Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, October 4, 2016

“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.4.2



1.4.2 Магтаал, шагналыг хэтрүүлэх нь
Америкт хүүхдүүд бодит байдлаас хол зөрөөтэйгээр өөрсдийгөө ямар онцгой болохоо магтах, хийж байгаа зүйлээ ямар амархан болохыг ярихтай нь элбэг тааралдаж байсан бизээ. Үнэхээр эндхийн хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нь бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад маш өндөр байдаг нь судалгаагаар батлагддаг. Жишээ нь ахлах ангийн хүүхдүүдийн дунд хийсэн санал асуулгаар тэдний 70 хувь нь өөрсдийгөө дунджаас дээш удирдан зохион байгуулах чадвартай, зөвхөн 2 хувь дунджаас доош чадвартай гэж бөглөжээ. Түүнчлэн “өөрийгөө маш чухал хүн” гэж боддог өсвөр насныхны хувь 1950 онд 12% байснаас 2005 онд 80% болтлоо өсчээ. Би өөрийнхөө биеийг харах дуртай, хэн нэгэн нь миний амьдралын талаар ном бичих хэрэгтэй гэх мэт асуултанд зөвшөөрч байна, зөвшөөрөхгүй байна гэсэн хариултаас сонгож хариулах тест дээр оролцогч хүүхдүүдийн 93% нь 20 жилийн өмнөх дундаж хүүхдүүдээс илүүтэй наркасстик (өөрийгөө шүтсэн, илүүд үзсэн) хариултыг сонгожээ. 1976 онд авсан санал асуулгаар алдартай хүн болох амьдралын зорилго 16 боломжит зорилгоос 15-т жагсаж байсан бол 2007 онд асуулгад оролцогч хүүхэд залуусын 51% нь амьдралынх нь хамгийн чухал зорилтуудын нэг гэж сонгожээ. Дунд сургуулийн охидын дунд саяхан авсан олон сонголт бүхий тестээр 2 дахь олон охид алдартай хүний туслахын ажлыг Харвардын их сургуулийн захирлын ажлаас дээгүүр тавьж сонгожээ. New York Times сонинд хэвлэгдсэн Рони Кэрин Рабины коллежийн оюутнууд дунд хийсэн санал асуулга дээр оюутнууд магтаалыг дуртай хоол, сексээс илүүтэйд үзсэн байжээ. Анх Американ Айдол /American Idol/-ыг үзээд нэлээд их инээдэг байж билээ. Үнэхээр муу хоолойтой мөртлөө л ээж, багш намайг сайн гэсэн, та нар буруу дүгнэж байна гээд зүтгээд байдаг хүүхэд, залуучууд зөндөө ордогсон. Сан Диего хотын их сургуулийн профессор Жин Тенге буюу “Би-үеийнхэн” номондоо одоо үеийн хүүхдүүд өмнөх үеийн хүмүүсийн бодвол хамгийн хувиа бодсон өөрсдийгөө нэгд тавьсан төдийгүй тэд өмнөх үеийн ижил настай залуу үеийг бодвол тэднээс илүү дээр, мундаг гэж үздэг гэжээ. Тодорхой хэмжээний өөртөө итгэх итгэл байдал сайн боловч өөрийгөө үнэлсэн үнэлэмж нь бодит байдлаас хол зөрсөн байвал тэрээр хэт өөртөө итгэсэн хүн болсон гэсэн үг бөгөөд энэ нь тухайн хүнд ажил амьдралд, хүмүүстэй харьцах харьцаанд нь хор авчирна гэж тэрээр үзжээ. Энэ дүгнэлт жил бүр улс даяар шинээр элсэн орсон хэдэн зуун оюутнуудаас санал асуулга авдаг UCLA –ийн Cooperative Institutional Research Program-ийн өгөгдөл дээр үндэслэн хийгдсэн тул залуу үеийг хэт ерөнхийлөн буруу дүгнэсэн /generalize/ гэж үзэх аргагүй. Тэдний судалгаагаар гарч ирсэн өөр нэг зүйл бол санал асуулганд оролцсон 1960-аад оны оюутнуудыг бодвол  өөрийгөө хэд хэдэн төрөл дээр дунджаас дээгүүр чадвартай гэж үнэлэх шинэ оюутнууд жилээс жилд нэмэгдэж байна гэжээ. Энэ нь дүнгийн өсөлттэй холбоотой байх талтай аж. 1966 онд санал асуулганд оролцсон оюутнуудын дөнгөж 19 хувь нь ахлан сургуульдаа голчлон А, А хасах авдаг байсан гэсэн бол 2009 онд оролцсон хүүхдүүдийн 48 хувь нь ийм дүнтэй төгсчээ. Ер нь хуучин үе нь шинэ үеэ муулах нь бүх түүхийн явцад үргэлжилдэг ч боссууд өнөөгийн шинээр төгсч ирсэн залуучуудын ажлын байранд ирэхдээ цалингийн хувьд санаанд ормооргүй өндөр хүлээлттэй ч шүүмжлэл сонсох дүргүй, ажил үүргээ гүйцэтгэхдээ дур сонирхол муутай ханддаг гэж шүүмжлэх нь элбэг. Гэсэн ч тэрээр энэхүү судалгааны дүнг залуу үеийг стереотайпэд оруулахад ашиглахгүй байхыг сануулж, өнөөгийн залуучуудын талаар өөр бусад сайн үзүүлэлтүүдийг гарсныг бас дурдсан байна. Дундаж америк хүүхдүүд математикийн тест үзүүлэлт дэлхий зарим оронтой харьцуулбал тийм ч сайн биш байдгийг та бүхэн мэднэ. Гэтэл хамгийн өөртөө итгэлгүй үзүүлэлтийг санал асуулга дээр сонгосон Япон, ХонгКонг, Тайван, Өмнөд Солонгосын хүүхдүүдийн тестийн үр дүн дэлхийд дээгүүр жагсдаг. Энэ нь ерөнхийдөө азиуд, түүний дотор монголчууд өөрсдийгөө айхтар харуулах гэж зүтгэх, магтах зэрэгт онгирч байна гэж буруутгаж хардаг, “эх мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” зэргээр хэлж даруу байхыг сургасаар ирсэнтэй холбоотой. Энэ үзлээр хүмүүжигдсэн бид хүүхдээ ихэнх америк хүүхдүүдийн адилаар хэт өөртөө итгэлтэй болгох нь зөв, буруу эсэхийн талаар америкийн монгол хүүхдүүдэд СВОТ шинжилгээ хийсэн хэсэгт дахин авч үзэх болно.
Эндхийн хүүхэд залуучууд яагаад ийм болов гэдгийг мэргэжилтнүүд эцэг эхийн хүмүүжлийн болон сургалтын техникүүд магтаалд дуртай, өөртөө хэт итгэлтэй, хэт эрхэлсэн, хорвоогийн хатуугаас хамгаалж бөөцийлсөн хүмүүсийг үйлдэрлэж байгаагаар тайлбарлаж байна. Хүүхдийн спортын бэлтгэл, тэмцээн үзэж суухад нэг их мундаг юм хийгээд харагдахгүй байгаа хүүхдүүд үрүүгээ зарим эцэг эхчүүд “чи ёстой мундаг, сайн байна, чи чадна” гээд орилж өгдөг биз дээ. Сүүл үрүүгээ хүүхдүүд үүнд нь дасч жаахан юм хийчихээд ээж аав уруугаа магтахыг нь хүлээгээд эргэж харах жишээтэй. Тэднийг өрөвдөөд худал найдвар төрүүлээд явбал гайхамшигтай гэж өөрийг нь магтахад дассан хүүхдүүд гэр, сургуулиасаа холдож жинхэнэ амьдрал дээр гарах үедээ тэдний итгэж найдаж байсан зүйлс нь амьдралын үнэнтэй тулгарч, өөрийгөө бусдын адил жирийн болохыг олж хараад сэтгэлээр унах нь гарцаагүй. Сайнт Луис хотын Кардинал багийн менежер, бага лигийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн программыг хэрэгжүүлэгч Майк Матени хүүхдийн спортод гарч байгаа хамгийн том бэрхшээл саад юу вэ гэсэн асуултанд тэрээр эцэг эхчүүдийг нэрлээд, хүүхдээ сайн дэмжихийг хүсч байвал тэд дуугүй байхад л болно гэжээ. Сайн байна гэж орилох нь ялангуяа жижиг хүүхдүүдэд маш их шахалт болдог тул чимээгүй байхад л хангалттай аж. “...