Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, December 6, 2016

2.2 Өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгож хүмүүжүүлэх вэ.



“It’s easier to build strong children than fix broken men” Frederick Douglass
Эвдэрсэн том хүнийг засах гэж оролдсоноос хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж зүтгэх нь амар.
2.2.1 Өсвөр насныхны тархинд гарах өөрчлөлтүүд, эдгээрийн ашиг тус, сөрөг нөлөө

Эцэг эхчүүд бидний дунд ойролцоогор 13-19 насны хүүхдээ ойлгож харьцах тал дээрээ аргаа олохгүй тэвдэх нь элбэг тохиолддог. Өсвөр насны хүүхдүүд яагаад сонин сонин зан гаргадгийг ойлгохын тулд шинжлэх ухаан уруу, тухайлбал тархины шинжлэх ухааны тайлбарыг авч үзэх хэрэгтэй болж байна. Үүнийг мэдсэнээр тэднийг хэрхэн ойлгож харьцаж хүмүүжүүлэхээ олж харах боломжтой болно. Бидний багад эцэг эх маань шилжилтийн нас энэ тэрээ гэж биднийг уучилж, өршөөж явсан нь үгүй, шаардах зүйлээ шаардаад байх ёстой “зарчмааараа” хандаж өсгөсөн. Саяхан Гандан Тэгчилэн хийдийн Хамба ламтан Чойжамц гуай ярилцлага дээрээ хөдөө очсон хүүхдийг ээж нь миний хүү шилжилтийн насан дээрээ байгаа битгий ингээрэй, тэгээрэй гээд байхаар нь хөдөөний ах нь яасан ч шилжиж дуусдаггүй зүйл байдаг юм гэсэн гээд дурдаж байна лээ. Үнэндээ бол шилжилтийн нас нь хүүхдийг элдэв дүрэм журмаас чөлөөлж, онцгой эрх эдлүүлэхтэй ямар ч холбогдолгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Азаар орчин үеийн шинжлэх ухааны ололтын ачаар шилжилтийн насанд гарах өөрчлөлтийн учир шалтгааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсоноор бид үүнийгээ хүүхдийнхээ тусын тулд ашиглах сайхан боломжтой боллоо. Миний бие өсвөр насны хүүхдийн тархины хөгжлийн өөрчлөлтийн талаар хоёр жилийн өмнө шинжлэх ухааны сэтгүүлээс олж уншсанаар энэ насны хүүхдээ өөрөөр харах болсон юм. Иймээс миний адилаар та бүхэнд тус болно гэж найдан доорх мэдээллийг оруулав.
Хөөрхөн ааштай байсан хүүхэд гэнэт өөрчлөгдөн баргар дүнсгэр, яарч тэвдсэн, элдэв янзын ааш гаргах нь нэмэгдээд ирдэгийг өмнө гарсан шинжлэх ухааны онолоор 12 наснаас эхлэн хүүхдэд гормоны өөрчлөлт явагдаж эхэлдгээс үүдэлтэй гэж үзэж ирсэн билээ. Гэтэл сүүлийн үед гарсан тархи, мэдрэл судлалын ололтуудад үндэслэж харвал дээрх хариулт асуудлын зөвхөн хэсэг нь байсан болж таарлаа. Хүүхэд 6 нас хүрэх үед тархи хэмжээнийхээ 90 хувьд аль хэдийн хүрсэн байдаг ба түүнээс хойших хугацаанд гавлын ясны зузааралтаар л тархины хэмжээ өсдөгөөс өөрөөр томордоггүй тул өсвөр насанд хүрэх үед нь тархи бараг бүрэн хэмжээгээр хөгжиж дууссан гэж үздэг байв. Гэтэл сүүлийн хэдэн жилд МРИ, ПЭТ /MRI, PET/ скан тестүүдээр 12-25 насны хооронд хүний тархи бүрэн хөгжиж дуусаагүйгээр барахгүй асар том зохион байгуулалтын өөрчлөлтөнд ордог нь батлагдсан билээ. Үүнд:

  • Нерон, нервийн сүлжээнүүдийг шинээр нэмж үүсгэдэг, сайжруулдаг

  • Бидний ухамсар, нарийн бодол санааг агуулдаг саарал маттер хэмжээний хувьд нимгэрэвч улам үр дүнтэй болдог

  • Тархины баруун зүүн хэсгийг холбогч нерв файберийн зузаан багц болох corpus callosum томордог

  •  Хүний ярианы хөгжил, хэлбэр дүрс, байршлын шалтгаан учир холбогдолтой хамааралтай гэгдэх cerebral cortex-ийн чухал хэсгүүд, хүний анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдаг anterior cingulate gyrus болон урд тархины хэсэг эрчимтэй хөгжил явагддаг аж.

