Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, October 22, 2016

Монгол хүүхдийн хүмүүжил: Техник технологийн муу нөлөөллүүд



4.4.5.1 Хүүхдэд техник технологи нөлөөлөх нь
Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ хэрэгтэй үедээ холбогдох, хаана байгааг мэдэх гэж гар утас, хичээл номоо хийж, мэдээлэл олж мэдэг гэж  компьютер авч өгдөг. Эдгээр дээр зурагт нэмэгдээд ийм л олон мэдээллийн хэрэгслэлээс урсах асар их мэдээллээр хүүхдүүд өдөр бүр бөмбөгдүүлж байна. Тэдний хөгжиж байгаа бяцхан тархи энэ олон зүйлийн бүгдийг нь ангилж, боловсруулж, учир утгыг нь олон боломж байхгүй. Түүнчлэн эдгээр хэрэгцээт хэрэгсэл хүүхдүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл санаа, амь нас, ирээдүйд нь хор учруулах бололцоотойг бодолцож явах нь зүйтэй билээ. Хүүхэд олон цагаар элдэв эрээн мяраан онц хэрэгтэй биш зүйлсийг дэлгэцээр харж үзэн цагаа өнгөрөөх нь тэдний насан дээрээ эзэмших ёстой боловсролын чухал элементүүд болох биеийн мотор skills буюу хөдөлгөөн, асуудлыг шийдвэрлэх, шалтгаан, үр дагаврын тухай ойлголтыг өгөх бодит зүйлийг харж, барьж, мэдрэх, үеийн болон томчуудтай харьцах чадваруудыг орхигдуулахад хүргэх аюултай. Түүнчлэн цаашид компьютер, зурагтын анивчсан, хөдөлгөөнтэй дүрс нь тэднийг суралцах явцад зайлшгүй шаардлагатай анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлэх чадвараа хөгжүүлэхэд нь саад болдог. Түүнээс гадна тархи судлаач эрдэмтдийн судалгаагаар тархины зарим хэсгүүд, тухайлбал бодох, санах ойн тогтоц, бүрэлдэхүүнд нөлөө бүхий хэсгүүд медиа хэрэгсэл үзээгүй үед улам идэвхждэг болох нь тогтоогдсон билээ. Өөрөөр хэлбэл зурагт унтрах үед тархины зарим хэсэг “асдаг” байхнээ. Гэхдээ хүүхдийн тархийг зөв хөгжүүлье, дэлгэцний цагийг нь зөв зохицуулж явъя гэвэл бүр багаас нь эхлэх хэрэгтэй та бүхэн ойлгож байгаа байхаа. Бага насны хүүхдийнхээ компьютер, техник ашиглах чадварыг магтах эцэг эхтэй зөндөө тааралдаж байлаа. Ялангуяа өөрсдөө техник технологитой харьцангуй ойр өссөн залуу гэр бүлүүд хүүхдийнхээ дэлгэцийн цагт анхаарахгүй байгааг нь миний санааг ихээхэн зовоож байгаа юм. 2-оос доош насны хүүхдийн дэлгэц ширтэх цаг өдөрт 2 цагаас дээш байлгаж болохгүй гэсэн зөвлөгөө энэ тэнд байдаг ч саяхан /2016 оны 10 сар/ American Academy of Pediatrics байгууллагаас энэ насны хүүхдэд дэлгэц үзүүлэх тэдний өсөлт, хөгжилд муугаар нөлөөлөх магадлалтай тул 18 сараас доош насны хүүхдэд өвөө эмээтэйгээ видеогоор ярьж уулзахаас бусад тохиолдолд дэлгэцтэй харьцуулахгүй байх нь зөв гэж зөвлөсөн байгаа. Мөн 2-5 насныханд PBS, Sesame Network гэх мэт “өндөр чанарын нэвтрүүлгүүд”-ийг 1-ээс доош цагаар үзүүлэх, иймээс гар утас, Айпад зэргээ өгөхгүй байхыг нь зөвлөжээ. Үүний хамт үзэж байгаа нэвтрүүлгийг нь цуг үзэж тэдэнд тайлбарлаж, бодит амьдралтай холбож ойлгуулж