Тэгээд ч тэдний тоглолтыг үзээд сууна гэдэг нь өөрөө маш том дэмжлэг болдог. Яг үнэндээ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн зөвхөн 1 хувь л мэргэжлийн спортод хүрч чаддаг учраас үлдсэн 99 хувьдаа анхаарлаа хандуулъя. Эдгээр хүүхдүүдийг спортоор хичээллүүлэхийн гол зорилго бол тэднийг бие бялдарын хувьд тэгш болгохоос гадна тэдэнд тэсвэр тэвчээр, анхаарлаа төвлөрүүлэх гэх мэт хэрэгцээт зан чанарыг бий болгоход оршино” гэжээ. Хөдөлмөрлөж зүтгэж амжилтанд хүрсэн хүүхэд л шагнагдах ёстой гэсэн бодлоор хүмүүжсэн миний бие анх Америкт ирээд гайхсан зүйл гэвэл ямар ч спорт, урлагын секц дугуйланд хүүхдээ оруулна, сургалт дууссаны дараа хэдийгээр баг нь хожигдсон, эсвэл амжилт гаргаад сүйлд болоогүй ч байсан бүх хүүхдүүдэд оролцсоны төлөө нь заавал нэг баярын бичиг, тэмдэг, цом өгөх нь шагнал гэдэг зүйлийн үнэ цэнийг бууруулаад байгаа мэт санагддаг байлаа. Ийнхүү шагнал цаасыг хавтгайруулан өгдөг нь 1980-аад оны үед хүүхдийн өөртөө итгэх итгэл нь түүний оюун санааны эрүүл мэндэд чухал нөлөөтэй, иймд тэдний өөртөө итгэх итгэлийг нь хөсөрдүүлж магадгүй бүхий л зүйлээс аль болох хамгаалах хэрэгтэй гэсэн онол ихээхэн дэлгэрсэнээс үүдэлтэй юм байна. Нэг ч гэсэн хүүхдийг “ялагдагч” болгож сэтгэл санаагаар нь унагахгүйн тулд бүх хүүхдийг урамшуулах нь зүйтэй гэж шийдсэн бололтой. Ийнхүү бүгдэд шагнал өгөх явдлыг дэмжигчид хүүхдийг аливаа зүйлээр хичээллэж эхлэх үед тэднийг хичээл дасгалдаа явсаны төлөө урамшуулсанаар цаашид сонирхолтой болгох үндсийг тавьдаг, харин цаашдын явцад хүндрэл, бэрхшээлийн хэмжээнээс хамаарч шагналаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг юм байна. Гэвч үүнээс хойш энэхүү онолыг бут цохьсон судалгаанууд олноор гарсан ба үүний нэг нь Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн эрдэмтдийн хүүхдийн өөртөө итгэх итгэлийн чиглэлээр хийсэн нэгэн судалгаа дээр хүний өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр түүний сайхан сэтгэл, болон хичээл, ажил амьдрал дээрээ амжилт гаргах боломжийг нь нэмэгдүүлдэггүй гэж гарсан. Түүнчлэн 2014 онд хийгдсэн “Сэтгэл судлал” сэтгүүлийн судалгаагаар өөртөө итгэх итгэл багатай хүүхдийг хэтрүүлсэн магтаалаар магтахад харин ч тэд улам бага ажиллаж, аль болох хялбар зүйлийг сонгож хийж байжээ. Нүүр номын хуудас дээр, энэ тэрээр монгол хүмүүсийн хоорондоо хуваалцаад байгаа хүүхдийн хүмүүжлийн талаарх мэдээлэлүүдэд голчлон дээрх 80-оод оны энэ онол л яваад байгаа харагддаг. Бүгдийг хавтгайруулан шагнахыг эсэргүүцэгчид харин ч эхэлж байгаа хүүхдэд бүр өгөх хэрэггүй, тэд