Friday, March 16, 2012
Гэрийн пицца илүү амттай
Эндхийн хамгийн түгээмэл хоолны нэг пиццаг гэртээ хийвэл хамаагүй амттай байдгийн дээр дотор нь юу орсныг мэдэх тул хамаагүй эрүүл байх болно. Хийхэд ч тийм хэцүү биш. Томхон хүүхдүүдэд хийх аргыг нь заагаад өгчихвөл орой ажлаасаа ирэхэд чинь хийгээд тавьчихсан байх болов уу. Пиццаны нэг сайн тал нь бяслаг л байвал дээр нь гэртээ байгаа хүнсээ ашиглаад эсвэл өөрийн дуртай зүйлээ дураараа нэмээд, хасаад тавьчихаж болно. Мөн сүүлийн үед моодонд орж байгаа өндөг энээ тэрээ тавиад breakfast пицца ч хийсэн болно. Түрүүчийн 7 хоногт манай том хүү ажиллаж байхад нь талхны машиныг маань талхаа жигнэж амжаагүй байхад нь андуурч салгаснаас жигнэгдээгүй хөөсөн гурил үлдэж түүнийг нь бага зэрэг элдээд пицца хийж орхисон чинь санамсаргүй их амттай пицца болж орхисон юм. Хамгийн гол нь бэлэн соус байхгүйгээс нэгэнд нь помидор хэрчээд хийчихсэн, нөгөөд нь таргаар соус хийчихсэн болохоор өвөрмөц болчихсон билээ.
Жор:
Гурилд нь:
2 cup талхны /bread/ гурил /эсвэл зүгээр ердийн all purpose гурил байж болно/
2 tablespoon оливийн тос /байхгүй бол дурын тосоо хэрэглэж болно/
1 teaspoon давс
2 teaspoon элсэн чихэр
1 пакеттай дрож /би задгай дрожноос 1 1/2 -2 tablespoon хэрэглэдэг/
1 cup бүлээн ус
Дээр нь:
1 cup лаазалсан /crushed/ помидор /гоймонгийн төрөл бэлэн соусууд, tomato pasta, tomato sauce ч байсан болно/
1-2 хумс сармис /эсвэл сармисны нунтаг байж болно/
Пиццаны хатаасан амтлагч ногоо /pizza seasoning/. Эсвэл oregona, basil 2 байхад л болно.
1/2 паунд үрсэн эсвэл хэрчсэн mozzarella бяслаг - /манайх монголын бяслагтай ойролцоо болохоор Monterey Jack cheese худалдаж авдаг. Түүнийгээ л хэрэглэж орхидог/
Өөрсдийн дуртай мах, ногоо. Үүнд хиам, pepperoni, болгосон бөөрөнхий мах , тахианы мах, сонгино, мөөг, аннанас, ногоонууд гээд л байгаа болон дуртай зүйлээ ашиглаарай.
Жич: Америк хэмжүүрийн нэгж ашигласан. Teaspoon, tablespoon, cup-ийг хэмжээс нь арай өөр тул цайны халбага, том халбага, аяга гэж бичээгүй болно.
Бүлээн усандаа дрожоо найруулж хутгаад хөөсөртөл нь байлгана. Гурилан дээрээ орох зүйлсээ хийгээд дрожтой усаараа зуурна. Тэгээд бүтээгээд 2-3 дахин хөөтөл нь ойролцоогоор 30 минут байлгана. Бэлэн болмогц хуурай гурилтай тавцан /мод/ дээр бага зэрэг элдэж эсвэл гараараа эвтэйхэн татаж /пиццаны газар ажиллаж байсан бол бүр эвтэйхэн сунгаж чадах байх/ хүссэн хэмжээндээ нимэглээд жигнэх тавиур дээр тавьж дээр нь помидорын соусаа тавьж дээр нь сармис, амтлагч ногоогоо цацаж дээрээс нь бяслагаа тавина. Үүний дараа өөрсдийн дуртай мах, ногоогоо тавьж дуусаад дээр нь үлдсэн бяслагаа тарааж тавиад 350F /170C/-д халаасан зуухандаа 20 миунт орчим эсвэл гурил нь шаргал болтол нь жигнээд бэлэн болно. Сайхан хооллоорой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment