Америкт баярын улирал эхлээд дундаа
оржээ. Гудамж даган ургасан моднууд
ногоон, хүрэн, улаан, шар өнгөөр алгалж, дээр нь айлууд баярын гэрлэн чимэг
зүйлтээ зүүсэн нь модны хот нэрлэгддэг Сактогийн
намар, өвлийн улирлыг үнэхээр үзэсгэлэнтэй болгодог. Хаана ч явсан баярын
холбогдолтой дуу цангинаж, гэрэл чимэглэл гялтганах нь бидний сэтгэлд өөрийн
эрхгүй баясал төрүүлнэ.
Ер нь жилд тохиолддог баярын
өдрүүд нь сэтгэлд тод дурсагдаж үлддэгээрээ хүний амьдралын нэг жилийн нөхөөснүүд
юм уу даа. Тийм ч учраас миний бие өөртөө, болон гэр бүл, үр хүүхэд, найз
нөхөд, төрөл садандаа аль болох дурсамжтай байх талаас нь өнгөрөөхийг хичээдэг
болсон билээ. Ямар ч л байсан шинэ газар
сууршьсан бидний монголчууд эндхийн баярын уламжлалыг өөрсдийн зан заншилтай
холиод, зохицуулаад гэр бүлийн шинэ уламжлал гаргаж ирцгээсэн. Монголыг бодвол
энэд Шинэ жилээс илүүтэй Христийн шашинтнуудын баяр Christmas-ыг илүүтэй тэмдэглэдэг. 25 өнгөрөөд л нөгөө сарын
өмнөөс л гоё засаж чимэглэээд байсан модоо гаргаад хаячихна. Монголд бол ид л
ёлкоо барьдаг өдрүүд. Эндхийн монголчууд бид Christmas-ын шашины баяр гэхээсээ
илүүтэй Magic баяраар
нь хүлээж авч тэмдэглэж байна. Дээр нь мэдээж шинэ жилээ сайхан тэмдэглэнэ дээ.
Би эндхийн баярын өдрүүдийг
монголынхоо цагаан сартай адилтгаж бодох дуртай. 12 сар бол миний хувьд маш
завгүй байдагч би дуртай. Сарын эхээр баярын мэндчилгээ бүхий гэр бүлийнхээ
зурагтай картыг хэвлүүлж америк хөгшид, найз нөхөд үрүүгээ илгээнэ. Мөн Монгол
найзууд, төрөл садангийнхаа гэр бүлд жижиг дурсгалын өвөрмөц зүйл бэлдэж
бэлэглэнэ. Манай гэр бүл хэдийгээр христийн шашинтай биш боловч Christmas-аар
хүүхдүүддээ /Сантагийн бэлэг үлдээдэг оймсонд нь/ болон төрөл садныхаа
хүүхдүүдэд бэлэг бэлдэж солилцдог. Манай хүүхэд тус бүр ойролцоогоор 6-10 бэлэг
авдаг. Эдгээр нь тэдний жилжингээ хүсэж хүлээсэн зүйлүүд байдаг. Хүүхэд л
болсон хойно энэ тэнд харсан юмаа өмнөх саруудад авахуулах гэж ятгана. Эхний
үед авч өгдөг байсан боловч хэдхэн хоноод л нөгөө уйлах нь шахуу гуйж
авахуулсан тоглоом энэ тэнд хэрэггүй хэвтэж байдаг тул больсон билээ. Ингээд хэдэн
жилийн өмнөөс хүүхдүүд төрсөн өдөр, шинэ жил 2-оор л дуртай юмаа авахуулна гэж
шинэ дүрэм гаргасан юм. Тийм ч учраас манай хүүхдүүд надаас тийм юм аваад өгөөч
гэвэл жагсаалтандаа бич гээд явуулдаг. Тэдний сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөс
хамаарч жагсаалтанд байсан зүйлсээс зарим нь алга болж, зарим нь шинээр нэмэгдсэн
байдаг. Тэр жагсаалтаас нь би шинэ жилээр бэлэг явуулдаг айлууд уруу хэлдэг. Юм
тааж авах ажлыг нь хөнгөлдөг тул тэд өөрсдөө ч дуртай байдаг. Хэрэв зарим нь
арай үнэтэй бол 2 айлын дундаасаа авч болно шүү гэх зэргээр хэлдэг. Миний хувьд
сарын дунд гэхэд бэлэгний худалдан авалтаа дуусгасан байхыг хичээдэг. Зарим
хүмүүс шоппин хийх тийм ч дуртай биш байдаг бол, би хүүхдүүдэд, ялангуяа өөрөө
баньд нартай болохоороо охидуудад бэлэг авах гэж дэлгүүр явах дуртай. Охидуудын
хувцасны гоё өнгөтэй, чамин маягтайг яана. Баяраа гуай шумбаад л ороод өгнө
дөө. Заримдаа дэлгүүрт ороод охидын тасаг уруу ороод явчихаар нь манай хүн араас
хөөш манайх охингүй шүү дээ гэж сануулдаг юм. Хотынхоо монголчуудын холбооноос хүүхдүүдэд
зориулж зохион байгуулдаг шинэ жилийн партид хүүхдүүддээ аваачиж баярлуулна.
