Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, December 28, 2011

Шинэ оны зорилт

Шинэ он гарахын үед бусад хүүхнүүдийн адилаар миний толгойд 2 гол зүйл байдаг нь нэг нь шинэ жилийн үдэшлэгт орохдоо гоё харагдахаасаа өнгөрсөн юм бишүү гэдэг шиг ч өөрийнхөө хамгийн гайгүй “хувилбараа” гаргаж ирэх, нөгөө гэр бүлийнхээ хийж бүтээснийг дүгнэж, үргэлжлүүлэх юм байвал үргэлжүүлэх, өөрчлөх юм байвал өөрчлөх, шинэ онынхоо шинэ зорилго, төлөвлөгөөгөө гаргах явдал байдаг билээ. Нас явахын хэрээр амьдралын зорилго чиглэл өөрчлөгдөж хичээж зүтгэж байсан зарим юм тэгтлээ чухал биш болж, харин энгийн зүйлс бидний гол чиглэл болж өөрчлөгдөх юм даа. Миний сүүлийн үед хичээж амьдралдаа баримтлах болсон чиглэл бол аль болохоор бүрэн дүүрэн амьдралаар амьдрах, эргэн тойрны олон зүйлийг бид өөрчилж чадахгүй ч хүмүүстэй болон орчин тойрондоо чадах чинээгээрээ ухаалаг хандах, таньж ойлгохыг хичээх болсон билээ. Мөн бидний болон нийт гэр бүлийн гол амжилт шалтгаалж байдаг эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэйг илүүтэй ухаарах болсон. Нэлээд олон талаас нь бодож үзсэний дараа 2012 оныг “Happy” жил болгох өөрийн болон гэр бүлийнхээ ерөнхий чиглэлийг гаргаад байна. Блогтоо бичээд нийтэд зарлачихвал “ичсэн нүүрэндээ” өөрийгөө замаасаа шантрахгүй биелүүлэх гээд зүтгэх болов уу гэж бодсоных. Мөн та бүхний ирэх оны чиглэлд чинь ганц 2 нь ч гэсэн санаа өгөх болов уу гээд оруулж байна.

