Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, January 25, 2011

Кредит картны шинэ хууль бидэнд юу өгсөн бэ?

2009 оны 5-р сард батлагдаад 2 жилийн үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн CARD Act /The Credit Card Accountability Responsibility and Disclosure Act/ тодорхой төрлийн карт эзэмшигчдийн эрх ашгийг гайгүй сайн хамгаалсан хууль болсныг бид тэр бүрчлэн анзаарахгүй байгаа билээ. Доор уг хуулийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгааг дурдвал:

Дебит картанд /Debit card/ хамааралтай заалтууд:
- Хамгийн түрүүнд банк санхүүгийн газруудыг overdraft fee буюу дансан дахь мөнгөө хэтрүүлэн хэрэглэсний торгууль гэдгээр маш их мөнгийг хэрэглэгчдээс авч орлого /жилд 10 биллион доллар/ олж байсныг хязгаарлаж өгсөн явдал юм. Дансан дахь мөнгөнийхөө хэмжээг мэдээгүйгээс эсвэл сансаргүй алдаанаас үндэслэн балансаа хэтрүүлэн картаараа худалдаа хийсэн тохиолдол бүрт нь мөнгөнөөс хэдхэн цент ч илүү зарцуулсан бай $10-$39 хүртэлх долларыг суутгасаар авсан зүйлийн маань үнээс нь хэдэн арав дахин илүү мөнгийг төлүүлж орхиулдаг. Дээр нь эхэлж зурсан төлбөрөөс биш хамгийн их төлбөрөөс нь эхэлж балансыг хасаад үлдсэн хүрээгүй төлбөр бүрд торгууль ноогдуулдаг байлаа. Банкны талаас үүнийгээ бид хэрэглэгчдийг мөнгө нь хүрэхгүй байна гэж эвгүй байдалд оруулахгүйн тулд худалдан авалтыг нь хориглодоггүй гэж, мөн эхэлж зарцуулснаар нь биш аль их мөнгөнөөс нь эхэлж суутгадгаа чухал төлбөрийг нь бид эхэлж төлөхийг хичээдэг тул гэх мэтээр өөрсдийгөө өмөөрдөг. Тэгвэл энэхүү хуулиар банк санхүүгийн байгууллагыг overdraft fee авахыг нь хориглоогүй ч хэрэглэгчдийг өөрийн хүсэлтээр overdraft protection service-д ороогүй тохиолдолд энэхүү торгуулийг ноогдуулахыг нь хориглож өгчээ. Өөрөөр хэлбэл урьд нь банкны бүх үйлчлүүлэгчид автоматаар энэхүү үйлчилгээнд хамрагддаг байсан бол одоо хэрэглэгч бид анх удаа дансан дахь мөнгөнөөсөө илүү гаргаж зарцуулахгүйн тулд дээрх үйлчилгээнээс татгалзах эрхтэй болж байгаа юм. Хэрэв та ийм төрлийн үйлчилгээнээс татгалзахыг хүсвэл шинээр явуулсан үйлчилгээний гэрээнд нь гарын үсэг зурахгүй байх, эсвэл өмнө нь гэрээтэй байсан бол банк уруугаа бичгээр эсвэл онлайнаар холбогдож дээрх төрлийн үйлчилгээг цаашид авахгүй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та дахин тийм торгуульд орохгүй ч дансан дахь мөнгө чинь хүрэхгүй тохиолдолд “denied” буюу худалдан авалт хийж чадахгүй болох муу талтай. Үүнээс сэргийлж ямагт 50 доллар байлгаж хэрэв баланс үүнээс доошилбол өөрт чинь имэйл, тестээр мэдэгдэж байх банкныхаа үйлчилгээнд бүртгүүлж болох юм. Мөн overdraft fee-ээс арай хямд өөр арга бол чекэн дансаа өөр бусад данстайгаа холбож өгөх арга байдаг. Ингэснээр хэрэв таны баланс чинь хүрэхгүй тохиолдолд холбоотой хадгаламжийн, кредит картны данснаас чинь мөнгө суутгагдаж торгуулийн хэмжээ нь арай бага 5-10 доллар ноогддог. Мөн энэ торгууль нь тэр өдрийн хийсэн бүх шилжүүлэлтэнд ганц л удаа авдаг тул худалдан авалт тутамд торгууль төлөхөөс ашигтай тусдаг.

