Өнгөрсөн сард Калифорний Бэрклэйгийн Их сургууль дээр /UC Berkley/ болсон Монголын соёлын өдрүүдийн нэг өдрийнх нь үйл ажиллагаанд оролцсон юм. Маш сайхан үйл ажиллагаа болсныг та бүхэн мэдэж байгаа эсвэл сонссон байх. Эндхийн болон монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд, түүний дотор манай хотын Дамчаа лам гуайн уншсан Монголын урлаг соёл, шашины талаарх маш сонирхолтой лекц, илтгэл сонсоноос гадна Бөртэ хамтлагийн тоглолтыг үзсэн билээ. Монголд байхдаа үзэж байсан шиг ардын урлагийн хамтлагууд номхон сууж хөгжмөө тоглоод л ордог байсан дүр зураг үнэхээр өөрчлөгджээ. Энэхүү хамтлагын хүмүүсийн авьяас, сэтгэмж, чадвар нь үнэхээр ардын урлагийг өөр түвшинд аваачсан нь харагдаж байлаа. Гишүүдийнх нь нүүрэнд инээмсэглэл, бахархал гэрэлтсэн энэ хамтлагийн хөгжим найруулга нь хэлэхийн аргагүй сонсголтой. Тэд зөвхөн ганц юмаар мэргэшээгүй нь илт байлаа. Цээлхэн хоолойгоор уртын дуу дуулж байсан охин гарч ирээд бүжиг сайхан биелээд л, хөгжимчид нь дуу дуулаад л. Ёочин бүсгүй Мөнх-Эрдэнэ, морин хуурч залуу Ганпүрэв нар ёстой л алдартай рок гитарчид гитараа дарж “галзуурч” байдаг шиг ёочин хөгжим, морин хуурын ид шидийг үзэж сууж байгаа хүмүүст гайхуулсан даа. Уран сайхны талаас гоё бичдэг байсан бол бүр гоё бичихгүй юу. Даан ч миний илэрхийлэх чадвар энэ хэмжээнд хүрч байна даа. Гэхдээ Мандах бичлэг хийж байсан удахгүй нэвтрүүлэг бэлтгээд бидэнд хүргэх байх.
Үүнээс гадна Бэй Ариагийн Монголчуудын холбооноос биднийг дайлсан Оюунаа бүсгүйн бэлтгэсэн бууз, будаатай хуурга, еэвэн, боорцог зэрэг бүхий амттай сайхан оройн хоолны буффетийг дурдахын байхын аргагүй. Биднийг хооллож дууссаны дараа тэндхийн оюутнууд мөнгөө төлөөд орж ирж идэж эхэлсэн. Монгол хоолыг ямархуу хүлээж авах бол, ямар хоолыг нь илүүд идэж бол гэж жаахан ажигласан. Ази голтой, гэхдээ олон үндэстний оюутнууд орж ирсэн байлаа. Будаатай хуурга, буузыг л лав бараг л хүн бүр тавгандаа хийчихсэн, дуртайяа идэж харагдана билээ. Мөн бүгдээрээ боорцог, ёэвэнг ч ам уруугаа хийж байсан.
Гэхдээ би энэ талаар биш өөр зүйлийн талаар та бүхэнд хүргэе гэж бодоод байсан юм. Монголын өдрүүдийн үйл ажиллагаанд “Бид Монгол” компани Монголын бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, CD, DVD дэлгэж тавьсан байсан нь лекцийг нь сонсоод, урлагийн тоглолтыг нь үзээд Монголын тухай сонирхол төрсөн хүмүүст худалдаа хийх боломжийг олгосон сайхан үйл ажиллагаа болсон харагдсан. Харин бид хэдтэй цуг ирсэн номонд дуртай өвөө Монголын тухай ном авах санаатай байсан ч тэдэнд байгаагүй тул дараагийн удаад ном авчирч зарж байвал зүгээр юм уу гээд худалдагч залууд хэлсэн.