Энэхүү асар том зохион байгуулалтын өөрчлөлтийн ачаар хүний тархи улам хурдан, нарийн эрхтэн болж өөрчлөгддөг гэж гарчээ. Бид хичнээн удаа толгойгоо ажиллуул гэж үглэдэг билээ. Тэгсэн чинь хөгжиж дуусаагүй “тархитай” л бид яриад байдаг юм байна.
Томчууд бидний нүдэнд аюултай санагдах зүйлсийг тэд энгийнээр хүлээн авч үйлдэх нь биднийг айлгадаг. Петсбург их сургуулийн проффессор Рон Далийн бичсэнээр сэтгэлийн хөөрөлтэй, эрсдэлтэй зүйл үйлдэх, үйлдэх хүсэл сонирхолтой байгаа нь том хүн болох алхмуудын нэг гэнэ. Хүний өдөрт тутмын амьдралд тохиолдох олон зүйлсээс аль нь хийх ёстой чухал зүйл болох, алинд нь илүү эсвэл түрүүлж анхаарал тавих ёстойг дохиж мессаж явуулдаг химийн бодис болох неротрансмиттер dopamine-ний хэмжээ нь насанд хүрсэн хүний тархин дахь шиг хэмжээнд хүрч тогтворжиж бүрэлдээгүйн дээр уг бодисын хэт их хэмжээний ялгаруулалт нь тархины  мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлсэнээр “шагнал”-ын сүлжээг идэвхжүүлдэг нь өвсөр насныхыг элдэв эрсдэлтэй зүйл хийхэд нь түлхэж өгдөг байна. Тэгэхээр тэдний хувьд жишээ нь зам гарч явлаа гэж бодоход тэндээс машин ирж байна даа гэж бодож байснаа өө ямар хөөрхөн нохой вэ гээд анхаарлаа нь өөр тийшээ  сарниулах бол энүүхэнд байх нь.  Дээрх процесс нь тэдний юмыг хурдан сурдаг, хурдан шийдвэр гаргадаг, түүнчлэн шагнал урамшуулалд гайхмаар сүртэй ач холбогдол өгч, заримдаа жижиг ч гэсэн амжилт, ялалтандаа хөөрч онгирдгийг нь тайлбарлаж байна. Ер нь ямар ч насны хүн шинэ, сайхан, биднийг хөөргөсөн зүйлд дуртай. Гэвч үүнийг үнэлэх үнэлэмж нь 12-17 насны хоорондох шиг хэзээ ч тийм өндөр хэмжээнд хүрдэггүй бөгөөд 12 орчим наснаас нэмэгдсээр хамгийн өндөр цэгтээ 15-17 насны үед хүрээд цаашид буурч эхэлдэг. Үүнийг эрдэмтэд догдлол хайх (sensation seeking) буюу ер бусын эсвэл санамсаргүй зүйлээс сэтгэл хөдлөл, шинэ сонин сайхныг хайхыг нэрлэдэг. Догдлол хайлт нь хүүхдийг муу зүйл үрүү дуудаж болох авч сайн зүйлийг ч бас дагуулдаг. Жишээ нь гадагшаа гарч шинээр олон хүнтэй танилцахыг хүсэх нь хүний амьдралын аз жаргал, сайн сайхны үндэс болдог найз нөхдийнх хүрээг тэлэхэд нь туслана. Том хүүхдийн тархин дахь oxytoncin гэдэг гормоны ялгаруулалт нь ялангуяа сошиал нөхөрлөл харилцаанд тархи илүүтэй “шагнал” буюу тааламжтай сэтгэгдэл явуулахад түлхдэг. Хэн нэгэнтэй нөхөрлөж эхлэхэд болон найз нөхдийн тоо нь нэмэгдэх тусам улам тааламжтай санагддагаас тэд бага насны хүүхэд, эсвэл томчуудыг бодвол өөрийн үеийнхэнтэй байх илүү дуртай. Ийнхүү үеийнхэндээ татагдах өөр нэг шалтгаан бол мэдээж тэд нар нь гэрийнхнээс нь илүүтэй сонин хачин зүйлийг санал болгодогт байгаа. Тэднийг найзууд нь үнэхээр буруу зүйлд уруу татаж, цагийг ихээр дэмий үрээгүй л бол үеийхэнтэйгээ ийнхүү цагаа өнгөрүүлж байгааг ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэж сайн талаас нь харахыг хичээгээрэй. Учир нь тэд хэдийгээр багадаа эцэг эхийнхээ үүсгэсэн орчинд амьдрах боловч том болоод өөрсдийнхөө амьдралын ихэнх хугацааг үеийнхнийхээ авч явж байгаа, бүтээн өөрчилсөн орчинд л амьдарч, ажиллаж өнгөрөөнө. Иймд тэднийг ойлгож мэдэх, найзалж нөхөрлөж сурах нь хүүхдийн ирээдүйн амжилтанд шууд нөлөөлнө гэсэн үг. Найзуудтайгаа хамт өнгөрүүлсэн цаг бүхэн нь тэднийг уян хатан, дасан зохицоход давхар сургаж байдаг. Жишээ нь, шинжлэх ухааны туршилтаар хамгийн нийтэч хулгананууд эсвэл сармагчид нийтэч биш бусдыгаа бодвол хамгийн гайгүй үүр, орчинд амьдарч, ихэнх хоол, ус, бусад