Эрүүл мэнд, хоол хүнс нь миний адилаар олон хүмүүс, ялангуяа хүүхнүүдийн маань сонирхож, анхаардаг сэдэв мөн билээ. Иймд энэ талаар миний урьд уншиж байсан болон цуглуулсан, судалж харсан материал, мэдээллүүдийг нэгтгээд хэд хэдэн хэсэг болгон бичихээр төлөвлөж байна. Блогийн уншигчдын хүсэлт, мөн дээр нь өөрөө мартсан болон анхаарах зүйлүүдээ дахин сэргээхэд нэмэр гэж үзсэнийх билээ. Юуны өмнө түрүү жил Parada сэтгүүлд хэвлэгдэж байсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн асуулт-тестээр цувралаа /дээр нь өөрийн талаас жаахан тайлбартай/ эхлэе. Дараа нь хоолон дахь хорт бодисууд болон эрүүл мэндэд хэрэгцээт бодисууд, хүнсний бүтээгдэхүүнүүд гээд аль болох сүүлийн үеийн судалгаа, мэдээ материалаас бэлтгэх бодолтой байна. Хэдэн арван жилийн өмнө сайн гэж сурталчлагдаад хэрэглэгдэж байсан зүйл өнөөдөр эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдох нь бараг л ердийн үзэгдэл болж байгаа тул шинэлэг бөгөөд “хар ухаанаар” бодвол зөв байж болохоор мэдээллийг өгөхөөр миний бие хичээх ба эрүүл мэндийн чиглэлийн ямар нэгэн боловсролгүй миний бичсэн мэдээллийг та бүхэн өөрийн тунгалаг ухаанаараа шүүн хүлээж авна гэдэгт итгэж байна. Эрүүл мэнд, амь настай холбоотой шийдвэрийг ямагт эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй зөвлөж байх нь зүйтэй билээ. Та бүхэн санал сэтгэгдлээ хуваалцаарай.
Эрэгтэйчүүд.
1. Үнэн эсвэл худал.
Улаан мах /red meat/ иддэг хүн зүрхний болон сахарын өвчнөөр өвчлөх илүү магадлалтай.
Хариулт: Худал.
1.2 сая гаруй хүмүүсийг оролцуулсан 20 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж үзсэнээр Harvard-ын судалгааны баг боловсруулагдаагүй улаан мах идэх болон дээр дурдсан өвчингүүдийн хооронд хамаарал олж илрүүлээгүй байна. Гэвч боловсруулсан улаан мах: bacon /давсалсан гахайн мах /, hot dog, deli махнууд /хиам, болгосон turkey, ham…/ зэрэг нь зүрхний өвчний өвчлөх магадлалыг 42 хувиар, сахарын өвчнөөр өвчлөх магадлалыг 19-аар нэмэгдүүлдэг гэж гаргажээ.
Б.Д:
Дээрхээс зүрхний болон сахарын өвчинтэй л зөвхөн харьцуулсан гэдгийг анхаараарай. Түүнээс биш улаан махны хэрэглээг нийт үхлийн тоотой /American Cancer Institute-ээс 2009 онд 500 мянга гаруй дундаж насны Америкчууд дээр хийсэн судалгаа/ болон хорт хавдрын өвчлөлтэй уялдуулан хийсэн судалгаагаар /“Forks over Knifes” баримтат кино- доктор Chen Junshi, Collin Campbel нарын 1990 онд хэвлүүлсэн Diet, Life-style and Mortality in China/ бол хоолны орцонд нь мах ихээхэн байр суурь эзэлдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх, эрт үхэх магадлал ихтэй гэж гарчээ. Дээр дурдсан Forks over Knifes кино нь мах, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг Монгол хүн үзэхэд жаахан хэцүү ч /ерөнхийдөө амьтны гаралтай хүнс хэрэглэвэл чамд муу гэдгийг л батлах гэж оролдсон кино/ авахаар хэрэгтэй мэдээлэл их өгч байна лээ. Ялангуяа Хятадад хийсэн судалгаа нь маш өргөн хүрээтэй олон хүн оролцуулж хийсэн олон жилийн хөдөлмөрөөр гарч ирсэн судалгаа юм билээ. 1974 онд Хятадын нэг том дарга давсагны хорт хавдар туссан нь түүнийг Хятад улсын хэмжээгээр хорт хавдрын талаар өргөн хүрээтэй судалгааг эхлүүлэх хүсэл зоригийг төрүүлсэн байна. Ингээд 1973-75 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн талаар орон даяар 650 мужийн 880 сая гаруй хүнийг оролцуулсан судалгааг 650 мянга гарй эрдэмтэн судлаачдыг дайчлан гүйцэтгэсэн аж. Энэ судалгааны дүн 1976 онд гарсан ба үүгээр Хятадын зарим мужид хорт хавдрын өвчлөл /элэг, ходоод, нарийн гэдэс гэхчилэн чиглэл бүрээр/ эдгээрээс хол орших бусад мужийг бодвол 400 гаруй дахин ихтэй гарч ирчээ. Үүний дараа яагаад ийм гарч байна гэдэг дээр хариулт авахаар Хятадын эрдэмтэн Chen Junshi, Америкийн эрдэмтэн Collin Campbel-ын удирдсан баг /350 гаруй хүмүүсийг бэлтгэж/ хөдөөгийн алслагдсан мужид 6500 гаруй хүний хоол хүнс, хэрэглээ дээр голчлон судалсан судалгааг 1983 онд эхэлсэн байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн шээс, цусны шинжилгээг ч хийжээ. Энэхүү судалгааны дүнг 1990 онд хэвлүүлсэн нь тухайн үедээ маш их анхаарал татаж байсан байна. Монголд энэ талаар гарсан судалгаа байдаг бол олж харвал их сонин байхсан.
