA.gov/ болон Калифорн мужийн Department of Consumer Affairs байгууллагын /www.dca.ca.gov/ сайтуудаас хэрэглэгчдийн гомдол мэдүүлэх жишээ захиануудаас /consumer complain letter гэж хайгаарай/ санаа авч болно. 
5. Хажуунаасаа эхэл.
Анх худалдаж авсан газар, дэлгүүрээсээ эхэл. Олон салбартай компаний салбар бол хэрэглэгчтэйгээ аятайхан харьцахыг бодно. Түүнчлэн ямар бараа бүтээгдэхүүнд согог гарч байгааг мэдэхийг хүснэ.
6. Картаа бөглөж бай.
Томоохон худалдан авалт хийсэн үедээ цуг ирдэг хэрэглэгчийн бүртгэлийн картыг бөглөж илгээж байх. Баталгаат хугацааны хувьд энэ нь заавал шаардлагатай биш ч тэдний бараа бүтээгдэхүүнд гэмтэл согог гарсан тохиолдолд мэдээлэл хүргэхээр таныг олоход уг карт дахь мэдээлэл тусална.Худалдан авах үйлдлийн талаарх асуултуудыг орхиод шууд л сериал дугаар, худалдаж авсан өдөр зэрэг хэрэгцээт мэдээллийг бөглөөрэй.
7. Баталгаат хугацаа дууссан нь ч
Баталгаат хугацаа нь дууссан нь ч оролдоод үзэх хэрэггүй гэсэн үг биш юм. “Implied warranty” гэсэн хуулийн хэллэг байдаг ба энэ нь тухайн бараа нь ажиллаж, хэрэглэгдэх хугацааны тодорхой үндэслэлтэй найдалтыг илэрхийлдэг аж. Жишээ нь 3000 доллараар авсан хөргөгч жилийн дотор эвдрэнэ гэвэл утгагүй биз дээ. Юуны түрүүнд онлайнээр тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээллийг “consumer complaints”, “problems with” гэх мэтчилэн хайж бусад хэрэглэгчдэд асуудал үүссэн эсэх, тэд хэрхэн шийдвэрлэсэн зэргийг нь олж уншаарай. Ихэнх компаниуд хэрэглэгчдийн асдуулыг шийдвэрлэх хүсэлтэй байдаг. Тэд нарын хувьд хэрэглэгч нараа happy байлгах нь шинэ хэрэглэгч татахаас илүүтэй хямд тусдаг болохоор тэр ажээ. Иймд тухайн барааны баталгаат хугацаа нь дууссан байсан ч сэтгэл чинь нэг л гонсгор байвал компанитай холбогдож үзэхэд алдах юм байхгүй билээ. Муугаар бодоход үгүй гэсэн үг л сонсоно биз. Сайнаар бодвол над шиг шинэ талх баригчтай болоод авах ч юм билүү. Асуудлаа аятайхнаар шийдсэн бол тэр компанийг бусдад магтахаа бүү мартаарай.
8. Онлайнээр цац.
Тухайн компанийн Facebook-д санал хүсэлтээ бичвэл хэрэглэгчдийн албанаас таньд хариу өгөх болно. Мөн өөрийн блог, Facebook зэргээрээ тухайн компанид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлбэл тэдний анхаарлыг татах боломжтой. Эд бүгд үр дүнд хүргэхгүй бол хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд, тухайлбал The Better Business Bureau, Federal Trade Commission, болон өөрийн мужийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагт хандаж болно.