зүйлс хүртэж, хамгийн гайгүй хостой болж илүү олон секс хийдэг гэж гарчээ. Дэлхий дээр хүнээс илүүтэй сошиал амьтан байхгүй тул нийтэч байдал хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой билээ. Иймээс ч хүмүүс сошиал харилцаагаа амьдралын гол баяр баяслаа болгодог. Магадгүй бидний тархи сошиал гологдлыг /бусдад/ хоол унд, эрүүл мэндэд тулгарсан аюулын адилаар оршин тогтноход учирсан аюул хэмээн хүлээн авдаг байж магад. Үүнээс бид том хүүхдүүд маань яагаад хэн нэгэн нь партид уриагүй байхад эсвэл найз нь гомдооход сүртэй айхтар хүлээж авдгийг ойлгож болно. Сошиал амьдрал нь дээш доош болоход яг л түүн дээр тэдний амьдрал тогтож байгаа юм шиг сүржигнэж өгдөг биз дээ. Тэгэхээр бидний хувьд жижиг санагдах амьдралын зарим асуудлууд тэдний хувьд амьдралынх нь чухал асуудлынх нэг болж, түүнийхээ төлөө санаа зовж байгаа гэдгийг нь ойлгоорой. Хүн судлаач эрдэмтэд тухайн соёл уламжлал нь хүүхдийн өсвөр нас нь аль зэрэг удаан үргэлжлэх, ямар зүйлээр илүү илэрч гарч байгаа зэрэгт л нөлөөлөхөөс бус дэлхий нийтийн бүх соёл угсаатнуудын хувьд энэ насныхан шинэ сонин юм уруу тэмүүлж, найз нөхдөө дээгүүр тавьдгийг хүлээн зөвшөөрдөг гэж үздэг. Хүн төрөлхтөний хөгжлийн явцад хамгийн хэцүү боловч зайлшгүй шаардлагатай үйлдэл болох найдвартай гэр, орчноосоо салан нүүж танихгүй орчинд очиж амьдрах, тэнд дасан зохицох процессд сониуч, эрсдэл хийх зан чанар гэх мэт өсвөр насны онцлог ген, хөгжлийн процесс нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн учраас хэдэн мянган хөгжлийн үеүдээс өсвөр насны үе хүний амьдралд шалгаран үлдсэн гэж эрдэмтэд үзэж байна. Магадгүй тэдэнгүйгээр хүн төрөлхтөн дэлхий даяар тархан сууршиагүй ч байж ч мэдэх нь. Ингэж бодвол өсвөр насныхан бидэнд санаа зовох зүйл чирч авчирдаг ч дээд зэргийн дасан зохицох чадвартай супер “хүн”-ээр бид үнэлэх ёстой болохнээ.
Гэхдээ тэд уян зохицох чадвараа жижиг ч гэсэн эрсдэлтэй зүйл дээр хэрэглэхээс буцдаггүй нь том үр хор уршиг авчрах магадлалтай байдаг. Иймээс ч бүх төрлийн аваар ослоор нас баралтын хамгийн өндөр хувийг энэ насны хүүхдүүдийн нас баралт эзэлдэг. Эдгээр насны автомашины ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн 1/3 хувьд нь архи ууссан байсан гэсэн статистик байна. Үнэхээр тэд иймэрхүү бодлогогүй зүйл хийдэг нь тэдний тэнэгийх юу уу гэвэл үгүй, ердөө л үр дагаврыг бүрэн дүүрэн бодож үзээгүйгээс л болдог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ нь бас учиртай аж. Эрсдэлийг тооцоолж тогтоон барих үүрэгтэй, өөрөөр хэлбэл бодол санаа, төлөвлөгөөгөө зохион байгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, ямар үр дагавар гарах талаар бодож, стратеги боловсруулах, сэтгэл хөдлөлөө жолоодох үүрэгтэй хүний урд тархи хамгийн сүүлд хөгжиж дуусдагаас ийнхүү тэд 25 хүртлээ бидний хэлдгээр “томоождоггүй” аж. Тайван сайхан байдалд том хүүхдүүд үр дагаврыг олж ойлгох тал дээрээ том хүн шиг байж чаддаг ч стресстэй, тэвдүү нөхцөлд бүрэн хөгжөөгүй урд тархи “ухаалаг” шийдвэр гаргаж дийлдэггүй бололтой. Жишээ нь тестээр том хүүхдийг ганцаарыг нь өрөөнд байлгавал гаргах шийдвэр нь томчуудтай адил байжээ. Гэвч түүнийг ажиглахаар найзуудыг нь оруулаад суулгавал нөгөө хүүхдийн эрсдэлтэй алхам хийх сонголт 2 болон түүнээс дээш нэмэгдсэн байна. Тэд эрсдэлийн багатайг бус илүү “амттай”-г нь буюу бидний хэлдгээр илүү кайфтай үр дүнг сонгодгоос ийм шийдвэр гаргадаг аж. Сошиал шагнал нь тэдний хувьд маш чухал зүйл билээ.
