Саяхан найзынхаа охины төрсөн
өдрөөр хүмүүстэй яриад сууж байтал 12/21 өдөр чухал сэдэв болж хувирдаг байгаа.
Монголд байгаа ээжтэйгээ ярихад хэд хэдэн удаа энэ талаар дурсагдаж дэлхий их аюул
ирнэ гээд монголчууд бэлдээд лаа чүдэнзээ
цуглуулж байгаа гэхээр нь инээгээд үнэхээр тэгдэг юмаа гэхэд лаа чүдэнз ч ямар
нэмэр болох вэ дээ гээд хөгшин хүмүүсийн санаагаар тоглоод гээд монголд ч
дэндүү юмаа гээд тоолгүй өнгөрсөн ч америкт байгаа монголчуудын маань санаанд
нь ингэтлээ орж ирээд байгаа гэж бодоогүй явсан билээ.
Мексикийн Маяа омгийхны 5125
жилийг үзүүлсэн календар 2012/12/21 өдөр дуусаж байгаа гэдгээс үүдэж тэднийг
тэр өдөр дэлхий сөнөхийг зөгнөсөн гэдэг үзэл бодол дэлхий даяар түгээд бараг
хэдэн жил болж байна. Дээрээс нэрмээс болоод 2008 онд гарсан “2012 он” гэдэг
кино дээр дэлхий даяар цунамид автагдаж байгаагаар гаргасан нь хүмүүсийг айдсыг
улам нэмэгдүүлсэн билээ. Мөн интернэт, мэдээллийн хэрэгслэлүүд цуурхлалыг
түгэхэд нэлээд нэмэр болсон. National
Geographic сувгаар “Doomsday
Preppers”
нэвтрүүлгээр аюул ослын үед бэлдэгсдийн тухай гаргаж байгаа нь тэдний
рэйтингийг нэмэгдүүлж нэтворкийн хамгийн их үздэг цуврал нэвтрүүлгийн нэг
болоод байна. Саяхан манай хотын төв хэвлэл дээр Буриадад энэ сургаар survival буюу аюул
ослын үед хэрэглэгдэх зүйлс маш ихээр зарагдаж наймаачид баяртай байгаа гэж
бичсэнийг уншаад тэгтлээ юманд бэлдээд сүйд болоод байдаггүй уужуу тайван
монголчуудтай адил гэж миний бие боддог буриадууд ингэж бичигдэхийг бодоход
нэлээд л дөвчигнөж байна даа гэж бодоод өнгөрсөн. Ер нь барууны орнуудад,
америкт, ялангуяа газар хөдлөлт, далай ус, салхи шуурганы аюул тохиолдож байдаг
мужуудад үргэлжийн бэлтгэлтэй байж, ус, хүнсээ хугацаа нь дуусмагц шинэчилж,
хорогдох байр саваа засаж тохижуулж байдаг билээ. Ямар сайндаа манай америк хүргэн манай гэрийн шуудайтай гурил, будаа зэргийг харчихаад танайх emergency хоол их сайтай юм байна, ямар нэг юм болбол танайд ирнээ гэж "joke" хэлж байхав. Үнэндээ бэлдэж барьсан юм байхгүй, зүгээр л гурил, будаа их хэрэглэдэг монгол айл дахин дахин дэлгүүр явахгүй л гэж шуудайгаар аваад тавьсан нь тэр билээ. Reuter агенлагийн
сүүлийн судалгаагаар америкчуудын 12 хувь нь дэлхий сөнөнө гэдэгт итгэж байгаа
гэж гарчээ. Үлдсэн хувь нь түүний дотор миний бие шинэ жилдээ бэлдээд дараа
жилээ төлөвлөөд явж байна даа. Итгэгчдийн хувьд дэлхий эсвэл нийгэм сөнөх янз
