Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, March 29, 2014

Телевизийн нэвтрүүлгээр бодлого хэрэгжүүлэх нь



Манай найз Монголоос ирээд найз биднийгээ инээлгэх олон “амьдралын” онигоо ярьсны нэг нь энэ юм. Нэг найзынх нь хүү аавдаа “ Энэ ээж чинь миний төрсөн ээж мөн юм уу. Намайг загнаад л байх юм. Хорон санаат хойд ээж юм биш үү” гэснийг ярьж бид хөхрөлдсөн билээ. Энэ нь Солонгос савангийн дуурь Монголд жижиг томгүй бараг бүх хүн үздэг, кино бүр дээр л хор найруулдаг хойд ээж элдэв муу зүйл хийдгээс хорон санаат хойд ээж гэдэг хэллэг 5-хан настай хүүхдэд хүртэл үлдсэнийх ажээ. Хойд ээж гэхээр л заавал муу зүйл хийхнээ дээ. Хэдийгээр минй бие Монгол нутагтаа очоогүй 10 гаруй жил болж байгаа ч саяхан Баатар ахыг Facebook дээрээ “Солонгос кино монгол хүний ааш зан, харьцаанд их нөлөөлдөг болжээ гэж бодох болов. Уг нь монгол хүн уужуу тайван, аливаад хүлээцтэй дээ” гэж бичсэн болон энэд байгаа болон Монголын олон хүмүүсийн бичлэгээс Солонгос кино Монгол хүмүүсийн ахуй, амьдралын сонголт, үйл хөдлөлд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм байна гэж бодох болсон билээ. Мэдээллийн хэрэгслэлээр хүмүүсийн тархийг угааж дотор нь дуртай зүйлээ хийж болдгийг өндөр хөгжилтэй орнууд илт хэрэгжүүлдэг бөгөөд үүнд заавал муу зүйл байх албагүй билээ. Жишээ нь Америкт 2009 оноос MTV-ийн сувгаар “16 настай жирэмсэн” гэдэг reality show буюу бодит амьдралын шоуг үзүүлэх болсноос хойш насанд хүрээгүй охидын жирэмслэлт огцом буурч эхэлсэн байна. Америк охидуудын жирэмсэн болох магадлал нь Швецарь охидыг бодвол 10 дахин, Канад охидыг бодвол 2 дахин их байдаг судалгаа байдаг болон охидын төрөлтийн хэмжээ ядууралтай шууд холбоотой байдаг ба энэхүү ядуурал нь дараагийн үедээ дамждаг нөлөөтэй тул насанд хүрээгүй охидын дундах жирэмслэлтийг багасгах нь мэргэжилтнүүдийн хувьд том зорилт байдаг байна. 1991 оноос америкийн ЗГ-аас охидын жирэмслэлтийг багасгах талаар олон төрлийн бодлого боловсруулж хэрэгжүүлсэнээр жирэмслэлтийн хэмжээг 52 хувиар буруулж чадсан ч энэ олон бодлого дотроос хамгийн үр дүнтэй нь дээрх нэвтрүүлэг болж таарчээ. Энэхүү нэвтрүүлгээр залуу үзэгчид залуу ээжүүдийн хэрхэн нялх хүүхдээ харж асрах асуудалтай тулгарч байгааг, тухайлбал нялх хүүхдүүдийн уйлаан, шөнө дунд орилж уйлах, бөөлжих, гэдсэн дээр нь баах зэргийг бодит амьдрал дээр харснаар толгойндоо юм хийж авдаг бололтой. Дээрх нэвтрүүлгийн нэг дугаар гарсны маргааш хамгаалалтын хэрэгсэл гэсэн үгсийг агуулсан жиргээ /tweet/ 23 хувиар нэмэгддэг гэж Maryland-ин их сургуулийн Melissa Kearney,  Wellesley коллежийн Phillip B.Levine нарын судалгаагаар гарчээ. Түүнчлэн дээрх нэвтрүүлгийг их үздэг бүс нутагт охидын жирэмслэлт илүү ихээр багассан гэж гарчээ. Нийт дүнгээр харвал охидын жирэмслэлт 5.7 хувиар буюу жилд 20 мянга гаруйгаар буурсан үзүүлэлт байна.