5/31/19 Кредит оноо гэж юу вэ? шинэчилсэн хувилбар

Хүмүүс асуусны дагуу нийтлэлээ хайж олоод тавьж байна. 
Миний бичсэн энэ материал "Даяар Монгол" сонины 2006 3 сарын 30-ны дугаарт нийтлэгдэж байсан юм.
Кредит гэдэг юмны учрыг олох шаардлага амьдралд тулгарсны улмаас энэд ирсэн даруйдаа шахуу энэ талаар судалж эхэлсэн юм. Тухайн үед хэлний болон бусад бэрхшээлийн улмаас хүмүүс энэ талаар маш буруу зөрүү ойлголттой байдаг байсан нь сүүлийн үед гайгүй болсон ч зарим хүмүүс нарийн ширийн энэ талаар бодож үзээгүй, ойлгохыг хүсэхгүй явсаар байдаг билээ. Энэ нь тэд нарын зүгээс гардаг буруу ойлголтуудаар илэрдэг. Жишээ нь кредит түүхээ ерөөсөө үзэж харж байгаагүй ч оноогоо өсөхгүй байгаад гайхдаг, эсвэл өргөдөл энээ тэрээ бөглөхөд тусалж байсан хүсүүсийг хардаж /тэд нар л миний чухал ид "шидтэй оноог" аваад ашиглаад унагаагаад байгаа байх гэхчилэн/ тус болсон хүмүүсийнхээ араас буруу санаа агуулах, яг ямар учраас оноо өсдөг болохыг мэдэхгүйн улмаас би зөндөө зээлийн карттай байхад миний оноо өсөхгүй байна гэхчилэн гомдолдог. Ямар ч асуудлыг өөрсдийнхөөрөө тааж бодохын оронд хамгийн түрүүнд өөрийн кредит түүхээ авч үзэх хэрэгтэй бөгөөд /доор бичигдсэн сайтаас 3 товчооноос жилд нэг удаа үнэгүй авах эрх хүн бүрт бий/ ингэснээр таньд муу бичилт байна уу /төлөгдөөгүй өр, төлбөрөө хоцруулсан бичилт/ ямар ямар сайн бичилтүүд байна /одоо ёс журмын дагуу төлөгдөж байгаа зээлүүд, төлж дууссан зээлүүд/, мөн ямар ямар хаягнаас ямар ямар нэрээр зээлд хандаж байсан, ямар ямар байгууллага таны зээлийн түүхийг үзсэн /таны байранд өргөдөл бөглөхөд шалгахаас эхлээд зээлийн картанд хандсан байгууллагуудаас/ зэрэг мэдээллийг авч үзэх хэрэгтэй юм. Үүнд үндэслэн яагаад миний оноо муу байна, сайн байна, ямар нэгэн буруу бичилт орсон эсэхийг олж мэдээд онлайнаар эсвэл бичгээр dispute хийж өөрийгөө энэ өрийг тавиагүй гэдгээ баталж харуулах, мөн 3 хүртэлх сарын хугацаагаар хэн нэгэн кредит үзэх эрхгүй хориг тавих эрхийг ашиглаж болно. Ер нь өнөөгийн нөхцөлд хүний дугаарыг ашиглаж өр хийх боломж бараг үгүй билээ. Зээл энээ тэрээд дугаараас гадна ямар их бичиг баримт шаарддагийг та бүхэн мэднэ, мөн дээр тог, утасны зарим зэрэг үйлчилгээг нээлгэхэд заавал сошиал дугаартшаардлагатай байдаггүй билээ. 
Кредит оноо гэж юу вэ? 
- FICO оноо юунаас хамаардаг вэ?
- Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
- Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ? 
Монголд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын буюу конкурсны оноо бидний ирээдүйг тодорхойлогч, тухайлбал ямар сургуульд орж, ямар мэргэжил эзэмшихийг шийдвэрлэдэг оноо байсан бол америк гээч энэ оронд нэгхэн онооны үзүүлэлтээс бидний амьдрал маань хамаарч байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй байхаа. Энэ бол кредит оноо юм. Кредит оноо багатай буюу бидний хэлдгээр кредитээ муутгавал байр хөлслөх, элдэв үйлчилгээний данс нээлгэхэд төвөг учирч зөвшөөрөл авч чадахгүйд хүрэх буюу аль эсвэл их хэмжээний барьцаа мөнгө тавихад хүрдэг билээ. Мөн байшин, машин, кредит картны болон бусад төрлийн зээл авч чадахгүй болон авлаа ч хамгийн өндөр хүү төлөх болдог гээд муу кредит онооноос болж гардаг зовлонг тоочвол гарын хэдэн хуруу маань багадах бизээ. Түүнээс гадна бусад талаар, жишээлбэл, кредит оноог шалгаж ажилд авдаг ажил олгогчид, кредит онооноос хамаарч даатгалын төлбөрийг тогтоодог машины даатгалын компаниудын тоо нэмэгдэж байгаа зэргээс үзвэл энэ онооноос Америк дахь гэр бүлийн санхүү шууд хамаарч байна.
Кредит оноо гэж юу вэ?
Зээл хэрэглэгч хүн бүр бие даасан TransUnion, Experian, Equifax гэсэн 3 кредит мэдээлэгч агентлагуудаас гаргасан стандарт 3 оноотой байна. FICO гэж нэрлэгдэг эдгээр оноог анх 50-аад оны сүүлчээр Fair Isaac Corp.-аас анх гаргасан бөгөөд 300-850 хооронд байдаг. Одоогоор Америкийн хэмжээгээр үндэсний дундаж оноо 723 юм байна. Зээл олгогчид хэрэглэгчийн энэ оноог үндэслэн зээл олгох эсэхээ шийдвэрлэх ба зээлийн хүү, торгуулийн хэмжээг тогтооно. Кредит онооны үзүүлэлтийн ач холбогдлыг дараах жишээн дээр харуулъя. 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй 200,000 долларын зээлийн сарын төлбөр болон нийт хүүгийн төлбөр FICO онооноос хэрхэн хамаарахыг дараах хүснэгтэд үзүүлэв. 
/2005 оны 8 сард олгогдож байсан зээлийн хүү дээр үндэслэв. 2006 оны 3 сарын байдлаар хүүгийн хэмжээ 0.07%-0.7% орчмаар нэмэгдсэн/
Кредит Зээлийн Сарын 30 жилийн турш төлөх
оноо хүү төлбөр нийт хүүгийн төлбөрийн хэмжээ
720-850 5.793% $1173 $222.141
700-719 5.918% $1189 $227.888
675-699 6.456% $1258 $253.008
620-674 7.606% $1413 $308.671
560-619 8.531% $1542 $355.200
500-559 9.289% $1651 $394.362
Дээрх хүснэгтээс харахад хэрэв таны FICO 720 бол ойролцоогоор 5.7%-ын хүүтэй зээл олгогдоно. Хэрэв таны FICO 550 бол таньд 9,2% буюу түүнээс дээш хүүтэй зээл олгодох магадлалтай. Энэ нь 4 орчим хувиар илүү хүү төлөх буюу жилд $5736, 30 жилд $172,221 илүү төлбөр төлнө гэсэн үг. Дээрхийн адил кредит онооноос чинь таны амьдарч байгаа муж дахь банк санхүүгийн байгуулагын төрөл бүрийн зээлийн хүү, сарын төлбөр хэрхэн хамаарахыг тооцоолж үзэхийг хүсвэл www.myfico.com сайтын тооны машин /Сalculator/ хамгийн сүүлийн үеийн өгөгдлийг ашиглаад таньд бодоод өгнө. Дашрамд дурдахад байшингийн гэх мэт томоохон зээл авах гэж байгаа хүмүүс зээлдэгчдээс “хурдан оноогоо нэмэгдүүлэх” /rapid rescoring/ хүсэлтийг тавибал тэд боломжийн үнээр хэдхэн өдөрт алдааг чинь арилгаж оноог чинь нэмэгдүүлэх өгдөг ажээ. 
FICO оноо юунаас хамаардаг вэ?
Үндсэндээ FICO оноо таны нас намба, орлого зарлагаас хамаарахгүй бөгөөд дээр дурдсан агентлагуудад тэмдэглэгдсэн таны төлбөр зээлийн өнгөрсөн түүхээс хамаарч тогтоогддог ажээ. Хэдийгээр бидний хувьд FICO онооны үзүүлэлтийг гаргадаг математик томъёог мэдэх боломжгүй ч хэд хэдэн түлхүүр зарчмыг мэдэж байхад кредит оноогоо хянаад байх боломжтой болно. 
Үүнд:
1. Хамгийн чухал бөгөөд энгийн зарчим бол “Төлбөрөө цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлөх” явдал юм.
FICO онооны хамгийн их буюу 35% нь нээсэн данснуудын төлбөрийн түүхээс чинь хамаарна. Кредит картны болон бусад төлбөрөө хожигдуулах, дутуу төлөх, йр цуглуулах байгууллагад төлбөр чинь шилжих, дампуурал зарлах зэрэг нь кредит жагсаалт дээр бичигдэж шууд л энэ оноонд тусна. Харин нэг сайн мэдээ гэвэл FICO-д зөвхөн ойрын үеийн өр зээл тусах бөгөөд ойролцоогоор 7-10 жилийн дараа кредит тайлангаас хасагдах боломжтой юм. Америкт ирсэн анхны Монголчуудын зарим нь мэдэж ойлгоогүйгээс кредит оноогоо муутгаж улмаар нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Гэвч Оросын дуучин Валерий Леонтьев “Доктор-Время” гэж дуулдаг шиг цаг хугацаа гэдэг эмч тэдгээр хүмүүсийн анхны муу бичлэгүүдийг эхнээс цэвэрлэж эхэлж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд болон цаашдаа дахиж өр төлбөрийн зөрчил гаргахгүйгээр явбал яваандаа кредит түүх нь цэвэрлэгдэж FICO онооны нь 35% нь өснө гэсэн үг юм. 
2. Дараагийн FICO оноог өсгөх зам бол “credit utilization” буюу “зээлийн хэрэглээ”-ийн хамгийн бага зэргийг тогтоох гэж нэрлэгддэг арга ордог байна.
Энэ нь кредит кард тус бүрээс боломжит зээлийн тодорхой хувийг л ашиглана гэсэн үг юм. Урьд нь хүмүүс кредит картныхаа зээлийн хязгаарыг хүргэж зээл авч байвал оноонд сайн байдаг гэсэн буруу ойлголттой байсан бөгөөд харин ч эсрэгээр буюу кредит картнуудаас зээлийн хязгаарын 50% буюу түүнээс дээшийг хэрэглэхэд л та эрсдэлтэй хэрэглэгч гэж тооцогдож кредит оноо чинь буурдаг байна. Жишээ нь, хэрэв та 1000 долларын хязгаар бүхий 4 карттай байлаа гэж бодвол хэдийгээр сар бүр байнга төлдөг ч тус бүрд 500 доллараас дээш баланстай байлгах нь ухаалаг хэрэг биш болно. Нэг картдаа их төлбөрийн үлдэгдэлтэй байснаас олон карданд бага төлбөртэй байсан нь дээр юм байна. “Сredit utilization”-ын зэрэг нь “нийт өр” гэсэн гарчгийн дор кредит жагсаалтанд орох ба FICO онооны 30 хувь нь үүнээс хамаарна.
3. Дараагийн чухал зарчим бол FICO-ын 15%-ийг бүрдүүлдэг кредит түүхийн урт юм.
өөрөөр хэлбэл шинээр нийгмийн даатгалын дугаар авч байгаа хүмүүс эртхэн энгийн кредит карт, эсвэл бензин түгээгүүрийн картаар кредит түүхээ эхэлбэл цаашид оноогоо гайгүй байлгахад нэмэртэй гэсэн үг юм. Кредит картын хувьд шинэ карт нь хуучин картуудыг орлож кредит түүхэнд бичигдэхгүй л бол эрт нээлгэсэн картуудаа аль болохоор хаалгахгүй ашигласан дээр гэнэ. Хэрэглэхгүй байгаа картнуудаа хаалгах нь богино хугацаанд оноонд чинь муугаар нөлөөлөх тул ялангуяа томоохон зээл авахын өмнөхөн яаравчлан данснуудаа хаалгах буруу гэж санхүүгийн зөвлөгч нар зөвлөж байна. Нөгөө талаас хэрэглээгүй картанд чинь зарим компаниуд inactivity fee буюу хэрэглээгүйн төлбөр суутгаж магадгүй тул картаа хадгалах нь бас л буруу болно. Иймд хамгийн урт түүхтэй картуудаа /санхүүгийн зөвлөгч нар кредит картны хамгийн оновчтой хэмжээг 3-5 гэж үздэг/ үлдээгээд бусад картны төлбөрийг төлөөд картныхаа компанидаа захиа бичиж дансаа хаалгах хэрэгтэй ба захиандаа “хэрэглэгчийн хүсэлтээр хаав” гэдэг тодорхойлолтыг кредит түүхдээ оруулж өгөхийг хүсээрэй. Мөн төрөл садан, найз нөхдөөс чинь өөрийн удаан хугацаагаар хэрэглэгдэж байгаа, сайн баланстай кредит картны дансандаа таныг зөвшөөрөгдсөн хэрэглэгчээр /authorized user/ бүртгүүлэхийг зөвшөөрвөл энэхүү данс таны тайланд багтаж оноог чинь дээшлүүлэх болно. Гэхдээ энэ нь зөвхөн кредит картанд л хүчинтэй бөгөөд өөр төрлийн зээлийн хувьд таны оноо нэмэгдэхгүйг анхаараарай. 
4. Сүүлийн 20% бол шинэ данс нээсэн байдал болон зээлийн төрөл олон эсэхээс хамаарна.
Богино хугацаанд шинэ зээлүүдийн данс нэмэх нь хэрэглэгчийг зээлдэгчид илүү эрсдэлтэй харагдахад хүргэдэг байна. Иймд том зээл авахын өмнө жилийн дотор жижиг хэмжээний зээлийн данс битгий нээгээрэй. Жишээ нь, ойрын хэдэн сард машин, байшин зэрэг томоохон зээл авах гэж байгаа хэрэглэгчийн хувьд баярын үед худалдан авалтандаа нэлээд хувийн хямдрал өгөх дэлгүүрийн зээлийн картуудын өрөгдлийг бөглөхийнхөө өмнө сайн бодоорой. Мөн нэг төрлийн зээлтэй буюу зөвхөн кредит кардуудын зээл байснаас машин юм уу байшингийн зээл зэрэг зээлийн олон төрөлтэй байвал FICO оноонд /10%/ сайнаар нөлөөлнө. Санхүүгийн зөвлөгчид томоохон зээлийг боломж байвал банкнаас авахыг зөвлөдөг бөгөөд санхүүгийн компаниас авсан зээл FICO оноог бууруулах муу талтай ажээ. 
5. Эцэст нь нэг анхаарах зүйл бол банк болон зээлдэгч байгууллагуудын кредит шалгах хүсэлт бүр таны FICO оноог 2 оноогоор унагаах тул олон газар хандаж кредитээ шалгуулахаас болгоомжлоорой.