Кредит картанд хамааралтай заалтууд:
- Хэрэв таны кредит картны хүүгийн хэмжээ буюу APR (Annual Percentage Rate) 2009 оны 1-р сараас хойш өссөн бол банк санхүүгийнхаа газар уруу утастаж нэмэгдсэнийг эргэн харуулах, хэрэв боломжтой байвал бууруулах эрхтэй. Гэхдээ мэдээж хамгийн бага хэмжээ эсвэл анхны хүүний хэмжээнээс доош буулгахгүй. Та хүүгийн хэмжээ нэмэгдсэнээс хойш 6 сарын дараа ийнхүү review хийлгэх эрхтэй ба тэд таны кредит түүх, картны төлбөрөө төлсөн байдал зэргийг үндэслэж хүүгийн хэмжээг буулгах эсэх шийдвэрээ гаргах болно.  Хэдийгээр зарим банкнаас ийнхүү хүсэлт тавих хэрэггүй, хэрэв шаардлага хангагдаж байвал бид автоматаар хүүг буулгаж захиагаар эсвэл билл дээр нь мэдэгддэг гэж байгаа ч та бүхэн картуудынхаа хүүг шалгаж үзээд хэрэв нэмэгдсэн байвал банк уруугаа утастаж буулгах гэж оролдоход алдах юм юу байх билээ. Харин ч хэдэн төгрөг хэмнээд авах боломж олдож магад.
- Мөн өөр нэг заалт бол хоцорч төлсний торгууль өмнө нь 35-39 доллар байсан бол 25 доллараас аль эсвэл хамгийн бага төлбөрөөс /minimum payment/ илүү байх ёсгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэрэв таны хамгийн бага төлбөр чинь 20 доллар бол хоцруулсан тохиолдолд 20 доллараас дээш төлбөр ноогдуулах ёсгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн 6 сард төлбөрөө хоцруулсан бол 35 хүртэлх долларын төлбөр ноогдуулж болно. Мөн нэг удаагийн шилжүүлэгт олон төрлийн торгууль зэрэг ноогдуулахыг банк, санхүүгийн газар хоригложээ..
- Картаа ашиглаагүйн төлбөр авахыг хориглосон. Гэвч эдгээр компаниуд таныг картаа хэрэглээгүй удвал хүчингүй болгох эрхтэй. Мөн зарим карт үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний гүйлгээнд хүрсэн тохиолдолд жилийн /annual fee/ төлбөрийг авахгүй байх заалт нэмж байгаа.
- Тодорхой төлбөрүүдийн хэмжээ тухайлбал жилийн, өргөдлийн гэхчилэн төлбөрүүдийн нийт дүн нь картны кредит лимитийн 25 хувиас хэтрэх ёсгүй.
- Хэрэв хүүг нэмэгдүүлэх болон элдвэр төлбөрийн өөрчлөлтийн мэдээллийг урьд нь 15 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан бол одоо 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой болжээ. Ингэснээр хэрэв хэрэглэгч хүү нэмэгдэхээс өмнө картаа хүчингүй болгох, байгаа төлбөрөө хуучин хүүний хэмжээнд төлж дуусгах боломжийг олгож байгаа юм. Эсвэл 5 жилийн дотор төлбөрөө арай өндөр сарын төлбөртэйгээр төлж дуусгахыг таниас шаардаж болно.
- Сарын билл хэрэв хамгийн бага төлбөр төлж байгаа тохиолдолд ямар хугацаанд балансаа төлж дуусгах боломжтойг болон 3 жилийн дотор төлж дуусгая гэвэл сард хэдийн төлбөр төлөх хэрэгтэйг харуулсан мэдээллийг агуулж байх ёстой.
- Дуртай үедээ хүүгээ нэмж байдаг байсныг зогсоож шинээр данс нээсэн тохиолдолд эхний 12 сард хүүг нэмэгдүүлэхийг хориглосон. Гэхдээ хэрэв таны карт индехтэй холбогдож өөрчлөгдөх олон төрөлт хүүтэй бол, 60 дээш өдрөөр төлбөрөө хоцруулсан бол, танилцуулах хүүгээр данс нээж, цаашид “go-go” хэмжээгээр хүү өсөхөөр хийгдсэн бол, төлбөрөө хийхгүй байгаа бол эсвэл “workout” гэрээтэй бол гэсэн нөхцөлүүдэд хүүгийн хэмжээ 12 сарын дотор нэмэгдэж болно. Гэхдээ 12 сарын дараа хүүгийн хэмжээ нэмэгдсэн ч уг хэмжээ хуучин балансанд хамаарахгүй, зөвхөн шинэ төлбөрүүд шинэ хүүгээр бодогдоно.