Мөн Los Angeles Калифорний Их сургуулийн Robert Jensen, Chicago Их сургуулийн Emily Oster нарын Энэтхэгийн нэгэн тосгонд хийсэн судалгаагаар энэхүү тосгонд телевиз гарахаас өмнө эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр гэрээс гардаггүй, эмэгтэйчүүдийн 62 хувь нь нөхөр нь эхнэрээ зодохыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлж байжээ. Удалгүй телевиз нэвтэрч эхнэр нь гэрээсээ чөлөөтэй орж гардаг, нөхөр нь эхнэрээ зоддоггүй дунд ангийн гэр бүлүүдийн тухай энэтхэг савангийн дууриудын ихээхэн үздэг болж ирснээр тосгонд эдгээр нь ахуйн норм болж чадсан байна. Эдгээр савангийн дуурь нь 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эмэгтэйчүүдийн боловсролын хэмжээнд үр нөлөө үзүүлж чадсан байна. Тэгэхээр жишээ нь хог хаядаггүй болгомоор бол энэ бодлогоо савангийн дууриндаа сэмхэн хавчуулаад байвал үр дүн гарч эхлэхнээ дээ. За тэгээд энэ талаар манай бодлого боловсруулагчид бодоод ажиллаад эхэлсэн бизээ гэж найдья даа.

Thursday, March 13, 2014

Татвар 2013




  •      Энэ жилийн татвар бодолт дээр бага зэргийн өөрчлөлтүүд байна. Түрүү жил AGI-ын 7,5 хувиас дээших эрүүл мэндийн зардлыг хасч болж байсан бол энэ жилийн хувьд 10 хувиас дээш болж өөрчлөгдсөнөөс олон хүн ийм зардлаа хасч чадахгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл таны AGI 30 мянган доллар байлаа гэхэд 3000 доллараас доош эмнэлгийн зардал тооцогдохгүй гэсэн үг юмаа.
  •       Хувиараа бизнес эрхлэгчид гэртээ бизнес оффистой гэдгээр тодорхой хэмжээний зардлыг хасах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд хялбарчилсан байдлаар олон мэдээлэл оруулах шаардлагагүйгээр “simplified expenses” гэдгийг сонгосноор энэхүү зардлыг хасах боломжтой болсон билээ. Гэхдээ хэрэв таны зардал чинь 1500 доллараас дээш бол хуучин аргаа сонгож зардлаа бодвол арай илүү ихийг гаргах боломжтой. Үүний тулд программ дээр home office expenses хэсэгт “Actual expenses” гэснийг сонгоорой.
  •   Хувиараа бизнес эрхлэгчид /Schedule C-тэй буюу бизнесийн зардлаа хувийн татвартай хамт бодогчид/ жирийн татвар бодогчдыг бодвол аудитад өртөх магадлал 2-3 дахин нэмэгдэж байна. Учир нь CCH publishing-аас IRS байгууллагаас sole-proprietor, partnership ангиллын бизнесийн аудиторын сургалтаа нэмэгдүүлж байгааг мэдээлжээ. Иймд бизнестэй хүмүүс орлого, зардлын бичиг баримтаа сайн хадгалж, журамлаарай.
  •  Жил бүр л хүмүүст анхааруулдаг боловч олон хүн татварын үеэр л санадаг нэгэн зүйлийг оруулж байна. Хэрэв та sole proprietor, partner, S corporation shareholder, and/or a self-employed individual гэж татвараа бөглөдөг бөгөөд урьдчилж тооцоолсноор тухайн онд 1000 доллараас дээш татвар төлөхөөр гарч байгаа бол estimated tax payments буюу урьдчилсан татварын төлбөрийг, corporation гэсэн бүртгэлтэй бол 500 болон түүнээс дээш долларын төлбөртэй гарахаар бол, мөн өмнө жил татвар төлж байсан бол тухайн жилээ урьдчилсан татварыг IRS-т төлсөн байх ёстой байдаг. Ерөнхийдөө урьдчилаад төлөх татварынхаа 90 орчим хувийг төлсөн байвал эсвэл төлөх татвар чинь 1000 доллараас доош байвал торгуульд ноогдохгүй гэж бодоход болно. Энэ талаар дэлгэрэнгүй Form 1040-ES -ээс олж үзээрэй.  Хэзээ төлөх талаар мөн эндээс харах боломжтой ба жил бүр их бага хэмжээгээр татвар төлж таардаг гэр бүлүүд өнгөрсөн оны татвараа бодох үедээ тухайн жилийнхээ татварт урьдчилаад хэдэн доллар төлөх нь /4/15-аас өмнө/ хамгийн баталгаатай нь юм.
  •  Америкийн иргэн болон ногоон карттай хүмүүс 3/31-ээс өмнө Affordable Care Act-ын дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй тохиолдолд 2014 оны татвар бодолт дээр төлөх торгууль хамгийн багаар жилд 95$, түүнээс дээш байх болно. Tax Policy Center байгуулагын ACA Tax Penalty Calculator-ыг  http://taxpolicycenter.org/taxfacts/acacalculator.cfm  ашиглалтанд оруулсан байна. Жишээ нь 2 хүүхэдтэй, 50 мянган долларын жилийн орлоготой гэр бүлд ноогдох торгууль жилийн 300$ орчим болж байна. Хэрэв хэлний бэрхшээл болон онлайнаар бөглөхөд төвөгтэй байвал https://www.coveredca.com/ сайтаар ороод зип кодоо хийгээд монгол хэлийг сонговол зөвшөөрөл авсан агентуудын нэрийн жагсаалт гарч ирэх болно. Тэднээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Monday, March 3, 2014