Харин өөрийн тавьсан хүсэлтэнд оноо унадаггүй бөгөөд машин болон байшингийн зээл олгогч байгууллагуудын 45 хоногийн дотор ирүүлсэн бүх хүсэлтийг таныг худалдан авалтандаа сонголт хийсэн гэж үзээд нэг удаагийн хүсэлт гэж тооцно гэж кредит тайлангийн товчоодын мэдээлэлд дурдсан байна. Гэвч шуудангаар ирдэг болон энд тэнд гуйж бөглүүлдэг банк болон бусад байгууллагын кредит картны хүсэлтийг бөглөснөөр та тэдэнд кредитээ шалгах эрхийг өгнө. Тэдгээрийн хүсэлт бүр таны оноог унагаахаас гадна кредит тайланд бичигдэж үлдэх тул зээлийн хэт их хүсэлт тавих нь зээлдэгчдэд таныг эрсдэл ихтэй харагдахад хүргэдэг. Хэрэв та байшингийн зэрэг томоохон зээл авахынхаа өмнө хүүг тандах гэж зээлийн байгууллагад хандаж байгаа бол өөрийн хэвлэж авсан тайлангийнхаа хувиа өгч болох юм. Түүнчлэн California, Louisiana, Texas, Vermont мужуудад хэрэглэгч өөрийн хүсэлтээр кредит тайланд нэвтрэх боломжийг зогсоож болдог хуулиар олгогдсон эрхтэй юм байна. Үүний тулд хэрэглэгч гурван кредит товчоод тус бүрт тодорхой төлбөрийн хамт захиа бичиж бүх кредит шалгах хүсэлт бүрт татгалзахыг хүсэх хэрэгтэй юм байна. Энэ талаар California-ийн оршин суугчид www.privacy.ca.gov сайтаас мэдээлэл аваарай.
Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
Нэгдсэн улсын хуулиар өнгөрсөн жилээс эхлэн хэрэглэгч бүрийг кредит тайлангаа дээр дурдсан гол гурван кредит товчоодоос тус бүрээс нь жилд нэг удаа үнэгүй авах эрхтэй болгосон билээ. Үүний тулд www.annualcreditreport.com сайт руу орж онлайнээр захиалан дор нь үзэж болох төдийгүй тус бүрд $4-$8 төлснөөр өөрийн FICO оноонуудаа ч мэдэх боломжтой юм.
Түүнчлэн 1877-322-8228 дугаарын утсаар захиалах болон
Annual Credit Report Service, P.O. Box 105281, Atlanta, GA-30348-5281
хаягаар средит түүхээ авах хүсэлтээ илгээснээр 15 хоногийн дотор шуудангаар авах боломжтой юм.
Анхаарах зүйлс:
- Зарим хувийн кредит ангентлагууд өөрсдийгөө албан ёсны мэтээр рекламдах тул болгоомжтой байж зөвхөн дээрх сайт буюу хаягийг ашиглах /бага зэргийн үсгийн зөрүү л буруу хаяг уруу авчаачих магадлалтай/,
- Түүнчлэн дээр дурдсан 3 товчоод кредит-хянах үйлчилгээ /жилд $100-ээш үнэтэй/ зэрэг онц хэрэгцээгүй үйлчилгээг авахыг санал болгодог тул хэрэгцээгүй үйлчилгээ худалдан авахгүй байх,
Саяхны санал асуулгаар кредит тайлангийн 80% алдаа агуулдаг гэж гарсан тул хэрэглэгч бүр кредит тайлангаа сайтар нягтлан үзэж худал хуурамч өр зээл бичигдсэн эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй юм. Төлбөрийн түүхэнд эргэлзээтэй болон худал зүйл бичигдсэн бол зээлдэгч болон тайланг мэдээлэгч агентлаг уруу яаралтай холбоо барьж алдааг засахыг шаардах хэрэгтэй юм. Үүний тулд бичгээр хүсэлт тавьсан нь илүү найдвартай бөгөөд баталгаа болгож зохих бичиг баримтын хуулбарыг хавсаргаарай. Эдгээр байгууллага нь 45 хоногийн дотор шийдвэрлэж хэрэв таны зөв бол засагдсан кредит тайланг таньд илгээх болно.
Нэмэлт: CreditKarma.com, Quizzle.com сайтуудаас зээлийн зарим хэсгээ төлөх, эсвэл нэмж зээл авах, төлбөрөө төлөхгүй бол, кредит дансаа хаах зэрэгт таны кредит оноо чинь хэрхэн өөрчлөглөхийг тооцоолж өгнө. Үүний тулд TransUnion байгууллагаас гаргах таны одоогийн оноо /энэ оноо нь ихэнх зээл санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг онооноос арай өөр/ дээр чинь үндэслэж тооцоолох ба энэ сайтад данс нээхийн тулд таны Нийгмийн даатгалын дугаар хэрэг болох болно. Гэхдээ энэ компаниас мэдэгдэж байгаагаар тэд мэдээллийг хадгалж үлддэггүй гэсэн байна. Хэрэв хувийн мэдээллээ өгөхөөс төвөгшөөж байвал Credit.com, myFICO.com зэрэг сайтууд таны оруулах мэдээлэл дээр, тухайлбал өрийн хэмжээ, төлбөрийн түүх болон ойрын үед гарсан кредит түүхийг чинь авах хүсэлтийн тоо зэрэг дээгр үндэслэж таны онооны баримжааг гаргаж өгнө. Мөн та ямар нэгэн өөрчлөлт, жишээ нь өрөө төлөх зэрэгт оноо чинь хэрхэн өөрчлөгдөхийг харж болно. MyFICO сайтаас та TransUnion, Equifax-аас FICO оноогоо 16 доллар төлж авч болох боловч өмнө нь бичиж байсанчлан www.annualcreditreport.com –оос жилд нэг удаа кредит түүхээ үнэгүй авахдаа хямдралтай үнээр дээрх газруудаас оноогоо авах боломжтой билээ. 
Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ?
1.Мэдээлэл цуглуулах.
Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мэдээж кредит түүхээ авч мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх явдал юм. Дээрх 3 товчооны түүх өөр өөр байх тул тус бүрийг хэвлэж аваад доорх дүн шинжилгээг хийнэ. Ямар ямар сайн мэдээлэл болон ямар ямар муу бичилтүүд байна, хаана хэдэн хэмжээний өртэй байна, хэзээ тавигдсан өр байна, тогтмол төлбөр үү эсвэл хүүтэй төлбөр үү, хэдэн хувийн хүүтэйгээр өсөж байна, анхны байгууллагын болон хэрэв өр цуглуулагч байгууллагад шилжсэн бол тухайн байгууллагын хаяг, утас, болон буруу мэдээлэл байгаа эсэхийг шалгах.
2.Төлбөрөө төлөх төлөвлөгөө гаргах.
Хэдийн хэмжээний ямар төлбөр байгааг тогтооно. Хамгийн түрүүнд хамгийн өндөр хүүтэй төлбөрөөсөө эхэлж төлбөрөө хийхээр төлөвлөх. Гэхдээ хэт хуучин өрийг төлөлгүйгээр үлдээсэн нь дээр. Учир нь ойролцоогоор 7 жил орчмын дараа түүхнээс арилах өрийг арилах дөхөж байхад нь төлснөөр paid гэдэг шинэ бичилттэйгээр дахиад 7 жил хадгалагдах болно.
3.Зээлдэгч байгуулагатай тохиролцоо хийх.
Тухайн байгууллагатай холбоо тогтоож хэрэв нэг дор бүгдийг төлөх боломжгүй бол төлбөрийн график гаргаж тохиролцох. Эвтэйхэн ярьж гайгүй нөхцөлөөр өрөө барагдуулах тохиролцоонд хүрэхийг оролдох. Тэгж чадвал тэд торгуулиас чөлөөлөх, хүүг багасгах, сар бүрийн төлбөр хийх хугацаа хэрэглэгчдээ тохируулж өөрчлөх зэрэг хөнгөлөлтийг үзүүлнэ. 
4.Төлбөрийн хоцролтын талаар муу мэдээллийг засварлахыг оролдох.
Зээлдэгч байгууллагаасаа кредит тайлангаас мэдээллийг хасахыг гуйх буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “goodwill adjustment” /сайн санааны засварлал/ хийхийг хүсэх. Үүний тулд маш эелдэг байж энэхүү алдааны цаана хүндэтгэж үзэх шалтгаан байгаагаа дурдаж дахиж ийм явдал дахин давтагдахгүй гэж гуйх нь зүйтэй юм. Мөн зээлдэгч байгууллагатайгаа заргалдаж болох юм. Үүний тулд муу кредит мэдээллээ нотлохыг шаардсан захиа зээлдэгч уруу илгээнэ. Заргалдах хугацаанд тухайн мэдээлэл тайланд байх боловч FICO-д нөлөөлөхгүй байна. Зээлдэгч байгууллага чинь таны кредит тайлан болон таны гомдол чинь дүн шинжилгээ хийж шйидвэр гартал таныг өрөө төлөхөөс түр татгалзуулна. 
5. Хэрэв өөрөө эдгээрийг зохицуулах боломжгүй санагдвал мэргэжлийн байгууллагад хандаж болно.
Кредит зөвлөгөөний компани байгууллагад хандсанаар санхүүгийн төсөв гаргах, төлбөр хийх хуваарь гаргах, зээлдүүлэгчтэй өмнөөс чинь зөвшилцэл хийж аятайхан тохиролцоонд хүргэж өгөхөд тусална. Тэдгээр байгууллагад сар бүр тогтмол төлбөр төлснөөр тэд таны өрийг барагдуулна. Гэхдээ зээлдүүлэгч байгууллага уруугаа утастаж өр төлөгдөж байгаа эсэхийг лавлаж байхгүй бол төлбөр авсан нь ч үндсэн зээлийг чинь барагдуулахгүй яваад байдаг "хулхины" газрууд байдгийг мартаж болохгүй. Зөвлөгөөний төлбөр нэлээд бага төдийгүй үүнийг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр төлөх учиртай. Хэрэв төлж чадахгүй бол төлөх албатай биш гэсэн үг. 
АНХААРАХ ЗҮЙЛ:
Кредит зөвлөх товчоод ашгийн бус байгууллага гэж тооцогддог боловч scam болон нэмэлт хэт их төлбөр авах нь элбэг гардаг тул төлбөрийн талаар ямагт бичгээр гэрээ хийх хэрэгтэй ба гарын үсэг зурахын өмнө ГЭРЭЭГ ГЭРТЭЭ АВЧ СУДЛАХ боломжийг олгохгүй байгаа товчоодтой хамтрах ажиллах хэрэггүй юм. Энэ талаар онлайнээр дараах тусламжийг авч болно.
- Найдвартай, таньд үнэн сэтгэлээсээ өрнөөс чинь гаргахад туслах зорилготой байгууллагыг хэрхэн сонгож мэдэх талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг debtConsolidationRx.com сайтаас олж унших
- Зээлдүүлэгч байгуулагатайгаа хэрхэн зөвшилцөл хийх талаарх “өвдгөөр татсан өрөнд” нэртэй зөвлөгөөг Federal Trade Commission /FDC-Холбооны Худалдааны Хороо/-ын дараах сайтаас авч унших www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/kneedeep.html
- Кредит зөвлөгч товчоодын нэрсийг Association of Independent Consumer Credit Counseling /Бие даасан кредит зөвлөх товчоодын нэгдэл/-ийн www.aiccca.org сайтаас эсвэл National Foundation for Credit Counseling /Кредит зөвлөгөөний үндэсний сангийн/-ийн www.nfcc.org сайтуудаас авах боломжтой. Үүний тулд ядаж 5-аас илүү жил тогтвортой ажиллаж байгаа бөгөөд өрийн төлбөрийн графикаас гадна хадгаламж, зээлийн менежментийн сургалтыг санал болгодог байгууллагыг хайх.
- Дараа нь тухайн байгууллагын талаар өмнө нь гомдол гарч байсан эсэхийг Better Business Bureau-ийн сайтаас http://search.bbb.org/search.html хайлт хийж шалгаарай.
- Эдгээр байгууллагатай гэрээ хийхийн өмнө ямар асуулт тавибал зохих талаар FTC-ын www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/fiscal/htmlсайтаас олж уншаарай.
- Эцэст нь сонгосон байгууллагууд уруугаа утастаж тэдгээрийн өр барагдуулах төлөвлөгөө нь таны бүх өрийг шийдвэрлэж чадах эсэхийг нь асуух. Зарим нь байшингийн зээл /mortgage/, оюутны зээл болон өр цуглуулагч товчоонд шилжсэн дансыг хариуцдаггүй байна. 
Эдгээр дээр нэмж хэлэхэд Америкт ихээхэн өрөнд орсон хэрэглэгчид 2 замаар асуудлаа шийддэг ажээ. Нэгдүгээрт дээрх зөвлөгөөний адилаар кредит тайлангаа сайжруулах, аль эсвэл дампуурал зарладаг байна. Өнгөрсөн жилд гэхэд л 1.5 сая америкчууд өрөө болон зээлдэгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд дампуурал зарласан байна. Гэвч дампуурал зарласан мэдээлэл тухайн хүний файлд нэлээд удаан хугацаагаар хар толбо болж үлдэх тул аль болох нэгдүгээр аргаар асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй юм. Түүнчлэн өнгөрсөн 10 сард нэгдсэн улсын шинэ хууль нь дампуурал зарлах нөхцөлийг чангатгасан байна. Хэдийгээр Монголчуудын хувьд энэ мэдээлэл онц хэрэгцээтэй биш боловч ямар өөрчлөлт гарсан болон дампуурлаа хэрхэн зарлах талаар сонирхохыг хүсвэл “Personal Financial Choices” нэртэй үнэгүй зөвлөгөөг VISA болон Federal Citizen Information Center-ийн сайтаас ушниж болно. Энэхүү зөвлөгөө нь дампуурлын үндэс, дампуурал зарласны дараа хамгийн түрүүнд төлөгдөх төлбөрийн талаар тайлбарласнаас гадна хэвийн байдалдаа хэрхэн орж болохыг төлөвлөх талаар зөвлөгөөг багтаажээ. Дашрамд дурдахад Federal Citizen Information Center-ийн http://www.pueblo.gsa.gov/ сайтаас эдгээр болон хэрэгцээт төрөл бүрийн ангилагдсан мэдээлэл материалыг үнэгүй уншиж болно.

