Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, September 29, 2016

“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.1.1




1.1.1 Бидний гаргадаг түгээмэл алдаа
Мэдээж “төгс” зөв хүмүүжилтэй хүүхэд гэж байхгүйтэй адил ямар ч алдаа гаргадаггүй, асуудалтай тулгардаггүй “төгс” эцэг эх гэж байхгүй. Зааж сургах явцад бидний сонгосон зарим арга санасан үр дүнд авчрахгүй байж болно. Гэсэн ч бууж өгч, болсонгүй гээд алдаа мадагтайгаа эвлэрч орхихын оронд эдгээр буруу аргаасаа салж өөрийн арга барилаа засаж, сайжруулах гэж хичээх нь зүйтэй билээ. Эдгээр түгээмэл гаргадаг алдааг хэрхэн өөрчилж болох талаар дараахь зөвлөгөөг харна уу. Үүнд:  
1/ Үглэх. Хүүхдээсээ тэгээд өгөөч гээд л байн байн гуйж, үглэсээр байгаад өөрөө ч, хүүхэд ч залхаж, үглэсний үр дүн гардаггүй. Үүний оронд нүд үрүү нь эгц хараад аль болохоор тайвнаар цөөн үгээр хийх ёстой зүйлийг хэлсээр цаашид дадалжуулах боломжтой. Жишээ нь “Би чамд хэдэн удаа хэлдэг юм вэ оффист юм идэж болохгүй гэж” хэлэхийн оронд нэрийг нь дуудаж эсвэл хажууд нь очиж нүүр үрүү нь эгц харж байгаад “Оффист юм идэж болохгүй” гэж шийдэмгий өнгөөр хэлнэ. Хүүхдэд ямар нэгэн хийх ёстой зүйлийг нь сануулахын тулд нэг л үг хэрэглэ. Унт гэх мэт. Олон зүйлийг нэг дор хийлгэхээр дурдсанаар нэг удаад нэг л зүйл хийхээр даалга: Гутлаа байранд тавь гэх мэт. Мөн зарим үед өөрийнхөө хүсэлтийг хүүхдийнхээ хүсч байгаа зүйлтэй холбовол биелэлт нь сайжирах нь бий. Жишээ нь: Тоглоомоо хураасны дараа хоёулаа гадаа гарч тоглоё гэх мэт. Харин хүүхэдтэй дотно ойлголцсон яриа өрнүүлэх, хүүхдээс үнэнийг сонсохыг хүссэн тохиолдолд өвдгөө нугалж суух, тонгойх зэргээр хүүхэдтэйгээ ижил төвшинд очих ёстой. Өөрөөр хэлбэл нүдээ хүүхдийн нүдний төвшинд аваачиж хүүхдийнхээ үгийг сонсвол зогсож байгаад толгой дээрээс харж байгаад асууснаас илүүтэй үнэн сэтгэлийн үгийг нь сонсох болно.
2/ Орилж, хашгирч хүүхдүүдээ юм хийлгэж болох боловч уурласан үедээ дуугаа өндөрсгөж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд өгдөг учраас явуургүй арга болдог. Үүний оронд тайлбарлаж шүүмжлэх ёстой юм байна. Орилж хашгирах үед хүүхэд ямар зүйл буруу хийснээ сайн сонсож ойлгохгүй байж болно. Иймд “ванны гадуур ус цацаж болохгүй” гэх мэтээр яаг юуг буруу хийснийг нь хэлсний дараа “ус нь шалыг муухай болгоно” гэж тайлбарлаж өгөөд “хэрэв чи болихгүй бол чамайг уснаас гаргалаа шүү” гэж үр дагаврыг дурдаад, түүнийгээ биелүүлэх, мөн “май энэ аягаар ванны уруу усаа хутгаж тогло” гэх зэргээр өөр хувилбарыг санал болгох жишээтэй. Вайне Их сургууль /Wayne State University/-ийн 3-6 насны хүүхдүүдийг оролцуулж хийсэн нэгэн судалгаагаар хөтлөгч шинжээч зөөлхөн дуугаар тэгж болохгүй зэрэг сөрөг тушаалыг хүүхдүүдэд өгөхөд ихэнх нь биелүүлсэн бол хашгирч хэлсэн үед ялангуяа 3-4 насныхан яг эсрэг үйлдлийг голчлон хийж байжээ. Зөөлхөнөөр хатууг гэдэг шиг тайван, итгэлтэй, тууштай үгс л хүүхдүүдэд ойлгох, хүндлэх, гүйцэтгэх дохиог өгөх болно. Би хүүхдүүдээ томрохын хэрээр тэднийг буруу юм хийсэн үед нь загнахдаа ч гэсэн үнэхээр айхтар хэрэг биш л бол нүүрэн дээрээ тааламжгүй байгаагаа харуулж шийдэмгий харагдавч үнэн сэтгэлээсээ уурлаж бухимдалгүй байж өөрийгөө сургасан билээ. Заримдаа эргэж хараад инээгээд явдаг ч үе бий. Нэгэн судалгаагаар хүүхдийнхээ өмнө ууртай, уйтгар гунигтай байдаг эхчүүдийн хүүхдүүд илүү үгэнд ордоггүй, үгийг нь анхаарч сонсдоггүй болж өсдөг гэж гарчээ. Ер нь үнэхээр уур хүрсэн, гунигтай үедээ үүнийгээ хүлээн зөвшөөрч хэдхэн минут ч байсан ганцаараа байж тайвширсаныхаа дараа хүүхэдтэйгээ харьцахыг бодоорой. Заримдаа босоорой гэж орилохын оронд үнсэх, дуу дуулж сэрээх гэх мэт хүүхдэд тохирох дуртай аргыг нь хэрэглэвэл хэрэгжилт нь сайн байдаг билээ. Үүний хамт монгол хүмүүс, түүний дотор миний бие хүүхдүүдийнхээ анхаарлыг сайн татаж, хэлэх зүйлээ онцлох гэхдээ дуугаа өндөрсгөж хэлдгийг энэд өсч бойжиж байгаа хүүхдүүд уурлаж орилж байна гэж хүлээж авах талтайг анхаараарай. Үүнийг Монголд 6 нас хүртлээ байсан том хүү жирийн хүлээж авдаг байсан бол энэд төрсөн хоёр бага нь намайг тэдэнд уурлаж байна гэж хүлээж авч байсан юм. Нэг удаа дунд хүү маань “Би агаатай нэг сайн чанга ярьчхаад ирье” гэж нэлээд биднийг инээлгэж билээ. Хүүхдүүд үрүүгээ тэгтлээ уурлаж орилдоггүй, юмыг ихэвчлэн тайлбарлаж ойлгуулах хандлагатай намайг уурлаж байна гэж боддог гэхээр анх гайхаж билээ. Ингээд тэдэнтэй энэ талаар ярилцаж, дээр нь бусдыг ажигласнаар энэд багш нар, ер нь хэн ч хүүхэд үрүү чанга дуугаар ярьдаггүйг анзаарч ойлгосон юм. Иймд энэ талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж хэрэв тэд тэгж боддог бол цаашид яасан нь дээр болохоо шийдээрэй. Миний хувьд энэ тал дээрээ өөрийгөө анзаарахын хамт монгол хүний зан юм, уурласандаа биш гэдгийг хүүхдүүддээ сайн тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн. Тэднийг тэгж бодож хэвштэл нь хэлсэн үгийнхээ араас заримдаа би уурлаагүй шүү нэмж хэлдэг болсон билээ.
3/ Шаардлагаа асуулт-хүсэлт болгож хувиргах. Одоо ингэх үү гэж асуух тоолонд хүүхэд үгүй гэж хэлэх нь элбэг. Үүний оронд асуухгүйгээр шууд илэрхийлэх ёстой юм байна. Хүүхдийг таны хэлснийг хийгээсэй гэж бодож байвал өөрийн дуу хоолойны өнгө, үгээ зөв сонгох ёстой. Жишээ нь, миний хүү одоо хичээлээ хийх үү гэж асуухын оронд “Одоо хичээлээ хий” гэх мэт. Гэхдээ хэрэгцээтэй үед “please- ингээрэй, тэгээрэй”, “thank you, баярлалаа” мөн эелдэг үгсийг оруулж хэрэглэхээ мартаж болохгүй. Мөн ямар нэгэн зүйлийг эхлэхийн өмнө урьдчилж анхааруулга өгөх нь тэднийг дараагийн үйл ажиллагаанд сэтгэл санаагаа урьдчилан бэлтгэх, амар шилжих түлхэцийг өгдөг. “Би одоо зурагтыг унтраах ёстой. 10 минутын дараа бэлэн болсон байгаарай.”
4/ Хоосон сүрдүүлэг хийх. Сайн сүрдүүлэг сахилга бат суулгах үр дүнтэй арга байж болно. Гэвч бид заримдаа “чамайг дахиж хэзээ ч гадаа тоглуулахгүй” гэх мэт хэтрүүлэгтэй, ууртай, “за чи мэдээрэй. Чи харамсах болно шүү” гэх мэт тодорхой биш, “бөмбөгөө ийшээ шидэхээ болихгүй бол маргааш номын санд очихгүй шүү” гэх мэт нэлээд хойно тохиолдох зүйлээр сүрдүүлэх нь сэтгэл санаа нь голчлон одоо цаг дээр төвлөрсөн байдаг цэцэрлэг, бэлтгэл ангийн насны хүүхдэд үр дүн үзүүлдэггүй. Үүний оронд анхааруулгаа тодорхой бөгөөд шууд үйлчлэхээр хийх ёстой юм байна. ”Чамд анхаарууллаа шүү. Чи наад тоглоомоо дүүдээ өгөхгүй бол чамд тайм аут /time-out буюу түр нэг буланд суулгах, зогсоох/ өгөхөөс өөр аргагүй болно шүү”. Үүнийгээ тайван бөгөөд шийдэмгий өнгөөр хэлнэ. Тэгээд чиний хэлсэнийг зөрчвөл “чи тайм оутыг сонгосон бололтой” гээд шууд хэрэгжүүлнэ.
5/ Хийж чадахгүй зүйлээ амлах. Жишээлбэл, тоглоомын дэлгүүрт таны авахыг хүсэхгүй байгаа тоглоомыг хүүхэд чинь таниас авч болох эсэхийг асуухад шууд үнэнийг хариулахын оронд “за харж байж больё” гэвэл хүүхэд дургүй байдаг. Үүний оронд шууд үнэнийг хэлж араас нь тайлбарлаарай. “Найзууд чинь энэ толгоомыг авахуулсныг мэдэж байна. Гэхдээ чиний насан дээр тоглоход арай тохиромжгүй тоглоом гэж ээж нь бодож байна”, эсвэл хол газар аялж амрахыг хүсч байна гэвэл “Дараа зун явна гэж би чамд амлаж чадахгүй. Хаашаа явахаа аав бид 2 чинь шийдсэний дараа чамд хэлнэ” гэх мэт.
6/ Алдаандаа уучлалт гуйхгүй байх эсвэл хэт их гуйх. Заримдаа эцэг эхчүүд бид алдана. Жижиг зүйлийг томруулж бодоод сандарч хэрэг үүсгэж хэт дэвэргэж, харин том зүйл байтал гайгүй биз гээд тоохгүй орхих тохиолдолд гарах нь мэдээж. Эхний удаад асуудлыг дутуу эсвэл алдаатай шийдвэрлэсэн бол сэтгэлээр унасны хэрэггүй. Яавал дээр байсныг олж хараад дараагийн удаад хэрэгжүүл. Нэг алдаанаасаа дахин дахин хүүхдүүдээсээ уучлалт гуйх нь хүчийг нь улам багасгана. Үүний оронд сургамж аваад үг, үйлдлээрээ алдаагаа засах. Алдаа гаргаснаа мэдсэн тэр доороо биш, хүлээж байгаад уур уцаар, бухимдлаа намдсаны дараа хүүхдээсээ уучлалт гуйж, цаашид ийм явдал тохиолдвол хэрхэх талаараа хэлээрэй. Энэ нь хүн дандаа зөв байж чадахгүй ч алдаагаа ойлгож засах хэрэгтэйг тэдэнд ойлгуулж үлгэр дууриал болох болно.
7/ Амархан бууж өгөх. Өөрийн хэлсэн зүйлдээ баттай зогсох нь шийдвэр чинь цаашид хэрэгжиж байх үндэс. Хүүхдүүд энэ тал дээр бидний тэсвэр хатуужлыг мөн ч их шалгадаг даа. Үнэхээр шийдэгдсэн зүйл дээр энэ талаар дахиж ямар нэгэн яриа явагдахгүй гэдгийг шийдэмгий хэлж, хэрэгжүүлэхгүй амархан бууж өгөөд байвал энэ нь тэднийг улам давруулж өөрсийн хүссэнээр шийдвэрлүүлэх оролдлогыг ойр ойрхон хийхэд хүргэдэг.
8/ Буруу юм хийсний төлөө царай өгөхгүй байх. Зарим нэг зүйлийг хэрэглэх эрхийг нь хасах зэргээр шийтгэж болох боловч тэвэрч үнсүүлэх гэхэд нь үнсэхгүй байх, дуугарахгүй байх зэрэг нь хүүхдэд хайрлахаа больсон, голсон гэсэн айдсыг төрүүлнэ. Үүний оронд юунаас болж уурласнаа тодорхой хэлнэ. Хэрэв өөрийгөө барьж чадахгүй бол чамд хайртай ч одоохондоо юм ярьж чадахгүй, дараа больё гэж хэлнэ.   