- Дебит картны адилаар кредитийн лимитээсээ илүү зарцуулах боломжийг авахын тулд уг үйлчилгээнд элсэх буюу “opt in” хийх хэрэгтэй. Гэхдээ дурын үедээ та уг үйлчилгээнээс гарч болно. Хэрэв та хэмжээнээсээ илүү зарцуулсан бол сард зөвхөн нэг удаа торгууль суутгагдах ба төлбөр нь илүү гарсан мөнгөний хэмжээнээс ихгүй байх ёстой. Жишээ нь та лимитээ 5 доллараар хэтрүүлбэл хэтрүүлсний төлбөр 5 доллараас ихгүй байх ёстой болохнээ.
- 21-ээс доош насны хүүхэд, залуучууд кредит карт нээхэд урьдынхаас төвөгтэй болж байгааг урьд нь мэдээлж байсан билээ. Тэд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчтайгаа цуг ко-саян /co-sign/ хийх эсвэл төлбөр төлөх чадвартайгаа батлан харуулах шаардлагатай болж байгаа билээ. Мөн кредит картны компаниудад 21-ээс доош насныханд зориулж картны өргөдөл явуулах, сургууль, коллежийн кампусаас 1000 фийт радиус дотор дирест маркетинг хийх, урамшууллын зүйлс тараахыг хориглосон байна. Кредитээ үүсгэх гэж байгаа залуучууд кредит карт авахад бэрхшээлтэй байвал secured card буюу дансандаа тодорхой хэмжээний мөнгө байруулснаар тэр хэмжээний лимиттэй кредит карт авч төлбөрөө цаг хугацаанд төлж явбал тодорхой хугацааны дараа жирийн кредит карт болох боломжийг ашиглаж болох юм. Мөн байнга бензин авдаг газрынхаа кредит картанд өргөдөл бөглөх нь бусад картуудыг бодвол батлагдах нь арай хялбар байдаг. Жил орчим тэдний картаар үйлчлүүлж төлбөрөө цаг тухайд нь төлөөд явбал дараа жирийн кредит карт авах боломжийг тань нэмэгдүүлэх болно. Ихэнх бензиний компаниудын картууд жилийн төлбөргүй байдаг ба харин хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байдаг. Мөн зарим нь бензин авах тутамд урамшуулалттай оноотой байдаг.
- Кредит карт үйлдвэрлэгчид билл төлөх эцсийн хугацаанаас наад зах нь 21 өдрийн өмнө биллийг явуулсан байх ёстой. Биллийн төлөх эцсийн хугацаа сар бүр нэг ижил өдөр байх ёстой. Мөн таслах цаг нь 5 цагаас өмнө байж болохгүй, хэрэв амралтын эсвэл баярын өдөр таарсан бол дараагийн ажлын өдрийн 5 цагаас өмнө таслах ёсгүй. Гэхдээ зарим газрууд эдгээр өдрүүдэд ажилладаг гэдгийг бүү мартаарай. Иймд төлбөрөө хоцруулахгүйн тулд танай банк амралтын өдрөөр болон баярын өдрүүдэд гүйлгээ өдрүүдэд хийдэг эсэхийг мэдэж авахад хэрэгтэй.
- Тусгайлсан үйлчилгээ л биш бол хэрэглэгчдээс утсаар эсвэл онлайнаар төлбөрөө хийсэн тохолдолд илүү мөнгө суутгах ёсгүй.
- Хэрэв та хамгийн бага төлбөрөөс илүү мөнгийг төлбөртөө төлдөг бол илүүдэл төлбөр нь хамгийн их хүүтэй балансаас эхэлж хасагдах болно. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгээр /жишээ нь хэдэн сараас өмнө төлбөрөө бүтнээр нь төлбөл хүү ноогдохгүй гэх мэт/ төлөвлөгөөтэй бол тухайн төлөвлөгөөнд заасан нөхцөлийн дагуу тухайн баланс уруу илүүдэл төлбөрийг оруулж болно.
- Хүүгийн төлбөр зөвхөн тухайн сарын балансанд ноогдуулах ёстой. Урьд кредит картны компаниуд 2 сарын хугацаан дахь өдрийн дундаж балансад үндэслэн арай өндөр төлбөр ноогдуулж байсан байна.

