Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, October 5, 2016

“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.3.1



1.3 Арга хэмжээ, шийтгэл
You don’t have to be always right. Make everything right
Юмыг дандаа зөв хийх албатай биш. Харин юмыг ямагт зөв болго

1.3.1 Дүрэм зөрчсөн тохиолдолд яах вэ?
Хүүхэд багаасаа томчуудын хэлсэн үг, дүрмийг эсэргүүцэж зөрчиж, яах бол гэж туршиж үзэж сонирхолтой байдаг. Бага насны хүүхдэд халуун зууханд бүү хүр гэхэд заавал дөхөж очиж биднийг юу хэлэх бол гэж эргэж хардаг. Хэрэв дүрмээ биелүүлэхгүй зөрчих, аав ээжийн үгийг үл тоох зэрэг ямар нэгэн буруу зүйл хийвэл сөрөг үр дагавар авчирна гэдгийг хүүхэд гараа түлснээр өвдөнө, унадаг дугуйгаа гаражинд оруулаагүйгээс зэвэрнэ гэх мэт натурал аргаар эсвэл гар утас хэрэглэх эрхийг нь хасах, найзуудтайгаа гадуур гарахыг нь хориглох гэх мэт шийтгэлээр ойлгож авдаг, үүндээ үндэслэж алдаа гаргахаа багасдаг. Хүүхэд ийнхүү гаргаж байгаа зан, үйлдлийнхээ үр дагавраас, тухайлбал хайртай эцэг эх нь бодит биелэх боломжтой стандартыг тогтоож, энэ нь биелэгдээгүй тохиолдолд эцэг эх хоёулаа зөвшөөрч тохиролцсон үр дагавар, шийтгэлийг хүлээлгэдэг, хамтран ажиллаж хяналт тавьдаг байж хүүхэд тэдэнд, эсвэл дүрмэнд захирагдаж сурна. Ерөнхийлөгч Обамагийн эхнэр нэгэн ярилцлагандаа хэрэв охидууд нь дүрмээ биелүүлэхгүй бол бид дүрмээ улам чангатгадаг, хэрэв сайн биелүүлж байвал сулруулдаг гэсэн байна лээ. Хэрэв дэлгэц үзэх цагаасаа хэтрүүлбэл цаашид үзэх цагийг улам багасгадаг гэх жишээтэй гэж өгүүлжээ. Ийм том улсын ерөнхийлөгчийн охид байлаа ч гэсэн аав ээжийнхээ үгэнд орж, дүрмэнд захирагдаж, хэрэв буруу юм хийвэл шийтгэлээ хүлээгээд л явдаг байх нь.
Аливаа дүрэмд шийтгэл, сахилга батын арга хэмжээ тодорхой байх, хайрын үндсэн дээр боловч тууштай бат хэрэгжүүлэх нь үүнээс авах хүүхдийн сургамжийг нэмэгдүүлж цаашид эцэг эхчүүдийн уур уцаарыг багасгах болно. Мөн томхон хүүхдийг зарим авах арга хэмжээг нь өөрөөр нь шийдвэрлүүлж дүрэмдээ оруулсан тохиолдолд тэд гаргасан үр дагавраа /шийтгэлээ/ хүлээн зөвшөөрч биелүүлэхдээ сайн байдаг. Жишээ нь хүүхэд машин барьж эхлэхийн өмнө хэрэв ямар нэгэн дүрмийн зөрчил гарвал ямар шийтгэл ноогдуулахыг өөрөөс нь асууж, жишээ нь хурд хэтрүүлж торгуулсан байвал 1 сар машин унах эрхийг хасах зэрэг саналыг нь аваад үүнийг эцэг эхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч урьчилан ярилцсан тохиолдолд хүүхэд илүү хянамгай байхаас гадна өөрийн оруулсан энэхүү шийтгэлээ хүлээхдээ асуудал гаргаж, маргахгүй хэрэгжүүлэх сайн талтай. Хэрэв дүрэмд урьдчилж заагдаагүй, эсвэл урьдчилж харан боломжгүй үйлдлийнх нь улмаас арга хэмжээ авахаар болбол шийтгэл сонгохын өмнө өөрсдөөсөө дараахь асуултыг тавих нь зохилтой хэмээн Нью Йоркийн Их сургуулийн хүүхэд судлалын төв, Америкийн хүүхдийн эмч нарын академ байгууллагаас зөвлөжээ. Үүнд:
1/ Хүүхдээ энэ туршлага, нөхцөл байдлаас юу мэдэж аваасай гэж хүсч байна? Энэ асуулт нь эцэг эхчүүдийг яагаад хүүхдээ арга хэмжээ авах болсноо тодорхой болгоход тусална.
2/ Миний авч байгаа арга хэмжээ хүүхдэд маань энэхүү гаргасан алдаанаасаа суралцахад туслах уу?
3/ Миний авах арга хэмжээнд муу үр дагавар байгаа юу? Энэ асуулт эцэг эхчүүдийг гарч болох үр дагаварт дүн шинжилгээ хийхэд тусална.
4/ Хэрэв муу дагавар байгаа бол дээрхээс өөр шийтгэлийн арга байгаа юу? Энэ нь сонгосон арга хэмжээ нь хүссэн үр дүнг авчрахгүй тохиолдолд өөрчлөх боломжийг өгнө. Хүүхдээ сайн ажиглаж хэрэв таны авсан арга хэмжээнүүд тус болохгүй байвал мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй болно.
Жишээ нь хүүхэд айлын цонх бөмбөгөөр хагалсан байвал хөршөөсөө амаар уучлалт гуйлгуулж өөрийнх нь мөнгөөр шил захиалж шиллүүлэх гэх мэт тухайн нөхцөлд тохирсон үр дүнтэй арга хэмжээг авах нь зүйтэй.
Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол сахилга батын арга хэмжээ, шийтгэлээ тэр дор нь биш оройтож хэрэгжүүлж эхэлдэгт байдаг. Асуудал гарах үед бага гэж орхилгүй хүүхэддээ болохгүйг ойлгуулах, арга хэмжээ авах, шийтгэх зэргээр дор нь шийдвэрлэж явахгүй бол удах тусмаа асуудал томорч, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам хэцүү болж ирдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд, ялангуяа том хүүхэдтэйгээ харилцаагаа хэвийн хадгалахыг хичээх, үүний тулд харилцан хүч үзэлцэж дайсагналын байдалд хүрэхгүй байх нь их чухал. Роземэри Багггиш “Модны гишүү хугарах үед: Хүүхдүүдийнхээ төлөө юу хийх вэ” номондоо бэрхшээл тулгарсан үед хүүхэдтэйгээ харьцаагаа муутгахгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөгөө өгчээ. Үүнд:
-          Юуны түрүүнд эрх мэдэл бүхий том хүн гэдгээ мартаж болохгүй. Тэр байдлаар чинь ч хүүхдүүд хүлээж авна. Найз нөхөд, үеийнхэн шиг зан бүү гарга.
-       Хүүхдийн үйл хөдлөлийг анзаарж харж байхаас битгий хөндлөнгөөс байнга оролцож бай. Утас, шивнээ яриа гээд л бүх зүйлд анхаарал тавь. Харин хэн нэгнээс нь хүүхдийнхээ тухай мэдээлэл авбал шалгаж үзэхгүйгээр шууд итгэж болохгүй. Тааж таамагласны үндсэн дээр хэрэгт нь бүү оролц. Тэднийг гүтгэвэл улам таниас холдох болно.
-      Хэрэв хүүхэд чинь ямар нэгэн асуудал гаргасан байвал тайван байж асуудлыг шийдээрэй. Энэхүү асуудалтай холбоотой бүх хүмүүстэй хамтарч ажилла. Үүний л үр дүнд хамгийн зөв шийдлийг олох болно. Хүүхдийн чинь яриа асуудлын зөвхөн нэг тал байж болно. Иймд эцэг эх, хүүхэд, багш нартай нь холбогдоорой. 
-         Хүүхдийг аюулгүй байдал чухал. Жишээ нь хүүхдийн чинь найз осолтой зүйл хийснийг хүүхэд чинь чамд хэлбэл яг юм болсныг түүнээр яриулсаны дараа "би тэр хүүхдийн ээжид хэлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ тэр хүүхдэд чи эхэлж хэлмээр байвал хэлж болно” гэж хэлээрэй. Хэрэв хүүхэд чинь манай найз надад уурлана гэсэн ч хүүхдийн уурлахаас тэдний аюулгүй байдал чухал тул гарсан шийдвэрээсээ бүү ухраарай.

No comments:

Post a Comment