байх ёстой гэжээ. Тэгээд ч тархины 90 хувь нь 5 нас гэхэд хөгжиж дуусдаг тул бага насны хүүхдийн сонсох, асуудлыг шийдвэрлэх чадвар, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлдэг тэдэнд ном унших, дуулах, тэдэнтэй ярих, тоглуулахад хамгийн их цаг зарцуулах ёстой. Ялангуяа тэднийг тоглуулахын чухлыг мартаж болохгүй. Тоглоом нь хүүхдийн бие бялдар, сэтгэл санааны эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Гэхдээ электрон тоглоомыг аль болох сонгохгүйг хичээгээрэй. Хүүхдүүд жирийн тоглоомоор бусадтай хамтарч тоглосноор ээлжлэх, хувааж хэрэглэх, бие биендээ туслахад суралцдаг бол электрон тоглоом ихэвчлэн ганцаарчилж тоглоход зориулалттай байдгаас бусадтай нийцтэй /social/ харьцах чадвар эзэмшихийг нь орхигдуулдаг. Дээр нь Моцарт эффект буюу сонгодог хөгжим оюуны чадвар хоёрыг хамааралтай гэж гаргасан судалгаанаас болоод хүүхдийн тоглоомнууд, бүр коршок хүртэл электрон болж хөгжимтэй эгшиглэх болсон. Бие засаж байгаа хүүхэд биеэ хянаж мэдрэхэд анхаарах ёстой боловч эгшиглэнт дуунд анхаарал нь сарних ёсгүй билээ. Өөр нэг зүйл бол 2015 онд сонин дээрээс бага насны хүүхдүүдтэйгээ ном уншихдаа электрон ном ашиглаж уншдаг эхчүүд олширсон тухай уншиж байсан юм байна. Бага насны хүүхэддээ ном уншиж өгч байгаа мэдээж сайн хэрэг. Гэвч тэдэнд хамгийн энгийн орчин ээж аавын дуу хоолой, үйлдэл, ах дүү нарын хөдөлгөөн зэрэг л тэдэнд хангалттай билээ. Гэтэл электрон ном нь тав тухын хувьд давуу талтай ч уламжлалт цаасан ном л бидэнд хүүхэдтэйгээ илүү хүрэлцэж харьцах боломжийг өгдөг. Цаасан ном хэрэглэдэг эцэг эхчүүд номын хуудсыг эргүүлээд буцаж ярилцах, хүүхдийн амьдралтай холбож тайлбарлах зэрэг харилцан ярилцах уншлаг буюу “dialogic reading” илүү хийдэг тул хүүхдийн хэлний хөгжилд чухал нөлөөлдөг гэжээ. И-ном нь хүүхдийг уншиж ойлгох чадварыг бууруулдаг гэж 2-3 настай хүүхдэд 2013 онд хийсэн судалгаагаар гарсаныг судлаачид и-ном унших үед хүүхэд эцэг эхчүүд номон дээр биш “наад товчлуураа дар, жаахан хүлээ, эхлээд уншиж дуусга” гэх мэт уг хэрэгсэлд голчлон анхаарал хандуулахад хүрдгээс үүдэлтэй гэсэн байна. Гэхдээ хүүхэддээ ямар ном сонгох нь эцэг эхийн хэрэг бөгөөд хэрэв и-ном сонговол ядаж хугацааны асуудлыг анхаарна бизээ. Миний бие ч хуучинсаг хүн, ерөнхийдөө електроноос илүүтэй цаасан хэвлэлийг илүүд үздэг, уншихад ч үлдэцтэй санагддаг юм. 2003 онд Вашингтоны Их сургуулийн "Institute of Learning and Brain Sciences"-аас 9 сартай хүүхдүүд дээр хийсэн нэг судалгаа байдаг. Тэд хүүхдүүдийг 3 бүлэгт хувааж 1-р бүлэгт Хятад хэлийг багштайгаар, 2-р бүлэгт Хятад хэлийг DVD-ээр, 3-р бүлэгт зөвхөн англи хэлээр юм заажээ. Өнгөц хархад 2-р бүлгийн хүүхдүүд дэлгэцийг маш анхааралтай ширтэж, хамгийн сайн сурахаар байлаа. Үүний дараа тархины скан, хэлний тест авахад тэд 3-р бүлгийн хүүхдүүдийн адил