Өсвөр насныхны сурч, боловсроход нь ямар хандлага баримтлах нь зохистойг тодруулж өгөх учраас энэ насанд урд тархинд яг ямар  процессыг явагддагыг дэлгэрэнгүй тайлбарлаж оруулья. Нэг неорон нөгөөдөө мэдээлэл дамжуулдаг мэдрэлийн аксон /axon/ гэж нэрлэгддэг урт файбер судлуудын дамжуулалтыг хурдасгач цагаан маттер гэгдэх өөхлөг мийлэн /myelin/-ээр бүрхэгдэх процесс хамгийн сүүлд тархиний урд хэсэгт явагдаж дуусдаг. Цагаан маттер нь хэдийгээр  аксоны мэдээлэл дамжуулалтыг нэмэгдүүлдэг ч нөгөө талаасаа шинээр аксоны судал салааллыг нь зогсоон барьдаг. Тархины аливаа хэсэг цагаан маттер бүрхүүлээр бүрэн бүрхэгдэж дууссан үед тэнд дахин өөрчлөлт гарахад хэцүү болно. Жишээ нь, хүний тархины хэлний төв /language center/ хүүхдийг хэл сурах үед буюу 13 нас хүртэл маш эрчимтэй бүрхэгддэг. Хэдийгээр бүрхэлт дууссан нь ч нэмэлт өөрчлөлтийг хүлээж авч нэгтгэх боловч энэ процесс нь ерөнхийдөө төвөгтэй хийгддэг. Энэ нь хүн яагаад 13 наснаас дээш насандаа, ер нь нас ахих тусамд хэл сурахад хэцүү болдог, акценттэй сурдгийг тайлбарлаж байна. Энэхүү бүрхэх явц тархины тодорхой хэсэг бүрт тодорхой насны интервалд явагдах ба сурч боловсрохын чухал үе шатууд үүнд хамааралтай явагддаг. Тэгэхээр хүүхдийг насанд хүрэхэд хэрэгцээтэй эрдэм мэдлэгийг сурч мэдэх процессыг зогсоочихгүй барьж тогтоохын тулд 20 гартлаа бидний тархи хөгжиж дуусаагүй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэхүү гайхамшигтай зохицол байдаггүй байсан бол, бидний тархи эрт хөгжөөд дуусдаг /ухааждаг/ байсан бол бид илүү тэнэг /зарим мэдлэг дутуу/ болж хоцрох байсан байна. Ийм эрчимтэй өөрчлөлт, хөгжил тархинд явагдаж байхад найзуудтайгаа цагийг дэмий өнгөрүүлэх, зурагт ширтэж суухыг нь дэмжиж өөгшүүлж болохгүй. Үүний оронд тэднийг спорт, дуу хөгжим, математик зэргээр хичээллүүлбэл тэдний тархийг улам хурдан, улам сайн бүрэлдэхэд тустай. Тэдний тархинд тархины эс бага насны хүүхдийнх шиг ургамал ургаж байгаа мэт хурдан ургахгүй ч маш олон тооны нервийн холбоосууд тархинд шинээр үүсдэг талаар дээр дурдсан билээ. Тэднийг томрох тусам эдгээрээс зарим “хэрэглэгдэхгүй байгаа” холбоосууд алга болж тархины үр ашиг нэмэгддэг. Өөрөөр хэлбэл энэ үед бага наснаасаа хичээллэсэн шатар, спорт зэрэг чадварууд нь улам сайжирч, бусад хичээллэж давтахгүй байгаа чадварууд алга болж, дээр нь энэ насандаа шинээр хичээллэж буй чадварууд үлддэг гэсэн үг. 2013 онд гарсан судалгаагаар хүн хүүхэд, бага насандаа аль зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй байснаас цаашдын амьдралдаа идэвхтэй байх эсэх нь хамаардаг гэж гарчээ. Жишээ нь, хүүхэд насандаа дасгал хөдөлгөөн бага хийдэг, спорт тоглоом тоглодоггүй өссөн бол дасгал сургууль хийдэг байсан хүүхэдтэй харьцуулбал том болоод хамаагүй бага хөдөлдөг, дасгал хийдэггүй хүн болж өсдөг аж. Тэгэхээр өсвөр, хүүхэд насанд л амьдралд хэрэгтэй зан заншил, үйлдэл, чадварт суулгаж өгөх хэрэгтэй болох нь харагдаж байгаа биз. Эрүүл биенд саруул ухаан гэдэг шиг биеийн хөдөлгөөн, биеийн тамираар хичээллэх нь цусны эргэлтийг сайжруулдаг тул тархины эрүүл мэнд, хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг бас мартаж болохгүй. Нэмээд ширээний теннис, дугуй, бөмбөр гэхчилэн тархины олон хэсгийг ажиллуулах, илүү төвөгтэй үйлдэлтэй дасгал, бие тамирыг хийлгэх нь тустай.
