Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, October 5, 2016

“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.2.3



1.2.3 Гэр орны ажлыг дүрэмд тусгах нь
Хүүхдийн дүрэмд түүний гэрт хүлээх үүрэг, тухайлбал гэр орны ажил чухал байрыг эзэлдэг. Бид багадаа аяга тавгаа угаах, шалаа шүүрдэж, угаах, багуудыгаа усанд оруулах, дэлгүүрээс хүнсээ авах, хоол хийхэд туслах гээд насандаа тохирсон ноогдсон үүрэгтэй, хийх ёстой л зүйл гэдгээр багадаа хүлээн авч биелүүлсээр ирсэн. Харин биднээс хамаагүй нөхцөл боломж сайтай орчинд өсч байгаа эндхийн хүүхдүүдийн хувьд гэр орны ажил гэхээр заавал том зүйл байх албагүй ч ороо хураах, аягаа угаах гэх мэтчилэн жижиг ч гэсэн зохих хэмжээнд хариуцлага хүлээж, гэр орондоо хувь нэмэр оруулж сургах нь тэднийг гэр бүлдээ, эцэг эхдээ тус нэмэр болж байгаагаа мэдэрч үүндээ урамшин, цаашид нийгэмдээ хариуцлагатй, хувь нэмэр болсон иргэн болж өсөхөд нь суурь болох нь дамжиггүй. Байнга тогтмол гэр орны ажил хийж өссөн хүүхдүүд юмыг хариуцах чадвартай, ажлыг нямбай, дуустал нь хийдэг, орчин тойрондоо зохицол сайтай хүмүүс болж өсдөг гэж судалгаагаар гарчээ. Гэхдээ мэдээж гэрийн даалгавар, дугуйлан секцийн хажуугаар гэрийн ажил нь тэдэнд дарамт болохооргүй хэмжээнд байх ёстой. Гол нь өдөрт 20 минут ч бай хүүхдийн амьдралын салшгүй хэсэг болгож тогтмолжуулах нь чухал аж.
Парент сэтгүүлд болон www.flandersfamily.info вэб сайт дээр хүүхдүүдээр хийлгэж эхлүүлэх ажлуудыг нас насаар нь жагсаасныг доор орууллаа. Үүнд:
2 настай хүүхэд: Ширээ цонх зэргийг дууриаж “арчиж” чадна. Өөрийнхөө аягыг намхан тавиур дээрээс авч, буцааж тавьж, оймс, өмд, цамцаа өмсөж, жижиг хог, диаперсийг хогийн сав уруу хийх, тоглоомуудаа ангилан сав хайрцаг уруу нь хурааж чадна.
3 настай хүүхэд: богино иштэй хогийн шүүр, хутгуураар хог шүүрдэх, шингэн зүйлийг бараг асгахгүйгээр аяганд хийх, том хэмжээний товчийг товчлох, банана зүсэх, талх, кракер дээр масло крийм чииз /cream cheese/ түрхэж чадна. Бага насны хүүхдийн хувьд ажлыг зугаатай болговол тэд дуртайяа хийдэг. Жишээ нь хоёулаа уралдаж хувцсаа өлгөе гэх мэт.
 4 настай хүүхэд: шүүрдэх, шингэн аягалах нь сайжирна. Асгаж, унагаасан зүйлсээ сандал ширээ, шалаас арчих, тавиурын тоосыг гүвж чадна. Хувцсаа өмсөхдөө жижиг товч, кноп, зарим нь цахилгааны учрыг олдог болсон байна. Огурци, алим, лууванг бусдын хяналтан дор зүсэх, хоолны өмнө ширээг бэлдэж чадна.
5 настай хүүхэд:  Цахилгааны учрыг олж, гутлаа үддэг болно. Асгахгүйгээр аягалах, нүдээ аньж байгаад товчоо товчлох зэргээр юмыг төгс хийхийг хичээдэг болно. Гэрийн амьтдаа тэжээх, ороо засах, цэцэг услах, гал тогооны ширээн дээрээс аяга таваг хураах зэргийг хийж чадна.
5-8 насны хүүхдүүд өдөрт хог шүүрдэх, гаргаж асгах, угаасан зүйлсийг эвхэх, аяга таваг угаагч машиныг суллах, унасан навч хамах, төмс лууван цэвэрлэх, дууссан жорлонгийн цаасыг солих зэрэг 15-20 минутын ажлыг гүйцэтгэх чадвар суусан байдаг. Мөн өөрсдөө ашгийг нь шууд хүртэхээр ажлуудыг тэдэнд үүрэг болгож болно. Жишээ нь үдийн хоолоо өөрсдөө бэлдэж авч явах гэх мэт. Заримдаа хүүхдийг хэд хэдэн ажлаас өөрсдөөр нь сонгуулах зэргээр түүнийг өөрөө дүрмээ хянаж байгаа мэтээр хөтлүүлбэл тэд илүүтэй биелүүлдэг. Жишээ нь чи эхэлж хогоо шүүрдэх үү, эсвэл угаасан хувцсаа эвхэх үү гэж асуух, хувцас хатсаны дараа бид яадаг билээ гэх зэргээр өөрөөр нь хариуцлага үүрүүлж, дүрэм үрүү хөтөлж дагуулах.