Мөн тэндээс тэд бэлэгтэй ирцгээнэ. Ийм олон бэлэг сэлт авч байгаа хүүхдүүдэд Christmas нь ид шидийн баяр санагдахаас яахав дээ.
Christmas Eve буюу битүүний
орой нь хүүхдүүдийнхээ хуурай өвөө эмээ дээр очиж хоол идэцгээгээд бэлгээ
солилцоно.2 хөгшнийхөө дуртай хоолыг бэлдээд очно доо. Яг Christmas-ын өдрөөр
манай ах дүү нар гэр бүлээрээ цас уруу явдаг уламжлал тогтоогоод нэлээд хэдэн
жил болж байна. Хэдийгээр нэг хотод амьдарч байгаа ч ажил ихтэй хүмүүс амралтын
өдрүүд нь зөрдөгөөс заримдаа жилд нэг 2-хон удаа бие биеийнхээ барааг хардаг
болсон тул энэ өдрөөр заавал цуг байхыг хичээдэг юм. Хамгийн гол нь жилд ховор
тохиолддог бүх хүмүүсийн зэрэг амардаг өдөр, дээр нь цаны баазууд хүн багатай
байдагт билээ. Сайхан халуун хоол унд бэлдэж аваад цэвэр агаарт уул уруу олуулаа
явахад сайхан даа. Ах, эгч дүү нартайгаа, тэдний хүүхдүүдтэй цуг өнгөрөөсөн өдөрт
нэгийгээ явуулсан яриа, гарсан инээдтэй зүйлүүдээс дараа жилжингээ дурсаж ярих
онигоонууд үүсч гардаг. Түрүү жил ах маань миний хийсэн шөлийг хоол шингээхэд
зүгээр эд байна гэж хэлсэнээс болж бүтэн жилжингээ дооглуулсан. Маханд дуртай
хүн шөлийг бол хоол гэж тооцохгүйн нь байна шүү дээ. Одоо бид хэд шөл уу
гэхээсээ хоолоо шингээх үү гэж асууцгаадаг болсон. Бидний үр хүүхдүүд энэхүү
уламжлалаа үргэжлүүлээд хаана ч байсан цуглараад уулзаж байдаг болбол мөн
сайхан даа.
За тэгээд Christmas-ын дараа хотынхоо
шинэ жилд орох гэж хүмүүс догдолж эхэлнэ дээ. Хүүхнүүд бид жилд нэг удаа өөртөө
болон бусдад “гайгүй” харагдчих санаатай нэлээд хэд хоногийн өмнөөс гоёондоо
санаа зовно. Ингэсний ч үр дүнд хүүхнүүд маань нэг жилийг ажил, гэр гээд өөртөө
ч олигтой цаг зарцуулж чадахгүй өнгөрөөдөг ч шинэ жилийнхээ үдэшлэг дээрээ
бүгдээрээ л цоглог сайхан харагддаг.
Энэ олон зүйл үйл ажил, явдал болгож
тэмдэглэх гэж ажлынхаа хажуугаар зүтгэдэг нь баярлаж хөөрхөөсөө гадна өөрсдийн
болон гол нь хүүхдүүдийнхаа сэтгэлд олон арван жилээр хоногшсон, сайхан дурсамж үлдээх юмсан гэсэн горьдлого цуг
байдагт болов уу.
Энэхүү баярын хөөрлөлөөр
бичсэн нуршсан зүйлээ зогсоож, нэг жилийн турш миний бичлэгийг цагаа зарцуулан гололгүй
уншиж, урмын үг хайрлаж байсан уншигч та бүхэндээ их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.
Christmas,
шинэ жилээ сайхан тэмдэглээд ирэх 2013 онд амьдрал тань амар амгалан, баяр
баясал дүүрэн байхыг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment