Одоогоос 6,7 жилийн өмнө орчин
үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк
эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор
нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас
эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик,
гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд
хүмүүжүүлэх Waldorf
Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож
билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг
нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн
олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн
дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр
тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа
хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь
аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч
америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж
өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг
хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний
уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр
сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
- Саяхан Pediatrics сэтгүүлд хүүхдийнхээ сосикийг /pacifier/ амандаа хийж цэвэрлээд хүүхэддээ хөхүүлэхийг зөвлөжээ. Судалгаагаар амандаа шүлсээрээ цэвэрлэж өгдөг эхчүүдийн хүүхдүүдэд угааж, буцалгаж ариутгадаг эхчүүдийн хүүхдүүдийг бодвол бага алерги тусдаг гэж гарчээ. Мөн ээжийн шүлсийг хүртдэг эдгээр хүүхдүүдэд экзэм бага тусдаг, астма тусах шинж тэмдэг бага илэрдэг, алерги зэрэг өвчний үед эсэргүүцэл үзүүлдэг цусны цагаан бөөмийн тоо бага байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол хүүхдүүд аль болох эрт насандаа зарим хэмжээгээр нянтай харьцаж байх нь цаашдын эрүүл мэндэд сайн гэж хэлж байгаа бол монголоор бол ээжийн шүлс эрдэнэ гэдэг нь тэр юмаа.
- Нэлээд олон жилийн өмнө судалгаар дутуу төрсөн болон бие муутай нялх хүүхдийн биед ээжийн бие хүрч байх нь тэднийг тайвшруулж, өвчнийг нь хөнгөлдөг гэж гарсан. Судлаачид аавыг нь болон төрүүлсэн ээжээс нь өөр эмэгтэйг хүүхдийн биед хүргэж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн стресс нь багасч байсан ч төрүүлсэн ээжийнх нь хэмжээнд үр дүн үзүүлээгүй байна. Ядаж л эхний хэдэн сард тусад нь биш хүүхдээ өвөртлөөд унтахад шинжлэх ухааны үүднээс буруудахааргүй болж байх шиг байна. Мөн хөхүүлэхэд ч амар юм даа тиймээ.
- Монголчууд олон хүү түрүүлсэн эхчүүдийг дархан гэх зэргээр хөөргөдөг. Энэ нь бас учиртай аж. Саяхан Финландад 17-20 зууны хооронд төрсөн 11166 эхчүүд, 6360 эцгүүдийн наслалтанд хийсэн судалгааг гаргажээ. Тэдний судалгаагаар 6 хүү гаргасан эх хүн багыгаа төрүүлснээс хойш дунджаар 32,4 жил насласан бол 6 охин төрүүлсэн ээжүүд дунджаар 33,1 жил буюу ойролцоогоор 9 сар илүү насалсан байжээ. Наслалт эдгээр эхчүүдийн нийгмийн, эдийн засгийн байдал, амьдралын нөхцөлөөс үл хамааран ижил дүнтэй гарсан байна. Эдгээрээс дүгнээд хүүд төрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг болон охидууд ээжүүддээ гэр орны ажилд нь илүүтэй тусалдаг зэрэг нь нөлөөлдөг гэж үзжээ.
- Нян гэснээс нян бактерийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн цэвэрлэгээний бодис, саван зэргийг сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Намайг элдэв химийн бодисыг тэгтлээ шүтдэггүй гэдгийг миний бичсэн өмнөх бичилтүүдийг уншиж байсан хүмүүс сайн мэдэх бизээ. San Diego хотын Калифорнийн их сургуулийн дерметологийн багш Dr.Richard Gallo хэлснээр “сайн бактерүүд арьсны эдийн боловсруулснаар өөрийн антибиотек үйлдвэрлэдэг ба эдгээр нь “муу” бактерийг өөрсдөө устгах чадвартай болдог”гэснээс үзэхэд арьс маань тэмцэх чадвартай байхад заавал anti-bacterial буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй саван авах хэрэг байна уу гэж бодоход хүргэнэ. Үүнд нэгэн судлаач ийнхүү хариулжээ. ”Жирийн саван хамгийн үр ашигтай цэвэрлэгч юм. Яагаад гэвэл тос нь бохирыг гадаргууд наалдуулах үндэс болдог бөгөөд бохирыг цэвэрлэнэ гэдгийг маслод дүрсэн хутгийг цэвэрлэхдээ адил төсөөлж бод. Бохир дотор нян амьдардаг. Саван гулгамтгай хялтас мэт бөгөөд гадаргуу бохир хоёрын дундуур орж салгаж цэвэрлэдэг. Саванг усаар зайлмагц бохир нянгуудын хамтаар урсаж алга болдог. Өөрөөр хэлбэл бүх нянг урсгаж устгадаг байх нь. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй саван болон бодис нь нянг устгадаг ч бүгдийг нь биш юм байна. Ойролцоогоор 2-5 хувь нь үлдэх бөгөөд үлдэж хоцорсон нь бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл бактерийн эсрэг бодис нь эдгээрт тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” нянг үүсгэдэг аж. Иймд зарим тохиолдолд элдэв орц, үнэртэй химийн бодис авч цэвэрлэгээ хийснээс хоолны цуу /уксус, vinegar/-г устай холиод цацаад цэвэрлэхэд нянг хамаагүй сайн устгадаг төдийгүй хүний биед хор холбогдолгүй юм. Мөн зарим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ашгийн бус байгууллагуудаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван, ооны 75 орчим хувьд агуулагддаг triclosan болон бусад бодисыг хүний биед хортой хэмээн гаргасан судалгаа байдаг ч FDA байгууллагаас эдгээр бодисонд хориг тавиагүй бөгөөд харин эдгээр бодисын талаар үнэлэж үзэх нэн ойрын зорилт байгаа гэснийг саяхан уншлаа. Эдгээр нь бидэнд зарим хэмжээний нян, бактери бидэнд өөрсдөд нь хэрэгтэй юм байна элдэв цэвэрлэгээний бодисыг бүү хэтрүүл, цэвэрлэгээний бодис энгийн байх тусмаа сайн, мөнгөнд ч хэмнэлттэй гэж хэлээд байна.
