Хүмүүжлийн арга барилууд
“I was a
much better parent before I had children” Anonymous
“Би хүүхэдтэй
болхоосоо өмнө илүү сайн ээж /аав/ байлаа”
Хүүхдийн
амьдралд өвөө эмээ, төрөл садангууд, багш нар, найз нөхөд, үеийнхэн, элдэв
“одууд” гээд янз бүрийн бодол санаа, үнэт зүйл, үнэлэмжтэй хүмүүс их бага
хэмжээний нөлөө авчирдаг. Эдгээрийн дотроос эцэг эхийн хүмүүжлийн арга барил, тэдний
үүсгэсэн гэр орны орчин хүүхдийн хүмүүжилд шийдвэрлэх нөлөөг үзүүлдэг учраас
эцэг эхчүүд бид нийгэмдээ ямар ч ажил төрөл эрхэлж, ямар ч үүрэг хариуцлага
хүлээдэг байлаа гэсэн хүүхдээ өсгөх “ажил” маань хамгийн чухал ажил болдог.
Мэдээж
үндэстэн бүрт өөр өөрийн онцлог хүмүүжлийн арга зүй бий. Бусад улс орнуудын
хүүхдийн хүмүүжлийн ерөнхий дүр зургийг авч харья. Жишээ нь Норвегид хүүхэд нас
хэт нийгэмждэг гэж Норвегийн эдийн засагч, нийгэм судлаач Маргун Виёорхолт /Margunn Bjornholt/ бичжээ. Ихэнх
Норвегичууд хүүхдүүд цэцэрлэгт өсөх нь зүйтэй гэж үздэг учраас тэнд
хүүхдүүд 1 нас хүрэхийн алдад /эцэг эх эхний 1 жилд улсаас тэтгэмжтэй чөлөө
авдаг/ улсын санхүүжилтэй цэцэрлэгт орцгоодог. Тэгээд сургуульд орно. Энэ нь
тэндхийн өвлийн цаг агаар, тухайлбал
доторх агаар гаднахаасаа хамаагүй цэвэр байдаг нь нөлөөлдөг аж. Японы
хүүхдийн хүмүүжлийн талаар бид хамгийн их мэдээлэлтэй байх. Тэндхийн бага насны
хүүхдүүд ганцаараа тээврийн хэрэгсэл метрогоор явж, өөрийн зүйлээ амжуулдаг
гэдгийг нь америк эцэг эхчүүд сонсоод гайхширдаг. Ингэдэг улс орон зөндөө ч
өндөр хөгжилтэй япон орон гэдгээр нь эндхийхний анхаарлыг татдаг байх. Дээрх 2
улс хүүхдийн бие даасан байдалд эртнээс сургадаг учраас хүүхдүүд өөрсдөө
сургууль эсвэл кино театр уруугаа алхдаг. Гэхдээ эцэг эх хүүхдийн харьцаан
дээрээ ялгаатай. Скандинавын орны улсууд эцэг эх хүүхдийн хооронд ардчилсан
харьцааг эрхэмлэдэг ба хүүхдийн “эрхийн”
асуудал чухал байр суурьтай аж. Жишээ нь хэрэв хүүхэд аав ээжийнхээ биед хүрч
тавтай байх хүсэлтэй бол шөнө дунд тэдний өвөрт орж ирэх “эрхтэй”. Хэрэв эцэг
эх дургүйцвал /Америкт бол ихэнх эцэг эх зөвшөөрөхгүй/ хүүхдийн эрхийг зөрчиж
байгаа гэсэн үг болохнээ. Азийн улсуудад хүүхдүүдтэйгээ унтах бол ердийн
үзэгдэл бөгөөд харин эцэг эхийн харьцаан дээр бол өөр, хүүхэд аав ээждээ
захирагдах ёстой. Мөн хүүхдээ багаас нь хичээл номонд илүүтэй анхаарч түлхэж
эхэлдэг. Солонгост эцэг эхийн гол үүрэг бол сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн гол
үүрэг бол эцэг эхээ хүндэлж, ачийг буцааж хариулах явдал юм. Голландад жишээ нь
хүүхдийг хичээл номонд түлхэх нь зөв зүйтэй гэж итгэдэггүй. Хэрэв хүүхдэд
сургуульд орохоос нь өмнө уншиж сургавал хүүхэд сургуульд ороод уйдах болно гэх
жишээтэй. Испанид бол гэр бүлүүд хүүхдийн хөгжилд нийгэм, бусадтай харилцах
харьцааны нөлөөллийг их дээгүүр тавьдаг аж. Жишээ нь эцэг эх, гэрийхэнтэйгээ өнгөрөөх ёстой
цагтаа, 6:30-д хүүхдээ унтуул гэвэл маш ихээр дургүйцэх болно. Ямар ч орны эцэг
эх бүгд л хүүхдээ аз жаргалтай,
амжилттай хүн болоосой гэсэн туйлын хүслээ зорилго болгодог ч юуг үнэт зүйл
болгож байгаагаараа ялгагдаж байна.
Хүн төрөлхтөний хүүхдийн хүмүүжлийн арга барилын шатууд,
эдгээр нь Монголд ямар явцтай байсныг Түдэв гуай нэгэн эсседээ ийнхүү бичжээ.
Хүүхдийн ухамсар хүмүүжилд орчин ахуй хамгийн гол нөлөөтэйг тэрээр дурдаад
дэлхий дээр 20-р зуунаас өмнө 318 онд үр хүүхдээ тэжээж дийлэхгүй алж устгадаг
байсан бурангуй үе дууссан ч 4-р зуунд хүүхдээ айлын гадаа ч юм уу, сүм хийдийн
гадаа “орхидог” үе эхэлсэн гэжээ. Харин 14-р зуунаас хойш 300 жилд хүүхдүүддээ
голчлон “элдүүрийн” буюу баримал хийх, арьс
элдэх мэт талхилж хүмүүжүүлдэг байсан арга Монголд өвөрмөц онцлогтойгоор
нэлээд удаан үргэлжилсэн байна. 18-р зуунаас эхлэн хэрэгжсэн “номлон хүлээлгэх”
аргын эрх чөлөөт байдал нь хүн төрөлхтөний өсөлтийг нэмэгдүүлэхэд нэмэр болсон
ч хүүхдүүдийг дарангуйлах аргын эхлэлийг тавьжээ. Энэ бүх хандлагуудаас
Монголчууд хол байгаагүй бөгөөд төрийн соёлын тогтолцоо бий болохоос өмнө хүүхдүүдээ
элдүүр, номлолын аргуудаар голчлон хүмүүжүүлж тэдний хүсэл зорилгыг үл хамааран
өөрсдийн хуулбар болгоход голлож анхаарч ирсэн гэжээ. “Алаг” эхээс төрсөн
“шийр” алаг үр хүүхдүүд эцэг эхийнхээ баримталдаг ёс заншил, үнэт зүйлсээр
баримжаалагдан өсдөг байлаа. Хэрэв тэр баримжаанаас нь зөрвөл одооны хүүхэд
болохоо байлаа гэдэг дүгнэлтийг өгнө. Тэдний зовлон зүдгүүр хүүхдийн толгой
дээр бас бууна. Тулган хүлээлгэж, номлон нухчлах аргаар бүтэн эрин өнгөрч 21-р
зууны босгон дээр энэ дагуул үеэ өнгөрөөж хаягдаад “туслах” арга барил өрнөдийн
улс орны сургалт боловсрол, хүмүүжлийн арганд нэвтэрч эхэлсэн байна. Энэ үеэс
эхлэн нухлах, номлох, тулган шаардах, дарамтлах биш хүн болоход нь туслах
замаар хүмүүжүүлэх аргыг хүн төрөлхтөн хойч үеэ бэлтгэх гол арга болгон
хэрэгжүүлсээр ирсэн ч Монгол сургууль, гэр бүлд элдүүр, номлолын аргуудын
хэлбэрүүд байсаар байгааг өөрчлөх хэрэгтэйг цохжээ. Түүнчлэн
тэрээр “Хүүхэд 3 нас хүртэлх хугацаанд гэгээнтэн байдаг” эсседээ Монголчууд
хүүхдээ өрнөдийн суурин амьдралтай ард түмнээс өөр арга барилаар өсгөдөг
байснаас дурджээ. Үүнд, хонины нэхийд өлгийддэг /хиймэл биш байгалийн
гаралтай/, эх хүн бүүвэйн дуугаар нойрсуулдаг, хонины сүүл хөхүүлдэг /мөн л
резин пластик соска биш байгалийн гаралтай, маш тэжээлэг чанартай/, өлгийтэй хүүхэд
өөдөө харж хэвтэхдээ тооноор тэнгэр үүл харж, хонь малын майлаан, шувууны
ширгээ гээд байгалийн чимээ сонсож, цэвэр агаар амьсгалж хэвтдэг, хөлд ороход
нь арьсан бойтог өмсүүлж байгаад зуны дулаан цагт хөл нүцгэн гүйлгэж байгаль
эхтэйгээ шууд контакттай өсдөг байсан нь эрүүл саруул, эрч хүчтэй хүн болж
өсдөг байсан гэжээ. Мөн одооны нийгэмд өсч байгаа хүүхдүүд нь сургууль
цэцэрлэгээр орж хүмүүжих нь нийгэмшил, зан заншилд сургах сайн талтай ч орчин
үеийн залуу эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийг сургууль, цэцэрлэгт хэт даатгаж
хүүхэдтэйгээ ажиллахгүй орхисноор хүнүүшрүүлэх хандлага их байгаа болон 1, 2
хүүхэдтэй айлууд хэт эрхлүүлсэнээс тэдний бие даах чадварыг сулруулж байгааг
анхааруулжээ. Тэрээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярьдаггүйгээс үг яриа чадвар
муутай, насанд нь тохирсон ажилд сургаагүйгээс энгийн зүйл хийж чаддаггүй,
урлаг, дуу хөгжим, бие тамираас хол өсгөснөөр сэтгэхүй, биеийн чадвар сул хүүхэд
болох гэх мэтээр зөвхөн биеийг төрүүлснээр сэтгэлийг төрүүлж бэлдэхгүй орхиж
болохыг сануулжээ. Замдаан сэтгүүлд 2003 онд
хэвлэгдсэн Монголчууд ба Либерализм гэсэн нэгэн нийтлэлд нүүдэлчин Монголчуудын
хувьд язгууртнаас бусад жирийн айлуудын хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгтлээ
анхаарал тавьж, цаг хүч гаргаж байгаагүй бөгөөд тэдний орчин ахуй, хөдөлмөр, байгаль орчин нь
хүүхдийг “элдэж” өгдөг байсан гэжээ. Байгалийн ширүүнд нухлуулж, хүнд хүчир
хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдээ эх хүн хоол унд өгч, энхрийлэн халамжлахад
хангалттай байсан бол аав, өвөө нар нь хөвгүүдээ хатуу хөтүү, тэсвэр хатуужил
даах ухаанд сургаж байжээ. Монголд түгээмэл хэрэглэгдэж ирсэн хүмүүжлийн дээр
дурдсан хоёр арга барил мэдээж орчин үед тохиромжгүй нь ойлгомжтой билээ.