Өсвөр насны хүүхдүүд унтахаа буруу зохицуулаад байдгийг бид мэднэ. Тэгвэл хүний нойрыг хүргэхэд нөлөөлдөг мелотин /melotin/ хэмээх бодис нь ахлах насны хүүхдэд томчууд, жижиг хүүхдүүдийг бодвол оройтож ялгардгаас тэднийг шөнө орой хүртэл унтахгүй мөртлөө өглөө сэрж өгөхгүй, эсвэл өдөржингөө унтаад байдгийг тайлбарлаж байна. Иймээс ч ахлах ангийн хүүхдүүдийн 20 хүртэлх хувь нь өглөө эхний хоёр цаг дээр унтдаг гэсэн судалгаа гарсан байсан. Техник технологийн талаар бичсэн хэсэг дээр нойрны дутагдлын талаарх мэдээллийг анхаарч уншаарай. Тэдний ийм хурдацтай өөрчлөлт явагдаж байгаа тархийг ядаж 8-9 цаг унтуулж амраах нь чухал билээ.
Мөн тэд таны хэлсэн үг, хүсэлтийг маш хурдан буруугаар хүлээн авч бухимдаж байгаа санагдсан уу. Тэгвэл энэ бас учиртай аж. Судалгаагаар тэд хүний нүүрний өөрчлөлт, хэлж байгаа дууны өнгө зэргийг зөв хүлээн авахдаа муу байдаг гэж гарчээ. Хүний сэтгэл хөдлөлийг харуулсан нүүрний зургийг харуулж таалгахад томчууд 100 хувь таасан бол тэдний зөвхөн 50 хувь л зөв хариултыг хэлжээ. Энэ нь тэд томчуудыг бодвол сэтгэл хөдлөлөө боловсруулахдаа тархины өөр хэсгийг ашигладгаас болдог аж. Тэдний тархи санах ой, сэтгэл хөдлөлийг медиал, темпорал /medial, temporal/-д байрлах амигдала /amygdala/-аар голчлон дамжуулж боловсруулдаг байхад томчууд  хөгжиж дууссан нөгөө “мундаг” урд тархиндаа найддаг байх нь. Тэгэхээр тэднийг бидний хэлсэн ярьсаныг буруу, эсвэл бүрэн бус дутуу дүгнэж, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргаж байгааг нь урд тархи нь бүрэн хөгжиж дуусаагүйгээс болж байгаа болохоос бидний тэсвэр тэвчээрийг шалгах албаар тэгээгүй гэдгийг бодолцоно бизээ.