Бидний ахуй ба шинжлэх ухаан



Одоогоос 6,7 жилийн өмнө орчин үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас  эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик, гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд хүмүүжүүлэх Waldorf Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал  шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

  • Саяхан Pediatrics сэтгүүлд хүүхдийнхээ сосикийг /pacifier/ амандаа хийж цэвэрлээд хүүхэддээ хөхүүлэхийг зөвлөжээ. Судалгаагаар амандаа шүлсээрээ цэвэрлэж өгдөг эхчүүдийн хүүхдүүдэд угааж, буцалгаж ариутгадаг эхчүүдийн хүүхдүүдийг бодвол бага алерги тусдаг гэж гарчээ. Мөн ээжийн шүлсийг хүртдэг эдгээр хүүхдүүдэд экзэм бага тусдаг, астма тусах шинж тэмдэг бага илэрдэг, алерги зэрэг өвчний үед эсэргүүцэл үзүүлдэг цусны цагаан бөөмийн тоо бага байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол хүүхдүүд аль болох эрт насандаа зарим хэмжээгээр нянтай харьцаж байх нь цаашдын эрүүл мэндэд сайн гэж хэлж байгаа бол монголоор бол ээжийн шүлс эрдэнэ гэдэг нь тэр юмаа.


  • Нэлээд олон жилийн өмнө судалгаар дутуу төрсөн болон бие муутай нялх хүүхдийн биед ээжийн бие хүрч байх нь тэднийг тайвшруулж, өвчнийг нь хөнгөлдөг гэж гарсан. Судлаачид аавыг нь болон төрүүлсэн ээжээс нь өөр эмэгтэйг хүүхдийн биед хүргэж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн стресс нь багасч байсан ч төрүүлсэн ээжийнх нь хэмжээнд үр дүн үзүүлээгүй байна. Ядаж л эхний хэдэн сард тусад нь биш хүүхдээ өвөртлөөд унтахад шинжлэх ухааны үүднээс буруудахааргүй болж байх шиг байна. Мөн хөхүүлэхэд ч амар юм даа тиймээ.

