Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, October 20, 2016

Монгол хүүхдийн хүмүүжил: 3.3.3 Сэтгэлийн хат суулгах нь



3.3.3.4 Үг даадаг, бусдыг хүлээн зөвшөөрдөг нэгэн болгох нь 

Хүн бүр л хүүхэд насандаа ямар нэгэн байдлаар хэн нэгний доог, тохууралтай учирдаг. Зарим хүмүүс нөгөө хүнээ өвтгөж байгаа эсэхийг үл тоон толгойдоо орж ирсэн үгээ ямар ч шүүлтүүргүй гаргаж орхидог. Хүн амьдралын туршид иймэрхүү хүмүүсээс зөндөө л тэнэг юм сонсох болно, энэ бол амьдралын л хэсэг. Хүүхдийн амьдралд тааралдах бүх хүний үг, хэллэгийг бид хянаж, тэр бүгдээс бид хамгаалж чадахгүйгээс цааш өөрийгөө өрөвдөөд, хүмүүс надад муухай үг хэллээ, шударга биш хандлаа гээд гомдолдог нэгэн биш харин ч ийм зүйл тохиолдоно гэдэгт бэлэн байж, дотоод сэтгэлийн тэнхээтэй болгож бэлдэх нь хүүхдэд тустай гэж үздэг билээ. Тэднийг бусдад гомдож, уурлаж үлдлээ гээд сэтгэл чинь засрахгүй, ер хэзээ ч сайн сайхан зүйл авчирдаггүй тул уучилж өршөөж, орхиж сур хэмээн сургах нь зөв юм.  Ялангуяа хүүхдийн сургууль, найз нөхдийн хүрээнд тааралдах хэн нэгэн хүүхэд, хэсэг бүлэг хүүхдийн амнаас гарсан тэнэг үгс, бодол санаа, эсвэл тэдгээрт таалагдах эсэх зэргийг үнэхээр сэтгэлдээ гүнзгий хүлээн авах, санаа зовж шаналах нь ямар ч хэрэггүй зүйл болохыг, иймээс ч олон жилийн дараа би шал дэмий зүйлд зовж байжээ гэж бодогдгийг боломжоороо хэлж л байхад зүгээр. Ийнхүү хүүхдүүдээ эндхийн хэллэгээр бол thick skin-тэй буюу зузаан арьстай болгоход чиглэж өөрсдийн сургааль номоо хэлж ярьж байвал тэд өөрөөсөө өөр үзэл бодолтой, үг хэллэгтэй хүмүүсийн хэлсэн ярьсан бүгдэд эмзэглэж гомддоггүй, туньдаггүй, нугарч гутардаггүй, зүтгэж зорьж байгаа зүйлээсээ ухардаггүй нэгэн болох үндэс сууж амьдралаас амар амгалан сонгож явдаг нэгэн болоход нь тустай санагдана. Үнэхээр хүн нэгэнт л тааралдсан хүн бүрийхээ зан аашийг хянах, удирдах боломжгүй учир тэдгээрийг засах, хянах гэж оролдож өөрийгөө зовоохын оронд өөрийн хийж чадах зүйл болох тэдэнд хандах өөрийн хандлагаа хянах, өөрийн биеэ авч явах байдалдаа багахан зэргийн өөрчлөлтийг хийснээр амьдралд тохиолдох эвгүй байдлаас өөрийгөө аятайхан аваад гарч сурна. Цаашид коллеж, ажил амьдрал дээр олон урьгалч үзэл санаа, бодлуудтай тааралдана, эдгээр дундуур, тухайлбал олон зан ааштай хүмүүсийн эвийг олох, өөрийн санаанд нийцэхгүй хүмүүс, үзэл бодлыг тэвчих, тоохгүй өнгөрөөх гэхчилэн амжилттай туулах чадварыг даллагжуулах замаар эзэмшвэл амжилттай, зөв хүн болж өсч байгаа шинж гэж үзэж байна. Хүүхдээ ийнхүү бусад хүн бүрийн онцлог хэл яриа, үйлдэл, итгэл бишрэлийг хүлээн зөвшөөрч санал нийлэхгүй байгаа ч шүүмжлэлгүйгээр хандаж, өнгөрөөж чаддаг чадвар буюу tolerance-тай болгох нь ялангуяа олон үндэстэний орон болсон Америкт туйлын чухал билээ. Тэднийг эргэн тойронд байгаа өөр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, харин ч үнэлдэг болгохын тулд төрөл бүрийн өөр соёл заншилтай танилцуулах, яс үндэс, арьс өнгө сүшиг бишрэл зэрэг бусдын ялгаатай байдлыг олж харж сурахаас биш тэдэнд дүгнэлт өгөхгүй байхыг зааж чиглүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь тэднийг хэн нэгнийг дооглохыг сонсвол тэднээс хэрэв тэр хүн үүнийг сонсвол түүнд ямар байх вэ, хэрэв чи тэр хүний оронд байсан бол чамд ямар байх вэ зэрэг нээлттэй асуулт тавьж сайн бодохгүйгээр сэтгэлийн хөдлөлөөр хэлсэн үгнээс цааш юм бодуулах, бусдыг нигүүлсэх сэтгэлийг нь хөгжүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сурахад нь туслах юм. Ер нь хүүхэд гэлтгүй монгол эцэг эх бид өөрсдөө бусад хүмүүсийн амьдралын талаарх болон тэдний соёл заншлийн тал дээр үг хэлэхийнхээ өмнө бодох, ялангуяа өөрийнхөө бодлыг өөртөө үлдээж сурах хэрэгтэй билээ. Түүнчлэн боломжтой бол эх орондоо болон дэлхий бусад олон үндэстэний амьдралын нөхцөлийн харуулах, өөр өөр гаралтай яс үндэстэй хүүхдүүдтэй танилцуулах, тэдний түүхийг сонсгох зэрэг нь тэднийг өөрийнх нь амьдралын дассан хүрээнээс гаргаж бие даах чадварыг нэмэгдүүлэхээс гадна аливаа зүйл, амьдралыг өргөн хүрээнд, олон талаас харах боломжийг тэдэнд өгдөг. Тэгээд ч хүүхдийн явсан газар нутаг, уулзсан хүмүүс тэднийг мэдлэгийн оюуны хүрээг тэлж, сониуч занг нь нэмэгдүүлнэ.

No comments:

Post a Comment