6/6/19 Санхүүгийн заль мэр

2006 оны 9 сард ДМ сонинд гаргаж байсан материалаа одоо ч гэсэн хэрэгтэй байх гээд оруулж байна. 2006 оноос хойш заль мэх улам нарийсч нэлээд төрлүүдээр нэмэгдсэн гарцаагүй билээ. Эдгээрээс миний сонсож мэдсэнээр хамгийн ойрхон гарсан заль мэхүүдэд тооллоготой холбогдож улсын байгууллагаас явуулж байгаа маягтай хуурамч захиа, имэйл илгээх замаар хүмүүсийн нийгмийн даатгалын дугаар зэрэг хувийн мэдээллийг авах, тооллого явуулж байгаа census-ийн ажилтнуудыг орлож мөн хувийн мэдээллийг авах, эсвэл мөнгө төлөхийг шаардах, энэ тэнд гарсан байгалийн осол, гамшгийг далимдуулж өөрсдөдөө хандивийн мөнгө авах, янз бүрийн улсын байгууллагын нэрийн өмнөөс, тухайлбал IRS буюу татварын газрын өмнөөс утастах, сүрдүүлэх, элдэв имэйл явуулж мөн л төлбөр төлүүлэх эсвэл хувийн мэдээллийг чинь цуглуулах гэх мэт. Энэ заль мэх хэрхэн ажилладаг гэхээр: утсаар татварт өртэй гэж, төлөхгүй баривчилна гэж айлгана, үүний дараа арай бага төлбөр өгөхийг зөвшөөрөөд хаашаа мөнгө орж байгааг хянах боломжгүйгээр нь $500 ч юм уу, $1000 гифт карт дэлгүүрээс худалдаж авахуулаад кодыг нь утсаар хэлүүлнэ. Энэхүү кодоо ашиглаад дэлгүүрийн апп үрүү шилжүүлж юу ч авах боломжтой болох ба үүний дараа маш хурдан ихэвчлэн цагийн дотор арай бага хэмжээний мөнгөтэй хэд хэдэн дэлгүүрийн гифт карт худалдаж авч энэ кодоо ихэвчлэн Хятад гэхчилэн гадаадад дахь боссууд уруугаа явуулна. Тэд эдгээр дэлгүүрийн картуудыг хямдруулж зардаг онлайн дэлгүүрүүдээр зарж мөнгө болгодог алхмуудтай. 
Иймээс ямар ч тохиолдолд хувийн мэдээлэл, үүний дотор нийгмийн даатгалын дугаар, банкны карт, дансны дугаар зэргээ утсаар, имэйлээр өгөхгүй байх хэрэгтэй. Нийгмийн даатгалын газар (Social Security), Татварын зэрэг улсын байгууллагуудаас ХЭЗЭЭ ч утас, имэйлээр холбогдохгүй гэдгийг анхаарна уу. Тэд ямагт албан ёсны цаасан захиа илгээх болно. Мөн хөгшчүүл үрүү утастаж хүүхэд, ач зээ нар чинь энд тэнд аваарт орсон, баривчлагдсан мөнгө хэрэгтэй байна, FB-ээр хуурамч зурагтай аккаунт үүсгэн хүмүүстэй танилцаж хайр сэтгэлийн хуурамч холбоо үүсгэж мөнгө салгах (таньдаггүй л бол гадаад хүний нэртэй найз болох урилгыг хүлээж авахгүй байх), хуурамч чек явуулж банк уруугаа хийгээд батлагдаж амжаагүй байхад чекний үнийн дүнгээс арай бага мөнгө асууж салгаж авах, бизнесүүд үрүү бизнес нэр, бизнесийн лиценц хугацаа дуусах дөхөх үед сунгах захиа ирүүлж төлбөр авах (мужийн улсын байгууллагаас business department ирүүлсэн эсэхийг шалгаарай, хувийн компани бол биш шүү) гэх мэт.
Заль мэхнээс болгоомжил
Шинэ газар анх ирэхэд урьд нь учирч байгаагүй, танил биш, ойлгож мэдэхгүй олон зүйл тохиолддог. Ийм тохиолдолд зарим хүмүүс учрыг нь олох гэж өөрсдөө туршиж үзэн алдаа гаргаж их, багаар хохирох нь бий. Тэгвэл доорх мэдээлэл танд цаашдаа тус болно гэж найдаж байна.
1. Хожил уу, Scam уу,
“Та ихээхэн мөнгө хожлоо. Та хожлоо өөрийн болгохын тулд яаралтай энэ утсаар ярих хэрэгтэй…” иймэрхүү үгтэй захиа авч үзсэн биз дээ. 1 сая, 100 000 доллар гэхчилэн томоор бичсэн тоог хараад өөрийн эрхгүй хөөрөх сэтгэл төрнө. Америкт ийм үгтэй захиаг ихэнх хүмүүс хүлээн авдаг. Sweepstakes компаниас хүмүүс байсхийгээд л ийм захиа хүлээж авдаг. Sweepstakes гэдэг нь нэг төрлийн сугалаа бөгөөд үүнд оролцохын тулд ихэвчлэн урьдчилж явуулсан кардыг дугтуйд нь хийгээд буцаан илгээхэд л хангалттай байдаг.
Гэвч хожих магадлал нь үнэхээр бага боловч алдах юм байхгүй тул ихэнх хүмүүс кардыг буцааж илгээдэг. Гэхдээ үнэхээр хожил бий юу? Мэдээж зарим нь үнэн. Тэгвэл яагаад тэд бид нарт юу ч хийгээгүй байхад мөнгө тарааж өгөх гээд байна вэ? Sweepstakes нь тэдгээр компаниудын хувьд өөрсдийн бараагаа /жишээ нь сэтгүүл, сонин/ сурталчлах боломжг өгдөг байна. Гэвч зарим нь бид нарын нэрлэдгээр хулхиных байх бий тул ирүүлсэн захиаг нь маш нягт унших хэрэгтэй юм билээ.
АНУ-ын Засгийн газраас гаргасан тооцоогоор хүмүүс жилд 1 биллион гаруй долларыг “Scam” буюу уран аргаар таны мөнгийг авах залинд алддаг гэжээ.
- Та хурдан шийдвэр гаргахгүй бол уг шагнал хүчингүй болно
- Та манай азтан боллоо. Харин бэлгээ авахын тулд зөвхөн шуудангийн зардлыг л явуулах хэрэгтэй.
- Та хожлоо! Шагналаа авахын тулд дараах утас уруу залгаарай.
- Та үнэгүй амралт хожлоо. Гагцхүү та үйлчилгээний мөнгөө л төлөхөд хангалттай.
Дээрхийн адил утга бүхий захиа, email, утасны яриатай тулгарвал маш болгоомжтой байгаарай. Эдгээр хүмүүст банкны кардын дугаар, Social Security Numberээ өгч болохгүй юм. Түүнчлэн зарим хүмүүс тэд нараас юм худалдаж авбал сугалаанд хожих магадлал нь ихсэх байх гэж ойлгон хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авах, сэтгүүл сонин захиалах нь бий. Гэвч Sweepstakes-ийн талаарх хуульд зааснаар иймэрхүү сугалаанд оролцохын тулд ямар нэгэн зүйл худалдаж авах, мөнгө зарцуулах албагүй гэнэ.
Sweepstakes компаниудаас “no purchase necessary буюу худалдаж авах шаардлагагүй” гэдэг үгийг том үсгээр бичсэн байхаас гадна хожих магадлалын хэмжээг дурьдсан байхыг хуулиар шаарддаг юм байна. Таньдаг америкчуудаасаа иймэрхүү захианы талаар асуухад ихэнх нь “Амьдралд үнэгүй юм гэж байхгүй шүү дээ, зүгээр л хогийн сав уруу хийчихдэг” гэж хариулцгаасан юм. Үнэхээр бид нарт юу ч хийгээгүй байхад хэн мөнгө өгөх вэ дээ. “There is nothing free in life” буюу амьдралд зүгээр юм олдоно гэж байхгүй билээ.
2. Шахалт-худалдаа
Дөнгөж сайхан амрах гээд суутал гэрийн утас дуугарлаа. Автал хэн нэг нь утасны үйлчилгээ зарах гээд дуржигнаж гарлаа. Эхний үед иймэрхүү утасны дуудлага ирэхээр англиар сонсож ярих сайхан боломж гэж үзэн чадах чинээгээрээ яриаг үргэлжлүүлэх гэж оролддог байсан бол сүүлийн үед аль болох эелдгээр би таныг ойлгохгүй байна, уучлаарай гээд утсаа таслах болсон билээ.
Иймэрхүү худалдааны газрууд жилд дунджаар 100 сая айлууд уруу залгалт хийдэг гэнэ. Телемаркетер гэж нэрлэгддэг тэдгээр худалдаачид автомат залгагчийн тусламжтайгаар хэдэн зуун айлууд уруу нэгэн зэрэг залгалт хийж чаддаг бөгөөд танд илүү сайн утасны үйлчилгээ, телевизийн кабел, DSL, сэтгүүл, амралтын пакет зарах гэж оролддог. Зарим үед тэд хэт залхмаар байдаг биз? Тэгвэл бид дараахь зүйлийг хийж болох юм байна. 2003 онд Америкийн Засгийн Газраас “Do Not Call” үндэсний бүртгэлийн системийг /https:www.donotcall.gov/ бий болгожээ. Та бүхэн дээрхийн адил дуудлага хүлээн авахгүй байхыг хүсвэл уг бүртгэлд өөрийн 3 хүртэлх тооны утасны дугааруудаа /гар утасны дугаараа ч гэсэн/ утсаар эсвэл онлайнаар бүртгүүлэх хэрэгтэй. Уг бүртгэлд орсон утас уруу бүртгүүлснээс нь хойш 5 жилийн хугацаанд телемаркетерууд залгалт хийхийг хуулиар хориглосон байдаг ажээ. Гэсэн ч хандив гуйгчид, улс төрийн байгууллагууд болон тантай бизнесийн холбоотой ажилладаг банк зэрэг газруудын хувьд хориг байхгүй тул тэднээс та дуудлага авч магадгүй. Хэрэв тэднээс утасны дуудлага авбал дахин утастахгүй байхыг хүсэх хэрэгтэй. Таны хүсэлтийн дараа тэднийг дахин залгалт хийхийг нь мөн хуулиар хоригложээ. Түүнчлэн “Do Not Call” системд бүртгүүлснээс хойш үйлчилж эхэлтлээ 3 сар хүртэл хугацаа шаардагддаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байхаа.
Үүнээс гадна дараах аргуудын хэрэглэж болох юм. Үүнд:
Утсандаа Caller ID авч хаанаас дуудлага ирж байгааг харах. Тэдгээр байгууллагуудын утасны дугаар нь ихэвчлэн 1800-гаар эхэлсэн байдаг тул утсаа авахгүй байж болно. Мөн тэд хэзээ ч мессаж үлдээдэггүй.
Та утасныхаа компаниас “privacy manager” буюу дугаараа мэдэгдэхийг хүсээгүй дуудлагыг илрүүлдэг үйлчилгээг байгаа эсэхийг асууж мэдээд, байдаг бол авах хэрэгтэй. Тэгвэл утасны дугаараа далдалсан дуудлаганд таны утас дугарахгүй байх болно.
Хэрэв та уг худалдааг сонирхохгүй бол яриагаа аль болох хурдан дуусгахыг хичээх. Гэхдээ ярилцагч телемаркетерт муухай аашлах хэрэггүй бөгөөд тэрээр зөвхөн бидний адил амьдрах гэж л ажлаа хийж байгаа гэдгийг ойлгоорой.
Хэрэв та уг бараа үйлчилгээг худалдан авахыг хүсвэл хаанаас ярьж байгааг нь баттай мэдэхгүй бол банкны картын дугаараа өгч болохгүй шүү.
Дээрхээс гадна америкчуудын нэрлэдгээр High Pressure Meeting буюу дарамтан дахь уулзалтын талаар дурьдах нь зүйтэй байх. Ихэвчлэн аялал жуучлалын компани, амралтын өрөө болон condo зардаг байгууллагууд уг уулазлтыг зохион байгуулдаг. Тэд тан руу утастаж “Та манай байгуулагаас явуулсан сугалаанд азтан боллоо” гэж мэдэгдээд тодорхой цаг товлон бэлгээ ирж авахыг хүсдэг. Ингээд урхинд орж ирсэн хүмүүст нэг нэгээр, эсвэл бүлгээр сурталчилгаа хийж хүсээгүй худалдан авалтыг нь хийлгэхээр ятгаж гарна даа. Тэдгээр худалдаачид үнэхээр чадварлаг “мэргэжлийн” тул ийм уулзалтаас ихэнх хүмүүс бодож хүсэж байгаагүй зүйлээ худалдаж аваад хямд гарын бэлэгтэй гэр өөдөө буцах нь элбэг билээ.
Хэрхэн ямар аргаар таны утас, хаяг тэдний гарт ордог вэ? Эдгээр компаниуд нь мэдээлэл зардаг байгуулагуудаас хэрэглэгчдийн утас, хаяг, мөн түүнчлэн таны жилийн орлогын хэмжээг хүртэл агуулсан жагсаалтыг худалдаж авдаг. Харин зар сурталчилгаа, мэдээллийн компаниуд нь судалгаа, сурталчилгааны аргаар хүмүүсийн мэдээллийг цуглуулдаг. Жишээ нь тэд анкет өгөөд бөглөвөл үнэгүй бэлэг өгнө, сугалаанд оролцуулж машин хүртэл хожуулна /mall дотор гоё машин тавиад хожихыг хүсвэл анкет бөглөөрэй гэх сурталчилгааг сонссон биз дээ/ гэх мэт аргыг хэрэглэж таны тухай мэдээллийг авдаг. Түүнчлэн дэлгүүр, бизнесийн байгууллага бүр өөрийн гэсэн хэрэглэгчдийн мэдээллийн сантай бөгөөд тэдгээр байгууллагын кардыг авах, бараа бүтээгдэхүүний бүртгэл хийлгэх бүрт өөрийнхөө тухай мэдээллээ бичихийг шаарддаг. Анкет бөглөхийн тоогоор тэд хэрэглэгчдийн мэдээллийн сангаа арвижуулж, цуглуулсан мэдээлэлдээ дүгнэлд хийж, зорилтот зах зээлээ тодорхойлж, зар сурталчилгааны хэлбэрээ сонгож ажилладаг ажээ.
3. Spam
Та бүхэн аяллын пакет, үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг ятгасан, нэг жилийн хугацаанд коллежийн диплом өгөхийг амласан имэйл хүлээж авч байсан биз дээ. Иймэрхүү биднийг хүсээгүй байхад бидэнд ирдэг, элдэв зар сурталчилгаа бүхий имэйлийг “spam” гэр нэрлэдэг. өөрөөр хэлбэл junk захианууд болон телемаркетин утасны дуудлагын электрон хэлбэр нь гэсэн үг юм. 2002 онд 260 биллион spam илгээгдсэн бол жилийн дараа 2003 онд 4.9 триллион болтлоо өссөн байна.
Микрософт компанийн үндэслэгч Билл Гэйтс spamыг имэйл экосистем дэх бохирдол гэж нэрлэжээ. Spammerууд /spam явуулдаг хүмүүс, байгууллага/ хэд хэдэн арга хэрэглэж таны имэйл хаягийг олдог. Та ямар нэгэн зүйл онлайнээр худалдаж авах үедээ имэйл хаягаа онлайн компанид үлдээдэг. Spammerууд онлэйн компаниудаас имэйл хаягуудыг худалдаж авдаг. Түүнчлэн тэд чат өрөөнүүд, мэдээллийн самбар, мэдээллийн группуудээс имэйл хаяг хайдаг. Мөн spammerууд өөрсдөө имэйл хаягуудын жагсаалтыг бусад spammerууддаа зардаг ажээ.
Spammerууд биднээс юу хүсдэг вэ? Тэд биднээс мөнгө л авахыг хүсдэг нь мэдээж. Эдгээрийн ихэнх компаниуд нь боломжгүй хуурамч зүйл рекламддаг. Жишээ нь 10 хоногийн дотор 50 паунд гээнэ гэх мэт. Гэвч ихэнх хүмүүс spamыг уншилгүйгээр шууд устгадаг байхад spammerууд имэйл илгээсээр байдаг вэ? Учир нь маш бага хувь нь уншихаар барахгүй бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг аж. Триллионы маш бага хувь гэдэг нь бас л их мөнгө болно шүү дээ. Флорида мужийн нэгэн spammer богино хугацаанд маш их мөнгө хийж бизнесээ 135 саяд зараад 37 насандаа тэтгэвэртээ гарсан байна. Тэгвэл spamаас хэрхэн зайлсхийх вэ? Үүнд:
Та зүгээр л шууд устгаж болно.
Та анти spam программ худалдан авч суулгаж болно. /Зарим интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэгчдэдээ үнэгүй программ санал болгодог/
Онлэйн худалдаа хийхдээ хэрэглэдэг тусдаа имэйл хаягтай болох. өөрийн чинь хувийн имэйл хаягийг захиа бичдэг дотны хүмүүс чинь мэддэг байхад хангалттай юм.
Вэб хуудас дээр нэмэлт мэдээлэл авахыг хүсч байгаа эсэхийг чинь асуусан асуулгыг үгүй гэж бөглөхөө бүү мартаарай.
Түүнчлэн онлайнээр худалдаа хийхдээ уг санал нь зөвхөн таны тухай хувийн мэдээллийг авах зорилготой биш хууль ёсны байгаа эсэхийг сайн магадалж үзээрэй. Юуны түрүүнд өөрийн худалдаа хийж сурсан сайтнаасаа худалдаагаа эхэлж байх хэрэгтэй бөгөөд уг вэб сайтын хаяг ямар нэгэн үгийн утга илэрхийлэхгүй бол хувийн мэдээллээ өгөхөөс болгоомжлох хэрэгтэй хэмээн Америкийн өмгөөлөгчдийн Нэгдлийн /American Bar Association - АВА/ Cyberspace Law Commettee тэргүүлэгч Вэнсэнт Поллей хэлж байна. АВА нь www.safeshopping.org сайтаараа худалдан авагчдад онлайнээр хэрхэн найдвартай худалдаа хийх талаар маш сайхан зөвлөгөөнүүдийг өгдөг юм байна. Хэрэв та урьд нь худалдаа хийж байгаагүй сайтаасаа юм худалдаж авах гэж байгаа бол дараахь зүйлсийн дагуу бага зэргийн судалгаа хийхийг зөвлөж байна.
Вэб хаяг нь өөрийн чинь тийм байх болов уу гэж хүлээж байсан хаяг байгаа эсэхийг анхаараарай. Үүнд ихэвчлэн дэлгүүрийн нэрийг агуулсан байдаг билээ. Жишээ BestBuy дэлгүүрийн вэб сайт bestbuy.com хаягтай байх гэх мэт.
Шуудангийн биш Физик хаягийг нь шалга. Мөн дурдсан утас нь ажиллаж байгаа эсэхийг нь утасдаж шалгаж болох юм.
Зөвшөөрлийн логог нь шалга. Better Business Bureau болон TrustE байгууллагууд нь онлайн худалдаачдад зөвшөөрөл олгож хэрэглэгчдэд найрсаг бизнэс эрхэлж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тус байгууллагууд нь гишүүнийн эрхийг хасах замаар хуурамч үйл ажиллагаа явуулсан сайтуудыг хаадаг.
Хэрэв та нэг л итгэлгүй байвал ВВВ /www.bbb.org/ хэрэглэгчдийг хамгаалах группууд эсвэл мужийн агентлагуудын сайтуудаас тухайн сайтад гомдол гаргасан эсэхийг шалгаж болох юм.
Онлайн худалдаа хийхдээ кредит кардаа ашиглаж бай. өөрийн банкны данснаас мөнгө гаргаагүй тул арай л илүү хамгаалагдахаас гадна ихэнх кредит кардны компаниуд интернэтээр зальдуулсан хэрэглэгчдэдээ мөнгийг нь буцааж төлөх баталгаа гаргадаг.
4. Infomercials /information + commercial
Биеийн тамирын дасгалын хэрэгсэл дээр булчин шөрмөс болсон залуу, эсвэл гоё сайхан биетэй бүсгүй инээмсэглэн ажиллаж бид хэрэгслийг нь худалдаж аваад гэртээ хэрэглэвэл маш л амархан бөгөөд хөгжилтэй байдлаар турж өөрсөд шиг нь гоё болж болохыг амлах ажээ. Хэдийгээр жин хасах нь үнэхээр хүнд хүчин зүтгэл, цаг хугацаа шаарддагийг бид мэддэг ч өөрийн эрхгүй магадгүй ч юм болов уу гэж эргэлзэхэд хүрдэг. Бид тиймэрхүү амьдралыг маань “сайжруулна, дээшлүүлнэ” гэж гоё амласан бүтээгдэхүүнүүд сурталчилсан нэвтрүүлэгтэй олонтаа тааралддаг. Infomercials гэж нэрлэгддэг эдгээр нэвтрүүлгүүдэд мэргэжилтэнүүд, алдартай хүмүүс оролцож мэдээлэл, зөвлөгөө өгдөг тул нь Үнэхээр үнэн мэдээлэл бүхий ТV шоу мэт санагдуулж биднийг үнэмшихэд хүргэдэг билээ. Эдгээр нь бусад телевизийн шоунуудын адилаар 30 минут орчим үргэлжлэх төдийгүй рекламын завсарлага хүртэл хавчуулах тул бид жинхэнэ шоутай андуурах дөхнө. Infomercials нэвтрүүлгүүдээс хурдан хугацаанд “туранхай”, “баян”, “гоё сайхан, царайлаг” болгох, үсийг минь ургуулах, тураах мэт амлалт бүхий эдгээр бараа бүтээгдэхүүн нь жинхэнэ амьдрал дээр бидний үзсэн шиг тийм үр дүн гарахгүй байх нь олонтаа тул авахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.