9/ Эцэг эх хоёр хүмүүжлийн тал дээр хүүхдүүдийнхээ өмнө санал зөрөлдөх. Хүүхдийн хүмүүжилд эцэг эх хоёр нэг баг байх ёстойгоос нөгөө кино дээр гардаг “bad cop, good cop” /нэг нь сайн хандаж нөгөө айлган сүрдүүлж байж шижигтнээс мэдүүлэх авах арга/  арга шиг ээж бүх юмыг зөвшөөрөөд аав нь хэрэгжүүлэх гэж оролдоод ээж сайн, аав муу /эсвэл эсрэгээрээ/ байвал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө. Үнэхээр эцэг эх хоёр өөр өөр гэр бүл, орчинд өссөн, хүүхдийн хүмүүжил тал дээр өөр өөр үзэл бодолтой байх нь гарцаагүй. Иймд санал зөрөлдөх үед хамгийн гол баримтлах чиг шугам бол аль нь хүүхдэд хамгийн зөв тохирох бэ гэж харж үзэж шийдвэрлэх ёстой, мөн эцэг эхчүүд бие биеэсээ суралцах ёстой. Жишээ нь хүүхдийг юм гуйхад нь хэн нэг нь зөвшөөрөөгүй байхад, нөгөө нь зөвшөөрсөн хариулт өгвөл хүүхэд зөв үр дагаврыг нь олж харахгүй ч мэдээжээр тухайн нөхцөлд өөрт ашигтайгаар шийдэх боломжийг шүүрч авдаг. Хэрэв хүүхэд зөвшөөрвөл хүсвэл хамгийн түрүүнд “Ааваасаа /ээжээсээ/ асуусан уу”, асуугаагүй тохиолдолд аавтай /ээжтэй/ чинь ярилцаж байж болъё гэх нь зөв. Үнэхээр баттай зогсох зүйл дээрээ ханьтайгаа сайн ярилцаад, үгүй, биднээс энэ тухай дахиж бүү асуугаарай гээд хэлчихнэ зүгээр байдаг. Нөгөөдхийнхээ хэлж байгаа болон шийтгэж байгаатай санал нийлэхгүй байгаа ч ямар ч тохиолдолдхажуугаар нь орж өмөөрч болохгүй билээ. Нэгийгээ зогсоож болохгүй. Хүүхдүүд үүн дээр дөрөөлөөд өөрсдийн хийсэн буруу зүйлдээ эргэлздэг. Бүр зогсоох хэрэгтэй болбол нууц үг хэллэг, авиа дуу ашиглаарай. Дараа нь нөхөр юм уу эхнэртэйгээ хүүхдээсээ тусдаа ярилцаж яагаад санал нийлэхгүй байгаагаа хэлж харилцан ярилцаж тохиролцоонд хүрэх нь чухал. Гэхдээ доорх 5 зүйл дээр ямагт санал нийлнэ гэдгээ хоёул урьдчилж тохиролцсон байх ёстой. Үүнд:
-      Хүүхдийн аюулгүй байдал. Шилэн тавцантай ширээн дээр зогсох, гудамжинд сэлгүүцэх, дүүгийнхээ толгой дээр дүүлэх зэрэг өөрийгөө болон хэн нэгнийг гэмтээх, бэртээх юм хийж байгаа тохиолдолд зогсоох.
-     Ахмад хүмүүсийг хүндлэх. Хүүхэд эцэг эх, өвөө эмээ, багш зэрэг ахмад хүмүүс үрүү бүдүүлэг хэзээ ч хандах ёсгүй.
-       Эрүүл мэндийн тал дээр. Шүдээ угаах, нарнаас хамгаалах тос түрхэх эсэх дээр ямар нэгэн маргаан гарах ёсгүй.
-        Боловсрол. Хичээлээсээ ирээд хүүхэд бүр гэрийн даалгавар хийх ёстой, үүн дээр ямар ч маргаан гарах ёсгүй.
-          Худлаа хэлэх. Итгэлийн асуудал яригдаж байгаа тул ямар ч шалтгаанаар худал хэлэхийг нь зүгээр өнгөрөөж болохгүй.