- Гэрийхнийгээ бүтэн нойртой байлгах. Биеийн болон сэтгэл санааны эрүүл байдалд нойр нэг  номерын чухал зүйл гэж эндхийн эмч нар бичдэг. Үнэхээр ч жаахан нойр, хоолноос холдоод ирэхээр толгой өвдөөд эхэлдэг болжээ. Хүүхдүүд ч гэсэн нойр дутуу хэд хонохоор сургуулиасаа ханиад амархан дагуулаад ирдгийг эцэг эхчүүд анддаггүй. Том хүмүүсийн хувьд 7-8 цаг, сургуулийн насны хүүхдүүдэд 10-12 цаг, “teen” насныхан 8-9 цаг унтах ёстой. Хүүхдүүд гэлтгүй өөрөө заримдаа чимээ шуугиангүй гээд шөнө нь юм бичиж суудаг зангаа больж ор уруугаа зүглэх цагаа хатуу баримтлах цаг болжээ.
- Тогтмол дасгал хийх. Дасгалын дүнд бие эрхтэн хөдлөхөөс гадна тархины үйл ажиллагаа “хөдлөж” идэвхждэг тул биднийг “happy” байхад маань туслах юм. Жилийн жилд л DVD, жим гээд л эхлэвч тогтмол болгож чадсангүй өдий хүрчээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өдөрт 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ. Үнэхээр хэвшүүлэхийн тулд биелүүлж чадахгүй хэцүү зүйл төлөвлөх хэрэггүй бөгөөд хамгийн гол нь өөрийн чинь хүсэл сонирхол, зам чөлөөнд чинь тохирсон дасгалаа л олох, нөхцөл байдлын өөрчлөлтөнд уян хатнаар төлөвлөх ёстой юм байна. Мундаг хүмүүсийг дууриаж дургүй юмаа хүчээр хийвэл хэвшил болохгүй нь ойлгомжтой билээ. Дасгал гэж тусад нь цаг гаргахгүйгээр ч өдөр тутмын хийдэг зүйлдээ багтаагаад 20 минут алхах, гүйхийг оруулаад дээр нь өөрийн дуртай хөдөлгөөнөө бүжиглэх ч юмуу, дээсээр үсрэх гэх зэргээр хөдлөхөд л хангалттай болохнээ. 
- Өөртөө цаг гаргах. Ялангуяа эмэгтэйчүүд бид бусдад цагаа зарцуулсаар өөрийгөө мартдаг. Хүүхдүүдийн сургууль, дугуйлан, гэрийн даалгавар, хоол унд, бичиг цаасны засвараар ядаж 20 минутыг өөртөө зориулж ганцаараа байж ном унших, гоо сайхандаа зарцуулах, дуг хийх зэргээр өөрийгөө тордох. Хэт их зүйлээр календараа дүүргэхгүй байх. Заримдаа хэт ачаалал өгөх зүйлд хийнэ гэж бусдад амлахгүй байх, өөртөө “хэрэггүй”, “үгүй” гэж хэлж байх. Сардаа ядаж нэг удаа найзуудтайгаа уулзах, утсаар ярих цаг гаргах. Ингэснээр уур уцаар багатай “happy mom” байж түүнийг дагаад гэр бүл ч гэсэн “happy” байх боломж нь ихсэх юм. 
- Хүүхдүүддээ хариуцлага нэмэх. Урдуур нь орж гүйсээр залхуу хүүхдүүдтэй болж орхижээ. Хоол унд, цэвэрлэгээнд оролцох тодорхой төлөвлөгөөг бичиж хадах /эндхийн хүүхдүүд заавар, дүрмийг баримтлах дуртай/.
- Хүүхдүүдээ сайн хүн болоход нь бэлдэх. Харьцангуй бэлэн юман дээр өсч байгаа тэндийг өдөр тутмын саад бэрхшээлд гонгинолгүйгээр тэсвэртэй, зоригтой хандаж шийдвэрлэдэг болгох, бусдад өгөөмөр, өрөвдөж хайрлах, нинжин сэтгэлээр хандах, эцэг эх, ах дүү, эргэн тойрны хүмүүс, одоо байгаа зүйлдээ талархаж билэгшээж хандахыг дадлагажуулах явдал билээ. Энэ бүгдэд тэднийг мэдээж нэг жилийн дотор хэвшүүлж чадахгүй ч өдөр бүрийн дадлагаар тэдний насан туршид нь үлдэх билээ.
- Эрүүл хүнсний хэрэглээгээ бага багаар нэмэгдүүлэх. Өнгөрч байгаа жилд арвай гурилыг хэрэглэж хэвшсэн, улирлын шинэ жимсийг улиралд нь авч иддэг болсон “амжилтаа” нэмэгдүүлж дээр нь улирлын шинэ ногоог хоолондоо багтааж хэвшүүлэх. Аль болох цөөхөн нэмэлт орцтой, хиймэл /artificial/ болон химийн бодистой хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байх. Оройн хоолны “хүндийг” багасгаж өглөөний хоол уруугаа “шилжүүлэх”. Хоолноос хамаарах эрүүл мэнд ямар хоол идсэнээс гадна, хоолоо яаж идсэнээс хамаарна гэдэг. Гэр бүлээрээ хоолоо удаан тайван идэж хэвших.

3 comments:

  1. Yaaaag zov!!! Neeree l nas ahiad ireheer odor tutmiin engiin met zuils l hamgiin chuhal bolj huvirah yum daa.Hund hamgiin unetei zuil ni bol Eruul mend ni yum daa.Neeree Bayarsaihaan ene talaar tusgailan yum bichvel yamar ve?Jishee ni: Omega-3 yagaad hund heregtei gej,herhen heregleh ve?…Geh meteer.End Americt asar olon hortoi horgui ni medegdehgui hool hunsnii dund humuusiin tolgoi estoi ergej ogdog bololtoi! Za tegeed eruul ahuin buteegdehuunees ali ni sain ali ni muu zereg…Jisheelbel shudnii oo geed l.Ene talaar chi medeelel saitai baidag hunii huvid bichvel yamar ve?
    Za tegeed Shine Onii mend devshuulie!

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Хоол хүнсэн дэх химийн бодисын талаар материал цуглуулаад бичихэд бэлэн болж байгаа. удахгүй энэ материал дээрээ суунаа. Мөн эрүүл мэндэд хэрэгтэй бодисуудын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хамт оруулнаа. Өмнө нь бичсэн бидний хэрэглээ дэх хортой химийн бодис гээд 2 цувралын /эм, BPA/ төгсгөл нь болох юм.

    ReplyDelete
  3. Мундаг зорилго тавьжээ. Амжилт хүсье. Олон сайхан нийтлэлтэй блог байна. Аргамж (RSS feed) тавьж орхилоо :)

    ReplyDelete