үзүүлэлттэй гарсан байна. Харин эхний бүлэгт байсан хүүхдүүд л илүү юм сурсан байжээ. Тэгэхээр нөгөө алдартай “Baby Einstein” зэрэг DVD-г хүүхэддээ үзүүлээд ухаантай болгочихно гэж бодож болохгүйнээ. Тэр өргөн хүрээнд хэрэглэгдэж байсан DVD хүүхдийн хэлний хоцрогдолд нөлөөлсөн гэж гарсан тул Walt Disney 2009 онд class action-аар шүүхэд татагдаж хүмүүсийн мөнгийг буцааж өгөхөөр болсон байхаа. Ийм төрлийн “ухаантай” болгох DVD, программ нь тархинд хэт өдөөлт өгдгөөс тархины эд эсийн холбоос үүсэхэд саад учруулсанаас хүүхдийн бяцхан тархинд нь бүрэн хэмжээний өөрчлөлтийг авчирч цаашид анхаарал төвлөрөхгүй байх, ADHD өвчинтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг гэж судалгаагаар гарсан тул тархинд хэт их өдөөлт нь эсвэл ерөөсөө өгөхгүй байхын адил хортой болохыг анхаарна бизээ. Ер нь тэгээд 2 болон түүнээс бага насны хүүхдийн тархийг хөгжүүлье гэвэл аль болох нүүр нүүрээрээ харж, тэдэнтэй ярьж, харьцаж тоглуулах, харин хоол унд хийх, ажил амжуулахдаа хүүхдийг ганцаарыг нь орхиж тоглуулахдаа аль болох электрон зүйлсээс хол байлгахыг хичээгээрэй. Хэрэв эхнээсээ хүүхдийг зурагт, элетрон тоглоом гээд өнгө, хөдөлгөөн ихтэй элетрон зүйлээр аргацаагаад сурчихвал энгийн толгоомд татагдах нь бага болно шүү.
Мэдээж томхон хүүхдүүдийн хувьд техник технологи орчин үеийн хүүхдийн амьдралын салшгүй хэсэг болсон гэдгийг бид дуртай дургүй хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Дээр нь анги дэвших тутамд компьютер дээр хийх гэрийн даалгаварууд нэмэгддэг. Гэхдээ тэдний энэ зөв хэрэглээг нь чиглүүлж тохируулж, энэхүү электрон “мангаснууд”-д алдчихгүйн тулд хянах амаргүй үүргийг бид хүлээх ёстой. Үүний тулд бүх медиа хэрэгслэлийг хэрэглээний цаг хугацаанд болон үзэж байгаа вэб сайт, кинонд нь тухайн хүүхдийн нас, хүйс, зан байдал, өөрийн гэр орны ахуй, соёлын онцлог, харилцаан дээрээ үндэслэн бүрэн хязгаар, хяналтыг тавих хэрэгтэй. 5-аас үээш насны хүүхдийн дэлгэцийн цагийг тогтоохдоо дээрх онцлогуудыг харгалзахаас гадна тухайн медиа нь кино, видео тоглоом, фэйсбоок, твиттер, телевизийн программ зэрэг зугаацуулах зориулалттай юу, эсвэл түүх, байгалийн талаар унших, видео үзэх гэх мэт боловсрол мэдлэг олгох зориулалттай юу гэдэг дээр нь бас бодолцох нь зөв. Бид хүүхдүүддээ дэлгэцтэй наалдаж суухыг харахаас илүүтэй гадаа тоглож гүйж хариаж, ном уншиж, хоорондоо харилцаж байхыг харахыг хүсдэг, энэ нь ч тэдний эрүүл мэндэд сайн гэдгийг бүгд ойлгож байгаа. Иймээс гэрт өдөр бүр л үүнтэй холбоотой тэмцэл өрнөдөг. Жишээ нь манай найз нарын зүгээс хүүхдийн дүн нь буурсан, хийх ёстой гэрийн ажлаа хийгээгүй байх үед техник хэрэгслэлийг нь хураах, хэдэн өдөр, сараар “grounded” байлгах буюу шийтгэх зэрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. Манай гэрийн хувьд ч гэрт үлдсэн 2 хүүгээ дэлгэцний цагийг нь багасгах тал дээр эрчимтэй арга хэмжээ авч туршиж хэрэгжүүлж үзсээр л байна. Эхлээд хичээлийн өдрүүдэд 5 цагаас зурагт үзэхийг зөвшөөрдөг байсан боловч 5 цагийг хүлээж хичээлдээ хайнга хандаж байгаа нь мэдрэгдсэн тул зөвхөн амралтын өдрүүдээр чөлөөтэй тоглох, зурагт үзэхийг зөвшөөрдөг дүрэм үрүү шилжсэн билээ. Хамгийн сүүлийн байдлаар тэдэнд хичээлийн жилд компьютер тоглоомыг нь бүрмөсөн хориглосон бөгөөд зөвхөн хичээл хийхэд шаардлагатай үед л гэхээс бусад цагт компьютер асаахгүй бөгөөд 5 дахь, хагас, бүтэн сайнд гэрийн даалгавраа хийж, номоо уншсан тохиолдолд зурагт зөвхөн чөлөөтэй хэрэглэхээр дүрэмтэй болоод байна. Доор эцэг эхчүүдийн санаа авах зарим жишээ арга хэмжээнүүдийг орууллаа. Үүнд:
-    Орчин хүүхдүүдийн бусадтай нүүр нүүрээрээ харж ярилцах, дуу хоолойгоо сонсох, ярилцахаас илүүтэй текстлэхийг илүүд үздэг болсон нь бусадтай хэрхэн харьцах, дууны өнгөөр ярианы өнгийг тааж мэдэх, харилцан буулт хийх зэрэг амьдралд хэрэгтэй наад захын чадвараа муутгах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм. Иймээс хүүхдүүдтэйгээ текстлэх биш аль болохоор ярихыг шаардах, гэрийнхээ зарим хэсэгт текст бичихгүй бүс байгуулах, машинаар сургуульд хүргэж өгч буулгах үед тэдэнтэй яриа өрнүүлэх хамгийн таатай нөхцөл тул тэдний утсаар оролдохыг нь хориглох зэргээр тэмцээрэй.
-      Сэрүүлэг. Манай найзын хэрэглэдэг арга. Хүүхдүүддээ тоглох үед компьютер, пад дээр нь сэрүүлэг тавьчихдаг. Энэ нь тэдэнд зогсох дохиог бидэнд дуулдахаар өгнө гэсэн үг. Гомдлохыг багасгана. Зурагт үзэхэд нь гал тогооны сэрүүлгийг ч ашиглаж болно. Хэрэв цагийг хэмжүүр, хориг тавьсан бол түүнийгээ яс баримтал.
-          Өөрөө үлгэр жишээ бол. Хүүхдээ зурагт үзэхийг нь хориглочхоод өөрөө орой үдэш үзээд суух нь тийм ч зөв биш үйлдэл билээ. Би ч гэсэн хүүхдүүдээ хичээлийн өдрүүдээр зурагтыг нь хориглосон тул өөрөө ч тэр өдрүүдэд үзэхээ больсон билээ.
-      Дэлгэцнүүдийг аль болох нүднээс нь далд байлгах. Дэлгэцгүй өрөөнүүдийг бий болгох. Жишээ нь гал тогоо, унтлагын өрөө гэх мэт. Зурагтыг харагдуулахгүй хаагддаг сабинет, бүтээлэг зэрэг ч байдаг. Унтахгүй утсаа оролдоод байгаа нь ажиглагдвал унтахын өмнө нь унтраалгах, өөр өрөөнд цэнэглэж орхиулах зэрэг аргаар тэднийг нойртой хонуулах хэрэгтэй байх. Мөн тэднийг 00 өрөө үрүү элетрон хэрэгсэл авч орохыг нь хориглох хэрэгтэй. Ингэснээр тэд ном унших болно. Хэдийгээр манайх жижиг байшинд амьдардаг ч жижиг өрөөгөө оффис болгоод тэнд бүх компьютерүүдээ байрлуулсан билээ. Эхнээсээ хүүхдүүддээ өрөөнд нь зурагт, компьютер байлгахгүй, ээж аав та нарын юу хийж байгааг харж байх шаардлагатай тул чимээ шуугианаас сэргийлэх үүднээс л биш бол өрөөнүүдийн хаалгыг хаахгүй гэсэн аман дүрэмтэй тул энэ талаар тэд 10 гаруй жилийн хугацаанд эсэргүүцсэн яриа үүсгээгүй л байна.