8-9 насны хүүхдүүд аяга тавгийг угаагч уруу хийх, эсвэл гараар аяга таваг угаах, чийдэнгийн гэрэл солих, хувцас угаалгын машиныг ажиллуулж хувцсаа угаах, тоос арчих, үүдний урдах зам талбайгаа усаар шүршиж угаах, шүүрдэх, хоол хүнсийг зөв байршуулж хураах, өндөг шарах, нохой салхилуулах, ширээ арчиж чадна.
10-11 насны хүүхэд: ОО-ын өрөөг цэвэрлэх, хивс соруулах, гал тогооны тавцангуудыг цэвэрлэх, гал тогоог нарийн цэвэрлэх, машинаар зүлгээ тасдах, энгийн хоол унд бэлдэх, шуудан оруулж ирэх, гаражаа шүүрдэж цэвэрлэх ажлуудыг гүйцэтгэж чадна гэжээ.
12-аас дээш насны хүүхэд: шал угаах, машиныг соруулж, угаах, хана будах, хоол хүнс худалдаж авах, оройн хоол хийх, цонх угаах, хувцас индүүдэх, дүү нараа харж чадна гэнэ.
Америкт гэр орон дахь үүргээ биелүүлсний төлөө хүүхдийг хариуцлагад сургадаг гэж үздэг учраас эцэг эх нь мөнгө төлөх нь элбэг байдаг. Мөнгө өгөх зүйтэй эсэх, мөн хэдий хэмжээний мөнгө байх вэ гэдэг дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг. Зарим гэр бүлүүд хийсэн ажил бүрд мөнгө тооцдог бол, заримд нь ширээ цэвэрлэх, өөрийнхөө өрөөг цэвэрлэх зэрэг хийх ёстой гэрийн ажлуудад мөнгө төлдөггүй бөгөөд бизнес, эдийн засгийн ухаанд сургахад тустай гэдэг үүднээс зүлэг тасдах зэрэг хүндэвтэр ажлуудад мөнгө төлөх нь зүйтэй гэж үздэг. Гэхдээ олон гэр бүл гэр орноо авч явахад хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой гэсэн дүрмийг баримталж ямар нэгэн мөнгө төлдөггүй билээ. Түүнчлэн тэдний гэр орондоо оруулсан нэмрийг нь эндхийн ихэнх хүүхдүүдийн ээж ааваасаа сард эсвэл долоо хоног тутам тогтмол авдаг бага хэмжээний мөнгө /allowance/-тэй холбож тооцох нь бий. Хэрэв хийх ёстой зүйлээ хийгээгүй бол мөнгийг нь өгөхгүй байх, багасгах гэх мэт. Нэг эмэгтэй үр дүнтэй нэгэн систем хэрэгжүүлсэнээ бичсэнийг уншсан юм. Хэрэв хүүхэд хийх ажлаа дахин хэлүүлбэл 25 цент ээждээ төлөх ёстой. Тэрээр чи аягаа угаах уу эсвэл надад мөнгөө өгөх үү гэж асуухад хүүхэд бушуухан ажлаа хийдэг гэжээ. Тэрээр хүүхдүүддээ “Хэрэв надад байгаа энергиэ чиний хийх ёстой ажлыг хийж дуусгавал тэгвэл чи миний энергийг яаж надад нөхөж өгөх вэ” зэргээр ойлгуулдаг гэнэ. Би бага хүүхдээ сургуульд ортол нь гэртээ байсан болохоороо ихэнх ажлаа өөрөө амжуулаад сурчихсан, дараа нь бүтэн цагийн ажилтай болсон ч хүүхдүүдээ янз бүрийн аргаар гэрийн ажил туслуулах гээд үр дүнд хүрэхгүй байлаа. Тухайлбал 7 хоногийн дүрмийн биелэлтийг мөнгөтэй холбохыг аргыг хэд хэдэн хэлбэрээр туршиж үзсэн бөгөөд манай хүүхдүүдийн хувьд тохиромжгүй гэж үзээд больсон билээ. Гэтэл дээрх эмэгтэйн өгсөн нэгэн санаа нь намайг юуг буруу хийгээд байсныг ойлгуулсан юм. Хүүхдүүдээ хийж сургах гээд байсан ажлаа өөрөө гүйж хийгээд байсан нь тэдэнд ээжид хэрэгтэй учраас бид нарыг хийхгүй байсан ч тэртэй тэргүй өөрөө хийчихдэг гэсэн ойлголтыг өгөөд байсан юм билээ. Иймд даалгасан ажлаа би өөрөө урдуур нь орж хийхээ болих ёстой гэдгээ ойлгосон юм.

No comments:

Post a Comment