10/ Үгүй, болохгүй гэдэг үгийг хүүхдүүддээ бага хэрэглэх эсвэл бүр огт хэрэглэхгүй байх. Хүүхдэд "Үгүй" гэж хэлсэнээр тэдэнд хязгаарыг ойлгуулж, түүнийг өөрийгөө хянах чадварт сургадаг. Өөрийгөө хянаж, захирч чаддаг хүүхдүүд оюун ухааны чадварын адил илүү амжилтанд хүрдэг билээ. Тэдэнд үгүй гэдэг үгийг хэлж байснаар сэтгэл санааны  унах, бухимдал зэргийг багаасаа хүлээн авч сурна. Болохгүй “Ноу” гэдэг үгийг ч бид мөн ч их хэлдэг дээ. Манай хүүхдүүд бага байхдаа болохгүй гэдэг үгийг ойлгоно гэж байдаггүйсэн. Америк хүүхдүүдийг харахаар ээж аавыгаа болохгүй гэхээр тэр дор нь больдог. Тэгж тэгж монгол хүүхдүүд, эвсэл манай хүүхдүүд өөр юм байна гэж бодоход хүрсэн билээ. Дараа нь мэргэжилтнүүдийн  зөвлөгөөг олж уншаад энэ үгээ буруу хэлээд байснаа мэдсэн билээ. Тэд бага насны хүүхдэд дараахь байдлаар болохгүй гэж хэлэхийг заажээ. Үүнд:
-     - Бүр бага байхаас нь шийдэмгий байдлаар тэдэнд хэлж сургадаг юм байна. Заавал орилох албагүй, өөрт нь хэлж байгааг мэдэгдүүлэхийн тулд нэрийг нь хэлж дуудаж байгаад нүүр үрүү нь эгц хараад баттайгаар болохгүй гэж хэлэх хэрэгтэй.
-      - Болохгүй гэдэг үгийг үгэнд чинь ортол хэлээд л байх юм байна. Мөн уурлаж, уйлах зэрэгт нь бууж өгч болохгүй, дуугүй байлгахын тулд яасан ч яахав гээд хүссэн зүйлийг нь өгөх нь буруу. Энэ нь тэднийг улам давруулж хориглосон зүйлийг хийх, хүссэн зүйлээ ийм аргаар авахыг улам өөгшүүлнэ. Үүний оронд уйгагүй байх ёстой аж. Нэг хоёр хэлээд болдоггүй юм гээд зогсож болохгүй гэнэ. Ингэснээр үүнийг хийж болохгүй юм байна гэж хүүхэд ойлгомогц хэрэв чи үргэлжлүүлэн хийгээд байвал чамайг дахиж үүгээр тоглуулахгүй гэх мэтээр хэлнэ. Дөнгөж 2-хан настай хүүхэдтэй ярьж байгаа болохоор энгийн ойлгомжтой ярь, гэхдээ түүнийг дахиад болохгүй гэсэн зүйлийг хийхгүй гэж бүү найдаарай.
-        - Тайлбарлаж ойлгуулах. Бүр бага насны хүүхдэд жижиг зүйл болгоны төлөө тайлбарлаж ярих нь дэмий ч жишээ нь 3 хүрсэн хүүхдэд “энэнээс өөр байхгүй, яагаад гэвэл бид нар дэлгүүрээс авах ёстой” гэж тайлбарлах нь “болохгүй гэж байна, тэгээд болоо” гэж хэлснээс илүүтэйгээр хүлээж авна.
-        - Анхаарлыг нь сарниул. Болохгүй гэж хэлсний дараагаар өөр аятайхан зүйл үрүү анхаарлыг нь сарниул. Жишээ нь ээжийнхээ цүнхийг шидэж болохгүй гээд хоёулаа энэ блокуудыг шидье, Нохойг битгийн цохь гэсэн бол чи амьтныг маш зөөлхөн илж байна шүү гэх мэт.
-Харин томхон хүүхдүүдэд үгүй гэдэг үгийг хэрхэн хэлэх талаар Нашинол Институт он Медиа анд Фамили (mediafamily.org) байгууллагын үндэслэгч, “Үгүй: Бүх насны хүүхдүүдэд энэ үгийг хэлж байх хэрэгтэй болон эцэг эхчүүд үүнийг хэрхэн хэлэх вэ” номын зохиолч Давид Валш “... хүүхдэд заавал тайлбарлаж нуршаад байх хэрэггүй ч бат шийдэмгий, итгэлтэйгээр зах хязгаарыг ойлгуулж, үр дагаврыг нь тэдэнд хүртээж, хэрэгжүүлэх хэрэгтэй...” гэж зөвлөжээ. Тэрээр “...манай нийгэмд сүүлийн үед “сахилга бат дутсаны хам шинж” өвчин газар аваад байна. Эцэг эхээ хүндэлдэггүй, тэвчээр хатуужилгүй, хүсэл сонирхолоо хязгаарлан барих чадваргүй, заавал авах эзэмших ёстой гэсэн зан бүхий соёл бий боллоо...” гээд тэгэхээр бүхэл бүтэн ийм соёлын эсрэг зогсоод хүүхдүүддээ “Үгүй” гэж хэлэхэд эцэг эхчүүдэд амар биш болж байна гэж бичжээ. Түүнчлэн хүүхдүүдэд тулгарсан асуудлыг эцэг эхчүүд өөрсдөө хурдан, амар шийдэж чадах боловч тэднээр өөрсдөөр нь шийдвэрлүүлэх нь нэг ёсондоо үгүй гэдгийг шууд биш утгаар хэрэгжүүлж байгаа гэсэн үг гэжээ. Энэ аргыг гэр орны ажил даалгах, өөрсдийнхээ эд зүйлсд санаа тавих, хариуцах, тэдний электрон хэрэгслэлийн хэрэглээ дээр хэрэглэж болно. Жишээ нь, өнөөдөр чи хичээлээ хийх хэрэгтэй учраас видео тоглоом тоглохгүй шүү гэж хэлснээс тестэндээ хангалтгүй дүн авсан байна. чи өнөөдөр яасан нь дээр гэж бодож байна гэж асууж өөрөөр шийдвэрийг гаргуулснаар тэд илүү биелүүлэх болно. Мөн аль ч сонголт нь таны шаардлагын нөхцөлийг хангах тийм сонголтуудыг тэдэнд өгснөөр өөрсдөө сонгосон учраас эсэргүүцэхгүйгээр гүйцэтгэх нь их. Жишээ нь чи эхлээд хичээлээ хийх үү, номоо унших уу гэх мэт, чи хоолтойгоо броколи идэх үү, лууван идэх үү гэх мэт. Ингэснээр та болох болохгүйн хязгаарыг тогтоогоод зогсохгүй хүүхдэд тодорхой хэмжээний бие даасан байдлыг олгох болно.