6/4/19 худалдааны дайн

Ойрдоо Америк хэрэглэгчдийн ихэнх хэрэглээний барааг авдаг Мексик, Хятад 2-той худалдааны дайн хийгээд удахгүй дэлгүүрийн барааны үнэ их, бага хэмжээгээр нэмэгдэх нь зайлшгүй. Мексикт Төв Америкаас Америкын хил үрүү ирж байгаа цагаачдын урсгалыг зогсоохгүй бол бараанд нь 5%-ын татвар ноогдуулна гээд. Энэ нь ядарсан улсад их л дарамт болох байх даа. Хятадын хувьд тариф ноогдуулах, хариуд нь Америкийн бараанд (гол нь фармуудын жимс, самар гэх мэт) яриа хурцдаад байгаа ч цаанаа бол миний ойлгож байгаагаар технологийн дэвшил хийж байгаа Huawei компанийг л зогсоох бодолтой байх шиг байна. Хэн 5G хийнэ, тэр дэлхийг эзэмшинэ гээд Путин хэлсэн билүү. Тэгвэл энэ компани Интернэтийн 5G хурдыг хийчихсэн, хэрэв энэ компанийг чөлөөтэй тавьчихвал дэлхийг бараг технологиор эзэмших болчихоод байгаа. 5G хурд гэдэг гайхамшигтай юм байхаа, жишээ нэг киног л гэхэд хэдхэн секундэд upload хийнэ гээд байгаа. Мэдээж Хятадын бүх компанид ЗГ-ын оролцоо хүчтэй, бараг ЗГ-ынх нь ч гэж ойлгож болох бх. Тэгэхээр дэлхийн улс орнуудын аюулгүйн байдал алдагдах асуудал үүсээд байгаа гэж ойлголоо. Дэлхийн 2 том эдийн засгийн сөргөлдөөн дэлхийн санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдлыг үүсгээд байгаа. Ингэж байгаад хямрал чирээд ирэх вий дээ.

6/22/19 цагаачлалын асуудал

Америкт хууль бус цагаачдыг баривчлах нь гэсэн шуугианыг албан ёсны мэдээн дээр нь үндэслэж тайлбарлая.  
Хамаг зүйл ерөнхийлөгч нэг дэхийн шөнө бичсэн"цагаачлалын шийдвэр гүйцэтгэгч алба (Англиар бичихийг хүссэнгүй. Энэ албаны нэр Мөс гэдэг англи үгээр товчилж бичигддэг Б.Д) сая сая хууль бус цагаачдыг баривчлах болно" твитээс эхэлсэн. Энэ алба ямар нэгэн том үйл ажиллагаа явуулахын өмнө зарлаад байдаггүй ч албаны даргын ABC news-д өгсөн ярилцлагадаа "бид коммунити дотор айдас үүсгэх гэж байгаа юм биш. Хуулиа л сахиулах гэж байна. Америк уруу сүүлийн жилүүдэд орж ирээд асилум (орогнол) хүсч өргөдөл бөглөхдөө хурдавчилж (expedited) шийдвэрлэх сонголтыг сонгоод үгүй гэсэн хариулт авч 30 хоногийн дотор гарч явах ордер авсан 2040 гаруй айлын гишүүдийг олж баривчилж албадан гаргах төлөвлөгөөтэй" гэсэн байна. Тэд энэ бүтэн сайнд (ихэвчлэн үүрээр, шөнөөр очдог гэж хүмүүс бичсэн байдаг) Балтимор, Чикаго, Миами, Нью Орлеанз, манай мужаас Лос Анжелес зэрэг 10 гаруй том хотуудад үйл ажиллагаа явуулна гэсэн байгаа. Лос Анжелевс хотын цагдаагийн газрын даргын хэлснээр "МӨС" байгууллага өмнөд Калифорнид ойролцоогоор 140 хүний гэрт очихоор төлөвлөсөн ба хотын цагдаагийн байгууллагаас МӨС-д ямар ч туслалцаа үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байгаа. Дээрхээс гадна өөр хотуудын албадуудад үйл ажиллагаанд бэлтгэх тушаал өгөгдсөн гэж бичжээ.
Тэгэхээр тэдний онилж байгаа цагаачид нь гаргах ордер авсан бөгөөд өгсөн хугацаанд нь гараагүй, эсвэл байнга очиж бүртгүүлдэг, зарим нь монетер зүүлттэй цөөн тооны цагаачид болохоос (монголчуудаас маань ийм нөхцөлд тийм ч их хүн байхгүй байгаа байх гэж би таамаглаж байна) сошиалаар шуугиад байгаа шиг, эсвэл Ерөнхийлөгчийн бичсэн шиг сая сая хүнийг албадан гаргах хэмжээний том үйл ажиллагаа болохгүй. Учир нь тус алба нийтдээ 6000 хан ажилтантай бөгөөд америкт амьдарч байгаа хэдэн сая бичиг баримтгүй иргэдийн мэдээлэл, хаягийг хайх, мэдэх, олох, гаргах хүчин чадал,боломж байхгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Ерөнхийдөө ерөнхийлөгч дараагийн сонгуулийнхаа сурталчилгаагаа эхэлсэн тул энэ нь дэмжигчдийнхээ сэтгэлийг тайвшруулах гэсэн алхмуудын нэг гэж би ойлгож байна. Үнэхээр л олон хүн гаргах бодолтой бол ингээд зарлаад байх нь юу л бол, зарлачихсан хойно гаргах ордертой хүмүүс чадах чинээгээрээ гэрээсээ явчих нь дамжиггүй.


Өчигдөр үдээс ерөнхийлөгч хууль бусаар оршин сууж байгаа цагаачдыг албадан гаргахаа түр хойшлуулсан гэж жиргэжээ. UCLA их сургуулийн цагаачлалын хуулиар мэргэшсэн профессор Хироши Мотомура "Эдгээр твит нь 2 үр дүнг авчирсан гэж бодож байна. 1-т дэмжигч нартаа амалснаа хийж байгаагаа итгүүлэх гэж. 2-т хүмүүст айдас төрүүлэх гэж. Зарим хүмүүс сайн дураараа явна. Хүмүүүсийг айлгаснаар тэд хүнд нөхцөлд, бага цалингаар ажиллахад бэлэн болно. Мөн 2020 оны тооллогонд тэднийг орохгүй байхаар айдас авчирсан байж магад" гэж дүгнэжээ. Тооллогын дүнгээр сонгуулийн тойргууд тодорхойлогддог тул Цагаачдыг оруулж тооллох нь Бүгд Найрамдах намынханд ашиггүй байгаагаас тооллогын хуудсанд "иргэн эсэх" гэсэн асуултыг оруулах гэж зүтгэж байгаа билээ. Ямартаа ч зөвхөн өөртөө ашиг унагаах зорилгоор логикгүй, дүр үзүүлсэн жиргээнүүдээрээ гэр бүл, коммунити, улс орон, дэлхий дахиныг цааш нь нааш нь болгочихож дөнгөх юмаа энэ нөхөр.