эхлээд дүрмийг ойлгож, өөрийгөө сайжруулахад суралцах ёстой. Үүний дараа зан чанар, чадвараа сайжруулсаны төлөө тэднийг урамшуулахын тулд шагнах нь дээр гэж үздэг. Үнэхээр хүүхдүүд аливаа зүйлээр шагнуулж магтуулах гэж хичээллэж байгаа биш, харин хичээллэж байгаа зүйлээсээ баяр баясал авах, найз нөхөдтэйгээ хөгжилтэй байх гэж хичээллэх ёстой билээ. Нөгөө талаас хэдийгээр хангалттай амжилт гаргаагүй ч хүүхдийг хийсэн зүйл бүрт нь магтаж, шагнаж байдгаас амьдрал дээр унавал өөрөө босоод өөрийгөө аваад явах чадваргүй, хүнд нөхцөл тулгарахад зоригтой, тэвчээртэй даваад гарахын оронд бусдыг буруутгаж суудаг “крайбэби” /crybaby/ болгох нөхцөлийг өөрсдөө тавьж өгнө гэсэн үг гэж бодож байна. Бид эдгээр үйлдвэрлэлийн эсрэг зогсож хүүхдүүддээ тэднийг “жирийн, онцгой биш” гэдэг үнэнийг хэлэх ёстой. Мэдээж хүүхэд, хүүхдүүд эцэг эх бүрт л онцгой сайхан байлгүй л яахав. Том мөрөөдөл, тэмүүлэлтэй байх нь ч буруу бишээ. Гэхдээ бид тэднийг товойсон онцгой чадваргүй байхад дэлхийн 7 гаруй биллион хүнээс илүү, хамгийн ухаантай гэх зэргээр хэтрүүлж итгүүлэх, дэлхий тэднийг тойрон эргэлддэг гэсэн ойлголттойгоор амьдралын зам уруу оруулбал юу болох вэ. Багш нь алдааг нь олж зассаны төлөө сэтгэлээр унадаг, өөрийгөө онцгой гэж бодсон нэгэн энэ тэнд шалгалт тэмцээнд ороод тэнцээгүй хариу авмагц “энэ бол зөвхөн таны л бодол” гэх мэтээр хариулдаг, ажилд орох гэж ярицлага өгөхдөө яавал хурдан дэвшиж дарга болох талаар асуудаг хүмүүсийг л бид бэлдэнэ гэсэн үг. Гэхдээ үүнд хүсч мөрөөдөж байгаа зүйлийг нь жишээ нь: чи Холливуудын од болж чадахгүй, сансарт нисэхгүй, мэргэжлийн спортод тоглож чадахгүй зэргээр зүрхийг мохоож, сэтгэлийг нь өвтгө гэсэн үг биш. Харин чи сайн сурч чадна, сайн давтаж өөрийгөө сайжруулж чадна, уйгагүй хичээж зүтгэж чадна гэх зэргээр үнэхээр өөрийнх нь чадах зүйлийг нь хэлж зааж өгөх нь зүйтэй.
Магтаалын харамгүй хэлдэг хүмүүсийн нэг бол эндхийн сургуулийн багш нар гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Монголчууд анх ирчихээд олонх нь хэл муутай, сургууль дээр нь багштай нь уулзаад хүүхдээ асуухаар тэд ямагт л “good, good” гэдэг. Эхлээд сайн гэчхээд, гэхдээ гээд цааш нь хэлэх тайлбарыг нь сайн ойлгоогүй ч миний хүүхдийг багш нь сайн гэсэн гээд л олон эцэг эхчүүд үнэмшсэн дээ. Ер нь та бүхэн ажигласан бол энэд хүүхдийг, эсвэл тухайн хүнийг үнэлэж дүгнэх, шүүмжлэн авч хэлэлцэхээс байнга зайлсхийдэг. Хүүхэд буруу үйлдэл хийвэл “чи муу хүүхэд” /you are a bad boy/ гэж хэлэхийн оронд эцэг эхчүүд, багш нар “чи муу хүүхэд шиг зан гаргаж байна” /you are acting like a bad boy/ гэж өөрийг нь шүүмжилж харуулахын оронд өөрөөс нь асуудлыг холдуулах жишээтэй. Өнгөрсөн жил дундаж (гайгүй гэсэн үг) орлоготой районы нэгэн сургуулийн багш Натали Монро /Natalie Munroe/ өөрийнхөө блогт