Америк дахь монгол хүүхдээ хэрхэн зөвөөр хүмүүжүүлэх вэ?
“The rules for parents
Are
but three: Love, Limit, and let them be!” Elaine M. Ward
“Эцэг эхчүүдэд зориулсан хүмүүжлийн 3-хан дүрэм: Хайрла,
Хязгаарла, Өөрсдөөр нь байлга”
Хүүхдийн хүмүүжлийн талаарх мэргэжлийн болон туршлагатай
хүмүүсийн бичсэн зарим онол, арга барил, чиглэлээс монгол хүүхдэд тохирохыг
шүүн тунгаан авч дээр нь монгол гэр бүлийн болон өөрсдийн баримталдаг уламжлал,
ёс заншил, үнэт зүйлсээ нэмээд Америк дахь монгол хүүхдийн зөв хүмүүжлийн
баримжааг миний бие ийнхүү тодорхойлж байна. Үүнд:
-
Хүүхдийг эцэг эхээ хүндэлж үгэнд нь орж, захирагдаж
сургах. Хүүхэд хэнд захирагдаж, хэнийг дагах, хэнээс зөвшөөрөл авах вэ гэдгийг
мэдэхийг хүсдэг. Тэр үүргийг эцэг эх жолоодож, чиглүүлж /дүрэм журам гарах,
хэрэгжүүлэх/, засч залруулж /арга хэмжээ, шийтгэлийг авах/, зоригжуулж /шагнал
магтаал хэрэглэх/ замаар хэрэгжүүлнэ
-
Хайр халамжинд өсгөх. Дүрэм журам, сахилга бат нь эцэг
эхийн хайранд дээр үндэслэгдэж, хүүхдийн эрх ашгийн үүднээс хийгдэх ёстой. Хүүхдээ
хайрлаж, ойлгож харьцаж, тэдэнд анхаарал тавих ёстой. Хүүхдүүдэд тэднийг харж
хамгаалдаг, чиглүүлдэг, тэдэнд бүхнээ зориулдаг хүн хэрэгтэй байдаг ба ийм хүн,
хүмүүс амьдралд нь байгаа тохиолдолд тэд улам цэцэглэдэг.
-
Хүүхдээ амьдралд бэлтгэж хүмүүжүүлэх. Хүүхэддээ өөрт нь тохирсон
амьдралын тодорхой зорилготой, түүнд хүрэхэд хэрэгцээт бие махбодь, оуюн ухаан,
ахуйн чадварууд болон зөв амьдрах сэтгэл санаа, ёс зүйн чанаруудыг сурж эзэмшүүлэх.
Үүний тулд хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн үгээрээ зааж сургах, үйлдлээрээ
үлгэрлэн дадлагажуулахыг хослуулж хэрэгжүүлнэ.
1.
Эцэг эх, дүрэм журамд захирагдаж сургах нь
1/ Эцэг эхийн үгэнд орох нь
Хүний үгэнд орж сурна гэдэг ерөнхийдөө
дүрмээ барьж амьдарч сурна гэсэн үг. Миний бие хэт “permissive” хүмүүжил буюу бүх юмыг зөвшөөрсөн
хүмүүжлийн аргыг үнэхээр амьдралгүй үзэл баримтал гэж үздэг. Ийм гэр бүлд хүүхэд ээж ааваас гадна бусад
хүмүүсийг ч гэсэн өөрийнх нь үгээр байх ёстой гэсэн бодолтой өсдөг бөгөөд
цаашид хүүхдийг нийгэмд амьдрахад энэхүү зан чанар нь саад болж, амьдралыг нь
төвөгтэй болгох нь гарцаагүй. Ихэнх Монголчууд
тэгтлээ дүрэм журам бичээд жагсаагаад байдаггүй ч амаараа хүүхдийн болох
болохгүйг хэлж тогтоож өгдөг. Үүнийг нь дагаж мөрдвөл хүүхэд бидэнд захирагдаж
байна гэж үзнэ. Хүүхэд эцэг эхээ хүндлэх, тэдний үгэнд орж захирагдах, сахилга
баттай байх гэдэг тал дээр америк эцэг эхчүүд монголчуудаас хамаагүй өөр
бодолтой. Тэд хэрэв
хүүхэд дүрмээ л зөрчөөгүй бол бусад тохиолдолд хүүхдийг өөрийн үзэл бодлоо эцэг
эхдээ хэлж, тайлбарлаж болно гэж үздэг. Монгол гэр бүлд хүүхэд аав
ээждээ захирагдах ёстой гэдгийг тайлбарлах хэрэггүй ойлгомжтой, байх ёстой зүйл
гэж үздэг бол америк эцэг эхчүүдэд зориулсан ном, сургаалиудад үүнийг баталж
харуулахын тулд жишээ, судалгаа бүхэл бүтэн бүлэг, бүлгүүд оруулсан байх
жишээтэй.
Аав
ээжийнхээ үгэнд ордоггүй байсан хүүхэд том болоод тэднийг хүндэлдэг болно гэж
байхгүй нь лавтай. Бид өөрсдөө аав ээжээ, ахмадаа хүндэлдэг, эелдэг харьцдаг,
үгийг нь сонсдог, тэдний тухай сайн сайхнаар ярьдаг, эргэж байнга очдог, эсвэл
утсаар ойр ойрхон ярьдаг байх зэргээс тэд эерэг үлгэр жишээг авч биднийгээ
хүндэлдэг хүн болж өснө. Эцэг эхээ болон бусдыг хүндлэх байдал нь өдөр тутмын
наад захын үйлдлүүдээс, тухайлбал ээжийгээ дэлгүүрээс гэртээ ороод ирэхэд нь
хоол хүнсийг нь зөөж оруулж өгөх, тавчикийг дөхүүлж өгөх, хоол идсэнийхээ дараа
баярласнаа илэрхийлэх, том хүмүүс хоорондоо ярьж байхад дундуур нь орохгүй
байх, амандаа хоолтой байхдаа юм ярихгүй байх, очерт дайрахгүй хүлээж сурах,
хогоо гудамжинд хаялгүй хогийн саванд хийх, бусдад талархлалаа илэрхийлэх
зэргээс эхэлнэ. Бид эдгээрийг тэдэнд багаас нь зааж сургаж дадлагажуулах
ёстой. Гэхдээ энэ нь санаснаас тийм ч
амар биш байж болно.
Үргэжлэл бий.
No comments:
Post a Comment