Тэгвэл бидэнд авч хэрэглэхээр ямар сайхан уламжлалт аргууд байдаг /байсан/
талаар МУИС-ийн профессор Ш.Цоймаа багшийн өгүүлсэнийг харья. Түүний “Хүмүүжил” хэмээх монгол үг нь
хүмүн (хүн) + ж + л гэж үгийн бүтцээр задардаг гэж хэлснээс
улбаалвал хүмүүжүүлнэ гэдэг нь хүн шиг хүн болгоно гэсэн үг болохнээ. Тэрээр бидний өвөг дээдэс хүүхдээ
хүмүүжүүлэхдээ эхийн хэвлийд байхаас эхлэээд эрийн цээнд хүртэл нь бие, хэл,
сэтгэл гурвыг нь зөв залж зан
суртахуун, өдөр тутмын зан үйлээрээ дамжуулан монгол ёс заншлын олон талыг эзэмшүүлдэг байсан ба
монгол хүний үр сад
болж заяасан л бол монгол хүн болж төлөвших ёстой хэмээн үздэг нь уламжилсан
бичигдээгүй хуультай байсан гэжээ. Ёс бус, буруу зүйл хийсэн хүнийг
монголоо алдсан гэж хэлдэг байсан нь үүнээс үүдэлтэй байх нь. Чоймаа багш
монгол эцэг эхчүүд “Сурсан
бүхэн эрдэм хэмээн үздэг тул хөлд орохоос эхлээд чинээ чинээнд нь тохирсон юм
хийлгэдэг, зааж засаж өгдөг, Эрхмийн
дээд эрдэм ном гэдэг тул эрдэм номд сургахыг хамгаас чухалчилдаг заншилтай
байжээ” гээд бидний өвөг дээдэс хойч үеэ хэрхэн хүн болгон
төлөвшүүлж, ажил амьдралын дөртэй болгодог байсан эдгээр сайхан уламжлалаа
заавал харгалзан үзэж шинэчлэлтэй зөв хослуулан өнөөгийн
монгол хүүхдийн хүмүүжилд хэрэглэх хэрэгтэйг чухалчилжээ. Тэрээр 2014 онд
БШУЯ-наас боловсруулж гаргасан “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”-д "Зөв хүүхэд" гэдгийг дэлхий
нийтийн боловсрол, хүмүүжлийн сүүлийн үеийн чиглэл, хандлагыг судалж дээр нь
монгол уламжлал, ёс заншлаа нэмээд “Их
өрсөлдөөнийг давах хэмжээний оюуны чадамж, мэдлэг боловсролтой байхын хэрэгцээ
бусадтай, нийгэм олондоо, байгаль эх дэлхийтэйгээ ээлтэй харьдцаг байхын тулд
хүн чанар, мөс, ариун сэтгэлээ хадгалсан байх ёстой” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл боловсрол хүмүүжлийг салгаж үзэхийн аргагүй бөгөөд хэдий мэдлэг
боловсролтой ч зөв сэтгэл, хүмүүжилгүй бол өөртөө, болон өрөөлд, эх дэлхийдээ
хор уршиг тарьж болзошгүй гэдэгт үндэслэжээ. Зөв зан суртахуун, чанарыг суулгаж
өгөөгүй, хүн болгож хүмүүжээгүй хүнд ном эрдэм заавал чөтгөр болгож бэлдсэнтэй
ижил гэж уншиж байсан юм байна. Тэгээд өнөө үед бие махбодийн хувьд эрүүл
чийрэг, оюун сэтгэлийн хувьд сэрсэн, зан суртахууны хувьд зөв байх нь
наад захын боловсролтой хүний шинж гэж тодорхойлох болсон. Түүнчлэн хүн судлаач
эрдэмтэн Ц.Балхаажав гуай ярицлага дээрээ хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжил (сахилга бат
Б.Д) нийлж
байж нь тухайн хүнийг мөн чанарыг тодорхойлох бөгөөд аль нэг нь доголдвол зөв
хүн болж чадахгүй гэсэн.
Америкт ирсэн цагаач иргэд
дэлхийн өнцөг бүрээс өөр өөрийн зан заншлаа хамт авч ирдэг. Сууршингаа бид
шинээр олон зүйлд суралцаж хэрэггүй зарим зүйлээ гээж сурдаг. Үүний адилаар хүүхдийн
хүмүүжил дээр ч гэсэн өөрсдийн уламжлал дээр үндэслэн сүүлийн ололт амжилт,
америк арга барилаас хэрэгтэй, тохиромжтойг нь авч хэрэглэн хүүхдээ хүмүүжүүлэх
зүйтэйг та бүхэн хүлээн зөвшөөрөх нь лавтай.