бүрийн онол байгаа бөгөөд үүний дотор нөгөө л кинонууд дээр гардаг байгалтийн
гамшиг, эдийн засгийн сүйрэл, цөмийн аюул, харь гаригийхны эзлэлт, гариг
солирын мөргөлдөөн, террористуудын довтолгоо, химийн зэвсгийн дайралт, ЗГ-ийн
эзлэлт, зомбий нарын эзлэлт гэх мэт орж байна даа. Элдэв хов шив, мэдээ унших
завгүй тул Монголд яг аль түгсэнийг мэдэхгүй юм. Дэлхий даяар итгэгчид дотроо 2
янзаар бэлдэж байна. Нэг хэсэг нь нөгөө түрүү жил Оакландын нэг лам байхаа дэлхий
сөнөнө гээд баахан хүн дагуулаад ой уруу явдаг шиг. Цуг явсан хүмүүс нь ихэнх
мөнгөө үрээд, өр тавиад дэлхий сөнөнө, тэр ламыг дагаад диваажинд очихоор яваад
/яваагүй хүмүүс тамд унана ч гэлүү/ хөөрхий буруу өдөр байсан байна гээд буцаад
ирцгээсэн билээ. Нөгөө хэсэг нь дэлхий биш нийгэм сөнөнө гээд сайн бэлдэж аваад
өөрсдөө амьд гарна гэсэн итгэлтэйгээр зүтгэж байна. Жишээ нь Хятадад Lu Zhenghai гэдэг хүн тэр
өдөр дэлхий усанд автагдана гэж үзэн цуглуулсан
бүх мөнгөөрөө усан онгоц гэхэд хаашаа юм том завь хийлгэсэн гээд зураг нь сонин
дээр байхыг харсан. Калифорний их сургуулийн профессор, Маяа судалгааны
мэргэжилтэн Geoffrey
Braswell-ийн үзэж байгаагаар календар нь яг яагаад дуусаж байгаа
болон яг энэ өдөр нь энэ сарын 21 мөн эсэх /эртний судлалын мэргэжилтнүүд Маяа
календар 12-р сарын 21-д таарч байгаа эсэх, эсвэл энэ өдөр нь өнгөрсөн, эсвэл
болоогүй эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна/, Маяа нар өөрсдөө дэлхий сөнөнө
гэдэгт итгэж хийсэн зэрэг тодорхойгүй ч энэ хийрхэл нь Маяа нарыг гэхээсээ бидний
нийгмийн үйл хөдлөлийг илүү илэрхийлж байна гэж үзэж байна. Энэхүү өдөр нь 2 тохиолдолд дурдагдсан байдаг
бөгөөд нэг мөр нь 9 бурхад дэлхий үрүү илгээгдэнэ гэж нөгөө нь бурхадын хийх
зүйл их хүнд байх болно гэсэн утга бүхий үйл үг юм байна. Geoffrey Braswell “энэ нь ямар утгатайг бид ойлгох битгий хэл тайлбарлаж чадахгүй: Гэхдээ
нэг л юм тодорхой юу гэвэл энэ календарт дэлхийн төгсгөлийн тухай ямар ч үг
дурдагдаагүй” гэжээ. Хамгийн сонин нь дэлхийн энэ тэнд муу өдөрт бэлдэж байхад нөгөө
“хэргийн эзэд” жинхэнэ Маяа гаралтай
мексикүүд энэ өдрийг нэгэн агуу зуун дуусч шинэ агуу зуун эхэлж байна гэж
бэлэгдэж тэмдэглэхээр бэлдэж байгаа гэнэ. Зарим хүмүүс ашиг хонжоо хайн
хүмүүсийн айдсаар бизнес хийж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Маяа
соёлын үлдэгдэл байдаг Chichen
Itza хотын ойролцоох бүх зочид буудлуудын өрөөнүүд аль хэдийн
зарагдсан ба Kinich