11/ Өөрийн болон бусад хүүхдийн оюун санааны хоцрогдол, эсвэл өвчний талаар мэдээлэлгүй байх. Энэ талаар ямар нэгэн ойлголтгүйгээс ийм хүүхдээ болон бусад хүүхдийг сахилга бат дутсан хүүхэд хэмээн буруугаар ойлгож харьцах явдал элбэг байдаг. Хэрэв хүүхэд 9 сар хүрсэн ч сууж сураагүй эсвэл ямар нэгэн зүйл бувтнахгүй байвал, эсвэл 3 нас хүрсэн ч нэг ч үгийг цэвэр хэлэхгүй байх, шатаар бууж, өгсөхдөө асуудалтай байх зэрэг нь тухайн хүүхэд хөгжлийн хоцрогдолтой байх магадлалтай аж. Үүнээс хамгийн хурдацтай бөгөөд ихээр илэрч байгаа хоцрогдол бол аутизм юм. Аутизм буюу Autism Spectrum Disorder тодорхой үйлдлийг давтан хийдэг, хэл яриа, хүнтэй харилцах харилцаа, биеэ авч явах тал дээр хүндрэлтэй хөгжлийн хоцрогдлыг ерөнхийд нь нэрлэдэг. Одоогоор Америкийн 68 хүүхэд тутамд 1 хүүхэд ийм өвчтэй төрж байна. Нэг жилийн өмнө л 88 хүүхдийн 1-нь ийм өвчтэй төрж байна гэсэн мэдээг уншиж байснаас харахад асар хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүн дотор цөөн биш монгол хүүхдүүд ч оношлогдсон байгаа. Энэхүү өвчин нь маш олон хэлбэрээр илэрдэг бөгөөд анагаахын төрөл бүрийн чиглэлийн дэлхий нийтийн судлаач эрдэмтэд генийн хэмжээнд судалгаа туршилтыг хийсээр байгаа ч одоохондоо энэхүү өвчний үүсгэгч шалтгаан, эмчилгээг олоогүй байгаа билээ. Autism society /www.autism-society.otg/ байгууллагын вэб сайтаас авсан стастистик мэдээллийг жагсаавал:
-          Америкийн 3-17 насны хүүхдүүдийн 1 хувь нь ийм өвчтэй.
-          Эрэгтэй хүүхдүүдэд илүүтэй тусдаг. /ийм 4 өвчтэй эрэгтэй хүүхдэд ийм өвчтэй 1 охин ноогдох харьцаатай/
-          1-1.5 сая америкчууд ийм өвчинтэй амьдарч байна.
-          Энэ өвчнөөс болж жилд 60 биллион доллар зарцуулагдаж байна.
-          10 жилийн дараа жилийн зардал 200-400 биллион болж өснө.
-          Хэрэв хүүхэд эрт оногшлогдож эмчилгээ авч эхэлбэл амьдралын туршид зарцуулагдах зардал нь 2/3 хувиар багасна.
Хүүхдийн бусадтай харилцах харилцаа /social/, сэтгэл санааны илрэл, ойлгох, сурах чадвар, биеийн болон хэл ярианы хөгжил зэргийг нь ажиглах, харьцуулах замаар ямар нэгэн хөгжлийн хоцрогдол илэрсэн үед эцэг эхчүүд бид хүлээж цаг алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад тест шалгалтыг өгч туслалцааг цаг алдалгүй авснаар тэдний үеийхнийгээ гүйцэх боломжийг нь улам нэмэгдүүлдэг аж. Үүний тулд юуны түрүүнд нийгмийн үнэгүй эсвэл хямдралтай үйлчилгээнд хандах хэрэгтэй. Үүний тулд CDC-ийн вэб сайтын санаа зовж байвал хэсгийн “Learn the Signs. Act Early” хэсэг дэх мэдээллээс эхлээрэй. /www.cdc.gov/ncbddd/actearly/concerned.html /  
Энэ хэсэг дэх мэдээллээс хүүхдийн тодорхой нас бүрт хийж чадах үйлдлийг жагсаасан ба хэрэв хүүхэд тань өөрийн насны хэмжээнд хоцрогдол илэрч байвал эмчтэй уулзаж санаа зовж байгаагаа хэлээрэй. Уг сайтад яаж эмчдээ дуулгах, ямар ямар асуулт асуух зэргийг нь жагсаасан байна. Хэдийгээр хүүхдийн эмч ерөнхий биеийн байдал зэргийг тогтмол үздэг ч харилцааны болон сэтгэл зүйн хоцрогдолыг тэгтлээ нарийвчлан тогтоох нь бага байдаг. Хүүхдийн эмч нар хүүхдийн хөгжлийн хоцрогдлын дөнгөж 30 орчим хувийг илрүүлдэг бол мэргэлийн тест, үзлэг нь 70 орчим хувийг илрүүлж чаддаг байна.
Дээрх сайтад хүүхдийн нас тус бүрт хоцрогдол илэрсэн үед хаашаа хандах талаар чиглэлийг нь эцэг эхчүүдэд өгчээ. 0-3 насны хүүхдийн хувьд National Dissemination Center for Children with Disabilities (NICHCY) http://nichcy.org/ байгуулллага уруу 1-800-695-0285 утсаар холбогдох буюу вэб сайтаас нь мужийн холбогдох газрын /Менюгээс State Organizations гэдгийг сонго/ талаарх мэдээллийг авах. 3 болон түүнээс дээш насны хүүхдийн хувьд хэрэв preschool-д ороогүй бол өөрийн харьяа бага сургууль уруу утастаж хүүхдээ шалгуулах, оношлуулах хүнтэй холбогдож болохыг асуух гэсэн байна. Түүнчлэн дээрх http://nichcy.org сайтад насны ангиллараа ямар ямар үйлчлигээ хаанаас авч болох талаар нэлээд сайн мэдээлэл байна. Ерөнхийдөө 3-аас доош насныханд мужаас “Early Intervention” программ, түүнээс дээш насныханд нийтийн боловсролын системээс тохирох үйлчилгээг авахыг зөвлөжээ. Үнэгүй болон хямдралтай үйлчилгээний хүрээ, хамрагдах боломж нь муж бүрт өөр өөр. Зарим мужид нэлээд төвөгтэй байдгаас гэр бүлүүд хувийн эмчид /нэг удаагийн эмчилгээний үнэ 200 хүртэл доллар, эмчилгээ хэдэн жилээр ч үргэлжиж магад/ хандахад хүрдэг гэжээ.
Жишээ нь Сакраменто хот орчимд Turning Points Children’s Service /www.tpcp.org/ http://www.tpcp.org/infant-toddler-screening  ашгийн бус байгууллагаас 2-5 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг тестийг хийж өгдөг юм байна. Хаяг нь
Turning Point Children's Services
7245 E. Southgate Drive
Sacramento, CA 95823
Diana White, LMFT (916) 427-7141, ext. 2445 dianawhite@tpcp.org
Биеийн болон сэтгэл санааны хоцрогдолтой хүүхдийг асарч өсгөх нь эцэг эхчүүдээс хэд дахин хөдөлмөр, хичээл зүтгэл шаардагдана. Иймээс ч мэргэжлийн хүмүүсийн туслалцаа олж авах нь юунаас түрүүнд чухал гэдгийг дахин онцлохыг хүсч байна. Ийнхүү туслалцаа авахын хамт хүүхдийг тайвшруулдаг, анхаарлыг нь төвлөрүүлдэг зүйлсийг ажиглан олж ашиглах нь хүүхдэд төдийгүй эцэг эхчүүдэд амсхийх чөлөө өгнө. Жишээ нь зарим төрлийн аутимзтай хүүхэд дахин давтах үйлдлийг маш нарийн анхаарал төвлөрүүлэн гүйцэтгэдэг, эсвэл оюун ухааны өндөр потенцал, эсвэл логик сэтгэлгээтэй байдаг зэрэг зан чанарт нь тохирох сургалтын болон компьютер тоглоомыг зааж өгч тоглуулах аргыг хэрэглэх гэх мэт.