Хэрэв Америкт
хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөөний ном авч уншья гэвэл хэдэн мянгаараа
хэвлэгдсэн байдаг. Эдгээр нь мэдээж хэдэн зуугаад хүмүүжлийн арга барил, хэдэн
мянган хүмүүжлийн зөвлөгөөг багтаасан байж таараа. Женнифер Сениор “Баяр баясал
авчиравч зугаатай биш: Орчин үеийн эцэг эхчүүдийн парадокс” /All Joy and No Fun: Paradox of
Modern Parenthood/
номондоо эхчүүдээс хүүхдийн хүмүүжлийн талаар хэнээс зөвлөгөө авч байсан бэ
гэсэн асуулгад тэдний ихэнх нь найз нөхөд, вэб сайт, ном зэргийг нэрлэжээ. Өөрөөр
хэлбэл тэд эцэг эх, уламжлалт арга барил гэхээсээ орчин үеийн сүүлийн арга
техникийг илүүтэй чухалчилдгийг харуулж байна.
Та бүхэн
Америкт ирсэнээсээ хойш хүүхдийн хүмүүжлийн арга барилын 2 зааг болох дураар нь
байлгах зөөлөн буюу permissive хүмүүжлийн арга, хатуу дүрэм журмаа чанга барих дарангуйллын
буюу authoritarian хүмүүжлийн
арга барилууд болон тэдгээрийн хооронд багтах баримтлал бүхий олон зөвлөгөөтэй
тааралдсан нь лавтай. Эдгээрийн заримаас нь дурдвал:
Америк болон дэлхийн бусад улс орнуудын хэдэн үеийн сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн гарын авлага болсон “Эцэг эх ба хүүхдүүд” /Between Parent and Children/ номыг Доктор Хэйм Гинотт 1965 онд бичсэн гэдэг ном нь эцэг эх хүүхдүүдийн хоорондын харьцааг сайжруулахад хувьсгал гаргасан гэж үздэг. Тэрээр:
Америк болон дэлхийн бусад улс орнуудын хэдэн үеийн сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн гарын авлага болсон “Эцэг эх ба хүүхдүүд” /Between Parent and Children/ номыг Доктор Хэйм Гинотт 1965 онд бичсэн гэдэг ном нь эцэг эх хүүхдүүдийн хоорондын харьцааг сайжруулахад хувьсгал гаргасан гэж үздэг. Тэрээр:
-
Айлган сүрдүүлэг, хахууль, хорон үг,
шийтгэл хэрэглэхгүйгээр хүүхдийг хэрхэн сахилга баттай болгох
-
Хүүхдийг гутаан доромжлохгүйгээр
шүүмжлэх
-
Хүүхдийн сэтгэл санаа, юмыг хүлээж авах
ойлголт, үзэл бодолтой маргалдахын оронд зүгээр ойлгож хүлээж авах
-
Бусдад итгэж сурах, өөртөө итгэх
итгэлийг нь хөгжүүлэх зэрэг харилцааны цоо шинэ техникүүдийг эцэг эхчүүдэд анх
удаа санал болгосон юм байна.
Тэрээр Түдэв гуайн нэрлэснээр
“номлон хүлээлгэх”, барууныхны нэрлэдгээр дарангуйллын аргыг шүүмжилж хүүхдийн
бодол санааг шууд эсэргүүцэхгүйгээр, буруу зөв ч ойлгон хүлээн авах, засч залруулахдаа
гутаан доромжлол, зодуур шийтгэлийг хэрэглэхгүйгээр сахилга батад сургах нь
хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцааг сайжруулаад зогсохгүй хүүхэд өөртөө
итгэлтэй, эцэг эхдээ итгэж хүндэлж харьцдаг хүн болно өснө гэсэн санааг
дэвшүүлсэн нь олон хүүхдийн хувь заяаг сайнаар өөрчилсөн нь лавтай.