-    Дүрмээ тодорхой болгох. Гаргах шийтгэлийн арга хэмжээнүүдийг бат хэрэгжүүлэх. тухайлбал интернэт тогийн залгуурыг салгах, хурааж авах, дүнтэй нь холбох гэх мэт. Биднийг үгүй гэж хэлсэний дараа хүүхдүүд үүнийг янз бүрийн аргаар шалгадаг. Хичээлийн өдрүүдээр бүх дэлгэцтэй зүйлс, зурагтыг хориглосноос хойш хүүхдүүд эхэндээ намайг янз бүрийн аргаар туршиж үздэг байлаа. Заримдаа намайг кинонд дуртайг минь далимдуулаад хэдүүлээ шинэ гарсан киног үзэх үү гэх мэт. Иймд хүүхдийн элдэв “зальд” хууртагдалгүй тууштай байвал дүрэм хэрэгжих болно.
-        Тэдний үзэж хардаг шоу, нэвтрүүлэг, тоглоомын талаар мэдээлэлтэй байх. Ажиглаж харах, эсвэл www.commonsensemedia.org, www.parentalguide.org, parentpreviews.com, www.kids-in-mind.com, www.getnetwise.org, зэрэг сайтуудаас ном, хөгжим, кино, вэб сайтууд, тоглоом зэргийн үнэлгээг харах бололцоотой. Мэдээж тоглоом болгон хортой биш. Тэднийг асуудлыг шийдвэрлэх, гар нүдний кординатыг сайжруулах, математик болон бусад хичээлийн төрлөөр сургах зэрэг чадварыг эзэмшүүлдэг болон  дасгал, бүжиг хийлгэдэг хөдөлгөөнт видео тоглоомуудыг тоглобол бид илүүтэй дэмжинэ. Гэвч хүүхдүүд  ийм төрлийн тоглоомуудаас жинхэнэ видео тоглоомоо илүүд үздэг тул олгосон цагт эдгээр тоглоомоос оруулах, цуг хамтарч тоглох зэргээр сонирхлолыг нь чиглүүлэх нь зүгээр санагддаг. Видео тоглоомын хайрцаган дээрх жижиг дөрвөлжин тэмдэгтээр ямар насныханд зориулсныг олж харах боломжтой. Хэрэв EC гэсэн тэмдэг байвал Early childhood буюу бага насны 3 болон түүнээс дээш насныханд, E-Everyone бол 6 болон түүнээс дээш насныханд, E10–everyone 10+ бол 10 болон түүнээс дээш насныханд, T- Teen бол 13 болон түүнээс дээш насны хүүхдэд, A-Adult бол нэлээд хугацааны түрэмгийлэл, харигслал, сексийн график, үг хэллэг, нүцгэн бие гардаг хэсэгтэй тул зөвхөн том хүмүүст, M-Mature бол харигслал, цус, секс, муу үг хэллэгтэй агуулгатай тул 17-оос дээш насныханд тохиромжтой гэсэн утгыг илтгэдэг. Киноны хувьд мөн л хайрцаг дээр болон эхлэхийн өмнө энэхүү тэмдэгт гардаг. G-General буюу бүх насныханд, PG Parental Guidance Suggested буюу зарим материал нь хүүхдэд тохиромжгүй байж болно, PG-13 Parents Strongly Cautioned зарим материал нь 13-аас доош насныханд тохиромжгүй байж магадгүй, R Restricted буюу 17-оос доош насныхан эцэг эх болон асран хамгаалагч том хүний хажууд үзэж болно, NC-17 No one 17 and under admitted буюу 17, түүнээс доош насныхан үзэхийг хориглоно. ТВ-ийн нэвтрүүлэгт, дуу хөгжим ч гэсэн ч иймэрхүү тэмдэгтэй.

No comments:

Post a Comment