10/3/19 үнэгүй апп

Waze гээд траффик, хурд бууруулалт зэргээс холуур явж хурдан хүрэх зам заадаг үнэгүй сайхан апп байнаа. 
Microsoft Office Lens гэж ямар байршлаас зургийг нь авсан хавтгай болгоод сканердэж орхидог бас үнэгүй апп байна. Зүгээр юм байна.

10/21/19 СА хууль

Мужийн шинэ захирагч маань амалсан амлалтуудаа хэрхэн гүйцэтгэж байгаа талаар өнөөдөр хотын төв хэвлэл дүгнэж жагсаалт гаргажээ. Бууны хяналт, байрны зах зээл, рент, орон гэргүйчүүд, галын хохирлыг бууруулах гэхчилэн мужийн иргэд бидэнд хамааралтай хууль, дүрмүүдэд гарын үсэг зурсанаас Монголчуудад маань хамгийн хамааралтай байж магадгүй нь рент хяналт (өмнө нь дэлгэрэнгүй бичсэн), бичиг баримтгүй 26 хүртэл насны мужийн оршин суугчдад MediCal эрүүл мэндийн үнэгүй даатгалд хамрагдах боломжийг 2020-оос олгож байгаа хууль юм. 
Мөн СА-д замд дайрагдаж үхсэн амьтнаа ачиж аваад хоол хүнсэндээ хэрэглэхийг хуулиар зөвшөөрөх болсныг та бүхэн сонссон байхаа.

12/27/19 EQ сэтгэлийн чадамж

Алдарт сэтгэл судлаач эрдэмтэн Daniel Goleman дэлхий дахинаа EQ, англиар EI emotional intelligence, монголоор бол нийгэмд биеэ авч явах чадвар, сэтгэлийн ухаан, сэтгэл хөдлөлөө удирдах чадамж гэхчилэн орчуулагдаад байгаа, миний хувьд сэтгэлийн чадамж (IQ оюуны чадамж, EQ сэтгэлийн чадамж) гэж буулгавал тун тохиромжтой гэж үзээд байгаа чадварыг доорх 5 хэсгээс бүрддэг гэж үздэг.
1. Өөрийгөө ойлгож мэдэх. Өөрийн бодол санаа, мэдрэмж, чадал, чадамж, сул тал, үнэт зүйл, юунаас тэмүүлэл авдаг, бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг зэргээ таньж мэдэх, эдгээр нь өөрийн сонголт, үйлдэлд хэрхэн нөлөөлж байгааг олж харах. Энэ нь биднийг дотор хүн үрүүгээ улам гүнзгий өнгийхөд сургадаг.
2. Өөрийн сэтгэл санааг удирдах. Өөрийгөө таньж мэдсэн үндсэн дээр тухайн нөхцөл байдалд тохируулж сэтгэл санаагаа жолоодох. Ялангуяа өөрийн сөрөг импульс, сэтгэл санааны байдлаа хянах, өөр тийш нь залах. Энэ нь өөрийгөө хянах, сахилга батад сургадаг.
3. Өөрийгөө идэвхжүүлэх (эрчимжүүлэх, мотивацилах) Өөрийн тусын тулд амжилтанд тэмүүлэх, хүрэхийн тулд өөртөө урам зориг, түлхэц өгөх чадвар. Хүмүүс ихэвчлэн өөрийн дур сонирхолдоо зүйлдээ ингэж зүтгэдэг. Төрөлхийн энэ чадвар сайтай төрөөгүй л бол дунд сургуулийн наснаас эхлээд хүүхдүүдийг түлхэх хэрэгтэй болж эхэлдэг. Хэрхэн эндхийн Монгол хүүхдүүдийг хэн нэгний түлхэлт, шаардлагагүйгээр өөрийгөө идэвхжүүлээд хичээл номдоо шамддаг болгох вэ гэдэг миний эрэл хайгуулын нэг. Судалж, ажиглаж, уншиж байгаад монгол эцэг эхчүүддээ нэг зөвлөмж гаргачих санаатай.
4. Бусдын сэтгэл санаа, мэдрэмжийг ойлгож таних. Энэ нь бусдын үзэл бодлыг хүлээж авч сурах, тэднийг өрөвдөх, хайрлах, энэрэх, санаа тавихад сургадаг.
5. Харилцааны чадвар. Бусдыг ойлгож мэдсэнээр түүнд тохируулж харилцах. Энэ нь бусадтай зөв сайхан харилцаа үүсгэж явахад тусалдаг.
Хүн бүхэн харилцан адилгүй түвшний сэтгэлийн чадамжтай төрдөг ч шургуу зан, дадлага практис болон эцэг эх, багш, сурган чиглүүлэгчийн заавар зөвлөгөөгөөр энэ чадвараа сайжруулах бүрэн боломжтой. Эмэгтэйчүүдэд энэ чадвар илүүтэй хөгжсөн байдаг. Сэтгэлийн чадамж нь нас ахих тутам улам сайжирдаг гэж үздэг. Хөгшчүүл улам зөөлөн, сайхан ааштай болоод байдгийн шалтгаан нь энэ хэ хэ.
Судалгаагаар хүүхдэд сэтгэлийн чадамжийг эрт суулгах тутам тэдний цаашдын эрүүл мэнд, сайн сайханд урт хугацааны туршид сайнаар нөлөөлдөг гэж гардаг. Эрдэмтдийн хийсэн судалгаануудаас харахад хүүхдийн сэтгэлийн чадамж, зан байдал нь 8 насны орчимд төлөвшиж эхэлдэг тул энэ насан дээр тэдний ирээдүйн зан төлөв, сэтгэл санааны эрүүл мэндийг таамаглаж хэлэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд энэ насны орчимд өөрийн сэтгэл хөдөл, санаагаа зөвөөр илэрхийлдэг, бусдад санаа тавьдаг, хүндэлдэг харилцаа үүсгэж чадаж байвал том болоод сэтгэлд санааны уналт, хүчирхийлэл болон бусад сэтгэцийн асуудлаас хол байх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр хүүхдэд багаас нь сэтгэлийн чадамжийг суулгахад залуу эцэг эхчүүд юу хийж болох вэ? Саяхан Том Хэнкс тоглосон Mr.Rogers киноны гол дүр болсон Рожер гэдэг хүний хийдэг байсан хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нь Америкийн олон үеийн хүмүүсийн сэтгэлийн чадамжид чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнтэй адил санаагаар бага насны хүүхдэд зориулан хийгддэг "Daniel Tiger's Neighborhood" гээд PBS-ийн хүүхэлдэйн киноны цувралыг хүүхэддээ 2 нас орчмоос (үүнээс өмнө насанд дэлгэц харуулахгүй байхыг эрдэмтэд, эмч нар зөвлөдөг) эхэлж үзүүлэхэд их тохиромжтой. Энэ нь бид нарын өмнөөс хүүхдүүдэд маань уур хилэн, урам хугарах, гуниглах зэрэг тохиолдоход яах талаар сайхан заагаад өгдөг билээ. Нийтийн үнэгүй ТВ учраас үнэгүйгээр үзээд байж болно. 
Unlock podcast дээрээс Daniel Goleman-ыэ Emotional Intelligence гэдэг номыг сонсоогүй хүн байвал сонсоорой. 

12/2/19 Ажилд ороход хэрэгцээт сайт

LinkedIn -ийг ихэвчлэн коллеж төгсөгчдийн ажил олох гол сүлжээ болдог бол Jobcase сүлжээ нь жирийн ажилчдын ажил хайх гол сошиал сүлжээ болж чаджээ. Ажил хайгчид уг сүлжээнд үнэгүй бүртгүүлснээр сая сая ажлын байрны жагсаалтнаас ажил хайх боломжтой болох юм. Америк компанид төрөл бүрийн ажилд хүч чадлаа сорьё гэвэл Jobcase-д бүртгүүлж ажил хайгаарай. 
Уг компани LinkedIn -ын адилаар компаниуд мөнгө төлж хэрэгцээт ажилчдаа олох боломжоор хангадаг байх. Сонирхуулахад компаниудын хувьд talent авьяастнууд буюу бэлтгэгдсэн чадварлаг ажилтнаа олно гэдэг чухал зүйлүүдийн нэг учраас тэдний хүний нөөцийн хэлтсүүд LinkedIn -д аккаунтандаа жилд $8200 хүртэл төлбөр төлж үйлчилгээ авдаг. Том хүүгийн ярианаас үзэхэд бараг ихэнх оюутнууд LinkedIn -д нэгдсэн байдаг ба ахлах курсэд нь байхаас нь эхлээд компаниуд имэйл явуулаад эхэлдэг юм билээ.

12/16/19 Кинонд тоглох боломж

Амазон компани Бөгжний Хаан-ыг цуврал болгох гэж байгаа бөгөөд Шинэ Зеландэд жилийн дундуур зураг авалтаа хийж эхлэхдээ өндөр, эсвэл намхан, их үс сахалтай, үрчгэр, шүдгүй, “wonderful nose” гэхчилэн аль нэг шинж тэмдэгтэй бүх насны хүмүүсийг extra-д тоглуулахаар бүртгэж байгаа юм байна. Америкт кино урлаг уруу шургаад орчих санаатай хүмүүсийн хувьд олон ангит цуврал кино моодонд орж, киноны сэргэлтийн 2дахь үе болж байгаа энэ үед л амжуулах ёстой юм байх. 
Саяхан ЛА-д турын үеэр танилцсан кино урлагт хүчээ үзэж байгаа Америк залуу ингэж хэлсэн ба тэрээр “жүжигчин, эсвэл киноны чиглэлд ажиллахаар зүтгэж байгаа бол одоо ажилгүй байх ямар ч аргагүй тийм их зураг авалтууд болж байна. Хэрэв ийм үед зураг авалтанд орж чадахгүй байгаа бол чамд л асуудал байгаа гэсэн үг” гэж байна лээ. Дээрх кинонд өөрийн бүртгэлтэй агентаараа эсвэл FB-ээр зар гаргаад байгаа Auckland-ын BGT actors, models and talent агент уруу хандаарай. Азаар шинэ зеландад очингоо кинонд гар хөлийнхөө үзүүрийг 10 секундад гаргачих ч юм билүү тиймээ.
Залуучууд энэ талаар судалгаагаа өөрсдөө хийцгээрэй. Эсвэл ойроор нь ЛА-хнаас асуусан дээр байхаа. эхлэх гэж байгаа хүн яах вэ гэж асуугаад байх шиг байна. Юуны түрүүнд ямар нэгэг talent agent-тай болох, 2-р т union буюу эвлэлд нь гишүүн болох ёстой гэсэн. Union -ийн гишүүн биш бол компаниуд бараг харьцдаггүй гэнэ лээ.