Америкийн алдарт илтгэгч, амьдралын дасгалжуулагч Зиг
Зиглар “Сөрөг орчинд эерэг хүүхэд өгөх нь” /Raising Positive Kids in a Negative
World/ номондоо дуу хөгжим, хэвлэл мэдээлэл гэхчилэн эргэн
тойронд сөрөг зүйл ихтэй энэ хорвоод мэдэж сурахыг хүссэн, эерэг өөдрөг
тэмүүлэлтэй хүүхдийг өсгөхийн тулд хүүхэддээ
-
чиний бодол санаанд юу байна тэр л түүний ямар хүн
болохыг чинь тодорхойлно /Санаа сайн бол заяа сайн/
-
хэрэв чи өөртөө хатуу чанга байж чадвал амьдрал хамаагүй
амар байх болно /Амьдралын хатуу хүтүүг багаас нь сургах/ гэсэн 2 зүйлийг л ойлгуулж
хүмүүжүүлэх хэмээн монголын уламжлалт хүмүүжлийн ойлголттой нэлээд ойр аргыг
зөвлөжээ.
Тэрээр олон газраар очиж лекц яриа хийж явдаг хүн байсан
тул харьцангуй олон хүнтэй уулзаж ажиглаж явахдаа энэхүү зарчмуудаар
хүмүүжигдсэн хүүхдийн амьдрал сайн байгааг олж харсан хэрэг болов уу. Хэдийгээр
хүүхдийн хүмүүжил, зан байдал, ёс суртахуунд нийгэм, сургууль, багш нар тодорхой
хэмжээний үүгийг гүйцэтгэдэг ч гэр орон дахь үзэл баримтлал, үнэт зүйлс хамгийн
их нөлөөг үзүүлнэ гэдгийг дээр хэлсэн билээ. Иймд аль ч нийгэмд байдаг муу
сөрөг зүйлсээс үл хамааран эцэг эхчүүд гэр орондоо эмэгтэй хүнийг, бусдыг хүндлэх, үнэлэх үнэлэмж, бусдыг зүс
царай, арьс өнгө, бодол санаа, гарал үүсэл, нийгэм дэх байр байдлаар ангилж
ялгаварлагүй хандах, зөв, буруу, худал хуурмаг биш, нэр төртэй байх зэрэг зөв,
эерэг ёс зүй, уламжлал, зан суртахууны үнэт зүйлсийг бий болгож хүмүүжүүлж
чадвал тэр хүүхэд том болоод ямар ч нөхцөлд алзахгүй явна гэсэн санаа юм.
Сүүлийн үед
Америк эцэг эхчүүдийн дунд нэлээд түгж, зөвшөөрөн хүлээн авч, хэрэгжүүлж байгаа
Affirmative /positive/ parenting буюу эерэг хүмүүжлийн арга барилын талаар Дэбра Хаффнер “21-р зууны эцэг эхчүүд юуг мэдэж байх нь зохилтой вэ”
номондоо эерэг эцэг эхчүүд дараахь зургаан зүйлийг голлож баримтлах ёстой
гэжээ. Үүнд:
-
хүүхдээ
ухаангүй хайрлах
-
тэдний амьдралд
үргэлж оролцох
-
хүүхдэд
хязгаартай хэмжээнд ардчилалыг өгөх. Хэт “зөөлөн” эсвэл хэт “хатуу” эцэг
эхчүүдийг бодвол эерэг хүмүүжлийн арга барилтай эцэг эхчүүд хүүхдийг бага нас
байхад нь өөрсдөө дүрмийг гаргаж, харин хүүхдийг томрох тусам дүрэм гаргахад
тэдний оролцоог нэмэгдүүлдэг гэжээ.
-
дүрэм зөрчсөн
тохиолдолд гаргах шийтгэлийг урьдчилан тогтоож түүнийгээ яс баримтлах,
-
гэр бүлийн үнэт
зүйлийг эрхэмлүүлж сургах. Жишээ нь манай гэрийхэн бусдыг ялгаварлан
гадуурхдаггүй, ахмад хүнээ хүндэлдэг гэх мэт зарчмаа ойлгуулж, өөрсдөө үлгэрлэх.
-
тэднийг болон
тэдний өнөөгийн өсч байгаа орчныг дуртай ч дургүй ч ойлгож хүлээн авах гэжээ.