Ahau төвөөс Маяа нарын агуу ухааныг сурталчлах, эх дэлхийгээ
хайрлах ухааныг улам дэлгэрүүлэх, бүжиг наадам, шашины үйл ажиллагаа зохион
байгуулахаар бэлдэж байгаа гэжээ. Энэ бүгд юу өгүүлж байна вэ гэвэл айдас бол
үнэн ч ба худал ч бай том бизнес гэдгийг харуулж байна. Монгол лаа компанийн 3
жилийн орлогоо энэ жил хийсэн гэж нэг хүн надад хэлсэн. Их орны минь үйлдвэр
ашиг олж байвал яахав ээ. Дээр нь лаа ч зүгээр шүү, тог тасардаг улсад гэж
бодож байна. 50-аад оны хүйтэн дайны үед Кубын хямрал гэдгийн тухай энэд их
ярьдаг. Тэр үеэр бол үнэхээр бодит аюул заналхийж байсан бөгөөд 2 эсрэг тал
2-уулаа цөмын зэвсэг хаях тушаал өгөх кноп дээр гар нь байсан үе. Тэр үед
америк хүмүүсийн 53 хувь нь цөмийн дайн болно гэдэгт итгэж байсан бөгөөд 200
мянга гаруй /хэтэрхий бага тоо гэж үздэг/ айл өрх газар доорх орогнох байр
бариулсан гэж үздэг. Тухайн үед америк хүн амын тоо 184 сая орчим байсан бөгөөд
өнөөгийн хувьд хэд нь тохижилттой орогнох байр бариулж дийлэх бол /дээр
дурдагдсан цуврал нэвтрүүлэг дээр нэг айл 450 мянгаар бариулсан нь гарч байсан
гэсэн/ гэдэг нь сонин юм. Секс зарагддаг гэдэг шиг айдсан дээр дөрөөлж их мөнгө
олж болно. Худлаа гэвэл эргэн тойрноо хар даа. Энэ талаар бичсэн эсвэл
дурдагдсан ном, сонин сэтгүүл, телевиз, шашины болон ирээдүйг үзэж харах, зөвлөгөө,
жуулчлал гээд л. “Apocalyptic
Prophesies”
гэсэн гарчигтай дотроо Маяаны календартай сэтгүүл ихээхэн зарагдаж байгаа
харагдана. Баар кодны доор нь 2013 оны 2-р сарын 11 хүртэл зар гэсэн бичиг
харагдана. Дэлхий сөнөнө гэж бичсэн энэ хүн
харин ч 12 сар битгий хэл 2 сар хүртэл орлого олохоор төлөвлөжээ дээ. Жишээ би энэ өгүүллийг олон хүнд уншуулья гэж бодвол дэлхий сөнөх үү гэх зэргээр гарчиг өгөхөд болохнээ. 12-р сарын 21 өнгөрмөгц дээрх сургаал номоо
айлдаж хүмүүсийг айлгаж байсан хүмүүс өдөр нь буруу байж, эсвэл бидний ачаар зөөлөн буулаа ч гэх юм уу ямар нэгэн
арга олоод тайлбарлах биз. Байгаль орчинтойгоо буруу харьцсаны уршгаар
байгалийн огцом өөрчлөлтүүд энэ тэндгүй нэмэгдэж байгааг бид бүхэн мэдэж
байгаа. Цаашдаа ч улам нэмэгдэнэ. Тэрэн тоолонгоор ирээдүйдээ итгэх итгэлээ
алдаж, мууг зөгнөн үр хүүхэд, хөгшдөө айлгахаа болимоор юмаа. Монгол хүн амны
билгээс ашидын бэлэг гэдэг. Тэрний оронд санаа сэтгэлээ амгалан байлгаж үр
хүүхдэдээ хүмүүсийг болон эх дэлхийгээ хайрлах, өрөвдөх сайхан сургаал ном
хайрлаж шинэ оноо угтацгаая даа.
No comments:
Post a Comment