Үүнээс гадна маш хүчтэй сэтгэл санааны өөрчлөлт бүхий хүүхдүүдийн үйлдлүүд эцэг эхчүүдэд төдийгүй багш нарт мэдрэгдэх үед тэд сэтгэл зүйч үрүү явуулж онош тогтоолгохыг эцэг эхчүүдээс хүсдэг. Мэргэшсэн эмч хүүхдүүдийг хүүхдүүд хамгийн ихээхээр оношлогддог түгээмэл сэтгэл санааны өвчингүүд болох Disruptive mood dysregulation disorder, Conduct disorder, Oppositional defiant disorder, Attention deficit hyperactivity disorder (ADHD), Depression, Bipolar disorder зэргээр оношлогдвол маш их хүчтэй эм багаас нь өгч эхэлдэг. Жишээ нь ADHD өвчний шинж тэмдэгт өөрийн насны бусад хүүхдүүдийг бодвол байнга хичээл дээрээ анхаарал нь төвлөрдөггүй, эрс огцом хөдөлгөөнтэй байдал ордог. Хэрэв хүүхэд энэ өвчнөөр оношлогдвол уг нь биеэ авч явах талаар ухаарч ойлгуулах сэтгэл зүйн эмчилгээ, эцэг эхчүүдийн хичээл, хүүхдүүдэд тааруулсан тусгай хөтөлбөр, сэтгэл санааг тогтворжуулах эм уулгах зэрэг эмчилгээ багтдаг аж. Гэтэл орлого багатай хүүхдүүд ихэнх нь байдаг сургуулиудад хичээлдээ тун муу байгаа хүүхдүүд энэ өвчнөөр оношлогдож шууд эм уулгаж эхэлдэг гэсэн судалгаа байна. Утга нь тэр хүүхдэд тархи биеийн хөгжлийн онцлогт орчныг нь тохирууахгүйгээр харин тухайн хүүхдийг орчинд тохируулах гэж өөрчлөх оролдлого шууд хийж эхэлдэг гэсэн үг юм. Зарим тохиолдолд хэт авьяастай хүүхдүүд хүртэл танилгүйгээр энэ өвчнөөр буруу оношлогдсон тохиолдол гарсан гэж бичигдсэн байсан. Ямар ч байсан эцэг эхийн чадвар, хүмүүжлийн арга барилаас үл хамааран сэтгэл зүйн өвчтэй гэж оношлогдож эмчлэгдэж байгаа хүүхдүүд бидний хүүхдүүдийн эргэн тойронд олноор байдаг гэдгийг бид бүхэн мэдэж байхад илүүдэхгүй байхаа. Мөн өдөр бүр тоглож хөдөлж байх ёстой хүүхдийн бие удаан цагаар хөдөлгөөнгүй ТВ, ширээний ард сууснаас биеийн хөдөлгөөний дутагдалд орж fidgeting буюу гар хөл, бие нь өөрийн эрхгүй хөдлөх, найгах зэрэг хөдөлгөөний хийж байж магадгүй гэж нэгэн сэтгэл судлаач бичжээ.  Ямар ч тохиолдолд хүүхдийн тань үйлдэл таны болон багш нарын анхаарлыг санаа зовоосон хэмжээгээр татаж эхэлсэн бол хугацаа алдалгүй мэргэжлийн хүмүүст үзүүлж зөвлөгөө авсан нь зөв билээ.

5 comments:

  1. Сайн уу. Найз аа. Сайхан бичиж. Ном гаргавал яасан юм бэ? Үнэхээр мундаг, туршлагатай ээж шүү. Хүүхэд хүмүүжүүлэх ч нарийн шинжлэх ухаан байна шүү.

    ReplyDelete
  2. Угаасаа ном гаргаж байгаа юм уу. II бүлэг, 2-р хэсэг гэсэн байна ш дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу, Баярлалаа :) Харин тийн. Монголд хүнд edit хийлгэхээр өгсөн. Нөгөө хүн жаахан зав муутай байгаа. Дуусахаар нь тэр хүн хэвлүүлээд өгье гэсэн. Тэгээд аль зэрэг удахыг мэдэхгүй тул бага багаар нь тавьж байгаа юм. Та хэд уншаад санаа оноо байвал бичээрэй.

      Delete
  3. ene nom garsan gesen u? Amerikt avah bolmj baigaa yu?

    ReplyDelete
  4. Гарсан. Монголд боЛ 94083441 дугаараар захиалан хүргэж өгнө гэсэн. Мөнгө номын дэлгүүрт өнөөдрөөс тавигдах бх. Америт бол миний FB уруу бичээрэй Bayaraa Dagvadorj

    ReplyDelete