Хүүхэд бүр, түүний дотор охид хөвгүүд л гэхэд төрөлхийн тэс
өөр зан ариншинтай. Жишээлбэл, охид харилцан буулт хийх, зөвшилцөх, бусдыгаа
бодох, буруугаа хүлээхдээ амархан байдаг бол хөвгүүд хийсэн зүйл, ажлаас гадна
түүнийг яаж үнэлүүлэх нь маш чухал, тэднийг бусдад яаж харагдахыг тодорхойлох
тул тийм ч амар бууж өгч, буруугаа хүлээдэггүй, хэрэв үнэхээр буруу зүйл хийсэн
гэж бодвол охид шиг хөнгөхөн уучлаарай гэчихээд юу ч болоогүй мэт явалгүй
дуугаа хурааж, үнэнээсээ харамсдаг гэх мэт. Энэ нь нэг талаар тэд ажлын байранд
очоод хурдан дэвшиж, шат ахиж эмэгтэйчүүдийг бодвол гайгүй ажил эрхлэх нь олон
байдгийг харуулдаг бололтой. Нөгөө талаас эцэг эхчүүд бүр “зөв” хүүхдийн талаар
өөрсдийн гэсэн ойлголт, түүнийг хэрхэн өсгөн хүмүүжүүлэх талаар хувийн арга
барилтай. Эдгээр ялгаатай байдал хүүхдийн хөгжилд өөр өөр нөлөөллийг авчирдаг
нь дамжиггүй. Ингэхээр “зөв” хүмүүжилтэй хүүхдийг өсгөх цорын ганц зөв арга,
шидэт томъёо гэж байхгүй нь ойлгомжтой. Гэсэн ч бидний баримжаа болгож тэмүүлэх
америк дахь Монгол “төгс” зөв хүүхэд ямар байх ёстойг ёс зүй, соёл, уламжлал
заншил, нийгмийн баримжаа, судлаач эрдэмтдийн үзэл санаан дээр үндэслэн ерөнхий
шинж чанарыг гаргаж болно. Тэгээд энэхүү баримжаагаа чиглээд бид эцэг эхийнхээ үүргээ
сайн биелүүлэн тасралтгүй зүтгэж байж л “зөв” хүмүүжлийн дөртэй хүүхэдтэй
болохоос биш тэд аяндаа “зөв” хүүхэд болж өсөхгүйг та бүхэн хүлээн зөвшөөрөх
бизээ. Наад зах нь хүүхдээ компьютер
тоглоомоос салгаж гарт ном бариулах, гэрийн даалгавраа хийж байгаад хяналт
тавих, охиддоо зурагт, медиа гоё сайхан бие хааг хараад өөрийгөө тэдгээртэй
харьцуулж үнэлэхгүй байх, эцэг эхээ хүндэлж, ах эгч дүү нартайгаа эвтэй найртай
тустай байхыг, гэр бүлийн баримтлах үнэт зүйлс, ёс уламжлал, дүрэм журмаа
барьж, гэр орондоо тус нэмэр оруулахыг, юманд хязгаарлагдахгүйгээр хүсч
мөрөөдөж, зорилгодоо хүрэхийг шаардах болно. Гадаа гудамж, дуу хөгжим хүчирхийлэл,
хүнлэг биш байдлыг магтан дуулж байсан ч гэр оронд амжилт, хүндлэл, зүтгэл,
хөдөлмөрийг магтан дуулах ёстой. Өөрсдөө үзэж байгаа телевизээ унтрааж,
хүүхдийнхээ үгийг сонсож, тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгож, тэдэнд цаг гаргах
нь бидний үүрэг. Хүүхэддээ амжилтанд хүрэх, хүсэл мөрөөдлийн суурийг нь тавьж
өгөх, түүндээ хүрэхдээ бэрхшээл, саадтай учирвал шантарч ухраахгүйн тулд хайр,
түшиг тулгуур, түлхэц өгөх ёстой. Эдгээр хариуцлагыг хүүхдээ анх гар дээрээ
тосон авсан тэр үеэс л бид цуг хүлээн авсан. Насан туршдаа үүнийгээ хүлээх
болно.
No comments:
Post a Comment