  • Монголчууд олон хүү түрүүлсэн эхчүүдийг дархан гэх зэргээр хөөргөдөг. Энэ нь бас учиртай аж. Саяхан Финландад 17-20 зууны хооронд төрсөн 11166 эхчүүд, 6360 эцгүүдийн наслалтанд хийсэн судалгааг гаргажээ. Тэдний судалгаагаар 6 хүү гаргасан эх хүн багыгаа төрүүлснээс хойш дунджаар 32,4 жил насласан бол 6 охин төрүүлсэн ээжүүд дунджаар 33,1 жил буюу ойролцоогоор 9 сар илүү насалсан байжээ. Наслалт эдгээр эхчүүдийн нийгмийн, эдийн засгийн байдал, амьдралын нөхцөлөөс үл хамааран ижил дүнтэй гарсан байна. Эдгээрээс дүгнээд хүүд төрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг болон охидууд ээжүүддээ гэр орны ажилд нь илүүтэй тусалдаг зэрэг нь нөлөөлдөг гэж үзжээ.

  •  Нян гэснээс нян бактерийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн цэвэрлэгээний бодис, саван зэргийг сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Намайг элдэв химийн бодисыг тэгтлээ шүтдэггүй гэдгийг миний бичсэн өмнөх бичилтүүдийг уншиж байсан хүмүүс сайн мэдэх бизээ. San Diego хотын Калифорнийн их сургуулийн дерметологийн багш Dr.Richard Gallo хэлснээр “сайн бактерүүд арьсны эдийн боловсруулснаар өөрийн антибиотек үйлдвэрлэдэг ба эдгээр нь “муу” бактерийг өөрсдөө устгах чадвартай болдог”гэснээс үзэхэд арьс маань тэмцэх чадвартай байхад заавал anti-bacterial буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй саван авах хэрэг байна уу гэж бодоход хүргэнэ. Үүнд нэгэн судлаач ийнхүү хариулжээ. ”Жирийн саван хамгийн үр ашигтай цэвэрлэгч юм. Яагаад гэвэл тос нь бохирыг гадаргууд наалдуулах үндэс болдог бөгөөд бохирыг цэвэрлэнэ гэдгийг маслод дүрсэн хутгийг цэвэрлэхдээ адил төсөөлж бод. Бохир дотор нян амьдардаг. Саван гулгамтгай хялтас мэт бөгөөд гадаргуу бохир хоёрын дундуур орж салгаж цэвэрлэдэг. Саванг усаар зайлмагц бохир нянгуудын хамтаар урсаж алга болдог. Өөрөөр хэлбэл бүх нянг урсгаж устгадаг байх нь. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй саван болон бодис нь нянг устгадаг ч бүгдийг нь биш юм байна. Ойролцоогоор 2-5 хувь нь үлдэх бөгөөд үлдэж хоцорсон нь бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл бактерийн эсрэг бодис нь эдгээрт тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” нянг үүсгэдэг аж. Иймд зарим тохиолдолд элдэв орц, үнэртэй химийн бодис авч цэвэрлэгээ хийснээс хоолны цуу /уксус, vinegar/-г устай холиод цацаад цэвэрлэхэд нянг хамаагүй сайн устгадаг төдийгүй хүний биед хор холбогдолгүй юм. Мөн зарим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ашгийн бус байгууллагуудаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван, ооны 75 орчим хувьд агуулагддаг triclosan болон бусад бодисыг хүний биед хортой хэмээн гаргасан судалгаа байдаг ч FDA байгууллагаас эдгээр бодисонд хориг тавиагүй бөгөөд харин эдгээр бодисын талаар үнэлэж үзэх нэн ойрын зорилт байгаа гэснийг саяхан уншлаа. Эдгээр нь бидэнд зарим хэмжээний нян, бактери бидэнд өөрсдөд нь хэрэгтэй юм байна элдэв цэвэрлэгээний бодисыг бүү хэтрүүл, цэвэрлэгээний бодис энгийн байх тусмаа сайн, мөнгөнд ч хэмнэлттэй  гэж хэлээд байна.