сургуулийнхаа ахлах ангийн сурагчдын талаар үнэнийг, тухайлбал үнэхээр эх захгүй, бүдүүлэг, юуг ч үл тоодог, залхуу уйлагнасан юмнууд гээд хараал хэлнэ, хар тамхины тухай байнга ярилцана, юм хэлэхээр урдаас хэрэлдэнэ, дүнгийн талаар үргэлж маргана, бүх юманд сэтгэл нь хангалуун биш гомдолно, юм бодох, сэтгэ гэхээр уурлана, ямар ч хариуцлага хүлээдэггүй, өөрсдийгөө хүссэн зүйлээ авч байх ёстой мэтээр бодчихсон үнэхээр ядаргаатай гэх мэт бичсэнээс болоод нэлээд олон хүний дэмжлэг, маш олон хүний уурыг хүргэсэн. Гол нь түүнийг ийнхүү бичихэд хүргэсэн шалтаан нь сурагчдын эдгээр буруу зан чанарыг сургууль нь ч, гэрт нь ч өөгшүүлж байгаад бухимдсан явдал байсан ч нийгмийн шахалтаар тэр бичлэгээ блогоосоо авахад хүрч сүүлдээ ажлаасаа халагдсан даа. Эдгээр нь хүүхдийг муулж болохгүй, харин өндөр магтаал нь өндөр амжилтанд хүргэдэг, хүүхдийг магтаж сэтгэлийг нь сайхан болговол тэр хүүхэд улам зоригжиж сайжирч амжилтанд хүрдэг гэсэн өмнөх сэдэвт дурдсан үзэл хэдэн арван жил болсон ч захаа тавьж өгөхгүй байгаагийн шинж юм. Сурагчдыг алдаа, бэрхшээлээ даван туулах, улам хэцүү зүйлийг сурч мэдэхийг хүсч тэмүүлдэг болгохын тулд сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэнд үндэслэн үг хэллэг, арга барилаа өөрчилж байгаа багш нар олширч байгаа нь сайшаалтай. Миний хувийн бодол бол  яг үнэндээ хэн нэгэн чамайг сайн гэж магтсанд биш, харин чи өөрөө үнэхээр нэг зүйлд хичээнгүйлэн зүтгэсээр сайжрах, амжилт гаргах тэр үед л өөртөө итгэх итгэл чинь нэмэгддэг гэж боддог. Дээрх нөхцөлд эндхийн хүмүүс том, жижиггүй дассан байдаг нь ажиглагддаг. Жишээ нь фитнесс төв дээр хичээл дууссаны дараа өөрсдөдөө баяр хүргээрэй, их сайн байсан шүү гэж багш нь хэлэхэд миний эргэн тойрны хүмүүс үнэхээр урамшсан байдалтай өөрсдөдөө баяр хүргэцгээдэг. Гэтэл миний бие хийх ёстой юмаа хийсэн гэдэг бодлоор эсвэл тийм ч сайн биш байлаа үүнийгээ яаж засах вэ гэсэн бодолтойгоор хичээлээ дуусгах жишээтэй. Бид энэ нийгмийн соёл заншлыг зөв буруу гэж шүүмжлэхдээ гол нь биш, харин хүүхдүүд маань бидний өсч хүмүүжсэнээс өөр орчин, соёлд дасан өсч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө гол нь болов уу. Жишээлбэл та хүүхдээ бидний багад аав ээжүүд, багш нар чөлөөтэй хэрэглэдэг байсан үгсээр, тухайлбал яасан тэнэг юм бэ гэх мэтээр хэлбэл багшийн амнаас болон бусад хүнд элдвээр хэлүүлж үзээгүй, боломж олдвол магтуулж байдаг энэдхийн хүүхэд түүнийг “үнэхээр” тэнэг гэж дуудсан хэрэг биш, ээжийн бухимдал, эсвэл хүүхдийг засах гэж хэлсэн хэллэг болохыг ойлголгүй шууд утгаар нь “stupid” гэж хэллээ гэж маш ихээр гомдож магад. Иймэрхүү тохиолдолд хүүхдэд насан туршид нь гомдол үлдээхгүйн тулд бид үгээ бодож сонгох, эсвэл хэлдэг үгээ эхнээс нь маш сайн тайлбарлаж ойлгуулсан ёстой болно.

No comments:

Post a Comment