Гэхдээ кредит карт үйлдвэрлэгч компаниуд буяны байгууллага биш тул энэ хуулиас болж гаргах алдагдлуудаа өөр хэлбэрээр, тухайлбал бэлэн мөнгө гаргах төлбөр, мөнгө шилжүүлэг зэрэгт үйлчилгээний төлбөрөө нэмэгдүүлж байна. Иймд ихээхэн хэмжээний өөрчлөлтүүд явагдаж байгаа энэ үед картны компаниас ирсэн ямар ч захиаг /junk мail шиг харагдаж байсан ч/ задлан үзэж гэрээний нөхцөл зэргийг залхууралгүйгээр уншиж танилцах шаардлагатай болж байна. Ер нь тэгээд элдэв гэнэтийн төлбөрөөс зайлсхийх хамгийн энгийн арга бол төлбөрөө хугацаанд нь аль болохоор бүтнээр нь төлж байх явдал билээ.

Гифт картанд хамааралтай заалтууд:
- Mastercard, Visa, American Express, Discovery лого бүхий бэлэгний картууд тухайн төрлийн картуудыг хүлээж авдаг дурын газруудад уг картууд хүчинтэй байх болно.
- Мөн бэлэгний картыг худалдаж авсан өдрөөс, эсвэл уг картанд мөнгө нэмж хийснээс хойш 5 жилийн дотор картан дахь мөнгөний хэмжээ унахгүй, хугацаа дуусахгүй хэвээр байх болно. Хэрэв дээрх хугацаанд уг картан дээр заасан хугацаа нь дууссан тохиолдолд картанд үлдсэн балансаа шинэ карт уруу үнэгүйгээр шилжүүлэх эрхтэй. Карт уруу мөнгө нэмж хийсэн тохиолдолд хуучин мөнгө болон шинэ баланс хоеулаа дахин 5 жилээр хугацаа нь сунгагдана.
- Хэрэглээгүйн шимтгэлийг зөвхөн худалдаж авснаас хойш нэг жилийн дотор хэрэглээгүй тохиолдолд авч болохоор заажээ. Гэхдээ худалдаж авахад болон хаясан гээсэн тохиолдолд суутгагддаг шимтгэлүүд хэвээр байж болно. Бэлэгний картны нөхцөл, шимтгэл зэргийг картан дээр эсвэл уут зэрэг дээр тодорхой дурдсан байх ёстой. Гэхдээ эдгээр нөхцөл нь урьдчилан төлбөрт картууд, шагнал, урамшууллын чиглэрээр гаргасан картуудад хамаарагдахгүй аж.
- Калифорний хувьд dormancy fee буюу тодорхой хугацаанд ашиглаагүйн төлбөрийг 24 сараас дээш хугацаанд ашиглаагүй тохиолдолд л авахыг зөвшөөрсөн, мөн энэ нь 1 доллараас бага байх ёстой бөгөөд үүнийгээ картан дээрээ маш тодорхой бичиж харуулсан байх ёстой гэсэн хууль олон жилийн өмнөөс хэрэгжиж байгаа билээ. Дээр нь энэ хуулиар хэрэв бэлэгний картны баланс 10 доллараас бага болсон тохиолдолд мөнгө болгож авах эрхтэй байдгийг хүн болгон тэр бүр мэддэггүй. Бага мөнгөөр авах юм олдохгүй байхад хэрэггүй юм авах шаардлагагүй зүгээр мөнгөө авч болохнээ. Дашрамд дурдахад картныхаа худалдаж авсан тасалбарыг картаа үрж дуустлаа хадгалж байвал зүгээр юм. Жишээ нь худалдагч дотор нь мөнгө хийхээ мартсан гэх мэт асуудал гарвал картны арын хэсэгт байрлах нууц дугаарыг арилгах замаар гаргаад тасалбартайгаа /тасалбар дээрх дугаар тэр дугаартай таарч байдаг/ цуг харуулбал балансаа сэргээх боломжтой байдаг.

Эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.federalreserve.gov, www.creditcards.com сайтуудаас орж үзээрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

3 comments:

  1. Bayaraa! Bayrlalaa!
    Chamaas oshoo olon bichleg huleej baina!
    Ingehed nohor mini jaahan zalhuu baina shuu!
    Chinii unench Fan

    ReplyDelete
  2. Setgegdel uldeesend bayarlalaa. Harin tiimee. On garaad neg l jigderch ogohui l baina. Nuuj suugaad. Udahgui bicheed ognoo :-))

    ReplyDelete
  3. Very quickly this site will be famous amid all blog users, due to it's pleasant articles or reviews

    Feel free to surf to my website - uk payday loans

    ReplyDelete