2.2.2 Хамгийн их анхаарал шаардагдах үе
Томрох тусмаа бидэнтэй ярих, цуг явах нь багасаад, хувь хүн гэдгээ ойлгож өөрөө дааж гаргах шийдвэр нь нэмэгдээд ирмэгц хүүхдийнхээ араас анхаарал ихээр тавьж гүйж байсан эцэг эхчүүд зайгаа аваад эхэлдэг. Хэдийгээр тэдний бие даасан байдлыг хүндэтгэх ёстой ч тэднийг үл тоож орхиж болохгүй билээ. Хүүхдүүд маань мэдэхгүй байгаа ч тэдэнд бидний оролцоо, зааварчилгаа хамгийн хэрэгтэй үе учраас хэрэв та энэ насан дээр нь постоо орхивол хүүхдээ орхилоо гэсэн үг шүү. 15 настай нэгэн америк хүү “бүх хүмүүс байх л ёстой юм шиг хүлээн авах юм. Томчууд бидэнд илүү заавар зөвлөгөө өгдөг болоосой. Биднийг амьдралын жижиг сажиг асуудал, бэрхшээлээс зайлхийлгэх хэрэгцээтэй зүйлийг тэд амьдралын явцад сураагүй гэж үү...” гэж нэгэн ярицлага дээр өгчээ. Би ч гэсэн залуу байхдаа аав ээж минь ийм юмыг хэлээд өгсөн энэ асуудлыг би заавал туулахгүй байж болох байсан гэж бодох үе зөндөө л гарч ирж байж билээ. Ердийн ажиглалт, энгийн яриа өрнүүлэх зэрэг нь тэдний нөхцөл байдлын талаарх мэдээллийг бидэнд өгч, хэрэгтэй цагт нь туслах боломжийг өгнө. Бид хүүхдээ 9, 10 хүрмэгц том болоод ямар хүн /мэргэжилтэй/ болох вэ гэж асуухаа хүртэл зогсоодог. Харин ч мэргэжил, боловсролын талаар яриа өрнүүлэх, бодол санаагаа илэрхийлэхээ нэмэгдүүлэх ёстой. Хэрэв хүүхэд 7-р анги гэхэд түүнд коллежид сурах төлөвлөгөө байхгүй бол цаашид ерөөсөө коллежид сурах бараг магадлалгүй байдаг гэж судалгаагаар гарчээ. Иймээс хүүхэд энэ насан дээрээ гэхэд ямар мэргэжилтэй болох, ямар сургууль сонгохоо төлөвлөсөн байх албагүй ч коллежид элсэн суралцана гэдэгтээ төгс баттай итгэсэн байх ёстой байхнээ. Хүүхэд бүр коллеж төгсөх албатай биш ч тэдний зуунд ихэнх ажил мэргэжилд коллежийн хэмжээний мэдлэг боловсрол шаардагдах болно гэдгийг бид бодолцох ёстой.
Өсвөр насны хүүхдийнхээ тархийг гоёмсог, нарийн гоолиг, хурдан, зөв хэмжээтэй боловч муу тормозтой спорт загварын машинтай адилтгаж ойлгож болно. Сэтгэл хөдлөлөө рационал /rational/ бодолтойгоо холбож эхэлж байгаа ийм эмзэг үед нь эцэг эхчүүд тэдний урд тархи “болж”  хараа хяналт, чиглүүлэлтийг хийх хэрэгтэй болно. Буруу зам уруу хазайх, тухайлбал архи тамхи, хар тамхи, секс, машин барих зэрэгт учир холбогдлоор биш, сэтгэлийн хөөрлөөрөө буюу дутуу хөгжсөн тархиараа шийдвэр гаргаад явчих магадлалтай. Амьдралынхаа удаан хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх архи, тамхи, хар тамхины хэрэглээ энэ насан дээр ихэвчлэн эхэлсэн байдаг. Цаг хугацааг хяналтгүй өнгөрөөх нь тэднийг хэрэг төвөг үрүү чирдэг. Ялангуяа ихэнх эвгүй үйлдлүүд гардаг үдээс хойших 2-6 цагийн хооронд хүүхдээ юу хийж байгааг мэдэж байх ёстой. Хүүхдийн сошиал үйл ажиллагааг хянах нь тэднийг буруу зам уруу оруулахгүй байлгах хамгийн чухал нөхцөл хэмээн Броун их сургуулийн “Архи болон донтох өвчин”-ийн судалгааны төвийн захирал Peter Monti хэлжээ. Ингэхээр та аль болох хүүхэддээ нүүрээ харуулж, тэдэнтэй харилцаа холбоогоо сайн байлгах хэрэгтэй. Гэхдээ хүүхэдтэйгээ харилцаа холбоо сайтай байна гээд дураар нь байлгаж, найзан дундаа байж болохгүй, тэдний эцэг эх нь байж шаардлагаа тавьж байхгүй бол хүүхдийн ирээдүйд л муугаар нөлөөлнө. Заримдаа ахлах ангийн сурагчид, эсвэл 20 гаруй насны хүүхдүүд гэртээ видео тоглоом тоглохоос өөр тусгүй сууж байхад эцэг эх нь тоохгүй, дуугахгүй байх нь тохиолддог. Тэгээд ч коллежид явсан хүүхдүүд дунд хамгийн их парти хийж, эсвэл асуудалд ордог нь хамгийн эрх дураараа байсан хүүхдүүд байдаг аж. Иймээс бие даасан хүн гэдгээ харуулж бидний үгнээс зөрж, маргах үед нь шантарч бууж өгөхгүй байх, түүний амьдралд тохирсон хэмжээнд оролцохоо зогсоож болохгүй. Ийнхүү ийш тийшээ хазайчих вий гэж хянаж нягтлахын хамт хэт болгоомжилж бөөцийлөөд том хүн болох хөгжлийн явцаас нь хөндийрүүлэхгүй алтан дунджийг олох явдал эцэг эхчүүд бидний үүрэг билээ.