Дэлгэж тавьсан бараа дотор эсгийгээр хийсэн эд зүйлс миний анхаарлыг татсан юм. Найрамдалаас энэ талаар лавлавал Монголд хийсэн, Ирланд хүн загварыг нь зохион бүтээсэн бүтээгдэхүүнүүд гэж хэллээ. Өнгө, загвар сайтай төрөл бүрийн размерийн гэрийн таавчик, цүнх, ороолт, бээлий гэхчилэн зүйлс байна. Нэг таавчик бага хүүдээ авлаа. Энэд өвлөөр хүүхдүүд гэлтгүй бид өөрсдөө эсгий гэрийн тавчик өмсөхөөр биенд нь ээлтэй, дулаан сайхан байдаг. Ямар ч байсан миний энэд хүүхдүүддээ авдаг, нэг өвлийн настай даавуун таавчикнуудаас хамаагүй дээр билээ. Англи хэл дээр маш сайхан хаяг ярликтай байсныг нь уншвал Монголын гэр бүл, хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан Асрал нэртэй төрийн бус байгууллагаас үйлдвэрлэсэн, тэр байгууллагын талаарх товч мэдээлэл, тэдний сургаж бэлтгэсэн ядуу, ажилгүй эмэгтэйчүүдийн бүтээл болох, мөн цэвэр 100 хувийн ноосоор гараар хийсэн, бараануудын талаарх ерөнхий мэдээлэл, хэрхэн арчлах талаарх хүртэл мэдээллийг багтаасан байна. Та бүхэн тэр бүтээгдэхүүний сайтаар http://www.madeinmongolia.net/index.html орж үзээрэй. Ирланд ЗГийн болон Асрал буяны байгууллагатай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монголд охид эмэгтэйчүүдийг сургаад, ажилтай болгоод үүний дүнд урлагдсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг Ирланд болон гадаадад борлуулж орлого нь буцаад Асрал буяны байгууллага үйл ажиллагаандаа зарцуулдаг юм байна. Тус Асрал байгууллага нь http://www.asralmongolia.org/site/projects Гацуурт ногоо тарих, говийн зарим сумдад дээрхийн адил сургалтаар хүмүүсийг бэлтгэж ажилтай болгох зэргээр маш буянтай ажил хийдгийг нь сайтаас нь мэдэж авлаа.
Ингээд та бүхнийг Монголын хэрэгцээтэй газар нь цөөхөн ч гэсэн хүмүүсийн хувь тавиланг өөрчилж байгаа энэхүү байгууллагыг болон тэдгээрийг урлаж байгаа эмэгтэйчүүдээ дэмжээд хүүхдүүддээ, найз нөхөддөө, өөрсдөдөө эсгий бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваарай гэж уриалах гэсэн юм. Ойрын үед хэн нэгний чинь төрсөн өдөр болох гэж байна уу. Тэгвэл Монголынхоо 100 хувийн ноосоор хийсэн гэрийн таавчик бэлэглэчих. Баярлаад л авна.
Дээрх сайтаар Ирландын янз бүрийн сэтгүүлүүдэд гарсан мэдээллүүд байсны дотор тэндхийн Монгол хүүхдүүд өмсөн рекламдсан мэдээлэл байгааг дараахь линкээр орж хараарай. Эхний зураг дээр дараарай. Их хөөрхөн. http://www.madeinmongolia.net/press.html
Мөн дээрх сайтаар таавчикнуудаа онлайнаар зардаг юм байна. Харин манай энд бол Бид монгол компани зарим төрлийн барааг нь сайтаараа зарж байгааг орж харлаа.
http://www.bidmongol.com/index.php?option=product9&linkid=9&lan=mn
Мөн тэд нартай холбогдоод авсан ч болох байх.
Буяны үйлс арвижин бадрах болтугай.
Monday, March 28, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Хөөрхий. Хэдэн мөнгөтэй Түвд, Ирландууд хамтарч монгол тавчикны үйлдвэр байгуулсан юм шиг байгаан. Тэр Монголчуудын хийж байгаа ажил нь аймаар хүнд, цалин гэж жоохон юм авдаг юм билээ. Энэ зузаан таавчик хийх гэж бараг хичнээн ч цаг болов. Голдуу хөдөө гадааны... Хөөрхий Монголчуудын амьдрал сайжрахгүй ард нь хэдэн Ирланд, Түвдүүд л мөнгөтэй болж байгаа гэж бодохоор. Монголын нэрийг ашиглаж мөнгө угаадаг болждээ.
ReplyDelete