- “Хэт” цэвэрхэн байдал гэснээс зарим төрлийн өвчин ядуу орнуудыг бодвол өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их байдаг талаар та бүхэн нэлээд сонсож байсан биз. Өнгөрсөн жил Smithsonion сэтгүүлд гарсан нэгэн судалгаа миний анхаарлыг татсан юм. Финланд-Оросын эрдэмтдийн эдгээр хил залгаа 2 улсын тосгонд хийсэн судалгаа юм. Финланд нь 1-р төрлийн сахарын шижин /diabetes/ өвчтэй хүүхдүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм байна. 100 мянган хүүхэд тутамд 64 хүүхэд жил бүр энэ өвчнөөр оншлогддог аж. 1950 онд энэ тоо 4 дахин бага байсан байна. Гэтэл генийн хувьд ойролцоо, энэ өвчнийг тусах эрсдэлийн нөхцөлүүд ижилтэй энэ хөрш зэргэлдээ 2 улсын 500 майл радиуст багтах хүмүүсийн амьдралын нөхцөл нь эрс тэс буюу финландчууд 7 дахин баян ч хөрш Оросын Карелиад ийм өвчинтэй хүүхдийн тоо Финландын өвчтэй хүүхдийн тооны зургааны нэгд ч хүрэхгүй бага байдаг нв энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм байна.Судлаачид 2008 оноос эхлэн хэдэн мянган хүүхдийн эс эдийн дээжийг авч харьцуулж судалж байгаа бөгөөд одоогоор гаргаад байгаа дүгнэлт нь ердөө “шороо”-нд гэж үзэж байна. Гэхдээ энэ судалгааны эцсийн дүн гараагүй байгаа юм билээ. Үүнтэй адил судалгаа Берлиний хана нурах үеэр хийгдсэн байна. Munich хотын их сургуулийн эрдэмтэд Зүүн Германд байсан Leipzig хотын хүүхдүүдийн хоородн харьцуулсан судалгааг хийжээ. Тухайн үед Leipzig хотын ихэнх оршин суугчид галладаг зуухаар байраа халаадаг, нээлттэй уурхайтай байсан ба агаарын бохирдол ихтэй тул астма зэрэг өвчин ихтэй гарна гэж төсөөлж байсан байна. Гэтэл Leipzig хотын хүүхдүүд Баваарын хүүхдүүдийн бодвол астма өвчлөлтөөр арай бага, hay fever, тоосонцрын аллерги зэргийн өвчлөлтөөр харьцангуй бага тоотой гарч эрдэмтийн гайхлыг төрүүлсөн байна. Удалгүй дэлхий даяар энэ тэнд хийгдсэн судалгааны дүнгүүд гарч агаарын бохирдол биш нян бүхий шороо л эдгээр хүүдүүдийг биеийн эсэргүүцэл сайтай болгосон гэж үзэхэд хүргэсэн билээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлавал өндөр орны хөгжилтэй хүүхдүүд “хэт” цэвэрхэн, шороо тостой хутгалддаггүйгээс бага наснаас нь нян бохиртой тэмцэл хийгээгүй биеийн хамгаалах иммун систем нь эсэргүүцэл муутай болдог аж. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсний дараа хүүхдийн иммун систем ямар “дайсантай” тэмцэхээ мэдэхгүй байдаг байна. Хэрэв бага наснаасаа хүүхэд “муу зүйлс” /нян бактер гэх мэт/ их тулгарах тусам иммун систем улам нарийн шалгууртай болж тогтдог. Ингээд 1-2 настайд нь хүүхдийн иммун систем төлөвшиж программчлагдах ба хэрэв нян бактеритай бага тулалдсан бол “хийх” зүйлгүй иммун систем өөр жижиг зүйл үрүү онилж эхэлдэг байна. Энэ нь зарим төрлийн хоол хүнс, тоосонцор зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлдэг гэсэн үг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар илүү “цэвэр” орчин үрүү нүүсэн тохиолдолд ямар үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран аллерги нь нэмэгддэг гэсэн нь миний аллергитай болсон шалтгааныг тайлбарлаад өгч байх шиг байна. Тэгэхээр хүүхдүүдээ өөрсдийн багад байсан шигээ байгалийнхаа жамаар татагдаад байгаа шороо чулуугаар нь тоглоход нь заваан болчихлоо гээд нэг сандраад хэрэггүй, тэдний биеийн эсэргүүцлийг нь улам сайжруулж байнаа хэмээн өөрийгөө тайвшруулаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Гоё блогтой юмаа. Хичээл дээрээ нэмэлт мэдээлэл авахаар хайж яваад оллоо. Байнга уншиж байх болноо.
ReplyDeleteОЛон сайхан зүйл бичээрэй. Зун амарч байгаад бичлэгүүдийг нь уншиж дуусганаа.
За баярлалаа. Тэгээрэй.
ReplyDeleteХэрэгтэй, баримт судалгаатай мэдээллийг эмхтгэн хүргэдэгт баярлалаа. Амжилт хүсье!
ReplyDeleteТаалагдлаа. Танд баярлалаа.
ReplyDelete