12/15/19 Dark triad буюу хар гурав

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд гараад удаагүй байгаа нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зангуудад:
- наркацист өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг, зөвхөн өөрийгөө хайрлаж, хэт хувиа хичээсэн зан (Америкийн одоогийн ерөнхийлөгчийг сэтгэл судалаач эрдэмтэд энэ зангийн цэвэр илрэл гэж үздэг)
- Machiavellianism өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан (тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг, ихэнх улс төрчид энэ зангаа ашиглаж өндөрт гардаг гэж үздэг)
- psychopath буюу ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм, болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг, энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана
3-ууланд байдаг түгээмэл илрэл нь бусдыг үзэн ядах, 2 нүүр гаргах, өөрийгөө л зөвхөн боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд.
Эдгээр 3 занг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл нэмж мэдээж нөлөөлдөг. Орчин нөхцөл, төрөлхийн ген 2 аль хэмжээнд нөлөөлдгийг тогтооход хэцүү ч өргөж авсан хүүхдүүд дээр хийсэн судалгаа нэлээн дөхөж очно гэж үздэг. Догшин ширүүн, харгис хэрцгий гэр бүлээс гаралтай хүүхдийг тайван амгалан гэр бүл өргөж авсан тохиолдолд эдгээр хүүхдүүдийн зөвхөн 13 хувь нь өсч том болох явцдаа нийгмийн эсрэг үйлдэл үзүүлсэн байсан бол “муу” гэр бүлд үрчлэгдсэн бол 45 хувь нь харгис хэрцгий үйлдлүүд гаргасан байжээ. 
Доорх тестийг өгөөд үзээрэй.
Psychopathy, Machiavellianism, Narcissism хэсэг дээр 60-аас дээш хувьтай гарсан (percentile буюу нийт тест өгсөн хүмүүсийн 60-аас хувиас дээш оноо авсан гэсэн үг) хүмүүсээс болгоомжилж аль болох хол явах, 40-өөс дээш хувьтай гарсан хүнтэй цуг амьдрахгүйг хичээх, 20-оос дээштэй хүнтэй суувал амьдрал чинь амар биш байх болно гэжээ.
https://practicalpie.com/free-personality-test/

12/15/19 Харилцааны Чадавх Sociel Intellengence

Даниел Голмений 2005 онд бичигдсэн Харилцааны Чадавх Sociel Intellengence номыг уншаад авсан болон төрсөн санаануудаас
Тархи судлалын шинжлэх ухаан ололтоор бидний тархи бусадтай харилцаа холбоотой байхаар зохицогдсон бөгөөд хүнтэй харьцах үед тархи бусад тархитай WiFi-аар холбогдож буй мэт биднээс үл хамааран тархи хооронд холбоос үүсгэдэг, энэхүү мэдрэлийн холбоос нь харилцагч хүмүүсийн тархи, бие махбодид нөлөөлдөг нь тогтоогдсон билээ. Ялангуяа хүчтэй холбоогоор холбогдсон харилцаа холбоо, нөхөрлөл нь бидний сэтгэл санааг ийш тийш нь болгож, цаашлаад бидний зүрх судаснаас авахуулаад дархлааны гэхчилэн бие махбодийн системүүдийг зохицуулагч гормонуудыг ялгаралтанд нөлөөлдөг аж. Иймээс ч сайхан харилцаа холбоо бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол хортой нь эсрэгээрээ бидний эрүүл мэндийг аажмаар хордуулах бөлгөө. Харин бүр харилцаа үүсгэхгүй бол сэтгэл санаа, бие махбодь, зан чанарт муугаар нөлөөлдөг.
Техник технологийн хөгжил, хурдац, орчин үеийн амьдралын завгүй хэв маяг нь хүмүүсийг улам холдуулж, хоорондоо нүүр нүүрээ харан тархины холбоос үүсгэх, сонсох, бие биеэ АНЗААРАХ, улмаар анхаарал тавих боломжийг багасгаж, эсвэл бүр алга болгож улмаар гэр бүлтэй бүлгүй ч бие хүнд ганцаардлыг авчирч байна. Энэхүү номонд дурдсан Харвардын профессор Жероме Каганы ишлэл дээр “Хэдийгээр хүн уур хилэн, атаархал, хувиа хичээх, дайсагнал, бүдүүлэг, ширүүн, хүчирхийлэх муу зан төрх үүсэх үндсийг өвлөж төрдөг ч эдгээрээс илүү хүчтэйгээр ТӨРӨЛХИЙН өрөвч сайхан сэтгэл, нинжин сэтгэл, хамтрах, хайрлах, халамжлах, ялангуяа хэрэгтэй хүнд туслах сэтгэлтэй төрдөг.“ гэжээ. Гэтэл хүн бусдаас холдох, өөрийгөө тусгаарлах тусам бусдыг ойлгох чадвар нь муудаж, улмаар хувиа хичээлгүй бусдад туслах сэтгэл нь гэхчилэн маань дээр дурдсан төрөлхийн сайхан чанар, чадварууд нь багасч хоосроод ирдэг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс стрессийг өөр өөрөөр давж гарах чадвартай байдаг нь харь оронд амьдардаг эмэгтэйчүүд сэтгэл санааны гутралд илүүтэй өртдөгийг тайлбарлаж байна. Амьдралын бэрхшээл, хүндрэлийн үед эмэгтэйчүүд илүүтэй цуг давах туулах хүн, найз нөхдөө хань татдаг бол эрэгтэйчүүд ганцаараа давахыг сонгодог байна. Эрэгтэйчүүд ТВ, пиво гэхчилэн жижиг сажиг зүйлээр амархан стрессээ тайлж орхидог бол эмэгтэйчүүдийн дэргэд хүн байхгүй бол тэдэнд стрессээ давж гарахад хүнд байдаг. Аль болох олон дотно найз нөхөдтэй байх тутам эмэгтэйчүүд нас ахих тутам сэтгэл болон биеийн өвчин тусах магадлал нь төдийн чинээ бага байдаг. Өөрөөр хэлбэл найз нөхөдгүй ганцаардмал байдал нь тамхи татах, таргалалт зэрэг шиг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөл үзүүлэх том хүчин зүйлийн нэг ажээ.
Иймд ялангуяа аав ээж, ах дүү хамаатай садан, найз нөхдөөсөө хол амьдардаг болон найз нөхдийн хүрээ багасдаг насан дээрээ байгаа эмэгтэйчүүд найз нөхдийн холбоогоо улам зүлгэж сайжруулж, өөрийгөө түлхэж шинээр харилцаа холбоо үүсгэж, хамт олон дотор орж, арга хэмжээнд оролцож бусдад, нийтэд тус хүргэж явахаа нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гэсэн үг.

12/31/2019 Калифорнид 1/1-ээс хэрэгжих монголчуудад хамааралтай хуулиуд

Калифорнид 1/1-ээс хэрэгжих монголчуудад хамааралтай хуулиуд: 
1/ Uber law гэж нэрлэгдээд байгаа хуулиар Uber, Lyft -ийн жолооч нар болон зарим салбарын 1099k авдаг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг (гэрээт ажилчид-independent contractor) цалин, benefits бүхий орон тооны ажилчид гэж ангилахыг заасан байгаа. Одоогоор Uber жолоочдоо ажилчид гэж ангилахыг эсэргүүцэж байгаа. 
2/ хамгийн бага цалин 26-аас бага ажилчидтай бол цагийн $12, 26, түүнээс дээш бол $13 болж байна
3/ рентлэгчдийг хамгаалах хуулиар байрны эздийг рентийн төлбөрөө жилд 5-аас илүү хувиар (үнийн өсөлт инфлаци тооцогдоно) өсгөж болохгүй болон 1 жилээс илүү хугацаагаар амьдарч рентлэгчдийг гэнэт шалтгаангүйгээр байрнаас гаргахыг (no cause evict) хориглосон. Хэрэв байрны эзэн том засвар хийх болоод гаргах болбол 1 сарын рентнээс чөлөөлөх эсвэл тэр хэмжээний мөнгө олгох ёстой.
4/ вакцины хууль. Хийлгэх ёстой вакциныг хүүхэддээ хийлгэхгүй гэх монгол эцэг эх байхгүй бизээ. Вакцин эсэргүүцдэг эцэг эхчүүдэд хамааралтай хууль.
5/ 96 сая долларын санг мужаас гаргаснаар 26 наснаас доош насны бичиг баримтгүй , орлого багатай залуучууд (ганцаараа бол $17,500 -аас бага, 4 ам бүлтэй айлын хувьд жилийн орлого 35,500-аас бага) MediCal авах эрхтэй болж байгаа.
Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

2020 ондоо

Та бүхэндээ шинэ он, шинэ арвандаа эрүүл энх, сэтгэл санаа, үг хэл, үйлдэл тань улам эерэг байхын елзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье! 
Амьдралаа улам эерэг болгох талаар John Tierney, Roy F. Baumeister нарын бичсэн эссэнээс авсан санаануудаа та бүхэнтэйгээ хуваалцая.
1/ Муу үйл бүү хий. Бид бүхэн гэр бүл, бусдад зориулж хийсэн зүйлээсээ ихээхэн сэтгэл ханаж авдаг. Харин муу үйлээс холуур тойрч чадах нь сайн үйл хийхээс ч илүү чухал гэдгийг бид биендээ, үр хүүхэддээ сануулж явах ёстой санагдана. Ялангуяа бусдаас үг хэл, үйлдлээр өшөө авах, хорлох, хараахыг зөв зүйтэй гэж сурталчлах орчин үеийн түгээмэл соёл, уур амьсгалийн эсрэг үр хүүхдүүддээ хэлж ярих нь бидний үүрэг. Өөртөө чинь адил бус бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уужуу, тэвчээртэй байж сурах нь муу сэтгэл, муу үгс үүсэх боломжийг хаадгийг хожуухан нь ч гэсэн миний бие ухаарч ойлгосон билээ.
2/ 4-ийн дүрэм: 1 муу үйлийг 4 сайн үйл хаана. Гэр бүлд гарсан нэгхэн зөрчил, хамт ажилладаг хүний гаргасан ганцхан муухай ааш, хэрэглэгчийн чинь бичсэн нэгхэн сөрөг коммент нь хичнээн олон зүйлийг сайхан зүйлийг дарж, унагаадаг билээ. Аливаа сөрөг зүйл сайнаасаа 3 дахин илүүтэй хүмүүст нөлөөлдөг нь батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл хүн л юм хойно санамсаргүй, санаатайгаар 1 муу үйл хийсэн бол 4 сайн үйл хийж байж сөргийг зайлуулахыг хичээхнээ. 1 удаа хүнийг муугаар ярьсан бол 4 магтаал, 1 муухай мэдээ олж уншсан бол 4 сайхан мэдээ унших, 1 өдөр муу ажилласан бол (миний хувьд 1 өдрийн зугаа цэнгэл/аялал) 4 өдөр нь сайн ажиллах, 1 үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжгүй гаргасан бол 4-т нь сайн үйлчлэхийг хичээх гэхчилэн хэрэгжүүлэх боломжтой.
3/ муухай дурсамжийг сайнаар ашиглах.
Хүний амьдралд тохиолдсон муу зүйлс санаанд орж ирж бухимдал, харууслыг байн байн төрүүлэх нь бий. Харин үүнийг өөрийгөө болон бусдыг зоригжуулах, хэлж сургах хэрэгсэл болгож хувиргах боломжтой. Торгууль шийтгэл нь хүүхэд, сурагчид, ажилчдыг магтаал, шагналаас илүүтэй сайжруулдгийн адилаар өөрийн гаргасан алдаа мадаг, сөрөг тохиолдлоо өөрийгөө улам сайжруулах зүтгэх, хүүхэд залуучуудад хэлж ярьж тэднийг бэрхшээл саадыг давах урам зориг өгөхөд ашиглаарай.
Дашрамд дурдахад хүүхдийг өөртөө итгэлтэй болгох, сэтгэлээр унагаахгүйн тулд сайн ч байсан, муу ч байсан үнэнээр нь хэлж сануулж, шүүмжилж, “торгож” байхын оронд байнга магтаж байх ёстой гэсэн self-esteem movement буруу, маш хор холбогдолтой байсныг дэлхий дахинаа нотлогдсон гэдгийг монгол эцэг эхчүүд минь анхааралдаа аваарай. Байнга хоосон магтаалд өссөн хүүхдүүд коллеж, амьдрал дээр гараад алдаагаа засч сайжруулахад суралцаагүй тул сэтгэл санааны хүндрэлтэй тулгарч ирдэг. Мэдээж хэрэгтэй үед нь хүүхдэд урам өгөх тухай энэд би хэлээгүй билээ.
4/ амьдрал чинь тохиолдсон баяр баясал, сайн сайхан зүйлсээ улам өнгөлж тодотгож, байнга эргэн дурс. Марк Твэний бичсэнээр “Баяр баяслыг бүрэн дүүрэн амтлахын тулд чамтай үүнийг хуваалцах хүн байх ёстой” билээ. Үнэхээр бидний өмнөөс үнэн сэтгэлээсээ баярладаг хүнтэй баяр баяслаа хуваалцах нь биднийг үнэхээр аз жаргалтай болгодог билээ. Ингэж хуваалцсан баяр баясал улам илүүтэй сэтгэлд үлдэж, байн байн санаанд орж ирж сэтгэлийг хөөргөх бөлгөө. Судалгаагаар ахимаг насныхны дунд жижиг сажиг зүйлд байнга санаа нь зовж явдаг хүмүүсээс амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйлийг үнэлж дурсаж явдаг хүмүүс нь илүүтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай гардаг.
5/ аливааг өргөнөөр хар. Хүн төрөлхтөний аж амьдрал өмнөхтэй нь харьцуулахын аргагүй сайжирсан нь ч сэтгэл ханамж нь ямагт буурсаар байгаа билээ. Өдөр тутмын сөрөг зүйлийг олж уншиж, үзэж харж, дагаж байхаар аливаа хөгжил, цэцэглэлт, дэлхий дахины сайн сайхан зүйлсийг өргөнөөр харахыг хичээх нь ерөнхий сэтгэл санааг илүүтэй амар тайван болгох аж. Өөрсдийн сошиал хүрээгээ нэг сайн хараарай. Дандаа мууг ярьж, мууг мэдээлдэг найз нөхөд, FB группээсээ сал, гар. Хүн бүр дор дороо, эсвэл нэгдэж сайн сайхныг бодож хийж байхад хүмүүний амьдрал өдрөөс өдөрт сайжирч дээшлэн дэвжих жамтай.