  •  “Хэт” цэвэрхэн байдал гэснээс зарим төрлийн өвчин ядуу орнуудыг бодвол өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их байдаг талаар та бүхэн нэлээд сонсож байсан биз. Өнгөрсөн жил Smithsonion сэтгүүлд гарсан нэгэн судалгаа миний анхаарлыг татсан юм. Финланд-Оросын эрдэмтдийн эдгээр хил залгаа 2 улсын тосгонд хийсэн судалгаа юм. Финланд нь 1-р төрлийн сахарын шижин /diabetes/ өвчтэй хүүхдүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм байна. 100 мянган хүүхэд тутамд 64 хүүхэд жил бүр энэ өвчнөөр оншлогддог аж. 1950 онд энэ тоо 4 дахин бага байсан байна. Гэтэл генийн хувьд ойролцоо, энэ өвчнийг тусах эрсдэлийн нөхцөлүүд ижилтэй энэ хөрш зэргэлдээ 2 улсын 500 майл радиуст багтах хүмүүсийн амьдралын нөхцөл нь эрс тэс буюу финландчууд 7 дахин баян ч хөрш Оросын Карелиад ийм өвчинтэй хүүхдийн тоо Финландын өвчтэй хүүхдийн тооны зургааны нэгд ч хүрэхгүй бага байдаг нв энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм байна.Судлаачид 2008 оноос эхлэн хэдэн мянган хүүхдийн эс эдийн дээжийг авч харьцуулж судалж байгаа бөгөөд одоогоор гаргаад байгаа дүгнэлт нь ердөө “шороо”-нд гэж үзэж байна. Гэхдээ энэ судалгааны эцсийн дүн гараагүй байгаа юм билээ. Үүнтэй адил судалгаа Берлиний хана нурах үеэр хийгдсэн байна. Munich хотын их сургуулийн эрдэмтэд Зүүн Германд байсан Leipzig хотын хүүхдүүдийн хоородн харьцуулсан судалгааг хийжээ. Тухайн үед Leipzig хотын ихэнх оршин суугчид галладаг зуухаар байраа халаадаг, нээлттэй уурхайтай байсан ба агаарын бохирдол ихтэй тул астма зэрэг өвчин ихтэй гарна гэж төсөөлж байсан байна. Гэтэл Leipzig хотын хүүхдүүд Баваарын хүүхдүүдийн бодвол астма өвчлөлтөөр арай бага, hay fever, тоосонцрын аллерги зэргийн өвчлөлтөөр харьцангуй бага тоотой гарч эрдэмтийн гайхлыг төрүүлсөн байна. Удалгүй дэлхий даяар энэ тэнд хийгдсэн судалгааны дүнгүүд гарч агаарын бохирдол биш нян бүхий шороо л эдгээр хүүдүүдийг биеийн эсэргүүцэл сайтай болгосон гэж үзэхэд хүргэсэн билээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлавал өндөр орны хөгжилтэй хүүхдүүд “хэт” цэвэрхэн, шороо тостой хутгалддаггүйгээс бага наснаас нь нян бохиртой тэмцэл хийгээгүй биеийн хамгаалах иммун систем нь эсэргүүцэл муутай болдог аж. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсний дараа хүүхдийн иммун систем ямар “дайсантай” тэмцэхээ мэдэхгүй байдаг байна. Хэрэв бага наснаасаа хүүхэд “муу зүйлс” /нян бактер гэх мэт/ их тулгарах тусам иммун систем улам нарийн шалгууртай болж тогтдог. Ингээд 1-2 настайд нь хүүхдийн иммун систем төлөвшиж программчлагдах ба хэрэв нян бактеритай бага тулалдсан бол “хийх” зүйлгүй иммун систем өөр жижиг зүйл үрүү онилж эхэлдэг байна. Энэ нь зарим төрлийн хоол хүнс, тоосонцор зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлдэг гэсэн үг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар илүү “цэвэр” орчин үрүү нүүсэн тохиолдолд ямар үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран аллерги нь нэмэгддэг гэсэн нь миний аллергитай болсон шалтгааныг тайлбарлаад өгч байх шиг байна. Тэгэхээр хүүхдүүдээ өөрсдийн багад байсан шигээ байгалийнхаа жамаар татагдаад байгаа шороо чулуугаар нь тоглоход нь заваан болчихлоо гээд нэг сандраад хэрэггүй, тэдний биеийн эсэргүүцлийг нь улам сайжруулж байнаа хэмээн өөрийгөө тайвшруулаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.