Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, October 4, 2016

“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.2.1



1.2 Сахилга бат ба дүрэм
Parents who neglect discipline are their children’s worst enemies. F.Marion Dick
Хүүхэддээ сахилга бат суулгаагүй эцэг эх хүүхдэд хамгийн муу зүйл хийсэн хүмүүс. 

1.2.1 Сахилга бат
Discipline буюу сахилга бат гэдэг үг нь “disciple” буюу “багшийг дагагч” гэсэн үгнээс гаралтай аж. Хүүхэд хэн нэгний үгэнд орох, хууль дүрэм мөрдөх, өөрийг хянах сахилга баттай төрдөггүй учраас түүнийг ямар замаар явахыг зааж чиглүүлж өгөх сахилга батыг эцэг эх зааж сургаж, үүнийг гэрийн дүрмээр хэрэгжүүлдэг. Хүүхдээ сахилга баттай болгосноор түүнийг амьдралдаа амжилттай, аз жаргалтай байх нэгэн гол багажийг өгч байгаа гэсэн үг. Жишээ нь, зарим багш нар хичээл заах ёстой цагийнхаа 75-80 хувийг хүүхдүүдийн сахилга батын асуудалд зарцуулахад хүрдэг гэснээс үзэхэд сахилга батгүй хүүхдүүд өөрсдөдөө төдийгүй нийт ангийн хүүхдүүдэд хохирол учруулж хичээлийн амжилтыг бууруулдаг байхнээ. Улмаар ийм хүүхдүүд ажлын зах зээл дээр гарахаараа ажлын сахилга батгүй хүмүүс болж очно. Финландын Живаскаяа их сургуулийн судлаачдын 300 оролцогчтой бөгөөд 1968 оноос эхлээд удаан хугацаагаар үргэлжилсэн нэгэн судалгааг харъя. Эрдэмтэд бусдыгаа цохиж өвтгөдөг, уурлахаараа ямар нэгэн юмыг өшиглөдөг, ямар нэгэн шалтгаангүйгээр бусад уруу дайрдаг хүүхдүүдийг 8, 14, 27, 36 насан дээр нь судалсан ба судалгааны хэвлэгдсэн дүнгээр эдгээр өөрийгөө, сэтгэл хөдлөл, ялангуяа уураа хянах сахилга батгүй хүүхдүүд жирийн бусад хүүхдээ бодвол ажилд орох магадлал муутай гэж гарчээ. Тэдний 36 насан дээр нь өгөгдөл авах үед Финландад эдийн засаг муудсан, ажилгүйдэл ихтэй байсан бөгөөд багадаа ууртай гэж гарсан хүүхэд бусдыгаа бодвол 2 жил болон түүнээс дээш жилээр хоцорч ажилтай болсон төдийгүй ажилгүйдэл нь удаан хугацаагаар үргэлжилбэл сэтгэлийн хямрал, байнгын уур уцаар зэрэг сэтгэл мэдрэлийн өвчин тусах магадлал өндөртэй болгосон байжээ. Гэсэн ч багадаа ууртай байсан ч түүнийг харилцааны чадвар сайтай, хүүхэддээ анхаарал тавьдаг эцэг эх өсгөсөн бол тэд 2-оос дээш жилээр ажилгүй байх магадлал багатай гарсаныг өгүүлсэн байна. Үнэхээр ёс суртахуун төлөвшөөгүй, хувийн сахилга батгүй хүмүүст амархан уруу татагдаж, буруу сонголт хийх нь их. Иймээс хүүхдийг бага наснаас нь өөрийгөө хянадаг, сахилга баттай байж сургах ёстой билээ. Гэхдээ сахилга бат, дүрэмд аав ээжийн хайр, нинжин сэтгэл, шударга байдал, уучлалт, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй байдал, хичээл зүтгэл, бусдын хүндлэх үзэл бодлыг шингээж байж хүүхэд зөв эзэмшигддэг болохоос эцэг эх өөрийн эрх мэдлээ ашиглан хүүхдийн ашиг тусын төлөө биш өөрсдийн хүсэл сонирхлын үүднээс үгэндээ оруулахыг оролдох, эсэргүүцсэн тохиолдолд хэл амаар доромжлох, зодож нүдэх гэх харгис аргыг хэрэглэж сахилга бат тогтоох асуудал байж болохгүй. Росс Камбэл /Ross Campbell/ “Хүүхдүүд аюулд” /Kids in Danger/ номондоо хүүхдийн 25 хувь төрөлхийн үгэнд оромтгой, дуулгавартай байдаг бол 75 хувь нь эцэг эхийн захиргаадалтын эсрэг байдаг гэжээ. Ингэхээр өөрийн хүүхдээ аль хэсэгт багтаж байгааг олж харснаар дүрэм, сахилга батаа тогтоох нь зөв бөлгөө.
Эцэг эх сахилга батыг тогтоохдоо доорх 3 шатыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-          -дүрэм гаргах,
-         -  гарах үр дагаврыг нь /сөрөг болон эерэг/ тусгаж өгөх,
-          - сахилга батыг арга хэмжээг /шийтгэх, шагнах/ хэрэгжүүлэх.  

No comments:

Post a Comment