Wednesday, May 30, 2018

Нудралт

Хүн ч тэнэгтэж дуусах биш дээ. Залуудаа юм үзэж, нүд тайлсан хүн олж харчхаад хэлсэн хэрэгтэй үгэнд бүр анхаарлаа тавьж, бодож үзээд шийдвэр гаргахдаа хэрэглэсэн бол миний амьдралд таарсан саад бэрхшээлүүдийг багасгаж, зөөлрүүлж, бүр байхгүй байлгах боломжтой байсныг хэдэн арван жилээ дараа л мэдэж ухаарсан. Оросд оюутан байхад цаг төр хямарч, сарын стифенд маань нэг талхны үнэтэй тэнцэх үед нэг хэсэг мөнгө олдог хүн болж хичээлээсээ нэлээд хөндийрч байх үед хэрэглээний программ заадаг профессор маань “Чи яагаад хичээлээ таслаад байна” гэхэд нь би урдаас, наадах чинь чухал хичээл биш, компьютер хэрэглэх явцдаа аяндаа сурчих зүйл гэж хэлэхэд тэрээр “тэр цагт чинь чамд цаг чинь хүрэлцэхгүй болно” гэж хэлэхэд emotional intelligence, түүний дотор өөрийн үйлдэл, бодлоо дүгнэх чадвар муутай байсан хүн яахав “хн” гээд л өнгөрөөж байснаа одоо 24 цагт дотор төлөвлөсөн багахан ажлаа ч заримдаа багтааж чадахгүй үед толгойд ян хийгээд бууж ирдэг билээ. Саяхан хүртэл 2,3 жилийн өмнө сайн санасан нэгэн хүн миний асуудлыг шийдэх чухал санааг утсаар ярих явцдаа хэлэх үед хэцүү юм байна гээд бодож үзэлгүйгээр орхисныг бүр хэцүү нөхцөл байдал дор өөр гарцгүй болоод хийх үедээ тэр үед хийчихсэн бол хичнээн сэтгэл санаа, мөнгөний зардал, чирэгдэл багатай байх байсныг бодоод өөрийн эрхгүй харамсаж билээ. Тэгээд өөрийгөө мэдэхгүй байж эргэн тойрны хүмүүс, ах дүү нар, найз нөхөддөө зөвлөх гэж оролдоно. Үгийг маань авалгүйгээр буруу сонголт хийх үед нь ухаант хүмүүсээс сонсож мэдсэн, уншсан, ойлгосон болон өөрийн харсан, туулсан зүйлээ хэлж байхад яагаад хүлээж авсангүй вэ гэж гайхна.
Яагаад хүүхэд залуучууд төдийгүй том хүмүүс бид олж хараад, сонсож мэдсэн хүний үгийг авдаггүй вэ, яавал авдаг, эсвэл авахуулах вэ хэмээн ойрын үед бодох болсон цаг дор (“Чи бэлэн болсон цагт багш өөрөө гарч ирнэ” гэдэг үгэнд итгэдэг нэгэн билээ.) хариулт бүхий Nudge нэртэй номыг unlock.mn подкастаар яг цагийг нь олоод сонсчхоод нэгд, сэтгэл зүй, эдийн засаг гээд миний дуртай 2 сэдэвт хамааралтай, дээр нь бас ойрын үед зорьж хичээж байгаа хүүхдийн хүмүүжил, боловсролын чиглэлд маань тун хэрэгтэй санагдсан тул номын сангаас авч уншлаа.
Тэгээд энэхүү номноос ер нь хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг (гар утасныхаа үйлдвэрийн дуу өөрчлөхгүй явдгаас ижил дуу сонсогдох тоолонд утсаа тэмтэрдэг биз дээ бид), тулгуур баримжаа нь өөр учраас өөрийнхөө өнцгөөс юмыг хардаг (жишээ нь хөдөөнөөс ирсэн болон гадаадын том хотод амьдарч үзсэн 2 хүнээс УБ хотын хүн амыг таалгавал өөр өөрийн туршлагат үндэслээд 2 эсрэг тоо хэлнэ гэжээ), хэдийгээр бодит байдал, тоо баримт өөр байж болох ч өөрт ойр, эсвэл туулсан туршлага дээрээ үндэслэн эрсдэлийг буруу тооцоолдог (жишээ нь хэдийгээр үер болох магадлал нь хээрийн түймэр тархахаас бага байлаа гэж бодоход хэрэв саяхан үер болсон бол хүмүүс үерийн даатгалыг ихээр хийлгэдэг гэх мэт), санамсаргүй тохиолдлуудыг утга учиртай гэж бодох, бодоит бус хэт өөдрөг хүлээлттэй байх (сугалаанд хожино гэж найддаг, тамхины хорны талаар тоо баримтыг мэдсэн ч би гайгүй гэж тооцоолдог гэх мэт), авахаасаа илүүтэй алдахаасаа айдаг (шинэ зүйл хийж туршиж алдаж байснаас хуучнаараа байхыг илүүд үздэг), хүмүүс ихэвчлэн бодлогогүй, идэвхгүй шийдвэрийг гаргадаг (эмч өвчтөнд мэс заслын адил үр дүнг 2 байдлаар хэлэхэд өвчтөн 2 өөр байдлаар усгаж авна. Эмч энэ мэс засалд орсон 100 хүн тутамын 90 нь 5 жилийн дараа амьд байгаа гэж хэлэх, 100 хүн тутмын 10 нь нас барсан гэж хэлэх 2-ын хооронд өвчтөний сонголт эсрэг тэсрэг байх магадлалтай. Үүнийг маркентингт их хэрэглэдэг бөгөөд framing буюу хүнд нь тохируулж илэрхийлэх гэсэн утгатай), хүмүүс хүн сүрэг бие биеэ бодлогогүйгээр дууриадаг, хичнээн буруу зөвийг мэдэж байсан ч өөрийн эрхгүй хорой, дураасаа болоод буруу сонгодог (буруу хоололт) зэргээс болоод буруу сонголтыг хийдэг, үүнийг мэдэж ойлгосноор тархинд эвтэйхэн нөлөөлөх (nudge-лах) боломжтой гэжээ. Өөрөөр хэлбэл миний буруу биш (хэ хэ), миний тархи л тэнэгтээд буруу сонголт хийгээд, харин тэр үед нь тухайн хүн зөв шийдэл гаргах тал уруу нь чиглүүлээд жаахан “ёвролт” өгчихсөн бол хэлснийг хэрэгжүүлэх байжээ. Та бүхэн доор тавьсан уг номноос авсан зургийг хараад 2 ширээний аль нь урт нарийн болохыг таа даа. Ихэнх хүмүүс зүүн талынхыг нь сонгоно. Ядаж хуруугаараа хэмжээд үз. Үнэн хэрэг дээрээ яг ижил хэмжээтэй ширээнүүд юм. Би яг нүдээрээ харсан, тэр нь урт гэж маргаж мөрийцөх хүн ч гарч ирнэ. Үүнтэй адил бид өөрсдөдөө бүрэн дүүрэн итгэлтэй, хичнээн зөв гэж бодож байсан ч бидний сонголт буруу байж болохыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Nudge буюу ёвролт, нудрах гэдэг хэллэг үгийг олонтоо сонссоор нэлээд хэдэн жил болжээ. Үгийн утга нь хүмүүсийн амьдрал, зуршлыг сайн тал уруу нь өөрчлөхийн тулд сонголтыг нь хягзаарлахгүй ч өөрт нь мэдэгдэхгүйгээр ЗӨВ сонголт уруу нь сэмээрхэн түлхээд, зоригжуулаад нудраад өгнө гэсэн үг. Энэхүү эерэг утгатай ойлголтыг “хийх”, “толгойг нь эргүүлэх” гэх мэтчилэн үгнүүдтэй бүү холиорой. Хүн өдөр бүр, сард, жилдээ, ер нь амьдралынхаа туршид санамсартай санамсаргүй хэдэн мянга, зуу сонголтыг хийж явдаг. Харамсалтай нь хүмүүн бид орчны элдэв нөлөөнөөс болоод болгоомжгүй, тэнэгтсэн шийдлийг гаргаж тэрнийхээ улмаас боловсрол, санхүү, гэр бүл, гэрлэлт, бүр эрүүл мэндээрээ хохирох нь олонтоо.
Чикаго хотод нуурын эргийн замын огцом эргэдэг аюултай хэсэгт хүмүүсийн хурдыг багасгахын тулд “нудралт” хэрэглэжээ. Замын тухайн хэсэгт ижил зайтай хөндлөн зураасууд тэмдэглэсэн ба хамгийн огцом хэсэгт харин зурааснуудын зайг улам ойрхон тэмдэглэжээ. Жолоочийн тархи эхний зураасын тэмдэглэгээнд дассан байх ба зураасын зай ойртох үед хурдан нэмэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй хурдаа бууруулдаг аж. Аюултай зам, хурдаа багасахгүй бол амь насанд чинь аюултай гэж мэдэж байсан хэт өөдрөг тархинууд маань алдаа гаргадаг, иймээс тархийг нь хуурчихаж байгаа хэрэг л дээ. Энэ мэтчилэн ард иргэдийнхээ төлөө тэднийг өөрсдийн эрүүл мэнд, санхүү, сайн сайхныхаа төлөө зөв сонголт хийлгэхийн тулд төр засаг, хотын төлөвлөлт бодлогод нудралтыг хэрэглэх нь ашигтай байдаг тусдаг учраас зарим улс орнуудын ЗГ, ерөнхийлөгчийн дэргэд nudge unit байдаг болсон билээ. Үүнтэй адил ард иргэдийнхээ төлөө нудралт хийж байгаа ЗГ, хотын захиргаа, компанийхаа ажилчдын эрүүл мэндийг сайжруулахын тулд (мөн компаний эрүүл мэднийн даатгалын зардлыг багасгахын тулд) фитнэс төвд тогтмол явсан тохиолдолд урамшуулал олгох, тэтгэврийн хуримталыг нь нэмэгдүүлэхийн тулд дуртай үедээ больж болохоор сар бүр автоматаар цалингаас нь тодорхой хувь тэтгэврийн данс уруу нь орж байхаар эхний тохиргоо хийж команий захиргаа, хүүхэддээ эхнээс нь их сургууль төгсөж боловсрол эзэмших ёстой гэсэн эхний өгөгдлийг нь шингээж өгсөн, эсвэл хэдийгээр хүүхдэд хэрэгтэй ч залхуураад хийхгүй явахгүй байгаа хичээл спортыг нь хүүхдээр өөрөөр шийдүүлж сонгуулж байгаа мэт боловч эвтэйхэн өөрийн хүсч байгаа сонголтыг хийлгэж чадаж байгаа ээж аав, сурагчдад хэрэгтэй сонголт уруу нь түлхээд өгч байгаа багш нар бүгд сонголтын архтекторууд буюу сонголтын орчны дизайнарууд болж байна. Тэгэхээр үнэхээр хүнд, хүүхдэдээ зөв гэсэн сонголтыг хийлгэхийг хүсвэл зүгээр нэг хэлээд өнгөрөх биш санаатайгаар сонголтын орчныг зохицуулж зөв нудралтыг хийх хэрэгтэй байхнээ. Хичээгээрэй.