2.2.3 Тэдэнтэй харьцахад ямар арга барил үр ашигтай вэ?
Хамгийн сүүлд гарсан (2016) тархины  судалгаагаар Тэдэнтэй харьцахдаа дараахь ерөнхий стретагийг баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүнд:
-          Боломжит хязгаарыг тавьж, биелэлтэнд нь хяналт тавь. Жишээ нь ахлах сургуулийн хүүхдүүдээс В сурахыг шаардах. Хэрэв хүүхэд А сурахыг хүсвэл түүний хэрэг. Түүнээс аав, ээжийн хүсэл байх хэрэггүй. Хэрэв ахлах ангийн хүүхэд В сурч чадахгүй байвал хичээлдээ сайжиртал нь сошиал амьдралыг нь багасгаж арга хэмжээ авах гэх мэт. Гэхдээ хүүхдийн чадлын хэмжээг бас ойлгох ёстой. Хүүхэд үнэхээр хичээгээд дийлэхгүй байж болно. Мөн зарим хүүхдийн тархи хоцорч хөгжиж байж болно. Ийм тохиолдолд шаардлагаа өөрчлөж уян хатан байж болно.
-          Тэдний санал бодлыг сонсоход бэлэн бай. Өөрийн бодлоо хэлэхийн өмнө тэдний юу гэж хариулахыг сонс. Тэднийг их ярих тутам бага лекц унш. Чи тэдэнтэй санал нийлэхгүй ч заавал сонс.
-          Хэрэв та өсвөр насны хүүхэдтэйгээ асуудалтай болбол энэ нь түр зуурын гэдгийг өөртөө байнга сануулаарай. Сайн сайхан зүйл ч муу явдал ч гэсэн түр зуурынх. Хэцүү зан бидэнд гаргаж байгаа тэр үедээ тэд зөвхөн өөрсдийгөө тойрсон өчүүхэн ертөнцийг л харж байдаг. Яг энэ үед эцэг эхчүүд тэдний түргэн зан, уурыг өөрчлөх, оролдох хэрэгтэй. Хэдийгээр тархины хөгжил, гормон нь тэднийг заримдаа бодлогогүй үйлдэл хийхэд хүргэж байгаа ч энэ нь тэднийг хийсэн буруу үйлдлийг хүлээн зөвшөөр гэсэн үг биш юм. Хэдийгээр хэцүү ч тэд хариуцлагатай байж чадахгүй гэсэн үг биш. Тэднийг яагаад ингэж байгааг ойлгож хүлээн авч байгаагаа илэрхийлэхийн хамт том хүний зүгээс өгөх шаардлагаа тавьж хэрэгжүүлэхийг шаардахаа зогсоох ёсгүй. 
-          Өмнө нь тулгарсан асуудлын эрсдэл, гарах үр дагаврыг олон талаас харж ярилцаж түүнд тайлбарлах. Түүний хөгжиж гүйцээгүй тархи дандаа зөв сонголт хийх чадваргүй гэдгийг шинжлэх ухааны судалгаа бүхий материалыг уншуулж, үзүүлж ойлгуулах. Гэхдээ тэдний саналуудыг үгүйсгэлгүй сонсох. Бага хэмжээний асуудлын шийдэх аргыг өөрөөр нь олуулах, бие дааж шийдэх эрхийг нь өгөх. Энэ нь тэдний өөрийн шийдвэрийг гаргах хүслийг нь тэтгэж, тэгээд ч хэрэв буруутвал бусдыг буруутгах аргагүй болгоно.
-          Хүүхдээ унтаж амрахын ашиг тусыг сайн ойлгуулах. 40 минутаар дутуу унтахад л хичээл дээрээ унтахаас өгсүүлээд сурлагын тал дээр ч асуудал авчирч магад. Англи хэл дээр баримтат кино, нэвтрүүлэг, видеог илүү сайн хүлээж авч магад. Би доор дурдсан тархи хэрхэн цэвэрлэгээ хийдэг талаарх эрдэмтний хийсэн дээр дурдсан TED яриа видеог 2 багадаа үзүүлсэнээс хойш заримдаа ядраагүй унтахгүй гэсэн асуудал үүсгэдгээ больсон шүү.
-          Энэ хүүхэдтэйгээ хэрхэн өөрөө өөрийгөө хянаж байх талаар ярилцах, тухайлбал найзууд нь архи, тамхи санал болгосон үед өөртөө итгэлтэйгээр эвтэйхэн гарах тактик  гэх мэтээр урьдчилан ярилцаж хүүхдээ бэлтгэх нь дараа гарах асуудлаас сэргийлэх боломжийг өгнө.