Мах, түүний дотор улаан мах байнга ихээр идэх нь тийм ч сайн хэрэг биш гэдгийг бараг л мах иддэг ихэнх хүн мэддэг. Дээр нь эндхийн дэлгүүрээс бидний авч иддэг мах Монголын хөдөөгийн эрүүл сайхан агаарт, бэлчээрт эрх чөлөөтэй идээшиж, зоволгүйгээр амиа таслуулсан малын махыг эрүүл талаасаа ч амт чанараараа ч яаж гүйцэх билээ. Food Inc киног нэлээд хүн үзсэн байх. Томоохон корпорацуудын бэлтгэдэг мах /дэлгүүрийн ихэнх мах/, бэлчээрт гаргаж өвс идүүлдэггүй, хашаанд хашигдаж, хямд тэжээл болох эрдэнэ шишээр бордогдож байгаад үй олноороо үйлдвэр үрүү цаазанд туугдан ордог, айдас хуралдуулан зовж алуулдаг амьтдын мах гэдгийг уг киноноос харагддаг. Тиймэрхүү кино их үзвэл ч махнаас гарч магадгүй ээ :-). Бид Монголд байгаагаасаа илүүтэй Америкд мах иддэг болов уу. Миний хувийн бодол бол эндхийн Монголчуудын нэлээд нь махнаас гар гэсэн зөвлөгөөг дагаж чадахгүй болов уу. Ялангуяа биеийн хүнд хөдөлмөр хийдэг эрэгтэйчүүдийгээ махнаас гаргана гэвэл тэд “дайн” зарлах биз. Харин аль болох хоолон дахь махны орцоо багасгах, ядаж нэг өдрийг махгүй хоол идэх, зарим өдрүүдэд цагаан мах /тахиа, загас гэх мэт/ идэх, мөн түүнчлэн боломж олдвол органик, өвсөөр тэжээсэн малын мах идэж байхыг хичээх нь арай амьдралтай зөвлөгөө болох болов уу.
2. Үнэн эсвэл худал.
Сахалтай хүнд алерги /харшил/ илүүтэй хөдөлдөг.
Хариулт: Үнэн.
Тоос шороо нь сахалд нь наалдсанаар сахалтай хүмүүс илүүтэй найтаалгаж ханиалгадаг байна. Иймд харшлын улирлаар сахал үсээ хусах, эсвэл өдөрт 2 удаа угаахыг зөвлөсөн байна.
3. Эрэгтэй хүн стрессээ багасгах хамгийн сайн арга бол
- А. Гүнзгий амьсгалах дасгал хийх
- Б. Нохойгоо эрхлүүлэх
- В. Зүрхний цохилт хэмжигч багаж худалдаж авах
Хариулт: В.
Дээрх бүгд тайвшрахад нэмэртэй ч аавууд техник технологид дуртай тул В-г сонгож байгаа юм. Зүрхний цохилт хэмжигч нь минут тутам дахь зүрхний цохилтыг хэмжиж /bpm/ гаргадаг тул өөрийн санаа зоволт, бухимдлаа хэмжих боломжийг өгөх болно. Зүрхний цохилт ихдээд ирэх үед сэрүүлэг дуугардгаар тавьсан ч болно. Энэ төхөөрөмжийг хэрэглээд удахаар аяндаа ямар зүйлээс болж бухимдаж байгаа, яаж урьдчилан сэргийлэх, эсвэл өөрийгөө хэрхэн хянахаа мэддэг болоод ирнэ.
4. “Wallet neuropathy” гэдэг өвчин нь …. зүйлээс үүдэж үүсдэг.
- А.Гэр орны санхүүдээ санаа зовсоноос
- Б. Зузаан түрүүвчин дээр дандаа сууснаас
- В. Мөнгө тоолсоноос /банкны ажилтантай эсвэл хүүхэддээ мөнгө өгөх гэж /
Хариулт: Б.
Удаан хугацаагаар зузаан түрүүвч дээр сууснаас нуруу нугасыг хөшигдөж, бөгс, хөлний мэдрэлийн судалд даралт өгсөнөөс хавдалт, хөл иржигнэх, нурууг өвтгөх шинж тэмдэг илэрч болно.
5. ….-ийг иддэг эрэгтэй хүмүүсий дунд Alzheimer өвчний өвчлөлт харьцангуй бага байдаг.