“Эцэг эх шиг биш, дасгалжуулагч шиг бай” /Stop Parenting Start Coaching/ номонд бичсэнээр эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа эцэг эхийн үүднээс биш эндхийн дасгалжуулагч багш нар шиг /coach/ хандахыг зөвлөжээ. Үүнд өгүүлснээр:
-          эцэг эхчүүд тэдэнд юу хийхийг нь заадаг бол дасгалжуулагч багш нар яаж хийхийг нь үзүүлдэг
-          эцэг эхчүүд тэднийг муу юмнаас хол байлгаж хамгаалахыг оролддог бол дасгалжуулагч нар тэднийг асуудал тулгарахад яавал зүйтэйд бэлтгэдэг
-          эцэг эхчүүд ихэвчлэн тэдэнд юу таарч тохирохыг өөсрдөө шийддэг бол дасгалжуулагч багш тэднийг өөрсдийн хийсэн сонголтынхоо үр дагавраас суралцуулахыг нь илүүд үздэг
-          эцэг эхчүүд тэднийг өөрсдөдөө дуртай байлгахыг хичээдэг бол дасгалжуулагч хүндлүүлэхийг хүсдэг
-          эцэг эхчүүд тэднийг хайрладаг бол дасгалжуулагч тэднийг хатуу хайраар хайрладаг
-          эцэг эхчүүд тэдэнд алдааг нь байнга сануулдаг бол дасгалжуулагч алдаан дээр үндэслээд улам сайжруулахыг хичээдэг
-          эцэг эхчүүд тэдэнд итгэхээсээ айдаг бол дасгалжуулагчид тэдэнд итгэхээс өөр арга байхгүй.  
Нээрээ л эндхийн хүүхдүүд дасгалжуулагч нартаа их сайн, тэднийг яаж загнаж хашгирч байсан хүндлээд үгэнд нь ороод гүйж байдаг, олон жилийн дараа ч тэд заримдаа эцэг эхчүүдээсээ илүүтэй тэдний талаар сайнаар ярьдгийг та бүхэн анзаарсан байх. Энэ номонд өгүүлж байгаагаар гол нь өсвөр насны хүүхдийнхээ эсрэг биш тэдэнтэй хамтарч ажиллах, тэд яагаад таньд уурлаад байгаа вэ гэсэн асуултыг өөртөө тавих, тэдэнд юу хэрэгтэй гэж бодож байгаагаа хийлгэхийн хамт тэднийг сонсож ойлгосноор тэдний хүсч байгаа зүйлээ авахад нь туслах, дандаа эцэг эхчүүд өөрсдийн дуртай зүйлээ хийлгэлгүй тэднийг өөрсдөөр нь дүрмийг гаргахад нь оролцуулах, бие биендээ уурлах, харилцан үл ойлголцох байдал өсвөр насныхан, эцэг эхчүүд хооронд гардаг асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх, тэдэнтэй элэн далангуй, үнэн сэтгэлээсээ хүндэлж ярилцах, харьцах зэрэг аргыг хэлжээ. Жишээ нь хүү, охин чинь хичээлээ сайн хийхгүй байлаа гэж бодоход түүнийг хийхгүй бол утсыг чинь хурааж авна гэхчилэн сүрдүүлэх, үүнийгээ хэрэгжүүлэхийн оронд түүнийг яагаад ямар шалтгаанаас хийхгүй байгааг юуны түрүүнд олж тогтоохыг хичээх ёстой гэнэ. Мөн хүүхдийнхээ сайн эсвэл дуртай сэдэв, хичээл, хүсэл мөрөөдлийг нь асууж ярилцаад түүндээ хүрэх алхмуудыг зааж, тусалж, ирээдүйнхээ төлөө урам зоригтой зүтгэхэд идэвхжүүлснээр тэднийг хичээл номондоо шамдах үндсийг нь тавьж чадна гэжээ.
Энэ бүлгийн төгсгөлд нэмэхэд, хэрэв өсвөр насны хүүхэд чинь алдаа гаргасан байвал түүнд урам хугарч гомдож байгаагаа нуулгүй илэрхийлэх, хэдийгээр нь заримдаа хүлээж авахад хэцүү ч хүүхдийн эдгээр жижиг алдаанууд тэднийг том хүн болох алхмуудын нэг гэж хүлээн зөвшөөрч тэдэнтэй том хүний адил харьцах, тэдний алдааг үргэлж зааж хэлэхийн оронд тэднийг алдаанаасаа яаж сургамж авахуулах талаар илүүтэй бодож ажиллахыг хичээцгээе. Ингээд өөрийн эцэг эхийн чадвартаа эргэлзсэн үе тохиолдолдвол эв хавгүй үйлдэл хийдэг ч маш зохицох чадвартай тэдний “гайхамшигт” тархины талаар эргэн санаарай.

No comments:

Post a Comment