- А. Улаан мах
- Б. Тараг /yogurt/
- В. Загас
- Г. Масло
Хариулт: В.
Ялангуяа өөхлөг /fatty/ төрлийн болох salmon/яргай загас-лосось/, herring /май загас -селдь/, mackerel /хар амар загас- скумбрия/ загаснууд. Эдгээр нь тархины шинэ эд эс үүсэх хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг omega 3 төрлийн өөхний хүчил болох DHA гэдэг бодисоор баялаг юм. The Framingham Heart Study хэсгээс гаргасан судалгааны дүнгээр 7 хоногт 3 удаа загас иддэг хүмүүст Alzheimer өвчин тусах магадлал 39 хувиар бага байсан байна:
6. Оффист ажилладаг эрэгтэйчүүдийн хувьд хамгийн ухаалгаар дасгал хийх арга юу вэ?
- А. Гантил өргөж гарын булчингийн дасгал хийх
- Б. Утсаар ярьж байхдаа холхиж, алхах
- В. Компьютер дээр ажиллаж байхдаа босож зогсох
- Г. Толгойгоо эргүүлж хүзүүний дасгал хийх, мөрөө хөдөлгөх
Хариулт: В.
Өдрийн ихэнхийг сууж өнгөрөөдөг хүмүүст зүрхний хурц өвдөлт /heart attack/ авах магадлал 54 хувиар илүү болох нь Pennington Biomedical Research Center-ийн судалгаа харуулж байна. Хамгийн аюултай нь “суух” нь бие даасан эрсдэлийн нөхцөл буюу хэдийгээр тухай хүн жимд тогтмол явдаг, үдийн цайны цагаараа алхдаг, тамхи татдаггүй байсан ч уг өвчнөөр өвдөх магадлалыг бууруулахгүй гэсэн үг. Компьютер, компьютерийн гараа өндөр байрлууснаар зогсож ажиллах боломжтой болно /зориулалтын ширээ ч байдаг/.
7. Үнэн эсвэл худал.
Аавыгаа элсэнд булж тоглох нь тэднийг өвчлүүлж болно.Хариулт: Үнэн.
The Environmental Protection Agency байгууллагын болон бусад хэд хэдэн судалгаагаар эргийн элсэн дотор E coli бактер болон зарим төрлийн хордуулагч бодис байх боломжтой бөгөөд хэрэв ийм элсийг залгивал гэдэсний өвчин тусах магадлалтай. Иймд элсэн дээр юм идэхийн өмнө гараа цэвэр усаар угаагаарай гэж зөвлөжээ.
8. Настай эрэгтэй хүн ямар эмийг гарын дор байлгах хэрэгтэй вэ?
- А. Antibiotics
- Б. Aspirin
- В. Viagra
Хариулт: Б.
Зүрхний хурц өвдөлт болмогц маш хурдан цаг алдалгүйгээр аспириныг ууссанаар судасны цусыг шингэлж, бөглөрлийг нь багасгах болно. Зүрх судасны эмч Dr. Artur Agatston имиржинси үед 325 мгр-ын нэг таблетийг /том хүний/ усаар даруулж уухыг зөвлөж байна. Жижиг хэмжээний савтай аспириныг өөрийн гарын дор, ширээний шургуулга, машин дотроо гэхчилэн байлгах нь зүйтэй гэжээ.
9. Аз жаргалтай эрэгтэй хүнийг аз жаргалгүй эрэгтэй хүнээс ялгах хамгийн чухал шинж тэмдэг юу вэ?
- А. IQ
- Б. Боловсрол
- В. Нөхөрлөл
- Г. Орлого
Хариулт: В.
Дассан нөхөрлөл нь эрүүл мэнд, нөхцөл байдалдаа дасан зохицох, ерөнхийдөө сайн сайхан амьдрахад гол түлхүүр нөхцөл болохыг судлаачид тогтоосон билээ. Тэгэхдээ найз нөхдийн тооны олон биш, нөхөрлөлийн чанар нь чухал үүрэгтэй аж. Эрэгтэйчүүд олон хүмүүстэй найзладаг ч тэгтлээ гүнгийрч нөхөрлөх нь ховор билээ. Тийм холбоо, нөхөрлөл тогтоохын тулд сургуулийн найзуудтайгаа холбогдох ч юм уу, эсвэл тусгай цаг гаргаж нөхөрлөлөө бататга.
10. Хэрэв аав дутуу нойртой яваад байвал аль өвчнийг тусч болох вэ?
- А. Зүрхний өвчин
- Б. Сахарын өвчин
- Г. Хорт хавдар
- В. Таргалалт
- Д. Бэлгийн сулрал
- Е. Дээрх бүгд
Хариулт: Е.
Хангалттай амарч чадахгүй явбал стресс үүсч, гормоны баланс алдагдаж, дархлаа буурах болно. Энэ 3 нийлснээр угшил өвчнийг үүсгэх магадлалтай. Эрэгтэй хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? Сэрэнгэ байсан 2 цаг бүрт унтах нэг цагт ноогдохоор тооцоход болно. 8 цаг бол хамгийн тохиромжтой нь юм.
Tuesday, January 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment